2008/11/18

17. Австрали, Домог болон зүүд цаг


Өмнөх тэмдэглэлд бичсэн хоёр домогтой төстэй домог олон үндэстэн, ястны үлгэр домгийн санд байх учир аль нь ч Австралийн уугуул домог байж болох. Гэвч Австралийн язгуур хүмүүс (indigenous people) буюу аборигэнуудын домог нь хоёр дахь нь. Эхнийх нь бол нэлээд хожуу зохиогдсон white хүмүүсийн домог.  

Австралийн уугуул иргэд энх тайван байдлыг эрхэмлэн дээдэлж, элдэв янзын шалтгаанаар илд барьж дайтдаггүй байжээ. Мөн байгаль дэлхийгээ шүтэн биширч хүний ч амийг, амьтны ч амийг эрхэмлэн дээдлэх учир идэхээсээ илүү хэмжээний амьтан загас хүртэл агнадаггүй байв. Хий дэмий өвс хүртэл тасдахгүй хүмүүст хүүхэн булаахын төлөө алалцана гэдэг үнэн утгагүй асуудал. Тиймээс эгч дүү гурвыг хүчээр булаана, булааж авахын тулд овог аймаг хоорондоо амь тамаа үзэж байлдана гэдэг тэдний хувьд төсөөлөшгүй явдал ажээ.

Нөгөө талаас эхний домгоос white хүмүүсийн дайчин түрэмгий зан, хүссэнийхээ төлөө хүний амь хөнөөхөөс түдгэлзэхгүй байдал мөн хайр дурлалыг хачин янзаар “армаанчикладаг” нь харагдна гэж бодогдном. Tristan Isolde, Helen of Troy-г дуурайсан домог гэх үү дээ.  

Ер нь австралийн язгуур хүмүүсийн соёлд Dreamtime (зүүд цаг) болон домгууд их чухал байр суурь эзэлнэ. Dreamtime болон dreaming нь тэдний ертөнцийг үзэх үзэл бөгөөд галав юүлэх үед хорвоо дэлхий хэрхэн бүтэж бий болсон тухай цэгц ойлголт юм.

Австрали явбал музей орж аборигенуудын урлаг заавал сонирхоорой. Язгуур хүмүүсийн зураг хөрөг, баримал сийлбэр, онгон шүтээн нь үнэхээр сонин агаад содон. Гайхмаар, аймаар, айдас төрүүлэм, бишрэл төрүүлэм, баяр төрүүлэм, сүжиг төрүүлэм, энгийн атлаа их хүчтэй... гээд нэг үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн цагаар сууж хармаар санагдана. Зарим баг, онгон шүтээнээс айгаад, нүд дальдраад, эгч харж ч чадаагүй... заримыг нь харин арав хорин минутаар ширтэн суусан. Зарим нь надтай яриа дэлгэсэн... Одоо бодоход би ер нь хөнгөн хэлбэрээр ховсдуулсан байсан гэх үү, эсвэл өөр хэмжээсийн орчинд түр жаахан саатсан гэх үү...

Бүгдийг бичнэ гэхээр үгний баялаг дутах юм, сэтгэл сэтгэгдлээ үг үсэг болгон буулгах чадвар маруухан юм... зохиолч болж төрөөгүйгээс хойш өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе. 

No comments: