Р. Акүтагава "Ганцаардлын там"
芥川龍之介 「孤独地獄」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)
Би энэ түүхийг ээжээсээ дуулсан юм. Ээж минь харин өөрийн өвөг авгаасаа дуулсан гэдэг. Энэ түүх үнэн эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ өвөг авгын зан араншин, аж байдлыг бодохоор байж болох л явдал мэт санагдана.
Ээжийн өвөг авга урлаг, уран зохиолын хорхойтон байсан тул Бакүмацү үеийн(*1) урлагийнхан болон зохиолчдыг нэлээд сайн таньдаг байжээ. Каватакэ Мокүами(*2), Рюүка Тэйтанэказү(*3), Зэнзай Анъэйки(*4), Тооэй(*5), Күдаймэ Данжүроо (9 дахь үеийн Данжүүроо)(*6), Үчи Шибүн, Мияко Сэнчюү, Кэнкон Борюүсай(*7) зэрэг олон хүмүүстэй танил байсан гэдэг. Жишээ нь, Мокүами “Эдозакүра киёмизү сэйгэн” жүжгийн Кинокүния Бүнзаэмоны(*8) дүрийг манай өвөг авгаас үлгэрлэн бичсэн байдаг. Өөд болоод одоо бараг тавин жил болж байгаа ч амьдад нь түүнийг Имакибүн (өнөөгийн Кинокүния Бүнзаэмон) гэж хочилдог байсан болохоор одоо хэр нэрийг нь дуулсан хүн байгаа л байх. Овог нь Сайки, нэр нь Тожироо, хайкү шүлэг тэрлэх нэр нь Кой, харин хүмүүс Ямаширогашигийн(*9) Цүто л гэж дууддаг байжээ.
Өвөг авга Цүто нэгэн өдөр Ешиварагийн(*10) шөнийн цэнгээний газарт нэг ламтай танилцжээ. Тэр лам Хонго хавийн нэгэн зэн сүмийн хамба лам агаад нэрийг нь Зэнтэ гэнэ. Зэнтэ тэр газрын байнгын үйлчлүүлэгч төдийгүй Нишикиги гэгч дууч эмтэй дотно байв. Мэдээж, лам нар махан хоол идэж эхнэр авах хориотой цаг байсан тул түүний гадаад төрх нь сахил санваар хүртсэн хүн гэж хэлэхээргүй байж. Улаан судалтай шар даавуун кимоно дээр овгийн сүлдтэй хар торгон хантааз өмсөөд өөрийгөө хүмүүст оточ хэмээн өргөмжлөн хэлдэг байсан гэнэ. Өвөг авга маань түүнтэй санаандгүй тохиолдлоор танилцаж мэнд мэдэлцэх болжээ.
Санаандгүй тохиолдлоор гэдэг нь, дэнлүүний баярын үеэр нэгэн шөнө Цүто бие засчихаад хонгилоор өрөө рүүгээ буцаж явахдаа хашлага түшин сар ширтэх эртэй тааралджээ. Халзан толгойтой, намхавтар нуруутай, чөрийсэн туранхай эр байв. Цүто сарны гэрэлд түүнийг хараад байнга үүгээр орж гардаг нэрнээс цаашгүй оточ Чикүнай хэмээн санаж араар нь өнгөрөхдөө чихнээс нь татаж орхижээ. Цочоод эргэж харахад нь инээгээд зогсож байя гэж бодсон хэрэг. Гэвч эргэж харсан хүний царайг хараад Цүто харин өөрөө балмагдаж орхив. Халзан л болохоос бусдаараа Чикүнайтай төстэй зүйл түүнд нэгээхэн ч байсангүй. Өргөн духтай хэрнээ нийлэх шахсан хөмсөгтэй. Нүүр нь дэндүү цонхигор болоод ч тэр юм уу, нүд нь дүрлийсэн том. Зүүн хацартаа харанхуйд ч тодрох том мэнгэтэй, бас өндөр шанаатай – нэг иймэрхүү төрх сандарсан Цүтогийн нүдэнд бүдэг бадаг тусжээ.
