2009/10/10

Шатар, шүлэг, орчуулга



Янз бүрийн зохиол уншиж байхад шатартай холбоотой ишлэл зүйрлэл элбэг бөгөөд ихэнх нь шатрын тухай ерөнхий ойлголттой байхад ойлгож ядах юмгүй. Гэхдээ зарим "но"-той зүйрлэлийг огт мэдэлгүйгээр ондоо утгаар ойлгож явах бяцхан аюултай. Тодруулж нэгэн жишээ дурдвал:

Шекспирын “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь” зохиолд номхон дөлгөөн зантай, хөөрхөн бүсгүй Бианкад дурласан хоёр залуу (нарийн ярьвал нэг нь залуу, нөгөө нь хөгшин баагий) түүний гэрт бэр гуйхаар очиход аав нь адайр муухай аашаараа аймаг хотдоо алдартай том охин Катеринаг ханьтай болсны дараа л бага охиноо хадамд гаргана гэж хариулна. Бас болоогүй ээ, "Ер нь манай энэ Катерина ямар вэ?" гээд хоёр залууд Катеринаг санал болгоход Катерина яаж дуугай байх вэ, даруй

  I pray you sir, is it your will,
  To make a stale of me amongst these mates?

гэж хариулна. Махчилж орчуулбал “Эцэг минь өршөө, та эдгээр залуучуудад (mates) намайг өгөөш (stale) болгох гээ юү?” гэсэн утгатай хоёр мөр. Хальт уншихад Катерина аавдаа номхон даруугаар хариулж буй мэт. Гэхдээ Шекспир далд утгатай нарийн зүйрлэл олонтаа хэрэглэдгийг санаад, дараах хоёр үгний утгыг тухайн үеийн шатрын дүрэмтэй харьцуулж бодвол Катеринагийн хариулт тэс ондоо өнгө аястай болно:

* "Checkmate" буюу товчлоод "mate" – мад
* "Stalemate" – жид. Ноён хөдлөх боломжгүй байдалд орохыг хэлнэ (зургийн хар ноён).

Орчин цагийн шатрын дүрмээр stalemate буюу жид болчихвол талууд тэнцэнэ. Харин – анхаар! – Шекспирын үеийн Англид stalemate-д орсон тал хожно гэсэн дүрэмтэй байв. Тиймээс зөрүүд Катерина наанаа номхон мэт загнавч давхар утгатай үгээрээ хоёр залууг доош нь хийж "би илүү" гэсэн санааг чадамгай гэгчийн гаргаж буй хэрэг. Үүнийг өөр хэл үрүү шууд буулгаж орчуулах аргагүй тул мэдээжийн хэрэг, ондоо үг зүйрлэлээр ижил төстэй санааг гаргахаас өөр аргагүй.

Ийнхүү шүлэг зохиол орчуулна гэдэг зүгээр нэг хэлний мэдлэгээр бүтэх ажил хэрхэвч биш юм. Орчуулагч хүнд авьяас, мэдрэмж хэрэгтэйгээс гадна аливаа зохиол бичигдсэн үеийн түүх, соёлын тухайн нарийн мэдлэг шаардсан хүнд гэхэд дэндүү хүнд ажил. Элэг нэгтнүүддээ гадаад уран зохиолын дээжийг хүргэх гэж үйлээ үздэг орчуулагч нарыг бишрээд энэхүү тэмдэглэлээ бичив. Нэмж хэлэхэд, жидээр талууд тэнцэнэ гэсэн өөрчлөлтийг шатрын дүрэмд 19-р зуунд оруулсан ажээ.

2009/10/09

Николай Гумилев: Шүлэг & Хүннү

Н.Гумилевын энэ сонет миний “сонин шүлгийн сан”-д нэлээд дээгүүрт орно. Уул нь анх уншихдаа "Аааан" гээд л өнгөрсөн юм. Бодвол хорин настай Сүрэнгийн үнэлэмжид номын сангаас санаандгүй олдсон Гумилевын шүлгийн түүврийн бусад шүлэг илүү нийцсэн байх.

Харин хэзээ хойно... сонирхож гарчигласан эзотерик чиглэлийн номноос энэ шүлгийг олоод "Яруу найрагч өмнөх төрлөө санаж энэ шүлгийг бичсэн болно" гэсэн "онош" уншаад мэл гайхаж цэл хөхрөх гэгч болж билээ. Учир нь яруу найрагч Николай Гумилевын эхнэр нь Анна Ахматова, тэр хоёрын газар дээрх ганц хүү нь Лев Гумилев юм.

Тэгэхээр... Лев Гумилевын аав нь урд төрөлдөө хүннү байжээ. Тэрийгээ яруу найрагчийн далд совингоор мэдэрч "Би хүннү байсан, балар эрт байлдаж явсан тэр цагийг одоо хэр мэдэрч явна" гэх утгатай шүлэг бичжээ. Харин ганц хүү нь нэгэн номоо "Ах дүү монголын ард түмэнд зориулав" (Братскому монгольскому народу посвящается) хэмээн эхэлсэн агуу хүн, нэрт түүхч, монгол судлаач... Ингээд бодохоор аав хүү хоёр Монголтой минь үл үзэгдэх хүйн холбоотой байсан мэт өөрийн эрхгүй санагдана.

Мэдээж үүнийг тохиолдлын явдал, уран сайхны утгагүй шүлэг, урд хойд төрөл гэж байхгүй, байлаа ч түүнийгээ санаж үгүйлнэ гэж байхгүй... гэх зэргээр & зүйл бүрээр шүүмжилж болно л доо. Гэхдээ л амьдралд “тохиолдлын юм” гэж бараг байхгүй мэт надад санагддаг юм. Бидний мэдэж мэргэлэхийн цаана орших сонин совинд ч би итгэдэг.

