2008/12/27

Шинэ жилийн хүсэлт 2

  (үргэлжлэл)

  Туфль:
 
  Өндөр нам өргөн нарийнаараа ялгаатай ч та нар нэг нийтлэг дутагдалтай. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Тиймээс ажил албандаа яарсан ч, аальгүйтэж зургаан модын club-д бүжиглэсэн ч ижил дасал болсон sneakers шиг эвтэй зөөлөн байхыг хүсье. Тавиурын хамгийн доор байгаа муу sneakers –ийг өнгө үзэмжээр нь гололгүй туршлага судла л даа. Эс бөгөөс би туфлийн эсрэг компанит ажил эхлүүлэх зорилгоор Vogue, Cosmopolitan зэрэгт ажилд орчихно шүү.

  Түрсик:
  Та нараас юм юмыг хослуулах арга ухаанд суралцахыг хүснэм. Тодруулбал, үзэмж гоо үлэмжийн сайхан хэд нь нейлон химийн хийцтэй бөгөөд биед минь халтай, хартай бас тэгээд хатгаад байдаг. Зөөлөн, 100% даавуу, энэ биед энэрэлтэй хэд нь үзэх нүд битгий хэл өрөөний тавилга хүртэл гуньж гутмаар. Учир ийм тул бие, нүд хоёрын аль алинд нь баясгалан болж өөрчлөгдөхийг хүснэм.

  Хэл шинжээчид:
  Дээрхийг бичихдээ орос дуудлагаар трусики, монгол дуудлагаар түрсик, дээр үеийнхээр бандааж, дотоож, орчин үеийнхээр panties, underwear... аль дуудлага ямар хэлээр яаж бичихээ мэдэхгүй баахан бодож цаг гарздав. Хамгийн эхэнд ч гэсэн богоон, вагон хоёрын хооронд толгой гашилгав. Тиймээс эрхэм хэл шинжээчид ээ, монголоор ингэж тэгж бичнэ гээд нэг тийш нь шийдэж өгөөрэй (гэхдээ энэ дагавар маягийн сул гуйлт шүү, бусад нь биелж байвал энэ ч яахав)

  Эрчүүд:
  PC, soft, upgrade, update гээд IT чиглэлийн юм тайлбарлахдаа “Хөөрхий энэ муу яажшуу энэ хорвоод амьд явдагийм бол” гэсэн өрөвдсөн/ гайхсан/ доош нь хийсэн/ дооглосон харцаар намайг харахаа болихыг гүнээ хүснэм. За яах вэ, нүд гэдэг сэтгэлийн цонх гэл үү, удирдаж жолоодож болдоггүйм бол өрөвдөж харах OK, би тэвчье. Гагцхүү энэ чинь “IT биш ээ, IT гэж бүр нарийн нандин юмыг хэлнэ, миний тайлбарлаж байгаа юм бол хоол идэж уухтай адил амархан хялбархан, арван настай пацаан мэддэг зүйл...” гэж ирээд дэлдэн хоёр чихийг минь бүр илүү тодруулж, улаан ягаанаар туяаруулахыг больчихвол... бүсгүй би бүх эрчүүдэд бүрэн сэтгэлээсээ хайртай гээд бүрээ үлээхэд ч бэлэн байна.

  Хүүхнүүд: 
  Хүрээ хүүхнүүдээсээ хүсэх зүйл алга даа... ирэх жил ч гэсэн эгзэгийг нь тааруулж байгаад ээлжит хуралдаанаа хийж, хоол идэн коктейл уунгаа бүхний тухай жив жив, живэр авир болцгооё :)

  Өөр зөндөө олон хүсэл байх ч өөрийн хичээл зүтгэлээр яаж ийгээд болчих байх. Бяцхан биений чадал яахин аргагүй дутагдах юмны тухайд шулуун шударгаар шуудхан хэлсэн тул болгоон соёрхоно уу 

Шинэ жилийн хүсэлт 1

  Өдий наслахдаа өвлийн өвгөн ааваас өч төчнөөн л юм хүсч явлаа. Гэхдээ сүүлийн үеийн байдлаас харагдахад Сүрэн бүсгүй өвлийн өвгөн аавын листнээс хасагдсан бололтой. Эсвэл байдаг ч миний нэр хамгийн сүүл хэсэгт Arial2 фонтоор бичигдсэн байх (тэр нь сайхан хүхэнд атаархдаг цасан охины явуулга болов уу). Anyway, энэ жил би өвлийн өвгөн ааваас Сахарын цөлд өдөр өнжөөд, Монголын говьд гурав өнжөөд бороо оруулахыг л хүснэ. Харин өөрийн хүслээ 対象者 буюу хүссэн юм/зүйл/хүмүүс нарт шууд уламжлахаар шийдлээ.

  Богоон: 
  Өглөө оройны богоон та хоосон байвал би аягүй их баярлана. Ажилдаа цаг гаруй явахдаа гутлаа тайлж байгаад сайхан хажуулдаж унтана. Гэхдээ хоосон явах онцгүй бол эрч хүчтэй, илгээлтий эзэд шиг эрхэм үүргээ ухамсарласан, ажилдаа явж буйдаа баяртай (plus үл ялиг үнэртэй ус түрхсэн, гэхдээ үл ялиг!) залуус, бас яах вэ, надаас илүүгүй царайтай ганц хоёр хүүхэн тээж явдаг болохыг хүснэм. Дашрамд хэлэхэд яаруу сандруу гэрээс гарч, буудал өөд амьсгаадан гүйн очиж, ажилдаа амжих үгүй шийдэгдэх ЯГ тэр мөчид тав арван минутаар хоцордогоо шинэ ондоо төгсгөл болгоно уу.

  定期:
  Тэйки билет минь ээ, чамаас би “үргэлж чамтай, дандаа хамтдаа” гэдэг цорын ганц амлалт хүсч байнам. Хамгийн хэрэгтэй үед хаашаа ч юм алга болчихдог энэ муу зуршлаасаа салаарай. Ингэхэд, хэн хэдий хэрийн мөнгө төлж 6 сараар чамайг авдгийг мэдэж байна уу үгүй юу...

  Нойр:
  Sorry, чулуун зэвсэг гэж чамайг гутаагаад яах вэ (гашуун үнэнийг чихэрлэж хэлбэл хүн ч бай, юу ч бай хүлээж авдаг гэсэн), гэхдээ шуудхан хэлэхэд чи минь хүй нэгдлээрээ тууж явна. Шинэ эрин мянган эхлээд арваад жил болж байна хө. Хаа сайгүй пүүс компаниуд унаж дампуураад, аль эсвэл урагшилж давшлаад уухайлж байна. Энэ бүхний цаана юу байна гэж бодож байна? EFFICIENCY !!! Тиймээс нойр минь чи 1 гэж унтаад 5 гэж сэрэхэд авдгаа авчихсан байж, ажил дээр намайг эвгүй байдалд оруулахаа боличихвол аюулын ихээр талархах байна.

  Нүд:
  Ирмэх инээмсэглэх, өдөх өөлөх гээд та хоёр минь үүрэгт ажлаа тун чадамгай биелүүлдэгт хүүхэн би баяртай байдаг. Гагцхүү хаа явсан газар бэл бэнчин хүрэхгүй юм шохоорхож, хөөрхий намайгаа сэтгэл санааны гүн хямралд гүнзгий гэгч нь оруулдгаа л болих хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал бидний энэ найрсаг friendship нар сар хүртэл атаархам сайхан.

  (continued)

2008/12/18

Өвлийн өвгөн аавд гомдол мэдүүлж байна !

Энэ Өвлийн өвгөн аав, Дед мороз, Santa Claus гэгч өвгөн ер нь их өршөөлгүй хөгшин юмаа. Хүүхэд байхад л эвийлж бөөцийлж бөмбийлөөд чихэр жимс бэлэг өгч баярлуулаад . Харин тодорхой нас өнгөрөнгүүт “зиак, бүсгүй та миний хайртай хүмүүсийн list-ээс хасагдсаан хө” гээд тэнгэрээс газар өөд пид хийтэл өшиглөж унагаах нь тэр.

Өшиглүүлэн пад хийтэл газар унаснаас хойш шинэ жилийн маань хамаг зовлон эхэлсэн. Дурдвал, гэр орон цэвэрлэх (чи хөшиг угаах уу, би шал угаах уу, тоос хэн арчих вэ, тогоо хэн манах вэ), бэлэг сэлт зэхэх (хэнд хэзээ юуууууг ??), хоол унд бэлдэх (бодож бодож бясалгаж бясалгаж өнөөх л нийслэл салат, бууз, торт), гоёлынхоо даашинздаа багтатлаа турах, үсээ янзлах, хумсаа ургуулах ... гэх мэтээр тоолж баршгүй.

Гэхдээ эдгээр нь шинэ жилийн нэг “гайхал” –ын хажууд бол юууууууу ч биш. Ёстой юу ч биш, зүгээр л хүүхдийн тоглоом хүрэн бамбарууш шиг хөөрхөн “асуудлууд”.

Оны эцэс болонгуут л шинэ жилийн тэр гайхал дагуул чинь өвлийн өвгөн аавын дүр эсгэж байгаад “Энэ жил юу хийж юу бүтээв, юу амжуулж гийгүүлэв? Алив хөө, хэлээд аль, тоочих юм байна уу? Тоочдоггүймаа гэхэд нэрлээд аль! Нэрлэж хэлэх юм байна уу? Ааааааан, юу гэнээээээ? Ердөө л иймхэн юмуу?! Бүхэл бүтэн жил өнгөрч байхад уу... Юу бодож яаж амьдрахаараа хүн ийм байдаг байнаа...!” гээд л хөөрхий намайг асууж шалгааж лавлаж тавлаж тамлаж эхэлнэ дээ.

Энэ айхтар гайхлаас намайг чөлөөлж өгвөл мянган айлын орон гэрийг дуртайяааа бөгөөд Үнсгэлжингээс ч дутахааргүй цэвэрлэж өгье! Хоол ундыг нь хийж, гоёл моёлыг нь оёж өгье!

Бодоод байхнээ энэ өвлийн өвгөн аав хүүхэд байхын л онцгүй зантай баагий байж... Чихэр печени алим жимс гээд хамгийн гоё бэлгийг онц сайн сурсан үймүүлж дүрсгүйтээгүй хүүхдэд л өгнө гэж зарлаад л... нэг үгээр хэлбэл сурлага болон сахилга батаар ялгаварлан гадуурхагч байж дээ. Байж дээ ч гэж дээ, одоо ч гэсэн байсаар байгаа байх.

Хүүхэд ч бай, хүүхэн ч бай хүнээс заавал юм шаардаад байдаг, гавьяа бүтээл нэхээд байдаг... өвлийн өвгөн аав та хэцүүхэн хөгшин юмаа.

2008/12/08

30. Австрали, Мелбурн



Буцдаг бумеранг авчихаад зах дээгүүр нааш цааш холхиж байтал төөрсөөр төрөлдөө гэдэг билүү, будилж явснаа дуртай юмаа олчихдгийм байна. Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа гэдэг. Өдий болтол сайн хүн аятай хэрэгтэй хэрэггүй өч төчнөөн л юм өгүүллээ. Гэхдээ арваад хоног ямар мацаг барьж явсан биш хамгийн сүүлд жаал муу хүний яриа өрнүүлье.

