2008/11/21

20. Австрали, Timbertop Campus онцлог



Timbertop-ын гол онцлог:

1. Маш хатуу журамтай
  • Гар утас, интернет, зурагт, видео тоглоом бүгд хориотой. Гэрийхэнтэйгээ нэг л аргаар харьцах бөгөөд тэр нь захидал занаа. Гэрийхэнтэйгээ жилийн дотор нэг ч удаа уулзахгүй.
  • Усанд орох усаа өөрсдөө түлээ мод хөрөөдөж, тайрч хагалж халаана. Байр, сургуулиа өөрсдөө цэвэрлэнэ. Хичээл бүрийн дараа монгол сургуулийн адил жижүүр хүүхдүүд ангидаа үлдэж цэвэрлэгээ хийнэ.
  • Хүүхдүүд өөрсдийн амьдардаг unit-с бусад unit уруу орох хориотой. Тиймээс ондоо unit-н хүүхэдтэй зөвхөн хичээл дээр л уулзана. Багш нарын unit уруу орох байтугай дөхөж ч очихгүй.
  • Тогтоосон тодорхой тооноос илүү зөрчил гаргавал шууд баяртайски. Ээж аав нь ирээд мянга түм гуйгаад ч нэмэргүй, мөнгө төгрөг өгөөд ч бүтэхгүй.
  • Миний хувьд мангар санагдсан нэг журам: Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж үл болно.
2. Биеийн тамир нэг номерт

Хүүхдүүдийн бие махбодийн хөгжил, биеийн тамирыг маш чухалд үзнэ. Толгойд нь тэдэн онд тэр оронд тийм хаан нас барсан гэх мэт мэдэлэл info чихэхээс илүү чухалд үзнэ. Ер нь Timbertop-н гол зорилго бол хүүхдүүдийг тэвчээртэй, тэсвэртэй болгоход орших мэт санагдсан. Тэр зорилгоо биелүүлэх хэрэгсэл нь биеийн тамир бөгөөд биелүүлэх орчин нь хүнгүй зэлүүд Timbertop уул ажээ. Тодруулбал:
  • Долоо хоногт хичээл дөрвөн өдөр орно. Үлдсэн гурав хоногийг ууланд өнгөрөөнө. Хүүхдүүд ирээд удаагүй, дасаагүй байхад өдөртөө буцаж ирэх поход хийнэ. Эхэн үед зүгээр л өдөржин тодорхой маршрутаар алхана. Удалгүй гэхдээ алхах нь шогших поход болж хувирна. Яваандаа шогших хугацаа, зай нь уртасна. Хамгийн сүүлд сургуулиасаа Timbetop уулын орой өөд гүйж гараад, товлосон газар гарсныгаа батлах бичиж үлдээгээд, гүйсээр буцаж ирнэ. Тэр нь Сүхбаатарын тайлбайгаас Богины амын орой хүртэл гүйж гараад, гүйсээр бууж ирэхтэй адил тул яггүй даваа. Намайг очиход найз маань удахгүй шогших походтой учир жаахан бэлтгэл хиймээр байна, бас чамд уулын оройгоос эргэн тойрныг харуулмаар байна гээд Timbertop-ын орой өөд намайг дагуулж гарахаар болов. Бид хэд гэхдээ уулын хормой руу машинаар очоод тэндээс дээш гарсан л даа. Тийн атал Сүрэн байн байн амарч амьсгаадаж, ам хошуугаа сарвайлгаж үйлээ үзсэн. Өөрийнхөө өчүүхэн чинээ чадалгүйг үнэнхүү мэдсэн өдөр байв. Харин найз маань түрүүлж гүйгээд л, буцаж ирж намайг тойрч гүйгээд л... ёоооо л гсн.
  • Өдөртөө буцаж ирэх поход яваандаа ууланд хонох поход болно. Хүүхэд бүр гурван өдрийн ус хүнс, аяга таваг, солих оймс, шүдэнз г.м. дор хаяж 10 орчим кило юм үүрч явна. Гурав эсвэл дөрвөн хүүхэд нэг баг болж шөнө унтах майхан, хоол хийх хийн  плитка энэ тэрээ ээлжээр бас үүрнэ. Оны сүүлд төгсөхийнхөө өмнө аварга буюу долоо хоногийн поход хийснээр Timbertop-г амжилттай дүүргэсэнд тооцно.
  • Поход гэдэг нь зөвхөн алхаж гүйхийг үл хэлнэ. Өвлийн улиралд country ski буюу цанаар "марш бросок" хийж арваад километр гулгана.
Энэ хүртэл ерөнхийдөө introduction байлаа, Timbertop-д гурав хоносон сэтгэгдэл & бодогдсон зүйлийг дараагийн тэмдэглэлд бичье.

Note: Хүүхдүүдийг энэ бүх походонд амжилттай авч явдаг багш нар бүгд эрүүл чийрэг биетэй, булчин шөрмөстэй ихтэй, тамирчид гэмээр сайхан залуус байна лээ.

No comments: