2012/04/05

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" I

    

Гүйэ, би ойрд буяны ажил гөө мөн ихийг хийжээнаа. 2011 онд уншсан бэст номоор солонгос бүсгүй Шинь Гёнсүг-ийн “Ээжийгээ даатгая" романыг шалгаруулаад, уулзсан таарсан хүн болгонд унш гэж тулгаад явж байсим. Тэгсэн нэгэн орой архи дарс нь хэтэрсэн үү, ажиллах толгой нь арван хормын сааталд орсон уу... орчуулаад өгнө оруулаад өгнө гэсэн амлалт өгчихсөн сууж байвал яахуу. Амаа хичээхгүй бол гай гарна, галаа хичээхгүй бол гамшиг гарна гэж одоо үүнийг л хэлдэг байхдаа. Гэхдээ “ам ажил хоёр нь алд дэрэм зөрнө” гэдэг чинь миний тухай хэлсэн үг байгаам. Тиймээс 2011 оны амлалтыг өдий хүртэл мартааски, санааский, нүдэн балай чихэн дүлий явааски. Цагаан сарыг тэгэээд орчуулгын өртэй гаргалаа, энэ жилжингээ муугаа мэдэхгүй & мулгуугаа тоохгүй хүмүүст орчуулга хийж өгөхийм байх даа.. гэцүү еэ. Anyway, дуртай Акүтагавагаа хойш тависны үр дүнд:

신경숙 Шинь Гёнсүг
Зохиол нь олон хэл рүү орчуулагдсан, олон оронд хэвлэгдсэн. Wiki гайхлаас харахад өгүүллэгийн түүвэр нь монголд хэвлэгдэсэн гэнэ. Олж унших юмсан, мэддэг хүмүүс хэлж өгч туслаарай. Энэ роман миний уншсан анхны солонгос зохиол. Охин, хүү, аав, ээж... дөрвөн хүний өнцгөөс бичигдсэн тул дөрвөн хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрийг ондоо өгүүлэмжийн хэлбэрээр бичсэн нь сонирхол татна. Ээжийн хэсгийг зохиолч нэгдүгээр биеэс өгүүлнэ. Хүүгийн хэсэг нь гуравдугаар биед. Харин охин, аав хоёрын хэсэг жаахан ярвигтай буюу нь өөрийгөө “чи” гэх хоёрдугаар биеэс өгүүлэх нь сонин (Өөрөө өөртэйгээ “Сүрэн чи тэнэг юмаа” гэж хүүрнэх өгүүлэмжийн хэлбэрийг хэлж байна л даа). Ийм өгүүлэмжийн хэлбэр ер нь ховор байх аа... бичихэд ч бас хэцүү байх.
Зохиолоос ондоо асуудал руу далийчихлаа... sorry. Ер нь review гэдэг мань мэтийн чадах & бичих зүйл биш санж. Бүхэл бүтэн романыг орчуулна гэдэг яааг шдэ, яаж вэ тээ... тэгээд ч бүгдийг нь орчуулна гэж амлаагүй шд хэхэ. Учир ийм тул зохиолын хэсэг хэсгээc түүж орчуулснаа толилуулъя.

Шинь Гёнсүг "Ээжийг минь харж хандаарай"
Орчуулга: Сүрэн (уг зохиолын англи, япон орчуулгыг харьцуулж орчуулав)

Охины хэсэг

Ээж алга болсныг анх дуулаад "Яахаараа энэ өнөр өтгөн гэр бүлийн хэн нь ч ээж аавыгаа Сөүлийн буудал дээр тосч аваагүй юм бэ?" гэж чи уурлан асууж байсан.
“Чи өөрөө тэгвэл хаана байсан юм бэ?!”
Би юу?
Ээж алга болсныг чи нэлээд хэд хоногийн дараа л мэдсэн.
Ээж алга болсны бурууг бүгд бие бие рүүгээ түлхэж, бие биенээ гомдоож бас дор бүрдээ гомдоцгоосон.

*****

"Аавтай нэг вагонд сууж чадалгүй хоцорсон ч, ээж яахаараа алга болдог байна аа? Хаа сайгүй, хана болгонд л зам заасан тэмдэг байгаа шүү дээ. Нийтийн утасны бүхээгнээс ч яаж ярихыг ээж мэднэ". Бэр эгч чинь тэгэхэд ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас л ээж алга болсон байх, аавтай нэг вагонд суугаагүй ч гэлээ хүүгийнхээ гэрийг олоод ирмээр юм, олж чадахгүй гэж баймааргүй юм гэж байсан. Гэхдээ энэ бол ээжийг хуучин ямар байсан, тэр л янзаар нь бодохыг хүссэн хүний бодол. Чамайг "Ээж төөрч мэднэ" гэхэд бэр эгч гайхаж нүдээ томоор дүрлийлгэн харж байсан. Бас "Ээж ойрд ямар байсныг та мэднэ биз дээ" гэж нэмж хэлэхэд "Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэсэн янзтай царай гаргасан. Гэхдээ гэр бүлийнхэн чинь ойрд ээж ямар байсныг сайн мэднэ. Тиймээс ээжийгээ олж чадахгүй байж магад гэдгийг ч битүүхэндээ бүгд таамаглаж байсан биз ээ.
Ээж бичиг үсэг үл тайлагдсаныг чи анх хэзээ мэдлээ?

*****

  Нагац ахаас сураг тасраад дөрөв, таван жил болоход ээж хааяа “Нагац ах чинь хаана, юу хийж яваа бол” гэж бодлогошрон хэлдэг болов. Ээж нагац ахад санаа зовоод байна уу, эсвэл туньж гомдоод байна уу гэдгийг тэгэхэд чи хэлж мэдэхгүй байлаа.
  Нэгэн өдөр хэн нэгэн хашааны хаалга түлхээд “Миний дүү, байна уу?” гэх дуу гарав. Гэрт чамтай хамт бэрсүүт жүрж идэж байсан ээж хормын дотор өрөөний хаалга саван гадагш гүйж гарав. Ээжийн сэтгэл юунд ингэж хөдлөө вэ? Сониуч зандаа хөтлөгдөн дагаж гартал ээж довжоон дээр хашааны хаалга харан зогтусах шиг болсноо "Ах аа!" гэж хашгиран хаалганы хажууд зогсож байсан хүн рүү хөл нүцгэн чигээрээ хар хурдаараа гүйн очив. Нагац ах ирсэн байжээ. Ээж салхи шиг хурдан гүйж очоод нагац ахын цээжийг зангидсан гараагаа хэдэнтээ балбаад:
  -Ах аа! Ах аа! гээд уйлж байхыг чи гэрийнхээ үүднээс хараад зогсож байсан.
  Ээж хэн нэгнийг “Ах аа” гэж дуудахыг анх удаагаа сонсох нь тэр. Өмнө нь ээж ахынхаа тухай ярихдаа дандаа л “Нагац ах чинь” гэдэг байсан. Нагац ахтай гэдгээ аль эртнээс мэдэх атлаа ээж гүйн очиж баярласан дуугаар “ах аа” гэхийг хараад яагаад тэгтлээ их гайхсанаа чи ойлгож ядна. “Хөөх, ээж бас ахтай юм байна” гэдгийг тэгэхэд л анх ухаарсан юм. Тэр өдөр ээж ямар байсныг, нас ахиж буй атлаа жаахан хүүхэд шиг довжооноос доош үсрэн бууж хашаа хөндлөн хамаг хурдаараа “Ах аа, ах аа” гэж хашгираад гүйж байсныг санахаараа, чи хааяа ганцаараа инээмсэглэнэ. Тэгэхэд ээж өөрөөс чинь ч илүү балчир хүүхэд шиг харагдсан юм. Ээжийн тэр өдрийн төрх чиний тархинд үүрд зурагдан үлджээ.
  “Ээж бас...” гэж тэр өдөр ухаарал нэгээр нэмэгдэж билээ. Ийм илэрхий юмыг тийм удаан хугацаанд ойлгоогүйгээ чи бас гайхна. Ээж бол дандаа л Ээж байсан. Ээжид ч гэсэн тэнтэр тунтар алхаж хөлд орох үе, гурван нас юмуу арван хоёр, бүр хорин настай үе байсан гэдгийг тэр өдөр хүртэл ерөөс төсөөлөөгүй явж. Ээж бол үргэлж Ээж. Төрөхөөсөө л Ээж байсан. Ээж бас ах дүү нартайгаа сайндаж муудаж, тэднийгээ хайрлаж санах хүн гэдгийг ах өөдөө гүйсэн тэр өдрийг хүртэл огт бодож байсангүй. “Ээжид бас хүүхэд нас байжээ” хэмээх давхар ухаарлыг тэр өдөр дагуулсан юм. Түүнээс хойш хааяа хааяа ээжийгээ хүүхэд, охин, залуухан бүсгүй, шинэхэн бэр, дөнгөж чамайг төрүүлсэн ээж гээд янз бүрээр төсөөлж боддог болов.

*****

  Ээжийн яриа үргэлж уран сэтгэмж, дүрслэлтэй байдагсан...
  Өвөг дээдсээ тахих ёслолын шөнө авга ах, эгч нар савтай цагаан будаагаа бариад ирнэ. Хоол хүнс хомс учир хамаатан садан бүгд ийнхүү хувь нийлүүлнэ. Ёслол дуусахад ээж “Авч хариарай” гээд бүгдийнх нь савыг хоолоор дүүргэж өгнө. Ёслолын үеэр цагаан будаатай олон сав өрж эгнүүлдэг байв. Ээж цагаан будаан дээр шувууд ирж суугаад буцаж нислээ гэхэд хэн ч үл итгэх учир “Би харсан! Зургаан шувуу байсан. Өвөг дээдэс маань өргөл барьцны дээжийг зооглох гэж ирсэн юм шүү дээ!” гэнэ. Бүгд инээлдэх боловч цагаан будаан дээр шувуудын хөлийн гурвалжин царга мөр харагдах шиг чамд санагддаг байлаа.

  Ээж нэг өдөр идэх хоолоо аваад өглөө эрт тариан талбай руу явж билээ. Гэтэл хэн нэгэн урьтаж ирээд зэрлэг зулгааж байсан гэнэ. Нэр алдрыг нь асууваас зүгээр үүгээр өнгөрч яваад талбай зэрлэгээр дүүрснийг хараад туслахаар шийдсэн юм хэмээн хариулав. Ийнхүү үл таних хүн, ээж хоёр хамтдаа зэрлэг зулгаахаар болов. Ээж тусалсанд нь баярлаж авчирсан хоолоо хувааж идээд, энэ тэрийг ярилцаж суугаад, харанхуй болоход зүг зүгтээ харьцгаасан гэсэн. Ээж талбайгаас буцаж ирээд танихгүй хүнтэй бүтэн өдөр ажилласан тухайгаа ярьтал авга эгчийн царай гэнэт хувирч тэр хүний гаднах төрх байдлыг асууж байснаа “Тэр газрын өмнөх эзэн байна. Зэрлэг зулгааж байгаад талбай дээрээ харваж нас барсан юм” гэв. “Ээж, та өдөржин өөд болсон хүнтэй талбай дээр хамт байгаад айгаагүй юу?” гэж чамайг асуухад ээж тайвнаар “Айгаагүй ээ. Тэр талбайд ганцаараа зэрлэг зулгаавал хоёр юмуу гурван өдрийн ч ажил болох байлаа. Тусалсанд ээж нь баярласан" л гэж хариулж билээ.