Мелбурн хотоос үлдсэн нэг сайхан дурсамж гэвэл төрөл бүрийн бялуу торт, гөөхий зөөхий, печени жигнэмэг – энэ бүхэнд би нугасгүй билээ. Найзынхаа ээжийн хийж өгсөн scone идээд гайхсан гэж. Японд скон гэхээр онцын амтгүй, печени хийх гэж байгаад андуураад талх хийчихсэн юм шиг л санагддаг байсан. Тэгсэн үгүйм байна, ээж хүн өөрийн гал тогоондоо өөрийн гараар хийсэн scone шиг амттан үгүйм байна. Дээрээс ээжийн хийсэн гэрийн варени түрхэж иднэ гэдэг мммммм...  энэ хорвоод хүн болж төрсний нэгэн жаргал юм байна.

Зураг дээрхийг идээд жин хэд нэмсэнийг бүү асуугаарай, гэхдээ анхааруулж хэлэхэд Австрали явах төлөвлөгөөтэй бол жин нэмэх магадлал маш өндөр гэдгийг санаарай. Ингээд унжирч сунжирсан австралийн тэмдэглэлээ бялуу тортоор дуусгая. Дүгнэхэд олон сайхан хүнтэй учирсан, олон зүйл бодуулсан trip байлаа. Өдий хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа :)

29. Австрали, Мелбурн, Виктория зах


  

125 жилийн өмнө байгуулагдсан Виктория зах бол Мелбурн хотын түүхт цэгийн нэг. Захын хуучин барилга маш таалагдав. Open market маягаар ажилладаг, зарахгүй юм байхгүй, хүн хөл гэж жигтэйхэн – яг л манай Нарантуул зах шиг. Эндээс гурван залууд хэмжээ, хэлбэр, хийцээрээ ялгаатай гурван бумеранг бэлгэнд авав. Зарим худалдагч манай бумеранг буцаж ирнэ гээд, зарим нь жуулчдад зориулсан эд учир буцахгүй гээд, зарим нь шидэж үзээгүй тул мэдэхгүй гэж шууд үнэнээ хэлээд... сүүлдээ аль азтайнх нь буцах байх гээд зүгээр гайгүй харагдсаныг нь авчихсан.

2008/12/07

28. Австрали, Мелбурн, барилга байшин


  

  

Мэлбурн хотын байшин барилга их таалагдсан. Этний болон орчин үеийн төрөл бүрийн дизайн, өнгө хийц хосолсон байшин барилга харан явж байхад нэг мэдэхэд л өдөр өнгөрчихнө.
  

Хотын төвийн их барилгаас гадна иймэрхүү хөөрхөн хөөрхөн байшинтай, зай талбай ихтэй орон сууцны хороолол ч бас сайхан.

27. Австрали, Мелбурн, хүмүүс

Австралийн тэмдэглэл ийнхүү дуусах тийшээгээ дөхөж байна. Хамгийн сүүлд зочилсон хот бол Мелбурн байлаа. Хоёрхон хоносон тул танилцуулж бичих юм бага ч сайхан хүмүүстэй учрах азтай байлаа, тэдэн дундаас хоёрыг нь онцолж дурсвал:

1.Victoria market, орос өвөө

Маргааш буцах тул Victoria зах дээр жаал жуул бэлэг дурсгалын зүйл хайж явтал нас нэлээд явсан буурал "Японоос ирсэн үү?" гэж асууж байна. Үгүй гэтэл хятад уу, тайван уу, солонгос уу, малайзи уу, сингапур уу, вьетнам уу гээд ар араас нь асуух юм. Ихэнхи хүмүүс ганц хоёр орон тааж хэлчихээд хаанаас ирсэнийг асуудаг даа. Гэтэл энэ өвгөн бол амар замаар будаа иддэг нэгэн биш бололтой. Гэхдээ л сүүлдээ нэлээд гайхсан гэх үү, puzzled байртай аль улсаас ирсэн бүсгүй вэ гэж асуув.

Монголоос гэж хариултал юу болсон гэж санана :) Олон жил хайж сурагласан садан төрлөө олсон мэт баярлаж "Паа пэээ пөөө! Вот это да! Монголка!! Ийм юм гэж бас байдгаа! Хэзээ энд ирэв, нутгаасаа гараад удаж байна уу, Монголын байдал ямар байна, хүмүүсийн амьдрал сайн уу, за хүү минь яриад байгаарай – ну, давай доченька, рассказывай" гээд :)

Яриа өрнүүлтэл өвгөн буурал 1960-аад онд говьд нөгөө айхтар газар хөдлөлт болоход хэмжилт хийхээр ирж байсан гэнэ. Тэр үед юм гэдэг чанга байж, ах дүү социалист орнуудын холбоо бат байж. Нэгэн шөнө яг унтахын өмнө утас дуугарч дарга нь Монголд газар хөдлөлт болсон гэнэ, мэргэжилтэн хэрэгтэй гээд бараг л шөнийн дотор баг бүрдүүлж маргааш өглөөний онгоцоор Монгол уруу ниссэн гэсэн. Говийн хүмүүс, монгол хүмүүсийн тухай сэтгэлдээ их сайхан дурсгалтай явдаг нь асууж лавлалтгүй мэдэгдэж байлаа. Хамгийн сүүлд нь хүмүүсийн амьдрал, эдийн засгийн тухай асууснаа “Все у вас получится и экономика поднимется, все все будет хорошо. Счастья тебе милая” гэсэн нь санаанаас гаршгүй.

2.Үл таних нэгэн залуу.

Залуу бид хоёр нэг чиглэлийн автобусанд өөд өөдөөсөө харсан суудалд суугаад бараг 40 мин хамт явсан байх. Нүүр царайны өнгө байдлаас энэтхэг, непал, пакистан гаралтай гэмээр. Гэхдээ сайн санахгүй байна, цонхоор л голдуу харж явсан, маргааш харих тухайгаа бодоод. Залуу миний буудлаас нэг буудлын өмнө түрүүлж буусан юм. Буугаад цааш хэд алхсанаа гэнэт эргэж хараад нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохиж гараа даллаад :) Автобус өнгөрч байхад инээмсэглээд гараа даллан зогсч буй нь одоо ч гэсэнд сэтгэлд тод.

Анх австралид ирээд онгоцны буудал дээр автобус хүлээгээд зогсч байхад барилгачид бас гараа даллаж байсныг санаад австрали орон намайг аягүй сайхан угтаж, их сайхан үдэж байна даа гэж өөрийн эрхгүй бодогдов.

Хүнийг happy болгох аягүй амархан, хэн нэгэн инээмсэглээд гараа даллахад л хангалттай :) Залуучууд аа, үл таних бүсгүйчүүлд инээмсэглэл бэлэглэж гар даллаж байх хэрэгтэй... the tiniest gesture - a smile, a gentle look, a simple pat on the arm, a soft word – can change so much, can bring so much happiness!

2008/12/06

26. Австрали, үнэгүй номын сан


Австралийн музей үнэгүй, номын санд ороход үнэмлэх хэрэггүй. Японоос ирсэн миний хоёр дахь culture shock бол энэ.

Хэдэн жилийн өмнө Канбэрра явж, Австралийн их сургуулийн оюутан найзындаа зочлохдоо хичээл нь дуусахыг хүлээж үүгээр түүгээр сайхан сэлгүүцдэг байв. Нэг удаа номын санд хүлээж байгаарай гэхэд нь япон & монгол заншлаараа найз маань намайг номын санд оруулахын тулд өөрийн үнэмлэхээ өгнө гэж бодов. Тэгсэн хотын номын сан ч бай, сургуулийн номын сан ч бай үнэмлэх энэ тэр хэрэггүй, над шиг явуулын жуулчин хүртэл чөлөөтэй орж гарах эрхтэй болж таарав.

Энэ удаа Австрали явахад номын сан орох хэрэг гарсагүй. Гэхдээ япон найзуудтайгаа дүрслэх урлагийн музей үзэхдээ сурсан заншлаараа билет худалдаж авах газар хайж, баахан нааш цааш холхиод. Билет зарж буй шинжтэй газар, шалгаж буй шинжтэй хүн хаана ч харагдахгүй байхаар нь аргаа ядахдаа info дээр очиж асуутал үнэгүй болж таарсан. Ийнхүү бид Австралийг аргагүй "хөгжил дэвшлийн" орон байна гэж ахин дахин шагшин магтсан.

Гэтэл Монгол... за гэхдээ Монгол ч яахав,  одоохондоо эдийн засгийн чадал буурай, олон нийтийн сервис үйлчилгээ муу, хүмүүсийн ухамсар ч нэлээд тиймэрхүү (номын сангийн ном урах г.м.) учир юу ярих вэ. Өндөр хөгжилтэй гэхэд Япон ямар билээ... Энэ талын асуудал үнэн муу гэдгийг хэсэг хугацаанд амьдарсан хэн бүхэн мэднэ. Сэтгэл дутдаг шиг санагддаг. Мөн юм бүхэнд "асуудал гарсны дараа учрыг нь олж, өөрчлөн сайжруулна" биш "анхнаасаа ямарваа нэгэн асуудал гаргаж үл болно" гэсэн байр суурьнаас ханддаг нь нөлөөлдөг болов уу. Япон хүний энэ няхуур зан үйлдвэр компаний үйл ажиллагаанд сайн боловч олон нийтий үйлчилгээнийн хувьд (public service) сайнаас муу нь их мэт.

Далийж зүйрлэвэл "Номын сан бүх хүнд нээлттэй, хүн бүхнийг орох эрхтэй болгочихвол орон гэргүй хүмүүс олноор ороод ирвэл яахиймбээ? Хулиганууд орж гараад байвал яахиймбээ?" гэх мэт... ийм ч хүмүүс ирвэл яана, тийм ч хүмүүс ирвэл яана гэх маягаар бодож, байж болохоос эхлэн болохгүй бүгдийг урьдчилан тооцож, тааж таамаглахыг хичээсний үр дүнд цөөхөн хэдэн хүнийг л номын санд орох эрхтэй болгочих жишээтэй. Ингэхдээ тухайн хотод homeless хүн огт байхгүй байлаа ч хамаагүй. "Манай хотод homeless байхгүй гээд бүх хүмүүст нээлттэй болчихвол бусад homeless-тэй хотууд яах юм. Хот болгон адил биш бол шудрага бус бөгөөд бусад хотын хүмүүс гомдол гаргана шдээ". Сайхан далийвал нэг иймэрхүү маягийн "reasoning" байдаг мэт санагддаг.

Япон хүн асуудал гаргахгүйн тулд тохиолдож болох муу бүхнийг урьдчилан бодож, төрөл бүрийн дүрэм журам зохиох бөгөөд тэр нь эцэстээ амьсгалах орон зай үлдээлгүй, утгатай утгагүй бөөн хориг цээр тогтооход хүргэдэг мэт.

Эргүүлж уншсан чинь... Австралийн олон нийтийг үйлчилгээг магтах гэснээ далийгаад Японы олон нийтийн үйлчилгээг баахан шүүмжилсэн байна... хэхэ.

