Showing posts with label Үг гэдэг учиртай. Show all posts
Showing posts with label Үг гэдэг учиртай. Show all posts

2020/11/23

“Хос хэлний сурган хүмүүжил” гэж юу вэ?

  

   Өвөр монгол зохиолч Түмэн-Өлзийгийн Хятадын "Хос хэлний сурган хүмүүжил"-ийн тухай бичсэн нийтлэлийг найз А.Дайрийжавтай хамт кирилл үсэг рүү хөрвүүлж буулгав. Хятад хэлний боловсролыг эртнээс хэрхэн яаж тулгаж байсан тухай, “Хос хэлний сурган хүмүүжил” гэгч юу болох тухай, өвөрлөгч түмэнд нүүрлэж буй аюулын тухай нэгийг уншиж нөгөөг тунгаана гэж найдна. Монгол бичгээр бичсэн эхийг эндээс, япон орчуулгыг эндээс уншина уу. 

“Хос хэлний сурган хүмүүжил” гэж юу вэ?

Б.Түмэн-Өлзий 

Нэг: “Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар

“Хос хэлний сурган хүмүүжил”, “Хос хэлний заан сургалт”, “Хос хэлээр хичээллэх” мэтээр нэрлэж байгаа зүйл бол 教育 гэх хятад нэрийн орчуулга юм. Энэ хятад нэр нь “bilingual education” гэсэн англи нэрийн орчуулга бөгөөд хоёр хэлээр боловсрол хүртэх гэсэн утгатай. Өрнө дахины боловсролын системд хоёр хэлээр зэрэг хичээл заах тохиолдол байдаг. Хоёрдугаар хэлний орчин байхгүй нөхцөлд тухайн хэлийг цэвэр, сайн сургахын тулд зарим хичээлийг хоёрдугаар хэлээр заадаг онцгой үзэгдэл болохоос биш, түгээмэл зүйл огт биш юм. Ийм сургалт нь юуны түрүүнд сурагч, аав ээж нарын хүсэлт, сайн дурд суурилдаг. Засаг төрөөс албадан тохируулдаггүй. Нэг л сургуульд, нэг л ангид хэсэг хүүхэд хоёр хэлээр, өөр хэсэг нь зөвхөн эх хэлээрээ хичээллэж болдог. Сургууль хоёр хэлээр боловсрол олгох загварыг хэрэгжүүлэх явцад сурагчийн дургүй хүрвэл дундаас нь больж, эх хэлээрээ хичээллэхийг өлгөн авч болно.

Гэвч хятадуудын монголчуудад тулгасаар ирсэн “Хос хэлний сурган хүмүүжил” гэгч нь тэс өөр зүйл – эхлээд монгол, хятад хоёр хэлээр хичээллэж байгаад удалгүй монголоор хичээллэхийг хасаж, зөвхөн хятад хэлээр хичээллэх, өөрөөр хэлбэл хичээллэх хэлийг солих явцыг заасан нэр юм. Хэрэв тийм зорилт агуулаагүй бол хичээллэх хэлийг хоёр болгож будлиантуулах ямар ч шаардлагагүй. Өвөр Монголд хятад хэлний орчин алга гэвэл инээд хүрэм биш үү.

“Хос хэлний сурган хүмүүжил”-ийн мөн чанар нь монгол хэлийг боловсролын системд хорионд оруулж, улмаар монголчуудыг түргэн уусгах гэсэн колонийн инженерчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй нэг чухал төсөл юм. Эргэн санахад, хятад хэлээр хичээллэхийг тулгах гэсэн аль ч удаагийн үймээний үед монгол багш сурагч, аав ээж нараас санал авсан явдал огт үгүй.

Бидэнд эх хэлээрээ хичээллэх эрх ч үгүй юм бол манай “Өөртөө засах эрх мэдэл” гэж чухам юу вэ?

 Хоёр: Хятадын төлөвлөсөн гурван алхам

 Хятадын засаг Өвөр Монголын боловсролын системд гурван алхмаар явахыг санаархаж байх нь ойлгомжтой боллоо. Нэгдүгээр алхам – хятад хэл сургана. Хоёрдугаар алхам – хятадаар хичээллүүлнэ. Гуравдугаар алхам – монгол сургуулиудыг тараана. Иймэрхүү гурван алхмын томъёо зөвхөн Хятад–Өвөр Монголд биш, колонийн орнуудад түгээмэл явагддаг байж мэднэ.

Одоо яг хоёрдугаар алхамд явж байна. Гэхдээ энэ алхамд сүүлийн хоёр жил сая л орж байгаа биш, аль хэзээнээс хөл тавьсан юм. Хоёрдугаар алхам биелчихвэл гуравдугаар алхам тун амархан болно. “Адилхан сурах бичгийг адилхан хэлээр заахаас хойш монгол сургууль гэж тусад нь байлгах нь үндэстний нягтралд ашиггүй” гээд шууд хааж орхино. Хоёрдугаар алхам биелсэн нөхцөлд гуравдугаар алхмаар явах эсэх нь монголчуудын хувьд ач холбогдол багатай болно. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар алхам нь монголчууд бидний хувьд эцсийн алхам гэсэн үг юм.

 Гурав: Бидний мэдэх 5 удаагийн оролдлого

 Хятадаар хичээллэх оролдлого хэзээнээс эхэлсэн бэ? Хэдэн удаа болж байгаа вэ? Тодорхой хэлж чадах хүн бараг үгүй. Нэг юм бол тодорхой. Хятадаар хичээллэх оролдлогыг хятадууд энэ хоёр жилээс л эхлүүлж байгаа юм биш. Аль эрт 1978 онд монгол, хятад дунд сургуулийг салгаж, тус тусад нь эрхлэх болсон цагаас гар дүрж эхэлсэн бололтой. Өвөр Монголын боловсролын үйлсийн сод зүтгэлтэн, Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимын дэд дарга агсан Лунганжав гуай аль эрт 1986 онд “Өвөр Монголд 1 удаа биш, 3-4 удаа хятадаар хичээллэнэ гэж оролдсон” гэж тэмдэглэсэн байдаг (*1). Энэ бол бүх Өвөр Монголын хэмжээнд, төрийн бодлогын төвшинд оролдсоныг зааж хэлсэн үг юм. Монголоор хичээллэхийг хатуу баримталсан Лунган гуайг маханд орсон өргөс гэж үзсэн колонийн засаг 1983 онд өөрчлөн байгуулалт гэдэг нэрээр Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо хэмээх өтгөсийн хуралд цөлж, сул иргэн болгосон билээ.

