2010/08/31

Миний ном, сайхан ном~ ♪


Багадаа зуны үдэш... уншиж буй номондоо ховсдуулан "хоолоо ид" гэх ээжийн дуу, "хонио хаш" гэх эгчийн дуу, "хоюул тоглоё" гэх дүүгийн дуу... юу ч сонсох сөхөөгүй уншдаг байж билээ.

Миний л мэдэхийн номын сайхныг энгийн үгээр хамгийн гоё өгүүлсэн дуу бол "Мангасыг дарсан тэр хүү чинь ёстой миний найз ♪ Миний ном сайхан ном, энхрий ном эрдмийн ном, зурагтай ном зугаатай ном... ♪♪" 



2010/08/30

Сартай шөнө бол шүлгийн түүвэр

   西条八十  
   書物

   月の夜は
   大きな書物、
   ひらきゆく
   ましろき頁

   人、車、
   橋の柳は
   美しくならべる活字。

   樹がくれの
   の小鳥は、
   ちりぼひて
   黒きふり仮名。

   しらじらと
   ひとりし繰れば、
   懐かしく、うれしく、
   悲し。

   月の夜は
   やさしき詩集、
   夢のみをかたれる詩集。

   Сайжёо Ясо "Ном"
   Орчуулга: Сүрэн

   Сартай шөнө бол аварга том ном
   Ар араасаа дэлгэгдэх цав цагаан хуудас.

   Хүмүүс, унаа хөсөг, гүүрний дэргэдэх удамбар нь
   Үлэмж сайхан үсэг, өгүүлбэр.

   Модонд нуугдах шөнийн шувууд нь
   Энд тэнд тархсан бяцхан хар толбо - фүригана (*).

   Ганцаар уншиж өглөөтэй золгоход
   Эртний дурсамж тодорч, баясаж гуниглана.

   Сартай шөнө бол шүлгийн түүвэр
   Зөвхөн хүсэл мөрөөдлийг өгүүлэх шүлгийн түүвэр.

Сайжёо Ясогийн (1892-1970) энгийн үгтэй, их гоё шүлэг. Зохиолч ажил төрөл, алба төвгөө дуусгаад сарны гэрэл, шөнийн аниргүйд дуртай зохиолоо ганцаар уншиж суухаа тэсэн ядан хүлээдэг байсан болов уу. Дорноос өрнө зүг харвал, үдшийн сайхныг номтой зүйрлэсэн өөр нэгэн шүлэг бол мэдээж Рилькэ:

   Райнэр Мария Рилькэ (1875-1925)
   Орчуулга: Г.Аюурзана


   Үдэш гэдэг нэгэн ном.
   Үнэт хамбан хавтасных нь
   Алтан хамлагат бүчийг
   Аажуухан тайлж сөхмү, би.

   Эхний хуудсыг нээгээд
   Эгэлгүй нам гүмд шимтмүү,
   Угтах хуудас дээр тогтмуу,
   Удаах хуудсыг зүүдэндээ үзмүү.


Африк, Австрали, Америк тивд ч үдэш оройг номтой зүйрлэсэн гоё гоё шүлэг байдаг байх... Даанч мэдэхгүй юм даа. Мэддэг нь хэлж өгөөрэй :)

-------------------------------------------------------------
 * Фүригана - ханзны дуудлага. Зарим хуучин эсвэл ердийн хэрэглээний бус ханз үсгийн дуудлагыг дээр нь хираганагаар бичдэг.

2010/08/29

Тайван, тайван...

2010/07/30 15:04
Энд япон хүмүүс яараад л, сандраад л, уурлаад л, нервтээд л... тэгсэн тэнд (гадаадын оффист) тэнэг алдаанаас болж томоохон хэмжээний алдагдал гаргасан хүн мэдрэлийнхээ эд эсийг гамнаад тайван сайхан. Ер нь Европын зарим орны хүмүүс үнэнхүү тайван. Яаралтай төсөл падлийгүй, амралт аваад явчихна. Ирэнгүүтээ амралт бага байна гээд гомдоллочихно. Ажлын мэйлийн хажуугаар амьдрал бол ажил биш, нэн ялангуяа аз жаргал бол ажил биш гэх мэт сургааль айлдчихна. Сайхан рэлаксдаж дуусдаггүй хүмүүс. Би ч яахав, бүрэн дүүрэн тэдний талд л даа. Даанч Японд байгаа болохоор усыг нь уувал ёсыг нь дага гээч болчхоод байна... hehe

Anyway, өнөөдөр ажил дээр ийм яриа болсон гэхэд итгэх үү?

