2011/06/27

Нүд...

сонин санагдаад... нэг хуудасны талыг буулгаж үзэв.

向田邦子『父の詫び状』より 1981 
Мүкоода Күнико "Аавын уучлал гуйсан ил захидал" эссэйн түүврээс 

Хааяа амьтны хүрээлэн орж амьтдын нүд харж байгаад ирнэ.
Арслангийн нүд хүн сайтай хүний нүд шиг. Барын нүд хүйтэн агаад муу санаа өвөрлөгч мэт.

Баавгай том биетэй атлаа дотогш орсон жижиг нүдтэй болоод тэр үү, санаатай, зальхай харагдана. Хулсан баавгайн нүдний эргэн тойрны тэр хөөрхөн хар будгийг нь арилгачихвал мөсөн туйлын жирийн цагаан баавгайнаас онцын ялгаагүй болчихно.

Тэмээ зальтай нүдтэй. Заан яагаад ч юм Энэтхэгийн ерөнхий сайд Гандитай адил ухаалаг, бодлогошронгуй боловч болгоомжтой байхгүй бол болохгүй өвгөн шиг нүдтэй.
Анаашны нүд шилжилтийн насны ичингүйрэх охин мэт. Үхэр энэ ертөнцийн үнэн мөнийг танилаа гэх шиг, сонин ангижирсан нүдээр орчныг харан амаа хөдөлгөж байв.

Харин морь эр хүнтэй адил жаахан гунигтай нүдтэй байв. Уралдааны талбайг тойрч давхихаас цаашгүй морьд, түрүүлэх морьдын таамаг нь оноогүй цаасаа урж хаях эрчүүд, хэн мэдлээ, яг адилхан нүдтэй байж магад.

2011/06/12

Windmills of your mind


Саяхан ажлаар Ленинград явсан чинь... санаа сэтгэл сарны цаана орчих шиг болов. Цагаан шөнөөр хос залуус, үе тэнгийн найзууд, гадна дотны оюутнууд Нева мөрөн, усан оргилуур, гудамж талбайг өгсөн уруудан зугаалж буйг харах сайхан. Цаас бичиг, илтгэл тайлан, танилцуулга-торисэцүд нам дарагдаж, найгаж унатлаа ядарч гүрийсэн ч санаа бодол өөрийн эрхгүй ажил оффис биш арай ондоо юм руу шургана.

Зөөлөн бороо шиврээд л болиод л, улиангарын хөвөн энд тэнд хөвж хийсээд л, толгойд "Тополиный пух, жара июнь~ ♪♪" бөөн дуу бөөгнөрөлдөн орж ирээд л... Хамгийн гоё нь "Windmills of your mind". Ийм гоё үгтэй дуу ховор болжээ. Олигтой ганц мөрөө олон удаа давтдаг сүүлийн үеийн дуунуудтай зүйрлэшгүй.

   When you knew that it was over
   Were you suddenly aware
   That the autumn leaves were turning
   To the color of her hair


Буцах үед Шереметьевод зэргэлдээ гэйтийн нэг нислэг Улаанбаатар, нөгөө нь Токио. Ядаж байхад цаг нь хүртэл адил, орой найм ноль ноль. Монгол явж буй хажуу цуваагийханд атаархсан гэж жигтэйхэн, аймаар тааралдуулдж байгаам даа, бурхаан. Саранд зочилсон сэтгэл саатаж тэндээ үлдэхээр шийдсэн бололтой. Аль эсвэл борооны улирлын бор саарал өдрүүд өнгөрөхийг хүлээж байгаа юмуу, бүү мэд. Windmills of my mind-д юу л болоод байна даа.




 Windmills of Your Mind, 1968

 Music: Michel Legrand
 Lyrics: Alan Bergman and Marilyn Bergman
 
 

   Round, like a circle in a spiral
   Like a wheel within a wheel
   Never ending or beginning,
   On an ever spinning wheel
   Like a snowball down a mountain
   Or a carnival balloon
   Like a carousel that's turning
   Running rings around the moon
      Like a clock whose hands are sweeping
      Past the minutes on it's face
      And the world is like an apple
      Whirling silently in space
      Like the circles that you find
      In the windmills of your mind
 
   Like a tunnel you can follow
   To a tunnel of it's own
   Down a hollow to a cavern
   Where the sun has never shone
   Like a door that keeps revolving
   In a half forgotten dream
   Or the ripples from a pebble
   Someone tosses in a stream.
      Like a clock whose hands are sweeping
      Past the minutes on it's face
      And the world is like an apple
      Whirling silently in space
      Like the circles that you find
      In the windmills of your mind
 
   Keys that jingle in your pocket
   Words that jangle your head
   Why did summer go so quickly
   Was it something that you said?
   Lovers walk along the shore,
   And leave their footprints in the sand
   Was the sound of distant drumming
   Just the fingers of your hand?
   
   Pictures hanging in a hallway
   And a fragment of a song
   Half remembered names and faces 
   But to whom do they belong?
   When you knew that it was over
   Were you suddenly aware
   That the autumn leaves were turning
   To the color of her hair
      Like a circle in a spiral
      Like a wheel within a wheel
      Never ending or beginning,
      On an ever spinning wheel
      As the images unwind
      Like the circle that you find
      In the windmills of your mind

2011/05/19

Р. Акүтагава "Бисэйн итгэл"

 

Акүтагава Рюноскэ "Бисэйн итгэл"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Бисэй түрүүнээс хойш тэр бүсгүйн ирэхийг хүлээж гүүрэн дор зогсож байлаа.