1992 онд хятадаар хичээллэх явуулга ахин дэгдэхэд миний бие Өвөр Монголын Сурган Хүмүүжлийн Танхимд сэтгүүлчээр ажиллаж байлаа. Тэр үеийн Үндэстний Сурган Хүмүүжлийн Газрын дарга Улаантуг, танхимын дарга Баян нар хятадаар боловсрол хүртсэн байсан бөгөөд хятадаар хичээллэхийг идэвхтэй хөөрөгдөгчид байсан юм. Өвөр Монголд монгол хүний язгуур эрх ашгийг хөндсөн ял нүглийг үйлдэхэд хятадууд үргэлж араас жолоо барьж, өмнө нь хэдэн монголчууд бүжин дэвдэг. Үүний тод жишээ бол 1967–1969 оны ӨМӨЗО-ы Хувьсгалын Зөвлөл хийгээд Улаанбагана (*2), За, Э (*3) зэрэг монголчуудын хэрэг юм. Ийм жүжиг энэ хоёр жилийн монгол хэлийг халж хятадаар хичээллэхийг санаархсан үймээн шуугиан дунд бас л давтагдаж байна.

1992 оны үймээнд нэг онцлог хэрэг гарсан болно. “Хорчины хэсэг багш нараас” илгээсэн заалдах захидал Жян Зэминий ширээнд хүрчээ. Жян “Өвөр Монголын Намын Хороо, Засгийн Ордон шийдвэрлэнэ үү” гэсэн цохолт хийснийг Өвөр Монголын Намын хороо Сурган Хүмүүжлийн Танхимд (*4) дамжуулав. Танхимын бүх кадрын хурал хийж, тэр заалдах бичгийг уншиж сонсгоход олны өмнөөс харж суусан Баяны царай шороо болсон байв. Хятадын улс төрийн соёлд, хаан эзэн ямар ч санал бичилгүй шууд доорх яам, түшмэд рүү түлхлээ гэдэг нь уг хэргийг сайшаан дэмжсэнгүй гэсэн ойлголт юм. Энэ нь Өвөр Монголын колонийн засаг, тэдний цөөн хэдэн монгол нохдын хятадаар хичээллэхийг баримтлах итгэлийг нэг үе сааруулсан бололтой. Гэвч тэдний тэр удаагийн санаархал эцэстээ ялагдсан нь Жянгийн цохолтоос биш, өмнөх дөрвөн удаагийн адил нийт монголчуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан учир сүйрсэн юм.

Хятадаар хичээллэх гэсэн оролдлого Өвөр Монголын хэмжээнд 5 удаа болсноос (зөвхөн миний бүртгэл) гадна аймаг хошуудад орон нутгийн чанартай оролдлого ч цөөнгүй гарч байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Дөрөв: Тойрч гарах уу, туулж гарах уу?

Энэ удаагийн хятадаар хичээллэх үймээн хэдэн сар үргэлжилсэн боловч Хятадын засгаас гаргасан албан бичиг харагдсангүйд монголчуудын дунд болон олон улсын нийгэмд үнэн худлын эргэлзээ төрж байна. Миний санахад ийм албан бичиг аль ч удаад байгаагүй юм. Яагаад гэвэл ийм албан бичиг буулгах нь дэндүү улайм цайм олон улсын болон өөрийн улсын хуулийг зөрчсөн хэрэг болох тул Хятадын Засгийн газар улаан тамгаа дарж монголчууд болон олон улсын нийгэмд сүүлээ бариулах юм хийхгүй. Нөгөө талаар, Хятадын төр засгийн зүгээс одоо болтол ямар ч тодруулга хийхгүй байгаа нь хамгийн сайн нотлол юм.

Үймээн дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл Өвөр Монголын хэлний эрдэмтэд өгүүлэл бичиж хүн эх хэлээрээ боловсрол хүртэхийн давуу тал, монгол хүн монголоороо сураад чадвартан болсон жишээнүүд, монгол хэлний боловсролын систем бүрэн төгөлдөр болсон зэргийг жагсааж, хятадуудыг амгуулах аясаар бид монголоор хичээллэсэн ч хятад хэлийг чинь сайн сурч чадна, монголоор хичээллэхийг зогсоовол намын төрийн бодлогод осолдоно, Хятад улсын хөгжилд харшилна, Ши даргын шинэ загварыг зөрчинө гэж хүртэл бичсэн харагдана.

Дургүйцсэн үг нэг ч хэлэхгүйгээр дургүй гэсэн санаагаа илтгэх нь Өвөр Монголд “тэмцэл”-ийн хэлбэр болж тогтжээ. Тойруулж хэлнэ гэсэн л үг. “Манай улсын нийгэм журмын үеийн (*5) утга зохиол урлагийн хувьд маш өндөр төвшинд хүрсэн, яагаад гэвэл төр засгийг шууд шүүмжилж болохгүй тул тойруулж хэлэх гэж маш их ур ухаанаа шавхдаг байжээ” гэж Монгол улсын зохиолч надад хуучилсан билээ. Уран зохиолын хүрээнд нээрэн тийм байж магадгүй, гэвч нэг үндэстний бичиг хэлээ хэрэглэх эрхийн төлөө тэмцэхэд тойруулаад байвал юунд ч хүрч чадахгүй. Тойрч гарахгүй, туулж гарна гэж үг байдаг, бидэнд өнөө яг ийм сонголт нүүрлээд байна. Монголоор хичээллэх эрхээ авч үлдэж чадах эсэх нь бидний сонголтоос шалтгаална.

