2009/04/22

Аялал жуулчлал хөгжүүлэх арга...


   

Орос улсын Боровск хот 2000 онд "Түүхэн хот" хэмээх нэр хүндтэй цол албан ёсоор хүртсэн юм. Гэхдээ 11 мянган хүнтэй энэ жижиг хотыг жуулчид гийчид сонирхдог нь түүхэн дурсгал биш тэс өөр шалтгаан буюу байшин барилга бүр нь ямарваа нэгэн зураг зугаатай байдаг учраас гэнэ. Мундаг урлагийн бүтээл биш ч гэлээ хотын өнгө үзэмжийг ийм амар аргаар гоё болгосон нь сайхан санагдав.

Хөгжил цэцэглэлтийн оргил үе нь өнгөрч, хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсан боловч Орос улсын олон үйл хэрэгт ул мөрөө үлдээсэн бяцхан хотдоо хайртай нэгэн бүсгүй олонхи зургийг зурсан нь сонирхолтой. Зураад зогсоогүй энд тэнд шүлэг бичиж үлдээснээс нь энэ хамгийн их таалагдав:

  Будущее - голый мальчик,
  Вертит ключиком
в замке,
  а земля летит как мячик,
  и века все в кулачке.
          Э. Частикова


   


   


      

     


    

2009/04/15

PMO буюу Person of Mongolian Origin

  Глобалчлалын энэ эрин үед төрөл бүрийн шалтгаанаар нутаг усаа орхин урт хийгээд богино хугацаагаар түр эсвэл бүр харьд очиж аж төрөн амьдран суух хүмүүс олон. Сүүлийн үед гадаадад сурахаар/ ажиллахаар/ амьдрахаар явах монголчуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тул үүнтэй холбоотой нэг бодлоо хуваалцъя.

  Гэхдээ монголчуудынхаа тухай ярихаас өмнө энэтхэг хүмүүсийн тухай жаал яриа өрнүүлье. Хараад байхнээ, иргэд нь гадаадад их хэмжээгээр цагаачилсан улс орнуудын дунд Энэтхэг тусгай байр эзлэх мэт. Нэгд, нарийн ширийн статистик тоо мэдэхгүй ч мунхаг миний бодлоор амжилттай цагаачдын тоогоор Энэтхэг улс нэлээд дээгүүрт орно. Хоёрт, харьд очоод зуугаад жил болсон ч эх орон, элгэн садантайгаа холбоо тасардаггүй, бусад цагаач улсуудтай харьцуулахад шашин шүтлэг зан заншлаа харьцангуй хадгалж чаддаг нь энэтхэгүүдийн онцлог болов уу. Ингэхдээ хаа очсон газраа China town үүсгэдэг хятадуудаас ч хүртэл илүү мэт санагдана. Англид төрж өссөн, Английн парламентын гишүүн энэтхэг угсааны хүн байлаа ч гэртээ бурхнаа тахиж шүтэх булантай, хинди хэлээ гадарладаг, байнга энэтхэг хоол иддэг бөгөөд Болливүүд кино үзэж байх жишээний. Ер нь ямар ч улсад бүрэн гүйцэд уусдагггүй, эх нутагтайгаа ямарваа нэгэн холбоогоо хадгалж үлддэг нь энэтхэгүүдийн нэг чанар болов уу. Яагаад тийм байнаа.... гэсэн яриа өрнүүлбэл түмэн зүйл шүүн ярилцаж болох ч өнөөдрийн тэмдэглэлээ нэг л зүйл дээр төвлөрүүлье.

  Энэтхэг улс хоёр иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөггүй учир эх нутаг Энэтхэг рүүгээ визгүй ирж очихыг хүссэн цагаачид Энэтхэгийн элчин сайдын яамнаас Person of Indian Origin (Энэтхэг угсааны хүн) буюу PIO card авдаг.

  PIO-д гадаадад амьдарч буй Энэтхэг улсын иргэн биш бүх энэтхэг угсааны хүн орох бөгөөд "энэтхэг угсаа" гэдэг нь дөрвөн үеийг хамруулна. Гадаадад төрсөн, Энэтхэгт очиж үзээгүй, эх хэлээ мэдэхгүй ч элэнц хуланц тань энэтхэг хүн байсан бол та Энэтхэгийн элчин сайдын яамнаас саадгүй PIO авах бөгөөд энэ нь зүгээр нэг хоосон цаас биш юм(*). PIO-той хүн Энэтхэг улсад бизнес эрхлэхийг хүсвэл гадаад хүнээс бага татвар төлнө, ирж очиход виз хэрэггүй зэрэг төрөл бүрийн хөнгөлөлттэй. Мөн энэтхэг хүнтэй гэр бүл болсон гадаад хүн ч PIO авч болдог.

  PIO хөтөлбөрийн эхний мөрд

  The Government of India understands and respects your need to be close to your place of origin and has accordingly launched the ‘PIO Card’ scheme, aimed at making the journey back to your roots, simpler, easier, flexible and trouble free.
  
  (Энэтхэг улсын Засгийн газар таны уугуул нутагтаа ойр байх хүсэл хэрэгцээг ойлгон хүндэтгэж, эх нутаг руугаа буцах аяныг тань амар бөгөөд төвөггүй болгох зорилгоор PIO Card хөтөлбөр хэрэгжүүлж байна)

  гэж хөтөлбөрийн зорилгыг танилцуулснаас харахад PIO гэдэг "хол байсан ч, олон жил өнгөрсөн ч та нар энэтхэг хүмүүс шүү" гэсэн Энэтхэг улсын иргэдээ алдахгүйг чухалчлах бодлогын илрэл болов уу. Мөн энэтхэг хүмүүсийн хасах, таслахаас илүү нэмж нэмэгдүүлэхийг эрхэмд үздэг сэтгэлгээний үр дүн болов уу.

  Монголын хүн ам бага байна, өсгөх хэрэгтэй гээд л энд тэнд яриад байна. Ингэхийн тулд анхнаас нь "алдахгүй байх" бодлого баримтлавал ямар вэ? Гадаад хүнтэй гэр бүл болох монгол залуус жилээс жилд олширч байгаа нь мянга түм шүүмжлээд дийлэхгүй өнөөгийн бодит байдал. Монгол давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй учир тэд нар маань эрт орой хэзээ нэгэн цагт иргэншлээ солих, үр хүүхдүүд нь иргэншлээ сонгох асуудалтай тулгарна. Тэр үед ямар шийдвэр гаргах вэ?

  Арваад жил Германд амьдраад өөрийн эрхгүй уйлан уйлан иргэншлээ сольсон найз минь байна. Сольсоныхоо дараа урагшгүй хүмүүст элдэв янзаар хэлүүлээд сэтгэл санаагаар ихэд унаж байсансан. Сэтгэл санаагаар унахын нэг шалтгаан нь монгол паспорт гэдэг дөрвөлжин улаан баримт бол цагаа тулахад бидэндээ тун нандин эрдэнэ. Хэдий би монгол хүн, хэдэн үг бичсэн цаас миний угсаа гарлыг тодорхойлохгүй гэж толгойдоо бодсон ч нэгэн өдөр энэ гээд үзүүлэх юмгүй болоход ихэд эвгүй, элэг эмтрэм. Өсөж торнисон нутагтаа харихын тулд Монголын элчин орж виз авах бодит хүндрэлээс гадна сэтгэл санааны хувьд их хэцүү, дарамттай, гэм хийсэн хүн шиг гэлдэрч явах болно. Нэмж хэлэхэд гадаад хүнтэй заяа холбосон хүмүүсийн хүүхдүүд нь ихэнх тохиолдолд монгол иргэншилтэй болдоггүй нь хамгийн харамсалтай.

  Дүгнэж хэлэхэд, глобалчлалын өнөө үед гадаад хүнтэй хувь заяагаа холбох, гадаадад ажиллах юмуу цагаачлах хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү л гэхээс багасахгүй нь тодорхой. Давхар иргэншлийг хүлээн зөвшөөрнө гэдэг Монгол шиг хүн ам цөөтэй, хүч чадал дорой улсад ашиггүй агаад аюултай байж магад. Тиймээс Person of Mongolian Origin (PMO) бий болговол ямар вэ? Үүнийг ямар нэгэн шалтгаанаар гэр бүлээрээ цагаачилсан хүмүүс, гадны хүнтэй ханилж гадаадад амьдарч буй монголчууд хийгээд тэдний үр хүүхдүүдэд олгож нутагтаа ирж очихыг нь амар болгож эх оронтой нь үеийн үед холбоотой байлгавал...

