2009/05/31

Хар далай, төгсгөл


  

  

  

Хоёр дахь зургийн гурван хүүхэн үнэн көөөөлкөн. Би тэдэнд "три красавицы" гэдэг нэр өгчихсөн. Тун хөгжилтэй хүүхнүүүд. Бие биенээ бүдүүнээр нь дуудаад л, диет хийх тухай маргаад л... Намайг хаа холоос харангуутаа гар даллан "айда, айда в воду" гэж дуудна, миний нэг өдөрт борлосоныг өөрсдийнхөө долоо хоногт дөнгөж улаасныг гайхна, инээдтэй инээдтэй юм ярьж их хөхрөлдөнө. Красавицы & хохотушки гэж энэ гурвыг л хэлнэ.

Хоёр долоо хоног Москва, Украин, Симферополь, Хар далай, Канака гэх газруудаар явахдаа нарны сайханд бов бор болов, украин нутгийн жигнэмэг, печени, бялууны сайханд нэлээд жин нэмэв. Энэ удаагийн дурсамжаа есөн тэмдэглэлд багтааж, хар далайн нартай, наргүй янз бүрийн зургаар аяныхаа тэмдэглэлийг өндөрлье. 

Аялал ба хүмүүс

Аялал гэдэг тогтсон нэгэн хэмнэлт амьдралаас холдуулж, "гэр-ажил-гэр" тойргоос хэсэг зуур ч болов гаргаж өгдөгөөрөө сайхан. Шинэ газар нутаг үзэхээс гадна шинэ хүмүүстэй учруулж танилдцуулдаг нь хамгийн сайхан. Хоромхон зуур хоёр, гурван үг хэлэлцээд өнгөрсөн ч зарим нэг замын танил ухаан бодолд удаан хугацаагаар үлдэнэ. Энэ удаагийн аялалаар ч олон сайхан хүнтэй учрав. Яагаад ч юм Монголтой холбоотой маш олон хүнтэй таарсан нь гайхал төрүүлэв. Эхнээс нь жагсаавал:

  • Москвагаас Симферополь руу нисэх онгоцонд хажууд суусан хижээл насны хөгшинтэй хуурч хөөртөл намайг Монголоос ирсэн гэж дуулаад сүйд майд. Хүү нь уул уурхайн салбарт ажилладаг, ноднин Монголд уул уурхайн чиглэлийн томоохон үзэсгэлэн болоход Оросыг төлөөлж оролцсон гэх. "Хүүгийн төрсөн өдөр үзэсгэлэнгийн өдөртэй таарсан тул монгол найз нөхөд нь маш сайхан тэмдэглэж өгсөн гэсэн. Бас монгол жанжин малгай бэлэглэсэн гэсэн. Хүүд мань жанжин малгай маш их таалагдаж, бүр малгай цуглуулдаг болсон шүү. Одоо нэлээд хэдэн орны малгайтай болж байгаа, гэхдээ цуглуулгын эхний малгай бол монгол жанжин малгай. Ирэх зун хүүгээ дагаад Монгол явна даа..." гээд бөөн хөөр болгон ярьж өгөв. 
  • Хар далайн эрэг дээрх зочид буудлын хажуу өрөөний хөрш бүсгүй Ангарск хотын жуулчны компанид ажилладаг болж таарав. Сүүлийн үед "армаанчик"-ийн эрэлд Монгол руу аялах хүн олширсон учир 4 сард Монголд ирж, Улаанбаатарын гайгүй гэх бүх зочид буудлыг судалж ангилаад ирсэн гэх. Бас их дэлгүүрээс авсан арьсан түрийвч энэ тэрийг үзүүлж сонирхуулав.
  • Өдрийн хоол идэх, далайд сэлэх үед тааралдаж байсан нэгэн бүсгүй нэг өдөр хүрч ирээд "Сайн байна уу?" гэж монголоор мэндлэхэд нүд орой дээр гараад. Тэгсэн намайг монгол гээд хэдэн хоногийн өмнөөс анзаарсан байж. Яриа хууч хөөртөл бүсгүй хүүхэд байхдаа ээж аавтайгаа Сайншандад байсан гэнэ. Монголд бага насаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай, хөдөө хээр нутаг одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Тэр үеийн дурсгалаас онцгүй нь гэвэл зөвхөн идэх хоол, ногоо жимсний төрөл бага байсан явдал, бусдаараа бол яриан байхгүй сайхан цаг, сайхан орон байсан гээд бид хоёр бас нэлээд удаан ярьж хөөрөв.
  • Симферопольд хоромхон зуур тааралдсан сувилагч эмэгтэй 80-д онд шинэхэн гэрлэсэн инженер нөхөртэйгээ Эрдэнэтэд амьдарч байсан тухайгаа ярьж өгөв. Манай гэр бүл одоо ч Монголд их элэгтэй, ингэхэд танайд сая 7 сард юу болоод байсан бэ, нэгэн өдөр зурагт үзээд ямар их гайхаж, сэтгэл зовсон гээч...
  • Москвагийн зочид буудал хэдий "гурван одтой" гэх ч өрөөндөө ус буцалгагчгүй. Халуун цай уухын тулд буцалсан хар ус гуйхаар үйлчлэгч нарын өрөөнд ортол үүдэнд байсан авгай шууд л хаанаас ирэв гэж байна. Монголоос гэсэн чинь царай зүс нь хайлмаг тос шиг л зөөлрөөд явчихав. Дотны найз гэр бүл, эхнэр нөхөр хоюулаа барилгачид. 80-д онд монголд барилга барьж байсан, одоо ч хааяа тэр үеийнхээ дурсамжаас хуваалцдаг. Монгол хүнтэй таарсан гэвэл баярлах байхдаа гээд надаас Монголын тухай нэлээд олон юм сонирхож асуув.
Би ер нь хаа ч явсан Монголд дуртай, Монгод элэгтэй хүмүүстэй таардаг. Австралид ч таарч байсан, Англи, Малайзид ч таарч байсан. Ноднин Москва яавахдаа ч Монгол руу аялна гэсэн хүмүүстэй таарсан. Гэхдээ энэ удаа тийм хүмүүсийн тоо арай "хэрээс хэтэрсэн" байв. Тэгээд бодлоо л доо... өдий болтол учирч таарсан хүмүүсийн дунд монголд дурамжхан хүн ер байгаагүй. Бүгд л Монголд хайртай дуртай элэгтэй гэх хүмүүс байсан. Бас нэлээд нь Монголд очсон эсвэл очих юмсан гэсэн хүмүүс байсан. Тэгэхээр би ер нь Монголд элэгтэй хүмүүсийг татдаг байж магад... кк

