Крымийн уул модоор сайхан явж зугаалав. Ой болсон хойно янз бүрийн мод ургах ч эндэхийн ойд ороосоор "бук" (латинаар Fágus, монголоор юу гэдгийг бүү мэд) гэх мод нэлээд түгээмэл. Тээртээ доор далайн тэнд халуу шатаж байхад өндөр ууланд сэрүү татаад сайхан. Зарим модны навч холдон буй зуны нарыг сануулах мэт алтан шаргал өнгөөр гэрэлтээд намар цагийн эхний элчийн үүрэг гүйцэтгэх мэт. Ургаа мод, өвс ургамалын үнэрт мансуурч газар нэг юм дэвсээд өдөржин тэнгэр ширтэж хэвтмээр болох. Сэлэнгийн ойд нэрсэнд явж байсан минь санагдаж... ингэхэд юу бичиж байлаа, нэг мэдсэн бөөн уянгын халил болчихсон сууж байна... кк.
Бук модныхоо тухай яриагаа үргэлжлүүлье. Крымийн ойд зург дээрхи шиг хоёр, гурван сонин мод тааралдсан тул харж гайхаад. Хүмүүсээс ямар мод болохыг асуухад ихэнх нь надтай адил явуулын хүмүүс тул мэдээж "мэдкү" гэх. Тэгтэл нэгэн их мэдэгч эмээ хүрч ирээд "Хүү минь, энэ чинь бусадтайгаа л адилхан бук шүү дээ. Бук бусад модоос ялгаатай нь аянга буухад хугарч унаад шоргоолж өтний хоол болж мод насаа дуусгадаггүй. Аянга буусан тэр хэсгээсээ салаалж ургаад ийм сонин, дундад зууны канделябр лааны суурь шиг болж ургадаг юм. Олон модны дундаас зөвхөн үүн дээр аянга буусан нь азгүй мэт боловч ингэж салаалж ургасан бук мод бусдаасаа хамаагүй илүү урт насалдаг юм. Бас сонин содноороо бидний нүдийг баясгаад... бодоод байхнээ хүмүүс ч гэсэн энэ модтой адилхан байж магад. Амьдралын зовлон бэрхшээлд сөгдөн унах нэгэн байхад, бук мод шиг хатуу хахирыг даван туулаад сорил туршлагаасаа улам их хүч аваад цэцэглэж дэлгэрэх нь ч байх..." гэж хэлээд аажуухан цааш алхаж билээ. Би харин тэндээ саатаж, салаалж ургасан бук модыг хэсэгтээ түшиж зогсов.
No comments:
Post a Comment