  Чингис хааны үеийн түүх бол нэгтгэж нэмэгдүүлсэн түүх байсан. Хоорондоо дайсагнаж байсан овог аймгийг нэгтгэсний үр дүнд бий болсон улсын үр сад нь бид нар. Харин түүнээс хойшхи түүхийг хасаж, хагалж, ханзалж ирсэн түүх гэлтэй. Тэглээ гээд өөдөлсөн нь хаана байна? Адилхан монгол хүмүүс байж зүйрлэвэл "Би сайн, чи муу, манайхан сайхан, танайхан муухай" гэсэн жалга довын үзлээ одоо гадаадад байгаа хүмүүс рүү ямар нэгэн байдлаар хандуулах болсон нь анзаарагддаг. Гэхдээ хардаж, халгаж, хатуурхана гэдэг хэн хэндээ л хортой. Жаахан ч болов энэтхэгүүдээс сурч, элэг нэгтнээ алдахгүйг хичээж, арвижуулж нэмэгдүүлэхийг гол чиглэл болговол.

  Жич: Гадаадад амьдардаг энэтхэг угсааны хүн болгон PIO авч болох ч Энэтхэгийн үндэсний аюулгүйн бодлого & гадаад бодлогоос шалтгаалан Хятад, Пакистан, Непал зэрэг орны иргэншилтэй хүмүүст энэ үнэмлэхийг олгодоггүй. Манайхан ч гэсэн Хятад иргэншилтэй хүмүүст олгохгүй, эсвэл хувь тогтооно гэж шийдэхэд айгаад байдаг олон асуудал нь арилах мэт.

2009/03/21

Хавар

Хаврын урь, хаашаа ч юм бэ өдрүү,
Гадаа униар, хамаг сэтгэл хачин дуниар...

Харгуй холд одмоор ч юм шиг, хамаг найзаа дуудаад наргимаар ч юм шиг.
Аминчилж хэн нэгэнтэй ярилцмаар ч юм шиг, аальгүйтэж баахан инээмээр ч юм шиг.
Гадаа гарч нусгай жаалуудтай нуугдаж тогломоор, ну погоди гэж хөөцөлдмөөр.
Дотор байж дотоод ертөнцөө ажмаар, бодлоо цэгцэлж бор өдрүүдээ цэгнэмээр.

Байгаль дэлхийгээ дагаад сэтгэл санаа сэргэх шиг,
Сэргэх атлаа сэмхэн жаахан үймрэх шиг.
Гэрэл татаж гэгэлзэх ч гэнэтийн гунигт автах шиг,

Ааш зан, амгалан тайвангийн барьц алдагдаж
Яргуй мэт ялдам зөөлөн өдөр байх,
Яргай мод мэт ярвайж суумаар ч өдөр байх.
Зарим өдөр хамаг хүмүүст хайртай гэж зарламаар,
Заримдаа гэхдээ хаашаа ч юм бэ тонилцгоо гэж бүгдийг нь зандармаар...

2009/03/11

Хавар

Хэн хүнгүй л хатуу хуяг бүрхүүлтэй.

Амьдралын нугачаанд алдах, гэнэдэх, гомдох, аргаа барах, амаа барих, итгэл алдах, найдвар тасрах болгонд өнөөх бүрхүүл нь яст мэлхийн хуяг шиг жилээс жилд хатуураад томроод байна.

Гэхдээ л мянга түмэн давхрагын тээртээ дор зөв зөөлөн, өр нимгэн, хүүхэд нүдэлсэн, сайханд итгэсэн, хүмүүсийг хайрласан нэгэн байх.

Хааяа хааяа хамаг хуягнаасаа гарч дотно гэж бодсон нэгэндээ хорвоод мэндлээд "Ээж ээ би ирлээ" гэж инээмсэглэх шиг "Найз минь би ийм шдээ" гэж өөрийгөө харуулна. Хуяг бүрхүүлд баригдсан үед хүндлээд найзархаад байсан нэгэн яагаад ч юм яг энэ үед нялцгай биетэнг няц бяцлах шиг өр өөд өвдтөл өшиглөж орхино.

Тэглээ гээд яах вэ дээ, өнхөртөл өшиглүүлсэн ч зүрхээ нээж сэтгэлээ дэлгэх хүнээ таниагүй гэж өөртөө л буруу өгч өлөн гөлөг мэт өвдсөн газраа долоохоос өөр аргагүй. Яваандаа жил жилийн зэрэглээнд хуягаасаа гарах нь багасч цөөрнө. Эцэс сүүлдээ галбын говийн үлэг гүрвэл мэт ястжаад хад оргилоос унаагасан ч хагархааргүй болно.