25. Австрали, аяга угаах саван


Австрали хүмүүс шингэн савангаар аяга тавгаа угаах боловч ерөөс зайлдаггүй. Хөөстэй чигээр нь шууд хатаахыг анх хараад нүд орой дээр гарах гэгч болоод. Сайхан хөөсрүүлж угааж байснаа бөөн бөөн бөмбөлөг хөөстэй чигээр нь шууд арчина эсвэл хатаагчинд хийнэ. Австрали дахь анхны culture shock бол энэ байв. Ихэнх австрали айл (лав миний очсон бүх айл) аяга тавгаа ингэж угаах бөгөөд хоолны гуанз, ресторан бар ч ялгаагүй тэгж угаана (дуулахнээ Англи бас тийм гэсэн, гэхдээ өөрийн нүдээр үзээгүй тул баттай үгүйг мэдэхгүй).

Японд хамт сурч байсан австрали найзаасаа асуутал нэгд, япон хүмүүс аяга тавгаа угаахдаа дэндүү их ус зарцуулдаг (санал нэг байна), хоёрт австрали хүмүүс аяга угаах шингэн хүний биед хоргүй гэж боддог (санал огтхон ч нийлэхгүй байна) гэж хариулж билээ.

Химийн бодис хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэр хортойг эдүгээ мэдэхгүй хүн байхгүй болов уу. Сонин сэтгүүл зурагтаар жилээс жилд ухуулж ойлгуулж, түгшүүр зарлаж буй билээ. Ийн атал австрали хүмүүсийн савангийн хөөсөө зайлахгүй энэ заншил арваад жилийн өмнө ямар байсан, одоо ч яг хэвээрээ. Хэвшсэн хэвшил, заншсан заншил гэдэг тийм ч амар арилдаггүй бололтой. Энэ удаад ч найзуудынхаа гэрт хоноход хоолны дараа аяга тавгаа угаахдаа тосгуураа усаар дүүргэж байгаад сайхан гэгчийн хөөсрүүлж угааснаа тэр чигээр нь гаргаж байна лээ... гэхдээ усыг нь уувал ёсыг нь дага гэдэг, сүр болоогүй л дээ. Гагцхүү Монголоо бодож ганц хоёр юм эргэцүүлж бодоод.

Бидний багад аяга тавгаа савандахгүй угааж болоод л байсан. Одоо ч саван зэрэг элдэв химийн гаралтай шингэнийг хэрэглэх хэрэггүй гэж санана. Бүр дийлэшгүй их өөх тостой бол бас яая гэхэв. Гэхдээ зүгэр нэг цай уучихаад савангаар угаана гэдэг... хайран ус биз дээ. Япон шиг чийг ихтэй, зуны цагт янзан бүрийн мөөг хөөсөнцөр шууд үрждэг газар бол бас яахав. Япон бас тэнгис далайгаар хүрээлэгдсэн, бороо хур их ордог, юу элбэг ус элбэг орон. Харин Монголын хувьд юу хэрэггүй, аяга таваг угаах шингэн саван хэрэггүй. Хөдөө их тостой юмыг гурилаар юмуу шороогоор угаагаад гялалзуулчихдаг л байсан шдээ.

Яагаад саванд нерв хөдлөөд байна аа гээд бодтол, эмээгээ саналаа. Эмээ маань дандаа голоос хол буудаг байсан. Голд ойрхон буух хүмүүст маш дургүй. Биднийг усанд явахад голд бузар оруулж болохгүй гээд заавал хувцас шалгана. Айраг бүлсэн нэгнийг голд цагаа оруулчихна гээд хамаг хувцасыг нь солино, солих хувцас байхгүй бол шалдан гүйлгэчихнэ. Манай гэр хавийн айлуудтай харьцуулахад голоос хамгийн хол байхад хүүхдүүд бидний хувцас хунар угаахдаа түмпэнгээ бариад бүр цааш явж угаадаг байж билээ. Австралийн тухай бичсэн биш эмээ эжээ ихэд саналаа.

2008/12/05

24. Австрали, Эвкалипт мод


  

Австралийн нэгэн бэлэг тэмдэг бол коала баавгайн иддэг эвкалипт мод. Сэтгэл сэргэм сэнгэнэсэн сайхан үнэртэй. Борооны дараа үнэр нь улам хүчтэй болох тул бараг л мансуурам. Timbertop-ын уул ойд гурав хонохдоо үргэлжийн мансууралд байсан гэхэд хилсдэхгүй. Харин найзууд маань ерөөс тоосон шинжгүй байсан, дассан болоод тэгдэг байх. Монгол хүн аагь таана гэж ярьдаг бол австрали хүн эвкалипт гэж ярих байх. Эвкалиптын тос эмнэлгийн болон гоо сайхын олон үйлчилгээтэй. Ароматерапид ч түлхүү хэрэглэгддэг. Тиймээс Timbertop-д мансуурч явсандаа баяртай :)
  

Анх хавийн моднуудын хальс нь унжсан байхыг харж гайхаад. Найзудаасаа туулай муулай мэрж идээд ийм болчихдог юм уу гэж асуутал элгээ хөштөл инээцгээгээд.
Туулай огт хамаагүй, хуучин хальс нь унаад цаанаас нь шинэ хальс гардаг гэнэ. Эвкалипт мод байнга гоёлоо сольдог ганган мод гэнэ.
  

Эвкалиптын тос дэлхийд алдартай. Харин тосыг хөгшин биш залуу модноос гаргаж авдаг гэнэ. Найз маань хэлж өгөөгүй бол эдгээрийг зүгээр л бут бургас гээд тоох ч үгүй өнгөрөх байлаа. Номны завсар хатаасан хоёр, гурван навчис одоо ч сайхан үнэртэй хэвээрээ :)

2008/11/22

23. Австрали, Timbertop & romance

Өмнөх тэмдэглэлд "Timbertop-д сурах хугацаанд охид хөвгүүд үерхэж үл болно" дүрмийн тухай хальт дурдсаныгаа жаахан дэлгэрүүлье.

Timbertop-ийн дүрэм хатуу. Хүүхдүүд зөвхөн өөрийн unit-дээ орох эрхтэй. Бусад unit руу орохыг тас хориглоно. Тиймээс ондоо unit-ийн хүүхдүүдтэй хичээлийн гадуур цагаар уулзах ямар ч боломжгүй. Хэрвээ анги ондоо бол уулзах боломж бүр ч байхгүй. Хүүхдүүдэд өдөр, оройн хоолны өмнө жаахан чөлөөт цаг гарна. Тэр үед бүгдээрээ хоолны томоо гэгчийн байрны өмнө цуглана. Цугласныхаа дараа хонхны дуугаар бүгд нам гүм болж, малгайгаа авч жагсаад хоолонд орно. Би анх хараад ёстой алмайрсан - зуу гаруй хүүхдүүд хажууд нисэж буй шумуулын дуу сонсогдохоор чив чимээгүй болохыг амьдралдаа анх удаа харах минь тэр. Ингэж жагсах гол шалтгаан нь хүүхдүүд эхэндээ хатуу дэглэмд дасахгүй, оргож дүрвэдэг учир багш нар нь нэг нэгээр тоолж бүртгэдэг гэнэ.

Гэхдээ хоолны цагаар хүүхдүүдийн хувьд цэрэг аятай жагсаж, загас аятай дуугаа хураах нь яахав. Хамгийн гол яг энэ үед хайр дурлал, үерхэл romance өрнөдөг гэнэ. Охид, хөвгүүд үерхэж үл болно гэсэн хатуу хорио байдаг ч хайр гэдэг хазааргүй, сэтгэл гэдэг жолоогүй. Тиймээс Ромео, Жульетта хоёртой нас чацуу охид хөвгүүд мэдээж бие биедээ сайн болно. Цай хоолны цагаас бусад үед уулзах ямар ч боломжгүй учир хажуу ангийн харц булаам охин, хөрш unit-н хөөрхөн хөвгүүнд захиа занаа, message зурвасаа хоолны өмнөх хорин минутанд амжуулж дамжуулна. Захиа занаа, болзоо урилгын хариуг ч энэ үед уламжилна.

Харин багш нарын хувьд хоолны цагаар тэр бүх romantic development-г ажиглаж, барагцаалж, тааж мэдэх нь чухал. Нэг төрлийн spy game гэх үү дээ... хэхэ. Найз маань багш учир хүүдүүдийг ажиглаж зогссон. Хүүхдүүд мэдээж хэн нэгэнд сайн болсон сэтгэлээ ил тод, илэн далангуй илчлэхгүй, голдуу найз нөхөддөө тэрхүү хүндэт үүргийг үүрүүлнэ. Тиймээс багш нарын хувьд хэн хэнтэй их уулзаж байна, мөн хэн хэнтэй найз болохыг мэдэх нь чухал аж.

Найз маань "Би өөрөө нөхөртэйгээ 15 насандаа үерхэж эхэлсэн учир нэг талаас энэ дүрмийг үнэнхүү мангар гэж бодно. Нөгөө талаас, эд нар чинь энерги хүч нь багтаж ядсан арван тавтангууд. Иймээ тиймээ юм болвол бүх хариуцлага unit-н багшид ирнэ. Тэгээд ч энэ хавьд ямар дэлгүүр байх биш, хэрэг боллоо гэхэд хэрэгтэй юмаа авч чадахгүй ш дээ" гэж байлаа. Багш нар хүүхдүүдийн үерхлийг мэдэж барьсан ч загнаж зандарч, ичээж айлгаад байхгүй, маш сайн анхааруулж ярилцаад, ээж аав нарт нь мэдэгддэг гэнэ. Timbertop-д ирэхээсээ өмнө үерхэж эхэлсэн хоёр гурван хос байдаг, тэд нарын тухайд ээж аавтай нь цуг уулзаж, урьдчилан ярилцаж тохирсон бөгөөд "they promised to be good" гэсэн. Whatever that means :D

Харин хүүхдүүдийн хувьд баригдахгүй үерхэнэ гэдэг нэг ёсны нэр төрийн асуудал бололтой. Бүх арга заль, оюу ухаанаа дайчилдаг гэнэ (мэдээж шд). Зарим нь сургууль дахь сүүлийн өдрөө бид хоёр хагас жил найзалсан гэж бардам гэгчийн зарлаж, багш хүүхдүүдэд гайхуулдаг гэнэ.

Хүүхдүүдийг хараад амьдралдаа ганц удаа, хагас дутуу хөдөлмөр зуслан явснаа санаж билээ. Охидууд "голын хажууд ийм тийм улиас, бургас, хусны дэргэд уулзъя" гэсэн зурвас аваад гол дээр очиж ав адилхан хус, улиасан дунд аль нь бол гэж будилж төөрч... Бас бус болзоонд яарсан, эсвэл хэн нэгнийг хүлээсэн хүүхдүүдтэй таарч сандарч, бие биедээ азаартаж... гэх мэт эргүүлж санахад хөгтэй хөгжилтэй явдлаар дүүрэн байж :D

-----------------------------------------------------
Энэ өдрийн хамгийн их инээсэн нь гэвэл нэгэн багш нэгэн ааааааааймаар залхуу сургачийнхаа тухай: He is so lazy, soooo lazy, he'll have to marry a pregnant woman!

