Газарчилсан австрали залуу "Манай улс Европ, Азитай адилгүй. Дэлхийн түүхийн хэмжээнд авч үзвэл байшин барилга нэлээд хожуу баригдсан. Дорвитой хуучны байшин гэж харуулах юм бусад улстай харьцуулахад бага. Тийм учир анх цагаан хүмүүс ирж барьсан байшин, барилгаас үлдсэн бүхнийг хадгалахыг хичээж байгаа" гэж ярьсан нь санаанд хамгийн тод үлдэв.
Эртний байшин, гүүр, гудамж гэдэг хотын архитектурын түүхэн өв сан. Тиймээс тусгай хамгаалалтанд байх ёстой. Тусгай хамгаалалт гэдэг нь хүвь хүн, пүүс компани дураар буулгаж нураах бүү хэл, дур мэдэн засвар хийж шинэчилж өөрчлөх ч эрхгүй. Гэхдээ хүмүүс нь эртний байшин барилгадаа хайртай учир юун нураах, юун ашиг хонжоо хөөсөн юм барих... тийм яриа Австралид гарах ч үгүй аж (манайхтай адилгүй).
Улсын хамгаалалтанд зөвхөн ямарваа нэгэн түүхэн үйл явдал болсон нэртэй цуутай дурсгалт байшин биш, хуучны гэмээр бүх байшин ордог юм байна. Газарчилсан австрали залуу ямар байшинг хуучин барилгын тонд оруулах тухай нарийн хэмжүүр байдаг, хот судлал хийгээд хот төлөвлөлтийн мэргэжилтэн нарын гаргасан бүртгэл лист байдаг гэж ярихыг сонсоод атаархаж байлаа. Нэгд, мэргэжилтнүүд нь хамгаалах ёсой байшингийн бүртгэл хийсэн байх нь. Хоёрт, хотын захиргаа нь тэднийхээ үгийг сонсдог байх нь. Гуравт, хүмүүсийн ухамсар өндөр учир пүүс компаний эзэд хуучин байшин нурааж шил толь босгоно гэж зүтгэдэггүй байх нь.
Darling Harbor-с уруудаж явах замд таарсан нэгэн хана нэлээдийг бодогдуулав. Харахад зүгээр нэг шар өнгийн шавар хана. Цагийн сайнд гайгүй том байшингийн хана байсан бололтой. Дундуураа цуурч муураад энд тэнд тойпуу уначихсан харагдана. Эргэн тойронд нь хэдэн арван метрийн зайнд юу ч байхгүй, тойруулж гоёмсог олс татсан төдий. Учрыг асуутал Сидни хот барилга байшингаа алаг цоог үздэггүй гэнэ. Зөвхөн бүтэн байшин барилгаа хамгаалаад зогсохгүй эртний барилгын үлдэгдэл бол ганц хана ч байсан хамаагүй хойч үедээ үлдээхийг боддог гэнэ. Ганц цэрэг юү гэдэг билээ дээ, түүн шиг ганц хана ч гэсэн хотын түүхийн нэгэн хэсэг. Тийм учир нураах битгий хэл эргэн тойронд нь тодорхой зайнд газар доргиулсан барилгын ажил явуулахыг хүртэл хатуу хорьдог гэнэ.
2. Сидни хот модоо хайрлана.
Айл бүрийн хашаан дахь модны тоо албан ёсны бүртгэлтэй. Хэдий өөрийн хашаа байшин, хувийн өмчийн газар гэлээ модоо дур мэдэн тайрах эрхгүй. Мод өвчилсөн зэрэг яах аргагүй тайрах шаардлага гарвал заавал тусгай зөвшөөрөл авна. Ургаа модыг бүхэлд нь тайрах байтугай ганц хоёр мөчир хүртэл дур зоргоор тайрах хориотой.
No comments:
Post a Comment