Гэхдээ л хааяа хааяа... хавар цаг ирж, хангай байгаль сэргэхэд зүрхний нэг цохилтоор яргуй нүдлэх шиг болно. Хамаг сэтгэлээ хатуу хуяг, харанхуй агуйд түгжээд яахин билээ, нарт хорвоод төрснөөс хойш нандин бүх эрдэнээ наадах шагайн адил найраад цацсан ч яахав дээ... Харамгүй цацаж дуусгаад цаанаа цалгих юмгүй үлдсэн ч харуусахгүй, харамсахгүй, халаглахгүй... гэж бодогдоно.

2009/02/23

Би хэнд ч, ямар ч өргүй


Андрей Дементьев

 Я ничего и никому не должен.
 Не должен клясться в верности стране
 За то, что с ней до нищеты я дожил.
 За то, что треть земли моей в огне.

 Я ничего и никому не должен.
 Мне «молодые волки» не указ.
 Они, конечно, много нас моложе,
 Но вовсе не талантливее нас.

 И новый мир по-старому ничтожен
 Среди своих раздоров и корыт.
 Я ничего и никому не должен,
 Поскольку никогда не жил в кредит.

Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

 Би хэнд ч ямар ч өргүй.
 Эгэл амьдарч, эцэст нь ядуурсныхаа төлөө,
 Эх нутгийн минь гуравны нэг галд автсаны төлөө
 Энэ улсад үнэнч байхаа тангараглах албагүй.

 Би хэнд ч ямар ч өргүй.
 “Залуу чононууд” надад юм заахгүй.
 Аргагүй биднээс залуу ч гэлээ тэд,
 Авъяас билгээр илүү гарахгүй.

 Хэрүүл уруулд автан, тэвш хогшилдоо дарагдан
 Хэдий шинэ цаг ч гэлээ, хуучнаараа өчүүхэн.
 Хэзээ ч зээлээр амьдарч байгаагүйн учир
 Хэнд ч би ямар ч өргүй.

2009/02/01

Осип Мандельштам

 Мы с тобой на кухне посидим.
 Сладко пахнет белый керосин.

 Острый нож да хлеба каравай...
 Хочешь, примус туго накачай,

 А не то веревок собери
 Завязать корзину до зари,

 Чтобы нам уехать на вокзал,
 Где бы нас никто не отыскал.

 * * *

 Нежнее нежного
 Лицо твое,
 Белее белого
 Твоя рука,
 От мира целого
 Ты далека,
 И все твое --
 От неизбежного.

 От неизбежного
 Твоя печаль,
 И пальцы рук
 Неостывающих,
 И тихий звук
 Неунывающих
 Речей,
 И даль
 Твоих очей.

2009/01/18

Хөөрхөн

  • Есөн сарын нэгэнд сургуульдаа явах хүүхдүүд хөөрхөн
  • Гурван литрийн бидон нь газар шүргэх жаалхүү хөөрхөн
  • Тугал хуруу хөхөх хөөрхөн, хурга ишиг мөргөлцөх хөөрхөн, унага даага тоглох хөөрхөн
  • Эмээ ээж минь утсаар ярихдаа утсаа хоёр гараараа барих нь хөөрхөн
  • Ишиг морин тэрэг, гэр дээр үсэрч гараад баатар аятай байх нь хөөрхөн
  • Ээжийн яриагаар бол хайртай халзан тугал нь бяруу болсон ч гүйж ирээд хаа холоос таньж мөөрөхөд “халзаадаа бидэн хоёл” гэж хавийн хүнд ярьж байсан Сүрэн бүсгүйн дөрвөн нас хөөрхөн
  • Өвлийн хүйтэнд модны мөчирт өрвийсөн хэдэн болжмор зэрэгцэн суух хөөрхөн
  • Ярианы учир ойлгоогүй ч хүмүүс дагаж инээх хүүхэд хөөрхөн.
  • Ээж “тогоотой сүү!” гэж гэнэт уулга алдаж год үсрэх хөөрхөн. Сүү нь дэвэрсэн бол бүүүүр хөөрхөн
  • Охин дүүгээр би яахим, яаж тоглож зодхим гэж гомдоллох дөрөв таван настай шинэков ах хөөрхөн
  • Байрны өмнө суух эмээ өвөө нар хөөрхөн, яриаг нь сосвол бүр хөөрхөн
  • Жаалхүү утас аваад “эгч байхгүй байна гэнэ ээ” гэх хөөрхөн. Хажууд нь арван минутын өмнө худал хэлэхийн хор уршгийг ухуулж байсан эгч нь хөөрхөн
  • Бяцхан хүү толгой шигээ том аяганаас тараг уух хөөрхөн. Уусаныхаа дараа бол бүүүр хөөрхөн
  • Ангийн өмнө асуултын хариулт мэдэхгүй толгойгоо маажих хөвгүүд хөөрхөн
  • Үснээс татаж чангаахаас өөрийг мэдэхгүй шар банди нэгэн өдөр хорин дөрвийн чихэр өгч үс чангаалтыг "албан ёсоор" дуусгавар болгосон нь хөөрхөн. Өгсөн чихрийг нь авсан атлаа "хн" гээд дээгүүр харсан Сүрэн хөөрхөн hehe
  • Охидуудын “тэр надад ямар бол” гэх яриа хөөрхөн
  • Хөвгүүдийн "зэээ хө, нэг цэрэгт яваад ирэх үү дээ", "ерөөс эр хүн болваас..." гэх аавын цээж яриа хөөрхөн
  • Зун болохоор зусланд зүлэг ногоо дахин ургах уу гэж асуух бяцхан дүү минь хөөрхөн

