Showing posts with label Бусад орчуулга. Show all posts
Showing posts with label Бусад орчуулга. Show all posts

2024/09/01

Сагамхайн дайн

 

1944 онд тусгаар тогтнолоо олсон Исланд улс сагамхай загасны баялагтаа түшиглэн арлаа хөгжүүлэхийг зорихдоо Англитай “Сагамхайн дайн” (Cod Wars) хийсэн түүхтэй. 18 жил үргэлжилж, эцсийн дүндээ бяцхан Исландын ялсан дайны тухай олон ном, нийтлэл уншиж болох ч Юрій Гудименко юу болж  өнгөрсөнийг хошин аргаар базаж бичсэн нь ерөнхий байдлаар ойлгоход хамгийн дөхөм учир орчуулснаа сонирхуулъя (хараалын үг зайлшгүй хэрэглэсэн гэх тайлбарыг уншин тэр чигт нь буулгав). Монгол шиг жижиг улсад сургамжтай санагдана.

Юрій Гудименко “Сагамхайн дайн” (+18)
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)


Оролцогчид:

Британийн Эзэнт Гүрэн — хүн ам 51 сая, цөмийн зэвсэгт улс.
Исланд — хүн ам 300 мянга, зэвсэгт хүчингүй улс.
НАТО — цэрэг, улс төрийн эвсэл. Англи, Исланд зэрэг гишүүн оронтой.
Бусад улс — ЗХУ, ХБНГУ, АНУ болон бусад.

Нэгдүгээр бүлэг, 1958 он

Исланд: Надад сагамхай загас хэрэгтэй байна.
Бусад улс: Наад, хм, бичкэн арлынхаа эргэн тойронд 4 миль устай биз дээ, тэндээ барьж байхгүй юу.
Исланд: Надад үүнээс илүү сагамхай загас хэрэгтэй байна.
(Исланд арлынхаа эргэн тойрон дахь 12 миль бүсийг Исландын эзэмшил гэж зарлана)
Бусад улс (нэгэн зэрэг): Өө зөө, зөө!
Исланд: Сагамхай, сагамхай, сагамхайхан минь...
Британи: Хөш, чи...
Исланд: (засна) Та.
Британи: Хөш, та. Би наана чинь загас барьж байсан чигтээ барих болно. Ойлгов уу?
Исланд: Ална шүү.
Британи (шоконд): Юу гэнэ ээ?!
Исланд: Ална-а-а-а.
Британи: Би цөмийн зэвсэгтэй шүү.
Исланд: Намайг яг онож харагдаач.
Британи: Би тэнгисийн цэрэгтэй.
Исланд: Удахгүй усан цэргийнхээ тухай одоо цагт ярьж байснаа сайхнаар санагалзах болно.
Британи: Чиний хүн ам миний усан цэргийн тооноос бага шдэ!
Исланд: Зүгээр ээ. Сагамхай англи маханд сайн таргална аа.
Британи: Чи муу...
(Английн загасчид Исландын тэнгисийн бүсэд загасчилсан хэвээр байна)
Исланд: (бодлогошронгуй) Ална аа.
(Исландын эргийн хамгаалтынхан Англи онгоцуудыг хүрээлэн загасны торыг нь тайрна)
Британи (сүүтэй цайндаа хахаж цацан): Та нар чинь галзуураа юу!...
Исланд (сэтгэл хангалуун): Британи одоо л Исландыг “та”-лж байна уу даа.
Британи: Надад сагамхай хэрэгтэй!
Исланд: Үгүй ээ. Сагамхай загас Исланд бас Зөвлөлт Холбоот Улсад хэрэгтэй. Хөөе, Зөвлөлт Холбоот оо, жаахан загас авах уу?
ЗХУ (холоос): Загас аа? Авъя, авъя!
Британи: Сда.
(Англи загасчдаа гарган, Исландын 12 миль бүсийн онцгой эрхийг хүлээн зөвшөөрнө)

Хоёрдугаар бүлэг, 1972 он

Исланд: Надад сагамхай загас хэрэгтэй байна.
Британи: Дахиад уу?!
Исланд: Надад. Сагамхай. Хэрэгтэй.
(Исланд онцгой эрх нь арлын эргэн тойрон дахь 50 миль бүсийг хамарна гэж зарлана)
Бусад улс (нэгэн зэрэг): Чи галзуураа юу!
Исланд: (засна) Та.
Британи: Муу амьсгаа чинь, ёстой дургүй хүргэчихлээ.
Герман: Миний ч бас. Надад ч бас сагамхай хэрэгтэй байж мэднэ!
(Их Британи, Герман хоёр Исландын далайн бүсэд загасчлахаа үргэлжлүүлж тэнгисийн цэргийн онгоцоор загасчдаа хамгаална)
Исланд (бодлогошронгуй): Ална аа. Аль алийг нь.
(Исландын эргийн хамгаалалтынхан англи загасчдын агнуурын торыг таслахыг оролдсон боловч Британийн тэнгисийн цэргийн анхааруулах буудлагад өртөнө)
Исланд (тайвнаар): Би алдаггүй юм гэхэд бусад нь алаад өгнө... (утасны харилцуур авна) Байна уу, АНУ? Исланд ярьж байна. Биш ээ, Ирланд биш Исланд. Үгүй ээ, хоёр өөр улс. Ална шүү. Аан, танд хэлээгүй юм аа, хараахан. Манай энд танай цэргийн бааз байдаг, санаж байна уу? “Одоо хүртэл” гэж юу гэсэн үг юм? Ер нь тэгвэл байгааг чинь  байхгүй болгочихъё л доо. Энд биднийг дээрэлхэж байхад танай баазын хэрэг алга. Оронд нь ондоо, улаан бааз тавьчихъя. Баавгайтай бас товчлууртай. Бас оросуудтай. “Хэрэггүй” гэж юу гэсэн үг вэ? Аан, “асуудлыг шийдэх” юм уу? За ок, хурдан шийдээрэй. Чао (утсаа тавина).
ЗХУ: Намайг дуудсан уу?
Исланд: Үгүй, хий санагдсан байх.
ЗХУ: Сагамхай гэхдээ байна уу?
Исланд: Байхгүй. Живчихсэн.
ЗХУ: Харамсалтай яа.

АНУ: Хөөе, Исландын усан бүсэд байгаа хоёр оо!
Британи, Герман (нэгэн зэрэг): Юу гээв?
АНУ: Наанаасаа зайлцгаа, плз.
Британи: Гэхдээ сагамхай...
АНУ: Сагамхай цээж хорсгоно.
Британи: (цөхрөнгүй) Сда...
(Британи, Герман хоёр Исландын далайн бүсээс гарна)
Исланд: Дараагийн удаа алаад өгнө өө.

Гуравдугаар бүлэг, 1975 он

Исланд: Надад сагамхай хэрэгтэй байна.
Британи, Герман хоёр (эргэж харснаа шивнээгээр): Тонил цаашаа.
Исланд: Надад. Сагамхай. Хэрэгтэй.
(Исланд онцгой эрх нь одоо арлын эргэн тойрон дахь 200 миль бүсийг хамарна гэж зарлана)
Бусад улс: Исланд чи чинь... биш ээ, та чинь...
Исланд (дундаас нь таслан): Ална шүү.
Герман (тайвнаар): Алаад өгөх байх.
Британи: Жулдрайнууд аа, хараад сурцгаа.
(Британи Исландын далайн бүс дахь загасчдаа хамгаалахын тулд дахин тэнгисийн цэрэг оруулна)
Исланд (бодлогошронгуй): Би долоон онгоцтой. Британи зуугаад онгоцтой. (Алгаа үрэн) Бид викинг өвөг дээдэстээ агуу ялалтаар бэлэг барьна!
Герман (шивнээгээр): Исланд солиорчхож, мэдрэлийн эмч дуудаарай.
Исланд: Эргийн хамгаалалт гаргаарай!
(Хуучин “Тор” онгоц арайхийн булангаас гарч, Английн гурван онгоцын замыг хааж зогсоод тулалдаж эхэлнэ)
Бусад улс (нэгэн зэрэг): Исланд солиорчхож, мэдрэлийн эмч дуудаарай.
Исланд (муухай хөхрөн): Вальхаллагийн ордон биднийг хүлээж байна, тэнд бид өвөг дээдэс Одинтэй(*1) хамт үүрд нэг ширээний ард найрлах болно!
Бусад улс (шивнээгээр): Будаа.
(Исланд, Английн хөлөг онгоцууд нэг нэгээ хөөж буудалцана)
АНУ: Сда. Та хоёр чинь...
Исланд: (үл сонсон) Байлдацгаа англи хархнyуд аа! Та нар саарал Нифльхэймд агуу Хэлийн өлмий дор байхдаа таарсан улс! Хар хэрээний тугийг харцгаа! Агуу Тор бидэнтэй цуг! (*2)
АНУ: (сандран) Хүүе, та хоёр чинь хоёулаа НАТО-ийн гишүүн шдэ!
Исланд: (эргэж харан) Одоо бол үгүй чиш.
АНУ: (aйдаст автан) Юу гэсэн үг юм?!
Исланд: Бид муу сайн хулчгар Англи хархнуудтай мөр зэрэгцэхгүй. Бид НАТО-оос гарч байна.
Бусад улс (нэгэн зэрэг): Алчдийм байна!...
АНУ: (хувхай цайн) Үгүй та нар чинь Хойд тэнгис дахь НАТО-ийн цорын ганц бааз шдэ!
ЗХУ: (гэтэж очин) Наад хэсгээ жаахан тодруулна уу...
АНУ: Сда! Британи! Чамтай хоёр үг сольж болох уу?
Британи: (дурамжхан) За бас юу болов?!
АНУ: Зайл наанаасаа!
Британи: Энэ бол зарчмын асуудал!
АНУ: Ална шүү!
Исланд: АНУ зайл даа, би наадхыг чинь түрүүлж харсан!
АНУ: Чи бүр солиорчээ!
Исланд: (сагамхайгаар даллан) Баавгай түүхий загасанд дуртайг мэдэх үү. Түүхэн факт шүү.
ЗХУ: За-а-а-га-а-а-а...
АНУ: Сда! Британи!!
Британи: (сэтгэл дундуур) Новш гэж...
(Их Британи тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудаа татаж, Европын бусад орны араас Исландын 200 миль бүсийн онцгой эрхийг хүлээн зөвшөөрнө).

-----------------------------------------------------------------------------------------
*1 Вальхалла – “үхэгсдийн ордон”, “үрэгсдийн ордон” – скандинавын домгоор тэнгэрийн хот Азгард дотор байдаг ордон; дайны талбарт үрэгдсэн цэргүүд энэ ордонд очиж баатарлаг амьдралаа үргэлжлүүлдэг хэмээнэ. Один – дайн, тулаан, ялалтын бурхан.

*2 Нифльхэйм – Герман-скандинавын домог зүйд есөн ертөнцийн нэг; мөс, манангийн орон. Хель – үхэгсдийн орныг захирах бурхан. Тор – аянга, цахилгааны бурхан.