2008/11/21

22. Австрали, Timbertop-ын сэтгэгдэл

Өмнөх тэмдэглэлүүддээ Timbertop-н үүсэл гарал, дүрэм журам, дүрс зураг гээд ерөнхийд нь танилцуулсан билээ. Өнөөдөр харин сэтгэгдлээсээ хуваалцъя.
  • Зөвхөн 14, 15 насны хүүхдүүд сурдаг нь тун учиртай санагдсан. Нөгөө гайхал шилжилтийн нас. Бие организмд бөөн гормонууд тэсэрч дэлбэрч, ээж аавтайгаа таарахаа байж, элдэв бүрийн шүүмжлэлийг эрээ цээрээгүй урсгадаг нас (би хувьдаа тэгж байснаа санахгүй юм, гэхдээ сурах бичиг, хүмүүсийн яриагаар бол тэгдэг юм шиг байгаам...хэхэ) Хүүхдүүдийн шилжилтийн насны багтаж ядсан тэр их энергийг дарж дарамтлах биш биеийн тамир, спорт зэрэг тун peaceful юм уруу чиглүүлж буй нь үнэлүүштэй.
  • Интернет, утас, зурагт, видео тоглоомгүй амьдралыг хүүхэд насаа хөдөө нутагт өнгөрөөсөн хэн бүхэн мэднэ. Багад байхад аппарат гэвэл араажаваас ондоо юмгүй болдог л байлаа. Харин хотын хүүхдүүд энэ тухайд жаахан өрөөсгөл ойлголттой өсдөг мэт. Амьдралыг байшин савгүйгээр төсөөлөхгүй, өдөр бүр идэж уух мах, сүү нь гал тогооных нь ширээн дээр газрын хаанаас гараад ирснийг онолын хувьд төсөөлөх ч өөрийн нүдээр харж үзэж мэдсэн нь бага. Харамсалтай нь, үнэлэх нь ч төдий зэрэг бага. Ялангуяа өнөөгийн Монголд хөдөө л гэвэл хоцрогдсон бүдүүлэг гэх үзэл ноёрхох нь гайхалтай (за, энэ сэдвээр дараа тусад нь бичих үү дээ, далийх нь). Хамгийн гол нь хотын хүүхдүүд байгалиас холддог. Хүүхдүүдийг байгальтай ойртуулах гэдэг үүднээс энэ сургуулийг үнэлээд баршгүй гэж бодсон. Гэхдээ зүгээр нэг хөдөө хээр пикник хийх биш, уул модон дунд бүтэн нэг жилийг өнгөрөөж, эргэх дөрвөн улирлыг харж мэдрэнэ гэдэг тун чухал experience гэж бодогдох.
  • Интернет, утас, зурагт, видеогүй бүтэн нэг жил болно гэдэг өнөө цаг үед бол алт, мөнгөнөөс үнэтэй бэлэг. Хүүхэд энэ бүхэн байхгүй ч амьдрал будаа болохгүйг бодитоор мэднэ. Гэхдээ тэр яахав, илүү чухал зүйл байна. Юу вэ гэвэл, бүтэн нэг жил хүүхдийн тархи толгойг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэдээллээс бүрэн тасархай байлгах явдал. Далийхад, ээж аав эгч гурав хүн хөдөө очоод бүтэн нэг сар болж байж сая сайн амарсан болно гэдэг. Энэ "онолоо"тэд ийнхүү тайлбарлана: Хүн хөдөө очиход эхний долоо хоногт ажил энэ тэрээс эхсүүлээд хотын элдэв төрлийн "шуугиан" байнга толгойд эргэлдэнэ. Хоёр дахь долоо хоногоос тэр бүгд холдож эхлэнэ. Гурав дахь долоо хоногоос үе үе бодогдох ч бага багаар маргтагдана. Дөрөв долоо хоноход тархи ерөнхийдөө цэвэршинэ. Тиймээс үр дүнгээ бататган ахиад нэг долоо хоног болоод, улаа бутарсан хацартай уушиг дүүрэн амьсгалсан хүн хот уруугаа буцах нь зөв гэж тайлбарладаг. Үүнийг нь би нэг үе намайг хөдөө нэг сар "хорихын" тулд зохиосон онол гэж боддог байлаа. Харин сүүлд янз бүрийн номноос 40 хоног гэдэг тун утгатай болохыг мэдэж билээ. Норбековын эмчилгээ ч тэр, 49 хоног ч тэр. Гол сэдэв рүүгээ буцаж орвол, хүүхдүүдийг нэг жил хөдөө байлгана гэдэг бие бялдрыг нь хөгжүүлэхээс гадна хамгийн эгзэгтэй насанд тархийг нь маш сайн амраан цэнэглэж  буй мэт санагдсан.
  • Хүүхдүүдийг интернет, утас, зурагтгүй байлгахын бас нэг үр өгөөж нь хүүхдүүдийн тархийг жинхэнэ утгаар "ажиллуулахад" орших мэт. Хүний тархи гэдэг байнга юм бодно. Байнга юм болгонд response хийнэ. Харин ердийн амьдралдаа response-ддэг аймшгийн кино, hollywood-н жүжигчин зэрэг нь алга болонгуут өөрийн эрхгүй анхаарал ондоо юманд чиглэнэ. Ургамал мод, хад чулуу гээд гадагшаа чиглэх хүүхэд байх. Өөрийн бодол, дотоод ертөнцөө ажиж анзаарах хүүхэд ч байх. Мөн бүтэн жил чөлөөт цагаараа ном уншина, уншсан зүйлээ бодно. Бусад хүмүүс юу гэж бодсоныг гүүгэлдэж мэдэх аргагүй тул өөрийн эрхгүй өөрөө бодно, найзуудтайгаа бодлоо хуваалцана. Түнээс гадна Timbertop нь "Art unit" хэмээх урлагийн байшин буюу тэнхимтэй. Тэнд дуу хөгжим, зураг, баримал гээд төрөл төрлийн чиглэлээр сурах боломжтой. Тиймээс Timbertop сургууль хүүхдүүдийн тэнцвэрт хөгжлийг ихэд анхаардаг ажээ.
  • Тimbertop-ын сурагчид нь бүгдээрээ боломжтой гэр бүлийн эрх танхил хүүхдүүд. Анх удаа аав ээжээсээ тусдаа амьдрахдаа нэг талаас жаахан бие дааж, нөгөө талаас ээж аавынхаа энэрэл хайр, ач тусыг илүү их мэдэрдэг болов уу. Мөн Timbertop-д өнгөрүүлсэн нэг жилээ хожим бүгд сайнаар дурсдаг гэх тул ээж аавдаа хэзээ хойно ч болов үнэхээрийн их талархдаг байх.

21. Австрали, Timbertop Campus (зураг)




1. Зүүн дээд зураг:
Хүүхдүүдийн гол өрөө. Намайг очиход их цэвэрлэгээний өдөр болж таарсан. Өрөөгөө цэвэрлэж, тоос шороогоо арчих нь яахав, хаа сайгүй л байдаг зүйл. Гол нь хүүхдүүдийн орон дээр бөөн юм овоолоостой. Яаж байгаам? гэж асуутал хамаг хувцсаа гаргаж байгаад цэвэрхэн буцааж эвхэж хураана гэсэн. Бас тийм учир тун замбараагүй байгаа гэсэн :)

2. Баруун дээд зураг:
Хичээлийн өрөө. Хүүхэд бүр өөрийн ширээ, булантай. Зарим нь ээж аав, эгч дүүгийнхээ зураг нааж, зарим нь дуртай дуучин, хамтлагийнхаа зураг хадаж, зарим нь найзуудынхаа зураг өлгөж... зарим нь харин хичээлийн хуваарь :)  

3. Доод баруун & зүүн зураг: 
Түлээ модны саравч. Хүүхдүүдийн байшин бүр хажуудаа ийм саравчтай. Усанд орох усаа халаахын тулд өөрсдөө түлээ модоо хагалж бэлдэнэ.

20. Австрали, Timbertop Campus онцлог



Timbertop-ын гол онцлог:

1. Маш хатуу журамтай
  • Гар утас, интернет, зурагт, видео тоглоом бүгд хориотой. Гэрийхэнтэйгээ нэг л аргаар харьцах бөгөөд тэр нь захидал занаа. Гэрийхэнтэйгээ жилийн дотор нэг ч удаа уулзахгүй.
  • Усанд орох усаа өөрсдөө түлээ мод хөрөөдөж, тайрч хагалж халаана. Байр, сургуулиа өөрсдөө цэвэрлэнэ. Хичээл бүрийн дараа монгол сургуулийн адил жижүүр хүүхдүүд ангидаа үлдэж цэвэрлэгээ хийнэ.
  • Хүүхдүүд өөрсдийн амьдардаг unit-с бусад unit уруу орох хориотой. Тиймээс ондоо unit-н хүүхэдтэй зөвхөн хичээл дээр л уулзана. Багш нарын unit уруу орох байтугай дөхөж ч очихгүй.
  • Тогтоосон тодорхой тооноос илүү зөрчил гаргавал шууд баяртайски. Ээж аав нь ирээд мянга түм гуйгаад ч нэмэргүй, мөнгө төгрөг өгөөд ч бүтэхгүй.
  • Миний хувьд мангар санагдсан нэг журам: Timbertop-д байх хугацаанд охид хөвгүүд үерхэж үл болно.
2. Биеийн тамир нэг номерт

Хүүхдүүдийн бие махбодийн хөгжил, биеийн тамирыг маш чухалд үзнэ. Толгойд нь тэдэн онд тэр оронд тийм хаан нас барсан гэх мэт мэдэлэл info чихэхээс илүү чухалд үзнэ. Ер нь Timbertop-н гол зорилго бол хүүхдүүдийг тэвчээртэй, тэсвэртэй болгоход орших мэт санагдсан. Тэр зорилгоо биелүүлэх хэрэгсэл нь биеийн тамир бөгөөд биелүүлэх орчин нь хүнгүй зэлүүд Timbertop уул ажээ. Тодруулбал:
  • Долоо хоногт хичээл дөрвөн өдөр орно. Үлдсэн гурав хоногийг ууланд өнгөрөөнө. Хүүхдүүд ирээд удаагүй, дасаагүй байхад өдөртөө буцаж ирэх поход хийнэ. Эхэн үед зүгээр л өдөржин тодорхой маршрутаар алхана. Удалгүй гэхдээ алхах нь шогших поход болж хувирна. Яваандаа шогших хугацаа, зай нь уртасна. Хамгийн сүүлд сургуулиасаа Timbetop уулын орой өөд гүйж гараад, товлосон газар гарсныгаа батлах бичиж үлдээгээд, гүйсээр буцаж ирнэ. Тэр нь Сүхбаатарын тайлбайгаас Богины амын орой хүртэл гүйж гараад, гүйсээр бууж ирэхтэй адил тул яггүй даваа. Намайг очиход найз маань удахгүй шогших походтой учир жаахан бэлтгэл хиймээр байна, бас чамд уулын оройгоос эргэн тойрныг харуулмаар байна гээд Timbertop-ын орой өөд намайг дагуулж гарахаар болов. Бид хэд гэхдээ уулын хормой руу машинаар очоод тэндээс дээш гарсан л даа. Тийн атал Сүрэн байн байн амарч амьсгаадаж, ам хошуугаа сарвайлгаж үйлээ үзсэн. Өөрийнхөө өчүүхэн чинээ чадалгүйг үнэнхүү мэдсэн өдөр байв. Харин найз маань түрүүлж гүйгээд л, буцаж ирж намайг тойрч гүйгээд л... ёоооо л гсн.
  • Өдөртөө буцаж ирэх поход яваандаа ууланд хонох поход болно. Хүүхэд бүр гурван өдрийн ус хүнс, аяга таваг, солих оймс, шүдэнз г.м. дор хаяж 10 орчим кило юм үүрч явна. Гурав эсвэл дөрвөн хүүхэд нэг баг болж шөнө унтах майхан, хоол хийх хийн  плитка энэ тэрээ ээлжээр бас үүрнэ. Оны сүүлд төгсөхийнхөө өмнө аварга буюу долоо хоногийн поход хийснээр Timbertop-г амжилттай дүүргэсэнд тооцно.
  • Поход гэдэг нь зөвхөн алхаж гүйхийг үл хэлнэ. Өвлийн улиралд country ski буюу цанаар "марш бросок" хийж арваад километр гулгана.
Энэ хүртэл ерөнхийдөө introduction байлаа, Timbertop-д гурав хоносон сэтгэгдэл & бодогдсон зүйлийг дараагийн тэмдэглэлд бичье.