Бас нэг бодол гэвэл, энэ удаа хоёрхон долоо хоногийн дотор орос улсын үй олон хүний дундаас Монголыг зүгээр нэг мэдэж сонирхдог биш бүр очиж байсан, удаан хугаацаагаар ажиллаж амьдарч байсан хүмүүстэй ингэж таарна гэдэг... Тэнгэр бурхан намайг харагаа нутгийн зүг чиглүүл гээд байна уу, ерөөс шулуухан харь гээд байна уу... өөрийн эрхгүй энэ талаас хүртэл бодож үзэв. Харин эгч маань "Монголд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн тоо 2 сая орчим гэдэг шдээ, тиймээс Монголыг мэддэг хүмүүстэй уулзсанд ангайж гайхах явдалгүй" гэв. Нээрээ тийм ч байх.

Симферополь & Москва

Хэрэг зориг Хар далай учир Симферополь хотоор зорчин өнгөрөх төдий л байв. Орос руу буцаж орох виза хөөцөлдөхийн тулд хоёр хоноод цааш явсан учир Крымийн үүд хаалга гэлтэй энэхүү хоттой Орос консулын эргэн тойрноор холхиж явахдаа л жаахан танилцах аядав. Тиймээс онцын бичээд байх зүйлгүй ч ганц хоёр сэтгэгдлээсээ хуваалцъя:

Симферополийн хүмүүс эелдэг найрсаг. Ялангуяа Москвагийхантай харьцуулахад. Ноднин ч, энэ жил ч Москвад буусан эхний өдрөө бөөн "culture shock". Онгоцны буудлын гаалийн хүүхнээс эхсүүлээд тувт төрөл бүрийн хүмүүст загнуулаад байгаа мэт санагдана. Гэхдээ угаасаа Москвад элдэв байгууллага, үйлчилгээний газрын хүмүүсийн харьцаа тиймэрүү л дээ. Энгийн иргэд ч ялгаагүй, нэг л яарсан, амьдралд ядарсан мэт харагдана. Зам асуувал бүгд өндөр дуугаар, цөөн үгээр, хурдан түргэн хариулаад цааш хурдална. Метронд хүнээс юм асуувал алхаж буй хурдаа ч сааруулахгүй байж мэднэ. Тиймээс хариуг нь сонсохын тулд зэрэгцэн шогших хэрэгтэй, эс бөгөөс дугуй зааланд дүнгэнээд ирж буй богооны чимээнд дуу нь замхарч, дахиад хэн нэгнийг барьж авах хэрэг гарна. Ер нь Москва хотын амьдрал нөгөө "Run Lola Run" киног хамгийн их санагдуулна. Тэнд тайван алхалж буй гурван төрлийн л хүмүүс байна: орон нутгаас орж ирээд удаагүй хүмүүс, гадна дотны жуулчин гийчид & дурлалт хосууд.

Харин Симферополийн хүмүүс ямар ч сайхан налгар тайван юм. Юм асуувал "За байз хө, энэ чинь юү билээ..." гэх маягаар хээвнэг гэгчийн хариулна. Та хаанаас ирээ вэ гэх мэт яриа ч өднө. Бас инээмсэглэнэ! Хүмүүс нь элдэв юманд яараагүй, эелдэг харьцаатай, инээмсэглэж ярилцах тул дэлгүүр хоршооны сервис хүртэл Москвагаас хамаагүй илүү. Юм асуухад төвөгшөөхгүй, захиалгаа буцаахад уурлахгүй, удаан шилж сонгосон ч залхсан байдлаар хялаахгүй. Тиймээс амьдралын чанар (quality of life) гэгч үзүүлэлтээр Орос оронд Москва хамгийн адагт орох байх.

