2009/11/13

Хамгийн гунигтай дуу

Миний мэдэх хамгийн гунигтай япон дуу. Үг нь гунигтай, ая нь гунигтай, гуниг шингэсэн нэг л сонин хоолой... Дуу нь зөөлөн боловч хүчтэй. Дууныхаа ая, үгийг өөрөө зохиож байсан цөөн дуучдын нэг.

Doji Morita "Bokutachi no Shippai" 



   春のこもれ陽の中で 君のやさしさに
   うもれていたぼくは 弱虫だったんだよね・・

Өрөм хусам

Их сургуульд дөрөв, таван жил сурахад оюутнуудын ихэнхи нь хөөрүүлсэн сайхан сүү болж, цөөн хэд нь хусам болж, бүр цөөн нь өрөм болж төгсөнө гэх.

Одоо бодоход энэ үг сургууль төгссөн оюутнуудаас илүү анхныхаа ажилд ороод аахилан уухилан, эсвэл аяланхан дууланхан гурав, дөрвөн жил болж буй залуучуудад илүү хамаарах мэт. Гэхдээ нөгөө талаас, хийж буй ажилдаа мэргэшиж өрөм болно гэдэг тухайн хүний хүсэл зорилт, үлгэр жишээ болох удирдагч гээд олон зүйлээс шалтгаалах тул ингэж хамаагүй ангилж бас болохгүй ч юмуу...

Anyway, үүнийг бичсэн учир нь - сайхан монгол зүйрлэл байгааз :)

P.S. Асуух хэрэггүйэээ... нуруу нам, хараа муутай Сүрэн урд хавийн ширээнд үлэмж хичээмтгий дүр эсгэн сууж байсан ч үнэн хэрэгтээ үргэлж үүрмэглэнэ, үндсэндээ байнга зүүрмэглэнэ...үр дүнд нь тэгээд үнэхээрийн түлэнхий хусам болсон.

2009/11/10

Дэрний дэргэдэх тэмдэглэл



Японы улсын эртний уран зохиолоос миний хамгийн дуртай нь Сэй Шёонагон авхайн "Дэрний дэргэдэх тэмдэглэл". Энэ зохиолын япон нэр нь 枕草子, англи нэр нь "The Pillow Book", орос нэр нь "Записки у изголовья". Сэй Шёонагон мянгаад жилийн тэртээ, дэлхийн орчин цагийн анхны роман буюу "Гэнжиийн туульс"-ыг бичсэн алдарт Мурасаки Шикибүтэй нэгэн үед амьдарч байв. Далийхад, Мүрасаки авхай өдрийн тэмдэглэлдээ Шёонагоныг муулж бичээд мянган жилийн турш "муухай баагий вэ" гэгдэж байгаа... хамаг юмыг хадгалж үлддэг энэ улсад хамаагүй хүн цааснаа муулж болохгүй шүү. Гэхдээ өнөөдөр энэ хоёрын харилцаа биш Сэй Шёонагоны нэрийг түүхэнд мөнхөлсөн цорын ганц зохиолынх нь тухай бичихийг хүсэв.

Сэй Шёонагон ганц л зохиолоороо Японы болон дэлхийн уран зохиолын түүхэнд дархан цаазат байр суурьтай болж, Хэйан үеийн Япон улсын уран зохиолын төвшин, эмэгтэйчүүдийн авъяас боловсролыг харуулж чадсан нэгэн. Тэр ганц зохиол нь "Дэрний дэргэдэх тэмдэглэл". Харамсалтай нь, монгол орчуулга хараахан байхгүй учир зохиолын нэрийг өөрийнхөөрөө ийнхүү буулгав. Сэй Шёонагон энэ тэмдэглэлдээ байгаль дэлхий, жилийн дөрвөн улирал, ордоны амьдрал, мода загвар, сэтгэл хөдлөл, баяр хөөр, эгдүүцэл дургүйцэл гээд юм юмны тухай тун эвлэгхэн бичиж үлдээсэн төдийгүй, Япон улсыг төлөөлөх уран зохиолын нэгэн төрлийг үндэслэсэн гэж болно.

