2009/10/08

Логик



Антон Бубликов, “Логик” 2008
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

  Хүйтний эрч чангарсан намрын нэгэн өглөө. Леша метро руу хамт алхдаг найз Ванягаа байрныхаа гадаа хүлээж зогсов. Ваня нэлээд хүлээлгэсний эцэст аахилж уухилан амьсгаадан гарч ирснээ мэндийн зөрүү ч үгүй шууд ярьж эхлэв. Ярих гэснээс урсгаж гарав:
 - Хөгшин нь унтаж байсан байхгүй юу, тэгээд нэг сэрээд харсан чинь манай хүн орны өнцөгт гэдсээ барьчихсан сууж байна. Яагаа вэ гэсэн чинь хүүхэдтэй болмоор байна гэдэг байгаа!!
 - Юун хүүхэд? Хэний хүүхэд? – Леша цочиж царай нь аймшгийн киноны алмас харсан мэт болов.
 - Миний! Өөр хэнийх байдаг юм! – Ваня ширүүхэн дуугаар хариулаад найзыгаа бүр ч ширүүнээр нэг том хараад цааш алхав.
Леша Ваняг гүйцэн очиж аргадангуй аястай:
 - Манай Аня ч гэсэн тэгээд байгаа гэв.
 - Үгүй чи бод доо, энэ чинь ярваа биздээ, хар үүрээр хүүхэд хүсч хүйс гэдсээ илж сууна гэдэг. Бие организм гүйцэд сэрээгүй, биеийн чилээ ч гараагүй, ядаж ганц аяга кофе уух хэрэгтэй шдээ. Шүд мүдээ ч угаах хэрэгтэй!
Леша найзыгаа дуугүй л сонсож явлаа. Лешагийн бие организмд нэр дурдсан зүйлс өглөө онцын хэрэг болдоггүй тул найзыгаа сонжсон байдалтай хальт харав.
 -Тэгсэн Катя юу гэсэн гээч ?! – Ваня хажуугаар өнгөрөх хүмүүс өөрийн эрхгүй эргэж хартал дуугаа чангасгав.
 -Юу гэсэн ?

  Өвлийн эхэн сар мэт хүйтэн энэ намрын өглөө хөнгөн куртка яаруу сандруу эгэлдэргэлсэн Ваня даарсандаа дулаан пальтотой Лешаг хэсэгтээ тойрч гүйв. Байдал хэр эмгэнэлтэй байгааг Леша ер ойлгохгүй байгаа мэт Ваняд санагдаад болохгүй байв. Байдал хэр эмгэнэлтэй байгааг Леша огтхон ч ойлгохгүй байв.
 - Гэдэс нь өвдөж байна гэсэн!! Жирэмсэн болохоор гэдэс нь гайгүй болчих юм шиг! Миний бүр толгойд багтдаггүй! Жишээ нь чи, гэдэсний өвчнөө намдаахын тулд хүүхэд болохыг хүсэх үү?! – Ваня дахин дуугаа чангаруулснаа Лешаг хариулж амжаагүй байтал "Би ч гэсэн үгүй" гээд яриагаа цааш үргэлжлүүлэв:
 - Хүн ер нь хариуцлагатай байх хэрэгтэй биз дээ. Юун хүүхэд вэ, өөрийн гэсэн гэр оронгүй байхад. Би тэгээд Катяд ойлгуулахыг оролдлоо л доо. Гэдэс өвдлөө гээд хүүхэдтэй болж болохгүй. Хүүхэд бол том хариуцлага. Жирэмсэн хүүхнүүдийг хар л даа, нуруу туруу өвдлөө л гэнэ, түрүүлгээ харж унтаж чадахгүй л гэнэ, бас тэгээд тэр явж байгааг нь, топ топ тап тап гээд яг л аварга заан шиг!
Ваня ийн хэлээд үгээ улам тодруулахын тулд аварга заан буюу жирэмсэн хүүхнүүдийн алхааг дуурайн үзүүлэв.
  - Бас тэгээд эрх чөлөө ! Би чинь залуу хүн, бүтээлч хүн. Надад аяны үүргэвч, армаанчиг дууны цуглуулга байна! Манай хүнийг төрөхөөр би л тэр бүгдийг нь үүрнэ шдээ. Ажлаасаа гармаар санагдлаа гэхэд яаж чадах юм, гэр дүүрэн өлөн хүүхдүүд аав аа, аав аа гээд амаа ангайн хоол нэхэн орилолдож байхад!