Николай Гумилев нэгэн найздаа “Надад хааяа хаяа одоогийн бидний амьдралд үл хамаарах, улирч одсон эрин үеийн дүр зураг, үйл явдал тодоос тод харагддаг. Тэр балар эртний уур амьсгал надад орчин цагийн европ хүний амьдралаас хамаагүй ойр дотно байдаг. Орчин үедээ би өөрийгөө айл андуурсан зочин шиг л санадаг” гэж бичиж байсныг бодохоор хүннү байсан үгүйг нь тогтоохын аргагүй ч гэлээ энэ бол яавч оргүй хоосноос урган гарсан шүлэг биш гэж бодогдоно.

  Сонет
  Н.Гумилев (1886 – 1921)

  Я, верно, болен – на сердце туман,
  Мне скучно все – и люди, и рассказы,
  Мне снятся кородевские алмазы
  И весь в крови, тяжелый ятаган.
  Мне чудится, и это не обман –
  Мой предок был татарин косоглазый,
  Свирепый гунн, я веяньем заразы,
  Через века дошедшей, обуян.
  Молчу, томлюсь, и отступают стены,
  Вот океан, весь в клочьях белой пены,
  Закатным солнцем залитый гранит,
  И город с золотыми куполами,
  С цветущими жасминными садами.
  Мы дрались там – ах, да, я был убит.  

  Nikolay Gumilyov "Sonnet"
  Англи орчуулга: Мария Сюрина

  I must be ill – I cannot hear a word,
  I hardly bear simple people’s story,
  I see the dream of diamonds and glory
  And heavy, blood-stained oriental sword.
  I feel inside my heart, and I am right –
  My ancestor was hunn with slanted eyes,
  His fierce fighting and his savage cries
  Still reach my blood with never-ending might.
  I hold my breath, the picture goes behind,
  I see the ocean in the shining bright
  And gorgeous city of the long-ceased past.
  I see the temples with the domes of gold, 
  Guards by the wall the shining spears hold
  And I was killed – that battle was my last.

Африк, анааш

Н.Гумилевын шүлгээс хамгийн дуртай нь энэ шүлэг. Арван хоёр насандаа анх уншсан, Aфрик явах мөрөөдлийн минь эхлэл:

  Жираф (1908)

  Сегодня, я вижу, особенно грустен твой взгляд,
  И руки особенно тонки, колени обняв.
  Послушай: далеко, далеко, на озере Чад
  Изысканный бродит жираф. 

  Ему грациозная стройность и нега дана,
  И шкуру его украшает волшебный узор,
  С которым равняться осмелится только луна,
  Дробясь и качаясь на влаге широких озер.

  Вдали он подобен цветным парусам корабля,
  И бег его плавен, как радостный птичий полет.
  Я знаю, что много чудесного видит земля,
  Когда на закате он прячется в мраморный грот.

  Я знаю веселые сказки таинственных стран
  Про черную деву, про страсть молодого вождя,
  Но ты слишком долго вдыхала тяжелый туман,
  Ты верить не хочешь во что-нибудь, кроме дождя.

  И как я тебе расскажу про тропический сад,
  Про стройные пальмы, про запах немыслимых трав...
  - Ты плачешь? Послушай... далеко, на озере Чад
  Изысканный бродит жираф.

2009/10/08

Логик



Антон Бубликов, “Логик” 2008
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

  Хүйтний эрч чангарсан намрын нэгэн өглөө. Леша метро руу хамт алхдаг найз Ванягаа байрныхаа гадаа хүлээж зогсов. Ваня нэлээд хүлээлгэсний эцэст аахилж уухилан амьсгаадан гарч ирснээ мэндийн зөрүү ч үгүй шууд ярьж эхлэв. Ярих гэснээс урсгаж гарав:
 - Хөгшин нь унтаж байсан байхгүй юу, тэгээд нэг сэрээд харсан чинь манай хүн орны өнцөгт гэдсээ барьчихсан сууж байна. Яагаа вэ гэсэн чинь хүүхэдтэй болмоор байна гэдэг байгаа!!
 - Юун хүүхэд? Хэний хүүхэд? – Леша цочиж царай нь аймшгийн киноны алмас харсан мэт болов.
 - Миний! Өөр хэнийх байдаг юм! – Ваня ширүүхэн дуугаар хариулаад найзыгаа бүр ч ширүүнээр нэг том хараад цааш алхав.
Леша Ваняг гүйцэн очиж аргадангуй аястай:
 - Манай Аня ч гэсэн тэгээд байгаа гэв.
 - Үгүй чи бод доо, энэ чинь ярваа биздээ, хар үүрээр хүүхэд хүсч хүйс гэдсээ илж сууна гэдэг. Бие организм гүйцэд сэрээгүй, биеийн чилээ ч гараагүй, ядаж ганц аяга кофе уух хэрэгтэй шдээ. Шүд мүдээ ч угаах хэрэгтэй!
Леша найзыгаа дуугүй л сонсож явлаа. Лешагийн бие организмд нэр дурдсан зүйлс өглөө онцын хэрэг болдоггүй тул найзыгаа сонжсон байдалтай хальт харав.
 -Тэгсэн Катя юу гэсэн гээч ?! – Ваня хажуугаар өнгөрөх хүмүүс өөрийн эрхгүй эргэж хартал дуугаа чангасгав.
 -Юу гэсэн ?

  Өвлийн эхэн сар мэт хүйтэн энэ намрын өглөө хөнгөн куртка яаруу сандруу эгэлдэргэлсэн Ваня даарсандаа дулаан пальтотой Лешаг хэсэгтээ тойрч гүйв. Байдал хэр эмгэнэлтэй байгааг Леша ер ойлгохгүй байгаа мэт Ваняд санагдаад болохгүй байв. Байдал хэр эмгэнэлтэй байгааг Леша огтхон ч ойлгохгүй байв.
 - Гэдэс нь өвдөж байна гэсэн!! Жирэмсэн болохоор гэдэс нь гайгүй болчих юм шиг! Миний бүр толгойд багтдаггүй! Жишээ нь чи, гэдэсний өвчнөө намдаахын тулд хүүхэдтэй болохыг хүсэх үү?! – Ваня дахин дуугаа чангаруулснаа Лешаг хариулж амжаагүй байтал "Би ч үгүй" гээд яриагаа цааш үргэлжлүүлэв:
 - Хүн ер нь хариуцлагатай байх хэрэгтэй биз дээ. Юун хүүхэд вэ, өөрийн гэсэн гэр оронгүй байхад. Би тэгээд Катяд ойлгуулахыг оролдлоо л доо. Гэдэс өвдлөө гээд хүүхэдтэй болж болохгүй. Хүүхэд бол том хариуцлага. Жирэмсэн хүүхнүүдийг хар л даа, нуруу туруу өвдлөө л гэнэ, түрүүлгээ харж унтаж чадахгүй л гэнэ, бас тэгээд тэр явж байгааг нь, топ топ тап тап гээд яг л аварга заан шиг!
Ваня ийн хэлээд үгээ улам тодруулахын тулд аварга заан буюу жирэмсэн хүүхнүүдийн алхааг дуурайн үзүүлэв.
  - Бас тэгээд эрх чөлөө ! Би чинь залуу хүн, бүтээлч хүн. Надад аяны үүргэвч, армаанчиг дууны цуглуулга байна! Манай хүнийг төрөхөөр би л бүгдийг үүрнэ шдээ. Ажлаасаа гармаар санагдлаа гэхэд яаж чадах юм, гэр дүүрэн өлөн хүүхдүүд аав аа, аав аа гээд амаа ангайн хоол нэхэн орилолдож байхад!

Леша харин найз Ванягийнхаа энэ яриаг дэмжих үгүйгээ шийдэж ядан байлаа.

  - Тэгсэн Катя юу гэсэн гээч!!! – Ваня саяны яриа бол юу ч биш, хүүхдийн тоглоом, хүрэн бамбаруушны үлгэр гэсэн байдалтай дуугаа улам томсгов.
 - Юу гэсэн?
 - Тэгвэл хамаа алга, хүүхэдтэй болохыг ЕРӨӨС хүсэхгүй байна гэсэн!! Үгүй чи бод доо! Хүний ярианд ЛОГИК гэж юм байх ёстой доо!

 Хоёр залуу хэсэг дуугүй алхав. Ваня тамхи гаргаж асааснаа уртаа гэгчийн санаа алдаад дахин ярьж эхлэв:
  - Би тэгээд тэвчээр гэдгийн рекорд тогтоож Катядаа ойлгуулахыг оролдлоо л доо... Хүүхдүүд чинь хүмүүсийн ирээдүй. Хүүхдүүдтэй бол хөөрхөн шдээ, чамтай адил байна уу, надтай адил байна уу гээд. Хүүхдүүдтэй бол хөгширсөн ч хөгжилтэй. Өөр юу билээ... аа тийм, эцсийн эцэст хүн хүүхдүүдийнхээ төлөө л амьдардаг. Ер нь эмэгтэй хүн ээж болох гэж л энэ дэлхийд мэндэлдэг. Тэгсэн манай хүн хүүхэдтэй болохын тулд хашаа байр биш хамгаалалтгүй секс хэрэгтэй гэсэн!!

 Өдий хүртэл нэг ч өгүүлбэр гүйцэд хэлэх завдалгүй явсан Леша "Хмммм..." гэж хоолой зассанаа,
 - Нээрээн, өнөө... нөгөө... Аня бид хоёр. Байрны зээл авахаар шийдсэн. Учир нь ...
 - Учир нь...?

Ваня гэнэт ойлгосон янзтай гэдсэн дээрээ тойрог зурж үзүүлэв.

  - Ерөнхийдөө бол тийм... гэж Лешаг хариулахад Ваня найзаасаа алхам төдий зайд зогсож байсан атал асар хол, арван мянган гэрлийн орон зайн тэртээгээс ярьж буй мэт санагдав.
Аль хэдийн метроны үүдэнд ирсэн тул Леша:
 - За найз нь явлаа гээд шатаар уруудан ажилдаа яарах хүмүүсийн дунд уусан алга болов.

  Ваня цааш алхангаа “хариуцлагагүй улс” гэж амандаа бувтнахад хажуугаар нь өнгөрч явсан хижээл насны эр эргэж харав. Хижээл насны эр малгай ороолтондоо бөв бөөрөнхий болчихсон, хүйс нь үл ялгагдах хоёр бяцхан амьтан дагуулж... дагуулж гэхээс чирсэн байдалтай алхаж явах. "Таныг хэлээгүй ээ" гэж Ваняг хэлэхэд бяцхан амьтдын нэг нь Ваняд ороолтын цаанаас “Тамхи би’д хо’той ” гэж анхааруулав. Ваня инээмсэглээд тамхиа хаятал нөгөө бяцхан амьтан нь "Газал хог хаиж болку" гэв.

-----------------------------------------------------------------

* 2008 оны Cosmo-д байсан бяцхан өгүүллэг. Уншаад элгээ хөштөл инээсэн тул орчуулж үзмээр санагдсан ч залхуу зан хөдлөөд авахыг нь аваад хаяхыг нь хаяад тун "чөлөөт" байдлаар орчуулсан болно. Enki андад special thanks !