Note: Хүүхдүүдийг энэ бүх походонд амжилттай авч явдаг багш нар бүгд эрүүл чийрэг биетэй, булчин шөрмөстэй ихтэй, тамирчид гэмээр сайхан залуус байна лээ.

19. Австрали, Geelong Grammar School

Geelong Grammar School, 
Timbertop Campus

Австралийн нэртэй хувийн сургуулиудын нэг болох Geelong Grammar School-д багшилдаг найзтайгаа уулзахаар Сиднигээс Мэльбурн хүртэл нисэв. Geelong Grammar School хэд хэдэн campus-тай, найз маань хөдөө газар уулсаар хүрээлэгдсэн Timbertop campus-д ажиллана. Газрын зургаас олоход хэцүү юм билээ, тиймээс Мэлбурны ойр хавиас Buller гэдэг уул хайж олоод тэр орчим гээд ойлгочихвол OK.

Энэ сургуулийн өвөрмөц сургалт сонирхол татаж, арван жилийн боловсролын системийн тухай нэлээдийг бодогдуулсан учир Timbertop campus-н тухай бичихээр шийдсэн болно. Оршлоо орхиод олон үггүй гол сэдэвдээ орвол :

150 жилийн өмнө байгуулагдсан Geelong Grammar School бол Австралид ч бай, хаана ч бай үнэтэйд орох хувийн сургууль. Бүтэн жилийн сургалтын төлбөр нь 50 мянган австрали доллар. Тиймээс сурч буй нь пүүс компаний эзэд г.м. бололцоотой айлын хүүхдүүд. Бололцоотойгоор барах уу, хүүхдийнхээ их дээд биш "арван жил" буюу суурь боловсролын төлөө жилд 50 мянган доллар өгнө гэдэг, нэг үгээр хэлбэл нэлээд баян ээж, аав нарын хүүхдүүд сурдаг сургууль юм. Сүүлийн үед Тайланд, Энэтхэг, Индонези, Японоос хүмүүс хүүхдүүдээ сургахаар явуулдаг болж, waiting list хүртэл бий болсон гэх. Тimbertop campus-д 1960-аад онд Английн Чарльз хунтайж хагас жил сурсан гэхээр ерөнхийдөө ямар хэмжээний сургууль болох нь ойлгомжтой.

Гэхдээ энэ сургуулийн тухай бичихээр болсон минь эртний & үнэтэй & нэртэй гэдэгтэй огт холбоогүй. Гол учир нь Timbertop уулын хажууд байрлах, тус уулын нэрээр нэрлэгдсэн хөдөөний бяцхан campus-д байна. Уулс дундах энэ сургуулийг төсөөлөхөд тун амархан. Найрамдал зуслангийн зуны байшингууд, аль эсвэл өөр ямар ч хамаагүй Монголын хүүхдийн зуны зуслан төсөөлөхөд OK. Монголын зуны зуслантай адил хүүхдүүд ээж ааваасаа холдож байгаль сайхан газар хэсэг хугацааг өнгөрүүлнө. Ялгаатай нь тэнд өнгөрүүлэх хугацаа нь нэг сар биш нэг жил бөгөөд бүрэн хэмжээний сургууль гэдэгт оршино. Өөр ялгаа гэвэл:

1. Timbertop-д зөвхөн дунд сургуулийн 3 дугаар ангийн хүүхдүүд нэг жил суралцана. Австралийн бага сургууль 7 жил, дунд сургууль 3 жил, ахлах анги 2 жил тул Тимбэртопд 14-15 насны буюу ид шилжилтийн насандаа байгаа хүүхдүүд ирж суралцана.

2. Timbertop сургууль нийтдээ хүүхдүүд, багш нарын хэд хэдэн байшин, хичээлийн байшин, хоолны зал, мөргөл & цуглаан зохион байгуулах бяцхан сүмээс бүрдэнэ. Note: сургуулийг бүх байшин барилгыг барилгачид биш 1960-аад оны эхний ээлжийн сурагчид, багш нар хамтран барьсан болно.

3. Хүүхдүүдийн амьдрах байшинг unit гэж нэрлэх бөгөөд нэг unit-д ойролцоогоор 15 хүүхэд байрлана. Unit нь дотроо 15 ор эгнэсэн томоо гэгчийн унтлагын нэг өрөө, хичээл хийх том өрөө, ойр зуурын цай хийж уух өрөө, шүршүүр усны өрөө, томоо гэгчийн зуухтай галын өрөө, аяны үүргэвч цүнхээ тавих зоорь маягийн өрөө гээд ерөнхийдөө 2 том өрөө, 4 жижиг өрөөнөөс бүрдэнэ. Мөн unit болгон дэргэдээ wood shed гэгдэх түлээ модны саравчтай.

Мянга уншихаас нэг хар гэдэг тул дээрхи зураг үзнэ үү. Мөн ерөнхий танилцуулгаа үүгээр өндөрлөж гол сэдэв буюу энэ сургуулийн сургалтын системийн тухай дараагийн тэмдэглэлд бичье.

2008/11/18

18. Австрали, Prime Minister Apology Speech



Австралид очиход зурагтын бүх сувгаар Ерөнхий сайд гараад "Sorry" гэж ард түмэндээ хандаж хэлээд бөөн юм болж байлаа. Японд байдаг мань хэдэд Японы ерөнхий сайд "Sorry" гээд зурагтаар гарвал ердөө хоёрхон зүйл л бодогдоно: 1) Засгийн газар нь дампуураад баагий огцрох гэж байна, 2) Мань эр өөрөө эсвэл ойр хавийнхан нь авилгал энэ тэр гээд элдэв хэрэгт холбогдсон байна.

Харин Австралийн хувьд байдал тэс өөр, энэ улсын түүхэнд гарцаагүй ул мөрөө үлдээх үйл явдал болж байлаа. Магадгүй хамгийн чухал, түүхэн мөчийн нэг ч байж мэднэ. Учир юу вэ гэвэл, Ерөнхий сайд Австралийн уугуул иргэдэд өдий хүртэл учруулсан хор хөнөөл, аллага таллага, доромжлол, гадуурхал, ялгаварлал... бүгдийнх нь төлөө анх удаа аборигэнудаас албан ёсоор уучлал гуйсан юм. Бүрэн apology speech-ийг эндээс уншаарай. 

Дашрамд, Австралийн өмнөх ерөнхий сайд одоогийн ерөнхий сайдад суудлаа өгсөн гол шалтгаан нь: томуу ханиад (инфлуэнза) дэгдэхэд дорвитой арга хэмжээ аваагүй, аборигенуудаас уучлал гуйхгүй гэсэн хатуу бодлого баримталж байсан, хамгийн гол нь Кёотогийн Протоколд гарын үсэг зураагүй учир байгаль орчноо хайрладаг ухамсар өндөр австраличуудын уурыг ихэд хүргэсэн байж.  

Өмнөх тэмдэглэлд white хүмүүсийн тухай хальт муугаар дурдсан билээ. Одоо эсрэгээр буруугаа хүлээж чаддаг, түүнийхээ төлөө уучлал гуйж чаддаг чанарыг нь бас дурдах нь зүйтэй болов уу. Хятадын ерөнхий сайд хэзээ нэгэн цагт Төвд, Өвөр монгол болон бусад бага ястан үндэстэнд хандаж адил speech хэлнэ гээд бод доо... буухгүй байгаа биз. Эсвэл Япон улс олон таван тайлбайргүйгээр Солонгос, Хятадаас уучлал гуйх г.м. Герман, Италийг бидэнтэй дайтаж байлдсан гээд Орос, Польш, Европын ямар ч улс гомдол нэхэхгүй байхад аль хэдийн дууссан дайны хэрэггүй ачааг Япон өдий болтол үүрсэн хэвээрээ. Нөгөө талаас цаад улсуудын чанар ч бас байгаа байх. Бусад их гүрнүүд гэвэл Америк Вьенамын дайны төлөө уучлал гуйсан билүү юу билээ. За, бараг үгүй байх. Америк гэхдээ бүткү л дээ, дэлхийн даяар яг одоо юу дэгдээж байгааг нь харахаар. Оросууд Ази, Европын зааг болоод тэр үү, их улсын үндсэрхэг үзэл нь их хүчтэй, уучлал гуйхдаа бас муу. Оросын хувьд юун уучлал, юун буруугаа хүлээх, тэр тухай яриа битгий хэл бодол ч байхгүй мэт. Байгаа нь "бид бас зовсон шдээ, бидэнд бас хэцүү байсан шдээ, оросуудыг дандаа гадуурхах юм" гэсэн үнэн далий боловч психологи талаас нь ойлгож болох хачирхалтай реакци... хэхэ.      

Хувь хүн ч бай, туурга тусгаар улс ч бай, түр тар хийхээ больж уучлал гуйх нь гуйгаад, уучлах нь уучлаад хорвоо ертөнц амгалан болж, хотол түмнээрээ нам тайван жаргаасай билээ... тээ.  

Анхааруулга:
Аль дивангарын Ромын эзэнт улс, Чингисийн байлдан дагуулал, Османы түрэмгийлэл, Их Британы эзэрхэг бодлого зэрэг дайн байлдаан & тэдгээрийн төлөөх уучлал яриагүй юм шүү. Хүмүүсийн ухамсар өсөж, дайн дажингүй нийгэм энэ дэлхийдээ байгуулъя гэх хэлэлцэн ярилцах болсноос хойшхи үе буюу 20-р зууны тухай ярьж байна.