Леша харин найз Ванягийнхаа энэ яриаг дэмжих үгүйгээ шийдэж ядан байлаа.

  - Тэгсэн Катя юу гэсэн гээч!!! – Ваня саяны яриа бол юу ч биш, хүүхдийн тоглоом, хүрэн бамбаруушны үлгэр гэсэн байдалтай дуугаа улам томсгов.
 - Юу гэсэн?
 - Тэгвэл хамаа алга, хүүхэдтэй болохыг ЕРӨӨС хүсэхгүй байна гэсэн!! Үгүй чи бод доо! Хүний ярианд ЛОГИК гэж юм байх ёстой доо!

 Хоёр залуу хэсэг дуугүй алхав. Ваня тамхи гаргаж асааснаа уртаа гэгчийн санаа алдаад дахин ярьж эхлэв:
  - Би тэгээд тэвчээр гэдгийн рекорд тогтоож Катядаа ойлгуулахыг оролдлоо л доо... Хүүхдүүд чинь хүмүүсийн ирээдүй. Хүүхдүүдтэй бол хөөрхөн шдээ, чамтай адил байна уу, надтай адил байна уу гээд. Хүүхдүүдтэй бол хөгширсөн ч хөгжилтэй. Өөр юу билээ... аа тийм, эцсийн эцэст хүн хүүхдүүдийнхээ төлөө л амьдардаг. Ер нь эмэгтэй хүн ээж болох гэж л энэ дэлхийд мэндэлдэг. Тэгсэн манай хүн хүүхэдтэй болохын тулд хашаа байр биш хамгаалалтгүй секс хэрэгтэй гэсэн!!

 Өдий хүртэл нэг ч өгүүлбэр гүйцэд хэлэх завдалгүй явсан Леша "Хмммм..." гэж хоолой зассанаа,
 - Нээрээн, өнөө... нөгөө... Аня бид хоёр. Байрны зээл авахаар шийдсэн. Учир нь ...
 - Учир нь...?

Ваня гэнэт ойлгосон янзтай гэдсэн дээрээ тойрог зурж үзүүлэв.

  - Ерөнхийдөө бол тийм... гэж Лешаг хариулахад Ваня найзаасаа алхам төдий зайд зогсож байсан атал асар хол, арван мянган гэрлийн орон зайн тэртээгээс ярьж буй мэт санагдав.
Аль хэдийн метроны үүдэнд ирсэн тул Леша:
 - За найз нь явлаа гээд шатаар уруудан ажилдаа яарах хүмүүсийн дунд уусан алга болов.

  Ваня цааш алхангаа “хариуцлагагүй улс” гэж амандаа бувтнахад хажуугаар нь өнгөрч явсан хижээл насны эр эргэж харав. Хижээл насны эр малгай ороолтондоо бөв бөөрөнхий болчихсон, хүйс нь үл ялгагдах хоёр бяцхан амьтан дагуулж... дагуулж гэхээс чирсэн байдалтай алхаж явах ажээ. Таныг хэлээгүй юмаа гэж Ваняг хэлэхэд бяцхан амьтдын нэг нь Ваняд ороолтын цаанаас “Тамхи би’д хо’той ” гэж анхааруулав. Ваня инээмсэглээд тамхиа хаятал нөгөө бяцхан амьтан нь "Газал хог хаиж болку" гэв.

-----------------------------------------------------------------

* 2008 оны Cosmo-д байсан бяцхан өгүүллэг. Уншаад элгээ хөштөл инээсэн тул орчуулж үзмээр санагдсан ч залхуу зан хөдлөөд авахыг нь аваад хаяхыг нь хаяад тун "чөлөөт" байдлаар орчуулсан болно. Enki андад special thanks !

3 comments:

Anonymous said...

Хэхэ, хөгжилтэй л юм. Ваня надтай төстэй ч юмуу :P

"Тамхи биед хортой
Газар хог хаяж болохгүй" - г ёстой гоё орчуулсан байна ш дээ.

Зохиолч нь хэн гж хүн юм бол?

Бөмбүүлэй

Suren said...

Hehe Leshagaas ulger jishee avah heregtei :D
Neeree zohiolchiin neriig durdaagui baij, Cosmod bainga alia yum bichdeg Anton Bublikov.

comment bayarlalaa !

Anton Bublikov said...

Chagi goyo uguulleg bn.