Гэхдээ л надад Москва гоё :) Амьдрал буцалж булиглаж дэврээд бөөн кайф. Ялангуяа Японтой харьцуулахад хүмүүс ёстой үзэж таарч, үсэрч наалдана. Тэмүүлнэ, тэмцэнэ, тэрсэлдэнэ. Олно, алдана, хожино, хонжино. Зүтгэнэ, зүлгэнэ, уйлна, уурлана, сайндана, муудана, ухрана, урагшлана, дайрана, давшлана... тэгээд гүйгээд байна, гүйгээд байна. Нэг үгээр хэлбэл Москвагийн амьдрал бол бөөн ҮЙЛ ҮГ. Харин Симферополь үйл үг биш тэмдэг нэрээр дүрслэгдэх хот.

Симферополь & Улаанбаатар


  

Симферопольд иймэрхүү намхан хөөрхөн байшин олон.

Нэлээд дээхэн монголын анхны архитекторуудын нэг буурал хөгшингээс Улаанбаатарын бүтээн байгуулалтын тухай ярилцлага авах завшаан тохиосон юм. Хотын төвийн тухай асуухад "МУИС, хуучин цирк хавийн байшингууд уул нь арай ондоо загвартай байсан. Зураг төслөөрөө бол цэвэр классик стилийн хэдэн хөөрхөн байшин босох ёстой байлаа. Даанч улс маань хөрөнгө мөнгөөр дутмаг, тухайн үеийн барилгачид маань ур чадвараар дутмаг, мөн цаг хугацаа аягүй давчуу байсан тул бодсон санасны хаана нь ч хүрэхгүй байшингууд боссон... сэтгэл их дундуур байсан" гэж ярьж байлаа.

Архитекторын санаагаар ямар байшин баригдах ёстой байсаныг Симферополь хотоор явж байхдаа жаахан ойлгох шиг, гадарлах шиг болов... Улаанбаатарт маань яг ийм барилга хаана байдаг билээ? :)

Алушта, Жүр-Жүр хүрхрээ


     

    

Хүмүүсийг даган баясч уулын өндөрт байдаг Жүр-Жүр хүрхрээнд очиж үзэв. Тэнд урсах ус, уул мод ширтэж хэдэн цаг сууснаа мартав. Харин хамт явсан хүмүүс байгалийн сайхнаас гадна бас нэг зорилготой. Аль зочид буудалд байхын л усны хувцсаа ав, тэнд гурван төрлийн ванна байдаг, орох хэрэгтэй гээд л сүр болоод байсан юм. Юун "ванна, баня вэ" гэхээр бид нар ч сайн мэдэхгүй байна, лав биенд сайн гэсэн, хүнээс асууж байгаад орно гэлцээд. Учир начрыг сайн ойлгоогүй ч юу ч гэсэн усны хувцсаа аваад уул өөд аялалд гарав.
 
Автобусаар уулын ёроолд очоод алхаж гарлаа. Ойн дундуур мацаад л байлаа. Уулын хоёр, гурван хүрхрээ бүхий хурдан урсгалт голыг нааш цааш хэд хэд гатлан байж зорьсон газраа хүрэв. Хүмүүсийн яриад байсан ванна гэдэг нь уулын өндөрт, тэр голын нэлээд дээхэн хэсэгт байдаг гурван том "хонхор" болж таарав. Өндөр том биетэй оросууд ороход толгой нь цухуйхтaй үгүйтэй, нэлээд гүнзгий. Хорондоо 20, 30 метрийн зайтай байрлах гурван ванны эхнийх нь “цэвэршүүлэх ванна”, дараагийнх нь "эрүүл мэндийн ванна", хамгийн сүүлийнх нь "гоо сайхны ванна". Нэг ёсны бие сэтгэлээ цэвэршүүлээд, эрүүл мэндээ сэргээгээд, гоо сайхнаа бадраагаад, эрүүл саруул үзэсгэлэн төгөлдөр хүмүүн болно гэсэн дом юмуу даа. Яг нөгөө орос ардын Бөгтрөгтэй морьхон үлгэрт гардаг шиг.

Урсгал гол, уулын усны дээжээр халуунд халсан толгойгоо норгоод, рашаан болог гээд балгаад үзсэн чинь пээээээ хамаг шүд янгинаад часхийм хүйтэн. Ийм усанд орно гэдэг ёстой мань мэтийн хэмжээнээс хэтэрсэн хэрэг. Тэгээд ч энэ усанд орох ёсыг хэн, хэзээ эхлүүлсэнийг ямар мэдэх биш. Явуулын баахан хүмүүс ингэж хамаа намаагүй ороход ойн савдаг, уулын эзэн, за бас нутгийн хүмүүс дуртай ч юмуу үгүй юмуу... гэх мэт бодол толгойд орсноор дэмий баахан хүмүүс харж суув. Оросууд харин халуун цустай улсууд хашгиралдаад л ороод байсан. Олуулаа хүрч ирээд орилолдон орж гараад дараагийн ванаа уруу яарна. Тэднийг харж суухдаа гялс орчихдог ч юмуу... гэсэн бодол төрсөн ч усны хувцсаныхаа хэргийг гаргаж зүрхлээгүй.