Хальт харахад бүсгүй хүний өдрийн тэмдэглэл мэт боловч үйл явдлын дараалал тун чөлөөтэй, урд хойноо орсон тул өдрийн тэмдэглэл гэж арай боломгүй. Бичсэн төрөл жанрыг нь эрхэм уран зохиол судлаачид хожим хойно "зүйхицү"(随筆)буюу үгчилж орчуулбал "бийрээ дагаад" гэж нэрлэсэн агаад Шёонагоныг энэхүү төрлийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Зүйхицү бол зохиогч санаанд орсоноо тэр чигээр нь, чөлөөтэй цаасанд буулгахыг хэлнэ. Толгойдоо "бодож бясалгаж гашилгасан" бус, тухайн мөчид бичмээр санагдсанаа ямар нэгэн дотоод цензургүй, сэтгэлийн хөдөлгөөнөө даган тэр чигээр нь бичнэ. Тиймээс гар биш бийр түрүүлж хөдлөх мэт байдгаас "бийрээ дагаад" гэж нэрлэсэн болов уу.

Сэй Шёнагоны тэмдэглэлд хатан хааны ордоны амьдрал нэлээд том хэсгийг эзэлнэ. Тэрээр өдөр тутмын жижиг сажиг явдлаас гадна баяр ёслолын үйл ажиллагаа гээд Хэйан үеийн ордоны амьдралыг нүдэнд буухаар "кино үзэж байгаа мэт" дүрсэлнэ. Гэхдээ ордон дахь амьдралын нарийн ширийнийг дүрслэхийг гол болгоогүй нь уншсан хэн бүхэнд ойлгомжтой. Учир нь Сэй Шёонагон аливаа үйл явдал биш тэдгээрийн төрүүлсэн сэтгэгдэлд гол анхаарлаа хандуулна. Бүсгүйн анхаарлыг энгийн юм татах агаад өөрийн гэсэн онцгой нүдний шил зүүсэн мэт жирийн биднээс арай ондоо байдлаар орчноо харж ажиглана. Зарим тэмдэглэлийн нэрийг иш татвал: “Хоорондоо үл таарах зүйл”, “Гуниг төрүүлэх зүйл”, “Инээд төрүүлэх зүйл”, “Сонсоход хэцүү зүйл” гэх мэт санаанд оромгүй, сонин ажиглалт маш олон. Ер нь тун сэргэлэн, шогч, шулуун зантай, ажигч гярхай бүсгүй байсан гэж бодогдоно.

"Дэрний дэргэдэх тэмдэглэл"-ийг хэдхэн үгээр тодорхойбол байгалийн дүрслэл, сэтгэл хөдлөл, түмэн юмсын төрүүлсэн сэтгэгдэл гэж болно. Харин нэг үгээр тодорхойл гэвэл би БЛОГ гэж хэлнэ (гайхамшигтай тул өөрийн эрхгүй том үсгээр бичмээр болох). Сэй Шёонагоны тэмдэглэл өнөө үеийн бидний амтархан унших & бичих дуртай блог гээч зүйлийг өөрийн эрхгүй санагдуулна. Мянган жилийн тэртээ амьдарч байсан маш авьястай бүсгүйн уран сайхан блог. Бүсгүй 21-р зуунд амьдарч байсан бол дэрнийхээ дэргэд бийр бариад биш дэлгэцний өмнө товчлуур балбаад сууж байхсан болов уу.

Сэй Шёонагон хатан хаанаас сайн чанарын цаасан дэвтэр бэлгэнд аваад тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн түүхтэй. Өөрийн эрхгүй бийр барин үг үсэг эвлүүлж суумаар санагдах сайхан цагаан цаас. Санаандгүй авсан бэлэг дэлхийн уран зохиолын өв санг ийнхүү баяжуулжээ.

2009/11/09

Мөрөөдөл



Налж суусан нарс модноос асуув:
 - Та нар юуг хүсэж, юун төлөө оршдог вэ?
 Хөгшин нарс салхиар дамжуулан шивнэв:
 - Бид тэнгэр өөд тэмүүлж, дэлхий ээжийн холын оддод ойртох мөрөөдлийг биелүүлж явна.

2009/11/08

Далийв

 Хэрвээ би жил байсан бол, би илүү сартай жил байх байсан

 Хэрвээ улирал бол намрын эхэн
 Хэрвээ сар бол есөн сарын дунд
 Хэрвээ гариг бол хагас сайны орой
 Хэрвээ өдөр бол үүрийн гэгээ

 Хэрвээ хот бол үлгэрийн хотхон
 Хэрвээ гудамж бол захын замын уулзвар
 Хэрвээ барилга бол алсыг харагч
 Хэрвээ үүд бол цоожгүй хөх хаалга

 Хэрвээ мод бол голын бургас
 Хэрвээ жимс бол ногоон алим
 Хэрвээ жимсгэнэ бол улаан чацаргана
 Хэрвээ өвс бол агь таана