2009/01/08

Сайхан

  • манцуйны үнэр сайхан
  • хавар цагт "уулын ар өврөөр ягаан шар яргуй ургажээ" гээд хэн нэгэн ороод ирэх сайхан
  • мотоцикл дээр ахынхаа ард суугаад холдон одох айлууд, хойноос хуцах ноход, хонь малын сүрэг харж явах сайхан
  • борооны дараа солонго татах сайхан, нэг биш хоёр бол бүүр сайхан
  • галын дөл харж суух сайхан
  • малгайт цэцэг сайхан
  • холооос наадмын талбайн угалз хээтэй майхан харагдах сайхан, бушуухан дэргэд нь очиж наадамч олны дуунд орохсон гэж яарах сайхан
  • гүзээлзэгэнд явахын өмнөх орой хүчтэй бороо ороход уулын хамаг гүзээлзэгэнэ усан бороонд цохигдсон байх даа гэж байж ядах сайхан
  • жимсэнд явахад шөнө шар шувууны хүүхэд уйлах шиг дуугаар сэрээд айж байна гэж ахдаа наалдах сайхан
  • холын уулыг холдуулан ойртуулан дурандах сайхан
  • шөнөжин бороо орох сайхан, ойр ойрхон сэрж борооны дуу чагнах сайхан
  • цэрэгт явсан ах хүрээд ирэх сайхан, цэргийн хувцсанд нь хүрэх сайхан
  • хээрийн хоол сайхан
  • үхэр тэргээр усанд явах сайхан
  • дээш харан хэвтэж үүлсийн нүүдэл ажих сайхан
  • уйдсандаа хариулж буй хонь малаа алдан алдан ахин дахин тоолох сайхан
  • хурдан юмуу хатирч мориор дөрөө нийлүүлэн давхих сайхан
  • намар болоход бугын урамдах дуу хаа нэгтээ сонсдох сайхан
  • "үд хүртэл унтлаа, үхрийн дуунаар бослоо" гэж хааяа нэг зэмлүүлэх сайхан
  • дүү аминчлан “нэг ийм залуу...” гэж ярих нь сайхан, “эгч” царайлж зөвлөгөө өгөх сайхан
  • нэгэн өглөө босоход цас орсон байх нь сайхан
  • өвөл бүтэн сайны өглөө хийцтэй цай хийж уух сайхан
  • аавын хөвөнтэй дээл сайхан, үнэр нь сайхан, бороотой өдөр нөмөрч унтах сайхан
  • хүүхэд тэврүүлэх гэж гараа сунгах сайхан
  • ээж зурагт үзэнгээ зүүрмэглэх сайхан
  • бяцхан дүү минь "Aпан хол юм уу, онгоцоор явдгиймуу" гэж асуух сайхан

2008/12/27

Шинэ жилийн хүсэлт 2

  (үргэлжлэл)

  Туфль:
 
  Өндөр нам өргөн нарийнаараа ялгаатай ч та нар нэг нийтлэг дутагдалтай. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Тиймээс ажил албандаа яарсан ч, аальгүйтэж зургаан модын club-д бүжиглэсэн ч ижил дасал болсон sneakers шиг эвтэй зөөлөн байхыг хүсье. Тавиурын хамгийн доор байгаа муу sneakers –ийг өнгө үзэмжээр нь гололгүй туршлага судла л даа. Эс бөгөөс би туфлийн эсрэг компанит ажил эхлүүлэх зорилгоор Vogue, Cosmopolitan зэрэгт ажилд орчихно шүү.