Доош бууж Жүр-Жүр хүрхрээний дэргэд усны чимээ чагнаж тэнгэрийн үүлс, модны орой ширтэж баахан суув. Тэгэж байгаад буцах унаанаасаа хоцрох шахаад тэрүүхэндээ хөөрхөн сандрав.

Крым, бук мод


   

   

Крымийн уул модоор сайхан явж зугаалав. Ой болсон хойно янз бүрийн мод ургах ч эндэхийн ойд ороосоор "бук" (латинаар Fágus, монголоор юу гэдгийг бүү мэд) гэх мод нэлээд түгээмэл. Тээртээ доор далайн тэнд халуу шатаж байхад өндөр ууланд сэрүү татаад сайхан. Зарим модны навч холдон буй зуны нарыг сануулах мэт алтан шаргал өнгөөр гэрэлтээд намар цагийн эхний элчийн үүрэг гүйцэтгэх мэт. Ургаа мод, өвс ургамалын үнэрт мансуурч газар нэг юм дэвсээд өдөржин тэнгэр ширтэж хэвтмээр болох. Сэлэнгийн ойд нэрсэнд явж байсан минь санагдаж... ингэхэд юу бичиж байлаа, нэг мэдсэн бөөн уянгын халил болчихсон сууж байна... кк.

Бук модныхоо тухай яриагаа үргэлжлүүлье. Крымийн ойд зург дээрхи шиг хоёр, гурван сонин мод тааралдсан тул харж гайхаад. Хүмүүсээс ямар мод болохыг асуухад ихэнх нь надтай адил явуулын хүмүүс тул мэдээж "мэдкү" гэх. Тэгтэл нэгэн их мэдэгч эмээ хүрч ирээд "Хүү минь, энэ чинь бусадтайгаа л адилхан бук шүү дээ. Бук бусад модоос ялгаатай нь аянга буухад хугарч унаад шоргоолж өтний хоол болж мод насаа дуусгадаггүй. Аянга буусан тэр хэсгээсээ салаалж ургаад ийм сонин, дундад зууны канделябр лааны суурь шиг болж ургадаг юм. Олон модны дундаас зөвхөн үүн дээр аянга буусан нь азгүй мэт боловч ингэж салаалж ургасан бук мод бусдаасаа хамаагүй илүү урт насалдаг юм. Бас сонин содноороо бидний нүдийг баясгаад... бодоод байхнээ хүмүүс ч гэсэн энэ модтой адилхан байж магад. Амьдралын зовлон бэрхшээлд сөгдөн унах нэгэн байхад, бук мод шиг хатуу хахирыг даван туулаад сорил туршлагаасаа улам их хүч аваад цэцэглэж дэлгэрэх нь ч байх..." гэж хэлээд аажуухан цааш алхаж билээ. Би харин тэндээ саатаж, салаалж ургасан бук модыг хэсэгтээ түшиж зогсов.

Онгоцны буудлууд


  

  

Зураг 1:  Москвагийн Шереметьево-1 онгоцны буудал.

СНГ-ийн орнууд уруу эндээс ниснэ. Дээр үеийнх шиг автобусаар онгоцондоо дөхөж очоод өөрсдөө шатаар дээш гарна. Хамгийн сүүлд хэзээ ингэж онгоцонд суусан билээ... шатаар өгсөхөд гоё, гоё дурсамж санагдан, сайхан болоод явчихсан. Тээр тэнд хэн нэгэн гар даллаад зогсож байсан бол бүр ч гоё байхгүй юу... кк... Нөгөө нэрийг нь мартчихаж, Бумаа билүү Бурмаа билүү уруул дээрээ мэнгэтэй хүүхэнд дурлаад байдаг киноны төгсгөл шиг :)

Зураг 2, 3, 4:  Симферополийн онгоцны буудал.

Москва намайг явж буйд харамссан бололтой, бороо хураар үдэж гаргав. Харин Симферополь ирсэнд минь хэмжээлшгүй ихээр баярласан бололтой цэлмэг тэнгэрээр угтаж мишээсэн :) Анх буугаад жаахан гайхав. Өмнөговь явж байхад л нэг ийм8 юу ч үгүй цэлгэр талд бууж байсан санагдана. Яагаад ч юм хөөрхөн жижигхэн онгоцны буудалд бууна гэж бодож байсим. Тэгсэн санаснаас хамаагүй том буудал, бараг манай Буянт-Ухаагаас (I know, нэр нь өөрчлөгдөөд удаж байгаа) ч том байж магад. Гэхдээ Орос улсын өнцөг булан бүрээс хүмүүс Хар далайг зорин ирэх тул эндээс хориод хот уруу шууд нислэгтэй. Москва уруу гэхэд л хоёр цаг тутам нэг онгоц нисч байх жишээтэй. Тэгэхээр том байх нь ч аргагүй байх.

Гэхдээ Шереметьево 1-ийн адил онгоцны шатаар өөрсдөө бууж суудаг нь гоё, хуучнаараа. Би орчин үеийн ихэнхи онгоцны буудал нэвтрүүлсэн тэр суух хоолойд үнэн дургүй. Нэг л армаанчикгүй санагдана, тэр хоолой. Хэдэн жилийн дараа онгоцны трап шатаар өгсөж уруудах эрхийг зөвхөн нэг улсаас нөгөө улсад айлчлах ерөнхийлөгчид л эдлэх байх даа... Ерөнхийлөгч бодгиймуу... гсн.