2011 оныг эргэн санахад илүүдэхгүй болов уу. Нэг монгол хүнийг дайрч алсны төлөө хэдэн мянган монголчууд гудамжинд гарч, хэд хэдэн хошуу хотод эсэргүүцлийн цуглаан гаргасны хүчээр яргачин Ли Лин Дүнийг 27 хоногт цаазлуулж, Өвөр Монголын захирагч Хү Цүнь Хуа монгол дунд сургуулийн богино саравчаар шургаж сурагчидтай “хэлэлцээ” хийжээ. Засгийн газар бэлчээр эвдэж, ардыг хохироож байсныг тодорхой төвшинд яллаж цэгцэлсэн юм.

Хятадын хүчний байгууллагын хатуу хяналтад байгаа эх оронч Хад гуай ойрд интернетээр “Өвөр Монголын сурган хүмүүжлийн танхимыг шүүхэд өгөх” сануулгыг дурджээ. Хууль цаазыг ашиглах нь монголоор сурах эрхээ авч үлдэх зөв арга замуудын нэг мөн.

Хилийн гаднах монголчууд өөр өөрийн боломжоор эсэргүүцэл тэмцэл хийж байна: олон улсын нийгэмд мэдээлэх, том гүрнээр Хятадын Засгийн газарт дарамт үзүүлэх, гарын үсэг цуглуулах гэх мэт. Гэвч эцсийн эцэст эх хэлээр хичээллэх эрхээ монголчууд авч үлдэж чадах уу үгүй юу гэдэг нь эх орондоо байх монголчуудаас, монголчууд ямар тэмцлийн арга хэлбэрийг сонгохоос л шалтгаална.

2020.08.06.


  1. “Монгол хэл бичиг” сэтгүүл, 1986, 9 дугаар
  2. Улаанбагана (1946–2006): 1960-аад онд ӨМӨЗО-ы Зохиолчдын Эвлэлийн даргаар ажиллаж байсан зохиолч. Хятадын засаг Өвөр Монголын Ардын Намын хэргээр монголчуудыг үй олноор хоморголон устгах үед худал гэрч зохион монголчуудаа хэлмэгдүүлж, Хятадын гар хөл болж байв. Хожим Өвөр Монголын Ардын Намын хэргийг цагаатгах үед Хятадын Засгийн газар бүх хариуцлагыг Улаанбаганад түлхэн 15 жилийн ял эдлүүлж, харин уг хядлагын ерөнхий командлагч генерал Тэн Хайчин (滕海清) ямар ч ял, хариуцлага эс хүлээсэн төдийгүй эсрэгээр зэрэг хэргэм дэвшсэн байдаг.
  3. За, Э – Соёлын хувьсгалын үед монголчуудыг хэлмэгдүүлэхэд оролцсон этгээдүүд боловч хэрэгт татагдаагүй учир нэрcийг үл дурдав.
  4. Сурган хүмүүжлийн танхим – Өвөр Монголын боловсролын яамтай дүйцэх байгууллага
  5. нийгэм журмын үе – социализмын үе

2015/04/17

Мэнгли




Миний хамгийн дуртай яруу найрагчдын нэг нь Махтумкули. Аавын оуютан байхдаа авсан Махтумкулигийн шүлгийн түүвэр дунд сургуульд байхад "минийх" болсон санагдана... гэдэг нь миний бодол. Учир нь санаандгүй нэг ярианаас эгч бас "тоочиглосон" байсныг мэдсэн юм... кк. Тэгээд яахав дээ, "Махтумкули минийх, яагаад гэвэл би илүү дуртай", "Үгүй, үгүй, та биш би илүү дуртай", "Танд яахав Ремаркийг өгье", "Авахгүй юмуу? Аан, за тэгвэл Ремарк минийх. Бас Цвейг", "Аан? Үгүй, үгүй, ёстой тэгж ярихгүй", "Орос "Догшин жаран" минийх шүү", "Бас Түдэв гуайн "Нүүдэл суудал" романы орос орчуулга минийх" гээд ширүүхэн яриа өрнүүлж байснаа гэнэт хоёулаа аавынхаа гэрээс гараагүй байж хэдэн номыг нь хувааж авах тухай маргаж буйгаа ойлгож, баахан ичиж, ажилдаа явсан ааваасаа зовж, ярианы сэдэв уул нь "дуртай ном" байсныг бантсандаа хоёр биедээ батлахыг хичээж... Мөн болоогүй ээ, дүү бас энэ ярианд оролцох эрхтэй билүү... гэж :) Sorry, далийчихлаа. Махтумкулийг ярьж байсан шдээ.

Ингэхэд зохиолч, хот хоёрын хамгийн сайхан учрал гэвэл би О.Хэнри, Нью-Йорк хоёрыг нэрлэнэ. Зохиолч & хүүхэд гэвэл яриан байхгүй Л.Кэролл & Элис. Яруу найрагч & бүсгүй гэвэл Данте & Бэатричэ, Пушкин & Керн гээд зөндөө зөндөө, тэдний нэг нь Махтумкули & Мэнгли. Харин хоёр яруу найрагчийн учрал гэвэл миний хувьд Махтумкули, Тарковский хоёроос дээр гарах нь үгүй. Туркмен хэл мэдэхгүй учир Махтумкулийн яруу найргийг орос хэлээр, Тарковскийн орчуулгаар л сэтгэлдээ шингээсэн дээ. Дундад Азийн түүх, соёл, уран зохиолыг сонирхох болсон минь ч энэ хүнээс эхтэй.