*****

  Өөрт тохиолдсон явдлын тухай хамгийн сүүлд ээждээ хэзээ ярилаа?
  Нэг л мэдэхэд ээжтэй ярих яриа “хялбархан” болсон байлаа. Тэр яриагаа хүртэл нүүр нүүрээ хараад биш утсаар ярина. Чиний хэлэх нь ээж юу идэж байна, эрүүл мэндээ бодох хэрэгтэй, аавын байдал ямар байна, ханиад хүрч болохгүй, хэдий хэмжээний мөнгө явуулах тухай болж хувирсан. Ээжийн яриа голдуу кимчи хийсэн, сонин зүүд зүүдэлсэн, ах нарт чинь цагаан будаа явуулсан, буурцаг исгэж чамд явуулсан, шуудан зөөгч ирэхээсээ өмнө утасдах учраас утсаа битгий унтраа гэх зүйлийн тухай л байсан.

*****

  - Ээж, та гал тогоондоо байхдаа дуртай юу?
  Чамайг ийнхүү асуухад ээж юун тухай асууж байгааг чинь ерөөс ойлгоогүй.
  - Гал тогоонд байхдаа та дуртай байсан уу? Та хоол хийх дуртай юу?
  Ээж чиний нүдийг хэсэг хугацаанд ширтэн зогсов.
  - Би гал тогоонд дуртай ч биш, дургүй ч биш. Хоол хийх ёстой учраас хийнэ. Хүүхдүүд минь хоол идэж сургуульдаа явах учраас ээж нь гал тогоондоо хоолоо хийнэ. Хүн зөвхөн дуртай зүйлээ л хийнэ гэж байх уу? Дуртай дургүй хамаагүй, хүнд хийх ёстой юм гэж байна шүү дээ.
  Ээжийн царай илт “Энэ одоо юу асуугаад байна аа” гэсэн янзтай байлаа. Дараа нь ээж “Чи зөвхөн дуртай зүйлээ л хийгээд байвал дургүй зүйлийг чинь хэн хийх вэ?” гэж бувтнав.
  - Тэгээд та дуртай байсан юм уу, үгүй юм уу?
  Ээж нууцаа задлах гэж байгаа мэт ийш тийш харснаа:
  - Ээж нь шилэн сав хэд хэдэн удаа хагалсан гэж шивнэв.
  - Шилэн сав хагалсаан?
  - Эцэс төгсгөл үгүй юм шиг санагдаад. Тариалантай адилгүй. Хэрэв хавар үр таривал намар нь ургац хураана шүү дээ. Буурцагны үр таривал дараа нь буурцаг хураана, эрдэнэ шишийн үр тарьсан газар эрдэнэ шиш ургана... Гэвч гал тогооны ажилд эхлэл төгсгөл байхгүй. Өглөөний хоолоо иднэ, дараа нь өдрийн хоол, дараа нь оройн хоол, гэгээ орохоор дахиад өглөөний хоол... Ээж нь өдөр болгон ондоо хоол хийж байсан бол өөр байсан байх л даа... Даанч ээж нь тарьж ургуулснаараа л хоолоо хийхээс хойш өдөр болгон өнөөх л панчан. Өдөр болгон нэг юмаа давтан хийгээд байхаар хүнд дургүй хүрэх үе гарна шүү дээ. Гал тогоо гарцгүй шорон шиг санагдахад ээж нь арын зоориноос хамгийн хэлбэр муутай сав сонгоод хамаг хүчээрээ хагалж орхисон юм. Авга эгч чинь намайг хараагүй л дээ, харсан бол галзуурсандаа ингэж шил сав хагалж байна гэх байсан байх.
  Ээж хэд хоногийн дараа хагалсан савныхаа оронд шинийг авч тавьсан гэсэн.
  - Мөнгө дэмий үрж байсан хэрэг. Шинэ сав авахаар явахдаа үрэлгэн юм хийсэндээ харамсаж, дотор хачин муухай байсан ч ээж нь больж чадаагүй. Хагаран бутрах савны дуу надад эм тан шиг л байсан. Жаахан ч атугай чөлөөлөгдөх шиг санагддаг байлаа, тэр үед.
  Ээж хэн нэгэн сонсчих вий гэсэн шиг долоовор хуруугаа уруулдаа хүргээд “чшш” гэв. “Ээж нь энэ тухай хэнд ч ярьж байгаагүй” гэснээ томоогүй инээмсэглээд:
  - Миний охин хоол хийх дургүй бол хаяа ганц хоёр таваг хагалахад гэмгүй. Үрэлгэн юм хийж байна даа гэж бодогдсон ч дотор чинь онгойно. Гэхдээ чи хань нөхөртэй болоогүй болохоор хараахан аяга таваг хагалмаар санагдахгүй л дээ гэв.
  Ээж гүнзгий санаа алдаад:
  - Гэхдээ хүүхдүүд минь өсөж байхад сайхан байсан шүү. Толгойдоо боосон алчуураа ч засах завгүй, борви бохисхийлгүй ажиллаж байсан ч, та нар ширээ тойрч суугаад аягатай цагаан будаагаа шуугьтал хоосолж байгааг харахаар энэ дэлхийд үүнээс өөр хүсэх зүйл үгүй гэж ээжид нь бодогддог байсан. Миний хүүхдүүд үнэхээр амар байсан. Энгийн ногоо, вандуйтай шөл хийхэд инээмсэглэж идээд, хааяа хааяа загас жигнэхээр бүгд баяртай маасайгаад... Та нар бүгд сайн иднэ... өсөж торниж байхад чинь ээж нь үе үе айдаг байлаа. Сургуулиасаа ирээд идэг гээд тогоо дүүрэн төмс чанаж тавихад оройноо хов хоосон, бүр ёроолыг нь долоочихсон байна. Зооринд байгаа цагаан будаатай савнууд өдрөөс өдөрт цөөрөхийг тоолж харах үе ч байлаа, бүр хоосон болох үе ч байсан. Оройн хоолны будаа авах гээд зоорины сав руу өнгийхөд ёроол нь харагдвал зүрх зогсчих шиг болно. "Хүүхдүүддээ маргааш өглөө юугаар хоол хийж өгнө өө?"... Тиймээс тэр үед гал тогоонд дуртай, дургүй гэх асуудал байгаагүй юм аа, охин минь. Том тогоонд цагаан будаа агшаагаад, жижиг тогоонд шөл хийж чадсан бол ээж нь ядарсан эсэхээ мартчихдаг байсан. Миний хийсэн бүх хоол хүүхдүүдийн минь бор гэдсэнд шингэнэ гэхээр ээжид нь сайхан. Миний охин одоо төсөөлж чадахгүй байх л даа, гэхдээ тэр үед бид цаг үргэлж хоолгүй болвол яана гэдэг айдастай байсан юм. Хэн хүнгүй, бүгд л тийм байсан. Сайн идэж, цааш амьдрах л чухал байсан.
  Ээж инээмсэглээд тэр үе амьдралынх нь хамгийн сайхан үе байсан гэв.

*****

үргэлжлэл дараагийн бичлэгт

2012/03/29

Зохиолчдын хөрөг 3

5. Хино Ашихэй

Хятадад дайтаж байсан. Дайны дараа цэргийнхний хариуцлагыг нийтээрээ шүүж эхлэхэд "уран зохиолчийн дайны хариуцлагад" унаж ажлаасаа огцорч байсан. Дайны үеийн тэмдэглэлүүд нь сонирхолтой бас нэлээд юм бодууштай. "Газар болон цэрэг" бил үү... мартчихаж, нэг тиймэрхүү нэртэй зохиолын тухай залхуу хүрэхгүй бол дараа...



Хаяши Тадахико:
"Хиногийн Кюүшү арлын Вакамацү дахь гэрт би нэлээд олон удаа зочилж дайлуулж цайлуулж байв. “Очлоо шүү” гээд утсаар ярихад Хино шууд хариу цахилгаан илгээдэг заншилтай. Бүр хаа намаагүй аялж яваад буусан газрыг асууж сураглаж олоод цахилгаан илгээнэ. Ямар сайндаа “цахилгаан уран зохиолч” хочтой болж байх вэ. Уртаас урт цахилгаан илгээнэ, богино цахилгаан ч илгээнэ. Хоёр гурван үг, нэг өгүүлбэрт багтааж болох юмыг “Хурдан ирээрэй ирээрэй ирээрэй хурдан ирээрэй” (「ハヤクオイデ オイデ オイデ ハヤクオイデ」), эсвэл “Үтэр түргэн ирээрэй хурдан ирээрэй фүгү загас хүлээж байна шүү” (「イットキモハヤクオイデ ハヤクオイデ フグガマッテイルヨ」) гэх мэт маш урт цахилгаан илгээдэг байсан. Өвөрмөц. Хээгүй бүдүүн зантай ахмад шиг атлаа, маш мэдрэмтгий, зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан".

6. Накано Шигэрү

"Пролетари уран зохиолын" төлөөлөгч. Өмнөх зууны эхэн, дунд үеийн нэлээд олон япон зохиолчид энэ урсгалд хамрагдаж байлаа шдээ. Би гэхдээ сайн мэдкү л дээ... их сургуульд байхдаа гадаад оюутнуудад зориулсан япон уран зохиолын семинарт хоббитон сууж байсим. Тэгэхэд энэ хүний нэг өгүүллэг уншсан шиг санагдаад... гэхдээ өөр хүн ч байж мэднэ, мартчихаж. Ээж нь өөд болсон тухай захиа аваад их хотын буудал дээр уйлаад сууж буй хөдөөний охины тухай богино өгүүллэг. Гол нь охиныг уйлж байхад дутуу хаасан крантны ус ойрхон урсаад байдаг... буудлаар хүмүүс нааш цааш холхих ч хаачих сэтгэлтэй хүн байхгүй. Уйлж уйлж... охин босч очиж усыг хаана, тэгээд буцаж ирээд үргэлжлүүлэн уйлна. Охины нулимсаа урсгахаас өөр аргагүй байдал & крантны ус урсах хатуу паралельд “диуунннн” гэгч болсноо сайн санадаг юм.




Хаяши Тадахико:
"Өнгөц харахад Накано гуай эгэл жирийн, ааш сайтай өвгөн шиг боловч үнэндээ тун яггүй хүн шүү гэж олон хүнээс дуулсан болохоор уулзах хүртлээ элдвийг ургуулж бодоод, ерөөс санаа амар байж чадаагүй юм. Тийм учир “Гайгүй л өнгөрөөсэй” гэсэн ганцхан бодолтой гэрийнх нь үүдийг тогшиж билээ.

Харин яг уулзаад танилцахад илүү дутуу аашгүй, яриа хөөрөө нь ч алиа хөгжилтэй талдаа... тэгтлээ санаа зовох хэрэггүй байж гэж тайвширсан юм. Гэвч ийм хүн үнэн хэрэгтээ яггүй. Зөрүү үг нэгийг хэлэхэд л буруу харчих юм шиг санагдаад, ерөнхийдөө яриа хөөр бололгүй зургийг нь авсан. Ширээн дээрх юм нь үнэн замбараагүй. Замбараагүй атлаа нэг тийм “цэгцтэй замбараагүй” гэх үү дээ. Элдэв юмсын дунд хэвлэлийн газраас илгээсэн төлбөрий чек харагдсан. Өчигдөр юмуу өнөөдөр аваад тавьсан биш, багшийн ширээн дээр нэлээд хэд хоносон шиг санагдсан, тэр чек. Мөнгөний чек аваад, ширээн дээрээ тавиад тэр чигээр нь орхино... Тэс хөндлөнгийн юм сонирхол татсан тул  зургийн аппаратаа өндөрт өргөж байгаад чек харагдахаар дээрээс зургийг нь авсан юм".

