2009/10/13

Үхэшгүй мөнхийн туульч




Өмнөх блог болон өнөө маргаашаас бичихээр зэхэж байгаа тэмдэглэлээ бодохоор өөрийн эрхгүй Шекспирийг бүрэн дүүрэн ойлгоно гэдэг мань мэтийн хазаж дийлэхгүй "хатуу боорцог" мэт санагдана. Гэхдээ яахав, роботуудын тухай цуврал өгүүллэгээрээ алдартай Азимовын энэ алиа өгүүллэгийг уншихаар "хазаж дийлэхгүй" нь би ганцаар биш юм байна гээд тайширчихна...






Isaac Asimov "The Immortal Bard", 1957
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

- Тийм шүү гэж хэлснээ доктор Финеас Уэлч үгээ үргэлжлүүлэн "Би нэрт хүмүүсийн сүнсийг дуудаж чадна" гэв.
Финеас Уэлч хальт халамцуу байсан л даа, үгүйсэн бол юу гэж ийм юм хэлэх вэ дээ. Гэхдээ зул сарын баярын үдэшлэг дээр ганц хоёр хундага хөнтрүүлж, жаахан халж согтоход буруудах юм бас юу байхав. Гэхдээ л англи хэл, уран зохиолын залуу багш Скотт Робертсон нүдний шилээ зассанаа "юу сонсчих нь энэ вэ" гэсэн байдалтай эргэн тойрноо тойруулж харав.
- Доктор Уэлч, та үнэнээсээ ярьж байна уу?
- Мэдээжийн хэрэг. Зөвхөн сүнсийг нь биш биеийг нь ч бас авчирна шүү.
- Гэхдээ тэгэх боломжгүй биз дээ гээд Робертсон уруулаа жимийлгэв.
- Яагаад боломжгүй гэж. Ердөө л цаг хугацаанд байр байршлаа өөрчлөх асуудал.
- Та цаг хугацаанд аялах тухай яриад байна уу? Гэхдээ тэр чинь... ер бусын зүйл биз дээ.
- Аргаа мэдэж байвал ч амархан л даа.
- Доктор Уэлч, та ямар арга ярина вэ?
- Ингээд л хэлчихнэ гэж санаа юу? – Физикийн багш асуултыг асуултаар хатуу хариулаад эргэн тойрноо харж архитай хундага хайсан боловч нэгийг ч олж харсангүй.

- Би нэлээд хэдийг манайд авчирч байсан шүү гэж тэрээр яриагаа үргэлжлүүлэв. Архимед, Ньютон, Галилей... Хөөрхий амьтад!
Робертсон багшид энэ яриа хөгжилтэй санагдаж эхэлсэн бололтой,
- Манай цаг үе тэдэнд таалагдаагүй гэж үү? Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг хараад ёстой мэл гайхсан байх даа гэв.
- Мэдээж. Мэдээжийн хэрэг гайхалгүй яах вэ. Ялангуяа Архимед. Багадаа албадуулан байж чүү чаа сурсан грек хэлээр хэдэн юм тайлбарлаад өгсөн чинь баярласандаа галзуурчих вий гэж айсан шүү. Гэлээ ч...
- Юу болсон бэ?
- Юу ч болоогүй ээ. Зүгээр л өөр орчин, өөр соёл. Тэд бидний амьдрал, орчин үеийн хэв маягт дасаж ерөөсөө чадаагүй юм. Маш их ганцаардаж бас айж эмээцгээж байсан... Тэгээд л тэднийг буцаахаас өөр аргагүй байлаа.
- Харамсалтай л юм.
- Хэлээд юу гэх вэ. Сод ухаантай алдар суутнууд. Даанч уян хатан сэтгэлгээ тэдэнд үгүйлэгдэж байв. Тийм л учраас би Шекспирийг авчрахаар шийдсэн юм даа.
- Хэнийг гэнэ ээ! – уран зохиолын багш тул Роберсон өөрийн эрхгүй уулга алдав.
- Залуу минь, дуугаа аяд. Олны газар эвгүй юм биш үү?
- Та Шекспирийг манайд авчирсан гэсэн үү?
- Тэгсээн, Шекспирийг авчирсан. Төгс сэтгэлгээтэй хүнийг л авчрах хэрэгтэй байсан юм. Хүмүүсийн мөн чанарыг сайн мэддэг, хүнийг таньж чаддаг, өөрийн цаг үеэс хэдэн зуун жилээр холдсон ч алзахгүй амьдрах чадвартай – тийм хүн хэрэгтэй байлаа. Шекспир бол яах аргагүй тийм хүн мөн. Нээрээн, надад түүний гарын үсэг байгаа шүү, дурсгал болгож авсан юм.
- Танд одоо байна уу? – ийн асуухад Робертсоны нүд нь гялалзаж байлаа.
- Энд байгаа гэснээ Уэлч халаасаа уудлан Робертсонд хатуу дөрвөлжин цаас сунгав. Цаасны нэг талд "Л. Кейн ба хөвгүүд. Бөөний худалдаа" гэсэн бичиг, нөгөө талд нь тод бөгөөд томоор "Уилм Шекспир" гэсэн гарын үсэг зурсан байв.