 Хэрвээ цаг агаар бол намуун бороо,
 заримдаа гэхдээ Катарина хуй салхи
 Халуун хүйтэн гэвэл жаргах нарны илч
 Дулаан бүлээн гэвэл дөнгөж бүрэлдсэн тараг

 Хэрвээ уянга бол амар хуурын эгшиг
 Хэрвээ дуу бол уулын цууриа
 Хэрвээ чимээ бол шөнийн аниргүй
 Хэрвээ шивнээ бол тэрийг хэлэхгүй

 Хэрвээ амт бол гашуун шоколад
 Хэрвээ шингэн бол хайлсан цас
 Үнэр гэвэл аргалын утаа,
 заримдаа гэхдээ борооны чийг

 Хэрвээ унаа бол ногоон галт тэрэг
 Хэрвээ өнгө бол шаргал saffron
 Хэрвээ цэцэг бол хаврын яргуй
 Хэрвээ хувцас бол хуучин дан дээл

Үнэр танар учиртай

Ноднин Москва явахдаа анх метронд суусан өдрөө мартамгүй. Хүнд хаалга түлхэн ортол өөдөөс нэг л дасал болсон үнэр сэнхийв... Бүр өөртөө итгэмгүй бөөн гайхал болж хэсэгтээ метроны үнэр үнэрлэж зогсов. Өөрийгөө Москвагийн метроны үнэр цээжилчихсэн явна гэж ёстой санаа ч үгүй байж. Тэгтэл метронд оронгуут “Хүлээгээрэй, байзаарай, энэ чинь метроны үнэр байна... мөн байна... хэвээрээ байна... багад ямар байсан яг тэр хэвээрээ байна !” гээд тэрүүхэндээ хөөрхөн баярлав :)  

Эрдэмтэд хүний ойг “харааны ой”, “дууны ой”, “үнэрийн ой” гэж ялгадаг ба эдгээр дундаас хүний үнэрийн ой хамгийн эртний, хамгийн “араатан амьтны” шинжтэй бөгөөд хамгийн хүчтэй гэсэн нийтлэл саяхан нэг сэтгүүлээс олж уншаад өөрийн эрхгүй үнээээээн, яах аргагүй үнэээээн гэж толгой дохив.

Толгой дохингоо Японд таван жил болоод нутаг буцсан австрали найзынхаа яриаг санав. Найз маань “Эхнэр бид хоёр жилдээ нэг, хоёр удаа заавал харьж байсан, гэрийхэнтэйгээ байнга холбоотой байсан. Найз нөхөд олон, ажил хичээл сайн, олон газраар явж аялаад Японд бид яах аргагүй сайхан байсан. Тиймээс огтхон ч нутгаа санаж сүйд болоогүй. Зарим хүмүүс homesick болж гэрээ санаж гиюүрдгийг “онолын” хувьд л ойлгож мэдэх төдий. Гэхдээ нэг удаа Ёкохамагийн австрали цэргийн шарил очиж үзсэн юм. Тэгсэн тэр цэцэрлэг нэг л сайхан санагдаж, тэнд байгаад баймаар санагдаад… тэгээд эргэн тойрноо сайн ажтал шарилын дагуу эвкалипт мод тарьсан байсан. Бид хоёр эвкалиптын үнэрээр нутгаа санаж, гэр орон ээж ааваа ихэд санаснаа тэгэж анх мэдсэн” гэж ярьж байв.

Бас нэг найз бүсгүй нэгэн газар урд сууж байсан залуугийн сүрчигний үнэрээр эксээ санаад, тэр хоёрын мартагдсан дууль нь эхлэл, өрнөл, төгсгөл бүхэнтэйгээ нүднийх нь өмнө гэрлийн хурдтай өнгөрч тэнд юу хийж яах гэж ирснээ мэдэх сөхөөгүй болчихсон байсан гэж ярихыг сонсоод сүрчигний үнэрээр ингэж байвал цамцыг нь үнэрлэвэл бүр ч хэцүү юм болох нээ гэж бодож сууснаа санав.

Хэрвээ хүнд орон гэрийнх нь ч юмуу, ажлын газар сургууль ч юмуу, өдөр бүр барьдаг цүнх ч юмуу дасал болсон газар, юмтай нь адил төстэй боловч жаахан ондоо зураг үзүүлэхэд ихэнхи хүмүүс бүр айхтар сайн нягталж харахгүй л юм бол ялгааг нь мэддэггүй, ихэнхдээ "мөн байна" гэж толгой дохидог гэсэн. Харин дасал болсон үнэртэй нь үл ялиг ондоо юм үнэртүүлэхэд шууд л биш байна гэж толгой сэгсэрдэг ажээ.