2021/03/22

Сэй Шёонагон "Дэрний дэргэдэх тэмдэглэл"

“Энэ бол миний төрсөн нутаг, Монголын сайхан орон”, “Тээр жилийн тэр нэгэн өвлийн өнтэйг яана, Тэхийн зогсоол гэдэг тэр нэгэн оргилын өндрийг яана” – эдгээр мөр, шүлгийг монгол хүн бүр мэдэхийн адил уран зохиолоос үүдэлтэй япон хүн бүрийн мэддэг үг, өгүүлбэр бий. 

Жишээ нь, Кавабатагийн “Цасны орон” роман 長いトンネルを抜けると雪国であった буюу “Урт тунелээс гарахад, цаана нь цасны орон цэлийж байлаа” гэж эхлэхийг мэдэхгүй япон хүн үгүй. Уулархаг хойд нутаг руу галт тэргээр явахад маш олон тунель өнгөрөх боловч, нэг л тунелийн цаана дэвэн дэлхий цав цагаан цасанд хучигдав уу гэмээр цасан орон эхэлдэг. Тунель руу орохын наана хамаг юм харлаж байвч тунелээс гарахад бүх юм цагаан болчихно. Энэ контрастыг Кавабата энгийн хэдэн үгэнд базаж бичсэн учир, уншсан хүн бүрийн нүдний өмнө цасан орны дүр зураг буух учир, япон хүмүүсийн сэтгэлд хүрсэн болов уу. 

Эртний уран зохиолоос жишээ татвал, япон хүн бүр мянгаад жилийн тэртээ амьдарч байсан Сэй Шёонагон бүсгүйн “Дэрний дэргэдэх тэмдэглэл”-ийн эхний мөрийг мэднэ. 春はあけぼの хэмээх энэ хоёр үгийг мэдэхгүй япон хүн үгүй. Үгчлэн орчуулбал “Хавар бол үүр цайх”, утгачлан орчуулбал “Хавар үүр цайх сайхан” гэж монгол хэлнээ буух болов уу. Сонирхуулахад, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг уншсан япон хүмүүс Сэй Шёонагоныг саналаа гэдэг. Учир нь, түүний нэрийг түүхнээ мөнхөлсөн цорын ганц бүтээл ийнхүү эхэлнэ:

Сэй Шёонагон "Дэрний дэргэдэх тэмдэглэл"
Орчуулга: Сүрэн

Хавар – үүр цайх сайхан. Уулсын орой аажмаар цайж, нарны туяанд үл ялиг гэрэлтэж эхэлнэ. Нил ягаавтар өнгийн урт нарийн туузан үүлс тэнгэрээр хөвөх сайхан.

Зун – шөнө сайхан. Дугариг сартай зуны шөнө өгүүлэхийн аргагүй сайхан. Түмэн гэрэлт цох гялтганан нисэлдэх саргүй шөнө ч сайхан. Ганц хоёр гэрэлт цох сүүмэлзэн нисэж байсан ч сайхан. Бороо орж байсан ч сайхан.

Намар – үдэш сайхан. Үдшийн наран хурц гэрэл цацруулан уулсын араар орохын наана, үүр өөдөө яарсан хар хэрээ гурав дөрөв, хоёр гурваар нисэж буйг харахад сэтгэл үймэрнэ. Сунан нисэх галуун сүрэг тэртээ хол жижгэрч харагдах нь гунигтай сайхан. Нар жаргаж харанхуй нөмрөхөд салхины дуу, шавжны чимээ – чихнээ сонсдох энэ бүхэн хэлэхийн аргагүй сайхан.

Өвөл – өглөө эрт сайхан. Шинээр хурж орсон цас сайхан. Цав цагаан хяруу сайхан. Цас, хяруугүй хүйтэн өвлийн өглөө ч сайхан. Яаран гал асааж, халуун нүүрс зөөж бужигнахад өвлийг улам мэдэрнэ. Үд болж хүйтний эрч сулрахад хоовонгийн гал цагаан үнсэнд дарагдаж унтрах л муухай!

**********************************************************************

Сэй Шёонагон хийгээд түүний үүсгэсэн зүйхицү төрлийн тухай эндээс уншина уу.

2020/05/06

Үнсний сав шүүмжлэгч




Манайхны зарим шүүмжлэл уншиж байхад Мүкоодагийн энэ эссэй өөрийн эрхгүй санаанд орно. Гэхдээ би ийм, тийм шүүмжлэл хэрэггүй гэж хэрхэвч хэлэхгүй. Хэний ч хэлэх эрхийг хаахгүй гэх үү дээ, хэдий санал эс нийлсэн ч гэлээ.

Хүртэх, шүүмжлэх биш хийж, урлаж, бүтээх талын зарим хариу реакци, хариу үйлдлийг харж байхад ч Мүкоодагийн энэ эссэй санаанд орно. "Тийм мундаг юм бол чи өөрөө хийгээд аль", "юун сүртэй юм, юун жижиг юм чичилж шүүмжилдэг юм", "чи өөрөө хэн юм", "чамаар заалгахгүй", "намайг боох гэлээ", "биднийг дарах гэлээ", "муу сайн атаархагчид", "яасан ийсэн арцалдагчид" г.м. сонин сонин, цочмог цочмог бас тэс хөндлөн далий далий реакци олон. Ер нь манайхан ихээхэн цөстэй, цөсөндөө бас чулуутай юу гэмээр.  

Мүкоодагийн хошин шогийн мэдрэмж үнэхээр гоё. Хорон үг хэлэхгүйгээр хорон юм хэлчихдэг нь cool. Эцсийн дүнд гэхдээ "их хотын дуу нь үл дуулдах үй түмэн шүүмжлэгч нарын сэтгэлд ч нийцсэн зохиол бичихийг хүснэ" хэмээх чинхүү сэтгэл байсан учир өдий хүртэл уншигдсаар, хайрлагдсаар буй билээ.

Мүкоода Күнико "Бүсгүйн долоовор хуруу" эссэйн түүврээс
向田邦子『女の人差し指』より
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Үнсний сав шүүмжлэгч

 Таксинд суугаад түгжрэлд гацахад үнэхээр нерв хөдөлдөг ч жолоочийн яриа сонирхолтой бол нэлээд тайвширна.
 Яагаад тийм яриа болсныг мартсан ч зурагтын тухай ярьж байлаа. Жолооч ах миний ажил мэргэжлийн тухай мэдээж мэдэхгүй.
 - Та зурагтаар ямар олон ангит кино үздэг вэ?
 Жолооч хоёр, гурван нэр хэлэв. Би тэр үед хоёр олон ангит кино бичиж байсан боловч алийг нь ч үл дурдсан учир атаархал төрөн дахин лавлав:
 - Юу нь таалагддаг вэ? Агуулга л байх, тийм үү?
 - Агуулгыг эхнэр л мэдэх байх, - гэснээ нэг амьсгал зай аван “Ямар ч байсан үнсний сав нь сайхан" гэв.
 Хижээл насны жолооч эр аажуухан тамхи зуун гал асаав:
 - Бусад олон ангит кино ёстой учир начиргүй. Жирийн айл атлаа албан байгууллагын хүлээлтийн өрөөнд байдаг шиг үнсний сав тавьчихна. Тийм юм байж болохгүй шдээ.
 Очих газар хүртэл жолооч ах зурагтын олон ангит киноны тухай ихэд итгэлтэй, эрэмбэ дараатай дүгнэн шинжилж байсан боловч үнэлгээний хэмжүүр нь олон ангит кинонд гарах үнсний савын сайн, муу байлаа.
 Хүү, бэр хоёроосоо тусдаа амьдардаг нэг эгчийг таньдаг юм. Миний бичсэн кино дуусахаар заавал над руу залгана:
 - Тэр Катоо Харүко даршилсан цагаан лууван яаж ч хэрчээд байгаа юм, бас цай ч зөв аягалчихгүй юм, чи яаж дуугүй байж чадна аа.
 Түүний хувьд олон ангит кино үзнэ гэдэг бэрээ гоочлох арга гэлтэй. Ер нь олон ангит киног уран зохиолын урт роман уншихын оронд үздэг хүмүүс ч бий, өөрт тохиолдсон зовлон жаргалын асуудлаас гарц хайн үзэх хүмүүс ч бий. Жүжигчин бүсгүйн өмссөн хувцас, үсний засалтыг харж дуурайх хүмүүс ч байна, киноны ганц цэг – гагцхүү үнсний савыг харж суух хүмүүс ч байна.
 Мэргэжлийн шүүмжлэгч нарын магтаал ч сонсмоор байдаг, их хотын дуу нь үл дуулдах үй түмэн шүүмжлэгч нарын сэтгэлд нийцсэн зохиол ч бичмээр байдаг... Кино зохиолч гэдэг ер нь, хэцүүхэн ажил шүү.

2020/01/26

Фүшигүро-сэнноо


  

  

Япон уран зохиолоос миний унших хамгийн дуртай төрөл бол 随筆 буюу "зүйхицү". 随筆-г үгчилбээс "бийрээ дагаад" гэж орчуулна. Зохиогч санаанд орсон зүйлээ тэр чигээр нь, чөлөөтэй цаасанд буулгахыг зүйхицү гэнэ. Санаанд орсон, бичмээр санагдсан бүхнээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөө даган буулгах учир гар биш бийр нь түрүүлж хөдлөх мэт байдгаас "бийрээ дагаад" гэж нэрлэсэн болов уу. Миний бодлоор япон хүмүүс зүйхицү төрөлд хамгийн хүчтэй, өвөрмөц давтагдашгүй чанар нь ч зүйхицүгээр хамгаас тод илэрдэг. Ер нь урт том роман гэхээс (Мүрасаки Шикибү авхайг эс тооцвол) богино төрөл жанрт хүчтэй хүмүүс л дээ... далийх нь. Нэгэн зүйхицү орчуулснаа толилуулъя. Мянгаад жилийн тэртээ зүйхицү төрлийг үүсгэсэн бүсгүйн тухай арваад жилийн тэртээ бичсэн пост уншихыг хүсвэл энд дарна уу.

Окано Хирохико "Фүшигүро-сэнноо"
岡野弘彦「ふしぐろせんのう」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Ээж тэр үед дөнгөж долоо, наймтай л байсан гэсэн. Нэг өдөр өвөө гэрийнхээ эзэмшил уулыг эргэхдээ охиноо дагуулж яваад, уулын бүр гүн рүү орсон гэнэ.

Шигүү ургасан шилмүүст модон ой гэгээн өдөр ч бүдэг харанхуй агаад уулсын дундах жижигхэн гэрийг нь битүүмжлэх аятай хүрээлнэ. Өглөө, оройд гэрийнхээ цонхоор шилмүүст моддыг үргэлж харж байвч хүүхэд ганцаараа тэр бөглүү ойн харанхуй руу явж орно гэдэг арай дэндүү аймаар учир зүрх үл хүрнэ. Тиймээс нөмөр нөөлөгтэй аавыгаа даган нүдний өмнөх үл мэдэх ертөнц рүү алхаж орно гэдэг ээжид сэтгэл догдлом баяртай байсан биз ээ.

