Geelong Grammar School,
Timbertop Campus
Австралийн нэртэй хувийн сургуулиудын нэг болох Geelong Grammar School-д багшилдаг найзтайгаа уулзахаар Сиднигээс Мэльбурн хүртэл нисэв. Geelong Grammar School хэд хэдэн campus-тай, найз маань хөдөө газар уулсаар хүрээлэгдсэн Timbertop campus-д ажиллана. Газрын зургаас олоход хэцүү юм билээ, тиймээс Мэлбурны ойр хавиас Buller гэдэг уул хайж олоод тэр орчим гээд ойлгочихвол OK.
Энэ сургуулийн өвөрмөц сургалт сонирхол татаж, арван жилийн боловсролын системийн тухай нэлээдийг бодогдуулсан учир Timbertop campus-н тухай бичихээр шийдсэн болно. Оршлоо орхиод олон үггүй гол сэдэвдээ орвол :
150 жилийн өмнө байгуулагдсан Geelong Grammar School бол Австралид ч бай, хаана ч бай үнэтэйд орох хувийн сургууль. Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50 мянган австрали доллар. Тиймээс сурч буй нь пүүс компаний эзэд г.м. бололцоотой айлын хүүхдүүд. Бололцоотойгоор барах уу, хүүхдийнхээ их дээд биш "арван жил" буюу суурь боловсролын төлөө жилд 50 мянган доллар өгнө гэдэг, нэг үгээр хэлбэл нэлээд баян ээж, аав нарын хүүхдүүд сурдаг сургууль юм. Сүүлийн үед Тайланд, Энэтхэг, Индонези, Японоос хүмүүс хүүхдүүдээ сургахаар явуулдаг болж, waiting list хүртэл бий болсон гэх. Тimbertop campus-д 1960-аад онд Английн Чарльз хунтайж хагас жил сурсан гэхээр ерөнхийдөө ямар хэмжээний сургууль болох нь ойлгомжтой.
Гэхдээ энэ сургуулийн тухай бичихээр болсон минь эртний & үнэтэй & нэртэй гэдэгтэй огт холбоогүй. Гол учир нь Timbertop уулын хажууд байрлах, тус уулын нэрээр нэрлэгдсэн хөдөөний бяцхан campus-д байна. Уулс дундах энэ сургуулийг төсөөлөхөд тун амархан. Найрамдал зуслангийн зуны байшингууд, аль эсвэл өөр ямар ч хамаагүй Монголын хүүхдийн зуны зуслан төсөөлөхөд OK. Монголын зуны зуслантай адил хүүхдүүд ээж ааваасаа холдож байгаль сайхан газар хэсэг хугацааг өнгөрүүлнө. Ялгаатай нь тэнд өнгөрүүлэх хугацаа нь нэг сар биш нэг жил бөгөөд бүрэн хэмжээний сургууль гэдэгт оршино. Өөр ялгаа гэвэл:
1. Timbertop-д зөвхөн дунд сургуулийн 3 дугаар ангийн хүүхдүүд нэг жил суралцана. Австралийн бага сургууль 7 жил, дунд сургууль 3 жил, ахлах анги 2 жил тул Тимбэртопд 14-15 насны буюу ид шилжилтийн насандаа байгаа хүүхдүүд ирж суралцана.
2. Timbertop сургууль нийтдээ хүүхдүүд, багш нарын хэд хэдэн байшин, хичээлийн байшин, хоолны зал, мөргөл & цуглаан зохион байгуулах бяцхан сүмээс бүрдэнэ. Note: сургуулийг бүх байшин барилгыг барилгачид биш 1960-аад оны эхний ээлжийн сурагчид, багш нар хамтран барьсан болно.
3. Хүүхдүүдийн амьдрах байшинг unit гэж нэрлэх бөгөөд нэг unit-д ойролцоогоор 15 хүүхэд байрлана. Unit нь дотроо 15 ор эгнэсэн томоо гэгчийн унтлагын нэг өрөө, хичээл хийх том өрөө, ойр зуурын цай хийж уух өрөө, шүршүүр усны өрөө, томоо гэгчийн зуухтай галын өрөө, аяны үүргэвч цүнхээ тавих зоорь маягийн өрөө гээд ерөнхийдөө 2 том өрөө, 4 жижиг өрөөнөөс бүрдэнэ. Мөн unit болгон дэргэдээ wood shed гэгдэх түлээ модны саравчтай.
Мянга уншихаас нэг хар гэдэг тул дээрхи зураг үзнэ үү. Мөн ерөнхий танилцуулгаа үүгээр өндөрлөж гол сэдэв буюу энэ сургуулийн сургалтын системийн тухай дараагийн тэмдэглэлд бичье.
No comments:
Post a Comment