Тймээс монгол хүний үрээ үнэрлэж, аргалын утаа адуу малын чимээгээ санадаг нь тун учиртай... Нээрээн, бяцхан дүү маань гэрээсээ анх холдож гадаадад сурахаар яваад хагас жил болж байсан нэгэн орой хичээлээ тараад харьтал ээж аав хоёр бөөн уярал болчихсон зэрэгцэн сууж байна. Учрыг асуутал дүүгээс ээж аавын цамц явуул, гэрээ санаад байна, орой унтахаараа үнэрлээд дэрлээд унтана гэсэн захиа ирсэн байж :)

2009/11/06

Зурагт, дүү, дайн, NHK

2008/12/09

Монголд япон хэл сурч байхдаа зурагтны удирдлагын төлөө дайн дажин гээчийг гөө мөн уйгагүй явуулдаг байж. Байлдааны халуунд нөгөө дордын дорд үзэж долоон үгээр муу хэлж долоовор хуруугаа гозойлгон байж шүүмжилдэг ану, хятад нараас дутахааргүй муухай арга хэрэглэнэ. Ялалт байгуулсан үедээ NHK чөлөөтэй үзэх эрх эдлэх бөгөөд чадаж буй юманд арга үгүй гэсэн байртай дэвэн дэлхийг эзэлсэн мэт бардам ихэмсэг загнана. Ялагдсан үедээ үгүй шүү хө, эцсээ хүртэл үзнэ гээд гэрийн ажил хийх амлалт, чихэр печени мэтийн хээл хахууль, яагаад би үзэж болдоггүй юм гэсэн “япон хэл сурч буй хүний эрхийн ” тухай гал дөл болсон илтгэл, хамгийн сүүлдээ удирдлага нуух зэрэг арга заль, айлгалт сүрдүүлгийг эрээ цээргүй хослон хэрэглэнэ. Нэг муу нэвтрүүлэг зурагт үзэхийн төлөө хөөрхий муу дүүгээ хичнээн ч удаа нус нулимсын заагт хүргэсэн юм бол бүү мэд.

Одоо тэгсэн японд нэг хэсэг сурчихсан, нэг хэсэг ажиллачихсан... тэр үеийн тэр их сурах тэмүүлэл, дайн дажин хийх хүч энерги хаашаа замхран одсоныг бүү мэд. Одоо гэрт тоомоос том bilingual зурагт байх ч түгээр зөвхөн NHK л гарна. Фүжи, Ниттэрэ болон бусад бүх суваг “ноу шүү” дээ гээд элэг доог хийж буй мэт эрэлзэж жирэлзэхээс өөр юмгүй. NHK, BS болж байхад бусад сувал яагаад болохгүй байна... сэжигтэй санагдаж байрны жижүүрээс асуухад зүв зүгээр байна хуучин антенаа л солих хэрэгтэй гэсэн. Тэрийг нь авахын тулд гэрээс гарч дэлгүүр яваад, түрийвч гарган худалдаж аваад, богоонд сууж гэртээ ирээд, гэрэл асааж өөрөөндөө ороод, уут савнаас урж гаргаад хуучин антенаа сугалж хаяад... зэрэгн антэн солихтой холбоотой хамаг ажиллагааг бодохоор бүр залхуу хүрэм. Тиймээс эрэлзэж жирэлзэх нь дээвэр дээр сүрэг олон муур амьдардагийнх, shooganai ... гэж бодохоор шийдсэн хэхэ

Тэгээд ч зурагт үзэх онцын сонирхол оюутан ахуй үеийнхээс хамаагүй буурсан болохоор надад NHK-ийн нэг суваг, BS-ийн хоёрхон суваг гардаг одоогийн байдал илүүднэ гэхээс дутахгүй. Ажлын газрын хүүхнүүдийн geinojin news, сүүлийн үеийн драма, хэн хэнтэй суусан, хэн хэнээс салсан мэтийн ярианд оролцох боломжгүй нь хэрэггүй юмаар тархиа дарамтлахгүй, бас дэлдэн хоёр чих минь амраад сайхан.

Гагцхүү хааяа хааяа, зөвхөн NHK үзэх боломжтой өнөөгийн байдлаа бодохоор “хүссэн юм хүзүү орооно” гэдэг үг санаанд орж монголд байгаа муу дүү минь муухай их бодогдоно.

