2009/10/28

Солипсист

Фредерик Браун science-fiction зохиолч боловч зөгнөлт зохиолын хажуугаар алиа алиа юм их бичнэ, бичнэ гэнэ, бичиж байлаа. Өгүүллэгүүд нь богинохон боловч хөөрхөн юм бодуулна. Anyway, нэг бяцхан өгүүллэг орчууллаа:

  Fredric Brown "Solipsist" 1953
  Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

  Уолтэр Б. Иегова – энэ түүний жинхэнэ нэр тул би энэ нэр хэрэглэсний төлөө уучлал гуйхгүй – бүх насаараа бүрэн итгэлт солипсист байв. Солипсист гэгч, хэрвээ та мэдэхгүй бол, зөвхөн өөрийгөө цорын ганц оршихуй гэж итгэдэг хүнийг хэлнэ. Бусад хүмүүс болон хорвоо ертөнц тэр чигээрээ түүний бодол төсөөлөлд оршдог агаад солипсист энэ бүхнийг ургуулан дүрслэхээ больчихвол бүгд оршин тогтнохоо болино гэж итгэнэ.

  Нэгэн өдөр Уолтэр Б. Иегова солипсизмыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд хүрсэн билээ. Нэгхэн долоо хоногийн дотор эхнэр нь хаанахын ч юм бэ хархүүтэй зугтан алга болж, тэр өөрөө ачааны түшмэл ажлаасаа халагдаж, мөн замыг нь хөндлөн гарах гэж байсан муу хар муур хөөж байгаад хөлөө хугалсан байлаа.

  Тиймээс эмнэлэгт хэвтэж байхдаа энэ бүхнийг эцэс төгсгөл болгохоор шийджээ.

  Цонхноосоо од ширтэж байгаад алга болоосой гэж хүсэхэд од мичид үгүй болов. Дараа нь бүх хүмүүсийг алга болоосой гэж хүсэхэд эмнэлэг маш сонин, эмнэлэг гэхийн аргагүй чимээ аниргүй болов. Араас нь бүх дэлхийг үгүй хийгээд нэг мэдэхнээ тэрээр оргүй хоосонд дүүжлээстэй мэт хөвж байлаа. Зовлонт биеэсээ амархан ангижраад хамгийн сүүлийн алхам буюу өөрийнхөө оршин тогтнолыг үгүй хийхийг хүслээ.

  Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй.

  Сонин юм аа гэж Уолтэр Б. Иегова бодоод солипсизмд хязгаар байна гэж үү гэж гайхшрав.
  Нэгэн дуу "Тийм" гэж хариулав.
  - Та хэн бэ?
  - Чиний үгүй хийсэн орчлон хорвоог бүтээсэн нь би байна. Харин одоо чи миний байрыг эзлэн авсан тул – тэрээр гүнзгий гээч нь санаа алдав – би ашгүй, оршин тогтнохоо дуусгавар болгож, хийж бүтээхийг чамд шилжүүлж өгнө гэв.
  - Гэхдээ би өөрөө яаж оршин тогтнохоо болих вэ? Би чинь зөвхөн үүнийг л хүсээд байгаа юм шүү дээ?
  - Тийм ээ, би мэдэж байна гэж дуу хариулав. Би яасан, чи яг тэгэх л хэрэгтэй. Орчлон хорвоог бүтээн бий болго. Чиний итгэсэнд итгээд бүтээсэн бүхнийг чинь үгүй болгох хүн гарч ирэхийг хүлээ. Тэгээд түүнд бүхнээ шилжүүлэн өгөөд өөрөө явдгаараа яв. Одоо харин баяртай.

  Ингээд дуу алга болов.

  Уолтэр Б. Иегова оргүй хоосонд гав ганцаар үлдсэн тул түүнд хийж чадах ганцхан л зүйл байлаа. Тэрээр хурмаст тэнгэр, газар дэлхийг бүтээв. Энэ ажилд зөвхөн долоохон хоног зарцуулав.

----------------------------------------------------------------------

3 comments:

Итгэл-Арвижих said...

сонин өгүүллэг байна, дахин уншихаас...

Сүрэн said...

hehe tegeerei :)

Bumbuulei said...

hehe, "Azgui gar" gj oilgoloo. Zuv uu?

Tailbar unshixaasaa zalxuurav. :D