2009/10/07

Coming Through the Rye



Ж. Д. Сэлинжэрийн "The Catcher in the Rye" (орос орчуулгын нэр "Над пропастью во ржи", монголоор "Хөх тариан талбайд") романы нэр "Coming Through the Rye"  шүлгээс үүдэлтэй. Зохиолын гол баатар буюу ахлах ангийн сурагч Холдэн дүүдээ "Би том болоод эмч домч, өмгөөлөгч шүүгч, эрхтэн дархтан болохгүй. Хүүхдүүд хавцлын дэргэдэх хөх тариан талбайд тоглож байгаад анзааралгүй хавцлаас унавал тэднийг барьж авах catcher болно" гэж ярихдаа энэ шүлгийг жаахан зөрүү иш татна.

Шүлгийн зохиогч нь шотланд түмний дунд Bard of Ayrshire (Эйшир нутгийн туульч), Scotland's favourite son (Шотландын хайртай хөвүүн) мөн зүгээр "the bard" буюу "туульч" нэрээр алдаршсан нэрт яруу найрагч Роберт Бернс (1759-1796) билээ.

“Coming through the rye” яваандаа шотланд ардын хүүхдийн дуу болсон нь ард түмний сэтгэлд хүрсэний илрэл болов уу. Мөн Роберт Бернсын зохиосон "Scots Wha Hae" (Scots, Who Have) шүлэг олон жилийн турш шотланд түмний албан ёсны бус сүлд дуулал гэгдэж байлаа.

  Coming Through the Rye       
  Robert Burns (1759-1796)

  Coming thro' the rye, poor body,
  Coming thro' the rye, 
  She draiglet a' her petticoatie 
  Coming thro' the rye.

  O, Jenny's a' wat, poor body;
  Jenny's seldom dry;
  She draiglet a' her petticoatie
  Coming thro' the rye. 

  Gin a body meet a body
  Coming thro' the rye,
  Gin a body kiss a body - 
  Need a body cry? 

  Gin a body meet a body
  Coming thro' the glen,
  Gin a body kiss a body -
  Need the warld ken?

   С.Я. Маршакийн орчуулга:

  Пробираясь до калитки
  Полем вдоль межи,
  Дженни вымокла до нитки
  Вечером во ржи.

  Очень холодно девчонке,
  Бьёт девчонку дрожь:
  Замочила все юбчонки,
  Идя через рожь.
 
  Если звал кого-то кто-то
  Сквозь густую рожь
  И кого-то обнял кто-то,
  Что с него возьмёшь?

  И какая нам забота,
  Если у межи
  Целовался с кем-то кто-то
  Вечером во ржи!..

2009/09/24

Dust of snow

 Robert Frost 

 Dust of Snow

  The way a crow
  Shook down on me
  The dust of snow
  From a hemlock tree

  Has given my heart
  A change of mood
  And saved some part
  Of a day I had rued.

2009/05/31

Хар далай, төгсгөл


  

  

  

Хоёр дахь зургийн гурван хүүхэн үнэн көөөөлкөн. Би тэдэнд "три красавицы" гэдэг нэр өгчихсөн. Тун хөгжилтэй хүүхнүүүд. Бие биенээ бүдүүнээр нь дуудаад л, диет хийх тухай маргаад л... Намайг хаа холоос харангуутаа гар даллан "айда, айда в воду" гэж дуудна, миний нэг өдөрт борлосоныг өөрсдийнхөө долоо хоногт дөнгөж улаасныг гайхна, инээдтэй инээдтэй юм ярьж их хөхрөлдөнө. Красавицы & хохотушки гэж энэ гурвыг л хэлнэ.

Хоёр долоо хоног Москва, Украин, Симферополь, Хар далай, Канака гэх газруудаар явахдаа нарны сайханд бов бор болов, украин нутгийн жигнэмэг, печени, бялууны сайханд нэлээд жин нэмэв. Энэ удаагийн дурсамжаа есөн тэмдэглэлд багтааж, хар далайн нартай, наргүй янз бүрийн зургаар аяныхаа тэмдэглэлийг өндөрлье. 

Аялал ба хүмүүс

Аялал гэдэг тогтсон нэгэн хэмнэлт амьдралаас холдуулж, "гэр-ажил-гэр" тойргоос хэсэг зуур ч болов гаргаж өгдөгөөрөө сайхан. Шинэ газар нутаг үзэхээс гадна шинэ хүмүүстэй учруулж танилдцуулдаг нь хамгийн сайхан. Хоромхон зуур хоёр, гурван үг хэлэлцээд өнгөрсөн ч зарим нэг замын танил ухаан бодолд удаан хугацаагаар үлдэнэ. Энэ удаагийн аялалаар ч олон сайхан хүнтэй учрав. Яагаад ч юм Монголтой холбоотой маш олон хүнтэй таарсан нь гайхал төрүүлэв. Эхнээс нь жагсаавал:

  • Москвагаас Симферополь руу нисэх онгоцонд хажууд суусан хижээл насны хөгшинтэй хуурч хөөртөл намайг Монголоос ирсэн гэж дуулаад сүйд майд. Хүү нь уул уурхайн салбарт ажилладаг, ноднин Монголд уул уурхайн чиглэлийн томоохон үзэсгэлэн болоход Оросыг төлөөлж оролцсон гэх. "Хүүгийн төрсөн өдөр үзэсгэлэнгийн өдөртэй таарсан тул монгол найз нөхөд нь маш сайхан тэмдэглэж өгсөн гэсэн. Бас монгол жанжин малгай бэлэглэсэн гэсэн. Хүүд мань жанжин малгай маш их таалагдаж, бүр малгай цуглуулдаг болсон шүү. Одоо нэлээд хэдэн орны малгайтай болж байгаа, гэхдээ цуглуулгын эхний малгай бол монгол жанжин малгай. Ирэх зун хүүгээ дагаад Монгол явна даа..." гээд бөөн хөөр болгон ярьж өгөв. 
  • Хар далайн эрэг дээрх зочид буудлын хажуу өрөөний хөрш бүсгүй Ангарск хотын жуулчны компанид ажилладаг болж таарав. Сүүлийн үед "армаанчик"-ийн эрэлд Монгол руу аялах хүн олширсон учир 4 сард Монголд ирж, Улаанбаатарын гайгүй гэх бүх зочид буудлыг судалж ангилаад ирсэн гэх. Бас их дэлгүүрээс авсан арьсан түрийвч энэ тэрийг үзүүлж сонирхуулав.
  • Өдрийн хоол идэх, далайд сэлэх үед тааралдаж байсан нэгэн бүсгүй нэг өдөр хүрч ирээд "Сайн байна уу?" гэж монголоор мэндлэхэд нүд орой дээр гараад. Тэгсэн намайг монгол гээд хэдэн хоногийн өмнөөс анзаарсан байж. Яриа хууч хөөртөл бүсгүй хүүхэд байхдаа ээж аавтайгаа Сайншандад байсан гэнэ. Монголд бага насаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай, хөдөө хээр нутаг одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Тэр үеийн дурсгалаас онцгүй нь гэвэл зөвхөн идэх хоол, ногоо жимсний төрөл бага байсан явдал, бусдаараа бол яриан байхгүй сайхан цаг, сайхан орон байсан гээд бид хоёр бас нэлээд удаан ярьж хөөрөв.
  • Симферопольд хоромхон зуур тааралдсан сувилагч эмэгтэй 80-д онд шинэхэн гэрлэсэн инженер нөхөртэйгээ Эрдэнэтэд амьдарч байсан тухайгаа ярьж өгөв. Манай гэр бүл одоо ч Монголд их элэгтэй, ингэхэд танайд сая 7 сард юу болоод байсан бэ, нэгэн өдөр зурагт үзээд ямар их гайхаж, сэтгэл зовсон гээч...
  • Москвагийн зочид буудал хэдий "гурван одтой" гэх ч өрөөндөө ус буцалгагчгүй. Халуун цай уухын тулд буцалсан хар ус гуйхаар үйлчлэгч нарын өрөөнд ортол үүдэнд байсан авгай шууд л хаанаас ирэв гэж байна. Монголоос гэсэн чинь царай зүс нь хайлмаг тос шиг л зөөлрөөд явчихав. Дотны найз гэр бүл, эхнэр нөхөр хоюулаа барилгачид. 80-д онд монголд барилга барьж байсан, одоо ч хааяа тэр үеийнхээ дурсамжаас хуваалцдаг. Монгол хүнтэй таарсан гэвэл баярлах байхдаа гээд надаас Монголын тухай нэлээд олон юм сонирхож асуув.
Би ер нь хаа ч явсан Монголд дуртай, Монгод элэгтэй хүмүүстэй таардаг. Австралид ч таарч байсан, Англи, Малайзид ч таарч байсан. Ноднин Москва яавахдаа ч Монгол руу аялна гэсэн хүмүүстэй таарсан. Гэхдээ энэ удаа тийм хүмүүсийн тоо арай "хэрээс хэтэрсэн" байв. Тэгээд бодлоо л доо... өдий болтол учирч таарсан хүмүүсийн дунд монголд дурамжхан хүн ер байгаагүй. Бүгд л Монголд хайртай дуртай элэгтэй гэх хүмүүс байсан. Бас нэлээд нь Монголд очсон эсвэл очих юмсан гэсэн хүмүүс байсан. Тэгэхээр би ер нь Монголд элэгтэй хүмүүсийг татдаг байж магад... кк

Бас нэг бодол гэвэл, энэ удаа хоёрхон долоо хоногийн дотор орос улсын үй олон хүний дундаас Монголыг зүгээр нэг мэдэж сонирхдог биш бүр очиж байсан, удаан хугаацаагаар ажиллаж амьдарч байсан хүмүүстэй ингэж таарна гэдэг... Тэнгэр бурхан намайг харагаа нутгийн зүг чиглүүл гээд байна уу, ерөөс шулуухан харь гээд байна уу... өөрийн эрхгүй энэ талаас хүртэл бодож үзэв. Харин эгч маань "Монголд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн тоо 2 сая орчим гэдэг шдээ, тиймээс Монголыг мэддэг хүмүүстэй уулзсанд ангайж гайхах явдалгүй" гэв. Нээрээ тийм ч байх.

Симферополь & Москва

Хэрэг зориг Хар далай учир Симферополь хотоор зорчин өнгөрөх төдий л байв. Орос руу буцаж орох виза хөөцөлдөхийн тулд хоёр хоноод цааш явсан учир Крымийн үүд хаалга гэлтэй энэхүү хоттой Орос консулын эргэн тойрноор холхиж явахдаа л жаахан танилцах аядав. Тиймээс онцын бичээд байх зүйлгүй ч ганц хоёр сэтгэгдлээсээ хуваалцъя:

Симферополийн хүмүүс эелдэг найрсаг. Ялангуяа Москвагийхантай харьцуулахад. Ноднин ч, энэ жил ч Москвад буусан эхний өдрөө бөөн "culture shock". Онгоцны буудлын гаалийн хүүхнээс эхсүүлээд тувт төрөл бүрийн хүмүүст загнуулаад байгаа мэт санагдана. Гэхдээ угаасаа Москвад элдэв байгууллага, үйлчилгээний газрын хүмүүсийн харьцаа тиймэрүү л дээ. Энгийн иргэд ч ялгаагүй, нэг л яарсан, амьдралд ядарсан мэт харагдана. Зам асуувал бүгд өндөр дуугаар, цөөн үгээр, хурдан түргэн хариулаад цааш хурдална. Метронд хүнээс юм асуувал алхаж буй хурдаа ч сааруулахгүй байж мэднэ. Тиймээс хариуг нь сонсохын тулд зэрэгцэн шогших хэрэгтэй, эс бөгөөс дугуй зааланд дүнгэнээд ирж буй богооны чимээнд дуу нь замхарч, дахиад хэн нэгнийг барьж авах хэрэг гарна. Ер нь Москва хотын амьдрал нөгөө "Run Lola Run" киног хамгийн их санагдуулна. Тэнд тайван алхалж буй гурван төрлийн л хүмүүс байна: орон нутгаас орж ирээд удаагүй хүмүүс, гадна дотны жуулчин гийчид & дурлалт хосууд.