2009/11/04

Дуунд мөнхөрсөн хотууд


Хотуудын тухай "Москва слезам не верит", "Улаанбаатрын үдэш", "NY state of mind" гээд тоолж баршгүй олон сайхан дуу бий. Гэхдээ өнөөдөр дунд сургуулийн хичээл биш, дэлхийн газрын зураг биш, дуунаас анх нэрийг нь сонссон сонин содон хотуудын тухай 5 дуу танилцуулъя. Газар дээр ийм хот байдгийг дуунаас анх мэдэж, хэзээ нэгэн цагт өөрийн нүдээр харах юмсан гэж бодож яваа мөрөөдлийн хотууд.

Мандалай (Мянмар)

   

Мянмагийн энэ эртний хотын тухай “Best of Robbie” листэд бас явж байгаа. Ялангуяаа тэр бам бам бам бааам бам гэдэг хэсэг нь гоё. Хэзээ нэгэн цагт очих хувь тохиолдвол энэ дууг сонсонгоо явна аа...

  Robbie Williams "Road to Mandalay"

  Everything I touched was golden
  Everything I loved got broken
  On the Road to Mandalay
  Every mistake I've ever made
  Has been rehashed and then replayed
  As I got lost along the way

  

Scarborough (Англи)


   
Англи ардын дуу. 1253 онд Генрих III хааны зарлигаар Scarborough хотод эхэлсэн ярмарк худалдаа жилд нэг удаа нэг сар явагддаг байж. 400 орчим жил үргэлжилсэн энэ ярмарк 1788 онд хаагдсан ч хүмүүс одоо хэр Scarborough fair-г санах бөгөөд жил бүр дундад зууны хувцас өмсөж тэмдэглэдэг гэнэ.

Бодоод байхнээ, хүмүүс дээр үеэс зах зээлийн газар юм худалдаж авах далимаар уулзаж болздог байж. Жишээ нь, энэ дууны монгол хувилбар нь: 

  Улаан бууртай тэмээгээр ирнэ гэсэн чинь яалаа даа
  Улаан хүрэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа

Гэхдээ ийм газар эхэлсэн дурлал үл бүтэх жамтай байж магад. Энэ дуу ч тийм нэгэн хайрын тухай дуу. Мөн бие биедээ машид ихээр тунирхаж гомдсон хоёрын дуу. Учир нь бүрэн эхээрээ Scarborough Fair нь харилцаа дуу бөгөөд залуу:

  Tell her to make me a cambric shirt,
  Parsley, sage, rosemary, and thyme;
  Without any seam or needlework,
  Then she shall be a true love of mine.

гэж дуулахад бүсгүй:

  Tell him to buy me an acre of land,
  Parsley, sage, rosemary, and thyme;
  Between the salt water and the sea sand,
  Then he shall be a true lover of mine.

гэж хариулна. Гүй нээрээ, яаж туньж гомдож хатуурхахаараа нэг нь "оёдолгүй, зүү утасны ор мөргүй цамц оёх"-ыг нэхэж, нөгөөх нь "давст далайн ус, эргийн элсний хооронд акр газар авч өгөх"-ийг шаардаж, тэгж чадах аваас "чи миний жинхэнэ амраг" гэж байх вэ? Манайхан ардын дууны үгийг урт, богино гэлтгүй их андуурч эндүүрдэг. Англи ч ялгаагүй юм санж. Учир нь цамц оёх тухай хэсгийг энэ бүсгүй "tell him to make me a cambric shirt" гэж эндүүрч байна, гэхдээ л гоё дуулжээ:

  Англи ардын дуу "Scarborough Fair"

  Are you going to Scarborough Fair
  Parsley, sage, rosemary and thyme
  Remember me to one who lives there
  He once was a true love of mine

  

Marrakesh (Морокко)

   
Мороккогийн хоёр хот дуунд мөнхөрсөн.
Нэг нь хүн бүхний мэдэх Casablanca, нөгөө нь миний хүсэх Marrakesh.

  Goombay Dance Band "Marrakesh"

  Marrakesh, come to Marrakesh
  to the city of gold near the sky
  Marrakesh, come to Marrakesh
  where the troubles of life drift on by

  Where is my home, where is my land? (way down in Africa)
  Where is my love, where are my friends? (way down in Africa)

  Marrakesh, come to Marrakesh
  says my heart when I feel all alone.
  Marrakesh, come to Marrakesh
  you will find peace of mind in Marrakesh

Тимбукту (Мали)

   

Секрет хамтлагийн хөөрхөн дуу. Багадаа тэр "алс холын Тимбухту боомт" хаана байдгийм бол гэж баахан бодож билээ. "Тэнд Сара Барабу амьдардаг" гэхээр орос хүнээс арай ондоо, шар толгойтой цэнхэр нүдтэй гадаад хүн төсөөлнө. "Тэнд абрикос, банан, сармагчин байдаг" гэхээр Африк тив бодогдоно. Бас тэр "муу" гэж мөөрдөг үхрээс гадна байнга "муу" гэж үглээд байдаг Марабу нь юу юм бол, тоть юм болов уу... гээд л хүүхдийн толгойг хөөрхөн эргүүлсэн дуу байж билээ.