Аливаа дуу чимээг шингээн замхруулах шилмүүст ойн аниргүйд аавтайгаа холоо хол, баримжаа алдам хол явсаны эцэст гэнэт аглаг ой тасарч хадан цохионд хүрч ирэв. Ээж санаандгүй доош хартал залуухан үзэсгэлэнт бүсгүй тэртээ доор, хавцлын голын эрэг дээр тонгойн хувцас угааж байлаа. Нүд салгалгүй ширтэн хартал орон зай сорогдох аятай хумигдаж, тэртээ хол эгнэн ургасан шилмүүст моддын орой дээрээс бүсгүйн угааж буй кимоногийн час улаан цэцгэн хээ, хүйтэн тунгалаг усанд хөдлөх зөөлөн цагаан хуруу нь энүүхэнд байгаа мэт маш тод харагдав. Тийн атал бүсгүй цагаан шилэн хүзүүгээ нааш харуулан хором ч атугай эргэж үл харна. "Царайг нь харах юмсан" гэж бодон бүсгүйг ширтсээр, шигдсэн аятай тэнд хэчнээн удаан зогсоо вэ. Уулын оройгоос аавынх нь дуудах дуу хүнгэнэн бууж ирэхэд гэнэт сэрэх шиг болж, хавцлын голыг өндрөөс дахин хартал дөнгөж сая тодоос тод харагдаж байсан бүсгүй арчигдсан мэт алга болсон байлаа.

Ээж энэ тухай ярих үед зүүдлэж буй мэт царайд нь гунигийн сүүдэр татдаг байв. Ээжийг зургаан настай байхад төрүүлсэн ээж нь өөд болсон гэдэг.

Ээжээс энэ яриаг дуулснаас хойш би "Өвгөн түлээ мод зэхэхээр уул өөд явж, эмгэн хувцас хунараа угахаар гол өөд явжээ..." гэж эхэлдэг өнөө үлгэрийг зүгээр сонсон өнгөрөөж чадахгүй болов. "Эмгэн гол өөд..." гэхэд л балчир ээжийн минь харсан сэрүүн зүүд нүдний өмнө зурагдах билээ.

Тэр цэцгийн нэрийг "фүшигүро-сэнноо" гэдгийг би нэлээд хожуу мэдсэн юм. Зуны өдөр шилмүүст моддын өлмийн өвсөн дунд хааяахан таарах таван дэлбээт улаан цэцэг. Бусад цэцгэнд байхгүй тэр тод улаан өнгөний үзэсгэлэн хүүхэд миний сэтгэлд хүртэл гуниг татам шингэсэн байж.

Ээжийн минь хамгийн хайртай цэцэг билээ. Өвс ногоон дунд жижиг улаан гялбааг нь хаа холоос шууд олж харах бөгөөд тийнхүү олж харах бүр сэтгэл догдлоно. Ээжийн харсан тэр уулын бүсгүйн угааж байсан кимоногийн цэцгэн хээ нь энэ цэцэг байснаас гарцаагүй мэт санагдана. Ооэяма уулын Шүтэн-доожи мангасын (*1) эрхшээлд орсон бүсгүй хавцлын голд уйлан уйлан угааж байсан цусан будагт кимоногийн улаан өнгө нь ч энэ цэцгийн өнгөнөөс зайлшгүй гэж бодогдоно.

Ооэяма уулын Шүтэн-доожи мангасын тухай эвгүй аймаар яриаг өвөөгийн үеэс манайд амьдран ажиллаж байсан Бан-санаас дуулсан юм. Бан-сан үг дуу цөөтэй, үнэнч хүн боловч үе үе хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралд орж, газар доорх түлээний өрөөнд хэдэн өдрөөр ч бүгээд гарч ирдэггүй байв. Хүүхэд шиг гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй хүн боловч лагс хар аниргүйд автаж, зөвхөн нүд нь урдахаа таг гөлрөн гялалзаж суух үе гарна. Тийнхүү хувирах нь маш огцом тул том хүмүүс Бан-саны тухай ам муутай байв. Ер нь түүнийг бие даасан эрүүл хүнд тооцдоггүй байв.

Бан-сан кайдан (аймшгийн яриа, орч.) ярих дуртай. Гэхдээ ердийн үед дуу цөөтэй Бан-сан ширүүн царайтай өмнөө нэг цэгийг тас ширтэн суугаад, таг итгэлтэйгээр ярьж эхлэхэд ямар ч яриа аймшигтай санагдана л даа. Өөрөө өөрийнхөө ярианд автаж, аймшгийн ертөнц рүү урван орох мэт буюу. Тиймээс ч Бан-саны яриа бусад том хүмүүсийн ярианы адил эцэс сүүлд нь инээлгэсэн тайлал үгүй. Яриа нь цаанаа л нэг хүчтэй, сонссоны дараа сэтгэлд хөндүүр үлдээдэг байв. Жишээ нь, нэг ийм явдал тохиолдсон удаатай.

Зуны эхэн үеийн нэгэн үдэш хоёр ри (*2) хэртээ хажуугийн тосгон руу Бан-саныг хэл хүргүүлэхээр явуулав. Гэтэл яаралтай хариу хүлээж байсан атал хэдэн цаг өнгөрсөн ч Бан-сан байдаггүй. Тэрээр бүр шөнө дунд өнгөрсөн хойно ад чөтгөрт бариулсан мэт цонхийсон царайтай буцаж ирээд, үүдний өндөрлөгийн шалан дээр лагхийн сууснаа "Эзэгтэй, би сүнстэй учрав" гээд ярьж эхлэв.

Тосгоны захад иртэл нэгэн гэрийн саравч дор юката (*3) өмссөн залуухан бүсгүй зогсож байсан гэнэ. Бүсгүй Бан-санд хандан гэрийн үүдэнд наасан Вакамия сүмийн сахиусыг авч өгөхийг хүссэн учир хэлсэн ёсоор болгоотол тэр даруй бүсгүй гүймэл модон хаалгыг нээлгүй, уусах мэт гэрийн дотогш орсон гэгэ. Бан-сан юкатагийн ханцуй салхинд намиран урсаж, гулсан алга болохыг л харан үлдэж. Хэсэгтээ тэр гэрийн үүдэнд зогсож байтал гэнэт "Аа-ааа!" гээд аймшгийн чарлах дуу гарсан учир тэсэхийн аргагүй болж тэндээс зугтан ирлээ гэснээ Бан-сан "Тэр айлын хадам эхийн дарамтыг даалгүй өөд болсон бэр өшөөгөө авахаар буцаж очсоноос гарцаагүй дээ" гэв.

Эмэгтэй хүний гуйсан даруй айлын үүдний сахиусыг амархан авчихдаг нь хачирхалтай ч Бан-сан тэрийгээ огт тайлбарлахгүй, гагцхүү сүнсний дүр байдлыг нүдэнд харагдтал бодьтой ярьж дүрсэлнэ. "Дахиад л Бан-сан ганц хүний жүжгээ тоглон үзүүлж байна уу" гээд аав инээх боловч шөнө дунд чийдэнгийн гэрлийн дор цонхийсон хөх царайтай, хагас буурал толгойтой Бан-сан нэгийг шийдсэн байдалтай ярихыг сонсоход арын үс сөрвийх шиг болж, хамаг бие чичирсхийнэ. Ээж бид хоёрт Бан-сан жүжиглэж буй мэт санагддаггүй байв. Бан-сан бол жирийн хүнд үл үзэгдэх юмсыг тодоос тод харж, мэдэрч чаддаг нэгэн байсан болов уу.

Бан-саныг том хүмүүс "хачин амьтан", "толгой нь жаахан эргэчихсэн юм, зайлуул" гэлцэнэ. Тиймээс сэтгэлээ нээж хөгжилтэйгээр зөвхөн хүүхэд буюу надтай л ярьна. Намайг Бан-саны яриаг сонсоход аав дургүйцэх боловч номд бичсэн үлгэр домогтой харьцуулахад хар цагааны тод зааггүй, бараан голдуу яриа нь сонирхолтой учир би зав л гарвал Бан-саны яриаг сонсохоор очдог байлаа.

Бан-сан сүмийн дэргэдэх мөргөлчдийн хонох байрын манаач бас хийж байсан учир орой болохоор ажлаа дуусгаад ой руу буцна. Мөргөлч огт ирээгүй намуухан ойн шөнөөр Бан-сан нэг удаа "Хүү минь, чи эмагийн асарт эма (*4) харах дуртай, гэхдээ асар дотор байхдаа болгоомжтой байгаарай. Тэр чинь хүний хүсэл шуналаар дүүрсэн газар. Чам шиг залуу хүн сэрэмж алдвал санаандгүй саар юм шүгэлж мэднэ шүү" гэв.

Эмагийн асар гэдэг нь гол сүмээс хорин чулуун шат уруу газар, бөөндөө ургасан тав зургаан шилмүүст моддын доорх барилгыг хэлнэ. Дотор нь төрөл бүрийн эма багширтал дүүжилсэн байв. Кабүки жүжгийн янз бүрийн хэсгийг зурсан эма байна. Жижиг амсартай бөөрөнхий шилэнд таван өнгийн том бөмбөлөг хийж зүүсэн эма ч байна. Тийм жижиг амсраар тийм том бөмбөлөгүүдийн хэрхэн яаж оруулсныг би бодоод бодоод учрыг нь олоогүй билээ. Шахмал зураг наасан модон хавтан унах нь уу гэмээр хазайсан харагдана. Хажуугийн хавтан дээр Япон-Хятадын дайн уу, Япон-Оросын дайн уу, япон сэлмээр мөрийг нь тас цавчсан, цус нь олгойдсон цэнхэр дүрэмт хувцастай дайсны цэрэг зурсан байна. Байлдааны хөлөг онгоцын зураг ч байна. Хөгз, чийгний эхүүн үнэр шингэсэн тэр байшинд би хэдэн цаг ч болов зогсоод, уйдамгүй төсөөллийн ертөнцөд умбадаг байлаа.

Гэвч Бан-саны хэлснээр "хүний хүсэл шунал" шингэсэн нь тийнхүү өндөрт ил тод өлгөсөн эма биш, харин олон эмагийн дунд чихэж дүжилсэн, асрын модон хананы завсар зайд хүслээ бичиж өлгөсөн эгэл жирийн, жижигхэн эма болов уу. "Миний нөхрийг архинаас гаргаж хайрла. Хоёр хүүхдийн хамтаар амь наана, там цаана гуйж байна. Могой жилтэй эмэгтэй", "Эр минь тэр хүүхнээ хаяасай. Миний насыг богиносгоод ч болов энэ хүслийг биелүүлнэ үү. Гучин гуравтай бүсгүй" гэж бичээд дор нь боодол үс уясан эма ч байх. Эматай холбож уяагүй дан боодол үс ч олон бөгөөд эмагийн асар төдийгүй мөргөлийн сүмийн багана, хашааны завсар зайд хүртэл өлгөж дүүжилсэн байна.

Бороо салхинд гандаж цайсан эмэгтэй хүний үс хальт харсан ч гэлээ дотор эвгүйрэм. Хаяа эмагийн зурганд ховсдуулан гөлөрч зогсохдоо санаандгүй хана руу дөхөж ойртвол аалзны шүлс шиг нарийхан үс салхинд хийсэн хүзүү шүргэнэ. Тэр үед бие чичрэм айдас, огиудас зэрэг хүрнэ. Нэгэн удаа, хэд нугалж боосон баглаа үсний цаасан уяа тасарч газарт унасан байхыг хараад санаандгүй өргөж үзтэл ямар ч тайлбаргүй, гагцхүү аймшигт хараалын үгс эгнүүлж бичсэн байсанд сэртэс хийн цочиж билээ.

Бан-сан "Сэрэмжтэй байхгүй бол саар юм шүгэлж мэднэ шүү" гэж ийм юмыг хэлж байсан болов уу. Гэхдээ л эмагийн асарын хөгзний үнэр, төрөл бүрийн эмагийн зургууд миний сэтгэлийг эзэмдэх увдистай буюу. Тийм учир том хүмүүсийг нууцыг хальт шагайлган харуулдаг эмагийн асар луу сав л хийвэл очиж, элдвийг бүрэг бараг бодож зогсохоо больж чадахгүй байв.

Нэгэн жил, зуны амралт дуусах алдад эмагийн асрын саравчин доор тонгойн суугаад, жижигхэн нүх малтан амьдрах "шоргоолжны там" шавжны (*5) үүрийг харж байлаа. Шоргоолж барьж нүх рүү унагахад юүлүүрийн хэлбэртэй хонхорхой даруй хариу хөдлөнө. Дотроос нь зугтаан гарахыг хичээх шоргоолжийг зориуд буцааж унагах нь, саяхныг хүртэл хачин жигтэй эма харж цус хөөрсний дараа бол яг таарсан тоглоом байлаа.

Ойд нар эрт жаргаж харанхуйлна. Зуны дөнгөж зургаан цаг болж байхад хүмүүс бүдэг бадаг харагдаж, харанхуй бүхнийг бүрхэж эхэлнэ. Гэнэт үл мэдэг чимээ гарсан учир дээш хартал гол сүмээс жаахан дор, чулуун шатнаа бөгтийсөн хүний дүр харагдав. Тэрээр бараг мөлхөх шахам, арай хийн чулуун шатаар өгсөн гол сүмийн өмнө очоод, том хүний нуруу хэр өндөр хандивын модон авдрын өмнө зогсон хамаг сэтгэлээсээ залбирч байснаа өврөө уудлан мөргөлийн мөнгөө гаргаж, өөрийн толгойноос өндөр хандивын хайрцаг руу шидэж оруулахыг оролдов. "Ча-рин" гэж хангинах дуу гарч, хүрэл зоос ойчин өнхөрч чулуун шатны голд очоод тогтсон бололтой.

Толгой нь газар шүргэх шахам бөгтийсөн эмгэн нэг шат, нэг шат уруудан бууж, тэр хавиар тэмтрэн хайж эргэлдсэний эцэст арай гэж олсон хүрэл зоосоо гартаа атган дахин дээш гарч шидэж оруулахыг хичээв. Дахин өрөвдөм дуу гарч, зоос хандивын хайрцгийн хажууд унав. Ашгүй энэ удаа эмгэн зоосоо хайхаар дахин шат уруудах хэрэггүйг хараад миний сэтгэл амрав. Эмгэн хэд хэдэн удаа хандивын авдарт толгой хүргэн залбирсныхаа дараа зоосоо авдрын өмнө, газар хичээнгүйлэн тавиад чулуун шатаар уруудаж эхлэв. Намайг анзааралгүй эмагийн асрын өмнүүр өнгөрөн одох түүний царайг хараад би "Аан, ээжийг минь энэ хүн төрүүлсэн юм байна" гэж бодов. Өөрөө ч хүртэл гайхмаар санаандгүй, тас итгэлтэй нээлт байлаа. Энэ тухай ямар нэгэн зүйл урьдаас мэдэж байсан юмгүй, ямар нэгэн сэжүүр шалтгаан ч байгаагүй билээ.

Гэхдээ хүүхэд гэдэг, том хүмүүс өөрийнх нь ээж аав, эргэн тойрны хүмүүсийн тухай сэрэмж алдан ярихыг гайхам зөн совингоороо гадарлан ойлгож, сэтгэлийн гүндээ тогтоож байдаг юм.

Удалгүй, улам харанхуй болсон ойгоос гаръя гэтэл миний нүдэнд ээжийн хайртай "фүшигүро-сэнноо" цэцгийн часхийм улаан өнгө дүрэлзэн тусав. Яагаад эмэгтэй хүн тийм өрөвч зөөлөн, тийм үзэсгэлэн гоо боловч сэтгэлийн гүндээ улаан цэцэг нандигнан нууж, өрдөн галлаж байдаг юм бол. Ээж минь ч мөн ялгаагүй болов уу.

Эмэгтэй хүн гэдэг ихэд хачин. Би нээрэн, өрнийн үлгэрт хэт автсан явахдаа нэгэн дуугүй дөлгөөн охиныг олны нүдэн дээр үнссэн юм. Тэгээд тосгон даяар амьтны ярианы бай болоход тэр охин надаас хамаагүй хэцүү байх ёстой атал бүхнийг дуугүй тэвчиж, царайнаас нь юу бодож байгааг таах аргагүй байлаа. Тэр охины сэтгэлд ч улаан цэцэг дүрэлзэн асаж буй эсэхийг, бодоод бодоод ерөөс ойлгоогүй билээ.

"Фүшигүро-сэнно" бол эмзэг туяахан, часхийм тод, зуны цэцэг байсан билээ.

--------------------------------------------------------------------------------------------------------
  1. Шүтэн-доожи – Ооэяма нь Киото хотын барун хойд зүгт байдаг уул. "Шүтэн-доожи" нь Ооэяма ууланд амьдардаг, ероолгүй мэт архи уудаг (нэрнийх нь эхний хоёр ханз "архи уух" гэсэн утгатай), уулнаас бууж хүмүүсийн эд хөрөнгө, охид хүүхнүүдийг хулгайлдаг гэх үлгэр домгийн мангас. 
  2. ри – зай заах нэгж, 3.9 км. 
  3. юката – дан даавуун зуны хөнгөн кимоно. 
  4. эма – хүслээ бичиж сүмд өргөдөг нэг талдаа зурагтай модон хавтан; сүм бүрийн эма хавтаны хэлбэр, зураг өөр өөр. 
  5. 蟻地獄 – үгчлэн орчуулбал "шоргоолжны там". Тэмээлзгэний төрлийн шоргоолж идэштэй шавж, англиар "ant lion", оросоор "муравьиный лев" гэдэг.

2020/01/05

Гал байна уу?


Дагийраазайн Нямдорж

Зөрөх нэгэн хааяа зорьж ирээд “Гал байна уу?” гэж асуух нь
зөндөө улсаас сонгож ирээд “Сэтгэл байна уу?” гэж сурах шиг.
Байхгүй ч гэсэн халаасаа тэмтэрч алгаа дэлгэн мөрөө хавчих,
“Байлгамаар юм байна шүү, золиг” гэж өөртөө битүү сануулах.

Хэд мартаж, хэд санасны хойно хэдэн төгрөгөөр асаагуур авах,
хэрэг болгож авсан өнөө эдээ хэрэгтэй өдөр нь мартаж орхих.
Зөндөө улсаас сонгож ирээд “Сэтгэл байна уу?” гэж сурах шиг
зөрөх нэгэн хааяа зорьж ирээд л “Гал байна уу?” гэж асуух л.

Тэмдэглэл | 2016

Перевод: Сүрэн

Встречный спросит иногда: "Огонька не найдется?" 
будто выделил меня из толпы, чтобы спросить: "Сердце не найдется?".
Знаю, что нет, но шарю по карманам, развожу руками и пожимаю плечами.
Напоминаю себе – "Hадо, чтобы было".

Раз за разом забывая и вспоминая, за несколько тугриков покупаю зажигалку.
И забываю ее дома в день, когда прохожий просит огня.
Будто выделил меня из толпы, чтобы спросить: "Сердце не найдется?",
встречный спросит иногда: "Огонька не найдется?"

Записки | 2016


Amir Hossein Zanjani "Do you have a lighter?" 2014.

2019/04/21

Стэфано Бэнни “Зам гарах өвгөд”




Итали зохиолч Стефано Беннигийн 1987 онд хэвлэгдсэн “Далайн ёроол дахь бар” нэртэй өгүүллэгийн түүврээс нэг өгүүллэг танилцуулъя. Беннигийн зохиолууд бол тэр чигтээ элэглэл, ёжлол. Хэтрүүлэг хэрэглэх аргаар тухайн үеийн Италийн олон асуудлын тухай бичиж байсан боловч заримыг нь уншихад өнөөгийн Монголын тухай бичсэн мэт.

Стэфано Бэнни “Зам гарах өвгөд”
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

Өвгөд бол аялагч, хайгуулчид байх учиртай...
Томас С. Элиот

 Хоёр өвгөн зам гарахаар завдаж байв. Учир нь замын нөгөө талд жижигхэн цөөрөмтэй улсын цэцэрлэг байсан юм. Алдо, Албэрто хэмээх энэ хоёр өвгөн тэр цэцэрлэгт очихыг маш их хүсэж байлаа.
 Өвгөд зам гарахыг зорьж байсан боловч ид түгжрэлийн цаг таарсан учир машины урсгал тасрах шинжгүй байв.
 - Гэрлэн дохио хайя гэж Алдог хэлэхэд найз нь,
 - Зөв санаа байна гээд дэмжив.
 Хоёр өвгөн алхсаар замын гэрлэн дохионд очив. Гэвч их түгжрэлээс болж машинууд явган хүний гарц дээр хүртэл зогсож байлаа. Алдо хэдэн метр урагшлахыг оролдсон боловч дуут дохио, муухай үгсийн дуунаар даруй байрандаа буцав. Тиймээс “Хоёулаа бүх машин зогссон хормыг ашиглан зам гаръя” гэв. Даанч зам дэндүү түгжирсэн учир хоёр өвгөн хатаасан хар хайган загас шиг туранхай байсан ч багтаж гарах сиймхий олдсонгүй. Тэр бүү хэл, Алдог нэг машины шаврын хаалтад тээглэхэд эзэн нь байдгаараа уурлан бууж ирээд түүнийг сугадан татаж гаргасан боловч өргөсөн өвгөнөө хаана буулгахаа мэдэхгүй хажууд байсан машины хамар дээр суулгачхав.
 - Болохгүй, энд сууж болохгүй – гээд хоёр дахь машины эзэн өвгөнийг өргөснөө цаад эгнээний жижиг ачааны тэрэгний дээвэр дээр буулгачхав. Ийнхүү Алдо гурван машин дамжин, дамжих тоолонд энд тэндээ цохиулсаар юу юугүй замын нөгөө талд гарах дөхлөө. Даанч жижиг ачааны тэрэгний жолооч баруун гэрлээ анивчуулан харааж зүхсээр машинаа зам хөндлөн эргүүлж өвгөдийн анх байсан талд ирж зогсов.
 Алдод ондоо санаа төрөх үеэд бараг үдэш болж байлаа.
 - Би замын голд хэвтээд үхсэн дүр үзүүлье. Машинууд зогсох зуур чи гялс зам гараарай, би араас чинь босоод гялс гүйж гарна гэхэд найз нь,
 - Одоо хоёулаа заавал зам гарна аа! гэлээ.
 Ийнхүү Алдо замын голд хэвтэв. Гэтэл хар өнгийн машин ирээд юун зогсох, түүнийг хүчтэй гэгч нь мөргөөд бараг замын нөгөө тал хүртэл үсэргэчхэв.
 - Тэсээрэй, миний найз чадна шүү! гэж Албэрто хашгирав.
 Даанч том мотоцикл ирээд Алдог маш хүчтэй мөргөөд тэс ондоо зүгт өнхрүүлчхэв. Ийнхүү өвгөн гурав, дөрвөн удаа мөргүүлж дэвсээр хөх няц болон гараандаа буцаж буув.
 - Одоо яах вэ? гэж найзаасаа асуутал Албэрто,
 - Дугуй уная гэв.
 Ийнхүү хоёр өвгөн дугуй унасан ондоо өвгөн өнгөрөхийг отон хүлээж байгаад суудал дээр нь үсэрч гарав (гурвуулаа хорчийсон туранхайн учир тэгж чадсан хэрэг). Алфредо хэмээх нэртэй гурав дахь өвгөний нуруунд Алдо гаансаа тулгаад,
 - Зүүн тийш эргэ, үгүй бол хохь нь шүү! гэв.
 - Зүүн тийш? Би чигээрээ явах хэрэгтэй.
 - Яв! Үгүй бол тамхиар дүүргэж орхино шүү.
 Алфрэдо сүрдүүлгийн утгыг сайн ойлгоогүй боловч айсны учир зүүн тийш эргэхийг завдлаа. Даанч гэнэт мерседес-бенц гарч ирээд онилж байсан мэт гурван өвгөнийг яг дундуур нь мөргөж орхив. Цагдаа ч ирэв.
 - Юу болов? – цагдаагийн асуултад мерседесийн жолооч
 - Би бол улсын их хурлын гишүүн Дэ Балла(*) гэж хариулав.
 - Аа, тэгвэл та явж болно. Харин та гурав юу гэмээр байна?
 - Бид зам гармаар байсан юм.
 - Сонсооч хө! Орчин цагийн хөгшид гэж! Хэрээ мэдэхэд яана! Замаар ийм их машин явж байна, та нар өтөлж хөгширсөн байна.
 - Таныг гуйя, зам гаталгаж хайрла гэж Алдо гуйв.
 - Бид цэцэрлэгт очих хэрэгтэй байна гэж Албэрто учирлав.
 - Үгүй бол намайг тамхиар дүүргэчихнэ гэж Алфрэдо үргэлжлүүлэв.
 - Ёстой үгүй шүү, та нарыг байсан газар чинь буцааж аваачина. Хаана байснаа хэлцгээ.
 - Тэнд гээд Албэрто гараараа зорьж байсан замын нөгөө талыг заав.
 - Тэгвэл та нарыг тийш буцаана. Дахин зам гарах гээд үзээрэй, дэмий шүү.
 Ийнхүү гурван өвгөн цагдаа даган зам гарч цэцэрлэгт очив. Тэнд үнэхээр үзэсгэлэнтэй цөөрөм байлаа. Гурван өвгөн цэцэрлэгт маш сайхан байсан учир дахин хэзээ ч замын нөгөө талд буцаж гараагүй юм.