  Түрсик:
  Та нараас юм юмыг хослуулах арга ухаанд суралцахыг хүснэм. Тодруулбал, үзэмж гоо үлэмжийн сайхан хэд нь нейлон химийн хийцтэй бөгөөд биед минь халтай, хартай бас тэгээд хатгаад байдаг. Зөөлөн, 100% даавуу, энэ биед энэрэлтэй хэд нь үзэх нүд битгий хэл өрөөний тавилга хүртэл гуньж гутмаар. Учир ийм тул бие, нүд хоёрын аль алинд нь баясгалан болж өөрчлөгдөхийг хүснэм.

  Хэл шинжээчид:
  Дээрхийг бичихдээ орос дуудлагаар трусики, монгол дуудлагаар түрсик, дээр үеийнхээр бандааж, дотоож, орчин үеийнхээр panties, underwear... аль дуудлага ямар хэлээр яаж бичихээ мэдэхгүй баахан бодож цаг гарздав. Хамгийн эхэнд ч гэсэн богоон, вагон хоёрын хооронд толгой гашилгав. Тиймээс эрхэм хэл шинжээчид ээ, монголоор ингэж тэгж бичнэ гээд нэг тийш нь шийдэж өгөөрэй (гэхдээ энэ дагавар маягийн сул гуйлт шүү, бусад нь биелж байвал энэ ч яахав)

  Эрчүүд:
  PC, soft, upgrade, update гээд IT чиглэлийн юм тайлбарлахдаа “Хөөрхий энэ муу яажшуу энэ хорвоод амьд явдагийм бол” гэсэн өрөвдсөн/ гайхсан/ доош нь хийсэн/ дооглосон харцаар намайг харахаа болихыг гүнээ хүснэм. За яах вэ, нүд гэдэг сэтгэлийн цонх гэл үү, удирдаж жолоодож болдоггүйм бол өрөвдөж харах OK, би тэвчье. Гагцхүү энэ чинь “IT биш ээ, IT гэж бүр нарийн нандин юмыг хэлнэ, миний тайлбарлаж байгаа юм бол хоол идэж уухтай адил амархан хялбархан, арван настай пацаан мэддэг зүйл...” гэж ирээд дэлдэн хоёр чихийг минь бүр илүү тодруулж, улаан ягаанаар туяаруулахыг больчихвол... бүсгүй би бүх эрчүүдэд бүрэн сэтгэлээсээ хайртай гээд бүрээ үлээхэд ч бэлэн байна.

  Хүүхнүүд: 
  Хүрээ хүүхнүүдээсээ хүсэх зүйл алга даа... ирэх жил ч гэсэн эгзэгийг нь тааруулж байгаад ээлжит хуралдаанаа хийж, хоол идэн коктейл уунгаа бүхний тухай жив жив, живэр авир болцгооё :)

  Өөр зөндөө олон хүсэл байх ч өөрийн хичээл зүтгэлээр яаж ийгээд болчих байх. Бяцхан биений чадал яахин аргагүй дутагдах юмны тухайд шулуун шударгаар шуудхан хэлсэн тул болгоон соёрхоно уу 

Шинэ жилийн хүсэлт 1

  Өдий наслахдаа өвлийн өвгөн ааваас өч төчнөөн л юм хүсч явлаа. Гэхдээ сүүлийн үеийн байдлаас харагдахад Сүрэн бүсгүй өвлийн өвгөн аавын листнээс хасагдсан бололтой. Эсвэл байдаг ч миний нэр хамгийн сүүл хэсэгт Arial2 фонтоор бичигдсэн байх (тэр нь сайхан хүхэнд атаархдаг цасан охины явуулга болов уу). Anyway, энэ жил би өвлийн өвгөн ааваас Сахарын цөлд өдөр өнжөөд, Монголын говьд гурав өнжөөд бороо оруулахыг л хүснэ. Харин өөрийн хүслээ 対象者 буюу хүссэн юм/зүйл/хүмүүс нарт шууд уламжлахаар шийдлээ.