Бүүр сүүлд Тимбухту биш Тимбукту гэдэг хот Африкийн Мали улсад байдгийг мэдэв. Толгой эргүүлсэн дууны үг нь Норвегийн хүүхдийн зохиолч Синкэн Хоппын нэгэн алиа шүлгийн орос орчуулга болохыг мэдэв. Зохиолч бүсгүй газар зүйн мэдлэг ноль гэдгийг ч давхар мэдэв. Учир нь Тимбукту хот юуун тэр далай, боомт... элсэн Сахара цөлд байж байгаам чинь.

Тимбукту хот цагийн сайханд худалдаа наймааг цэцэглүүлэн мандаж, Сахарагийн сувд хэмээн нэрлэгдэж байсан ч одоо бол хүний хөл тасарсан жижигхэн хот болжээ. Google гайхлаас мэдсэн бяцхан тривиа буюу хэнд ч хэрэггүй мэдлэг: "Have you ever heard about Timbuktu? If you are Donald Duck lovers, this will sound familiar to you. It is a name of a city where Donald wants to escape everytime he has a problem" гэнэ... hehe

P.S. Надад одоо ч ТимбуКту биш ТимбуХту гэж сонсогдох юм... Сонсгол минь багынхаас бараг өөрчлөгдөөгүй бололтой.

  Секрет хамтлаг "Сара Барабу"

  В далекой бухте Тимбукту
  Есть дом у Сары Барабу.
  Сара Барабу, Сара Барабу,
  У нее корова Му.

  А в Тимбукту везде растут кокосы,
  Орехи, ананасы, абрикосы.
  Над ними вьются бабочки и осы,
  Жуют бананы обезьяны в бухте Тимбукту.


Шахрисабз


Узбекистан улсын Шахрисабз хот. 2700 жилийн түүхтэй гэж бодохоор нэг л ер бусын, эерэг энергитэй газар байх болов уу гэж таадаг юм. Доголон Төмөр хааны төрсөн нутаг, түүний эцэг, хөвгүүдийг хөдөөлүүлсэн хот гэдгээрээ алдартай юм билээ. Мөн төв нь Юнэскогийн дэлхийн өвд бүртгэгдсэн учир үзэж сонирхох юмтай л хот. Нэгэн өдөр нисээд очно оо.

  Ялла хамтлаг "Шахрисабз"

  
 

2009/11/03

Япон компани, монгол бүсгүй, орос залуу

2008/03/15

Өнөөдөр ажил дээр Москва оффисээс түр хугацаагаар ирсэн орос залуутай танилцаж ярилцав. Намайг анх хараад л аягүй монголжуу гэж бодсон гэнэ. Учир нь Монголд гурван удаа, тус бур 3 долоо хоног аялж байсан гэнэ. Монгол сайхан, байгаль сайхан, хүмүүс сайхан гээд өдрийн цайны цагаар нутгаар минь явсан тухайгаа ярьж хүүрнэв.