Москва 2


    
Хотын өнгө үзэмжний тухай түрүүний яриагаа жаахан үргэлжлүүлье.
 
Саяхныг хүртэл Москва хотын төвд Европдоо хамгийн томд тооцогдох "Россия" зочид буудал сүндэрлэж байлаа. Та 2007 оноос өмнө Москвад зочилсон бол энэ зочид буудлыг харсан байж таарна. Учир нь их хотод ирсэн хүн бүр заавал Улаан талбайд очдог, Улаан талбайгаар зугаалсан л бол Россияг харсан байдаг. Цонхоор нь Москва гол, Улаан талбай, Кремль, Василий Блаженный сүм гээд хотын төвийн гол дурсгалт газрууд харагдах тул "Россия" мэдээжийн хэрэг үргэлж жуулчид гийчдээр дүүрэн байв.

Гэвч тун саяхан буюу жилийн өмнө нэгдүгээрт, хотын төв хэсгийн эртний өнгө үзэмжийг алдагдуулж байна, хоёрдугаарт хуучирсан байна гэсэн хоёр шалтгаанаар хотын дарга Лужковын зарлигаар Россия-г буулгаад будаа болгочихож. Улаан талбайд очсон чинь байх ёстой барилга байх ёстой газраа байхгүй, гайхсан гэж жигтэйхэн.

Ер нь Москва хотынхон аль дээр үеээс тэр зочид буудалд дургүй байсан л даа. Экскурси энэ тэрээр явахад гид бүр "Энэ зочид буудал уул нь гоё л доо, даанч байрлалаа олоогүй. Хуучны байшин барилгын дэргэд ийм модерн загвартай зочид буудал барих хэрэггүй байсан юм. Үүнээс болоод Москвагийн төв эртний өнгө үзэмжээ алдчихсан, харин Ленинград бол хуучин хэвээрээ" гэж заавал хэлдэгсэн...

Одоо харин буулгасан зочид буудлын оронд эргэн тойрны сүм хийгээд эртний байшин барилгын сүрийг дарахгүй, даруухан, намхан загвартай зочид буудал барих ажил ид явагдаж байна. Их хотынхоо өнгө  үзэмжийн төлөө архитектурын хувьд мундагт тооцогдох ч байрлалаа олоогүй байшин барилгыг нурааж болно. Харин газрын үнэ хэд талийсан ч хүүхдийн тоглоомны талбайд гар хүрч үл болно. Ямар ч атугай Орос орон байшин барилгын хувьд зарчимтай, бодлоготой, оролдож болох, болохгүй юмны ян тан заагтай нь хүндлүүштэй санагдав.

Москва 1

  
Москва хот жилээс жилд улам сайхан, улам цэвэрхэн болж буй санагдана. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөө дагаад энд тэнд их барилга явагдаж, олон өндөр байшин шинээр сүндэрлэсэн боссон ч их хотын өнгө төрх онцын өөрчлөгдөөгүй харагдана.

Ноднин Москва явахад арваад хоног баяр хөөр манан будан дунд л өнгөрөх шиг болсон. Энэ жил арай л тайван хотоор явж зугаалав. Нэлээд олон зүйл ажигласнаас нэгийг дурдвал:

Москва хотод газар байрны үнэ гэж ёстой талийж өгч. Байр худалдаж авна гэдэг хэдэн сая еврогоор яригдах асуудал. Зүгээр байр хөлслөнө гэхэд л хэдэн мянган евро. Москва байрны үнээр дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг хоёр гурван жил тэргүүлж буйг хэн хүнгүй мэдэх байх. Хотын төв орчмын газрын төлөө ёстой дайн болж байна, юун тэр Ирак, Афганистан. Гэхдээ Москвагаар алхаад үзээрэй. Бүх орон сууцны байшин урдаа томоо гэгчийн хүүхдийн тоглоомын талбайтай. Тэдгээр нь бүгд бүрэн бүтнээрээ. Хотын төвийн ч бай, төвийн биш ч бай бүх эмнэлгүүд ойд ороод ирэв үү гэмээр мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн хэвээрээ. Далийхад, бүх эмнэлгүүд модоор хүрээлэгдсэн учир Оросын хотуудад эмнэлэг хаана байгааг мэдэж ядах юмгүй. "Эмнэлэг цэцэрлэг модтой байх ёстой" гэсэн бичигдээгүй нэгэн хууль байдаг мэт санагддаг юм. Тэр нь ч зөв л дөө, хотын агаарыг мод цэвэрлэхээс гадна, моддын дунд амарч зугаалахад илааршиж эдгэх нь ч хурдан байх.

Орост газрын үнэ талийж өгсөн ч орос хүний оюу ухаанд хүүхдийн тоглоомын талбай, эмнэглгийн цэцэрлэг дархан цаазтай хэвээрээ. Мөн шинээр байшин барилга барьсан ч шавааруулж шамбааралдуулахгүй, тухайн гудамжны өнгө үзэмжийг бодож барьсан байх жишээтэй. Улаанбаатрын төвд элдэв юм сүндэрлүүлээд, өндөр байшингуудыг “улс орны хөгжлийн нүүр царай” гэж ойлгох баагийнуудад хотын төвд өндөр байшин барих хориотой тэр Парис, Европ руу явж үзэхгүй юм гэхэд ядаж энэ хаяанд байгаа Москва ороод үз гэж хэлмээр болов.