----------------------------------------------------------------------------------

* balla гэдэг нэр үг "далан худалч", "худалч", "худал" гэсэн давхар утгатай.

2018/01/28

Д.Нацагдоржийн "Гэргий хүүхдээсээ хагацахуй" шүлгийн тухай


Д.Нацагдорж "Гэргий хүүхдээсээ хагацахуй" шүлгээ хэдэн онд бичсэн бэ? Хагацахаасаа өмнө бичсэн үү, дараа бичсэн үү? Шүлгийн нэрийг "Гэргий хүүхдээсээ хагацахуй" гэж бодох зөв үү? Ер нь Нацагдоржийн цаасан дээр буулгасан шүлэг, бидний мэддэг шүлгийн хооронд огт зөрөө байхгүй гэж итгэж болох уу? зэрэг асуултын хариуг Япон улсын Сэйсэн Жёгакүин их сургуулийн ректор, монгол судлаач эрдэмтэн Шибаяма Ютака багшийн өгүүллээс олж авахыг хүсье. Тэгээд нэгийг бодож нөгөөг эргэцүүлнэ биз ээ...

Шибаяма Ютака
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Монголын уран зохиолд канон тогтсон асуудал:
Д.Нацагдоржийн “Гэргий хүүхдээсээ хагацахуй” шүлгийг шинжлэх нь

Оршил

Канон (canon) гэдэг ойлголт нь сургууль, боловсролын хөтөлбөрт ашиглах зориулалт бүхий хүлээн зөвшөөрөгдсөн текст (text), мөн хэлэлцэн тайлбарлах хийгээд даган дуурайхад зохистой хэмээн бүх нийтээрээ ойлгож хэвшсэн текстийг хэлдэг. Эдүгээ канон бүрэлдэж тогтсон явцыг Зүүн Азид орчин үеийн үндэстэн улс бүрэлдэж бий болсон асуудал болон уран зохиолын асуудал болгон авч үздэг юм (*1) .

Д.Нацагдоржийн хувьд, зохиол бүтээл хийгээд зохиолчийнх нь тухай ойлголт нийгэмд бүрэлдэж тогтсон явц бол тэр чигээрээ Монголд канон тогтсон явцтай нийцэж байсан болно. Түүний дийлэнх бүтээл өөд болсноос нь хойш Монгол улсад хэвлэгдсэн зохиолын түүврээр дамжин олон нийтэд хүрсэн юм. Зохиолын түүвэр гаргахын тулд зохиолыг нь гар бичмэлээс хэрхэн текстэнд шилжүүлсэн бэ гэдэг асуудал буюу гар бичмэлийг текст болгох явц нь Монголын үндэстний төрт-улс (nation-state) болон уран зохиол хоёрын харилцааг тусган харуулах толь болно. Тийм учир Нацагдорж болон канон тогтох явцтай холбоотой асуудал нь Нацагдорж судлал хийгээд Монголын уран зохиолын түүх хоёрын аль алиных нь хувьд нь маш чухал судалгааны сэдэв билээ.

Энэхүү өгүүлэлдээ миний бие “Гэргий хүүхдээсээ хагацахуй” хэмээх шүлгээр дамжуулан Нацагдоржийн гар бичмэл хэрхэн текст болж, хэрхэн канон болсон тухай эргэцүүлэхийг зорив.

1. “Гэргий хүүхдээсээ хагацахуй” шүлгийн текст болон гар бичмэл

Нацагдоржийн дийлэнх бүтээл нь гар бичмэл байдлаар хадгалагдан үлдсэн юм. Тийм учир амьд байхад нь хэвлэгдсэн 1935 оны шүлгийн түүврийг эс тооцвол Нацагдоржийн зохиолыг редакторлож хэвлэхийн тулд юуны түрүүнд гар бичмэлийг нь текстэнд шилжүүлэх буюу бичгийн текст болгох хэрэгтэй байв. Мөн 1945 оны монгол бичгээр хэвлэгдсэн түүврийг эс тооцвол өөд болсноос нь хойш Монгол улсад хэвлэгдсэн зохиолын бүх түүвэр нь кирил үсгээр хэвлэгдсэн учир монгол бичгээр бичсэн гар бичмэлийг нь кирил үсэгт хөрвүүлж буулгах хэрэгтэй байв. Дашрамд, Нацагдоржийн Өвөр Монголд хэвлэгдсэн зохиолын түүвэр нь хэдий монгол бичгээр бичигдсэн ч 1955 оны кирил үсгээр хэвлэгдсэн түүвэрт тулгуурлаж байсан учир кирил үсгийн нөлөө ихтэй түүвэр болсныг дурдах хэрэгтэй.

Нацагдоржийн бичгийн болон ярианы хэл хосолсон уран бүтээлийг ярианы хэлэнд суурилсан бичгийн систем буюу кирил үсгийн зөв бичих дүрмийн дагуу буулгах ажил нь угтаа бол нэг ёсны орчуулга байсан гэхэд хэтрүүлэг эс болно. Нацагдорж 1933 оны Засгийн Газрын шийдвэрийн дагуу латин үсэгт шилжих ажилд гар бие оролцон зүтгэж байсан боловч түүний уран бүтээл өөд болсноос нь хойш хэдхэн жилийн дараа гэнэт шийдэгдсэн кирил үсгээр канончлогдсон нь нэг бодлын хувь заяаны тоглоом гэлтэй. Мөн эдүгээ монгол хүн бүрийн мэддэг Нацагдоржийн бүтээл нь монгол бичгээр бичигдсэн эхээсээ ямарваа нэгэн хэмжээгээр зөрөөтэй бөгөөд ном, сурах бичгийн хэл буюу кирил үсгийн зөв бичих дүрмийн дагуу буулгасан текст болохыг санах хэрэгтэй.

Кирил үсгээр буулгасан текст болон гар бичмэл хоёрын хоорондох харилцаа хамаарлыг мэдэхийн тулд “Гэргий хүүхдээсээ хагацахуй” гэдэг нэрээр олноо танил болсон шүлгийг энэхүү өгүүлэлдээ шинжлэхийг зорив.





Энэ шүлгийг Нацагдоржийн 1945, 1955 оны түүврүүдэд оруулаагүй бөгөөд 1961 оны түүвэрт анхлан багтааж, ардчиллаас хойш хэвлэгдсэн 1996 оны түүвэрт ч мөн оруулсан байна. Юуны түрүүнд 1996 он (зүүн багана) болон 1961 онд (баруун багана) (*2) хэвлэгдсэн шүлгийн хоёр хувилбарыг харьцуулж үзье (мөр бүрийг миний бие дугаарласан болно).


1996 он
1961 он
1
Нимгэн зөөлөн зүрхэнд минь
1
Нимгэн зөөлөн зүрхэнд минь
2
Ширүүн хур асгарна
2
Ширүүн хур асгарна.
3
Миний гүн зовлонг
3
Миний гүн зовлонг
4
Хэн хэрхэн мэднэ
4
Хэн хэрхэн мэднэ,
5
Эцэг эх хоёулаа,
5
Эцэг эх хоёулаа,
6
 Энхрий охинтой гурвуулаа
6
 Энхрий охинтой гурвуулаа
7
 Эндүүрч хоомгойдож бодвол,
7
 Эндүүрч хоомгойдож бодвол,
8
 Энэ гурвуулангийн зовлоон.
8
 Энэ гурвуулангийн зовлоон,
9
Сэтгэлийн мянган зовлонг
9
Сэтгэлийн мянган зовлонг
10
Сэргээх юмгүй юм гэж үү?
10
Сэргээх юмгүй гэж үү?
11
Сар шиг охиноо ширтэж,
11
Сар шиг охиноо ширтэж,
12
Санааны чамайгаа гайхна
12
Санааны чамайгаа гайхна.
13
 Ганц охиноо бодоход
13
 Ганц охиноо бодоход
14
 Хайрлах сэтгэл ундарна
14
 Хайрлах сэтгэл ундарна.
15
 Гаслант орчлон ийм тул
15
 Гаслант орчлон ийм тул,
16
 Хаанаас түүнийг тусална
16
 Хаанаас түүнийг тусална.
17
Хайртай амраг хурц аа!
17
Хайртай амраг хурц аа!
18
Хагацах өдөр бас буй
18
Хагацах өдөр бас байжээ!
19
Хоёр сэтгэл гаравч,
19
Хоёр сэтгэл гаравч,
20
Гурван зүрх хайчлагдахгүй
20
Гурван зүрх хайчлагдахгүй,
21
 Миний нэгэн сэтгэл
21
 Миний нэг сэтгэл,
22
 Чиний хатан санаа
22
 Чиний хатан санаа
23
 Охины төрөлх мэдрэл
23
 Охины төрөлх мэдрэл
24
 Хэн нь хэзээ түрүүлнэм
24
 Хэн нь хэзээ түрүүлнэ?