Ярианаас нь санаанд үлдснийг сийрүүлвээс:
  • Говьд эзгүй хээр газраар явж байгаад санаандгүй нэгэн хийд олж очив. Байшин барилгын ул мөр энд тэнд харагдах тул эртний томоохон сүм хийдийн ул суурь бололтой. Сэргээж барьсан жижиг модон хийдэд улаан нөмрөгтэй зургаан лам ном уншиж байлаа. Намайг дайлж цайлаад сүйд болов. Орой харин унтаж амар гээд өөрсдөө лааны гэрэлд улаан бэхээр судар ном бичиж эхлэв. Хааяа нэг шөнийн аниргүйд шувууд дуугарана, лааны гэрэлд улаан нөмрөгтэй лам нар сууна, тооноор одод харагдана, харь гариг дээр байгаа ч юм шиг, үлгэрт орсон ч юм шиг... ямар сонин, ямар сайхан байсан гэж санана. Маргааш нь лам нар бүрээ үлээж ном уншиж эхлэв. Сүрэн чи төсөөл дөө, эргэн тойронд хэн ч байхгүй, жижигхэн сүмд лам нар ном уншина, тэдний дууг би ганцаараа сонсон сууна... үнэн бодит гэдгийг мэдрэхийн тулд өөрийгөө нэг чимхээд авсан шүү.
  • Нэг удаа Хөвсгөлийн ууланд ганцаараа явж байгаад баавгайтай таарав. Аз болж би биш, баавгай турүүлж зугтаав. Хөвсгөл далайн ус ямар цэвэр, ямар тунгалаг гэж бодно! Би Иран, Казахстан, Оман, Иемэн, Пакистан, Афганистан, Норвеги… олон л газраар явсан, харин тийм тунгалаг ус амьдралдаа анх удаа Монголд үзсэн. Одоогийн Байгаль нуур бол Хөвгөлийн хаана нь ч хүрэхгүй, энд тэнд эрэг дагуу элдэв бусын үйлдвэр комбинат барьчихсан учраас.
  • Ховдод жижиг жим дагаад явж байсан чинь гол тулаад тасарчхав. Нөгөө эрэг рүү хартал жим цааш үргэлжилж байна. Газрын зургаа хартал “брод” (гарам) гэсэн бичиг байна. Тэгээд яахав, гутлаа тайлаад гартаа нэг урт мод бариад гаталж эхлэв. "Брод" учир ус сайндаа л өвдөг татах байх гэж бодсон чинь бүсэлхий хүрч байна. Голын дунд орчим гэнэт цээж шүргэж эхлэв. Уулын гол болохоор урсгал хурдан, жаахан л тэнцвэрээ алдвал авч явчих гээд байсан. Ганцаар явсныг хэлэх үү, айсан гэж жигтэйхэн. Арайхийж нөгөө эрэг дээр гарахад хамаг бие чичрээд, шүд мүд тачигнаад... Би “брод” гэдгийг сүүлд ойлгосон, тэр чинь над шиг явган биш морьтон монголчуудын “брод”! Явган биш моритой гатлах ёстой гарам байж дээ.
  • Хөдөөний хүмүүсийн эрүүл чийргийг гайхсан шүү. Жимс ногоо бараг идэхгүй учир Европын ухаанаар яаж ч бодсон “витаминоз” буюу төрөл бүрийн витамины дутагдалд орж турь муутай байх ёстой атал ямар сайхан хөрслөг чийрэг хүмүүс вэ. Шүдээ сүйдтэй угааж харагдаагүй атлаа ямар гоё, цагаан, том, зурайсан сайхан шүдтэй вэ. Би найзтайгаа тувт хүмүүсийн шуд харж гайхаж явсан. Бас хүүхнүүд! Кровь с молоком! Хоёр гурван хүүхэд төрүүлсэн гэхэд ямар сайхан чадалтай бяртай, хурдан хөдөөлгөөнтэй гэж санана! Сэргэлэн нүдтэй, авхаалж самбаатай атлаа амгалан тайван царайтай. Мне бы такую! (Нэг ч хүүхэд гаргаагүй атлаа үргэлж нойр дутуу & ажил ихтэй байна, ядарч байна гэж үе үе үглэдэг Сүрэн ихэд ичив).
  • Ховдод нэгэн орой хээр хонож байсан хүмүүстэй таарч тэдэнтэй хамт хонохоор болов. Тэр их сонин газар байсан, би тэр болтол устай газар гэхээр гол, цөөрөм, нуур, худаг, булаг л байдаг гэж бодож байлаа. Харин тэр газар их сонин, хэсэг газар тэр чигээрээ 3 см орчим усан бүрхүүлтэй, доороо өвс ургамалтай. Гэхдээ намагтай, намгархуу газар бол биш, мөн ойр орчим гол, цөөрөм, булаг ус харагдаагүй. Орой хүмүүс морьдоо тэнд тавьж идээшлүүлэхэд аниргүйн дунд зөвхөн морьдын усан дундаас ногоо зулгаах шов шов гэсэн зөөлөн дуу сонсдож байлаа.
Гарам жим хүртэл заасан ямар газрын зураг авч явсныг асуутал социализмын үеийн геологич нарын хэрэглэж байсан 500 мэтрийн нарийвчлалтай зураг гэсэн. Бас хоёр дахь удаагаа Монгол явахаасаа өмнө Москва хотын Рэрихийн музей орж, музейн ажилтнаас эртний Монголын газрын зураг гуйж байгаад хуучин сүм хийд байсан газруудыг өөрийнхөө газрын зураг дээр тэмдэглэж аваад явсан, Рэрихийн тэмдэглэл нэлээд уншсан гэж байлаа.

