2008/11/03

7. Австралийн тэмдэглэл: Sydney & UB

Sydney-д байхдаа өөрийн эрхгүй цагийн сайханд “Азийн цээжинд гэрэлтэх сувд” гэгдэж байсан ч эдүгээ утаа манан бурантаг болж хувирсан Утаанбаатар хотоо бодож явав. Ноднин “Financial Times” муу хотыг минь “Ulan Bator is not a nice city from the arhitectoral point of view. It is a clash of old ugly Soviet architecture and a monumental modern buildings with a tasteless Chinese flavour” гэж бичсэнийг уншаад хөөрхий хотоо "өмөөрмөөр санагдавч үг олдохгүй" гэгч болж билээ. Бас үг нь олдож өмөөрлөө ч "үнэн үг хэлсэн хүнд үхэр хүртэл өшөөтэй" гэгчийн үлгэрийн өөрийн биеэр үзүүлчих мэт. Бас нэг танил япон モンゴルはゴビ砂漠、ウランバートルはゴミ砂漠 гэж байсныг чөлөөт байдлаар орчуулбал "Монголын говь бол элсэн манхан, Улаанбаатар хот бол хогийн манхан".

Барилгын ажил дэндүү замбараагүй явагдаж буйг хэн хүнгүй хэлж ярьж шүүмжилж байна. Гэхдээ яг ямар бодлогын дагуу, юуг чухалчилж, юуг золиослож хотоо барилгажуулах вэ гэдэг асуудлаар тодорхой яриа discussion өрнөхгүй байгаа мэт? Тиймээс хэдэн санаа хэлэхэд:

1. Миний бодлоор УБ-т зайлшгүй хадгалж үлдээх ёстой хэдэн байшин бий:
Өндөр хоршоо буюу одоогийн Дүрслэх урлагийн музей, талбайн хажуугийн хуучин хэвлэлийн үйлдвэр (тэнд Сүхбаатар ажиллаж байсан шүү дээ), анхны хувьсгалчдын нууц цуглаан хийж байсан дүнзэн байшин. Энэ хэдэн байшинг үзэмж муу гэж ад үзэж, сүүлийн үед их оролдох болсон. Цаашилбал Төрийн ордны эргэн тойрон тэр чигээрээ: Төв шуудан, Нэгдүгээр сургууль, Байгалийн музей, Дуурийн театр, СУИС хүртэлх бүх намхан байшингууд... гээд нэрлэвэл зөндөө мэт. Гэхдээ Европ болон бусад улсын хоттой харьцуулахад манайд хамгаалмаар хуучны хэдэн байшин даанч цөөхөн. Гэтэл цөөн хэдэн байшнаа хотын төвд газар булаалдаж устгах гээд байдгийг юу гэх вэ? Соц үеийг сүүлийн үед их муулдаг ч өнөөгийн байдал бол ардчилсан нэрээр ухаанаа алдаж, улсаа зарж, улаан зоосны нүхээр бүхнийг харах болсон мэт.

2. Устаж үгүй болсон цөөхөн хэдэн сүмээ одооноос бодож эхэлмээр санагддаг. Гандан өндөрлөг газар байгаа болохоор одоохондоо гайгүй байгаа ч яваандаа эргэн тойронд нь элдэв өндөр байшин босож хотын маань унаган төрх алдагдчих вий гэж айна. Чойжин ламын сүмд яг тулгаад Silk Road ресторан барьчихсантай адил.

3. Бүх орон сууц хүүхдийн тоглох талбайтай байх ёстой гэсэн хууль баталж гаргамаар. Одоогийн байдлаар угаасаа цэцэрлэг модоор тарчиг хот маань яваандаа огт хүүхдийн гулгуур, дүүжин савлуургүй болох шинжтэй (зарим хэсэгтээ аль хэдийн тийм болчисон байна).

4. Хэдий социализмын үеийн байшингууд "тиймэрхүү" ч гэлээ Улаанбаатар хотын түүхийг өгүүлэх нэгэн өвөрмөц төрх мөн билээ. 50 жилийн дараа түүхэн чухал дурсгал болно. Ugly гэвэл гуравдугаар юмуу нэгдүгээр хорооллын орон сууцны байшингуудыг тэгж хэлж болох. Харин төвийн хэдэн намхан намхан байшингууд маань надад лав хөөрхөн харагддаг, хайрлам санагддаг. Хичээл тараад тэр хавиар зугаалж явахад сайхан л байсан... Оронд нь баахан өндөр шилэн байшин босчихвол харамсалтай биш гэж үү. Даанч энэ тухайд санал нийлэх хүн бага юм даа. Ярьсан болгон л хуучин юмаар юу хийх юм, өндөр өндөр байшин л гоё гээд хотын төвөө Шибүя шиг болгох юм ярьна... үнэ цэнэ, үнэлэмж үнэнхүү үл нийлэх учир санаа алдана.

2 comments:

Bumbuulei said...

Энэ асуудал одоо улам бүр гаарсан. Хөгжим бүжгийн коллежийн газрыг нь булааж одоо худалдаа үйлчилгээний төв барих гээд хашаагаа барьчихсан байдаг.

Хуучин хотын дарга байсан Энхболд луйварчингийн хийсэн ажил.

Бидний хэсэг нөхөд ханан дээр шүршдэг будгаар "Үе үеийн урлагийн мастеруудаа төрөлх сургуулиа хамт хамгаалъя", "Биднээс газар, нарны гэрлийг минь битгий аваач" гэх мэт үгсийг сурагчдын өмнөөс бичсэн.

Хэд хоногийн дараа арилгасан байсан.

Ёстой нээрээ хэлэх ч үг алга

2010-01-27

Сүрэн said...

neeree heleh ug ch alga. unuu margaashiin orlogo mungund ulairaad chuhal chuhal olon zuil martaad baih shig.