2009/10/10

Хайрлах уу, эс хайрлах уу

Alfred Edward Housman (1859-1936)

  When I was one-and-twenty
  I heard a wise man say,
  ‘Give crowns and pounds and guineas
  But not your heart away;
  Give pearls away and rubies
  But keep your fancy free.’
  But I was one-and-twenty,
  No use to talk to me.

  When I was one-and-twenty
  I heard him say again,
  ‘The heart out of the bosom
  Was never given in vain;
  ’Tis paid with sighs a plenty
  And sold for endless rue.’
  And I am two-and-twenty,
  And oh, ’tis true, ’tis true.

Хальт уншихад энэ шүлгийн утга тун энгийн. Алт мөнгө, алмаз эрдэнээ хүнд өгч болно, гагцхүү хамгийн нандин эрдэнэ болох зүрх сэтгэлээ л хэнд ч өгч үл болно гэсэн сургааль аятай шүлэг. Нэгэн залуу 21 насандаа ухаант хүний хэлсэн үнэхүү сургаалийг нэг чихэрээ оруулаад нөгөөгөөрөө гаргана. Харин 22 насандаа дурлал нь бүтэхгүй болмогц үнэн үг байжээ гэдгийг ухаарна. Тэгээд л болоо. Монголоор бол “байдаг л бараа”, оросоор бол “банальность”гэмээр шүлэг. Гэвч бяцхан "но" байна...

Алфрэд Хаусман одоогоос зуугаад жилийн тэртээ англид аж төрөн амьдран сууж шүлэг зохиолоо туурвиж байсан тул шүлгийнх нь үг хэллэг үл ялиг хуучирсан нь мэдээж. Гэсэн хуучирсан ч гэлээ орчин цагийн англи хэлнээс онцын ялгагдах юмгүй. Тиймээс сүүлийн нэг мөр буюу ’tis true, ’tis true тун сонин сондгойрч харагдана. Мөн Хаусмэн шиг хүн "зүрх сэтгэлээ харамла, хүнийг бүү хайрла" гэх утга бүхий шүлэг бичнэ гэдэг бүр ч сонин.

Гүүглээр "when i was one-and-twenty analysis" гээд хайгаад үзэхэд 6,000,000 хариу гарч ирэх бөгөөд ихэнхи нь... за, үнэнийг хэлэхэд би "ихэнхи"-ийг нь уншаагүй, зүгээр эхний хэдэн нүүрний дүнгээс харахад "хайр сэтгэлээ хэн нэгэнд зориулахда тун болгоомжтой байх хэрэгтэй хэмээн сургажээ" гэж энэ шүлгийг дүгнэсэн нь олон (*) . Мөн шүлгийн орос орчуулга ч тийм утгатай байна.

Харин утга учир, үнэний эрэлээ эцэс төгсгөлөөс нь эхлэх буюу нөгөө сонин санагдаад байгаа"’tis true, ’tis true"– гээ гүүглээр хайгаад үзвэл энэ нь Шекспирийн "Гамлет" жүжгийн мөр болох нь эхний линкнээс л тодорхой болно. Ингэхэд Гамлетэд энэ мөрийг хэн хэлдэг билээ?

  Polonius 
  Your noble son is mad:
  Mad call I it, for to define true madness,
  What is't but to be nothing else but mad?
  But let that go.

  Queen
  More matter with less art. 

  Polonius
  Madam, I swear I use no art at all
  That he's mad, 'tis true, 'tis true 'tis pity,
  And pity 'tis 'tis true—a foolish figure,
  But farewell it, for I will use no art.

Polonius буюу Полоний гэгч хөгшин өөрийгөө цэцэн мэргэнд тооцох тул Гамлетын ээжид "хүү тань галзуу солиотой" гэж худал хэлэхдээ энгийн үгээр биш уран үгээр хэлэхийг оролдоно. Ямар сайндаа хатан хаан "More matter with less art" буюу "Уран үгээ хасаад учрыг хэлээд аль" гэж дургүйцэж байхав. Полоний “хүү чинь солиотой” гэж худал хэлснийхээ дараа 'tis true, 'tis true буюу "үнэнийг" өгүүлж байна гэдгээ дахин дахин баталж хэлнэ. Тэгээд Гамлетын Офелияд бичсэн хайрын захидлыг хатан хаанд уншиж өгнө.

Полоний гэгч хөгшин ямар дүр болох нь ойлгомжтой тул ’tis true, ’tis true гэх энэ л мөр Хаусмэны шүлгийг тэс өөр утгатай болгож буй санагдана. 21 насны хайр нь бүтээгүй ч гэлээ зүрх сэтгэлээр хүнд өгөхөд буруудах юм байхгүй - гэдэг л энэ шүлгийн гол санаа гэж бодогдном.

Ер нь Шекспир английн уран зохиолын оргил тул Шекспирээс авсан ишлэл, хэллэг, хэлц үг маш олон. Shakespeare quotes гэж гүүглэхэд түм буман зүйл гарч ирэх бөгөөд тэдгээр нь жирийн яриа, сонин сэтгүүл, ном зохиолд олонтаа хэрэглэгдэнэ. Мөн өөрийгөө сэцэн мэргэнд тооцох Полоний хөгшин хайрын тухай ярьж байгаа нь Хаусмэны шүлгийн "wise man"-тэй адил тул " ’tis true, ’tis true" бол Гамлэтээс авсан ишлэл гэдэг нь эргэлзээгүй болов уу.

За тэгээд

  To love or not to love
  That's the question-г хүн болгон өөртөө зөвөөр шийднэ биз дээ :)

----------------------------------------------------------------------------------
(*) Шүлгийн анализын жишээ:

1 comment:

Anonymous said...

Лаг тайлсан бн ш дээ. хэхэ

Хайрланаа гэж.. "Хүн" гэдэг үүднээс нь л хайрлах юм. "Эсрэг хүйстэн" гэх утгаар хайр татчих хүмүүс учрахгүй л юм...

Харин та соронздоод ч байх шиг...