Монголоор явахад хэцүү ч юм уу, эвгүй санагдсан юм байв уу гэж асуухад тийм юм огт байгаагүй, замын машинд согтуу хөлчүү залуучууд суухад л тиймэрхүү байсан, бусдаар бол хэцүүдсэн юм огтхон ч байгаагүй. Гэхдээ инээдтэй хөгжилтлэй юм бол зөндөө тохиолдсон гэнэ: "Хөдөөний нэгэн буудал дээр богоон ирэхэд хүмүүс уралдаж, түлхэлдэж, байлдаан болж сууцгаасан. Харин 20 минутын дараа богоон хагас хоосон чигээрээ тэндээ зогсож л байсан... Нээрээ монгол бабушка нарын чадлыг гайхсан шүү, жулдрай залуучуудыг бол зүгээр нэг түлхээд л түрүүлж орж байгаам чинь".

Гэх мэт Денис залуу Монголын тухай дурсамжаа хараамгүй хуваалцаж хууч хөөрөв. Хорвоо гэдэг жаахан юм, арлын Японд ажлын оффист ийм орос хүнтэй таарч танилцана гэж санаа ч үгүй явлаа.

"Монголд хүний гар хүрээгүй, аж үйлдвэрээр бохирдоогүй, онгон байгалиараа байгаа газар тун олон. Модоо тайраад энд тэнд гадныхантайгаа хамтраад үйлдвэр босгоод эхэлбэл ямар харамсалтай вэ. Үүнд л очих бүрд сэтгэл зовж эмзэглэх юм. Монголын өвөрмөц бүхэн байгальтайгаа хамт алдагдчих вий гэж айх юм" хэмээг хамгийн сүүлд хэлсэн үг нь хамгийн тод сэтгэлд үлджээ.

2009/11/01

Николай Доризо "Дурсамж"

 Николай Доризо "Воспоминания"
 Из сборника "Звенья"

 
 Вкладывайте деньги в воспоминания,
 Вкладывайте деньги в чудеса.

 Помню, летел я к тебе на свидание
 Из Ростова в Москву лишь два часа.
 Это пришло, как прозренье к поэтам.
 Вмиг отмахнулся от тысячи дел.
 Я еще утром не думал об этом,
 А в полдень к тебе скорым рейсом летел.

 - Напрасная трата денег, - друзья говорили,-
 Студентик, купил бы уж лучше себе костюм выходной.-
 Но сколько за все эти годы костюмов они износили,
 Воспоминаниям нету износа.
 Они и доныне со мной.
 Влюбленный,
 Счастливый,
 Я вырвался в небо из будней.
 Достал до тебя я заоблачным сильным крылом.
 В любви
 Чем ведешь ты себя безрассудней,
 Тем памятней это с годами, потом.

 И я повторяю как заклинанье:
 Нет, не в сберкассу идите,
 Свои сбереженья неся, -
 Вкладывайте деньги в воспоминания,
 Вкладывайте деньги в чудеса!

    Орчуулга: Булдруу

    Дурсамж жаргалын төлөө мөнгөө үр хүмүүс ээ,
    Дуулим гайхамшгийн төлөө бүү харамла хөрөнгөө.

    Охин чамтайгаа уулзахаар Москва руу
    Ростов хотоос хоёр цаг нисэж байснаа санам би.
    Ядуухан амьдралынхаа зовлон зүдгүүрээс салж,
    Яруу найрагчийн онгод орох шиг баярласан билээ.
    Өглөөхөн би энэ тухай бодож байгаагүй ч
    Өдөр нь чамтайгаа уулзаад инээн зогсож билээ.
    Оюутан минь, чи энэ мөнгөөрөө
    Олигтойхон хувцас авбал дээргүй юү гэж хүмүүс хэлж байсан
    Олон хувцас элээж үзлээ би,
    Олоод харчхаар дурсамж ер алга аа.
    Хайрт чамтайгаа уулзсан тэр мөч
    Харин одоо ч хүртэл миний санаанд байна.
    Аз жаргалдаа автсан би гэдэг амьтан,
    Алаг хорвоог мартсан байлаа хөөрхий.
    Хайр дурлалынхаа төлөө галзууран буцалж явсан өдрүүд чинь
    Хамгийн сайхан дурсамж болж үлдэнэ.

    Эд хөрөнгө хураах гэж бүү яар хүмүүс ээ
    Энэ орчлонгийн утга өөр юманд байна.
    Дурсамж жаргалын төлөө бүгдийг нь үр,
    Дурлаж хайрлахын төлөө цөмийг нь зориул!