  Богоон: 
  Өглөө оройны богоон та хоосон байвал би аягүй их баярлана. Ажилдаа цаг гаруй явахдаа гутлаа тайлж байгаад сайхан хажуулдаж унтана. Гэхдээ хоосон явах онцгүй бол эрч хүчтэй, илгээлтий эзэд шиг эрхэм үүргээ ухамсарласан, ажилдаа явж буйдаа баяртай (plus үл ялиг үнэртэй ус түрхсэн, гэхдээ үл ялиг!) залуус, бас яах вэ, надаас илүүгүй царайтай ганц хоёр хүүхэн тээж явдаг болохыг хүснэм. Дашрамд хэлэхэд яаруу сандруу гэрээс гарч, буудал өөд амьсгаадан гүйн очиж, ажилдаа амжих үгүй шийдэгдэх ЯГ тэр мөчид тав арван минутаар хоцордогоо шинэ ондоо төгсгөл болгоно уу.

  定期:
  Тэйки билет минь ээ, чамаас би “үргэлж чамтай, дандаа хамтдаа” гэдэг цорын ганц амлалт хүсч байнам. Хамгийн хэрэгтэй үед хаашаа ч юм алга болчихдог энэ муу зуршлаасаа салаарай. Ингэхэд, хэн хэдий хэрийн мөнгө төлж 6 сараар чамайг авдгийг мэдэж байна уу үгүй юу...

  Нойр:
  Sorry, чулуун зэвсэг гэж чамайг гутаагаад яах вэ (гашуун үнэнийг чихэрлэж хэлбэл хүн ч бай, юу ч бай хүлээж авдаг гэсэн), гэхдээ шуудхан хэлэхэд чи минь хүй нэгдлээрээ тууж явна. Шинэ эрин мянган эхлээд арваад жил болж байна хө. Хаа сайгүй пүүс компаниуд унаж дампуураад, аль эсвэл урагшилж давшлаад уухайлж байна. Энэ бүхний цаана юу байна гэж бодож байна? EFFICIENCY !!! Тиймээс нойр минь чи 1 гэж унтаад 5 гэж сэрэхэд авдгаа авчихсан байж, ажил дээр намайг эвгүй байдалд оруулахаа боличихвол аюулын ихээр талархах байна.

  Нүд:
  Ирмэх инээмсэглэх, өдөх өөлөх гээд та хоёр минь үүрэгт ажлаа тун чадамгай биелүүлдэгт хүүхэн би баяртай байдаг. Гагцхүү хаа явсан газар бэл бэнчин хүрэхгүй юм шохоорхож, хөөрхий намайгаа сэтгэл санааны гүн хямралд гүнзгий гэгч нь оруулдгаа л болих хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал бидний энэ найрсаг friendship нар сар хүртэл атаархам сайхан.

  (continued)

2008/12/18

Өвлийн өвгөн аавд гомдол мэдүүлж байна !

Энэ Өвлийн өвгөн аав, Дед мороз, Santa Claus гэгч өвгөн ер нь их өршөөлгүй хөгшин юмаа. Хүүхэд байхад л эвийлж бөөцийлж бөмбийлөөд чихэр жимс бэлэг өгч баярлуулаад . Харин тодорхой нас өнгөрөнгүүт “зиак, бүсгүй та миний хайртай хүмүүсийн list-ээс хасагдсаан хө” гээд тэнгэрээс газар өөд пид хийтэл өшиглөж унагаах нь тэр.

Өшиглүүлэн пад хийтэл газар унаснаас хойш шинэ жилийн маань хамаг зовлон эхэлсэн. Дурдвал, гэр орон цэвэрлэх (чи хөшиг угаах уу, би шал угаах уу, тоос хэн арчих вэ, тогоо хэн манах вэ), бэлэг сэлт зэхэх (хэнд хэзээ юуууууг ??), хоол унд бэлдэх (бодож бодож бясалгаж бясалгаж өнөөх л нийслэл салат, бууз, торт), гоёлынхоо даашинздаа багтатлаа турах, үсээ янзлах, хумсаа ургуулах ... гэх мэтээр тоолж баршгүй.

Гэхдээ эдгээр нь шинэ жилийн нэг “гайхал” –ын хажууд бол юууууууу ч биш. Ёстой юу ч биш, зүгээр л хүүхдийн тоглоом хүрэн бамбарууш шиг хөөрхөн “асуудлууд”.

Оны эцэс болонгуут л шинэ жилийн тэр гайхал дагуул чинь өвлийн өвгөн аавын дүр эсгэж байгаад “Энэ жил юу хийж юу бүтээв, юу амжуулж гийгүүлэв? Алив хөө, хэлээд аль, тоочих юм байна уу? Тоочдоггүймаа гэхэд нэрлээд аль! Нэрлэж хэлэх юм байна уу? Ааааааан, юу гэнээээээ? Ердөө л иймхэн юмуу?! Бүхэл бүтэн жил өнгөрч байхад уу... Юу бодож яаж амьдрахаараа хүн ийм байдаг байнаа...!” гээд л хөөрхий намайг асууж шалгааж лавлаж тавлаж тамлаж эхэлнэ дээ.