7. Таками Жүн



Энэ хүнийг ёстой бүү мэд, уншиж үзээгүй зохиолч.
Шёова үеийн наяад зохиолчдын дунд хамгийн царайлаг нь байсан тул оруулчихлаа...хэхэ... ер нь япон эрчүүд хакама өмсөхөөрөө каккоо ии болж харагдахим.

Таками аймшгийн шинкэйшицү байсан гэсэн. Хаяшигийн бодлоор хөмсгөө зангидаад тамхиныхаа үнсийг унагаж буй энэ зураг шинкэйшицү чанарыг нь хамгийн сайн гаргасан гэнэ.

2012/03/21

Зохиолчдын хөрөг 2

3. Хироцү Казүо (1891-1968)



Уулзсан эхний сэтгэгдэл – тун энгийн, ард олон дундаа гэх үү дээ, тийм хүн байсан. Гэрт нь зочлон хууч хөөрөх үедээ ёс намбыг бодоод хөлөө нугалан цэх суугаад байвал эсрэгээрээ хачин санагдахаар, би ёсыг дагах биш “ёсорхоод” байна гэх сэтгэл өөрт төрөхөөр, тийм уур амьсгал бий болгодог хүн байсан. Кимоно өмсөөд хөлөө тэвэрч юм уу, явган суугаад нэг л дулаан уур амьсгал өрөөнд бий болгоно.

Эгэл жирийн, ааш зөөлөн багш маань харин Мацүкавагийн хэрэг (*) дэгдэхэд “Хариуцлага тулгасан ажилчдын нүд гэмгүй” гээд төрөл арилжсан мэт хатуу тэмцсэн. Хэрэгт татагдсан хүмүүсийг тууштай өмөөрч, даван заалдаж, эцсийн дүнд ялалт байгуулж чадсан билээ. Өөрийн бодлоосоо буцдаггүй, итгэлийнхээ төлөө хэний ч эсрэг тэмцэж тэрсэлддэг, эцсээ хүртэл үздэг мятаршгүй зан чанарыг нь би ямар мундаг, агуу хүн вэ гэж үргэлж биширч байсан. Жинхэнэ агуу хүн гэвч хамт байхад огтхон ч “мундаг” санагдахгүй, тийм харагдахгүй далд увдистай байдаг даа.

4. Мишима Юкио (1925-1970)

  

Тавь гаруй насны, хийж бүтээж юмны үзүүрт хүрсэн хүн гэдэг... хотын дархан ч бай, хөдөөний тариачин ч бай, тухайн ажил мэргэжлээрээ “тэргүүн эгнээнд” орох хүн гэдэг ямагт сайхан царайтай байдаг. Туулсан ажил амьдралын замнал нь нүүр царайнд нь шингэнэ гэх үү, эсвэл элээсэн нас нь сайхан намба төрх болж тогтоно гэх үү... ямар ч байсан тухайн хүний онцлог шинж, юманд хүрэхэд нөлөөлсөн агуу чанар нь арьс маханд нь шингэж илэрдэг. Би тэгж боддог юм. Тэр төрхийг нь "барьж" чадвал үнэхээр сайхан зураг авна. Зургийг нь авахдаа ийм биш тийм биш, ингэж ч биш тэгж ч биш гэж олон юм  эргүүтэн бодох хэрэг огт үгүй. Авч буй хүн “тэргүүн эгнээний” хүн бол зургийн аппаратаа алгуурхан ойртуулаад, дуу гаргалгүй ганц дарахад л хангалттай. Биеэ бүрэн дайчилж бүтээл оргилын туйлд хүрсэн хүн гэдэг төдий хэмжээний сайхан, юм өгүүлэх царайтай байдаг.

Хачирхалтай нь, Мишима Юкиогийн хувьд царай нь ерөөсөө “бүтээгүй” байсан. Миний зургийг нь авч байсан хүмүүс дундаас хамгийн “хэцүү” царайтай хүн бол яриан байхгүй Мишима. Нэр сүрийг нь нүүр царай нь гүйцэж амжаагүй гэх үү... тийм сэтгэгдлийг Мишимагаас өөр төрүүлсэн хүн үгүй билээ.

Бололцоотой айлын хүмүүжил сайтай хүү. Багаасаа бие сул, өвчлөмтгий хүүхэд байсан гэдэг. Сүүлдээ “Татэ но кай” (Бамбайн нийгэмлэг/Shield Society) мэтийн хөдөлгөөн өрнүүлж байсан ч угаасаа хүн нь өөрөө Гэрэлт Гэнжи шиг царайтай, язгууртан төрхтэй шүү дээ. Ер нь ян тан, үг ёсоо баримталдаг хүн байсан. Цаг тохироод тэнд тэдэн цагт уулзъя гэхэд болзсон цагаасаа заавал эрт очоод хүмүүстэй яриа хөөр дэлгэн хүлээдэг байсан. Ойртоод очиход өндөр царгиа дуу нь хадаад, ер нь дуугаар нь шууд танина. Энэ хариугүй турьхан биеийн хаанаас нь ийм том дуу гардаг байнаа гэх гайхширна. Гэвч тэр нь бяд муутайгаа нуун далдлах нэгэн арга байж л дээ... Том дуутай эрчүүдийг чийрэг чадалтай гэдэг боловч Мишимагийн тэр дуу хэрхэвч бяртай чадалтай биед байгалиас заяасан дуу биш байсан болов уу... Харах байдлын турь муутай Мишима нэгэн өдөр бодибилдинг сонирхож булчин шөрмөсөө хөгжүүлж эхэлсэн. Бас кэндо, бокс зэргээр ч нэлээд хичээллэсэн. Хотынхоо баяр наадам болоход шалдан нүцгэн микоши шүтээн хүртэл өргөж байсан. Өөрийнхөө биеийг нэг тойрог илүү том, илүү чадалтай мэт харуулах хүсэл хүчтэй байсан болов уу, Мишимад. Энэ нь Мишимагийн тэр ер бусын үхэлд нөлөөлсөн эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Ямар ч байсан тэр биед өөрийнхөө биеийг хүлээн зөвшөөрөхгүй комплекс, хэт их мэрийлт байсан шиг санагдана.

----------------------------------------------------------
* Мацүкавагийн хэрэг - 1949 оны 8 сард болсон галт тэрэгний осол. Шалгалтын явцад вагон холбох боолтыг сулруулсан байсныг илрүүлсэн боловч хэрэгтэн нь олдоогүй. Энэ осол Шимоямагийн хэрэг (1949/07/05 Улсын төмөр замын компаний ерөнхий захирал алагдсан хэрэг) болон Митакагийн хэргийн (1949/07/15 хүнгүй галт тэрэг хурдтай давхиж байшин мөргөсөн осол) дараахан болсон тул "Улсын төмөр замын тайлагдаагүй гурван том хэргийн" нэг гэгдэх болсон.

2012/03/18

Зохиолчдын хөрөг 1

Намайг залхаах ажлыг зарчмаа болгосон зарим нэг хүмүүст амласан ёсоор хагас сайнд үзсэн хөрөг зургийн үзэсгэлэнгийн тайлан тавья. Юуны түрүүнд үзэсгэлэнгийн тухай хэлж өгсөн А.М. анядаа аягүй их баярлалаа. Та шүү, таны дараа мэдээж би шүү :)

Шибүягийн "Тамхи & Давсны" музей ер нь дажгүй газар шүү. Олоод очиход амар, ороход төлбөр хямд (100 yen), мөн байнга сонирхолтой үзэсгэлэн гаргаж байдаг тул сайтыг нь үе үе шалгаж байхад гэмгүй. Anyway, хагас сайнд хар борооноор Хаяши Тадахико хэмээх Шёова үеийг төлөөлөх нэртэй фото зурагчины үзэсгэлэн үзэхээр явсан юм. Үзэсгэлэнгийн нэр нь "Photographic Works of Tadahiko Hayashi - Portraits of Showa Literati in Purple Tobacco Smoke" (「紫煙と文士たち 林忠彦写真展」) буюу "Шёова үеийн уран зохиолчид хөх ягаан утаа мананд". Үзэсгэлэнг ийнхүү нэрлэсний учрыг ухаж бодохын хэрэггүй. Угаасаа энэ музейг JT буюу Японы хамгийн том тамхины компани ажиллуулдаг тул Хаяшигийн фото зураг дундаас зохиолчдын тамхи асааж буй, татаж буй, үнсээ хаяж буй зэрэг дан тамхитай холбоотой зургуудыг сонгож авсан гэнэ. Үзсэн хүнд үнэхээр уран зохиолч & тамхи гэдэг Улаанбаатар & утаа адил салшгүй холбоотой мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бүгд л архаг тамхичид байсан бололтой.. кк

Шёова үеийн эдгээр акул зохиолчдын нэрийг сонсоод япон хүмүүсийн төсөөлдөг дүр зураг нь ихэвчлэн Хаяшигийн авсан зургууд байдаг гэхээр мундаг байгааз. Нарийн ширийнийг хэрэв сонирхвол эндээс: http://www.jti.co.jp/Culture/museum/exhibition/2011/1201jan/01/index.html

Үзэсгэлэн даж, үзсэний дараах сэтгэгдэл өндөр, ер нь сонголт, зохион байгуулалт cool. Зураг хөргөөс гадна Хаяшигийн гэрэл зургийн тухай бодол, хүний хөрөг авах үедээ баримталдаг зарчим, зохиолчдын тухай бодол сэтгэгдлийг танилцуулсан нь сайхан байлаа. Сонирхуулж орчуулбал:

1. Дазай Осамү



Гинзад байсан Бүншүн уран зургийн галлерейн арын “Рүпан” баарыг би дайны дараа ажлынхаа холбоо барих газар болгож байнга очдог байсан юм. Тэнд нэг өдөр Ода Сакүноскэгийн зураг авч байхад эсрэг талд Анготой (Сакагүчи Ангог хэлж байна, орч) зэрэгцэн сууж байсан залуу согтоод "Хөөе, намайг аваач. Одаг л аваад байх юм. Миний зургийг бас дараач" гээд орилоод байхаар нь ядаргаатай санагдаад "Энэ орилоо согтуу одоо хэн юм" гэж хажуудах хүнээсээ асуутал  "Яг одоо мандаж байгаа Дазай Осамү. Зургийг нь авбал сонирхолтой байж мэднэ шүү" гэсэнд гайхаж орхисон юм. Тэгээд ганцхан ширхэг үлдсэн зургийн хороо (閃光粉, flash powder) "Гүй Мэлос, гүй!"-г бичсэн согтуу залууд зориулахаар шийдэв. Тэр үед өргөн өнцгийн дуран (wide angle lens) байгаагүй тул нолийн өрөөний үүдийг нээж байгаад суултуур дээрээс Дазайн зургийг авсан юм л даа. Дазай өөрөө ч зургаа авахуулснаа мэдээгүй байх.