Ингэхэд, гоо бүсгүй шалгаруулах янзан бүрийн тэмцээн "Монголын мисс", "Дэлхийн мисс", "Хорвоогийн (сэрүүднээ) мисс" гэх нэртэй байдаг даа. Үнэндээ инээдтэй санагддаг, ялангуяа монголоор "мисс" гэж бичих нь. Ийм тэмцээний мөн чанар бус зүгээр нэрнийх нь тухай ярихад, Туркменд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг Махтумкулийн насан туршдаа хайрлаж, тоймгүй олон шүлэг найргаа зориулсан бүсгүйн нэрээр "Мэнгли" гэж нэрлэдэг нь арай л учиртай агаад уянгатай. Махтумкулигийн Мэнглид зориулсан шүлгүүд гэдэг... ямар сайндаа хожмын нэгэн яруу найрагч "Хайр дурлалын яруу найраг арвин их ургацаа ганц Махтумкулид өглөө, түүнээс хойш хоосон талбай самнаж, энд энд тэнд унасан ширхэг буудай түүх л бидэнд үлдээд байна" гэж байх вэ дээ. Гэхдээ тэр тансаг сайхан шүлгүүд сэтгэлийн асар их энэлэл шаналлаас үүдэн төрсөн байж мэдэх юм. Махтумкули шүлгийнхээ ард "Фраги" гэж нэрээ тэрлэж байсан нь "хагацсан" гэх утгатай. Хайртай Мэнглигээсээ хагацсан, хоёр ах нь дайснуудад олзлогдож амиа алдсан, хоёр хүүгээ алдсан, өөрөө эх нутгаасаа хол олон жилийг олзонд өнгөрүүлсэн...

Ингэхэд, "ингэхэд ингэхэд" гэж байгаад зогсоо зайгүй хөврүүлэх шинжтэй. Уул нь өнөөдөр.. "Мэнгли" гэдэг нэр бүсгүйн жинхэнэ нэр биш Махтумкулийн өгсөн нэр, туркмен хэлээр "мэнгэ" гэсэн утгатайг мэдэж баярласнаа л бичиж гэж байлаа. Монгол хэлний "мэнгэ"-тэй бас ижил төстэй байгааз. Миний баярлах зүйлээ гэж.

Жич: Коммент бичсэн буянтны ачаар "Мэнгли" гэдэг нь "мэнгэт" буюу "мэнгэтэй" гэсэн утгатай үг болохыг мэдэв. Ийнхүү Мэнглигийн мэнгэний тухай Махтумкулигийн бичсэн нэгэн шүлэг улам утгатай, улам яруу болов. 

2011/05/17

"Рашёомон" өгүүллэг - нэрний учир



Акүтагава Рюүноскэ япон үлгэр домог болон эртний уран зохиолоос санаа авч бичсэн зохиол олонтой. Жишээ нь "Рашёомон" өгүүллэг нь Хэйан үеийн (794-1185/1192) сүүл хэсэгт зохиогдсон Японы эртний уран зохиолын дээжис "Конжякү моногатари" буюу "Эрт эдүүгээгийн цоморлиг"-ийн 29-р ботийн 18-р өгүүллэгээс санаа авч бичсэн зохиол юм. Конжякүгийн эл өгүүллэг Акүтагавагийн зохиолтой нэр бөгөөд үйл явдлын хувьд төстэй: Хэйанкёо буюу одоогийн Кёото хотын гол хаалга дээр нэгэн барлаг эр үхдэл хүүрийн үс зулгааж буй эмгэнтэй тааралдна. Харин Акүтагава энэ зохиолын нэрийг тэр чигээр нь зээлдэж авахдаа нэгэн бяцхан өөрчлөлт оруулсан нь монгол хэл рүү орчуулах аргагүй бөгөөд гагцхүү ханз үсэг сурсан хүмүүст л ойлгогдоно.

Эрт эдүгээгийн цоморлигийн эл өгүүллэгийг японоор 羅城門 гэж бичнэ. 羅城 (ражёо) гэдэг нь дээр үеийн хот цайзыг тойруулж барьсан хэрэм хаашааг хэлэх бөгөөд 門 (мон) гэдэг нь “хаалга” гэсэн утгатай ханз юм. Нийлээд 羅城門 (ражёомон) гэдэг нь хот уруу орох гол хаалга гэсэн утгаатай болно (дээрхи зураг бол Кёотогийн урлагийн музейд хадгалагдаж буй Ражёомон хаалганы загвар). Харин Акүтагавагийн өгүүллэгийн япон нэр нь 羅生門 буюу "Рашёомон" тул зохиолч голын ханзыг өөрчилсөн нь илэрхий. Ингээд асуулт...

Акүтагава ямар учраас 羅門 нэрийг 羅門 болгож өөрчлөв?

Айхтар асуулт мэт боловч зохиолыг уншсан бөгөөд ханз мэддэг хэн ч амархан хариулж дөнгөх байх. “生” гэдэг нь “төрөх”, “амьдрах” гэсэн утгатай ханз. Зохиолын баатар бузар булай, муу муухайгаас жигшин зэвүүцэх ч эцэстээ муу замын мөр хөөнө. Амьдралын эрхээр хүн юу ч хийж магад, эмгэн шиг бузар булай үйлийн хүчинд амьд явах хүн ч байна. Үхэх үү сэхэх үү, өлсөх үү хулгай хийх үү... энэ бүхний цаана хүний амьдрах хүсэл, амьд явах хүслэн байгааг Акүтагава ийнхүү ханз өөрчилж харуулсан болов уу.