Харин Симферополийн хүмүүс ямар ч сайхан налгар тайван юм. Юм асуувал "За байз хө, энэ чинь юү билээ..." гэх маягаар хээвнэг гэгчийн хариулна. Та хаанаас ирээ вэ гэх мэт яриа ч өднө. Бас инээмсэглэнэ! Хүмүүс нь элдэв юманд яараагүй, эелдэг харьцаатай, инээмсэглэж ярилцах тул дэлгүүр хоршооны сервис хүртэл Москвагаас хамаагүй илүү. Юм асуухад төвөгшөөхгүй, захиалгаа буцаахад уурлахгүй, удаан шилж сонгосон ч залхсан байдлаар хялаахгүй. Тиймээс амьдралын чанар (quality of life) гэгч үзүүлэлтээр Орос оронд Москва хамгийн адагт орох байх.

Гэхдээ л надад Москва гоё :) Амьдрал буцалж булиглаж дэврээд бөөн кайф. Ялангуяа Японтой харьцуулахад хүмүүс ёстой үзэж таарч, үсэрч наалдана. Тэмүүлнэ, тэмцэнэ, тэрсэлдэнэ. Олно, алдана, хожино, хонжино. Зүтгэнэ, зүлгэнэ, уйлна, уурлана, сайндана, муудана, ухрана, урагшлана, дайрана, давшлана... тэгээд гүйгээд байна, гүйгээд байна. Нэг үгээр хэлбэл Москвагийн амьдрал бол бөөн ҮЙЛ ҮГ. Харин Симферополь үйл үг биш тэмдэг нэрээр дүрслэгдэх хот.

Симферополь & Улаанбаатар


  

Симферопольд иймэрхүү намхан хөөрхөн байшин олон.

Нэлээд дээхэн монголын анхны архитекторуудын нэг буурал хөгшингээс Улаанбаатарын бүтээн байгуулалтын тухай ярилцлага авах завшаан тохиосон юм. Хотын төвийн тухай асуухад "МУИС, хуучин цирк хавийн байшингууд уул нь арай ондоо загвартай байсан. Зураг төслөөрөө бол цэвэр классик стилийн хэдэн хөөрхөн байшин босох ёстой байлаа. Даанч улс маань хөрөнгө мөнгөөр дутмаг, тухайн үеийн барилгачид маань ур чадвараар дутмаг, мөн цаг хугацаа аягүй давчуу байсан тул бодсон санасны хаана нь ч хүрэхгүй байшингууд боссон... сэтгэл их дундуур байсан" гэж ярьж байлаа.

Архитекторын санаагаар ямар байшин баригдах ёстой байсаныг Симферополь хотоор явж байхдаа жаахан ойлгох шиг, гадарлах шиг болов... Улаанбаатарт маань яг ийм барилга хаана байдаг билээ? :)

Алушта, Жүр-Жүр хүрхрээ


     

    

Хүмүүсийг даган баясч уулын өндөрт байдаг Жүр-Жүр хүрхрээнд очиж үзэв. Тэнд урсах ус, уул мод ширтэж хэдэн цаг сууснаа мартав. Харин хамт явсан хүмүүс байгалийн сайхнаас гадна бас нэг зорилготой. Аль зочид буудалд байхын л усны хувцсаа ав, тэнд гурван төрлийн ванна байдаг, орох хэрэгтэй гээд л сүр болоод байсан юм. Юун "ванна, баня вэ" гэхээр бид нар ч сайн мэдэхгүй байна, лав биенд сайн гэсэн, хүнээс асууж байгаад орно гэлцээд. Учир начрыг сайн ойлгоогүй ч юу ч гэсэн усны хувцсаа аваад уул өөд аялалд гарав.
 
Автобусаар уулын ёроолд очоод алхаж гарлаа. Ойн дундуур мацаад л байлаа. Уулын хоёр, гурван хүрхрээ бүхий хурдан урсгалт голыг нааш цааш хэд хэд гатлан байж зорьсон газраа хүрэв. Хүмүүсийн яриад байсан ванна гэдэг нь уулын өндөрт, тэр голын нэлээд дээхэн хэсэгт байдаг гурван том "хонхор" болж таарав. Өндөр том биетэй оросууд ороход толгой нь цухуйхтaй үгүйтэй, нэлээд гүнзгий. Хорондоо 20, 30 метрийн зайтай байрлах гурван ванны эхнийх нь “цэвэршүүлэх ванна”, дараагийнх нь "эрүүл мэндийн ванна", хамгийн сүүлийнх нь "гоо сайхны ванна". Нэг ёсны бие сэтгэлээ цэвэршүүлээд, эрүүл мэндээ сэргээгээд, гоо сайхнаа бадраагаад, эрүүл саруул үзэсгэлэн төгөлдөр хүмүүн болно гэсэн дом юмуу даа. Яг нөгөө орос ардын Бөгтрөгтэй морьхон үлгэрт гардаг шиг.