Халзан эр
- Та яах гээв? гэж ууртай дуугаар асуусан агаад архи балгасан шинжтэй байв. Өмнө бичихээ мартчихаж, тэр үед Цүто нэг гэйша, бас нэг үйлчлэгч залуу дагуулаад явж байж л дээ. Иймэрхүү ёс алдсан үед тэд мэдээж Цүтогоор уучлал гуйлгуулаад зогсч байх нь зохисгүй тул үйлчлэгч залуу Цүтогийн өмнөөс уучлал гуйж, тэр хооронд Цүто гэйшаг дагуулан өрөөндөө буцаад иржээ. Урлаг соёлд нэвтэрхий хүн гэхэд ийнхүү ёс алдсан нь эвгүй санагдсан биз. Харин халзан толгойт үйлчлэгч залуугаас эндүүрсэн учрыг сонсмогц ааш нь зөөлөрч баахан инээсэн гэдэг. Тэр лам Зэнтэ байсан гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.
Цүто даруй уучлал гуйж амтат идээ бүхий таваг өнөө хүнд явуулав. Нөгөөх нь ч байдлыг нь ойлгосон бололтой, баярласнаа илэрхийлэхээр ирсэн гэнэ. Ийнхүү энэ хоёрын нөхөрлөл эхэлжээ. Хэдий би нөхөрлөл гэж буй ч тэр нь шөнийн цэнгээний газрын хоёр давхарт уулзахаас цаашлаагүй агаад гэр гэртээ ирж очилцсон явдал байгаагүй юм. Цүто архи амсах ч үгүй, харин Зэнтэ архинаас хэзээ ч буцдаггүй байв. Бас Цүтогийн дэргэд Зэнтэгийн зүүж хэрэглэх зүйл нь үнэтэй агаад чамин тансаг. Хүүхний өнгөнд ч ухаанаа алдан дурлах нь Цүто биш Зэнтэ аж. Тиймээс Цүто тоглоом болгон чи бид хоёрын хэн нь санваартан бол доо гэж хэлдэг байв. Тэнтгэр тарган биетэй, царай муутай Цүто үсээ гобүсакаяки маягаар хааш яаш засч, мөнгөн гинжтэй торгон сахиус урдаа унжуулчихаад, хар хөх мэкүражима(*11) кимоногоо цагаан даавуун бүсээр чангахан татчихаад явдаг эр байжээ.
Нэгэн удаа Цүто Зэнтэтэй уулзахад өнөөх нь Нишикиги хүүхнийхээ торгон хантаазыг нөмрөөд шанз тоглон сууж байж. Угаас судсаар нь цус гүйсэн шинжгүй цонхигор ч, тэр өдөр зүс царай нь бүр ч тааруу байлаа. Нүд нь улайж, уруул орчмынх нь унжсан арьс үе үе татна. Цүто Зэнтэг юунд ч юм санаа зовж буй гэж боджээ. Тэгээд өөрийг нь тоож санаа сэтгэлээ хуваалцаж зөвлөх аваас дуртайяа сонсоно гэдгээ байдлыг нь гадарласан хүний янзаар хэлж үзсэн боловч цаадах нь хуваалцаад байх зүйл үгүй байсан бололтой. Гагцхүү урьд урьдынхаасаа үг нь цөөрч, харилцан ярианы үзүүр алдчих гээд байлаа. Тиймээс Цүто эл байдлыг нь зугаа цэнгээний газрын зочдод элбэг тохиолдох уйтгар гуниг гэж ойлгов. Гагцхүү хүссэн зоргоороо архи ууж хүүхэн тэврэх хүнд туссан энэ уй гунигийг архи хүүхнээр арилгах аргагүй л дээ. Иймэрхүү байдлаар тэр хоёр хэдэн ч цаг юм аядуухан хууч хөөрчээ. Тэгтэл Зэнтэ гэнэт нэг юм санасан янзтай ийн өгүүлсэн гэнэ.