2010/09/15

Будаа, яг шдээ, хөгжилтэй шдээ

Сүүлийн арван тав орчим жилд шинээр гарсан бөгөөд гандан буурахгүй хэрэглэгдэж буй хэллэг (нэг хоёр жилийн настай богино амьтайг нь оруулаагүй):

  будаа болох
  шавар болох
  чика
  айлын хүүхэд айхтар
  хулхи
  хулхин дээр цэцэг ургуулах
  яг шдээ
  ноу шүүдээ
  хүнд гар
  илүү, илүүц
  тоож дуугарахгүй
  ~ж харагдаач
  саак
  бурзайх
  баагий
  ярьдаг морь
  шал сонин санагдчихлаа
  бусдаараа бууз хуушуур
  галзуугийн шүрэн толгой
  чи шүү, чиний дараа би шүү
  тасархай, тасарчихсан
  гуриа
  бундантах, бундан наах
  чулуу болох
  ориг
  жул
  новшрох
  хошигруулах
  цайлган амьтан
  лайтай
  хөгжилтэй
  сумтай
  майр
  ... наасан


Энэ жил мэдсэн хоёр үг:
  ох реали
  эрвээхэй эрвээхэй ♪

Сургуульд сурч байхад "будаа болох" гарч бултаараа хэрэглэж эхлэхэд ээж аав гайхаж энэ күүкдүүд юу гэнэ вэ гээд... гэтэл одоо ээж аав байтугай эмээ өвөө хүртэл хэлж байгаам биш үү. Дараа нь "шавар хаах" гараад, дараа нь "яг шдээ" гараад яггүй олон жил хэрэглэгдэж байнаа.

Гурав, дөрвөн жилийн өмнө нэг дүү маань мангар залууг мангар гэж хэлдэггүймаа, "хөгжилтэй залуу" гэж хэлнэ, бүр мангар бол "их хөгжилтэй" гэхэд болно хэмээн сургаж билээ. Ай, тэр их үнэтэй сургааль байсан шүү. Түүнээс хойш Япон орон "хөгжилтэй" гэхээр тэс көндлөн юм бодогдоостой.

Аа тий, сүүлийн хоёр үг их зэвүүнээ... хэг ёгийг нь тааруулж хэлдэг хүн бас зэвүүнээ...
Чи шүү, сайн уу?

2010/07/28

Мобикомтой хамт?

2010 03/26 00:11 

Өнөөдөр "долоон жил Мобикомтой хамт байгаад баярлалаа" гэсэн мэс авав...
Балар эрт хагас жил ажиллаж, бантан хутгаж явсныгаа "хамт байсан"-д эс тооцвол өнөөдрийг хүртэл Мобикомтой "хамт байснаа" огт мэдээгүй явж. "Thank you for being with us" гэдгийн махчилсан орчуулга юм байх даа... кк.

Хүмүүст мобикомын энэ мэс сонин санагдаж байна уу? Аль эсвэл зах зээлийн эдийн засагт шилжээд хориод жил хойш урагшаа савлаж буй Монгол орны орчин цагийн хэллэг гэж үзэх нь зүйд нийцэх үү? Уул нь ч хүнийг модон хэлтэй, махчилсан орчуулгатай гэж шүүмжлэх зэргийн хэлгүйгээ мэднэ л дээ...

Зүгээр л "Долоон жил мобикомыг хэрэглэж байгаад тань баярлалаа" гэсэн бол арай илүү чихэнд наалдаж, ахиад долоон жил хэрэглэе гэж бодох ч байсим билүү...

2010/04/27

Орон гаран

Одоогийн хүүхдүүд миний багынхаас тэс ондоогоор ярих нь хөөрхөн. Дүүгийн пацаан "лооль угааж идье, ээж лооль хаана байна" гэхийг сонсоод монгол хэлнээс "помидор" гарсныг мэдэж баярлав. Нэгэн өдөр "бороо орох гэж байна, шүхэр хаана байна " гэсээр ороод ирэхэд нь "зонтик" гэдэг эгч энүүхэндээ жаахан ичив. Хэл яриа нь үнэн хөөрхөн болжээ гэж баярлавч үе үе "Oh my God", "really " мэтийн юм хэлж эмээ, өвөө хоёроо гайшралд оруулчихна. Гарсны хажуугаар ордог нь энэ дэлхийн гэж далийгаад ч яахав, ер нь бол хэл ярианы жам юмуу даа

Хүн болгон хэлж бичиж хэрэглэснээр монгол хэлний үгсийн санд "бат бэх байр суурьтай" байсан боловч арван жилийн дотор асар хурдтай ард олны хэрэглэглээнээс гарсан үгс (миний болон вимо түмний саналаар):

  колбаса (галвса) - хиам
  район - дүүрэг
  температур - хэм
  телевизор - зурагт
  стол (остоол) - ширээ
  помидор - лооль
  зонтик - шүхэр
  мороженое (маруужин) - зайрмаг
  соус - сүмс
  сосиски - зайдас
  тень - халаагч
  тумбочка (түмбүүшк) - шүүгээ, шургуулга
  зажигалка (жажигалк) - асаагуур
  лимонад (лимнаад) - ундаа
  лимон - нимбэг
  яавлаг - алим
  сервант, стенка (стээнк) - хананы тавилга
  диван - буйдан
  стакан - шилэн аяга 

Хэлсээр байгаа ч бичихээ больсон үгс:

  торт - бялуу
  платье (палааж) - даашинз
  туфли - өндөр өсгийт, шаахай
  
Өөр юу билээ ?

Бас зарим үг орос байснаа шууд англи үгээр солигдсон: сок - жүүс, пока - бай.
Монгол хэлэнд орсон гадаад үгний "favorite"-ийг шалгаруулбал "раажав", ражаатар" хоёрыг нэрлэнэ. Жинхэнэ монгол дуудлагатай гоё үгнүүд :)

P.S. "Рашаан", "Раднаа" гэж бичих дүрэмтэй учир "раажав", "ражаатар" гэж бичих үү? Эсвэл дүрмээрээ "радио", "радиатор" гэж бичээд "араажав", "аржаатар" гэж дуудах уу?

2010/04/17

Бал мэдэх нь баавгай...