17. Австрали, Домог болон зүүд цаг


Өмнөх тэмдэглэлд бичсэн хоёр домогтой төстэй домог олон үндэстэн, ястны үлгэр домгийн санд байх учир аль нь ч Австралийн уугуул домог байж болох. Гэвч Австралийн язгуур хүмүүс (indigenous people) буюу аборигэнуудын домог нь хоёр дахь нь. Эхнийх нь бол нэлээд хожуу зохиогдсон white хүмүүсийн домог.  

Австралийн уугуул иргэд энх тайван байдлыг эрхэмлэн дээдэлж, элдэв янзын шалтгаанаар илд барьж дайтдаггүй байжээ. Мөн байгаль дэлхийгээ шүтэн биширч хүний ч амийг, амьтны ч амийг эрхэмлэн дээдлэх учир идэхээсээ илүү хэмжээний амьтан загас хүртэл агнадаггүй байв. Хий дэмий өвс хүртэл тасдахгүй хүмүүст хүүхэн булаахын төлөө алалцана гэдэг үнэн утгагүй асуудал. Тиймээс эгч дүү гурвыг хүчээр булаана, булааж авахын тулд овог аймаг хоорондоо амь тамаа үзэж байлдана гэдэг тэдний хувьд төсөөлөшгүй явдал ажээ.

Нөгөө талаас эхний домгоос white хүмүүсийн дайчин түрэмгий зан, хүссэнийхээ төлөө хүний амь хөнөөхөөс түдгэлзэхгүй байдал мөн хайр дурлалыг хачин янзаар “армаанчикладаг” нь харагдна гэж бодогдном. Tristan Isolde, Helen of Troy-г дуурайсан домог гэх үү дээ.  

Ер нь австралийн язгуур хүмүүсийн соёлд Dreamtime (зүүд цаг) болон домгууд их чухал байр суурь эзэлнэ. Dreamtime болон dreaming нь тэдний ертөнцийг үзэх үзэл бөгөөд галав юүлэх үед хорвоо дэлхий хэрхэн бүтэж бий болсон тухай цэгц ойлголт юм.

Австрали явбал музей орж аборигенуудын урлаг заавал сонирхоорой. Язгуур хүмүүсийн зураг хөрөг, баримал сийлбэр, онгон шүтээн нь үнэхээр сонин агаад содон. Гайхмаар, аймаар, айдас төрүүлэм, бишрэл төрүүлэм, баяр төрүүлэм, сүжиг төрүүлэм, энгийн атлаа их хүчтэй... гээд нэг үгээр тодорхойлж хэлэхэд хэцүү бөгөөд хэдэн цагаар сууж хармаар санагдана. Зарим баг, онгон шүтээнээс айгаад, нүд дальдраад, эгч харж ч чадаагүй... заримыг нь харин арав хорин минутаар ширтэн суусан. Зарим нь надтай яриа дэлгэсэн... Одоо бодоход би ер нь хөнгөн хэлбэрээр ховсдуулсан байсан гэх үү, эсвэл өөр хэмжээсийн орчинд түр жаахан саатсан гэх үү...

Бүгдийг бичнэ гэхээр үгний баялаг дутах юм, сэтгэл сэтгэгдлээ үг үсэг болгон буулгах чадвар маруухан юм... зохиолч болж төрөөгүйгээс хойш өнөөдрийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе. 

2008/11/17

16. Австрали, Three sisters legend

  

Өмнөх тэмдэглэл бичсэн Эгч дүү гурав хадны тухай хэд хэдэн домог байдгаас гол хоёр домгийг танилцуулбал:

1. Эртэээ урдын цагт үзэсгэлэнт гурван эгч дүү аж төрөн амьдран сууж байв. Эгч дүү нарт ондоо омгийн гурван залуу дурласан боловч өөр омгийн хүнтэй ханилах хориотой учир залуус эгч дүү гурвыг булаан авахаар шийдэв. Тийнхүү хоёр омгийн хооронд дайн дэгджээ. Омгийн бөө эгч дүү гурвыг хамгаалж гурван хад болгон хувиргав. Дажин байлдаан дууссаны дараа бөө тэднийг дахин хүн төрд нь буцаах гэж байсан боловч дайны хөлд амь үрэгдсэн гэнэ. Охидыг эргүүлж хүн дүрд оруулах аргыг бөөгөөс ондоо хүн үл мэдэх учир охид тэр чигээрээ үзэсгэлэнт гурван хад болон үлджээ.   

2. Эрт дээр үед Хөх уулсын дунд үзэсгэлэнт гурван охинтой Tyawan хэмээх шидтэн аж төрөн амьдран сууж байв. Хөх уулсын тэртээ гүн агуйд мөн Bunyip гэгч аймшигт араатан (манайхаар бол мангас гэх үү дээ) амьдарч байсан агаад амьд бүхэн түүнээс айдаг байж. Шидтэн хол явахдаа охидоо хамгаалж хадан хавцалын ард, аюулгүй газар нуугаад явна. Нэг удаа шидтэн уулаас уруудаж байтал охидын нуугдсан газар томоос том сentipede (*) гарч ирсэн учир том охин нь айж цочсондоо санаандгүй чулуу аваад шидчихэж. Тэр даруй өт хорхой, амьтан шувуу бүгд айсандаа амьсгаа даран чулуу хааш унахыг дагуулж харав. Чулуу унах дуугаар аймшигт Bunyip агуйн нүхнээсээ архиран гарч ирээд айсан охид руу дайрсан боловч аав нь шидэт ясаа шидэж алаг охидоо гурван хад болгож хувиргав. Уурласан Bunyip шидтэний хойноос хөөсөн учир Tuawan өөрийгөө Lyre шувууд хувиргаад аймшигт араатнаас мултарч чаджээ. Ийнхүү бүгд эсэн мэнд үлдсэн боловч шидтэн зугтааж явахдаа шидэт ясаа шигүү ургасан өвс бургасын дунд гээчихсэн байж. Bunyip явсаны дараа Tyawan гээсэн ясаа хайгаад хайгаад олоогүй бөгөөд одоо ч Хөх уулсын үүгээр түүгээр нисэн шидэт ясаа хайж буй. Харин охид аав нь ясаа олоод тэднийг эргүүлж хүн болгохыг тэвчээртэй хүлээсээр ажээ...

Энэ хоёр домог уншихад аль нь Австралийн уугуул домог мэт санагдаж байна ? 

(үргэлжлэл дараагийн тэмдэглэлд)

* centipede - монголоор юу гэхийг мэдэхгүй, зургийг нь дээр оруулсан жаран хөлттэй төстэй амьтан

15. Австрали, Blue Mountains, Three sisters



Сүрлэг сайхан уулс Blue Mountains.
Уулсын дунд дутуугүй дуулиантай "эгч дүү гурав" нэртэй гурван хад сүндэрлэнэ.
Яагаад "ах дүү" биш "эгч дүү" болохыг тааж ядах юмгүй. Үргэлж ширтэж суумаар үзэсгэлэнтэй сайхан учир.

14. Австрали, Blue Mountains






Тээр доор машин харах аймаар байсан ч харахгүй байж чадсангүй ...

13. Австрали, Blue Mountains

 

Эвкалипт модон ойтой цэнхэрлэн харагдах Хөх Уулс буюу Blue Mountains бол австралийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг. Унаган төрхөөрөө байгаа эдгээр уулсыг харах гэж айлчин жуулчид алс холоос түм бумаар аялан ирнэ.   

Хөхөрч манарах холын бараа, тэнгэрийн хаяатай нийлэх уулс, хязгааргүй үргэлжлэх ногоон модон нөмрөг, эвкалипт модны сэнгэнэсэн сайхан үнэр, өвс модыг намилзуулах урьхан салхи, үзээгүй хараагүй сонин содон шувуудын дуу ...  

Хүний нутгийнх ч гэлээ хөхрөн униартах энэ уулс өнгөт дэлхийн уярам сайхныг, өргөн хорвоогийн дуулам сайхныг улам их мэдүүлж мэдрүүлсэн билээ. Яагаад ч юм сэтгэл догдолж, санаа бодол бяцхан үймэрч, алс холын нутгаа аягүй их санасан өдөр байлаа...

2008/11/16

12. Австралийн тэмдэглэл, Casino төгсгөл

Сүүлийн үед юм болгоныг дүгнэх хоббитэй болоод байгаа. Казино орсноо ч гэсэн энэ хоббинэсээ гажихгүй дүгнэе гэвэл ерөнхийдөө маш хөгжилтэй бас сургамжтай туршлага болов:

  1. Өөрийгөө анхаарч ажиглахын чухлыг мэдэв. Болимоор санагдсан үед болих хэрэгтэйг ухаарав.
  2. Хүмүүс яагаад казино ч бай, хөзөр ч бай, пачинко ч бай мөрийтэй тоглоомд хамаг юмаа алддагийг "мэдсэн" гэхээс өөрийн биеэр жаахан "мэдрэв". Данс 130$ хүрснээ 30$ болж буурахад миний нүдэнд тоглоом эхлэхэд байсан 50$ биш хожсон 100$, 130$ харагдаад, 20$ биш 80$, 100$ алдсан юм шиг санагдаад revenge хийж "өөрйн” мөнгөө буцааж авмаар болдог юм байна лээ... кк. Хүмүүс ийнхүү "өөрийн" мөнгөө буцааж авахын тулд үргэлжлүүлэн тоглоод хамаг юмаа алддаг байж магад.
  3. Мөнгө хожно гэдэг их бага нь хамаагүй маш том адреналин. Хүмүүс мөнгөний тухай ярихад тархинд нь ялгарах сэргээш бодис секс, адал явдал, урлаг спорт, улс төр ярьснаас хэд дахин илүү байдгийг хаанахын ч билээ дээ, хэсэг эрдэмтэд туршилт хийж тогтоосон тухай сэтгүүлээс уншиж байсныгаа санаж & тун ортой санагдаж билээ. Гэхдээ л хааяа нэг тоглох бол гэмгүй fun байх аа... кк.
  4. Казино яаж ажиллаж, хэрхэн тасралтгүй тоглоод баймаар орчин үүсгэдгийг "мэдрэв". Нэгд, казино цоглог хөгжимтэй, бүдэг хэрнээ өвөрмөц тод гэрэлтэй. Хамгийн гол нь цонхгүй бөгөөд цаг байхгүй. Орчин үед ямар ч байгууллга, барилгын хананд ядаж ганц цаг байдаг даа... харин казинод боль ноль. Тиймээс байнга өөрийгөө хянаж, цагаа харж байхгүй бол хэзээ ирж, хэр удаан тоглож, хэдэн цаг өнгөрсөнийг мэдэхгүй. Дөнгөж 40 мин болсон мэт санагдаж байхад үнэндээ аль хэдийнээ цаг хагас явчихсан байна. Энэ тухай гэхдээ онож тайлбарласан хүний үгийг иш татъя: "People enter the babel of illusion, deceived by the music and moving lights into feeling like they are doing something interesting. They lose track of time in the permanent indoor twilight unsure it’s night or day in the real world. They come to be numbed to their feelings and problems. The corrupting influence of this floating den of iniquity works its magic. Slowly their inhibitions relax."
  5. Казинод тодорхой төрлийн “азтай” хүмүүс хождог мэт санагдсан. Тэр азыг нь юу ч гэж тодорхойлмоор юмбдээ... амьдралд хандах төрөлхийн хандлага гэх үү дээ. Жишээ нь их сургуульд манай ангид нэг банди байсим. Шалгалт болоход зуун асуултаас "Би зөвхөн 3-р асуултыг л мэднэ" эсвэл "1-10 асуултанд л хариулж чадна" гэнэ. Тэгээд оронгуутаа яг тэр уншсан ганц асуултаа суглана. Үнэн азтай, үнэн атаархмаар... Сүрэн тэгэхэд яах уу? 1-90 асуултыг ян тан мэдэж байлаа ч уншаагүй 90-100 дундаасаа л сугалдаг байхгүй юу. Өөрөө өөртөө үнэнхүү гомдмоор. Тиймээс над шиг хүмүүс казиногоос холхон байсан нь дээр байх. Гэхдээ манай тэр ангийн банди ч казинод хааяа орвол азтай, байнга орвол алдаатай мэт санагдана. Казинод тоглож амьдардаг хүмүүс байдаг л гэдийн... уулзаж үзэхиймсан. Аа тийм, согтуу хүн морьноос унасан ч бэртдэггүйн адил согтуу хүмүүс казинод их хождог гэсэн. Согтуу хүний сохор ухаан нь тэгж ажилладаг юм болов уу, бүү мэд. 
  6. Хамгийн гол нь: настр муу, ажил муу, санхүү муу гэх мэт амьдрал барзгар үед хэрхэвч тоглож болохгүй. Учир нь тависан бүхнээ тавиад тууна. Сайн тайлбарлаж мэдэхгүй ч яагаад ч юм тийм жамтай мэт санагдсан. Ерөнхийдөө амьдрал гайгүй үед for fun гэж л тоглох хэрэгтэй байх, тоглохдоо хүрвэл.