2009/04/22

Аялал жуулчлал хөгжүүлэх арга...


   

Орос улсын Боровск хот 2000 онд "Түүхэн хот" хэмээх нэр хүндтэй цол албан ёсоор хүртсэн юм. Гэхдээ 11 мянган хүнтэй энэ жижиг хотыг жуулчид гийчид сонирхдог нь түүхэн дурсгал биш тэс өөр шалтгаан буюу байшин барилга бүр нь ямарваа нэгэн зураг зугаатай байдаг учраас гэнэ. Мундаг урлагийн бүтээл биш ч гэлээ хотын өнгө үзэмжийг ийм амар аргаар гоё болгосон нь сайхан санагдав.

Хөгжил цэцэглэлтийн оргил үе нь өнгөрч, хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсан боловч Орос улсын олон үйл хэрэгт ул мөрөө үлдээсэн бяцхан хотдоо хайртай нэгэн бүсгүй олонхи зургийг зурсан нь сонирхолтой. Зураад зогсоогүй энд тэнд шүлэг бичиж үлдээснээс нь энэ хамгийн их таалагдав:

  Будущее - голый мальчик,
  Вертит ключиком
в замке,
  а земля летит как мячик,
  и века все в кулачке.
          Э. Частикова


   


   


      

     


    

2009/04/15

PMO буюу Person of Mongolian Origin

  Глобалчлалын энэ эрин үед төрөл бүрийн шалтгаанаар нутаг усаа орхин урт хийгээд богино хугацаагаар түр эсвэл бүр харьд очиж аж төрөн амьдран суух хүмүүс олон. Сүүлийн үед гадаадад сурахаар/ ажиллахаар/ амьдрахаар явах монголчуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул үүнтэй холбоотой нэг бодлоо хуваалцъя.

  Гэхдээ монголчуудынхаа тухай ярихаас өмнө энэтхэг хүмүүсийн тухай жаал яриа өрнүүлье. Хараад байхнээ, иргэд нь гадаадад их хэмжээгээр цагаачилсан улс орнуудын дунд Энэтхэг тусгай байр эзлэх мэт. Нэгд, нарийн ширийн статистик тоо мэдэхгүй ч мунхаг миний бодлоор амжилттай цагаачдын тоогоор Энэтхэг улс нэлээд дээгүүрт орно. Хоёрт, харьд очоод зуугаад жил болсон ч эх орон, элгэн садантайгаа холбоо тасардаггүй, бусад цагаач улсуудтай харьцуулахад шашин шүтлэг зан заншлаа харьцангуй хадгалж чаддаг нь энэтхэгүүдийн онцлог болов уу. Ингэхдээ хаа очсон газраа China town үүсгэдэг хятадуудаас ч хүртэл илүү мэт санагдана. Англид төрж өссөн, Английн парламентын гишүүн энэтхэг угсааны хүн байлаа ч гэртээ бурхнаа тахиж шүтэх булантай, хинди хэлээ гадарладаг, байнга энэтхэг хоол иддэг бөгөөд Болливүүд кино үзэж байх жишээний. Ер нь ямар ч улсад бүрэн гүйцэд уусдагггүй, эх нутагтайгаа ямарваа нэгэн холбоогоо хадгалж үлддэг нь энэтхэгүүдийн нэг чанар болов уу. Яагаад тийм байнаа.... гэсэн яриа өрнүүлбэл түмэн зүйл шүүн ярилцаж болох ч өнөөдрийн тэмдэглэлээ нэг л зүйл дээр төвлөрүүлье.

  Энэтхэг улс хоёр иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй учир эх нутаг Энэтхэг рүүгээ визгүй ирж очихыг хүссэн цагаачид Энэтхэгийн элчин сайдын яамнаас Person of Indian Origin (Энэтхэг угсааны хүн) буюу PIO card авдаг.

  PIO-д гадаадад амьдарч буй Энэтхэг улсын иргэн биш бүх энэтхэг угсааны хүн орох бөгөөд "энэтхэг угсаа" гэдэг нь дөрвөн үеийг хамруулна. Гадаадад төрсөн, Энэтхэгт очиж үзээгүй, эх хэлээ мэдэхгүй ч элэнц хуланц тань энэтхэг хүн байсан бол та Энэтхэгийн элчин сайдын яамнаас саадгүй PIO авах бөгөөд энэ нь зүгээр нэг хоосон цаас биш юм(*). PIO-той хүн Энэтхэг улсад бизнес эрхлэхийг хүсвэл гадаад хүнээс бага татвар төлнө, ирж очиход виз хэрэггүй зэрэг төрөл бүрийн хөнгөлөлттэй. Мөн энэтхэг хүнтэй гэр бүл болсон гадаад хүн ч PIO авч болдог.