Бага ангид орос хэлний хичээл дээр багш үгний үндэс олуулах дасгал хийлгэхэд үнэн дуртай байж билээ. Бусдаас түрүүлж хийгээд онц дүн авах ай мөн кайфтай яа. Бусад хичээл дээр онц авахаас ч илүү кайфтай, учир нь багш онц тавихдаа орос хүүхдүүдэд "Та нар ичээч, Сүрэн та нараас илүү орос хэл мэдэж байна" гэж заавал хэлнэ. Одоо бодоход ангийн хүүхдүүдэд "Та нар орос юм байж орос хэлээ сайн сурсангүй" гэж загнуулах ядаргаатай, дарамттай л байсан байх... Гэхдээ дандаа тэгж онц аваад байхгүй л дээ, ангидаа хоёр өрсөлдөгчтэй, тэр хоёроос түрүүлэхийн тулд түмэн зүйл болно. Ингэхэд юу ярих гэж байлаа, сэдвээсээ хальчихсан бага ангийн баатарлаг туульсаа ярьчихсан сууж байна шдээ.

Үгний үндэс олох дасгалд дурладаг нь үгэн далайд умбаж, өөртөө бяцхан нээлт хийдэгт байлаа. Жишээ нь, "баавгай" буюу "медведь" гэдэг үг "мед" (зөгийн бал) болон "ведает" (мэдэх) гэсэн хоёр үгнээс бүрддэгийг мэдээд бөөн баяр. Винни-Пух тийм болоод л зөгийн баланд дуртай юм байна, баавгай зөгийн бал хаана байдгийг мэддэг юм байна гээд л хөөрөөд явчихна. Үгний цаана нэг л сонин ертөнц нуугдаж байх шиг... оньсого мэт бүгдийг нь тайлмаар санагдана. Энэ бүхэн зөвхөн бага ангид биш дунд, ахлах ангид ч анхаарал татдаг байлаа.

Мөн зариим үгний нууцыг нэлээд хожуу мэдсэн түүхтэй. Жишээ нь, орос хэлний "горизонт" (тэнгэрийн хаяа) гэдэг үг англи "horizon", герман "horizont"-тэй төстэй тул баруунаас зээлдсэн нь илт. Тэгээд л сонин санагдана. Машин техник, шинжлэх ухаантай холбоотой үг орос хэлэнд баруунаас орж ирсэн нь ойлгомжтой – хаант орос хамжлагат ёсоо халж амжаагүй байхад Англид аль хэдийнээ хөрөнгөтний хувьсгал гарчихсан байсан юм чинь. Гэхдээ "небосвод" гэдэг үг байхад "тэнгэрийн хаяа" байхгүй нь хачирхалтай юмдаа гээд... Харин нэлээд хойно украйн хэлэнд "небокрай" (тэнгэр+зах) гэдэг оносон сайхан үг байдгийг мэдэж, орос хэл уугуул олон үгээ үгүй хийснийг давхар ойлгож билээ. Ер нь ахуйн хэрэглээний, жинхэнэ слав үгнүүд орос биш украйн хэлэнд илүү хадгалагдсан байдаг.

Үг хэлэнд тухайн ард түмний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл нуугдсан байдгийг үгүйсгэх хүн үгүй болов уу. Зарим хүмүүс зөвхөн хятад, япон ханз үсэг л утгатай юм шиг ярьдаг ч тийм биш юм. Юу ч гэсэн эхний ээлжинд орос хэлний сонин жишээ:

  любовь - люди Бога ведают
  человек - чело (разум) + век = вечно развивающийся разум
  совесть - со-весть → совместная весть
  благодарить - благо дарить
  смиренный - с миром в душе
  спасибо - Спаси Бог

  сочувствие - со-чувствие → совместное чувствование
  доверие - до веры
  уверенность - у веры
  страдание - страда (урожай)

2010/04/12

Горький & цагаан толгой

Бага ангийн сурагч байхдаа Горькийн хүүхэд ахуй насаа дурсан бичсэн "Детство" тууж уншаад нэгэн зүйлд ихэд гайхаж байснаа санадаг юм. Горький өвөөгөөрөө цагаан толгой заалгахдаа бид нар шиг "А, Б, В, Г" биш "Аз, Веди, Буки, Глаголь" гэж үсгээ цээжилнэ. Энэ тухай багшаасаа асуухад "Дээр үед тэгж цээжилдэг байв" л гэсэн. Дутуу дулимаг хариулт тул жаахан дургүй хүрч "Дээр үед тэгж цээжилдэг байсныг энэ номноос мэдлээ, мэдчихээд багш танаас яагаад гэдгийг асууж байна" гэмээр санагдсан ч хүүхэд байхын л даруухан Сүрэн хэлэн дээр гарсан үгээ хэлэлгүй өнгөрсөн юм.

Дээр үед орос цагаан толгойн бүх үсэг өөрийн гэсэн нэртэй байсныг, бүх үсгийн нэрс нийлээд нэлээд гүнзгий утгатай болохыг бүүр сүүлд мэдэж билээ. Жишээ нь "А, Б, В, Г, Д ,Е Ж" гэсэн эхний хэдэн үсгийн нэрс нь "Аз, Буки, Веди, Глаголь, Добро, Есть, Живете" болно.

Утга нь гэвэл:
   Аз – я (би)
   Буки – Бог (бурхан)
   Веди – ведать, знать (мэдэх)
   Глаголь – делать, творить (хийх, үйлдэх; тиймээс үйл үгийг оросоор “глагол” гэдэг)
   Добро - сайн үйл, сайн сайхан
   Есть - оршихуй, буй
   Живете - амьдрал

Энэ бүхнийг нийлүүлээд тун чөлөөт байдлаар орчуулбал:
   "Я, Бог ведаю, (что) творить добро есть жизнь"
                  ↓
   Сайн үйл үйлдэх нь амьдрал мөн (амьдралын зүйд нийцнэ) гэж Бурхан би мэдэж (айлдаж) байна.

