Өмнөх блог болон өнөө маргаашаас бичихээр зэхэж байгаа тэмдэглэлээ бодохоор өөрийн эрхгүй Шекспирийг бүрэн дүүрэн ойлгоно гэдэг мань мэтийн хазаж дийлэхгүй "хатуу боорцог" мэт санагдана. Гэхдээ яахав, роботуудын тухай цуврал өгүүллэгээрээ алдартай Азимовын энэ алиа өгүүллэгийг уншихаар "хазаж дийлэхгүй" нь би ганцаар биш юм байна гээд тайширчихна...
Isaac Asimov "The Immortal Bard", 1957 Орчуулга: Сүрэн- Тийм шүү гэж хэлснээ доктор Финеас Уэлч үргэлжлүүлээд "би нэрт хүмүүсийн сүнсийг дуудаж чадна" гэв. Финеас Уэлч хальт халамцуу байсан юм л даа, үгүйсэн бол юу гэж ийм юм хэлэхэв. Гэхдээ зул сарын баярын үдэшлэг дээр жаал ууж согтоход буруудах юм юу байхав.
Англи хэл уран зохиолын залуу багш Скотт Робертсон нүдний шилээ зассанаа юу сонсчих нь энэ вэ гэсэн байдалтай эргэн тойрноо эргүүлж харав.
- Доктор Уэлч, та үнэнээсээ ярьж байна уу?
- Мэдээжийн хэрэг. Тэгэхдээ зөвхөн сүнсийг нь биш биеийг нь ч бас авчирна шүү.
- Гэхдээ тэр чинь боломжгүй зүйл гээд Робертсон уруулаа жимийлгэв.
- Яагаад боломжгүй гэж. Ердөө л цаг хугацаанд байршил байраа өөрчлөх асуудал.
- Та цаг хугацаанд аялах тухай яриад байна уу? Гэхдээ тэр чинь ... ер бусын зүйл биз дээ.
- Аргаа мэдэж байвал ч амархан л даа.
- Доктор Уэлч, ямар арга вэ?
- Ингээд л хэлчихнэ гэж санаа юу? Физикийн багш асуултыг асуултаар хатуу хариулаад эргэн тойрноо харж архитай хундага хайсан боловч нэгийг ч олж харсангүй.
- Би нэлээд хэдийг манайд авчирч байсан шүү гэж тэрээр яриагаа үргэжлүүлэв. Архимед, Ньютон, Галилей гээд. Хөөрхий амьтад!
Робертсон багшид энэ яриа хөгжилтэй санагдаж эхэлсэн бололтой тэрээр
- Манай цаг үе тэдэнд таалагдаагүй гэж үү? Орчин үений шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг хараад ёсой мэл гайхсан байх даа гэв.
- Мэдээж. Мэдээжийн хэрэг гайхалгүй яахав. Ялангуяа Архимед. Багадаа албадуулан байж чүү чаа сурсан грек хэлээр хэдэн юм тайлбарлаад өгсөн чинь баярласандаа галзуурчих вий гэж айсан шүү. Гэсэн ч...
- Юу болсон бэ?
- Юу ч болоогүй. Зүгээр л өөр орчин, өөр соёл. Тэд бидний амьдрал, орчин үеийн хэв маягт дасч ерөөс чадаагүй. Маш их ганцаардаж бас айж эмээж байсан... Тэгээд л тэднийг буцаахаас өөр аргагүй байсан.
- Харамсалтай л юм.
- Хэлээд юу гэхэв. Сод ухаантай алдар суутнууд. Даанч уян хатан сэтгэлгээ тэдэнд үгүйлэгдэж байв. Тийм л учраас би Шекспирийг авчирахаар шийдсэн юм даа.
- Хэнийг гэнээ! уран зохиолын багш тул Роберсон өөрийн эрхгүй уулга алдав.
- Залуу минь дуугаа аяд. Олны газар эвгүй юм биш үү.
- Та Шекспирийг манайд авчирсан гэсэн үү?
- Тэгсээн, Шекспирийг авчирсан. Төгс сэтгэлгээтэй хүнийг л авчирах хэрэгтэй байсан юм. Хүмүүсийг сайн мэддэг, хүнийг таньж чаддаг, өөрийн цаг үеэс хэдэн зуун жилээр холдсон ч алзахгүй амьдрах чадвартай, тийм л хүн хэрэгтэй байлаа. Шекспир бол яах аргагүй тийм хүн мөн. Нээрээ, надад түүний гарын үсэг байгаа шүү, дурсгал болгож авсан юм.
- Танд одоо байна уу? – Робертсоны нүд нь гялалзаж байв.
- Энд байгаа гэснээ Уэлч халаасаа уудлан Робертсонд хатуу дөрвөлжин цаас сунгав. Цаасны нэг талд "Л. Кейн ба хөвгүүд. Бөөний худалдаа" гэсэн бичиг, нөгөө талд нь тод бөгөөд томоор "Уилм Шекспир" гэсэн гарын үсэг байв.