Ода Сакүноскэгийн зургийг "Рүпанд" хэд хэдэн удаа, хэдэн арваар авсан боловч далимд нь авсан Дазайн ганц зургийг сүүлд хэдэн зуун удаа угаах хэрэг гарсан. Тэр зураг хэд хэвлэгдсэний тоог ч хэдийнээ алдчихаж. Миний авсан зураг дундаас хамгийн их хэвлэгдэж бас үнэлэгдсэн зураг гэхээр нэг л сонин санагдана. Дөчин жил өнгөрөөд байхад хүмүүс "Энэ таныг төлөөлөх зураг" гэхээр огтхон ч өсөж өөдлөөгүй мэт бодогдохоос гадна нэг л санаа зовмоор санагддаг. Ер нь, зураг хөргийн хувьд авахуулж буй "материалын" чанар чансаа, санаа сэдэв хоёр бүгдийг шийддэг болов уу. Зураг авах тал бус, авахуулж буй тал ямагт илүү хүчтэй гэдгийн баталгаа энэ. Дазайн энэ зураг шиг хачирхалтай санагдах зураг надад үгүй.

2. Кавабата Ясүнари



Кавабата багш бол нэлээд эртнээс танилцаж зургийг нь авч байсан хүмүүсийн нэг. Багшийг насан өөд болтол дөчин жилийн турш үе үе зургийг нь авах завшаан тохиож байлаа. Гэхдээ шонхор шиг нүдтэй, дув дуугүй хүн шүү дээ. Би айгаад ойртож зүрхэлдэггүй байсан. Ялангуяа эртний урлагийн бүтээл харж буй үед Кавабата багшийг дуудаж ч чадахгүй. Хөдөлгөөнгүй хэдэн цагаар ч хараад суучихдаг байсан юм. Родены "Гар" барималыг харж байхад нь аппаратны товч дарж чимээ гаргавал нэг л болохгүй мэт, ёс алдчих мэт санагдахыг яана. Зураг авах арван минутын ажил нэг цагаас ч илүү урт санагдаж, байтлаа ядардаг байлаа. Урлагийн бүтээл харж буй үед Кавабата багшийн нүд тэгтлээ ангид байсан юм.

Давжаа жижиг биетэй, туранхай, дэндүү гэмээр турьхан туранхай хүн шүү дээ. Гэтэл тэр хурц нүдийг нь харахаар амнаасаа нэг үг унагахад л намайг нэвт шувт харчих юм шиг санагдаад чичиртлээ биеэ барьж, тэвдэж сандардаг байсан. Үнэхээр сүрдмээр, аймаар хүн байсан. Айгаад ойртож зүрхлээгүй учир миний залуудаа авсан зургууд бол бүгд холоос авсан зураг юм. Агуулахын өмнө зогсож буй зураг, цэцэрлэгийн цаад буланд зогсож буй зураг гэх мэт Кавабата багшийн эргэн тойронд бөөн юм байгаа биз. Яваандаа нас нэмээд, бас багштай ч аажмаар дотно болоод дунд хэрийн зайнаас (medium shot) зураг авдаг болов.



Цэцэрлэгтээ зогсож байхад багшийн энэ зургийг авсан юм. Дөнгөж Нобелийн шагнал хүртээд маш сайхан ааштай байсан учир ойртож зүрхэлсэн болов уу. Шонхорынх шиг нүд нь гэрэлтэх агшинд товчлуур дарагдахад "Авчихлаа" гэсэн бодол зурвасхийсэн... Энэ зургийг авахын тулд дөчин жил зарцуулсан ч Кавабата багшийн мундаг нүдийг авч чадлаа гэж сэтгэл тэгэхэд маш их хөдөлж билээ.

-----------------------------------------------------------------------------------------

Хаяши Тадахико хүний хөрөг авахыг 「人物写真は相手を斬るか斬られるかの決闘」 гэж байсан гэсэн. Мундгууд нь монгол хэл рүү орчуулаарай :) Мишима болон бусад зохиолчдын тухай залхуу хүрэхгүй бол маргааш...

P.S. Хар борооноор үзэсгэлэн хамт үзсэн хүнд дашрамд талархал илэрхийлье :)

2012/03/12

Сонголт: үйлдвэр, торго, машины дугуй


  Япон улсын Угсаатан судлалын музей нэлээд дээхэн "XX зууны монголчууд" цуврал ном гаргасан юм. Энэ музейг гэхдээ энд тэндээс олон юм олж тавьсан байшин гэж эндүүрүүзэй. Учир нь энэ музей бол Япон улсын хамгийн том угсаатан зүй судлалын институт юм: http://www.minpaku.ac.jp/english/

  “XX зууны монголчууд” хэмээх цуврал номыг бас Баабарын номтой андууруузай. Учир нь энэ цуврал бол “Oral history” төслийн хүрээнд социализмын үед янз бүрийн ажил хийж, янз бүрийн алба хашиж улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан настан бурлуудтай хийсэн ярилцлагын эмхтгэл юм. Өнөөдөр энэ номноос Аж үйлдвэрийн яамны сайдаар олон жил ажиллаж, Монгол улсад аж үйлдвэрийн салбар бий болгоход хүчин зүтгэсэн Паавангийн Дамдин гуайн ярилцлагын нэг хэсгийг толилуулъя:

  The twentieth century in Mongolia : Interviews about the way to socialism
  Yuki Konagaya, I. Lkhagvasuren

  ... яг энэ үеэр манай засгийн газар Японы засгийн газартай хэлэлцээр хийж Японоос дайны төлбөрт 17 сая ам. доллар авахаар болсон юм. Би дайны төлбөрт авах тэр мөнгөөр үйлдвэр байгуулах ёстой доо! гэж бодож байлаа. Яам болгон л өөртөө юм авахаар төсөл боловсруулсан юм. Тэр үед тендер зарладаггүй, тендер гэж мэддэг ч үгүй байсан. Гэхдээ одоогийнхоор бол тендер маягийн юм болж байлаа.

  Барилгын яам цементийн үйлдвэр, шилний завод байгуулах төсөл боловсруулсан байсан. Харин Хөдөө аж ахуйн яам их сонин төсөл хийсэн байлаа. Бүх малчин өрхөд 2, 3 төрлийн торго, сум нэгдлийн дарга нарт УАЗ-469 машины дугуй өгөх төсөл хийсэн байсан. Тэр үед УАЗ-469 машины дугуй маш ховор байсан байх. Зөвлөлтийн дугуй хийдэг үйлдвэрийн ажил муудсан уу, ямар ч байсан 2-3 жилийн запас дугуйтай болох төсөл хийгдсэн байлаа. Ийм хачин төсөл хүртэл хийгдээд, тэгээд бараг тэр УАЗ-469 машины дугуй авах төсөл шийдэгдэх шахаж байлаа. Бас айл болгонд 2-3 дээлийн торго гэдэг чинь ёстой том юм шүү дээ.

  Яамдаас гаргасан энэ хэдэн арван төсөл дотор хэрэггүй юм ерөөсөө байгаагүй. Бүгд улсад маань хэрэгтэй төсөл. Би бүх дарга нарт ноолуурын төслөө танилцуулаад яваад байсан. Зарим нь “Зүйтэй” гээд дэмжиж байна. Харин зарим нь “Тэртэй тэргүй манайх ноолуураа гадаадад гаргаад валют олж байгаа шүү дээ. Ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг маань харин авах ч юм уу, үгүй ч юм уу. Ноолуур бол баталгаатай авна шүү дээ !” гээд дургүй байсан...

   ----------------------------------------------------------------------------

  Аж үйлдвэрийн яамны төслийг Цэдэнбал дэмжснээр ноолуурын "Говь" комбинат баригдах болсон тухай хэлэх илүүц биз, хүн болгоны мэддэг түүх & мэддэг үйлдвэр учир. Ингэхэд, одоо хүн ардад хэдий хэмжээний мөнгө төгрөгийг хэрхэн яаж тараах гээд байгаа билээ... 70-аад оны малчдад дээлний торго, дарга нарт дугуй тараана гэсэн төсөлтэй төстэй юу, үгүй юу?

2012/02/29

Ажлын гүйцэтгэл



Оюутан байхдаа яагаад ч юм шалгалтын өмнөх өдөр хичээлээ хийхийн оронд гэр орон цэвэрлээд, юм хум угаагаад шаал хэрэггүй юм хийж давхидаг байж билээ. Тэр муу зуршил хэвээрээ. Өнөө өглөө ч хийх ёстой ажлаа хийхгүй хуучны архив ухаад суучихсан. Тэгсэн нэг ийм зураг гарч ирж байна.

Богд хааны Ногоон ордон музейн засварын ажил хэзээ билээ дээ, нэлээд дээхэн 2003-2004 он орчимд явагдсан юм. Сэргэн засварлах ажлыг дааж авсан манай нэг "мэргэжлийн" компаний хүмүүс "Бид яг байснааар нь хийлээ, чадлаа, боллоо, болголоо, одоо ок" гээд үнэн догь.

Сэргээн засварлах ажлын мөнгийг гадаадын байгууллага гаргасан тул тэндээс мэргэжлийн эксперт ажлын гүйцэтгэл шалгахаар томилогдон ирэв. Тэгсэн дуулах нь ээ, орь дуу тавьж, хэлэх үгээ барж, ийш тийш хандаж, эсэргүүцэл илэрхийлж, эцэстээ тэгээд үстэй толгойгоо зулгаахаас өөрцгүй юм болж байгаа сурагтай. Монгол судлаач япон найз бүсгүй маань "Ой тоонд оромгүй юм болсон гэнэ, арай ч дээ, болохгүй шдээ, яана аа Монгол, яана даа та нар" гээд дэлдэн хоёр чихийг минь амраах биш. Би чинь Монголоо өрөвдөх үү, Монголд элэгтэй найзыгаа өрөвдөх үү мэдэхээ байж байгаам.

За тэгээд Европоос ирсэн эксперт нэгэн өдөр Ногоон ордонд яамны ажилтнууд, монгол судлаачид, холбогдох бас бус баахан хүмүүсийг цуглуулаад үүнийг (дээрх зураг) үзүүлсэн байгаам. "Ийм ажил хийгдсэн байна, би энэ хэсгийн шинэ будгийг тусгай уусмалаар арилгаж үзлээ. Одоо тэгээд яах вэ? Бүх хананы "засварын будаг зургийг" арилгах уу?" гээд.

Тэглээ гээд сэргээн засварлах ажлыг нөгөө дампуу компани үргэлжлүүлсэн гэсэн, ондоо тийм ажил хийдэг компани Монголд байхгүй учир. Гэхдээ базарваань, хуучин бүх зургийг баллаж будчихаад дээр нь "шинэ гоё зураг" зурсныгаа сэргээн засварлах ажлыг "ян тан хийлээ" гэж хээвнэг хэлэх хүмүүсийг юу гэх вэ, та минь ээ?!