Энэ хоёр текстийн хооронд шүлгийн мөрийн доор зураас зурж тэмдэглэсэн агуулгатай холбоотой 4 зөрөө, мөрийн дугаар доор давхар зураас зурж тэмдэглэсэн цэглэлтэй холбоотой 11 зөрөө байна. Гэвч аль аль нь нэг л гар бичмэлийг кирил үсэг рүү хөрвүүлж буулгасан текст юм. Үүнийг “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн (цаашид “МУШУА”) Хэл зохиолын хүрээлэнгийн утга зохиолын тасагт хадгалагдаж буй бичмэл эхээс буулгасан” хэмээн аль алиных нь тайлбарт бичсэн байгаа нь нотолно.

Шүлгийн эхийг эдүгээ МУШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн архивд 00604 дугаарын доор хадгалж буй бөгөөд зохиолч шүлгээ дэвтэр, захианы цаасыг бодвол арай том хэмжээний зураасгүй дан цаасан дээр (бичгийн хэрэглээнд зориулагдаагүй цаас байх магадлал өндөр) бичээд эвхэж нугалаа юу даа гэмээр гар бичмэл ажээ. Шүлгийн 4 мөрийг 1 шад (stanza) болгоод, шад бүрийг ялгагдахуйц хэмжээний зай авч цэнхэр бэхээр бичсэн байна. Цаасны урагдаж үнгэгдсэн хэсэг нь бичиггүй боловч нугалсан хэсгээрээ нэлээд хуучирсан учир ирээдүйд бичиг нь гаргагдахгүй болж эх бичмэл үрэгдэх аюул буй. Энэхүү өгүүллийг бичихдээ миний бие 2005 онд скандсан тоон дата (digital data) ашигласан болно.

  • Гар бичмэлийн 10-р мөрийг харахад 5 үгээр бичсэн бөгөд “юмгүй”-г монгол бичгийн дүрмийн дагуу “yagum-a ugei” гэж үгүйсгэх нөхцөлийг тусад нь бичсэн байна. Тийм учир энэ мөрийг кирил үсгийн зөв бичих дүрмийн дагуу 4 үгээр буулгасан 1961 оны хувилбар нь зөв буюу эх бичмэлдээ “үнэнч” юм.
  • 18-р мөрийн тухайд, гар бичмэлийн сүүлийн үйл үг нь бичгийн хэлний “буй” учир 1996 оны хувилбар нь зөв буюу гар бичмэлд “үнэнч” байна.
  • 21-р мөрийн “нэгэн сэтгэл” хийгээд “нэг сэтгэл” хоёрыг адил гэж болно. Бичгийн хэлэнд тооны дараа нэр үг орсон байвал “нэг” биш “нэгэн” гэж бичдэг ч 1961 оны хувилбар нь ярианы хэлэнд нэр үгийн өмнөх тооны “н”-ийг эс хэлдгийг тусгасан кирил үсгийн зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн байна.
  • 24-р мөрийн сүүл буюу үйл үгийн төгсгөл нь гар бичмэл дээр “m”-ээр төгсөж байна. Үүнийг 1961 оны хувилбарт “түрүүлнэ” гэж бичсэн боловч одоо, ирээдүйн цагийн төгсөх нөхцөл буюу “mui”, “mu”-ээр төгсөөгүй учир “түрүүлнэм” гэж буулгасан 1996 оны хувилбар нь гар бичмэлдээ үнэнч юм. Гэхдээ гар бичмэлд байгаа асуултын тэмдгийг хадгалснаар 1961 оны хувилбар нь цэглэлийн хувьд үнэнч байна.
  • Гар бичмэлд цэг, таслал хоёрыг нэг тэмдэг буюу цэгээр илэрхийлсэн байна. Тийм болоод ч тэр үү, кирил үсэг рүү буулгахдаа цэг тавих газар таслал тавьж, таслал тавих газар цэг тавьсан явдал ажиглагдана. Мөн 5, 7, 11 зэрэг мөрийг харахад гар бичмэл дээр цэглэлийн тэмдэг байхгүй атал 1961, 1996 оны аль аль хувилбар нь таслал зохиож тавьсан байна. Харин 6-р, 22-р зэрэг мөрийн ард зохиолч таслал тавьсныг эсрэгээр орхигдуулсан байна.

Ерөнхийдөө ихэнх монгол уншигчдын хувьд 1996 оны хувилбартай харьцуулахад 1961 оны хувилбар илүү таалалд нийцэж, ярьж дассан ярианы хэлбэрт дөхөм санагдах болов уу. Тийм учир 1996 оноос хойш хэвлэгдсэн зарим түүвэрт 1961 оны хувилбарыг ашигласан биз ээ. Ер нь 1961 оны хувилбар нь кирил үсгээр бичигдэх орчин цагийн монгол хэлний дүрэм журмыг чухалчилсан юм. Харин 1991 оны хувилбараас шүлгийн эхийг монгол бичгээр бичсэн болохыг тусган харуулах эрмэлзэл ажиглагдана.

Уламжлалт монгол бичигт хандах энэхүү хандлагын ялгаа нь канончлох зорилгын ялгаанаас үүдэлтэй гэж болно. Кирил үсэгт шилжсэнээр эртний уламжлалыг шинэчилж, үндэстний соёлын шинэ өнцөг бий болгосныг дөвийлгөх хэрэгцээ байсан учир Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үед бүх нийтийн боловсролын стандартыг чухалчлах сэтгэлгээ давамгайлж монгол бичигт албан ёсоор “хуучин бичиг” гэж хандах хэрэгтэй байв. Харин кирил бичигт тулгуурласан бүх нийтийн монгол хэлний сургалт тодорхой үр дүнд хүрсний дараа өрнөсөн ардчилал, Оросын нөлөөнөөс гарахыг зорьсон 90-ээд оны нийгмийн нөхцөл байдлын дунд монгол бичиг хийгээд уламжлалт бичгийн хэл нь эргүүлэн сэргээх ёстой үндэстний хэм хэмжээний үүрэг гүйцэтгэж байсан болно. Гэхдээ аль аль нь утга зохиолын хэлний хэм хэмжээг асуудал болгон чухалчилж байснаараа адил юм. Энэ нь 10-р мөрийн асуултын тэмдэгт хэрхэн хандаж, хэрхэн шийдэж буйгаас илэрхий байна (зураг 1).



Зураг 1-ийг харахад гар бичмэлийн 10-р мөрний төгсгөлд зохиолч дараалсан гурван асуултын тэмдэг тавьсан нь хэний ч нүдэнд илт. Шүлгийн сүүлийн мөрийн төгсгөлд ч асуултын тэмдэг байгааг 1996 оны хувилбар үл тоож орхигдуулсан бол 1961 оны хувилбарт асуултын тэмдгийг тавьсан байна. Гэхдээ шүлгийн сүүлийн мөрийн ард нэг л асуултын тэмдэг байгаа юм. Тиймээс 10-р мөрийн төгсгөлд байгаа гурвын гурван асуултын тэмдгийг зохиолч зориудаар тавьсан хэрэг юм.

Ардчиллаас хойшхи Нацагдоржийн анхны түүвэр буюу 1996 оны түүврийг хэвлэхийн тулд тэр үе хүртэлх арга барилыг бодвол илүү няхуур, илүү нарийн хандаж, эх зохиолыг аль болох гуйвуулахгүйгээр илүү “үнэнч”-ээр текст болгоё гэх зорилго, эрмэлзэл байсан нь лавтай. Ийнхүү гар бичмэлийг үнэн зөвөөр буулгахыг зорьсон редакторын чиг бодлого байсан атал юуны учир асуултын тэмдгийг хасан цөөлж шүлгийн текстийг дур зоргоор өөрчилсөн бэ?

Нацагдоржийн зохиол нь түүний бичсэн монгол бичгээр канон болоогүй, ард олныг соён гэгээрүүлэх хэрэгсэл болсон кирил үсгээр канончлогдсон юм. Энэ нь 1996 онд ч өөрчлөгдөөгүй хэвээр байв. 1996 оны түүвэр нь тэр хүртэлх Монголын уран зохиолын канон бүтээх явцад чиг баримжааны өөрчлөлтийг үзүүлсэн юм. Хэдий тийм боловч олон нийтэд зориулж Нацагдоржийн бүтээлийг байгаа эхээр нь буюу монгол бичгээр хэвлэж хүргээгүй болно. Мөн 1996 онд ч редакторын бодлого нь Нацагдоржийн гар бичмэлийг ямар ч өөрчлөлт засваргүй тэр чигээр нь буулгаж хэвлэх бус, бичгийн хэв маягийн шинэ хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн буулгах явдал байжээ.

Гар бичмэлд тодоос тод бичсэн “???” буюу гурван асуултын тэмдгийг 1996 оны түүвэрт каноны хэм хэмжээ талаас дүгнэхэд харш гэж үзэн хассан байна. Гэхдээ хэм хэмжээ нь зөвхөн зөв бичихийн дүрмээр тогтоогүй бөгөөд шүлгийн агуулгатай ч холбоотой байсан болно.

2. “Гэргий хүүхдээсээ хагацахуй” шүлгийн бичсэн он

Хэм хэмжээний үүднээс хөндлөнгөөс оролцсон явдал нь өмнө өгүүлсэнчлэн шүлгийн текстээр үл тогтоно. 1961 оны түүвэр ч 1996 оны түүвэр ч “Гэргий хүүхдээсээ хагацахуй” шүлгийн ард бичсэн оныг “1936” гэж тавьсан байна. 1996 оны түүврийн төгсгөлд зохиолч гарт бичмэлдээ “1936 оны 7 сарын 23” гэж бичсэнийг ч дурдсан байна (*3). Өдий хүртэл миний бие болон бусад олон судлаачид шүлгийн энэ огноонд эргэлзэж байгаагүй билээ. Учир нь энэ шүлгийн агуулгыг Нацагдоржийн амьдралд тохиолдсон үйл явдалтай холбож ойлгодог бөгөөд тэрхүү үйл явдал хэзээ болсныг он цагаар хөөж эргэцүүлэхэд, шүлэг 1936 онд бичигджээ гэж үзэхэд асуудалгүй байсан юм. Үйл явдал гэдэг нь гэргий Нина, охин Ананда Ширитэйгээ хагацсан явдлыг хэлнэ. Нацагдорж тэдэнтэйгээ 1935 оны сүүл, 1936 оны эхэн үед хагацсан нь мэдэгдэж буй учир 1936 оны 7 сард бичсэн шүлэг гэж үзвээс амьдын хагацалд унасан эхнэр, охин хоёроо үгүйлж бичсэн шүлэг гэж дүгнэх нь зүйн хэрэг биз ээ (*4) .

Гэвч элдэв бодлыг орхин гагцхүү гар бичмэлийг сайтар ажиглах аваас өөр нэгэн магадлал харагдах болов уу (зураг 2).