Бурхан багшийн сургаальд хэд хэдэн төрлийн там байдаг ч ерөнхийд нь үндсэн там, түүний ойр орчмын там, ганцаардлын там гэх гурван хэсэгт хувааж болно. Гэхдээ “амьтны ертөнцийн доор таван зуун ри(*12) там оршино” гэж заасан тул эртнээс хүмүүс тамыг газар доор байдаг хэмээн төсөөлж ирсэн болов уу. Гэвч эдгээр дундаас зөвхөн ганцаардлын там л энэ дэлхийн уулсын хөндий, уудам тал, моддын нөмөр, агаар мандалд хаанаас ч юм бий болно. Өөрөөр хэлбэл, хүнийг хүрээлэн буй бүхий л зүйл гэв гэнэт тэр чигээрээ тамын зовлон болж хувирна. Би хоёр, гурван жилийн өмнөөс энэ тамд унаад байна. Ямар ч зүйл миний сонирхлыг удаан татаж үл чадна. Тийм болохоор байнга орчноо сольж, үргэлж өөрчлөлт хөөж амьдарна. Мэдээж, тэглээ ч гэсэн тамын энэ зовлонгоос мултарч эс чадна. Орчноо өөрчлөхгүй байвал бүр ч хэцүү. Тиймээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх өдөр хоногийн зовлонг мартахын төлөө л амь зогоож байна. Гэвч тэгэхийг хүртэл тэвчих аргагүй болоход... үхэхээс өөр замгүй. Өмнө нь би зовж шаналсан ч үхнэ гэдгийг үзэн яддаг байлаа. Харин одоо бол ...
Зэнтэ шанзаа дахин авч хөгийг нь тааруулангаа аяархан хэлсэн тул сүүлийн үг нь Цүтогийн чихэнд хүрсэнгүй. Тэр явдлаас хойш дахиж Зэнтэ цэнгээний газарт үзэгдсэнгүй. Нүгэл гэх бүх нүгэлд живж яваа зэн номын энэ лам түүнээс хойш яасныг мэдэх хүн ч үгүй. Гагцхүү тэр өдөр Зэнтэ харихдаа Нишикигийн өрөөнд Очир Огтлогч Судрын тайлбар мартаад явжээ. Цүто насныхаа эцэст өтөлж доройтон Шимофүсагийн(*13) Самүкавад ганцаараа бөглүүхэн амьдарч байх үед түүний ширээний байнгын номын нэг нь энэ судрын тайлбар байлаа. Цүто хавтасных нь дотор талд “Цэнхэр талын нил цэцэгсийн шүүдрийг тогтож анзаарах дөчин нас” гэх өөрийн зохиосон хайкүг бичсэн байв. Одоо энэ хайкүг мэдэх хүн бараг байхгүй биз ээ.
Ансэйгийн дөтгөөр онд(*14) болсон яриа юм. Ээж “там” гэдэг үгнээс болоод энэ түүхийг тогтоосон бололтой. Өдрийн дийлэнхийг бичгийнхээ өрөөнд өнгөрөөдөг миний ахуй ертөнц ээжийн авга өвөг хийгээд Зэнтэ хоёрынхоос тэс ондоо. Дур сонирхлын хувьд ч би Токүгава үеийн гэсакү зохиол болон үкиё зургийг гойд сонирхоод байдаггүй. Гэлээ ч би сэтгэлийн гүндээ, магадгүй “ганцаардлын там” гэдэг үгнээс үүдэн, тэртээ үеийн хүмүүсийг өрөвдөнө. Үүнийг би үгүйсгэхийг хүсэхгүй. Учир нь, би өөрөө ч ганцаардлын тэр тамд тарчилж буй нэгэн билээ.