Гэнэт түгшүүрт гэмээр нэгэн таамаг санаанд нь орж ирэхэд Робертсон:
- Түүний гаднах төрх ямар байв? гэж сандран лавлав.
- Зурган дээр байдгаас тэс ондоо шүү. Хав халзан бөгөөд хачин муухай сахалтай. Чамин сайхан аялгаар ярина. Мэдээжийн хэрэг манай эрин үе таалалд нь нийцээсэй гэхдээ би чадах бүхнээ хийсэн. Түүний жүжгүүдийг бид өндрөөр үнэлж өдий хүртэл театрт тоглож буй тухай хэлсэн. Уран бүтээл нь англи төдийгүй дэлхийн уран зохиолын өв санг баяжуулсан тухай ярьж өгсөн.
- Тийм үү, сайн байна, сайн байна – Робертсон амьсгаа даран чагнаж байлаа.
- Тэгээд зогсохгүй хүмүүс жүжгийн бүтээлийг нь задлан шинжилж, хэд хэдэн боть тайлбар ном бичсэн тухай ярьтал өөрийн нүдээр үзэхийг хүссэн тул номын сан хүртэл дагуулж явсан гээч.
- Тэгээд?
- Өө, ёстой мэл гайхаж байсан. Мэдээж, өнөөгийн бидний үг хэллэг, 1600 оноос хойш тохиолдсон түүхэн үйл явдал зэргийг ойлгоход хэцүү л байсан байх, гэхдээ би тусалсан юм. Хөөрхий амьтан! Өөрийг нь ингэж магтаж мандуулна чиг бодоо ч үгүй байсан юм билээ. "Бурхан минь! Энэ таван зуун жилийн дотор үгийг ингэтэл эргүүлнэ гэж! Хүн хүсвэл нэг муу нойтон даавууг үер ус урстал базаж дөнгөх юм байна" гээд л байн байн давтаж хэлээд байсан.
- Шекспир тийм юм хэлнэ гэж байж боломгүй.
- Яагаад үгүй гэж? Шекспир жүжгүүдээ маш хурдан бичдэг байсан гэсэн. Товлосон хугацаанд амжиж дуусгахын тулд. "Гамлетыг" бол хагас жил хүрэхгүй хугацаанд л бичсэн гэнэ лээ. Хуучин сэдэв байсныг зүгээр жаахан зүлгэсэн юм гэж байсан.
- Зүлгэвэл жирийн шил хүртэл од гариг харах дурангийн линз болдог! – англи хэл, уран зохиолын багш ихэд эгдүүцсэн аястай ийн хэлэв. Даанч физикийн багш түүнийг сонсох сөхөөгүй байлаа. Тэрээр барны тавцан дээр хүний гар хүрээгүй хундага коктэйль олж хараад сэмхэн тийш нь дөхөж эхэлснээ,
- Үхэшгүй мөнхийн туульчдаа би одоогийн их сургуулиудад Шекспирийн сургалт курс хүртэл байдаг тухай ярьсан гэв.
- Тийм, би тийм сургалт хичээл заадаг.
- Мэднээ хө. Би түүнийг таны заадаг оройн хичээлд оруулсан юм. Вилли шиг хойч үеийнхэн өөрийг нь хэрхэн үнэлснийг мэдэх гэж мэрийсэн хүн би лав хараагүй. Ёстой хичээсэн шүү, танай тэр муу дамжаанд.
- Та Уильям Шекспирийг миний хичээлд суулгасан гэв үү? – Робертсон амандаа бувтнаж хэлээд энэ бүхэн согтуу хүний солиорол байлаа ч толгой эргэмээр юм гэж бодов. Гэхдээ солиорол гэж үү? Робертсон сонин дуудлагатай, халзан толгойтой хүн дамжаанд нь байсныг санаж эхлэв…

- Мэдээж би түүнийг ондоо нэрээр бүртгүүлсэн л дээ. Хөөрхий амьтан, хэрхэн зовсныг нь ярих хэрэг байна уу… Би ч том алдаа хийсэн дээ. Маш том алдаа. Хөөрхий Вилли! гээд Уэлч багш хундага дарсаа нэг гартаа барин толгой сэгсрэв.
- Яагаад алдаа байсан гэж? Юу болсон бэ?
- Би түүнийг 1600 он уруу буцаах болсон! – ийнхүү уцаарлангуй хэлэхэд Уэлч багшийн дуу өөрийн эрхгүй чангарав. "Хүнийг ер тэгтэл дооглож, доромжилж болох уу?!"
- Та юун тухай, ямар доромжлол ярина вэ?
Доктор Уэлч хундага дарсаа нэг амьсгаагаар ууснаа,
- Ямар гэнэ ээ! Жаал минь чи улирлын шалгалт авахдаа Шекспирийг унагаачихсан! гэв.

4 comments:

soulmate said...

хэхэ оригиналиар нь унших мэдлэг дутуу тул харьцуулан хэлж чадахгүй...чиний орчуулга бол ойлгомжтой дажгүй санагдлаа...

гэснээс чи Шекспирийг ойлгохгүй байна гээд өөрийгөө голж байхад энд би чиний бичлэгийг бүрэн ойлгохгүй байдаг гэдгийг мэдэхүү? ккк

амжилт хүсье анд минь

Suren said...

bayarlalaa soulmate :)

minii bichleg oilgomjgui bol sorrrry... hicheej oilgomjtoi bolgonoo hehe

Anonymous said...

xaxaxa...
Yostoi goy qgvvlleg bn. Yalanguya tugsgul ni ix taalagdlaa. Ta ch gesen goy orchuuljee.

"Бурхан минь! Энэ таван зуун жилийн дотор үгийг ингэтэл эргүүлнэ гэж! Хүн хүсвэл нэг муу нойтон даавууг үер ус урстал базгаж дөнгөх юм байна" - Ene xeseg unexeer ix taalagdlaa.

Magadgui yag ene qgvvlleg shig Shakespeare qqriinx ni buteeluud ingej aldarshina gj bodoogui ch bx. . .

bumbuulei

Suren said...

Bayarlalaa Bumbuulei :)

anh unshihdaa baahan ineegeed, tegeed l orchuulmaar sanagdaad. iimerhuu tohioldol tuuhend olon baihaa