  PIO хөтөлбөрийн эхний мөрд

  The Government of India understands and respects your need to be close to your place of origin and has accordingly launched the ‘PIO Card’ scheme, aimed at making the journey back to your roots, simpler, easier, flexible and trouble free.
  
  (Энэтхэг улсын Засгийн газар таны уугуул нутагтаа ойр байх хүсэл хэрэгцээг ойлгон хүндэтгэж, эх нутаг руугаа буцах аяныг тань амар бөгөөд төвөггүй болгох зорилгоор PIO Card хөтөлбөр хэрэгжүүлж байна)

  гэж хөтөлбөрийн зорилгыг танилцуулснаас харахад PIO гэдэг "хол байсан ч, олон жил өнгөрсөн ч та нар энэтхэг хүмүүс шүү" гэсэн Энэтхэг улсын иргэдээ алдахгүйг чухалчлах бодлогын илрэл болов уу. Мөн энэтхэг хүмүүсийн хасах, таслахаас илүү нэмж нэмэгдүүлэхийг эрхэмд үздэг сэтгэлгээний үр дүн болов уу.

  Монголын хүн ам бага байна, өсгөх хэрэгтэй гээд л энд тэнд яриад байна. Ингэхийн тулд анхнаас нь "алдахгүй байх" бодлого баримтлавал ямар вэ? Гадаад хүнтэй гэр бүл болох монгол залуус жилээс жилд олширч байгаа нь мянга түм шүүмжлээд дийлэхгүй өнөөгийн бодит байдал. Монгол давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учир тэд нар маань эрт орой хэзээ нэгэн цагт иргэншлээ солих, үр хүүхдүүд нь иргэншлээ сонгох асуудалтай тулгарна. Тэр үед ямар шийдвэр гаргах вэ?

  Арваад жил Германд амьдраад өөрийн эрхгүй уйлан уйлан иргэншлээ сольсон найз минь байна. Сольсоныхоо дараа урагшгүй хүмүүст элдэв янзаар хэлүүлээд сэтгэл санаагаар ихэд унаж байсансан. Сэтгэл санаагаар унахын нэг шалтгаан нь монгол паспорт гэдэг дөрвөлжин улаан баримт бол цагаа тулахад бидэндээ тун нандин эрдэнэ. Хэдий би монгол хүн, хэдэн үг бичсэн цаас миний угсаа гарлыг тодорхойлохгүй гэж толгойдоо бодсон ч нэгэн өдөр энэ гээд үзүүлэх юмгүй болоход ихэд эвгүй, элэг эмтрэм. Өсөж торнисон нутагтаа харихын тулд Монголын элчин орж виз авах бодит хүндрэлээс гадна сэтгэл санааны хувьд их хэцүү, дарамттай, гэм хийсэн хүн шиг гэлдэрч явах болно. Нэмж хэлэхэд гадаад хүнтэй заяа холбосон хүмүүсийн хүүхдүүд нь ихэнх тохиолдолд монгол иргэншилтэй болдоггүй нь хамгийн харамсалтай.

  Дүгнэж хэлэхэд, глобалчлалын өнөө үед гадаад хүнтэй хувь заяагаа холбох, гадаадад ажиллах юмуу цагаачлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү л гэхээс багасахгүй нь тодорхой. Давхар иргэншлийг хүлээн зөвшөөрнө гэдэг Монгол шиг хүн ам цөөтэй, хүч чадал дорой улсад ашиггүй агаад аюултай байж магад. Тиймээс Person of Mongolian Origin (PMO) бий болговол ямар вэ? Үүнийг ямар нэгэн шалтгаанаар гэр бүлээрээ цагаачилсан хүмүүс, гадны хүнтэй ханилж гадаадад амьдарч буй монголчууд хийгээд тэдний үр хүүхдүүдэд олгож нутагтаа ирж очихыг нь амар болгож эх оронтой нь үеийн үед холбоотой байлгавал...

  Чингис хааны үеийн түүх бол нэгтгэж нэмэгдүүлсэн түүх байсан. Хоорондоо дайсагнаж байсан овог аймгийг нэгтгэсний үр дүнд бий болсон улсын үр сад нь бид нар. Харин түүнээс хойшхи түүхийг хасаж, хагалж, ханзалж ирсэн түүх гэлтэй. Тэглээ гээд өөдөлсөн нь хаана байна? Адилхан монгол хүмүүс байж зүйрлэвэл "Би сайн, чи муу, манайхан сайхан, танайхан муухай" гэсэн жалга довын үзлээ одоо гадаадад байгаа хүмүүс рүү ямар нэгэн байдлаар хандуулах болсон нь анзаарагддаг. Гэхдээ хардаж, халгаж, хатуурхана гэдэг хэн хэндээ л хортой. Жаахан ч болов энэтхэгүүдээс сурч, элэг нэгтнээ алдахгүйг хичээж, арвижуулж нэмэгдүүлэхийг гол чиглэл болговол.

  Жич: Гадаадад амьдардаг энэтхэг угсааны хүн болгон PIO авч болох ч Энэтхэгийн үндэсний аюулгүйн бодлого & гадаад бодлогоос шалтгаалан Хятад, Пакистан, Непал зэрэг орны иргэншилтэй хүмүүст энэ үнэмлэхийг олгодоггүй. Манайхан ч гэсэн Хятад иргэншилтэй хүмүүст олгохгүй, эсвэл хувь тогтооно гэж шийдэхэд айгаад байдаг олон асуудал нь арилах мэт.