Орос цагаан толгой ийм сургаалиар эхлээд цааш задалбал слав үндэстний үнэт сургааль, сонирхолтой түүх болж хувирна. Зарим орос эрдэмтэд цагаан толгойгоо тайрч тасалж багасгасаар байгаад бид энэ их мэдлэг, нарийн нандин соёлын өвөө алдлаа гэж ихэд гасална. Та нараас болж уйгаржин бичгээ алдаад бид бас юугаа алдсан бол гэж бодохоор...

P.S. Дээр үед "Аз, Буки, Веди, Глаголь, Добро" гэж цагаан толгой зааж байхад 10 хүүхдийн 3 эсвэл 4 нь л уншиж сурдаг байв. Тиймээс заах аргачлалаа өөрчилсөн нь зөв л дөө.

2010/04/03

Хавар: муур & гөлөг


  

    
  
Урин дулаан цаг ирж удахгүй мод гөлөглөнө... гэснээс гө-лөг-лөнө... гө-лөг... хм... 
Хар багаасаа л хавар болохоор боддог байлаа, яагаад модны навч соёолон цухуйхыг "гөлөглөх" гэж хэлдэг юм бол гэж. Гөлгөнд учир байна уу, навчинд учир байна уу, утгагүй зүйл ухаж боддог урагшгүй толгойнд учир байна уу… толгойн учир ч гэхдээ яах вэ.

Саяхан франц хэлний "chaton" гэдэг үг "муужгай"-аас гадна "модны гөлөг, навчны соёо" гэсэн утгатайг мэдээд мууртлаа гүүгэлдэж, мушгиртлаа толь бичиг харан байж дараах зүйлийг илрүүлэв:

 ・франц хэл: chaton – муурын зулзага, модны гөлөг, соёо
 ・армян хэл: katu – муур, katvik – модны гөлөг, соёо
 ・герман хэл: Kätzchen – муурыг зулзага, муужгай, модны соёо, гөлөг
 ・финлянд хэл: kissa – муур, уд модны соёо
 ・англи: catkin – нэгэн төрөл модны гөлөг

Одоо ази тив рүү анхаарлаа хандуулбал:

 ・киргиз хэл: күчүк – нохойн гөлөг, мод ургамлын соёо
 ・монгол хэл: гөлөг – 1) нохойн гөлөг 2) соёолон цухуйсан навч;
 ・төвд хэл: khyi’u – нохойн гөлөг, цэцгийн соёо

Ммм... дүгнэвэл, навчны соёог Европын нэлээд олон хэлэнд "муур"-тай утга ижил үгээр хэлдэг юм байна. Харин Ази тивд бол миний л мэдэхийн гурван хэлэнд "нохойн гөлөг"-тэй адил үгээр хэлж байна. Тэгэхээр мууранд ерөнхийдөө дургүй нь дан ганц монголчууд биш байх нээ... кк. Гэхдээ гол сэдвээс далийгаад яахав.

Ингэхэд яагаад "муурын зулзага", "гөлөг" гэсэн үгээр хэлдэг юм болааааааа гэж жаал бодож жартайснаа дээрхи зураг хараад "муурын" утгыг хальт ойлгох шиг болов. Европод элбэг ургах нигүрс модны гөлөг зөв зөөлөн, илээд л баймаар зөөлхөн, өнгө нь ч мууранд элбэг тохиолдох саарал өнгө. Тийм болоод л манайхан "гөлөглөх" гэж байхад тэд нар "муужгайлах" гэж хэлдэг болов уу?

Гөлгийн учрыг харин бодоод бодоод олсонгүй, бор тархиа гашилахын наахан give up болов.

2010/02/18

Салхины нүд

Өнөө үед англи хэл сурч буй хэн нэгнээс "Яагаад англи хэл сурч байна?" гэж асуух хүн үгүй. Харин япон хэлний хувьд хэрэг өөр. Юун төлөө япон хэл сурсан, японы уран зохиол, урлагийг яагаад сонирхох болсныг асууж сонирхох хүн олон. Би ч ялгаагүй монгол, солонгос, hebrew зэрэг дэлхийн нийтийн хэрэгцээ биш minor хэл сурч буй танилуудаасаа юун тухайд өөрөөлд мөнгө төлж, өөрийгөө зовоон байж сурч байгааг нь асууж шалгаана.

Хариултын хувьд тухайн улсын түүх соёл нь сонирхол татсан, аялж явахад аягүй таалагдсан, ахин дахин очмоор санагдсан гэж хариулах хүн олон. Мөн хэдий цөөн ч гэлээ "響きが好き", "just liked the sound" гэж хариулах хүн ч мэр сэр тааралдана. Ийнхүү хариулах хүмүүс "энэ хэлний ийм үгэнд дуртай", "тэр хэлний тийм үгэнд дуртай" гэж ярих нь элбэг. Араб хэл мэдэхгүй ч арабаар нарыг "shamsun" гэдэг гэсэн, гоё үг байгаа биз, итали хэлний энэ үг ийм гоё дуудлагатай, хиндү хэлний тэр үг тийм гоё дуудлагатай, нээрээ Сү-рэн гэдэг гоё нэр байна шүү гэх зэргийн яриатай. Ашиг хэрэгцээг тооцоох тархи толгойн дүгнэлт бус "сонсгол" нь ямарваа нэгэн хэлийг сурах эхлэл болдог сонин хүмүүс гэх үү дээ. Гэхдээ сайн бодсон чинь би ч мөн тэдгээр хүмүүсийн нэг бололтой... даанч сонирхлоо дагаад давраад давхиад явчих хөрөнгө мөнгө, зав чөлөө алга юм даа.