Гэнэт түгшүүрт гэмээр нэгэн таамаг санаанд нь орж ирэхэд Робертсон
- Түүний гаднах байдал ямар байв ? гэж сандран лавлав.
- Зурган дээр байдгаас тэс ондоо шүү. Хав халзан бөгөөд хачин муухай сахалтай. Чамин сайхан аялгаар ярина. Мэдээжийн хэрэг манай эрин үе таалалд нь нийцээсэй гэж би чадах бүхнээ хийсэн. Түүний жүжгүүдийг бид өндрөөр үнэлж өдий хүртэл театрт тоглуулж буй тухай хэлсэн. Уран бүтээл нь англи төдийгүй дэлхийн уран зохиолын өв санг баяжуулсан тухай ярьж өгсөн.
- Тийм үү, сайн, сайн байна – Робертсон амьсгаа даран чагнаж байлаа.
- Тэгээд барахгүй хүмүүс жүжгүүдийнх нь тухай тайлбар ном боть ботиор бичсэнийг хэлэхэд өөрийн нүдээр үзэхийг хүссэн тул би номын сан хүртэл дагуулж явсан.
- Тэгээд?
- Өө, ёстой мэл гайхаж байсан. Мэдээж өнөөгийн бидний үг хэллэг, 1600 оноос хойш тохиолдсон түүхэн үйл явдлыг ойлгоход хэцүү байсан байх л даа, гэхдээ би тусалсан юм. Хөөрхий амьтан! Өөрийг нь ингэж магтаж мандуулна чиг бодоо ч үгүй байсан юм билээ. "Бурхан минь! Энэ таван зуун жилийн дотор үгийг ингэтэл эргүүлнэ гэж! Хүн хүсвэл нэг муу нойтон даавууг үер ус урстал базгаж дөнгөх юм байна" гээд л байн байн давтаж хэлээд байсан.
- Шекспир тийм юм хэлнэ гэж байж боломгүй.
- Яагаад үгүй гэж? Шекспир жүжгүүдээ маш хурдан бичдэг байсан гэсэн. Товлосон хугацаанд амжиж дуусгахын тулд. "Гамлетыг" бол хагас жил хүрэхгүй хугацаанд бичсэн гэнэ лээ. Хуучин сэдэв байсан, зүгээр л жаахан зүлгэсэн юм гэж байсан.
- Зүлгэвэл жирийн шил ч од гариг харах дурангийн линз болдог ! гээд англи хэл уран зохиолын багш ихэд эгдүүцсэн аястай хэлэв. Даанч физикийн багш түүнийг сонсох сөхөөгүй байлаа. Тэрээр барны тавцан дээр хүний гар хүрээгүй хундага коктэйль олж хараад сэмхэн тийш нь дөхөж эхэлснээ
- Үхэшгүй мөнхийн туульчдаа би одоогийн их сургуулиудад Шекспирийн сургалт курс хүртэл байдаг тухай ярьсан гэв.
- Би тийм сургалт хичээл заадаг.
- Мэднээ хө. Би түүнийг таны заадаг оройн хичээлд оруулсан юм. Вилли шиг хойч үеийнхэн өөрийг нь хэрхэн үнэлэснийг мэдэх гэж мэрийх хүн би лав хараагүй. Ёстой хичээсэн шүү, танай тэр муу дамжаанд.
- Та Уильям Шекспирийг миний хичээлд суулгасан гэв үү? – Робертсон амандаа бувтнаж хэлээд энэ бүхэн согтуу хүний солиорол байлаа ч толгой эргэмээр юм гэж бодов. Гэхдээ солиорол гэж үү? Робертсон сонин дуудлагатай халзан толгойтой хүн дамжаанд нь байсныг санаж эхлэв…
- Мэдээж би түүнийг ондоо нэрээр бүртгүүлсэн л дээ. Хөөрхий амьтан хэрхэн зовсоныг ярих хэрэг байна уу… Тэр бол миний маш том алдаа байсан. Маш том алдаа. Хөөрхий Вилли! гээд Уэлч багш хундага дарсаа нэг гартаа барин толгой сэгсрэв.
- Яагаад алдаа байсан гэж? Юу болсон бэ?
- Би түүнийг 1600 он уруу буцаах болсон ! – уцаарлангуй хэлэхэд Уэлч багшийн дуу өөрийн эрхгүй чангарав. – Хүнийг ер тэгтэл нь дооглож доромжилж болох уу?!
- Та юун тухай, ямар доромжлол ярина вэ?
Доктор Уэлч хундага дарсаа нэг амьсгаагаар ууснаа
- Ямар гэнээ! Жаал минь чи улирлын шалгалт авахдаа Шекспирийг унагаачихсан! гэв.