2012/02/23

... хага үсрэх агшин

  Нэг явдал нөгөө явдлыг сануулаад. Гэвч өөрийн явдал яахав, ямархуу юм болсныг хүний жишээгээр танилцуулахад... Нэлээд дээхэн нэг ном уншсим. Номын сангаа ухаад, нөгөө номоо олоод тоос моосыг нь үлээгээд... наймаалж шиг наян ажиллагаа хийвэл нэртэй устай юутэй бүхэнтэй нь бичиж болох ч... залхуу даа. Товчхондоо:

  Дээр үед Неруг шүтэн биширч, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хөрөнгө мөнгө, хүч чадал, байдаг бүхнээ хайр найргүй зориулж явсан япон бүсгүй байсан байна. За тэгээд өмнөх зууны эхэн & дунд хэсэг гэдэг тэрсэл тэмцэл дэлхий даяар өрнөж байсан цаг. Амин хувиа биш ард олноо бодох шилдэг залуучууд улс түмний улаан тэмцэлд улайран зүтгэж байсан цаг. Зөвхөн энэ япон бүсгүй ч биш, эцэг эхээс өвлөн авсан асар их хөрөнгөө Оросын хувьсгалд зориулсан Морозов (даанч өөрөө сүүлд большевикуудад буудуулсан) шиг галтай цогтой залуус Орос, Хятад, Япон, Европ, за ер нь хаа сайгүй л байсимшдээ. Ингэхэд юу ярьж байлаа...

  Энэтхэг оронд хайраа өгөөд тусалж дэмжиж явсан бүсгүй Делид очсон гэнэ. Даанч их санасан газар... гэгчээр ой тоонд оромгүй юм үзээд итгэл няц, шүтээн бяц. Яасан гэвэл, түмэн хүн түчигнэсэн цуглаан дээр Неру үг хэлэх ёстой байж л дээ. Бүсгүй гадаадын бусад хүндэт зочдын хамт индэрээс холгүй сууж байв. Неруг цугласан олны өмнө гарч ирэхэд индэрийн доохон, тайзанд ойр байсан бараан арьстай (=доод каст) хэдэн эмэгтэй гараа сунгаж хөлнөөс нь адис авах гэтэл... Неру яасан гэж бодно? Илт цааргалж тэднийг өшиглөсөн гэвэл итгэх үү, та нар?! Мэдээж япон бүсгүй муужрах шахсан. Арайхийж сэхээ оронгуутаа алдар нэрийг нь алсаас дуулан хүндэлж явсан Неруг сэтгэлийнхээ индрээс хуу татан буулгаж, газрын мухарт оруулсан нь ойлгомжтой.

  千年の恋も冷める瞬間 мянган жилийн хайр ч хага үсэрч хагдрах агшин...

2012/02/14

Р. Акүтагава "Харанхуйд асуух хийгээд хариулах" III

Гурав.

Дуу: Чи юу хийж байна?
Би: Би бичиж байна.
Дуу: Чи яагаад бичнэ вэ?
Би: Бичихгүй байж чадахгүй учраас.
Дуу: Тэгвэл бич, бич. Үхэл иртэл бич.
Би: Мэдээж тэгнэ, тэгээд ч өөр арга алга.
Дуу: Чи санаснаас тайван байна шүү.
Би: Үгүй, огтхон ч тайван биш байна. Чи намайг мэддэг хүмүүсийн нэг байсан бол миний зовлонг ч бас мэдэх байсан.
Дуу: Чиний инээмсэглэл хаашаа одоо вэ?
Би: Тэртээх тэнгэрийн бурхад руугаа буцсан. Амьдралд инээмсэглэл бэлэглэхийн тулд юуны түрүүнд тогтуун ааш, хоёрт мөнгө, гуравт надаас илүү мэдрэл сайтай байх хэрэгтэй.
Дуу:  Гэхдээ чиний сэтгэлийн ачаа хөнгөрсөн биз дээ?
Би: Тийм ээ, хөнгөрсөн. Оронд нь нүцгэн мөрөн дээрээ бүхэл бүтэн амьдралын хүнд ачааг үүрэхэд хүрсэн.
Дуу: Чамд өөрийнхөөрөө амьдрахаас өөр зам алга. Эсвэл өөрийнхөөрөө...
Би: Тийм. Өөрийнхөөрөө үхэх.
Дуу: Чи өмнөхөөсөө тэс өөр, шинэ хүн болно.
Би: Би үргэлж өөрөөрөө л үлдэнэ. Зөвхөн арьс минь л солигдох байх. Арьс нь гуужиж солигдох могой мэт.
Дуу: Чи бүгдийг мэдэж байна.
Би: Үгүй, би бүхнийг мэдэхгүй. Миний мэдэж ухамсарлаж буй нь сүнс сүлдний минь зөвхөн нэг хэсэг. Миний мэдэхгүй хэсэг – сүнс сүлдний минь африк тив зах хязгааргүй үргэлжилнэ. Би түүнээс айна. Гэрэл гэгээтэй газар мангас оршдоггүй. Харин хаяа хязгааргүй харанхуйд ямар нэгэн зүйл унтаж байгаа.
Дуу: Чи ч гэсэн миний үр хүүхэд мөн.
Би: Намайг үнссэн чи хэн бэ? Үгүй, би чамайг мэднэ!
уу: Тэгээд чи намайг хэн гэж бодно вэ?
Би: Чи миний амар амгаланг булаасан. Миний эпикуреизмыг эвдсэн. Минийхийг, үгүй ээ – зөвхөн минийхийг биш. Эрт цагийн хятад гэгээнтний сургасан дундыг баримтлах үзлээ бид чамаас болж алдсан. Чиний золиосууд хаа сайгүй байна. Уран зохиолын түүхэнд ч байна, өдрийн сонины хуудсанд ч байна.
Дуу: Түүнийг чи хэн гэж нэрлэх вэ?
Би: Би... би чамайг хэн гэж нэрлэхээ мэдэхгүй. Гэвч бусдын үгийг зээлж хэлбэл, чи биднийг давсан агуу хүч. Биднийг эзэмдэх догшин сахиус.
Дуу: Чи өөртөө баяр хүргэж баярла. Би хэн дээр ч ярилцахаар ирдэггүй юм.
Би: Үгүй, би хэнээс ч илүү чиний ирэхээс сэрэмжилнэ. Чиний ирэх газар энх амгалан үгүй. Гэвч чи рентген туяа мэт ямар ч зүйлийг нэвтлэн орж ирэх юм.
Дуу: Тэгвэл үүнээс хойш сэрэмжтэй бай.
Би: Мэдээж, үүнээс хойш би сэрэмж алдахгүй. Гагцхүү гартаа үзэг барьсан үед...
Дуу: Үзэг барих үедээ чи ир гэж намайг дуудна даа.
Би: Хэн чамайг дуудах юм! Би өчүүхэн олон зохиолчдын нэг. Мөн өчүүхэн зохиолчдын нэг болохыг хүснэ. Эс бөгөөс энх амгаланг олж эс чадна. Гагцхүү гарт минь үзэг байх үед чиний боол болж магад.
Дуу: Тэгвэл үргэлж сэрэмжтэй бай. Би хэлсэн үг болгоныг чинь биелүүлж мэднэ шүү. Ингээд баяртай! Хэзээ нэгэн цагт чамтай уулзахаар эргэж ирнэ ээ.
Би: (ганцаар үлдэнэ)
Акүтагава Рюүносүкэ! Акүтагава Рюүносүкэ, үндсээ газарт бат суулга! Чи бол салхинд намилзах зэгс. Тэнгэрийн муухай хэзээ нэгэн цагт арилж магад. Гагцхүү хөл дээрээ бат зогс. Өөрийнхөө төлөө. Үр хүүхдүүдийнхээ төлөө. Өөрийгөө ихэд бүү бод. Өөрийгөө мууд ч бүү бод. Үүнээс хойш чи бүгдийг шинээр эхэлнэ!

Шёовагийн хоёрдугаар он (1927)

2012/02/10

Р. Акүтагава "Харанхуйд асуух хийгээд хариулах" II

Хоёр

Дуу: Чи гайхамшигтай эр зоригтой.
Би: Үгүй, надад зүрх зориг байхгүй. Хэрэв зоригтойсон бол арслангийн ам руу үсэрч орохгүй, арслан намайг тасар татан идэхийг хүлээх байсан.
Дуу: Гэвч чиний хийсэн болгон хүнлэг шинжтэй
Би: Хамгийн хүнлэг зүйлс дандаа бас адгууслаг шинжтэй байдаг.
Дуу: Чи муу юм хийгээгүй. Чи орчин үеийн нийгмийн тогтолцооны хар гайгаар зовон шаналж буй.
Би: Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн ч миний үйлдэл хэн нэгнийг зовлонд унагах нь гарцаагүй.
Дуу: Гэвч чи амиа хорлоогүй. Ямар ч байсан чамд хүч чадал байна.
Би: Би хэд хэдэн удаа амиа хорлохыг оролдсон. Тэр бүү хэл байгалийн жам ёсоор мэт үхэхийн тулд нэг өдөрт 14 ялаа хүртэл идэж үзсэн. Ялааг жижиглээд залгих бол юу ч биш. Харин зажлах нь ой гутмаар шүү.
Дуу: Гэхдээ чи агуу хүн болно.
Би: Би агуу хүн болохыг үл хүснэ. Миний хүсэх ганц зүйл бол амар амгалан. Вагнерийн захиаг уншаад үз. Хайртай эхнэр, хоёр гурван хүүхэдтэйгээ амгалан аж төрөх хэмжээний мөнгө байвал агуу урлаг бүтээхгүй ч сэтгэл хангалуун амьдрах байсан гэж бичсэн байна лээ. Өөрийн гэсэн ааг омог ихтэй Вагнер хүртэл ийм л байна шүү дээ.
Дуу: Чи машид зовж байна. Чи хүний мөсөө гээчихсэн амьтан биш.
Би: Надад хүний мөс байхгүй. Надад зөвхөн мэдрэл, нерв байна.
Дуу: Чиний гэр бүлийн амьдрал аз жаргалгүй байсан.
Би: Гэвч эхнэр маань надад үргэлж үнэнч байсан.
Дуу: Чиний эмгэнэл бусдад байхгүй хүчтэй ухамсрыг илтгэнэ.
Би: Худлаа. Миний хошин шог бусдын дайны амьдралын мэдлэг надад байхгүйг л илтгэнэ.
Дуу: Гэхдээ л чи шударга. Бүх явдал ил болохоос өмнө чи хайртай бүсгүйнхээ нөхөрт бүгдийг хэлж илчилсэн.
Би: Тэр ч гэсэн худал. Илчлэхгүй байх хүч тэнхээ дуусах хүртэл би юу ч илчлээгүй.
Дуу: Чи яруу найрагч, урлагийн хүн. Тиймээс юу ч хийсэн өршөөгдөх ёстой.
Би: Би яруу найрагч, урлагийн хүн мөн. Гэвч би бас нийгмийн нэг гишүүн. Өөрийн загалмайгаа үүрнэ гэдэг гайхаад байх зүйл биш. Харин ч хэтэрхий хөнгөдөж байна.
Дуу: Чи өөрийнхөө “би”-г умартаж байна. Өөрийнхөө давтагдашгүй чанарыг үнэлж бүдүүлэг, өчүүхэн ардыг дорд үз.
Би: Би чамаар хэлүүлэлтгүй өөрийнхөө давтагдашгүй чанарыг үнэлнэ. Гэвч жирийн ардыг дорд үзэхгүй. Хэзээ билээ дээ, “эрдэнэ хагарч бутрах ч шавар хавтан хагарахгүй” гэж би хэлж байсан. Шекспир, Гете, Чикамацү Монзаэмон – бүгд хэзээ нэгэн цагт мөхөж үгүй болно. Харин тэднийг төрүүлсэн хэвлий – аугаа ард түмэн бол мөхөшгүй. Ямар ч урлаг, хэлбэр нь яаж ч өөрчлөгдсөн байлаа, хэзээд ард түмнээс төрдөг.
Дуу: Чиний бүтээл өвөрмөц.
Би: Үгүй, өвөрмөц биш. Ер нь хэн өвөрмөц байсан юм бэ? Урд эдүгээгийн суутнуудын бүтээлд хаа сайгүй эх дүр байдаг. Би ч гэсэн цөөнгүй хулгайлж байсан.
Дуу: Гэхдээ чи бас сургаж байна.
Би: Би чадахгүй зүйлээ л зааж сургасан. Хэрэв чадах байсан бол заахаасаа өмнө хийчих байлаа.
Дуу: Өөрийгөө хүний дээд ер бусын хүн гэдэгт эргэлзэлгүй итгэ.
Би: Үгүй, би ер бусын хүн биш. Бидний хэн ч ер бусын хүн биш. Ер бусын хүн гэвэл зөвхөн Заратустра л байна. Гэхдээ Заратустра ямар үхлээр үхсэнийг Ницше ч хүртэл мэдэхгүй шүү дээ.
Дуу: Чи хүртэл нийгмээс айж байна уу?
Би: Хэн нийгмээс айгаагүй юм бэ?
Дуу: Шоронд гурван жил суусан Уайлдыг хар. Тэр “Амархан амиа хорловол нийгмийн өмнө ялагдал хүлээнэ” гэсэн байдаг.
Би: Уайльд шоронд байхдаа хэн хэдэн удаа амиа хорлохыг завдсан. Гэвч арга нь олдоогүй болоод л амиа хорлоогүй.
Дуу: Сайн, мууг нухчин дар.
Би: Би цаашдаа бүр ч илүү сайн хүн болохыг хүсч байна.
Дуу: Чи дэндүү энгийн юмаа.
Би: Үгүй, би дэндүү ээдрээтэй.
Дуу: Гэхдээ чи санаа амар байж болно. Чи хэзээд уншигчтай байх болно.
Би: Зохиогчийн эрх дууссаны дараа л тийм болох байх.
Дуу: Чи хайр сэтгэлийнхээ төлөө зовж байна.
Би: Хайр сэтгэлийнхээ төлөө? Уран зохиолд дурлах хөвгүүдэд таарсан үгээ татаж хайрла. Би янаг дурлалд бүдэрсэн төдий.
Дуу : Хэн ч гэсэн хайр дурлалд амархан бүдэрнэ.
Би: Хэн ч гэсэн хөрөнгө мөнгөний хүсэлд амархан автана гэсэн үг юм даа.
Дуу : Чи амьдралынхаа загалмайд цовдлогдсон байна.
Би: Бахархах зүйл биш болов уу. Нууц амрагаа хөнөөсөн алуурчин ч, бусдын мөнгөнд гар дүрсэн хэрэгтэн ч амьдралын загалмайд цовдлогдсон байгаа.
Дуу: Амьдрал тэгтлээ харанхуй биш.
Би: Амьдрал “сонгогдсон цөөнхийг” эс тооцвол харанхуй гэдгийг бүгд мэднэ. Харин “сонгогдсон цөөнх” гэдэг нь мунхаг хийгээд хүний мөсгүй хүмүүсийн өөр нэгэн нэр юм.
Дуу: Тэгвэл дураараа зовж л байхгүй юу. Ингэхэд чи намайг мэдэх үү? Зориуд чамайг тайтгаруулах гэж ирсэн намайг?
Би: Чи бол нохой. Тэр нэгэн цагт, өнөөх Фаустын өрөөнд нохойн дүрээр орж ирсэн албин чөтгөр.