Урсгал гол, уулын усны дээжээр халуунд халсан толгойгоо норгоод, рашаан болог гээд балгаад үзсэн чинь пээээээ хамаг шүд янгинаад часхийм хүйтэн. Ийм усанд орно гэдэг ёстой мань мэтийн хэмжээнээс хэтэрсэн хэрэг. Тэгээд ч энэ усанд орох ёсыг хэн, хэзээ эхлүүлсэнийг ямар мэдэх биш. Явуулын баахан хүмүүс ингэж хамаа намаагүй ороход ойн савдаг, уулын эзэн, за бас нутгийн хүмүүс дуртай ч юмуу үгүй юмуу... гэх мэт бодол толгойд орсноор дэмий баахан хүмүүс харж суув. Оросууд харин халуун цустай улсууд хашгиралдаад л ороод байсан. Олуулаа хүрч ирээд орилолдон орж гараад дараагийн ванаа уруу яарна. Тэднийг харж суухдаа гялс орчихдог ч юмуу... гэсэн бодол төрсөн ч усны хувцсаныхаа хэргийг гаргаж зүрхлээгүй.

Доош бууж Жүр-Жүр хүрхрээний дэргэд усны чимээ чагнаж тэнгэрийн үүлс, модны орой ширтэж баахан суув. Тэгэж байгаад буцах унаанаасаа хоцрох шахаад тэрүүхэндээ хөөрхөн сандрав.

Крым, бук мод


   

   

Крымийн уул модоор сайхан явж зугаалав. Ой болсон хойно янз бүрийн мод ургах ч эндэхийн ойд ороосоор "бук" (латинаар Fágus, монголоор юу гэдгийг бүү мэд) гэх мод нэлээд түгээмэл. Тээртээ доор далайн тэнд халуу шатаж байхад өндөр ууланд сэрүү татаад сайхан. Зарим модны навч холдон буй зуны нарыг сануулах мэт алтан шаргал өнгөөр гэрэлтээд намар цагийн эхний элчийн үүрэг гүйцэтгэх мэт. Ургаа мод, өвс ургамалын үнэрт мансуурч газар нэг юм дэвсээд өдөржин тэнгэр ширтэж хэвтмээр болох. Сэлэнгийн ойд нэрсэнд явж байсан минь санагдаж... ингэхэд юу бичиж байлаа, нэг мэдсэн бөөн уянгын халил болчихсон сууж байна... кк.

Бук модныхоо тухай яриагаа үргэлжлүүлье. Крымийн ойд зург дээрхи шиг хоёр, гурван сонин мод тааралдсан тул харж гайхаад. Хүмүүсээс ямар мод болохыг асуухад ихэнх нь надтай адил явуулын хүмүүс тул мэдээж "мэдкү" гэх. Тэгтэл нэгэн их мэдэгч эмээ хүрч ирээд "Хүү минь, энэ чинь бусадтайгаа л адилхан бук шүү дээ. Бук бусад модоос ялгаатай нь аянга буухад хугарч унаад шоргоолж өтний хоол болж мод насаа дуусгадаггүй. Аянга буусан тэр хэсгээсээ салаалж ургаад ийм сонин, дундад зууны канделябр лааны суурь шиг болж ургадаг юм. Олон модны дундаас зөвхөн үүн дээр аянга буусан нь азгүй мэт боловч ингэж салаалж ургасан бук мод бусдаасаа хамаагүй илүү урт насалдаг юм. Бас сонин содноороо бидний нүдийг баясгаад... бодоод байхнээ хүмүүс ч гэсэн энэ модтой адилхан байж магад. Амьдралын зовлон бэрхшээлд сөгдөн унах нэгэн байхад, бук мод шиг хатуу хахирыг даван туулаад сорил туршлагаасаа улам их хүч аваад цэцэглэж дэлгэрэх нь ч байх..." гэж хэлээд аажуухан цааш алхаж билээ. Би харин тэндээ саатаж, салаалж ургасан бук модыг хэсэгтээ түшиж зогсов.

Онгоцны буудлууд


  

  

Зураг 1:  Москвагийн Шереметьево-1 онгоцны буудал.

СНГ-ийн орнууд уруу эндээс ниснэ. Дээр үеийнх шиг автобусаар онгоцондоо дөхөж очоод өөрсдөө шатаар дээш гарна. Хамгийн сүүлд хэзээ ингэж онгоцонд суусан билээ... шатаар өгсөхөд гоё, гоё дурсамж санагдан, сайхан болоод явчихсан. Тээр тэнд хэн нэгэн гар даллаад зогсож байсан бол бүр ч гоё байхгүй юу... кк... Нөгөө нэрийг нь мартчихаж, Бумаа билүү Бурмаа билүү уруул дээрээ мэнгэтэй хүүхэнд дурлаад байдаг киноны төгсгөл шиг :)

Зураг 2, 3, 4:  Симферополийн онгоцны буудал.

Москва намайг явж буйд харамссан бололтой, бороо хураар үдэж гаргав. Харин Симферополь ирсэнд минь хэмжээлшгүй ихээр баярласан бололтой цэлмэг тэнгэрээр угтаж мишээсэн :) Анх буугаад жаахан гайхав. Өмнөговь явж байхад л нэг ийм8 юу ч үгүй цэлгэр талд бууж байсан санагдана. Яагаад ч юм хөөрхөн жижигхэн онгоцны буудалд бууна гэж бодож байсим. Тэгсэн санаснаас хамаагүй том буудал, бараг манай Буянт-Ухаагаас (I know, нэр нь өөрчлөгдөөд удаж байгаа) ч том байж магад. Гэхдээ Орос улсын өнцөг булан бүрээс хүмүүс Хар далайг зорин ирэх тул эндээс хориод хот уруу шууд нислэгтэй. Москва уруу гэхэд л хоёр цаг тутам нэг онгоц нисч байх жишээтэй. Тэгэхээр том байх нь ч аргагүй байх.

Гэхдээ Шереметьево 1-ийн адил онгоцны шатаар өөрсдөө бууж суудаг нь гоё, хуучнаараа. Би орчин үеийн ихэнхи онгоцны буудал нэвтрүүлсэн тэр суух хоолойд үнэн дургүй. Нэг л армаанчикгүй санагдана, тэр хоолой. Хэдэн жилийн дараа онгоцны трап шатаар өгсөж уруудах эрхийг зөвхөн нэг улсаас нөгөө улсад айлчлах ерөнхийлөгчид л эдлэх байх даа... Ерөнхийлөгч бодгиймуу... гсн.

Москва 2


    
Хотын өнгө үзэмжний тухай түрүүний яриагаа жаахан үргэлжлүүлье.
 
Саяхныг хүртэл Москва хотын төвд Европдоо хамгийн томд тооцогдох "Россия" зочид буудал сүндэрлэж байлаа. Та 2007 оноос өмнө Москвад зочилсон бол энэ зочид буудлыг харсан байж таарна. Учир нь их хотод ирсэн хүн бүр заавал Улаан талбайд очдог, Улаан талбайгаар зугаалсан л бол Россияг харсан байдаг. Цонхоор нь Москва гол, Улаан талбай, Кремль, Василий Блаженный сүм гээд хотын төвийн гол дурсгалт газрууд харагдах тул "Россия" мэдээжийн хэрэг үргэлж жуулчид гийчдээр дүүрэн байв.

Гэвч тун саяхан буюу жилийн өмнө нэгдүгээрт, хотын төв хэсгийн эртний өнгө үзэмжийг алдагдуулж байна, хоёрдугаарт хуучирсан байна гэсэн хоёр шалтгаанаар хотын дарга Лужковын зарлигаар Россия-г буулгаад будаа болгочихож. Улаан талбайд очсон чинь байх ёстой барилга байх ёстой газраа байхгүй, гайхсан гэж жигтэйхэн.

Ер нь Москва хотынхон аль дээр үеээс тэр зочид буудалд дургүй байсан л даа. Экскурси энэ тэрээр явахад гид бүр "Энэ зочид буудал уул нь гоё л доо, даанч байрлалаа олоогүй. Хуучны байшин барилгын дэргэд ийм модерн загвартай зочид буудал барих хэрэггүй байсан юм. Үүнээс болоод Москвагийн төв эртний өнгө үзэмжээ алдчихсан, харин Ленинград бол хуучин хэвээрээ" гэж заавал хэлдэгсэн...

Одоо харин буулгасан зочид буудлын оронд эргэн тойрны сүм хийгээд эртний байшин барилгын сүрийг дарахгүй, даруухан, намхан загвартай зочид буудал барих ажил ид явагдаж байна. Их хотынхоо өнгө  үзэмжийн төлөө архитектурын хувьд мундагт тооцогдох ч байрлалаа олоогүй байшин барилгыг нурааж болно. Харин газрын үнэ хэд талийсан ч хүүхдийн тоглоомны талбайд гар хүрч үл болно. Ямар ч атугай Орос орон байшин барилгын хувьд зарчимтай, бодлоготой, оролдож болох, болохгүй юмны ян тан заагтай нь хүндлүүштэй санагдав.

Москва 1

  
Москва хот жилээс жилд улам сайхан, улам цэвэрхэн болж буй санагдана. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөө дагаад энд тэнд их барилга явагдаж, олон өндөр байшин шинээр сүндэрлэсэн боссон ч их хотын өнгө төрх онцын өөрчлөгдөөгүй харагдана.

Ноднин Москва явахад арваад хоног баяр хөөр манан будан дунд л өнгөрөх шиг болсон. Энэ жил арай л тайван хотоор явж зугаалав. Нэлээд олон зүйл ажигласнаас нэгийг дурдвал:

Москва хотод газар байрны үнэ гэж ёстой талийж өгч. Байр худалдаж авна гэдэг хэдэн сая еврогоор яригдах асуудал. Зүгээр байр хөлслөнө гэхэд л хэдэн мянган евро. Москва байрны үнээр дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг хоёр гурван жил тэргүүлж буйг хэн хүнгүй мэдэх байх. Хотын төв орчмын газрын төлөө ёстой дайн болж байна, юун тэр Ирак, Афганистан. Гэхдээ Москвагаар алхаад үзээрэй. Бүх орон сууцны байшин урдаа томоо гэгчийн хүүхдийн тоглоомын талбайтай. Тэдгээр нь бүгд бүрэн бүтнээрээ. Хотын төвийн ч бай, төвийн биш ч бай бүх эмнэлгүүд ойд ороод ирэв үү гэмээр мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн хэвээрээ. Далийхад, бүх эмнэлгүүд модоор хүрээлэгдсэн учир Оросын хотуудад эмнэлэг хаана байгааг мэдэж ядах юмгүй. "Эмнэлэг цэцэрлэг модтой байх ёстой" гэсэн бичигдээгүй нэгэн хууль байдаг мэт санагддаг юм. Тэр нь ч зөв л дөө, хотын агаарыг мод цэвэрлэхээс гадна, моддын дунд амарч зугаалахад илааршиж эдгэх нь ч хурдан байх.

Орост газрын үнэ талийж өгсөн ч орос хүний оюу ухаанд хүүхдийн тоглоомын талбай, эмнэглгийн цэцэрлэг дархан цаазтай хэвээрээ. Мөн шинээр байшин барилга барьсан ч шавааруулж шамбааралдуулахгүй, тухайн гудамжны өнгө үзэмжийг бодож барьсан байх жишээтэй. Улаанбаатрын төвд элдэв юм сүндэрлүүлээд, өндөр байшингуудыг “улс орны хөгжлийн нүүр царай” гэж ойлгох баагийнуудад хотын төвд өндөр байшин барих хориотой тэр Парис, Европ руу явж үзэхгүй юм гэхэд ядаж энэ хаяанд байгаа Москва ороод үз гэж хэлмээр болов.