2009/05/31

Москва 1

  
Москва хот жилээс жилд улам сайхан, улам цэвэрхэн болж буй санагдана. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөө дагаад энд тэнд их барилга явагдаж, олон өндөр байшин шинээр сүндэрлэсэн боссон ч их хотын өнгө төрх онцын өөрчлөгдөөгүй харагдана.

Ноднин Москва явахад арваад хоног баяр хөөр манан будан дунд л өнгөрөх шиг болсон. Энэ жил арай л тайван хотоор явж зугаалав. Нэлээд олон зүйл ажигласнаас нэгийг дурдвал:

Москва хотод газар байрны үнэ гэж ёстой талийж өгч. Байр худалдаж авна гэдэг хэдэн сая еврогоор яригдах асуудал. Зүгээр байр хөлслөнө гэхэд л хэдэн мянган евро. Москва байрны үнээр дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг хоёр гурван жил тэргүүлж буйг хэн хүнгүй мэдэх байх. Хотын төв орчмын газрын төлөө ёстой дайн болж байна, юун тэр Ирак, Афганистан. Гэхдээ Москвагаар алхаад үзээрэй. Бүх орон сууцны байшин урдаа томоо гэгчийн хүүхдийн тоглоомын талбайтай. Тэдгээр нь бүгд бүрэн бүтнээрээ. Хотын төвийн ч бай, төвийн биш ч бай бүх эмнэлгүүд ойд ороод ирэв үү гэмээр мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн хэвээрээ. Далийхад, бүх эмнэлгүүд модоор хүрээлэгдсэн учир Оросын хотуудад эмнэлэг хаана байгааг мэдэж ядах юмгүй. "Эмнэлэг цэцэрлэг модтой байх ёстой" гэсэн бичигдээгүй нэгэн хууль байдаг мэт санагддаг юм. Тэр нь ч зөв л дөө, хотын агаарыг мод цэвэрлэхээс гадна, моддын дунд амарч зугаалахад илааршиж эдгэх нь ч хурдан байх.

Орост газрын үнэ талийж өгсөн ч орос хүний оюу ухаанд хүүхдийн тоглоомын талбай, эмнэглгийн цэцэрлэг дархан цаазтай хэвээрээ. Мөн шинээр байшин барилга барьсан ч шавааруулж шамбааралдуулахгүй, тухайн гудамжны өнгө үзэмжийг бодож барьсан байх жишээтэй. Улаанбаатрын төвд элдэв юм сүндэрлүүлээд, өндөр байшингуудыг “улс орны хөгжлийн нүүр царай” гэж ойлгох баагийнуудад хотын төвд өндөр байшин барих хориотой тэр Парис, Европ руу явж үзэхгүй юм гэхэд ядаж энэ хаяанд байгаа Москва ороод үз гэж хэлмээр болов.

No comments: