Аялал гэдэг тогтсон нэгэн хэмнэлт амьдралаас холдуулж, "гэр-ажил-гэр" тойргоос хэсэг зуур ч болов гаргаж өгдөгөөрөө сайхан. Шинэ газар нутаг үзэхээс гадна шинэ хүмүүстэй учруулж танилдцуулдаг нь хамгийн сайхан. Хоромхон зуур хоёр, гурван үг хэлэлцээд өнгөрсөн ч зарим нэг замын танил ухаан бодолд удаан хугацаагаар үлдэнэ. Энэ удаагийн аялалаар ч олон сайхан хүнтэй учрав. Яагаад ч юм Монголтой холбоотой маш олон хүнтэй таарсан нь гайхал төрүүлэв. Эхнээс нь жагсаавал:
- Москвагаас Симферополь руу нисэх онгоцонд хажууд суусан хижээл насны хөгшинтэй хуурч хөөртөл намайг Монголоос ирсэн гэж дуулаад сүйд майд. Хүү нь уул уурхайн салбарт ажилладаг, ноднин Монголд уул уурхайн чиглэлийн томоохон үзэсгэлэн болоход Оросыг төлөөлж оролцсон гэх. "Хүүгийн төрсөн өдөр үзэсгэлэнгийн өдөртэй таарсан тул монгол найз нөхөд нь маш сайхан тэмдэглэж өгсөн гэсэн. Бас монгол жанжин малгай бэлэглэсэн гэсэн. Хүүд мань жанжин малгай маш их таалагдаж, бүр малгай цуглуулдаг болсон шүү. Одоо нэлээд хэдэн орны малгайтай болж байгаа, гэхдээ цуглуулгын эхний малгай бол монгол жанжин малгай. Ирэх зун хүүгээ дагаад Монгол явна даа..." гээд бөөн хөөр болгон ярьж өгөв.
- Хар далайн эрэг дээрх зочид буудлын хажуу өрөөний хөрш бүсгүй Ангарск хотын жуулчны компанид ажилладаг болж таарав. Сүүлийн үед "армаанчик"-ийн эрэлд Монгол руу аялах хүн олширсон учир 4 сард Монголд ирж, Улаанбаатарын гайгүй гэх бүх зочид буудлыг судалж ангилаад ирсэн гэх. Бас их дэлгүүрээс авсан арьсан түрийвч энэ тэрийг үзүүлж сонирхуулав.
- Өдрийн хоол идэх, далайд сэлэх үед тааралдаж байсан нэгэн бүсгүй нэг өдөр хүрч ирээд "Сайн байна уу?" гэж монголоор мэндлэхэд нүд орой дээр гараад. Тэгсэн намайг монгол гээд хэдэн хоногийн өмнөөс анзаарсан байж. Яриа хууч хөөртөл бүсгүй хүүхэд байхдаа ээж аавтайгаа Сайншандад байсан гэнэ. Монголд бага насаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай, хөдөө хээр нутаг одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Тэр үеийн дурсгалаас онцгүй нь гэвэл зөвхөн идэх хоол, ногоо жимсний төрөл бага байсан явдал, бусдаараа бол яриан байхгүй сайхан цаг, сайхан орон байсан гээд бид хоёр бас нэлээд удаан ярьж хөөрөв.
- Симферопольд хоромхон зуур тааралдсан сувилагч эмэгтэй 80-д онд шинэхэн гэрлэсэн инженер нөхөртэйгээ Эрдэнэтэд амьдарч байсан тухайгаа ярьж өгөв. Манай гэр бүл одоо ч Монголд их элэгтэй, ингэхэд танайд сая 7 сард юу болоод байсан бэ, нэгэн өдөр зурагт үзээд ямар их гайхаж, сэтгэл зовсон гээч...
- Москвагийн зочид буудал хэдий "гурван одтой" гэх ч өрөөндөө ус буцалгагчгүй. Халуун цай уухын тулд буцалсан хар ус гуйхаар үйлчлэгч нарын өрөөнд ортол үүдэнд байсан авгай шууд л хаанаас ирэв гэж байна. Монголоос гэсэн чинь царай зүс нь хайлмаг тос шиг л зөөлрөөд явчихав. Дотны найз гэр бүл, эхнэр нөхөр хоюулаа барилгачид. 80-д онд монголд барилга барьж байсан, одоо ч хааяа тэр үеийнхээ дурсамжаас хуваалцдаг. Монгол хүнтэй таарсан гэвэл баярлах байхдаа гээд надаас Монголын тухай нэлээд олон юм сонирхож асуув.
Бас нэг бодол гэвэл, энэ удаа хоёрхон долоо хоногийн дотор орос улсын үй олон хүний дундаас Монголыг зүгээр нэг мэдэж сонирхдог биш бүр очиж байсан, удаан хугаацаагаар ажиллаж амьдарч байсан хүмүүстэй ингэж таарна гэдэг... Тэнгэр бурхан намайг харагаа нутгийн зүг чиглүүл гээд байна уу, ерөөс шулуухан харь гээд байна уу... өөрийн эрхгүй энэ талаас хүртэл бодож үзэв. Харин эгч маань "Монголд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн тоо 2 сая орчим гэдэг шдээ, тиймээс Монголыг мэддэг хүмүүстэй уулзсанд ангайж гайхах явдалгүй" гэв. Нээрээ тийм ч байх.
4 comments:
hehe, huurhun shde. Chamd "durlaj" ehelj bn shu :)
hehe ehleed zogsohgui urnuuleerei :D
Хэхэ, нээрээ сонин юмаа...
Дандаа Монголд элэгтэй хүмүүстэй таарч байсан бн ш дээ.
Горькийгийн хэлсэн билүү дээ нэг үг байдаг ш дээ. Эргэн тойрныхон чинь бүгд чамайг муулж байхад хааяа ч гэсэн өөрийгөө магт ч билүү нэг тиймэрхүү...
kk Gorikii yostoi unen ug heljee, heregjuuleed baidag hereg :)
Post a Comment