(төгсгөл дараагийн бичлэгт)

2012/02/08

Р. Акүтагава "Харанхуйд асуух хийгээд хариулах" I

  

Р. Акүтагава "Харанхуйд асуух хийгээд хариулах"
芥川龍之介 「闇中問答」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Нэг

Нэгэн дуу: Чи миний бодсоноос тэс ондоо хүн байжээ.
Би: Үүнд миний хариуцлага үгүй.
Дуу: Гэвч чиний тухай буруугаар бодоход чи өөрөө нөлөөлсөн.
Би: Тийм зүйл огт байхгүй.
Дуу: Ингэхэд, чи гоо сайханд дурлаж хайрлана. Эсвэл хайрлаж буй дүр эсгэнэ.
Би: Би гоо сайхныг хайрладаг.
Дуу: Чи алийг нь үнэхээр хайрлана вэ? Гоо сайхныг уу, аль эсвэл бүсгүй хүнийг үү?
Би: Аль алиныг нь.
Дуу: (Хүйтэн инээгээд) Хэлсэн үгс чинь хоорондоо зөрчилдөж байгаа мэт санагдахгүй байна уу?
Би: Хэн, хаана зөрчил олж хараад байна? Бүсгүй хүнд дурласан эр косэто хийцийн эртний шаазан аягыг хайрлахгүй байж болно. Гэхдээ тэр бол хуучны шаазан эдлэлийг хайрлах гоо сайхны мэдрэмж түүнд дутсаных юм.
Дуу: Гоо сайхныг эрхэмлэгч бол аль нэгийг нь сонгох ёстой.
Би: Харамсалтай нь, би гоо сайхныг эрхэмлэгч гэхээс илүү төрөлхийн хүсэл шунал ихтэй хүн билээ. Гэвч ирээдүйд бүсгүй хүнийг бус эртний косэто шаазан аягыг сонгож магад.
Дуу: Тийм болохоор л чи туйлбаргүй.
Би: Үүнийг туйлбаргүй гэвэл ханиад хүрсэн ч хүйтэн усаар биеэ арчих хүнийг туйлбартайн туйл гэх байх даа.
Дуу: Хүч чадалтай мэт дүр эсгэхээ боль. Чиний сэтгэл санаа сульдаж доройтсон байна. Гэхдээ чи мэдээж, нийгмийн зүгээс чам руу дайрч шүүмжлэхийг хариулахын төлөө л ийм зүйл хэлж байгаа биз.
Би: Мэдээжийн хэрэг. Ер нь бодоод үз л дээ. Дайралтыг нь няцааж байхгүй бол адаг сүүлдээ бяц даруулна биз дээ.
Дуу: Чи ч ичих нүүрэндээ илгээ наажээ.
Би: Би ичгүүр сонжуураа огтхон ч гээгээгүй ээ. Миний зүрх өчүүхэн жижиг зүйлд хүртэл мөсөнд хүрсэн мэт царцах шиг болдог.
Дуу: Чи өөрийгөө хүч чадалтай хүн гэж бодож байна уу?
Би: Мэдээж би хүч чадалтай хүмүүсийн нэг. Гэхдээ хамгийн чадалтай нь биш. Хэрэв хамгийн чадалтай нь байсан бол аль хэдийнээ Гёте гэх тэр нэгэн эр шиг хамаг хүмүүсийн шүтээн болчихсон байхгүй юу.
Дуу: Гётегийн хайр цэвэр, ариун байсан.
Би: Энэ бол худлаа. Урлаг, уран зохиол судлаач нарын зохиосон үлгэр. Гёте яг 35 насандаа гэнэт Итали руу зугтсан. Тийм ээ, зугтсан гэхээс өөр үг байхгүй. Тэр нууцыг Гётег өөрийг нь эс тооцвол зөвхөн Штэйн авхай л мэдэж буй болов уу.
Дуу: Чиний хэлсэн бүхэн чинь бүгд өөрийгөө хамгаалах үгс. Өөрийгөө хамгаалах шиг амар зүйл байхгүй.
Би: Өөрийгөө хамгаална гэдэг амар зүйл биш ээ. Амар байсан бол өмгөөлөгчийн мэргэжил хэрэггүй.
Дуу: Бэлэг үгтэй дамшиг! Чамайг хэн ч тоож дугарахгүй болно шүү.
Би: Надад сэтгэл зүрхийг минь уяраах ургаа мод, урсгал ус байна. Бас япон, хятад, өрнө дорнын гурван зуу гаруй ном байна.
Дуу: Тэгвэл чи уншигчдаа үүрд алдах болно.
Би: Надад ирээдүйд уншигчид бий.
Дуу: Ирээдүйн уншигч чамд талх өгөх үү?
Би: Өнөөгийн уншигчид ч олигтой өгсөн юм алга. Миний авсан хамгийн өндөр хөлс нэг хуудасны төлөөх арван иенээр хязгаарлагдана.
Дуу: Гэхдээ чамд өв хөрөнгө байгаа биз дээ?
Би: Миний хөрөнгө гэвэл Хонжёо дахь эрхий дарам эдлэн газар л байна. Миний сарын орлого хамгийн сайндаа гурван зуун иенээс хэтэрсэн удаагүй.
Дуу: Гэхдээ л чи өөрийн гэсэн орон гэртэй. Бас орчин үеийн уран зохиолын түүвэр хэвлүүлсэн биз дээ.
Би: Тэр байшингийн дээвэр дээрээс минь дарна. Уран зохиолын түүврээс олсон орлогыг чамд өгчихье. Угаасаа дөрвөн зуун тавьхан иен л авсан учир.
Дуу: Гэвч чи тэр түүврийг эмхтгэсэн редактор нь. Зөвхөн үүнээс гэхэд л чи ичиж зовох ёстой доо.
Би: Юунаас ичих гэж?
Дуу: Чи сурган хүмүүжүүлэгч нарын эгнээнд элсээ биз дээ.
Би: Худлаа. Сурган хүмүүжүүлэгч нар бидний эгнээнд элсээд байна. Би тэдний хийх ажлыг нь авч хийсэн төдий.
Дуу: Ийм байж чи яаж өөрийгөө Нацүмэ багшийн шавь гэж хэлж чадна?
Би: Би Нацүмэ багшийн шавь мөн. Чи уран зохиол бичдэг Нацүмэ багшийг л мэдэж магад. Харин солиотой юм шиг суу билигтэн Нацүмэ багшийг мэдэхгүй л болов уу.
Дуу: Чамд тогтсон үзэл бодол алга. Байдаг цөөхөн хэд нь бүгд хоорондоо зөрчилддөг. 
Би: Тэр бол миний хөгжин дэвшиж буйн шинж. Зөвхөн мунхаг хүн л эцсээ хүртэл нарыг түмпэнгээс бага гэж бодож байдаг.
Дуу: Чиний энэ их зан чамайг ална шүү.
Би: Би хааяа ингэж боддог юм: би орон гэртээ, дулаан хөнжилдөө өөд болох нэгэн биш байх.
Дуу: Чи үхлээс айдаггүй юм шиг байна? Тийм үү?
Би: Би үхлээс айдаг. Гэвч, үхнэ гэдэг хэцүү биш. Би хоёр, гурван удаа хүзүүндээ дээс углаж үзсэн. Гэтэл хорин секунд зовсны дараа бараг аятайхан мэдрэмж төрнө гээч. Таагүй муухай зүйл тохиолдвол би хэзээд ч үхэхэд бэлэн байдаг.
Дуу: Тийм бол чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? Хууль журмаар бол чи хэний ч нүдэнд гэмт хэрэгтэн биш гэж үү?
Би: Тэрийг би хүлээн зөвшөөрнө. Вэрлэн шиг, Вагнэр шиг, эсвэл агуу Стриндберг шиг.
Дуу: Чи нүглээ ер наманчлахгүй юм даа.
Би: Үгүй, би наманчилж байна. Зовохоос илүү наманчлал гэж байхгүй.
Дуу: Чи засаршгүй муу хүн юм.
Би: Харин ч буянтай сайн хүн. Хэрэв хүний муу нь байсан бол би ингэж зовохгүй сэн. Түүгээр барахгүй дурлал хайрыг нь далимдуулаад  хүүхнүүдээс мөнгий нь салгаж суухгүй юу.
Дуу: Тэгвэл чи тэнэг байх.
Би: Тийм. Би тэнэг байх. Тэр “Мунхаг хүний наманчлал” -ыг миний ижил нэгэн тэнэг зохиосон болно.
Дуу: Бас дээр нь чи амьдрал мэдэхгүй.
Би: Амьдрал мэдэх нь хамгийн чухал бол ажил хэрэгч хүмүүс бүгдээс эрхэмд тооцогдох байлгүй.
Дуу: Чи хайр дурлалыг дорд үзэж байсан. Харин одоо харахад чи хайр сэтгэлийг бүхнээс илүү эрхэмлэгч нэгэн байж.
Би: Үгүй, би одоо ч хайр сэтгэлийг бүхнээс илүү эрхэмлэхгүй. Би яруу найрагч. Урлагийн хүн.
Дуу: Гэвч чи хайр дурлалын төлөө эцэг эх, эхнэр хүүхдээ хаясан биз дээ?
Би: Худлаа. Би зөвхөн өөрийнхөө төлөө эцэг эх, эхнэр хүүхдээ хаясан.
Дуу: Тэгвэл чи амиа хичээгч.
Би: Харамсалтай нь би хар амиа хичээгч биш. Гэхдээ хувиа хичээдэг болохыг хүсч байна.
Дуу: Золгүй л юм, чамд орчин үеийн “эго” өвчин тусчээ.
Би: Чухам тийм учраас л би орчин үеийн хүн.
Дуу: Орчин үеийн хүмүүс эртний хүмүүсийн хаана нь ч хүрэхгүй.
Би: Эртний хүмүүс ч гэсэн тухайн үедээ орчин үеийнхэн гэгдэж байсан.
Дуу: Чи эхнэр хүүхдээ өрөвдөхгүй байна уу?
Би: Тэднийг өрөвдөхгүй хүн олдох уу? Гогены захидлуудыг уншаад үз л дээ.
Дуу: Чи өөрийн үйлдэл бүхнээ зөвтгөх юмаа.
Би: Үйлдэл бүхнээ зөвтгөдөг бол чамтай ингэж ярилцаж суухгүйсэн.
Дуу: Тэгвэл чи өөрийгөө зөвтгөхгүй юм уу?
Би: Би зүгээр л хувь заяатайгаа эвлэрч байна.
Дуу: Тэгвэл чи хариуцлагаа яах вэ?
Би: Дөрөвний нэг нь миний удамшил, дөрөвний нэг нь өссөн орчин, дөрөвний нэг нь санамсаргүй тохиолдлууд, тиймээс зөвхөн дөрөвний нэг нь л надад ногдож байна.
Дуу: Чи ч ёстой өчүүхэн амьтан юм!
Би: Бүгд л над шиг өчүүхэн шүү дээ.
Дуу: Тэгвэл чи ад чөтгөр тахигч сатанист .
Би: Би ад чөтгөр тахигч биш. Ялангуяа аюулгүй бүсийн ад чөтгөр тахигчдыг би үргэлж жигшдэг байсан.
Дуу: (Хэсэг дуугүй байснаа) Ямар ч байсан чи зовж шаналж байна. Ядаж үүнийгээ хүлээн зөвшөөр.
Би: Үгүй дээ, үнэлэмжээ үл ялиг ч бүү хэтрүүл. Би зовж буйгаараа бахархаж ч байж мэднэ. Тэгээд ч “олсноо алдахаас айх” гэдэг хүчирхэг хүнд тохиох зүйл биш.
Дуу: Чи ямар ч байсан шударга байж магад. Эсвэл зүгээр л алиалагч юм уу.
Би: Аль нэг нь л байх, би өөрөө ч бодож л байна.
Дуу: Чи үргэлж өөрийгөө реалист гэж итгэж байсан.
Би: Тэгтлээ би идеалист байсан.
Дуу: Чи мөхөж мэднэ шүү.
Би: Намайг бүтээсэн нь хоёр дахь намайг бүтээчих байлгүй.
Дуу: Тэгвэл зоргоороо зов доо. Чамаас салж одох минь.
Би: Хүлээж бай. Явахаасаа өмнө хариулж хайрла. Цаг үргэлж намайг шалгаагч чи, нүдэнд үл үзэгдэгч чи хэн юм бэ?
Дуу: Би юу? Би энэ дэлхийн үүр хаяарах цагт Якобтой хүч үзэлцсэн Сахиусан тэнгэр байна.