11. Австралийн тэмдэглэл, Casino

Хамгийн сонин нь зочид буудалд ирсэний дараа болов.

Энэ өдөр өглөөнөөс эхсүүлээд өдөржингөө нэг дуу толгойд эргэлдээд. Дуучин нь жаахан сөөнгөдүү хоолойтой ч эмэгтэй, эрэгтэйг нь санадаггүй. Уянгалаг аятай ч санаанд зарим хэсэг нь тод, зарим нь байхгүй. Дууны үгнээс санаж байгаа нь зөвхөн "~Cincinnatti ♪" буюу ганц үг. Тэгсэн шөнө яг унтахын өмнө 60-аад оны "Cincinnati kid" хэмээх америк киноны дуу болохыг аягүй тод санав. Покер тоглодог gambler залуугийн тухай кино юм л даа. Casino явна гэдэг гэнэтийн шийдвэр байсан болохоор их сонин санагдаж билээ. Совин татсан ч юм шиг... совин татсан гэхэд хожсон мөнгө бага ч юм шиг... кк

Энэ тухай Норид хэлтэл "Нээрээ, би эхэндээ Макиког дагаж байснаа дундаасаа чамайг дагамаар санагдсан, 何だか妙な力を感じた (нэг л сонин юм мэдэрсэн)" гэж авдгийн. Макико болохоор "Эртхэн мэдсэн бол хожиж эхлэнгүүт чамайг дагадаг байж, тэгэхдээ чам шиг 5$ биш шууд 10, 20 тавих байсан" гэж инээд хүргээд.

Мelbourne-d бүх музей, ресторан зоогийн газар 8pm гээд хаагдчихна. Тиймээс хийх юмгүйдээ харихын өмнөх шөнө дахин нэг казино орж тоглов. Юм гэдэг сэтгэл дагадаг байх, Сиднид 45$ хожсоноо бодоод байсных уу, дахиад 45 хожив. Ингээд амьдралдаа анх удаа казинод тоглож нийт 90$ хожив.



10. Австралийн тэмдэглэл, Casino

Бүгдээрээ юун түрүүнд компьютер рулет тоглохоор шийдээд зэрэгцэн сууцгаав. Надаас бусад нь учир начрыг гялс олсон бололтой шууд л босоо эгнээ, хөдлөн эгнээ, тодорхой дөрвөлжин, тодорхой тоо гэх мэт янз янзын хувилбараар мөнгө бооцоогоо тавьж эхлэв. Сүрэн харин аягүй хаширлаж зөвхөн хар буух уу, цагаан буух уу гэсэн 50×50 магадлалтай, алдсан ч асар алдахгүй хожсон ч холдож баяжихгүй арга сонгов. Аргаа сонгосон ч аймхай юм болохоороо хэсэгтээ хар цагаан ямар дарааллаар бууж буйг ажиглаж зогсоод. Хэсэг ажигласны үр дүнд миний совин таамаг "эсрэгээр" ажиллаж байгаа мэт санагда. Учир нь цагаан бууна гэж бодохоор хар буугаад, хар бууна гэж бодохоор цагаан буугаад, ерөнхийдөө  аягүй мундаг таагаад байгаа хэрнээ тэр нь дандаа "эсрэг".

Ийнхүү жаал өөрийгөө & өрөөлийг ажигласны дараа мөнгөө санагдсанаас эсрэгээр тавьж эхлэв. Гэхдээ хажууд суух Таро шиг 10, 15, 20 $ биш, өчүүхэн юм болохоор тоглох minum 5$ л тавиад байлаа. Тэгсэн пөөөөөөөөөөөөөх... 50$ маань нүд ирмэхийн зуур 65, 75, 85 болоод явчхав. 90$ гарсны дараа жаахан амсхийж, ус уунгаа болих үгүйгээ хоромхон зуур бодсон ч 50-тай ирсэн юм чинь жаахан алдсан ч OK мэт санагдаад, бас найзууд хажуунаас "Сүрэн одоо азтай байна" гэж хөөргөөд. 100 доллараас цааш бол хааяа нэг алдсан ч ерөнхийдөө сайн таагаад нэг мэдсэн дансны дүн 130$ болчиов. Цэвэр 80$ хожоотой тоглоомоос гарах тухай жаахан бодсон ч үргэлжлүүлж тогломоор санагдаад... Ерөнхийдөө тархины нэг тал "одоо боль!" гээд, нөгөө тал нь "Яадаг юм, go-goе-тогло-тогло!" гэсэн байдалтай. За яахав, хожигдож эхлэнгүүт 100 хүргээд болино гэсэн “хатуу” шийдвэртэй эргээд тоглоомд оров. Тэгсэн пөөөөөөөөөөөөөөөөөөөөөөх... данс маань гэрлийн хурдтай 90, 80, 70, 60, 50, 40, 30 болчихдгиймдаа.

Дахиад яах ийхээ бодлоо... тэгээд анхнаасаа л алдана гэж 50 $ кармалж ирсэн хойно дүүрч дүүрч гээд. Гэхдээ дансанд 30$ үлдсэн учир тоглохоо түр болиод дахиад өөрийгөө ажиглав. Жаал ажигласны эцэст аягүй болгоомжтой, гурав дараалж "эсрэг" зөв тааж байвал дөрөв дэх дээр нь тавих болов. Тэгж болгоомжилсон нь үр дүнгээ өгөв үү, аль эсвэл аз гэгч нь дахин сэргэв үү бүү мэд, юутай ч миний данс 40, 35, 50, 35, 45, 50 гэх мэт ухарч урагшлахыг хослон байж 75 хүрэв. Ёооооох, амсхийв.

Сүүлд Таротой жинхэнэ рулеттэй ширээн дээр очиж хоёулаа 10$ тавив. Энэ удаад ч хэсэгтээ өөрийгөө ажиглаж байгаад цагаан харыг эсрэгээр нь тааж эхлэнгүүт мөрийгөө тавьсан... хажууд Таро чамтай адил тавина гээд аягүй тэсвэртэй хүлээж зогсоод :) Үр дүн гэвэл: тавьсан 10 доллар 20 болж, дансны баланс 95$ хүрэв. Бусад хүмүүс гэвэл Таро 75, Нори 50, Макико харин хагас данстай. Ингээд хамгийн их хожсоноороо Сүрэн зочид буудал хүрэх таксины үнэ 10$ гаргахаар болов :)

Хамгийн сонин нь ...

9. Австралийн тэмдэглэл, Casino

Ингээд казино явах замдаа казино-гийн тухай мэдэх мэдэхгүйгээ бодож, мэдлэгээ цэгцэлэхийг оролдов. Хэхэ.. мэдлэг гэнэ шүү. Толгойд бодлын үндэс болох суурь материал юу ч байхгүй.

Санасан нь гэвэл арван жилд уншиж байсан Стефан Цвейгийн нэгэн өгүүллэг. Тоглох дуртай баян баагий казинод өөрийг нь хүлээж ядаад уйддаг эхнэртээ тоглохгүйгээр цагийг зугаатай өнгөрөөх арга зааж өгнө. Тэр нь тоглож буй хүмүүсийн царайг биш гарыг нь харж ажиглах. Ихэнхи хүмүүс сэтгэлээ барьж нүүрэндээ "юу ч болоогүй" баг зүүж чаддаг. Гэвч асар их мөнгөөр мөрий тавих, эсвэл хэмжээ бага ч сүүлийн мөнгөө тавих зэрэг "үхэх, сэхэх" шийдэгдэх үед гар хуруу нь янз бүрээр хөдөлж сарвагнаад эздийнхээ сэтгэл санааны байдлыг азаартуулчихдаг. Учир нь ихэнх нүмүүс зөвхөн нүүр царайгаа л хянаж анхаарна. Даанч poker face царайлах гэж чармайхдаа биеийн бусад хэсгээ мартчихна. Зохиолд эхнэр нь яваандаа тоглож буй хүмүүсийн гар хурууг ажиглаж, тэдний сэтгэлийн байдал, ааш араншинг таах хоббитой болдог. 

Өөр санасан зүйл гэвэл бас л нэг зохиол. "Confessions of yakuza" гэдэг япон зохиолд хөгшин якуза босс “One glance at a player is usually enough to tell you what kind of person he is. The loser in life is a loser at dice. He’s so keen to win he can’t see how things are in as a whole” гэж ярьдагийг яагаад ч юм цээжилчихсэн байж. Нэг иймэрхүү л "онолын мэдлэгэтэй" казиногийн үүд татав.

Казино ороод нэг гайхсан юм гэвэл хэдэн тасгийн дотоод дизайн тэр чигээрээ chinese style. Бүр Хятадад байна уу, хаана байна уу гэмээр. Үүднээс эхсүүлээд энд тэнд луу зураастай, улаан өнгийн ханз бичиг унжаастай. Хятадуудын 徹底的な拝金主義 болон Шанхайд хотын иргэдээс мөнгөний тухай санал асуулга авахад 90% нь мөнгө аз жаргал авчирна гэж хариулсан тухай япон сэтгүүлээс уншиж байснаа санав.

Тоглож буй хүмүүсийг харахад мань хэд шиг хараажийн танигдах жуулчид ч байна, нутгийн хүмүүс ч байна, гоёж гангарсан хосууд ч байна, гутлаа чичирсэн баагийнууд ч байна. Нэг удаад 500, 1000 доллар тавих ширээнд хятад, араб царайтай, голдуу хөгшин хүмүүс тоглож харагдсан. Тэдний дунд ганц хоёр хижээл насны авхай ширээг чимэж сууна, урдаа эрчүүдээс дутахгүй 100$ coin хэд хэдэн эгнээ өрөөстэй.