Бичмэлийн нугалаас хэсэг элэгдэж хуучирсан учир хоёр оронтой тоогоор бичсэн өдрийн хоёр дахь тоог гаргахад хэцүү боловч “23/VII” буюу 7 сарын 23 гэдэг нь алдаагүй мэт санагдана. Харин түрүү өгүүлсэн Нацагдоржийн амьдралтай холбоотой үйл явдлыг үл бодон гагцхүү зургийг харах аваас, бичсэн он нь 1936 биш 1935 гэж уншигдах бус уу? Азаар, Нацагдоржийн тэмдэглэлийн дэвтэр өвлөгдөн үлдсэн юм. Энэ дэвтрийн тухай Ч.Жачины судалгаа байдаг бөгөөд бүрэн эхээр нь дижиталд хэлбэрт шилжүүлж хадгалсан дижитал дэвтэр ч бий (*5) . Нацагдоржийн бичгийн хэвийн онцлогийг дэлгэж харуулсан учир энэхүү дэвтрийг түүний бичгийн хэвийг таньж мэдэх түлхүүр болгон ашиглаж мөн болно. Жишээ нь, дэвтрийн энд тэнд төрөл бүрийн тоо бичсэн байна (зураг 3).


3-р зургний тоо буюу 55-аар эхэлж 65-аар төгсөх араб тоон дарааллыг харахад Нацагдорж 5-ын тоог бичихдээ япон хэлний “く” үсэгтэй төстэйгээр булангийн хэсгээс түрүүлж бичээд хөндлөн зураасыг сүүлд тавьдаг байсан нь харагдана. Мөн үзгээ дэвтрээс салгалгүй нэгэн бичилтээр 5-тын тоог бичих тохиолдолд зохиолч дугуй хэсгийг бичиж дуусангуутаа үзгээ өөдөө гулсуулж хөндлөн зураасыг нэгэн зэрэг татаж байгаа нь 58-ыг хэрхэн бичсэнээс нь харагдана. Шүлгийн гар бичмэлийн сүүлийг тоо 65-ыг харахад хамгийн лав бөгөөд тод бичсэн нь булангийн “く” үсэгтэй төстэй хэсэг юм. Мөн Нацагдорж 6-ийн тоог зүүн дээд өнцгөөс бичиж эхлэн тойргоор зангиддаг байсан бөгөөд тойрог нь зүүд доод хэсгээрээ тасрах явдал хэрхэвч үгүй. 6-ийн тоог засаж бичих тохиолдолд ч бичгийн энэ хэв нь өөрчлөгдөхгүй хэвээр байна (зураг 4).


4-р зургийн 75-аас 78 хүртэлх тоон эгнээг харахад, шүлгийн гар бичмэл дээрх 5-ын тоог бичих үед 75-тай төстэйгээр үзэг нь цаасны нугалаас хэсэгт хальтирсан гэж үзэж болох болов уу. Мэдээж, 5-ын тоо бичиж эхлээд 6 болгож зассан гэж маргаж болох ч 76-ийн 6-ааг хэрхэн зассаныг харахад гар бичмэл дээрх сүүлийн хоёр тоог 36 гэж унших нь зохиолчийн бичгийн хэвийн зүйд нийцэхгүй (unnatural) бөгөөд хүчилсэн мэт санагдана.

Энэ шүлэг 1936 онд бичигдсэн гэх тогтсон үзлийг эдгээр баталгаанд үндэслэн бүрмөсөн үгүйсгэх аргагүй байж мэднэ. Гэхдээ ямар ч байсан 1935 оны бичигдсэн байх магадлалтайг эргэцүүлж үзэх хэрэгтэй болов уу.

Цаашилбал, ер нь Нацагдорж бичсэн шүлгээ өөрийн биеэр “Гэргий хүүхдээсээ хагацахуй” гэж нэрлэсэн үү? Хөх бэхээр бичсэн шүлгийн эхэнд нэрийг нь чернилэн ягаан өнгийн харандаагаар сулхан бичсэн харагдана (зураг 5).


Мөн шүлгийн төгсгөлд улаан өнгийн харандаагаар далайцтай таталж бичсэн тайлбар (comment) байна (зураг 6).



Үүнийг Нацагдорж өөрөө бичсэн эсэхийг дүгнэхэд хэцүү ч гэлээ зарим үсэг нь түүний бичгийн хэвтэй дүйцэж буй юм. Харин чернилэн ягаан харандаагаар бичсэн шүлгийн нэр улаан харандаагаар бичсэн таталбараас тэс ондоо сэтгэгдэл төрүүлнэ. Нацагдорж шүлгийнхээ нэрийг ихэнхдээ хашилтанд хийж бичдэг байв. Засаж янзалсан тохиолдолд ч хашилтанд хийх нь олонтаа байж (*6) .

Тиймээс чернилэн ягаан редакторын харандаагаар шүлгийн нэрийг хэн, хэзээ бичсэнийг лавтайя мэдэх аргагүй ч гэлээ, ямар ч байсан Нацагдорж шүлгээ бичихдээ өгсөн нэр биш гэдгийг баттайя хэлж болно. Түүнчлэн энэ шүлгэнд “гэргий” гэх үг байхгүйгээс гадна “охин” гэдэг үг байх ч “хүүхэд” гэх үг алга байна.

Улаан харандаагаар бичсэнийг 1996 оны түүвэрт тайлбарласнаар “Мунхаг барал хэмээгч орчлонт ертөнцийн эрлэг” гэж кирилээр буулгаж болно. Үүнийг хэн бичсэн нь үл мэдэгдэх боловч хэн ч байлаа гэсэн, шүлгийн сэдэв нь Нина, Ананда Ширитэй хоёртойгоо хагацаж салсан зовлон бус, эр хүний эргэлзээт байдал хэмээн дүгнэсэн ажээ.

1961 оны түүврийг бүтээгчид 18-р мөрийн “буй”-г “байжээ!” болгож өөрчлөхдөө зохиолч 1936 онд эхнэр, охин хоёроосоо үүрд хагацсаныг мэдэж байсан учир амьдралынх нь тэрхүү баримтыг урьтал болгон үйл үгийн цагийг өөрчилснөөр үл барам таслалыг анхаарлын тэмдгээр сольжээ. Энэ нь, гар бичмэл дээрх огноо 1930 гэж буй атал судлаач Б.Содном “Харанхуй хад”-ыг Нацагдорж 1936 онд бичсэн гэж маргаж байсныг санагдуулна.

1996 оны түүвэрт 18-р мөрийн үйл үгийн цагийг хэдий зассан боловч шүлэг 1936 онд бичигдсэн гэж тайлбарлах аваас зохиолч эхнэр хүүхэдтэйгээ хагацаж салсны учир энэлэн шаналж, эргэн уулзахыг мөрөөдөж бичсэн шүлэг гэх үзэл цааш залгамжлагдана. Гэвч зохиолч 1935 оны зун эхнэр охин хоёртойгоо хамт байхдаа, хагацаж салаагүй үедээ бичсэн шүлэг гэвэл шүлгийн агуулга ч өөрөөр бууж ойлгогдоно. Амьдын хагацлын түмэн зовлонг амсаж, ахин уулзахыг мөрөөсөж бичсэн шүлэг биш гурвын гурван асуултын тэмдэг илэрхийлж буйгаар, охин үртэй эцэг хүний сэтгэлийн зовнил, эргүү мунхаг эр хүний эргүүлэг тавиланг эдэлж явааг илэрхийлсэн шүлэг ч байж магад. 12-р, 22-р мөрийн “чи” нь хэн бол, 17-р мөрийн “хайртай амраг” нь хэн бол гэх мэт чөлөөтэй ургуулан сэтгэх зам нээгдэнэ.

Гэвч ийнхүү чөлөөтэйгээр төсөөлж бодох боломж нээгдвэл Нацагдоржийн канончлогдсон уран бүтээлд ёс суртахууны хэм хэмжээний үүднээс өгсөн үнэлгээнд өөрчлөлт орох болно. Тийм учир 1996 оны түүврийг бүтээхдээ асуултын тэмдэг хийгээд анхаарлын тэмдгийг хэрхэн шийдсэн бэ гэдэг нь зөвхөн зөв бичих дүрмийн асуудал бус, каноны хувьд шүлгийн агуулгыг хэрхэн ойлгох вэ гэдэг асуудалтай ч холбоотой байсан юм.

3. Канонизаци хийгээд гар бичмэлийг шинээр унших нь

Бүгд Найрамдах Монгол Ард Улс хийгээд өнөөгийн Монгол Улс дахь Нацагдоржийн үнэлгээний хооронд онц том ялгаа үгүй. Ямар үнэлгээ вэ гэдэг нь МУШУА-аас гадаад хүмүүст зориулж англи хэлээр гаргасан “Information Mongolia”-ийн дараах тайлбараас илэрхий:

“D. Natsagdorj (1906-1937), founder of the new Mongolian literature, was nurtured as a child on the literary oral tradition. In this lies the secret of his very popular and genuinely national poetry, which is always imbued with the ideas of the popular revolution and spirit of the period. The most vivid example is his immortal poem "My Motherland" in which he glorifies Mongolia - old, but born anew (*7) .”

Дээхэн, англи судлаач ийнхүү бичиж байсан удаатай (*8) :

“Natsagdorj, one of the young people who studied in Germany in the 'twenties and who has been built up since his death in 1937 into the founder of modern Mongolian literature.”

Гэвч ийнхүү бичсэн Бодэн хүртэл Монголд Нацагдоржийн бүтээл каноны байр суурьтайг үл тоомсорлож эс чадсан бөгөөд Монголын уран зохиолын түүвэртээ “modern short story”-ийн жишээ болгон Нацагдоржийн ганц өгүүллэг багтаасан нь “Ламбугайн нулимс” байв (*9) . Япон зэрэг гадаадын олон оронд Нацагдорж бол “орчин цагийн Монгол улсын уран зохиолыг үндэслэгч” бөгөөд зохиол бүтээлийг нь зохиогчийнх нь байр сууринд нийцэх хэмжээнд зохих ёсоор хүндэлж, канон хэмээн ханддаг.

Миний бие өөр нэгэн өгүүлэлдээ Нацагдоржийн үнэлгээ бүрэлдэж тогтсон явцын тухай тодорхой өгүүлсэн бөгөөд ерөнхий агуулгыг нь дараах маягаар товчхон хураангуйлж болно (*10) :

1950-ад оны үед нийт хүн амын бичиг үсэг тайлагдсан байдал сайжирч орчин цагийн уншигч бий болсноор БНМАУ-ын улс ардын боловсрол нь “улсын уран зохиолын түүх”-тэй байх хэрэгцээтэй тулгарч, мөн түүний үндэслэгчийн үүргийг үүрэх зохиолч хэрэгтэй болов. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзахад, Монголын орчин үеийн утга зохиолд хувь нэмрээ оруулсан хүмүүс дундаас тааламжгүй зохиолчдыг хасах шаардлага байсан учир улс төрийн өнгө харьцангуй бага Нацагдоржид тэрхүү том үүргийг үүрэх хувь ногдсон юм.