Японоос:
- Аль оффисд орохоо шийдсэн үү? Хэзээ нүүх гэж байна, энэ асуудал юу болж байна? Яаралтай мэдээлэл өгнө үү? Яагаад долоо хоногийн өмнөх мэйлд хариу өгөхгүй байна вэ?? Төсөв батлуулах хэрэгтэй байна, яаралтай хариулна уу!
Гадаадаас:
- Шийдсэээн, нүүх гэж байгаа.
- Хэзээ нүүх юм бэ?!!
- Хуучин гэрээ дуусахаар.
- Тэр чинь хэзээ дуусах юм бэ??
- Сарын сүүлд.
- Сарын сүүлд ээ?! Аль сарын сүүл вэ, энэ сар дуусах гэж байна шдээ!!
- Аан сорри, дараа сарын сүүлд. Гэхдээ хуучин гэрээгээ сунгаж бас магадгүй.
- Тийм үү, ямар хугацаагаар вэ?
- Мэдэхгүй, ярьж байгаад болно.
- Яриагүй байгаа юм уу?!
- Ярих гэж байгаа. Өнөө маргаашаас ярьна.
- (гайхсандаа шүлсээ залгив)... Ингэхэд яагаад сунгахаар болов? Өмнө тийм яриа байгааагүй, заавал нүүнэ гэж байсан биз дээ?
- Халуун байна, бас хүмүүс амарчихсан.
- (хэлэх үггүй шүлсээ залгив...)

2010/08/19

Дэлхийн байдал аа гэж...

Хүмүүс ойрхон байх тусам учиргүй бие биедээ дургүй байх юм. Хамаатан садны харилцаа гэвэл "Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр". Улс орнуудын харилцаа гэвэл Чэстэртоны энэ ёгт шүлэг. Зэргэлдээ ихэнх орнуудад хамаарах болов уу энэ шүлэг...

Хэдэн жил хэрүүл маргаан хийсний эцэст 1919 онд дэлхийн анхны олон улсын энх тайвны байгууллага буюу "Үндэстнүүдийн Лиг"-ийг байгуулахад Честертон энэ шүлгээ бичиж байжээ. Гэхдээ Чэстэртоныг Франц улс хийгээд франц хүмүүст дургүй байсан гэж эндүүрч болку шүү. Зуугаад жилийн тэртээ Чэстэртон "Холбоо харилцаа бага холын улсууд найрамдахад амар, хажуудах нэгэнтэйгээ л учраа олох хэцүү" гэж байсан нь 21-р зууны эхэнд ч ач холбогдлоо алдаагүй байна. Хүний мөн чанар гэдэг харамсалтай нь, тийм ч амар өөрчлөгддөггүй бололтой.

Үндэстнүүдийн Лиг байгуулагдахад "the international idea is welding all the nations now" гэж олон хүн баярласан байх даа. Даанч улс гүрнүүдийн харилцаа өрсөлдөөнд тулгуурлаж, хажуудах нэгнээ хардаж сэрдэх, хавчин гадуурхах нь хэвээрээ. Эцэст нь дэлхийн хоёр дайн, тавиад жил үргэлжилсэн хүйтэн дайны дараа сая л нэг "үндстнүүдийн зах хязгаар арилж" эхлэв. Гэхдээ "энх тайвныг хүсэмжлэх эрхэм сайхан санаачлага" биш глобалчлал буюу үндэс дамнасан том том пүүс компаниудын эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд энэ бүх үйл явц өрнөж байгааг мэдсэн бол... Чэстэртон юу гэх байсан бол доо.

Эсэргүү юм бичсэнийхээ дараа мэдэв... өнөөдөр чинь олон улсын энх тайвны өдөр юм байна шдээ...хэхэ

 G.K. Chesterton (1874-1936)
 "The World State"

 Oh, how I love Humanity,
 With love so pure and pringlish,
 And how I hate the horrid French.
 Who never will be English!

 The International Idea,
 The largest and the clearest,
 Is welding all the nations now,
 Except the one that's nearest.

 This compromise has long been known,
 This scheme of partial pardons,
 In ethical societies
 And small suburban gardens -

 The villas and the chapels where
 I learned with little labour
 The way to love my fellow-man
 And hate my next-door neighbour.

     Г.К. Чэстэртон "Дэлхийн байдал"
     Орчуулга: Сүрэн

     Хүмүн төрөлхтөнд би бээр
     Хүрэн зүрхнийхээ гүнээс хайртай ч
     Англи иргэн шиг байж амьдралдаа барахгүй
     Аймаарррр паранц (*) нарыг үзэн ядна

     Энэ дэлхийд энх тайван тогтоох
     Эрхэм сайхан санаачлага гэж
     Олон орон хөөрөн нэгдэх ч
     Ойр нэгнээ илүү үзнэ

     Алагчилж хүмүүсийг хайрлах
     Аль галавын энэ зуршлыг
     Ном хаялцах мэргэд ч дэмжинэ
     Ноомой жирийн иргэд ч сайшаана

     Суун нүүн амьдарсан газраасаа
     Сүрхий оролдолгүй сурсан зүйл энэ:
     Суурин буурин хүмсийг бултаар хайрлаж
     Сугандах нэгнээ бөөрөлхөн жигших


        МЫ ГУМАНИСТЫ
        Перевод Ю. Шрейдера

        Люблю я человечество
        Так горячо и чисто!
        Но все-таки французу
        Не стать британцем истым.

        Идея братства общего
        Светла и прогрессивна:
        Любезны мне все нации,
        И лишь одна противна.

        Удобен этот компромисс —
        Любить людей частично,
        Идет об этом разговор
        В дискуссиях публичных.

        И за обеденным столом
        Заводится беседа
        Как человечество любить
        И ущемить соседа.

* "Аймаар паранц" бус "аймаар франц" гэж бичих ёстойг мэднэ ээ...