Хурим ба хувцаслалт (далийлт)
Би энгийн эсгүүртэй, хуучны кинонд гардаг шиг дээлэнд дуртай. Сүүлийн үед янз бүрийн загвартай, бие барьсан, галбир гаргасан дээл хийх болсонд ерөнхийдөө дургүй талдаа. Гадныхан ч china dress гэж андуураад байдаг нь ядаргаатай. Тэр болгонд нь "Хөөе, тийм биш ээ, үүх түүхийг нь яривал миний энэ дээл ч бай, хятадуудын биеэ барьсан china dress ч бай, аль алиных нь загварыг цэвэр монгол, эсвэл цэвэр хятад гэж хэлэх аргагүй. Хоёр зуун жилийн өмнө манжийн нөлөөгөөр одооны энэ загвар тогтсон байхгүй юу" гэж тайлбарлах болно. Даанч ийм тайлбар сонсоод ойлгох хүн ховор тул үргэлжлүүлж тайлбарлана.
"Манжийн ноёрхолд эхлээд Хятад, дараа нь Төвд, дараа нь Монгол орсон. Тэгээд манж нар бүгдийг нь хүчээр дээлнийхээ загварыг өөрчлөхийг шаардсан юм. Гэхдээ монголд лам нар одоо ч гэсэн хуучин загвартай монгол дээлээ өмсдөг. Гол ялгаа нь дээлний хэлбэр гэхээс, энгэрийн хэлбэрт оршино. Манж нар зөвхөн лам хүнд монгол энгэртэй дээл өмсөхийг зөвшөөрсөн тул манжид эзлэгдсэний дараа омог бардам олон эрчүүд манж энгэртэй дээл өмсөхгүй гээд лам болж байсан түүхтэй. Дээлний энгэр солиулна гэдэг хэний ноёрхолд байгаагаа байнга санаж явтугай гэсэн дарамт утгаас гадна, Монголд бурхны шашин улам дэлгэрүүлэх гэсэн давхар бодлого байсантай бас холбоотой.
Монголчууд гэхдээ зүгээр үг дуугүй дээлний энгэрээ солиогүй шүү, оронд нь эсэргүүцлээ илэрхийлж шинэ загварын малгай хийж өмсөх болсон юм. Тэр малгайн бараг оёос болгон Монголын эрх чөлөөг билэгдсэн нарийн учиртай (дээрх зураг). Харин дээлний энгэр яваандаа манж гэдэг нь мартагдаж, за бараг одоо үед малгайны учир ч мөн адил мартагдсан даа..." гээд яриад байвал дуусашгүй.
Даанч Монгол улс, монголын түүхийг сонирхдоггүй л юм бол энэ бүх тайлбарыг ойлгох хүн цөөн. Зарим нь, ялангуяа барууныхан манж гэхээр хятадтай хольж хутгаад ямар үндэстэн угсаатан болохыг ч мэдэхгүй. Суурин биш монгол, казах, киргиз нартай адил нүүдэлчин ард түмэн байсан гэхээр нүд нь орой дээрээ гарна, тайлбарлах гэж ядаргаа болно, гэхдээ л Сүрэн гандан буурахгүй тайлбарладаг юм..кк..
Энэ бичлэг & өмнөх тэмдэглэлийг Австралийн гэж арай л боломгүй. Гэхдээ яахав, Австрали явснаас үүдэн бичигдсэн тул энэ бүлэгт байж байг.
No comments:
Post a Comment