1960-аад оны дулаарлаас үүдэн Монголд үндсэрхэг үзэл өрнөх хандлагатай байсанд ЗХУ-ын зүгээс хөндлөнгөөс хүчтэй оролцсон учир “Монголын уран зохиол”-ын тухай ярих үед үндэстний элементийг дөвийлгөхийг маш хатуу хязгаарласан болно. Мөн Нацагдоржийг Оросын болон ЗХУ-ын уран зохиолтой холбоотойгоор өндрөөр үнэлсэн бөгөөд чингэхдээ Нацагдоржийг Горький биш Пушкинтэй зүйрлэсэн билээ.

1980-аад он болж уран зохиол судлалд текст шүүмжлэлийн арга нэвтрэхэд зохил бүтээлийг нь өөрчилсөн асуудал ил гарч Нацагдорж “тэкстээ алдсан зохиолч”-ийн бэлгэ тэмдэг болов. Тэр нь цаашдаа үндэсний эрх чөлөө зэрэг ардчиллын асуудалтай холбогдсон юм.

Уран зохиолын мөн чанарын (literariness) тухай хэлэлцэх тохиолдолд “уран зохиолын үндэслэгч”-д үндэсний уламжлал болон орчин цагийн уран зохиолын хэм хэмжээ болох өрнийн уран зохиол хоёрыг холбох үүрэг ногдож байв. Тиймээс “социалист реализмын анхдагч” зэрэг улс төрийн шинж чанартай дүгнэлт хэллэгээс гадна, “өрнөдөд сурч боловсрон” үнэ цэнийг нь хүлээн авсан шинэчлэгч (modernist) байхын зэрэгцээ ардын аман зохиолын арга барилыг уран бүтээлдээ өргөнөөр ашигласан уламжлалт ёсоо даган баримтлагч (traditionalist)” гэх үзэл, мөн Монголын уран зохиолын түүхэн дэх цоо шинэ үзэгдэл буюу нэгдүгээр биеэс өгүүлэх зохиол бичсэн Нацагдоржиийн бүтээлээс романтизмын хандлага хайх үзэл ч гарч ирсэн юм.

Зөвлөлт Оросын улс төр, соёлын хавчлагаас мултарсан 1990-ээд оны үед Нацагдоржийн зохиол бүтээлийн үнэ цэнэ, утга учир нь социалист хэм хэмжээнээс үндсэрхэг үзлийн (nationalism) хэн хэмжээ рүү шилжин өөрчлөгдсөн ч Монголын уран зохиолын канон гэж үзэх байр сууринд өөрчлөлт ороогүй болно. Ийнхүү үйл явцын (process) үр дүнд Нацагдоржийн үнэлгээ үл ганхах бат бөх байр суурьтай болж түүний зохиол бүтээлийг монголчууд үндсэн үзлийн (foundational) үүднээс хүлээж авах болсон гэж болно.

Японы уран зохиолд канон тогтох явц “япон шинж”-ийн тодорхойлолттой холбоотой байсны адилаар Монголын уран зохиол дахь канон тогтох явц ч “монгол шинж”-ийн тодорхойлолттой холбогдоно. Тиймээс ч Монгол улс болон олон монгол угсаатны улс төр, нийгмийн нөхцөл байдлыг авч үзэхэд Нацагдоржийн тухай хэвшсэн үнэлгээнээс зөрнө гэдэг судлаач хувь хүний ижилсэлтэй (identity) холбоотой эмзэг асуудал бөгөөд конструктивизмаас (constructivism) эсрэг байр суурьнаас ярьж хэлэлцэхэд хэцүү байсан болов уу.

Гэвч канон бүрэлдэн тогтох явц гэдэг эцэс төгсгөлгүй процесс юм. Канончлогдсон текст үнэлгээ шинэчлэгдсэний үр дүнд каноноос хасагдаж магад. Мөн каноноос хасагдсан текст дахин канончлогдож магад. Монголын уран зохиолын түүхэнд эхний тохиолдолын жишээ нь Сэнгээ бөгөөд удаах тохиолдлын жишээ нь Ядамсүрэн нар юм.

Эдүгээ монголын уншигчид шинэ эрин үед шилжин оров. Сайн ч муу ч даяарчлал гүнзгийрч буй өнөө үед монгол хүмүүсийн хүлээж авах соёлын хүрээ өмнөх үетэй харьцуулашгүй хэмжээнд хүрсэн болно. “Харанхуй хад”-ын тухай анкет судалгаа харуулж буйгаар, орчин үеийн уншигчдад текст хэдийнээ нээлттэй болжээ (*11) 。

Мэдээжийн хэрэг, Нацагдоржийн уран зохиолын үнэ цэнийг эрх баригч давхаргын хэрэгцээ шаардлага хангаагүй юм. Улс төр, нийгмийн тогтолцоо зэргээс огт хамааралгүйгээр, түүний уран зохиолыг нандигнан уншиж ирсэн хүмүүсийн хайр хүндлэл байсан учир зохиол бүтээл нь хойчийн үед өвлөгдөн үлдсэн болно. 21-р зуунд Нацагдоржийн бүтээлийн үнэ цэнийг лавлаж мэдэхийн тулд түүний текстийг төрөл бүрийн шалтгаанаар бий болсон үзэл суртлаас чөлөөлж, гар бичмэлийг нь байгаа байдлаар нь авч үзэх хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс Монголд ч байна. 2006 онд хэвлэгдэхээр төлөвлөж буй Нацагдоржийн 3 боть бүтээлийн түүврийн нэг ботид гар бичмэлийнх нь зургийг багтаана гэж дууллаа. Ийнхүү гар бичмэлийг шинээр унших явдал нь Нацагдоржийн зохиол бүтээлд шинэ гэрэл гэгээ тусгах нь дамжиггүй билээ.

Зохиол бүтээлийг нь хэвлэн түгэхээс гадна Нацагдоржийн гар бичмэлийг хадгалж үлдэхийн тулд нэн даруй хичээж эхлэх хэрэгтэй байна. Түүхийн нугачааг даван туулсан эртний болон дундад зууны үеийн эх бичмэлтэй харьцуулахад орчин үеийн гар бичмэлүүд чанар муутай цаасан дээр бичигдсэний улмаас он цагийн өөрчлөлтийг давахгүйн дээр урлагийн өв хөрөнгийн хувьд хадгалах объект болгоход хэцүү учир үрэгдэж алга болох аюулд нэрвэгдэнэ. Энэхүү өгүүлэлдээ авч хэлэлцсэн 00604 дугаартай гар бичмэл ч нэлээд элэгдэж хуучирсан учир үнэт мэдээлэл нь яваандаа алга болж магад байна.

Түүнчлэн Нацагдоржийн гар бичмэл судлалын үр дүнг илүү нарийн, илүү баялаг болгохын тулд гар бичмэлийг нь бусад олон судлаач болон уншигчдад нээлттэй болгох хэрэгтэй болов уу. Гар бичмэлийг хадгалах хийгээд олон хүмүүст нээлттэй болгох гэдэг нэг бодлын зөрчилтэй мэт санагдаж мэдэх ч энэ хоёр зорилгыг биелүүлэхийн тулд 2006 оны зун Олон улсын монгол судлаач эрдэмтдийн хурал дээр өгүүлсэнчлэн, гар бичмэлийг нь дижитал хэлбэрт шилжүүлэн хадгалах нь үр дүнтэй арга хэмээн бодно (*12) .

10 сард бурхан болсон Хорлоогийн Сампилдэндэв эрдэмтний Нацагдоржийн гар бичмэлийг хадгалж үлдэхийг хүссэн халуун сэтгэл, дижиталчлах ажилд үзүүлсэн туслалцаа дэмжлэггүйгээр энэхүү өгүүллийг бичиж чадахгүй байсан болов уу. Сампилдэндэв гуайд гүнээ талархан залбирахын зэрэгцээ ажил үйлийг нь залган үргэлжлүүлэх залуу хүмүүс Нацагдоржийн гар бичмэлийн судалгааг улам лавшруулан гүнзгийрүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлье.

-----------------------------------------------------------------------------------------------

 *1 Haruo Shirane “Canon Formation in Japan: Genre, Gender, Popular Culture, and Nationalism”, Ivo Smits, Michael Hockx ed. Reading East Asian Writing: The Limits of Literary Theory, London, 2005
 *2 Д.Нацагдорж Зохиолууд, УБ., 1961, тал 190-191; Дашдоржийн Нацагдорж Бүрэн Түүвэр, УБ., 1996, тал 195
 *3 Дашдоржийн Нацагдорж Бүрэн Түүвэр, УБ., 1996, тал 568
 *4 А.Очир, Г.Дашням Д.Нацагдорж: нийгэм, улс төр, эрдэм судлалын үйлс, амьдрал, УБ., 1996
 *5 Ч.Жачин Дашдоржийн Нацагдоржийн гар бичгийн судалгаа, УБ., 2006
 *6 БНМАУ-ын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Д.Нацагдоржийн гар бичмэл, УБ., 1988
 *7 Compiled and edited by the Academy of Sciences MPR, Information Mongolia: the comprehensive reference source of the People's Republic of Mongolia, Oxford, 1990, p.340
 *8 C. R. Bawden, The Modern History of Mongolia, London, 1968, p. 413
 *9 C.R. Bawden, Mongolian Literature Anthology, London, 2003, pp.813-816
 *10 Шибаяма Ютака, Д.Нацагдоржийн үнэлгээний тухай, Сэйсэн Жёгакүин Коллежийн судалгааны товхимол, No.17, 1998
 *11 Шибаяма Ютака “Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн тухай”, Монгол судлалын холбоо “Монгол судлал”, No.22, 2005 он
 *12 Yutaka Shibayama, “Digitalization of Natsagdorj’s Kharankhui Khad”, The 9th International Congress of Mongolists, Ulaanbaatar, 2006

Ашигласан ном, өгүүллийн жагсаалт:
  • Гар бичмэл, дугаар 00604 (МУШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн архив) 
  • Д. Нацагдорж Зохиолын түүвэр, УБ. , 1955 
  • Д. Нацагдорж Зохиолууд, УБ ., 1961 
  • Дашдоржийн Нацагдорж Бүрэн түүвэр, УБ., 1996 
  • Балдан Л., Оюн ухаанаараа сэтгэсэн ертөнцийг бүтээсэн хүн, УБ., 2002 
  • БНМАУ ШУА -ийн Хэл зохиол Хүрээлэн, Д. Нацагдоржийн гар бичмэл, УБ. , 1988 
  • Жачин Ч., Дашдоржийн Нацагдоржийн гар бичгийн судалгаа, УБ., 2006 
  • Лочин С., Д. Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд, УБ., 1984 
  • Очир А., Дашням Г., Д. Нацагдорж: нийгэм, улс төр, эрдэм судлалын үйлс, амьдрал, УБ., 1996 
  • Сампилдэндэв Х., Монголын уран зохиолын түүхийн зарим асуудал, УБ., 1998 
  • Содном Б., Д. Нацагдоржийн намтар зохиол, УБ., 1966  
  • Окада Казүюки, Монголын зохиолчдын эвлэлийн хагарал, Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хураангуй, No. 46, 1993 / 岡田和行「モンゴル作家同盟の分裂」(『東京外国語大学論集』46号、1993年 
  • Шибаяма Ютака, Д. Нацагдоржийн үнэлгээний тухай, Сэйсэн Жёгакүин Коллежийн судалгааны тойм, No.17, 1998 / 芝山豊「D.ナツァクドルジの評価をめぐって」(『清泉女学院短期大学研究紀要』第17号、1998年)