2009/03/21

Хавар

Хаврын урь, хаашаа ч юм бэ өдрүү,
Гадаа униар, хамаг сэтгэл хачин дуниар...

Харгуй холд одмоор ч юм шиг, хамаг найзаа дуудаад наргимаар ч юм шиг.
Аминчилж хэн нэгэнтэй ярилцмаар ч юм шиг, аальгүйтэж баахан инээмээр ч юм шиг.
Гадаа гарч нусгай жаалуудтай нуугдаж тогломоор, ну погоди гэж хөөцөлдмөөр.
Дотор байж дотоод ертөнцөө ажмаар, бодлоо цэгцэлж бор өдрүүдээ цэгнэмээр.

Байгаль дэлхийгээ дагаад сэтгэл санаа сэргэх шиг,
Сэргэх атлаа сэмхэн жаахан үймрэх шиг.
Гэрэл татаж гэгэлзэх ч гэнэтийн гунигт автах шиг,

Ааш зан, амгалан тайвангийн барьц алдагдаж
Яргуй мэт ялдам зөөлөн өдөр байх,
Яргай мод мэт ярвайж суумаар ч өдөр байх.
Зарим өдөр хамаг хүмүүст хайртай гэж зарламаар,
Заримдаа гэхдээ хаашаа ч юм бэ тонилцгоо гэж бүгдийг нь зандармаар...

2009/03/11

Хавар

Хэн хүнгүй л хатуу хуяг бүрхүүлтэй.

Амьдралын нугачаанд алдах, гэнэдэх, гомдох, аргаа барах, амаа барих, итгэл алдах, найдвар тасрах болгонд өнөөх бүрхүүл нь яст мэлхийн хуяг шиг жилээс жилд хатуураад томроод байна.

Гэхдээ л мянга түмэн давхрагын тээртээ дор зөв зөөлөн, өр нимгэн, хүүхэд нүдэлсэн, сайханд итгэсэн, хүмүүсийг хайрласан нэгэн байх.

Хааяа хааяа хамаг хуягнаасаа гарч дотно гэж бодсон нэгэндээ хорвоод мэндлээд "Ээж ээ би ирлээ" гэж инээмсэглэх шиг "Найз минь би ийм шдээ" гэж өөрийгөө харуулна. Хуяг бүрхүүлд баригдсан үед хүндлээд найзархаад байсан нэгэн яагаад ч юм яг энэ үед нялцгай биетэнг няц бяцлах шиг өр өөд өвдтөл өшиглөж орхино.

Тэглээ гээд яах вэ дээ, өнхөртөл өшиглүүлсэн ч зүрхээ нээж сэтгэлээ дэлгэх хүнээ таниагүй гэж өөртөө л буруу өгч өлөн гөлөг мэт өвдсөн газраа долоохоос өөр аргагүй. Яваандаа жил жилийн зэрэглээнд хуягаасаа гарах нь багасч цөөрнө. Эцэс сүүлдээ галбын говийн үлэг гүрвэл мэт ястжаад хад оргилоос унаагасан ч хагархааргүй болно.

Гэхдээ л хааяа хааяа... хавар цаг ирж, хангай байгаль сэргэхэд зүрхний нэг цохилтоор яргуй нүдлэх шиг болно. Хамаг сэтгэлээ хатуу хуяг, харанхуй агуйд түгжээд яахин билээ, нарт хорвоод төрснөөс хойш нандин бүх эрдэнээ наадах шагайн адил найраад цацсан ч яахав дээ... Харамгүй цацаж дуусгаад цаанаа цалгих юмгүй үлдсэн ч харуусахгүй, харамсахгүй, халаглахгүй... гэж бодогдоно.

2009/02/23

Би хэнд ч, ямар ч өргүй


Андрей Дементьев

 Я ничего и никому не должен.
 Не должен клясться в верности стране
 За то, что с ней до нищеты я дожил.
 За то, что треть земли моей в огне.

 Я ничего и никому не должен.
 Мне «молодые волки» не указ.
 Они, конечно, много нас моложе,
 Но вовсе не талантливее нас.

 И новый мир по-старому ничтожен
 Среди своих раздоров и корыт.
 Я ничего и никому не должен,
 Поскольку никогда не жил в кредит.

Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

 Би хэнд ч ямар ч өргүй.
 Эгэл амьдарч, эцэст нь ядуурсныхаа төлөө,
 Эх нутгийн минь гуравны нэг галд автсаны төлөө
 Энэ улсад үнэнч байхаа тангараглах албагүй.

 Би хэнд ч ямар ч өргүй.
 “Залуу чононууд” надад юм заахгүй.
 Аргагүй биднээс залуу ч гэлээ тэд,
 Авъяас билгээр илүү гарахгүй.

 Хэрүүл уруулд автан, тэвш хогшилдоо дарагдан
 Хэдий шинэ цаг ч гэлээ, хуучнаараа өчүүхэн.
 Хэзээ ч зээлээр амьдарч байгаагүйн учир
 Хэнд ч би ямар ч өргүй.