Anyway, өнөөдөр уул нь ондоо юмны тухай бичих гэж байтал бодол маань борооны чимээнээр далийчих шиг болов. Хүмүүс сурч буй хэлнийхээ ямар үгэнд дуртай, эсвэл "гоё" гэж боддог вэ? Надад орос хэлний "Ярославна" гэдэг үг яагаад ч юм таалагддаг. Уянгалаг атлаа хүчтэй, нэг л гоё, яруу, жинхэнэ слав үг шиг санагддаг. Англи хэл гэвэл хамгийн гоё нь хүн болгоны мэдэх эгэл жирийн "window". Энэ үгний дуудлага биш утганд нь дуртай. "Wind" ба "eye" гэсэн хоёр үгнээс бүрдэх тул угтаа бол "салхины нүд" ажээ.

Wind eye-ийн гарал үүсэл гэвэл, эртний скандинавуудаас эхтэй гэдэг. Дээр үед скандинавууд, нэн ялангуяа шүлэгч найрагч скальдууд юмыг шууд нэрлэхээс зайлсхийж, жишээ нь усан онгоцыг "далайн буга" гэж нэрлэж байж. Нэг бодлын манайхан чоныг "хээрийн нохой", "саарал нохой" гэж шууд хэлэхээс цээрлэж байсантай төстэй. Anyway, зүгээр нэг "цонх" биш "тэнгис далайг туулан ирсэн салхи саатан тогтож танай гэрийг шагайж харах нүд" гэвэл угааж арчихад хүртэл урамтай биш үү :)

2009/12/15

Нүдэнд тань хүүхэд... эсвэл хүүхэн


Хүүхэн харааг оросоор юу гэдэг бол?

Алдарт Далийн орос хэлний тайлбар толиноос харвал: "Зрачок, зорочок, зеница, зенко, глядельце, зеркальце, человечек в глазу, круглая прорешка среди радужной перепонки" гэж байна. Орчин үед "зрачок" гэх боловч Далийн толинд "человечек в глазу" буюу "нүдэн дэх бяцхан хүн" гэсэн үг байх нь өөрийн эрхгүй анхаарал татна. Яагаад гэвэл... яахав дээ, зүгээр л сонин учраас. Anyway, яриагаа цааш үргэлжлүүлбэл маш олон хэлэнд хүүхэн харааг "хүүхэд", "бяцхан хүн" гэсэн үгээр илэрхийлдэг юм байна:

англи: pupil – сурагч, хүүхэд, хүүхэн хараа
таджик: mardumak – бяцхан хүн, одой хүн, хүүхэн хараа
санскрит: kanīnaká – эрэгтэй хүүхэд, kanīnaka – хүүхэн хараа (энэ хоёр үгний зөвхөн өргөлт нь өөр)
лезгин хэл (Дагестан): нини – хүүхэлдэй, вилин нини – хүүхэн хараа
караим хэл: бэбэк – хүүхэлдэй, бэбэй – хүүхэн хараа
япон: 瞳 ханз "нүд" + "хүүхэд" гэсэн хоёр ханзнаас бүрдэнэ

Бас нэг сонирхолтой ажиглалт гэвэл нэлээд олон хэлэнд хүүхэн харааг "охин", "бүсгүй" гэсэн утгатай үгээр илэрхийлж байна:

эртний грек: κόρη – бүсгүй, хүүхэн хараа
латин: pupa – охин, хүүхэлдэй, pupilla – өнчин охин, хүүхэн хараа
итали: pupilla (дээрх латин үгнээс гаралтай бөгөөд англи хэлний pupil ч энэ үгнээс гаралтай)
португаль: menina – охин, menina do olhos – хүүхэн хараа
испани хэл: niña – охин, niña del ojo – хүүхэн хараа

Ингэхэд европ ямар ертөнцийн төв биш, уул далайг алхасвал:

сарыколь хэл (иран хэлний бүлэг; Шинжаан Уйгуур болон хил залгаа Пакистаны нутаг): γoc – бүсгүй, хүүхэн хараа
вах хэл (Памир хэлний бүлэг): rərčodə'k – охин, хүүхэн хараа
брахуи хэл (дравид хэлний бүлэг; Пакистан, Афганистан болон Ираны хил залгаа уулархаг нутаг): dutk – охин, хүүхэн хараа
малаялам (дравид хэлний бүлэг, Энэтхэгийн өмнөд хэсэг): kuṭṭi – хүүхэд, охин хүүхэд, зулзага, хүүхэн хараа

За, ер нь хол яваад хэрэггүй, монгол хэлэнд юу гэдэг билээ... Орос тольноос олж харсан "человечек в глазу", монгол хэлний "хүүхэн хараа" сонин санагдаад энэ бүхнийг уул нь судалсан юм шдээ. Гэхдээ миний судлах гэж юу байхав, хэл шинжлэлийн мэдлэг ноль, чаддаг ганц эрдэм нь гүүгэлдэх. Тиймээс дээр бичсэн бүхнийг миний судалгаа гэж андууруузай, эндүүрүүзэй. Жинхэнэ сураад судлаад, шинжлээд бичээд нийтэлсэн хүн нь энд байна: http://privetkavkaz.0bb.ru/viewtopic.php?id=1159

Гол нь яагаад ийм олон хэлэнд хүүхэн харааг "бяцхан хүн", "хүүхэд", "охин" , "хүүхэн" гэх үгээр хэлдэг юм болааааа гэж баахан бодов. Гэхдээ "хүүхэд" болон "бяцхан" гэж хэлдгийн учир тун энгийн байж магад. Хүний өөдөөс харж суухад хүүхэн хараанд нь өөрийн тань бяцхан дүр тусаж харагддаг даа... тэгээд л тэр байх. Simple! Дээрх нийтлэлийг бичсэн хүн ч тэгж боддог юм байна. Yes!

Харин яагаад охин болон бүсгүй гэсэн утгатай үгээр хэлдэг юм бол... гоо сайхан ертөнцийг аврана, бүсгүйчүүл хамгаас сайхан, хөөрхөн, хиргүй тунгалаг нүдтэй учраас ?! гэж бодоод өнөөдрийн тэмдэглэл бичив. Ямар азаар хүүхэн болж төрсим... кк