Тайшёо 5 оны 2 сар (1916)
-----------------------------------------------------------
*1 Бакүмацү - Эдо үеийн сүүл хэсэг, 1854‐1867
*2 Каватакэ Мокүами - хошин шог жүжгээр (кёогэн) алдаршсан жүжгийн зохиолч, 1816-1893
*3 Рюүка Тэйтанэказү - япон зохиолч, 1807-1858
*4 Зэнзай Анъэйки - нэртэй жүжигчин, яруу найрагч Башёогийн шүлгийн түүврийг анх эмхэтгэснээрээ алдартай, 1822-1893
*5 Тооэй - япон жүжигчин
*6 Күдаймэ Данжүроо буюу 9 дахь үеийн Данжүүроо - Кабүки театрын нэртэй жүжигчин
*7 Үчи Шибүн, Мияко Сэнчюү, Кэнкон Борюүсай - Кабүки театрын жүжигчид
*8 Кинокүния Бүнзаэмон - Эдо үеийн баян худалдаачин, 1858 онд Кабүки театрт тавигдсан "Эдозакүра Киёмизү Сэйгэн" жүжгийн гол баатрын загвар болсон хүн
*9 Ямаширогаши - өнөөгийн Токио хотын төв хэсэг, Гинза орчмын газрын нэр
*10 Ешивара - Эдо хотын шөнийн цэнгээний газрууд төвлөрч байсан дүүрэг
*11 мэкүражима - хар хөх дэвсгэр дээр нарийн цагаан судал татсан энгийн даавуу
*12 ри - уртын нэгж = 3,9 км
*13 Шимофүса - Эртний засаг захиргааны нэгжийн нэг. Газар нутгийн хувьд өнөөгийн Чиба мужийн хойд хэсэг, Ибараки мужийн баруун өмнөд хэсэг, Сайтама мужийн зүүн хэсэг, Токио хотын зүүн хэсгийг хамрана
*14 Ансэй - Эдо үеийн сүүл хэсэгт хамаарах Коомэй эзэн хааны үе (1854-1860). Ансэйгийн дөтгөөр он - 1857 он.
11 comments:
Сайхан ёстой сайхан орчуулжээ. Маш бахдалтайгаар уншлаа.
Bayarlalaa Naraa ! :)
Яруу сайхан орчуулжээ, уншихад сайхан байна.Ганцаардана гэдэг нэг талаар сайн зүйл гэж боддог.амьдралыг таньсан хүмүүс ганцаарддаг бх.
зовлонгүйн зовлон ч юм шиг.
Орчуулсанд баярлалаа.
>Astrea
Сайн байна уу?
Comment баярлалаа! Устгасан ч гэсэн таны асуултанд хариулъя гэж бодоод. Акүтагавагийн англи орчуулгаас надад гурван орчуулга дажгүй санагддаг.
1. Glenn Shaw “Tales Grotesque and Curious”. 1930 онд хэвлэгдсэн, орчуулагч нь зуугаад жилийн өмнө японд нэлээд олон жил амьдарсан, Акүтагаваг таньдаг байсан. Яггүй сайн орчуулга тул энэ номд дуртай. Ганц гэм нь хэвлэгдээд удаж байгаа...
2. Jay Rubin “Rashomon and Seventeen Other Stories” 2006 Хамгийн нэртэй бөгөөд олон хүний мэдэх өгүүллэгүүд энэ эмхтгэлд орсон байгаа. Тиймээс recommend. Гэхдээ Lippit, Kojima гээд ондоо олон хүний эмхтгэлээс гойд илүү байж чадах уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй нь... нэртэй өгүүллэгүүдийг нь багтаасан гайгүй эмхтгэл, оршлыг нь Мүраками Харүки бичсэн.
3. Charles De Wolf “Mandarins” 2007 Энэ эмхтгэл даж. Ихэнхи орчуулагчид эмхтгэлдээ заавал оруулдаг “Рашёомон” юм уу “Ширэнгэд” энд байхгүй. Үнэлүүштэй боловч хүмүүс барагтаа мэддэггүй өгүүллэгүүдээс бүрдэнэ. “Кэса ба Морито”, “Бэрсүүт жүрж”, “Нэгэн үдшийн яриа” орсон тул дуртай :)
Хэрвээ оросоор уншдаг бол Фельдманы орчуулгыг санал болгоё. Утгын ямар ч алаагүй, өөгүй сайхан, уран яруу орчуулга хийдэг бүсгүй байсан. Алдарт япон судлаач Конрадын эхнэр.
>Light
>Фриска
Баярлалаа !