(үргэлжлэл дараагийн бичлэгт)

2012/02/07

Велимира времери

  

Үлгэр домог мэт...
"Облакини", "хотель", "времири"... гоё гоё үгнүүд ингэж дураараа зохиох ондоо яруу найрагч байна уу? "Поюны" гэж бас сайхан үг юмаа, орчин цагийн "певица", "певец" зэргээс хамаагүй гоё, бас уянгалаг.

Велимирийн үгээр тоглож наадах нь... "облакини", "кони вечерогривы", "свирепооки"...
Толь бичигт байхгүй ч уншаад шууд ойлгоно. Харин энэ "времири"....

Шувуу гэдгийг ойлгоод байгаа ч урд өмнө дуулаагүй тул жаал гайхна даа...
Тэгсэн "время"(цаг хугацаа) + "снегири"(дээрх зурагны шувуу) хоёрыг нийлүүлж зохиосон үг гэнэ. Снегири цагаан цасан дунд холоос тодорч ягаарах хөөрхөн шувууд. Өвлийн ойд сүргээрээ мөчрөөс мөчирт нисэх нь үнэн цоглог. Харин Велимирийн зохиосон "времери" нь цаг хугацааг жигүүртээ тээн Вырей хэмээх үлгэрийн сайхан орон руу нисэн одох шувууд ажээ. "Снегирь"-ийн үндэс нь "снег" буюу "цас". Тэгэхээр "цасан шувуу"-г Велимир "цаг хугацааны цасан шувуу" болгосон байх нээ. Яруу найрагчийн жинхэнэ нэр нь Виктор. Велимир гэж бас юм бодуулах нэр байгааз.

 Велимир Хлебников
 (1885-1922)

 * * * *
 И я свирел в свою свирель,
 И мир хотел в свою хотель.
 Мне послушные свивались звезды в плавный кружеток.
 Я свирел в свою свирель, выполняя мира рок.
   
 * * * *
 Там, где жили свиристели,
 Где качались тихо ели,
 Пролетели, улетели
 Стая легких времирей.
 Где шумели тихо ели,
 Где поюны крик пропели,
 Пролетели, улетели
 Стая легких времирей.
 В беспорядке диком теней,
 Где, как морок старых дней,
 Закружились, зазвенели
 Стая легких времирей.
 Стая легких времирей!
 Ты поюнна и вабна,
 Душу ты пьянишь, как струны,
 В сердце входишь, как волна!
 Ну же, звонкие поюны,
 Славу легких времирей!
 
 * * * *
 Огнивом-сечивом высек я мир,
 И зыбку-улыбку к устам я поднес,
 И куревом-маревом дол озарил,
 И сладкую дымность о бывшем вознес.
 
 * * * *
 Еще раз, еще раз,
 Я для вас
 Звезда.
 Горе моряку, взявшему
 Неверный угол своей ладьи
 И звезды:
 Он разобьется о камни,
 О подводные мели.
 Горе и вам, взявшим
 Неверный угол сердца ко мне:
 Вы разобьетесь о камни,
 И камни будут надсмехаться
 Над вами,
 Как вы надсмехались
 Надо мной.

* * * *
 Годы, люди и народы
 Убегают навсегда,
 Как текучая вода.
 В гибком зеркале природы
 Звезды - невод, рыбы - мы,
 Боги - призраки у тьмы.


2012/02/06

Enough Time

Саяхан хоёр дахь синглээ гаргасан энэ хамтлагийн фэн болох шинжтэй:

  

  The Ghosts "Enough Time"

  If I had enough time
  We could be together now
  Staring at each other
  But it goes in one ear and out of the other.
  Now you’ve found your own love
  And if it couldn’t make matters worse
  I thought I’d try my own luck
  It couldn’t hurt.
  It couldn’t hurt.
    We’ve started now and this can’t stop
    No this can’t stop

  Love was there to tease us
  In the loneliest of times...

2012/01/20

Молоко & секс




У подруги шок. Взгляд рассеянный. Выглядит как человек, которого бесцеремонно разбудили от прекрасного долгого сна и поставили перед печальными фактами бытия. А жестокосердный будильник, то есть бесцеремонно разбудивший – это значит я. 

Подруга из Европы, а разговор у нас про национальные блюда разных стран. В ответ на вопросы объясняю, что в Монголии мало дождей, климат сухой и земля к возделыванию не очень пригодна. Хотя можно, конечно, постараться, засеять что-нибудь и взять несколько урожаев. Но такие эксперименты с природой приводят к тому, что зеленая степь через 10-20 лет постепенно становится пустыней – это показали эксперименты с целиной в советское время, да и китайцы продемонстрировали во Внутренней Монголии, когда в 50-ых и 60-ых годах пересилили туда в земледельческом азарте (ну и следуя гадкой политике ассимиляции проводимой Пекином) сотни тысяч крестьян-китайцев. 

Монголы издавна были скотоводами и кочевниками, и не могли "остепениться" и осесть не из-за “дикости”, как принято считать, скажем, в России или в том же Китае (где, грубо говоря, веками считалось, что кочевье – это варварство, а не трогаться с места и строить дома – это цивилизация), а по очень простой, или, вернее сказать, большой экологической причине: скот ест траву, но земле от этого вреда нет, так как механических повреждений в почве нет. Если менять место стоянки, то травяной покров восстанавливается очень быстро. И это было единственным образом жизни, который позволял сохранять степь зеленой тысячу лет.

Но вопрос был про еду. Поясняю, что морями и океанами небо обделило, значит, морепродукты в традиционную еду не входят. Зато есть много скота, значит, много мясных и молочных блюд, которых люди едят во все времена года. Летом и осенью заготавливаются молочные продукты на зиму. 

- Значит, целый год кефир, сыр, творог?
- Да. То есть сейчас да, спасибо морозильникам и технологиям, а раньше только весной и летом.
- Но ты же сказала, что целый год.
- Да, но кефир и творог в их число не входят.
- А почему?
- Как почему? Ведь молока же нет. Зимой молока разве что чай побелить.

И тут до меня доходит.
Объясняю, что молоко у коров и овец бывает только весной и летом, когда есть телята и ягнята. К осени телята и ягнята становится большими и молоко идет на убыль. Для пущего доказательства говорю: то же самое было с тобой – когда дети подросли, молоко ведь пропало? В итоге подруга пребывает в печали. Говорит, не знала, что для того чтобы человечеству молоко давать, корове надо каждый год "рожать". Все на свете, оказывается, от секса. А вообще-то мы мирно беседовали, и у меня и в мыслях не было менять кому-то картину мироздания. Поэтому только сижу, улыбаюсь и развожу руками.

