2009/10/10

Шатар, шүлэг, орчуулга



Янз бүрийн зохиол уншиж байхад шатартай холбоотой ишлэл зүйрлэл элбэг бөгөөд ихэнх нь шатрын тухай ерөнхий ойлголттой байхад ойлгож ядах юмгүй. Гэхдээ зарим "но"-той зүйрлэлийг огт мэдэлгүйгээр ондоо утгаар ойлгож явах бяцхан аюултай. Тодруулж нэгэн жишээ дурдвал:

Шекспирын “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь” зохиолд номхон дөлгөөн зантай, хөөрхөн бүсгүй Бианкад дурласан хоёр залуу (нарийн ярьвал нэг нь залуу, нөгөө нь хөгшин баагий) түүний гэрт бэр гуйхаар очиход аав нь адайр муухай аашаараа аймаг хотдоо алдартай том охин Катеринаг ханьтай болсны дараа л бага охиноо хадамд гаргана гэж хариулна. Бас болоогүй ээ, "Ер нь манай энэ Катерина ямар вэ?" гээд хоёр залууд Катеринаг санал болгоход Катерина яаж дуугай байх вэ, даруй

  I pray you sir, is it your will,
  To make a stale of me amongst these mates?

гэж хариулна. Махчилж орчуулбал “Эцэг минь өршөө, та эдгээр залуучуудад (mates) намайг өгөөш (stale) болгох гээ юү?” гэсэн утгатай хоёр мөр. Хальт уншихад Катерина аавдаа номхон даруугаар хариулж буй мэт. Гэхдээ Шекспир далд утгатай нарийн зүйрлэл олонтаа хэрэглэдгийг санаад, дараах хоёр үгний утгыг тухайн үеийн шатрын дүрэмтэй харьцуулж бодвол Катеринагийн хариулт тэс ондоо өнгө аястай болно:

* "Checkmate" буюу товчлоод "mate" – мад
* "Stalemate" – жид. Ноён хөдлөх боломжгүй байдалд орохыг хэлнэ (зургийн хар ноён).

Орчин цагийн шатрын дүрмээр stalemate буюу жид болчихвол талууд тэнцэнэ. Харин – анхаар! – Шекспирын үеийн Англид stalemate-д орсон тал хожно гэсэн дүрэмтэй байв. Тиймээс зөрүүд Катерина наанаа номхон мэт загнавч давхар утгатай үгээрээ хоёр залууг доош нь хийж "би илүү" гэсэн санааг чадамгай гэгчийн гаргаж буй хэрэг. Үүнийг өөр хэл үрүү шууд буулгаж орчуулах аргагүй тул мэдээжийн хэрэг, ондоо үг зүйрлэлээр ижил төстэй санааг гаргахаас өөр аргагүй.

Ийнхүү шүлэг зохиол орчуулна гэдэг зүгээр нэг хэлний мэдлэгээр бүтэх ажил хэрхэвч биш юм. Орчуулагч хүнд авьяас, мэдрэмж хэрэгтэйгээс гадна аливаа зохиол бичигдсэн үеийн түүх, соёлын тухайн нарийн мэдлэг шаардсан хүнд гэхэд дэндүү хүнд ажил. Элэг нэгтнүүддээ гадаад уран зохиолын дээжийг хүргэх гэж үйлээ үздэг орчуулагч нарыг бишрээд энэхүү тэмдэглэлээ бичив. Нэмж хэлэхэд, жидээр талууд тэнцэнэ гэсэн өөрчлөлтийг шатрын дүрэмд 19-р зуунд оруулсан ажээ.

3 comments:

Anonymous said...

"Жид" чинь бас ийм учиртай бсан юмуу? Тэнцсэн нь зөв л дөө.

Ааш муутай ч Катерина бас овоо хүүхэн байжээ.

Anonymous said...

Гайхалтай юм аа. Блогыг тань өнөөдөр л олж авлаа. Маш сонирхолтой юмаа. Үргэлж л оюуны эрэл хайгуул хийсэн зүйл байх юм. Надад ийм чанар их дутагдалтай байдаг юм. Яагаад ч юм ямар нэг хоббигүй, учиргүй сонирхдог зүйл ч үгүй...Харин эсрэг чанартай хүмүүс их сонирхолтой санагддаг. Keep up the good job!

Сүрэн said...

bayarlalaa :)