Өө, сайхан сайхан, сонгуулийн хов живээс ихийн их холд хэдэн минут ч болов сатаарав. Их баярлалаа. Сайхан ч өгүүлэг юм, сайн ч орчуулга юм. Ганцаардлын там ч гарцаагүй л дээ, түүнийг давж чадвал нирваан дүрийг олно гэж ойлгоод байгаа шүү.
Энэ "Өвөг авга" гэдэг нь аавын эцэг буюу "Авга өвөө"-г хэлж байна уу гэж ойлголоо. Зөв үү?
Мөн энэ өгүүлбэрт ". Зэнтэ тэр газрын байнгын үйлчлэгч төдийгүй Нишикиги гэгч дууч эмтэй дотно байв" буй "үйлчлэгч" нь "үйлчлүүлэгч" байх гэж ойлголоо. Зөв үү?
>Б.Номинчимэд
Сайн байна уу? Сomment маш их баярлалаа !
"Өвөг авга" зөв эсэхэд би өөрөө эргэлзээд л... эргэлзээд гэнэ, эргэлзээд байлтгүй буруу л даа. Японоор 大叔父 буюу эмээ юм уу өвөөгийн ах эсвэл эрэгтэй дүү гэсэн утгатай үг юм л даа. Англиар бол "granduncle". Ээжийн эмээ эсвэл өвөөгийн ах юм уу эрэгтэй дүүг монголоор юу гэдэг бол ?
Тийм, таны зөв, “үйлчлүүлэгч” гэх нь зөв, ёстой бүдүүлэг алдаа байна.
Өөр алдаа, дутагдал байвал хэлж өгөөрэй, танд баярладаг шүү !
Сайхан баярлав уу?
Японоор чухам садан төрлөө хэрхэн дууддагыг нь мэдэхгүй юм. Бидний хувьд ээжийн талын бүх хүн "нагац", аавын талынхан нь "авга" болдог. Ээжийн эмээг, хэрвээ аавын эмээ байхгүй бол өндөр эмээ(эмэг), аавынх байвал нагац өндөр эмэг гэж ялгаж дуудах байх, Ээжийн аав ч мөн ялгаагүй, ээжийн аавын ах ч мөн ялгаагүй нагац өвөө, эсвэл нагац ах болж орхино... Америкчуудтай яг сайхан таарахгүй ч байх шиг, Ер тэр америкуудын ураг садангаа нэрлэдгийнх нь учрыг ч сайн олоогүй. Саяхан Мишимаг уншлаа, Алтансүмийг нь... Бичлэг нь, санаа илэрхийлэх чадвар нь, хурц содон сэтгэлгээ нь гайхалтай ч амьдралд хандаж буй хандлага, харж буй өнцөг нь надаас огт онхи ондоо хүн юм, ер таалагдсангүй, тэгээд Япончуудын олон бичээч дотроос Акутагава-даа л үнэнч, буцаад хүрээд ирж байна даа
Сайхан сайхан, сайхан баярлав уу?
Харин ээ... бодоод л сууж байна. Зохиолын агуулгад онц чухал биш гэж үзээд зүгээр өвөө гэж орчуулж болох ч, Акүтагавагийн "өөрөөсөө аль болох холдуулж" байж өгүүлдэг аргын илрэл гэж бодохоор орчуулах хэрэгтэй ч юм шиг...
Мишимагийн Алтан асарт сүм тийм шүү. Миний ч хувьд "но"-той санагдаах зүйл олон. Сониноос Мизүками Цүтоми гэдэг зохиолч махчилбал "Гобан (5 дугаар) гудамын оройн манан" романдаа Алтан сүмийг шатаахад хүрсэн тэс ондоо түүх өгүүлсэн байдаг. Нэг ёсны Мишимад өгч буй хариу юм даа...
Энэ тухай харьцуулж нэг юм бичье гээд л, гэхдээ залхуураад л ... Ямар ч байсан шатаасан хүнийх нь тухай Мишима "өөртөө анхаарал татахыг зорьсон солиотой амьтан" гэж хэлсэн байдаг. Харин Мизүками өөрөө сүмд шавилан сууж байсан болоод ч тэр үү, хэрэгтэнд арай л энэрэнгүй хандсан байдаг... хэхэ хадуурах нээ...
Post a Comment