2011/12/14

К. Мүкоода "Үггүй захидал"


Мүкоода Күнико (1929-1981)

Шёовагийн (1926-1989) сүүл үеийг төлөөлөх олон ангит кино зохиогч, нийтлэлч (essayist), Наоки шагнал хүртсэн зохиолч. Японы телевизийн нэгэн үеийг энэ бүсгүйг дурдахгүйгээр ярих аргагүй. Олон ангит киног нь үзээгүй боловч өгүүллэг, эссэйн түүвэрт нь дуртай.

Зав гарсан учир нэг эссэй орчуулж үзэв. Дайны үеийн Япон улсын шууданг давхар бишрэв. Дээхэн нэг эссэйн эхлэл сонин санагдаад орчуулсныг хэрэв сонирхвол эндээс уншаарай; "Нүд".




Мүкоода Күнико "Үггүй ил захидал" эссэй, 1985
向田邦子「無口な手紙」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Би өөрөө чалчаа болоод ч тэр үү, олон үггүй эр хүн хийгээд захидалд дуртай. Ялангуяа эр хүний захиа үг цөөтэй бол бүр ч дуртай.

  Эрт дээр цагт хүмүүс бичиг үсэг мэддэггүй байхдаа хол байгаа амрагтаа сэтгэлээ чулуугаар дамжуулан илэрхийлж байсан гэдэг. Залуу эр сэтгэлдээ таарсан чулуу олоод аянчин гийчнээр хайрт бүсгүйдээ хүргүүлнэ. Бүсгүй чулууг нь аваад нүдээ анин хоёр алгаараа тэмтэрч мэдэрнэ. Хурц өнцөгтэй бол өвдсөн биш байгаа, хэцүүхэн зүйл тохиолдсон болов уу, сэтгэлийг нь юу шаналгаж байгаа бол гэж санаа зовно. Гөлгөр, бөөрөнхий чулуу бол сайн явж байна даа хэмээн санаа амарна. “Чулуун захидал” гэгдэх энэ заншил сэргэж, нэгэн өдөр булиа эрчүүд “чамайг би гурвын гурван жил хүлээлээ” гэх бул чулуу гэрийн үүдэнд авчирвал хэцүүхэн байдалд орох боловч (үнэндээ хагартлаа баярлана) энэ “чулуун захидал” гэдэг нь хайрын захианы анхны хэлбэр байсан болов уу гэж бодогдоно.

  Одоо үед үг ихдэж, өгүүлбэр олширч, хүмүүч чалчаа болжээ. Үүний хариуцлагын хагасыг радиогийн нэвтрүүлэгч, зурагтын хөтлөгч бас надад үүрүүлж болох ч хамгийн их буруутан нь зурагтаар өдөр болгон гардаг олон ангит кинонууд юм. Ямартай ч сүүлийн үед эрчүүдийн захидал, ялангуяа залуучуудын захидал дэндүү олон үгтэй “чалчаа” болж, бичсэн үг өгүүлбэрээр нь эр эмийг нь ялгах аргагүй болжээ. “Захидал бичих арга” зэрэг номоос хуулсан өгүүлбэр, сэтгэл шингээгүй үхмэл холбоос үгийн дэргэд “бичиж” байгаа бус “ярьж” байгаа мэт захидал мэдээжийн хэрэг илүү. Илүү нь илүү боловч “хүүхэн шиг” сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Эсрэгээр сүүлийн үед бүсгүйчүүдийн захидал “эр хүнийх шиг хүчтэй” болж ажлын газар, алба оффис бус тэс ондоо газар “хүйсийн эрх тэгш байдал” биеллээ олж буйг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ.

  Богино, товч гээд ил захидлаар мэнд хүргэх хэвшсэн хэлбэр байдаг ч тухайн хүнээс өөр хэн ч бичиж чадахгүй  дүрслэл ч юм уу, ганц өгүүлбэр өөрийн эрхгүй үгүйлэгдэнэ. Миний нэг найз Европоор аялж байхдаа тэр өдөр идсэн өглөө, өдөр, оройн хоолны цэсээ л надад бичиж илгээдэг байв. Би тэр ил захидлаар нэлээд удаан хугацаанд хоолны жорын номын хавчуурга хийж билээ. Ер нь сайн захиа, ялангуяа сайн ил захидал гэдэг нэг авиа илүү хайкү шүлэгтэй төстэй – тийм захидлын мөр хоорондоос нутаг байгалийн өнгө харагдаж, тухайн газрын үнэр үнэртэж, дуу нь сонсогдох шиг болдог.

  Өдий хүртэл авсан өч төчнөөн захидлаас миний сэтгэлд хамгийн хоногшсон нь дайн дуусах үеэр дүүгийн аавд бичсэн ил захидлууд юм. Токиогийн бөмбөгдөлт өдрөөс өдөрт ширүүсэж байсан тул дөнгөж сургуульд орсон дүүгийн минь цүнхэнд нэрийг нь бичсэн цагаан будааны аяга хийж өгөөд бусад сурагчидтай хамт хөдөө рүү шилжүүлэхээр болсон юм (*). Ээж, аав хоёр дүүд юм юм бэлдэж өгөх гээд завгүй байсан учир юун бичиг үсэг заахтай манатай. Тиймээс дүү зөвхөн нэрээ л чүү чамай бичиж чадах төдий. Бөмбөгдөлтөөс хамгаалах үүднээс шөнө гэрэл гаргах хориотой байсан учир аав харанхуй өрөөнд, муухан чийдэнгийн гэрэлд уул мэт овоолоостой ил захидал дээр өөрийн нэр, манай гэрийн хаягийг бичиж суусныг санана. Дүүг хөдөө явахын урд орой аав боодол ил захидал жижиг цүнхэнд нь хийнгээ "Миний охин сайн бол тойрог зураад өдөрт нэг ил захидал шуудангийн хайрцагт хийж байгаарай" гэв.

  Дөрөв, таван өдрийн дараа дүүгээс эхний ил захидал ирэв. Ил захидлаас хальж гарах дөхсөн томоо гэгчийн тойрог улаан харандаагаар зурсан байлаа. Токиогоос замдаа ядарч ирсэн хүүхдүүдэд орон нутгийн “Улсаа хамгаалах эмэгтэйчүүдийн холбооны” гишүүд хоол унд бэлдэн дайлж цайлсан учир дүүд хөдөө зугаалгаар явж байгаа мэт санагдсан нь гарцаагүй. Гэтэл маргааш нь ирсэн ил захидлын тойрог арай л жижгэрсэн байлаа. Аав тэр орой ажлаасаа ирээд ороолтоо гялс манс тайлсан болоод зочны өрөө рүү хурдлав (дайны үед жирийн ард иргэд ч цэргүүд шиг хөлдөө ороолт ороодог байв). Аав бидний хоолны ширээн дээр тавьсан ил захидлыг аваад, харандаагаар сулхан зурсан тойргийг юу ч хэлэлгүй удаан харж зогссон юм. Дүүгээс ирэх ил захидлын тойрог яваандаа багасаад, яваандаа чагт болоод, яваандаа чагттай ил захидал ч ирэхээ болив. Дүү минь хөхүүл ханиад тусаад хэвтэрт орсон байж л дээ. Ээж дүүг авчрахаар яваад, тэс ондоо хүүхэд мэт яс арьс болтлоо турсан охиноо дагуулж ирэхэд аав зочны өрөөнөөс хөл нүцгэн үүд рүү гүйн гарч, дүүг тэврэн уйлж билээ. Том болсон эр хүн уйлахыг тэгэхэд би амьдралдаа анх удаа харсан юм.

  Муугаа мэдэхгүй элдвийг бичигч надад захидлын тухай энэ тэр гэж бусдад сургааль айлдах эрх даанч байхгүй. Би өөрөө тэмээ таварцагласан юм шиг муухай бичигтэй. Тийм атлаа хэрээ мэдэхгүй гоё захидал бичихийг санаархана. Бэлэн наагаад явуулчих марк байхгүй гэх мэт аахар шаахар шалтгаанаар залхуурч, захианы хариу удаадаг над шиг хүн энэ тухай юу ч ярих вэ дээ. Гэхдээ захидалд муу, сайн захидал гэж байхгүй. Бичгийн хэв муухай ч бай, хариуг удаасан ч бай огт бичихгүй байснаас л хавьгүй дээр. Учир нь захидал мэндчилгээг бичих ёстой үед нь бичихгүй орхино гэдэг нүдэнд үл үзэгдэх өр тавьж буйтай адил билээ.

--------------------------------------------------

* дайн дуусах алдад Токио хотын бага ангийн сурагчдыг Токиогоос хол, хөдөө газар ангиар нь шилжүүлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байв.

2011/11/11

Зөөлөн замбуулин

PC гацаад гажигдаад... уур хүрэн ухаж суутал хэзээнийх вээ, гурав дөрвөн жилийн өмнөх юм гарч ирэв. Юу гэ гэвэл, нэгэн орос хүний хүсэлтээр хийсэн "Зөөлөн замбуулингийн" орчуулга. Монголд аялснаас хойш Москва уйтай санагдаж, өдөр өнжилгүй сонсоод үнэхээрийн сайхан байна гээд форум хүртэл үүсгээд "сайхан монгол дууны" хэлэлцүүлэг хийтлээ халуурч суусан залуу. Би чинь бас хөөрүү, Монголын тухай найрсаг үг дуулаангуут "иес, оф кооз". Дуулахад тохируулах этр гэлгүй, зөвхөн үгийг нь орчуулж утгыг нь гаргахыг оролдов:

  

  Дууны үг: Л. Мөнхтөр   

  Агь үнэртсэн цэнхэр талын
  Адуу нь дандаа сорлог байдаг aa
  Уужуу тайван ухаантай аавын минь
  Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

    Зүүд хүртэл жаргаад сэрдэг
    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

  Нар үдэлсэн буурал талын
  Салхи нь дандаа бүлээн байдаг аа
  Насан өндөр сайхан ээжийн
  Санаа нь дандаа сүү байдагаа

    Зүүд хүртэл жаргаад сэрдэг
    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

  Перевод: Сүрэн

  В синей степи, в полынной нежности,
  Кони всегда резвые.
  У мудрого и спокойного отца
  Слова и речи – всегда сокровища.

    Если по сердцу и совести жить,
    То мир наш – замбуулин – нежен, нежен
    И даже снам ночным он дарит радость.

  Солнце заходит в степной безбрежности,
  И ветра здесь всегда теплые.
  У доброй матери моей
  Душа и помыслы молочно-белые.

    Если по сердцу и совести жить,
    То мир наш – замбуулин – мягок, мягок
    И даже снам ночным он дарит радость.

"Зөв явбал" гэдэг энгийн атлаа орос хийгээд ондоо хэл рүү буулгахад нэлээд хэцүү хэллэг. Гэхдээ ийм шууд орчуулагдахгүй үг, хэллэгээс л улс улсын онцлог, мөн чанар илрэнэ. "Правильно жить" гэвэл нэг тийм номолсон ч юм шиг, номчилсон ч юм шиг, онцгүй өнгө аястай. "Верный путь" этр гэх нь ч хаашаа юм. "По сердцу и совести жить" гэж жаахан нуршуу орчуулсан боловч, уул нь орчуулгын эхний хувилбарыг манай эгч гаргасан юм, эгчийн саналаар "к праведному милостивый замбуулин" гэж орчуулах нь зөв байж, одоо бодоход. Гэхдэээ өөрийнхөөрөө зүтгэчихлээ, угаасаа би муу дүү...