Энэ айхтар гайхлаас намайг чөлөөлж өгвөл мянган айлын орон гэрийг дуртайяааа бөгөөд Үнсгэлжингээс ч дутахааргүй цэвэрлэж өгье! Хоол ундыг нь хийж, гоёл моёлыг нь оёж өгье!

Бодоод байхнээ энэ өвлийн өвгөн аав хүүхэд байхын л онцгүй зантай баагий байж... Чихэр печени алим жимс гээд хамгийн гоё бэлгийг онц сайн сурсан үймүүлж дүрсгүйтээгүй хүүхдэд л өгнө гэж зарлаад л... нэг үгээр хэлбэл сурлага болон сахилга батаар ялгаварлан гадуурхагч байж дээ. Байж дээ ч гэж дээ, одоо ч гэсэн байсаар байгаа байх.

Хүүхэд ч бай, хүүхэн ч бай хүнээс заавал юм шаардаад байдаг, гавьяа бүтээл нэхээд байдаг... өвлийн өвгөн аав та хэцүүхэн хөгшин юмаа.

2008/12/08

30. Австрали, Мелбурн



Буцдаг бумеранг авчихаад зах дээгүүр нааш цааш холхиж байтал төөрсөөр төрөлдөө гэдэг билүү, будилж явснаа дуртай юмаа олчихдгийм байна. Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа гэдэг. Өдий болтол сайн хүн аятай хэрэгтэй хэрэггүй өч төчнөөн л юм өгүүллээ. Гэхдээ арваад хоног ямар мацаг барьж явсан биш хамгийн сүүлд жаал муу хүний яриа өрнүүлье.

Мелбурн хотоос үлдсэн нэг сайхан дурсамж гэвэл төрөл бүрийн бялуу торт, гөөхий зөөхий, печени жигнэмэг – энэ бүхэнд би нугасгүй билээ. Найзынхаа ээжийн хийж өгсөн scone идээд гайхсан гэж. Японд скон гэхээр онцын амтгүй, печени хийх гэж байгаад андуураад талх хийчихсэн юм шиг л санагддаг байсан. Тэгсэн үгүйм байна, ээж хүн өөрийн гал тогоондоо өөрийн гараар хийсэн scone шиг амттан үгүйм байна. Дээрээс ээжийн хийсэн гэрийн варени түрхэж иднэ гэдэг мммммм...  энэ хорвоод хүн болж төрсний нэгэн жаргал юм байна.

Зураг дээрхийг идээд жин хэд нэмсэнийг бүү асуугаарай, гэхдээ анхааруулж хэлэхэд Австрали явах төлөвлөгөөтэй бол жин нэмэх магадлал маш өндөр гэдгийг санаарай. Ингээд унжирч сунжирсан австралийн тэмдэглэлээ бялуу тортоор дуусгая. Дүгнэхэд олон сайхан хүнтэй учирсан, олон зүйл бодуулсан trip байлаа. Өдий хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа :)

29. Австрали, Мелбурн, Виктория зах


  

125 жилийн өмнө байгуулагдсан Виктория зах бол Мелбурн хотын түүхт цэгийн нэг. Захын хуучин барилга маш таалагдав. Open market маягаар ажилладаг, зарахгүй юм байхгүй, хүн хөл гэж жигтэйхэн – яг л манай Нарантуул зах шиг. Эндээс гурван залууд хэмжээ, хэлбэр, хийцээрээ ялгаатай гурван бумеранг бэлгэнд авав. Зарим худалдагч манай бумеранг буцаж ирнэ гээд, зарим нь жуулчдад зориулсан эд учир буцахгүй гээд, зарим нь шидэж үзээгүй тул мэдэхгүй гэж шууд үнэнээ хэлээд... сүүлдээ аль азтайнх нь буцах байх гээд зүгээр гайгүй харагдсаныг нь авчихсан.

2008/12/07

28. Австрали, Мелбурн, барилга байшин


  

  

Мэлбурн хотын байшин барилга их таалагдсан. Этний болон орчин үеийн төрөл бүрийн дизайн, өнгө хийц хосолсон байшин барилга харан явж байхад нэг мэдэхэд л өдөр өнгөрчихнө.