2009/10/29

Солонгон гүүр

Тамүра Шигэрү "Мөрөөдлийн аян"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Нэгдүгээр хэсэг: Гүүр

Ранслот робот гүн хавцал руу өнгийн хараад
  - Зам энд тасарч байна гэв.
  - Сонин юм даа, дурандахад энэ хавцлын нөгөө талд энэ замын үргэлжлэл харагдах юм. Гэвч энд гүүр байсан ул мөр алга...

   Эрдэмтэн доктор Фүүп, Ранслот робот хоёр археологийн судалгаа хийхээр Дундад Азийг зорин явах замд энэ гүнзгий хавцал таарсан боловч хэрхэн давж, яаж нөгөө талд гарахаа мэдэхгүй арга мухардаад байлаа.

  - Доктор оо, араас хүн ирж байх шиг. 
  
   Эргэн харвал тэр хоёрын ирсэн замаар үндэснийхээ хувцас өмссөн, араг үүрсэн нэгэн эр алхаж ирэв. Тэрээр Ранслотыг харж баясгалантай инээгээд, Фүүп докторт бяцхан мэхийж ёслов. Тэгээд нүдээ жаахан аниад хавцлын зүг хөнгөн шингэн, сонин алхаагаар алхаж эхлэв. Фүүп доктор, Ранслот хоёр сандран

  - Болгоомжтой!
  - Хөөе!

гэж уулга алдан дуудах хооронд эрийн хөлийн үзүүрээс хавцлын нөгөө тал хүртэл долоон өнгөөр туяарах солонго гүүр болон татагдсан байлаа. Эрэгтэй эгэл жирийн явдал мэт ажиг ч үгүй солонго өөд алхаж гараад хавцлын нөгөө талд очиж буухад солонгон гүүр нэг л мэдэхнээ алга болсон байв.

  - Сая юу болсныг харсан уу?
  - Харлаа доктор оо. Энэ хоёр нүдээрээ харлаа.
  - Хавцлын нөгөө талд гарахын тулд солонго татуулах хэрэгтэй юм байна.
  - Тийм юм шиг байна.
  - Бид бас чадах болов уу?

   Ийнхүү доктор Фүүп, Ранслот робот хоёр нөгөө эрийг дуурайн солонгон гүүр татуулах дасгал хийж эхлэв. Тэр хоёрыг солонго гаргах гэж янз бүрээр оролдох хооронд илжиг хөтөлсөн бяцхан жаалхүү, тод өнгийн үндэсний хувцастай, нярай хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй, таяг тулсан цагаан сахалт өвгөн гээд янз бүрийн хүмүүс хавцал дээгүүр өөр өөрийн солонгон гүүр татуулан нөгөө талд гарч аян замаа үргэлжлүүлж байв. 

   Хүмүүс хавцлын наад, цаад талаас нааш цааш чөлөөтэй ирж явж байлаа. Доктор Фүүп заримаас нь солонгон гүүр татуулах арга барилын тухай асуусан боловч бүгд мэдэхгүй гэж хариулав. Агаар амьсгалахтай адил эгэл жирийн явдал тул бодож амжаагүй байтал хүн бүрийн өмнө солонгон гүүр гарчихдаг бололтой. Зарим нь тэр хоёрын төлөө хавцлыг нааш цааш хэд хэдэн удаа гаталж, солонгон гүүр татуулж үзүүлсэн боловч тэр хоёрт солонгон гүүр гаргаж өгч даанч чадсангүй.

   - Доктор оо, энэ нэлээд хэцүүхэн ажил бололтой.
   - Харин ээ... Энэ хавцлыг давахын тулд цагаан цайлган, хүүхэд мэт гэнэн сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Эндэхийн хүмүүс бүгд үнэхээрийн сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Хоёулаа энэ гүнзгий хавцлын цаад талыг энэ чигээрээ үзэхгүй өнгөрөх нь зөв байх аа. Гэхдээ дэлхий дээр ийм газар үлдсэнд би маш их баяртай байна гэж доктор хэлэв.

   Ийнхүү Фүүп доктор, Ранслот робот хоёр хавцлын нөгөө талд гарах оролдлогоо болиод ирсэн замаараа буцахаар шийдэв. Буцах алхаа нь энэ нутгийн хүмүүсийн алхаа шиг хөнгөн шингэн, сонин айзамтай болсныг тэр хоёр анзаарсангүй. Мөн хавцал дээгүүр хоёр тод солонго үлэмж сайхан өнгөөр туяаран буйг ч анзаарсангүй.

2 comments:

Bumbuulei said...

Xaramsaltai. Gexdee iim bsan ni ch deer. Ter xoyor magadgui caashdaa bainga saixan setgeltei bx bxaa

Neeree  "Нэгдүгээр хэсэг: Гүүр" gsn bx yum. Urgeljlel ni xaana bgaa yum?

Сүрэн said...

hi Bumbuulei, urgeljleliig ni oloh geed olk amjaagui yavna... sorry