Мань хэд ч яахав, хүмүүсийг харж баахан алмайрч байгаад дор бүрдээ 50 доллараар тоглохоор шийдэж 50$ дуусангуут казиногоос гаръя гэж ярилцаад тоглоомын ширээ өөд дөхөв.

2008/11/04

8. Австралийн тэмдэглэл, Sydney, casino

 

Өдөр: Опера Хаус 
Опера хаус харж  бүгдээрээ ногоон зүлгэн дээр гэдсээ элж гэдэргээ харж баахан хэвтэв. Токиод ингэж тэрийж хэвтэх боломжтой газар байдаг ч болоосой гэж баахан мөрөөдөв.

Хажууд Тарог siesta-даж хурхирч байх хооронд бүсгүйчүүл бие биедээ аж амьдралынхаа эрээн бараан, ээдрээтэй эргэлзээтэй, эргэчихсэн эргэлдчихсан бүхнийг report хийцгээв. Японд байхдаа бүгд завгүй, тухтай уулзах завсаргүй тул боломж олдсон дээр гэсэн шиг гурвуулаа амаа ар дээрээ гартал бурцгаав.

Орой шөнө: Казино
Гол санаачлагч бол Таро. Дагалдан баясагчид нь хоёр япон & нэг монгол, нийт гурван бүсгүй. Тодруулга: гурван cute бүсгүй. Бүсгүйчүүл урд өмнө нь казино орж байгаагүй учир "ганцаараа биш бол гайгүй, андуудтайгаа бол айлтгүй" гэсэн уриан доор казино явах санаачлагыг бүрэн дэмжиж, бас эхний удаа "туршлагай" Тарогоор учир начрыг заалгаад авбал дараа хаа нэг газар казино таарвал ганцаар айлтгүй орно гэсэн давхар нарийн тоцоотой...кк 

2008/11/03

7. Австралийн тэмдэглэл: Sydney & UB

Sydney-д байхдаа өөрийн эрхгүй цагийн сайханд “Азийн цээжинд гэрэлтэх сувд” гэгдэж байсан ч эдүгээ утаа манан бурантаг болж хувирсан Утаанбаатар хотоо бодож явав. Ноднин “Financial Times” муу хотыг минь “Ulan Bator is not a nice city from the arhitectoral point of view. It is a clash of old ugly Soviet architecture and a monumental modern buildings with a tasteless Chinese flavour” гэж бичсэнийг уншаад хөөрхий хотоо "өмөөрмөөр санагдавч үг олдохгүй" гэгч болж билээ. Бас үг нь олдож өмөөрлөө ч "үнэн үг хэлсэн хүнд үхэр хүртэл өшөөтэй" гэгчийн үлгэрийн өөрийн биеэр үзүүлчих мэт. Бас нэг танил япон モンゴルはゴビ砂漠、ウランバートルはゴミ砂漠 гэж байсныг чөлөөт байдлаар орчуулбал "Монголын говь бол элсэн манхан, Улаанбаатар хот бол хогийн манхан".

Барилгын ажил дэндүү замбараагүй явагдаж буйг хэн хүнгүй хэлж ярьж шүүмжилж байна. Гэхдээ яг ямар бодлогын дагуу, юуг чухалчилж, юуг золиослож хотоо барилгажуулах вэ гэдэг асуудлаар тодорхой яриа discussion өрнөхгүй байгаа мэт? Тиймээс хэдэн санаа хэлэхэд:

1. Миний бодлоор УБ-т зайлшгүй хадгалж үлдээх ёстой хэдэн байшин бий:
Өндөр хоршоо буюу одоогийн Дүрслэх урлагийн музей, талбайн хажуугийн хуучин хэвлэлийн үйлдвэр (тэнд Сүхбаатар ажиллаж байсан шүү дээ), анхны хувьсгалчдын нууц цуглаан хийж байсан дүнзэн байшин. Энэ хэдэн байшинг үзэмж муу гэж ад үзэж, сүүлийн үед их оролдох болсон. Цаашилбал Төрийн ордны эргэн тойрон тэр чигээрээ: Төв шуудан, Нэгдүгээр сургууль, Байгалийн музей, Дуурийн театр, СУИС хүртэлх бүх намхан байшингууд... гээд нэрлэвэл зөндөө мэт. Гэхдээ Европ болон бусад улсын хоттой харьцуулахад манайд хамгаалмаар хуучны хэдэн байшин даанч цөөхөн. Гэтэл цөөн хэдэн байшнаа хотын төвд газар булаалдаж устгах гээд байдгийг юу гэх вэ? Соц үеийг сүүлийн үед их муулдаг ч өнөөгийн байдал бол ардчилсан нэрээр ухаанаа алдаж, улсаа зарж, улаан зоосны нүхээр бүхнийг харах болсон мэт.

2. Устаж үгүй болсон цөөхөн хэдэн сүмээ одооноос бодож эхэлмээр санагддаг. Гандан өндөрлөг газар байгаа болохоор одоохондоо гайгүй байгаа ч яваандаа эргэн тойронд нь элдэв өндөр байшин босож хотын маань унаган төрх алдагдчих вий гэж айна. Чойжин ламын сүмд яг тулгаад Silk Road ресторан барьчихсантай адил.

3. Бүх орон сууц хүүхдийн тоглох талбайтай байх ёстой гэсэн хууль баталж гаргамаар. Одоогийн байдлаар угаасаа цэцэрлэг модоор тарчиг хот маань яваандаа огт хүүхдийн гулгуур, дүүжин савлуургүй болох шинжтэй (зарим хэсэгтээ аль хэдийн тийм болчисон байна).

4. Хэдий социализмын үеийн байшингууд "тиймэрхүү" ч гэлээ Улаанбаатар хотын түүхийг өгүүлэх нэгэн өвөрмөц төрх мөн билээ. 50 жилийн дараа түүхэн чухал дурсгал болно. Ugly гэвэл гуравдугаар юмуу нэгдүгээр хорооллын орон сууцны байшингуудыг тэгж хэлж болох. Харин төвийн хэдэн намхан намхан байшингууд маань надад лав хөөрхөн харагддаг, хайрлам санагддаг. Хичээл тараад тэр хавиар зугаалж явахад сайхан л байсан... Оронд нь баахан өндөр шилэн байшин босчихвол харамсалтай биш гэж үү. Даанч энэ тухайд санал нийлэх хүн бага юм даа. Ярьсан болгон л хуучин юмаар юу хийх юм, өндөр өндөр байшин л гоё гээд хотын төвөө Шибүя шиг болгох юм ярьна... үнэ цэнэ, үнэлэмж үнэнхүү үл нийлэх учир санаа алдана.

6. Австралийн тэмдэглэл, Sydney


1. Сидни хот барилгаа хайрлана

Газарчилсан австрали залуу "Манай улс Европ, Азитай адилгүй. Дэлхийн түүхийн хэмжээнд авч үзвэл байшин барилга нэлээд хожуу баригдсан. Дорвитой хуучны байшин гэж харуулах юм бусад улстай харьцуулахад бага. Тийм учир анх цагаан хүмүүс ирж барьсан байшин, барилгаас үлдсэн бүхнийг хадгалахыг хичээж байгаа" гэж ярьсан нь санаанд хамгийн тод үлдэв.

Эртний байшин, гүүр, гудамж гэдэг хотын архитектурын түүхэн өв сан. Тиймээс тусгай хамгаалалтанд байх ёстой. Тусгай хамгаалалт гэдэг нь хүвь хүн, пүүс компани дураар буулгаж нураах бүү хэл, дур мэдэн засвар хийж шинэчилж өөрчлөх ч эрхгүй. Гэхдээ хүмүүс нь эртний байшин барилгадаа хайртай учир юун нураах, юун ашиг хонжоо хөөсөн юм барих... тийм яриа Австралид гарах ч үгүй аж (манайхтай адилгүй).

Улсын хамгаалалтанд зөвхөн ямарваа нэгэн түүхэн үйл явдал болсон нэртэй цуутай дурсгалт байшин биш, хуучны гэмээр бүх байшин ордог юм байна. Газарчилсан австрали залуу ямар байшинг хуучин барилгын тонд оруулах тухай нарийн хэмжүүр байдаг, хот судлал хийгээд хот төлөвлөлтийн мэргэжилтэн нарын гаргасан бүртгэл лист байдаг гэж ярихыг сонсоод атаархаж байлаа. Нэгд, мэргэжилтнүүд нь хамгаалах ёсой байшингийн бүртгэл хийсэн байх нь. Хоёрт, хотын захиргаа нь тэднийхээ үгийг сонсдог байх нь. Гуравт, хүмүүсийн ухамсар өндөр учир пүүс компаний эзэд хуучин байшин нурааж шил толь босгоно гэж зүтгэдэггүй байх нь.

Darling Harbor-с уруудаж явах замд таарсан нэгэн хана нэлээдийг бодогдуулав. Харахад зүгээр нэг шар өнгийн шавар хана. Цагийн сайнд гайгүй том байшингийн хана байсан бололтой. Дундуураа цуурч муураад энд тэнд тойпуу уначихсан харагдана. Эргэн тойронд нь хэдэн арван метрийн зайнд юу ч байхгүй, тойруулж гоёмсог олс татсан төдий. Учрыг асуутал Сидни хот барилга байшингаа алаг цоог үздэггүй гэнэ. Зөвхөн бүтэн байшин барилгаа хамгаалаад зогсохгүй эртний барилгын үлдэгдэл бол ганц хана ч байсан хамаагүй хойч үедээ үлдээхийг боддог гэнэ. Ганц цэрэг юү гэдэг билээ дээ, түүн шиг ганц хана ч гэсэн хотын түүхийн нэгэн хэсэг. Тийм учир нураах битгий хэл эргэн тойронд нь тодорхой зайнд газар доргиулсан барилгын ажил явуулахыг хүртэл хатуу хорьдог гэнэ.

2. Сидни хот модоо хайрлана.

Айл бүрийн хашаан дахь модны тоо албан ёсны бүртгэлтэй. Хэдий өөрийн хашаа байшин, хувийн өмчийн газар гэлээ модоо дур мэдэн тайрах эрхгүй. Мод өвчилсөн зэрэг яах аргагүй тайрах шаардлага гарвал заавал тусгай зөвшөөрөл авна. Ургаа модыг бүхэлд нь тайрах байтугай ганц хоёр мөчир хүртэл дур зоргоор тайрах хориотой.

5. Австралийн тэмдэглэл, Sydney




Сидни хотын анхны сэтгэгдэл:   

Ази, Африк, Европ, Энэтхэг, Непал, Турк, Араб...   
Өнгө өнгийн арьс, түмэн янзын царай, төрөл бүрийн хэл.  

Цоглог, золбоолог, нарлаг, найрсаг.  

Нүүр дүүрэн инээмсэглэл, цээж дүүрэн позитив энерги.   
Бүсгүйчүүлийн анхааралд: very fashionable.