  Дээш харвал гүүрний өндөр чулуун хашлага дундуур мөлхөө ногоо талд нь хүртэл ороон ургажээ. Хашлагын завсраар нааш цааш холхих хүмүүсийн хувцасны цагаан хормой жаргах нарны хурц туяанд үе үе гялтас хийн салхинд дэрвэнэ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй аяархан исгэрэнгээ гүүрний доорх эрэг хөвөөг ажиглав.
  Гүүрний доор хоёр цүбо(*) хүрэхтэй үгүйтэй шар эрэг устай шууд залгана. Эрэг дагуу ургах зэгсний дунд үхэр хавчны гэр бололтой хэдэн дугараг нүх байх агаад давалгаа цохих болгонд үл мэдэг палхийх дуу сонсдоно. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хүлээж ядан усны захад очоод ганц ч завь үл өнгөрөх голын намуун мандлыг ширтэн харав. Голын хөвөөгөөр ногоон зэгс завсар зайгүй битүү ургажээ. Энд тэнд зэгсний дээрээс уд модууд мөчир навчаа унжуулан саглайн найгана. Зэгс ус руу түрж шигүү ургаснаас эрэг хоорондын урсгал голын өргөнийг бодвол нарийн харагдана. Тунгалаг усан тууз гялтгануур шиг ганц үүлний сүүдрийг алтлан зэгс бургасан дундуур намуухан үелзэн урсана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усны захаас холдон нарийн эргээр нааш цааш хохин үдшийн бүрийд аажмаар автан уусах эргэн тойрны анир чимээгүйг чагнав.
  Энэ хооронд гүүрэн дээгүүр зөрж өнгөрөх олны хөл татарсан бололтой. Хүний хөл, малын туурайн чимээ, дугуйн чихрах дуу – аль аль нь дээрээс сонсогдохоо больжээ. Салхины сэвэлзээ, зэгсний шивнээ, усан долгионы чимээ л сонсдож, үе үе хаа нэгтээ хөх дэглий дуу хадаана. Гүн бодолд автсан Бисэй алхаагаа зогсооход хэдийнээ түрлэг эхэлсэн бололтой, голын шар эргийг угааж долгиолох ус түрүүнийхээс ойрхон гэрэлтэх ажээ. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй хөмсгөө зангидан, тэсэлгүй бүдэг харанхуй эргээр хурдан хурдан алхаж эхлэв. Тэр зуур голын ус сөөм сөөмөөр, төө төөгөөр эрэг өөд дээшилсээр байлаа. Голын ус нэмэгдэхийн хэрээр замаг зааг хийгээд усны үнэр сэнхийж, хамаг биеэр нь сэрүү татуулан сэвшинэ. Дээш харвал гүүрэн дээр тусч байсан жаргах нарны хурц гэрэл аль хэдийнээ тасарч, зөвхөн гүүрний хашлага л үл ялиг хөхрөх үдшийн тэнгэрт хайчилбар мэт харлаж харагдана. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй эцэстээ арга буюу зогсов.
  Голын ус гутлыг нь норгон, ган болдоос ч хүйтэн гэрэл цацруулан гүүрэн доорх эргийн хэвгий хэлтгий бүрийг дүүргэж халив. Тийм учраас тун удахгүй өвдөг, гэдэс, цээж нь түрэлтийн өршөөлгүй их усанд автах нь гарцаагүй. Үгүй, энэ хооронд усны төвшин улам дээшилж, одоо бүр хоёр шилбэ нь голын усанд харагдахаа болив. Гэвч бүсгүй ирээгүй байлаа.
  Бисэй усан дунд зогссон чигээрээ эцсийн найдварын дөлөөр байн байн гүүр өөд, тэнгэр өөд ширтсэн хэвээр.
  Цээжээр нь татсан голын уснаа үдшийн бүрий улам хөхрөн гүнзгийрч, хол ойр шигүү ургасан зэгс бургас, уд модууд навчсынхаа гунигтай шивнээгээ л манан дундаас илгээх ажээ. Гэнэт алгана бололтой загас уснаас Бисэйн хамрыг шүргэн үсэрч гараад, цагаан гэдсээ эргүүлэн эх голдоо эргэж оров. Загас харван өнгөрсөн тэнгэрийн энд тэнд хэдийнээ одод анивчиж, хурдан нөмрөх шөнийн харанхуйд мөлхөө ногоонд ороогдсон гүүрний хашлага ч ялгарахаа байжээ. Гэвч бүсгүй ирээгүй л байлаа.

  -----------------------------------------

  Шөнө дунд сарны гэрэл зэгс бургас, уд моддыг нэлд нь гэрэлтүүлэх үед голын ус үелзүүр зөөлөн салхитай шивнэн ярилцаад гүүрэн доороос Бисэйн биеийг дөлгөөн долгионоороо бүүвэйлэн далай өөд аажуухан авч одов. Гэвч түүний амин сүнс тэнгэрийн голд ганцаар гуниглах сарны гэрлийг санаж хүсээ юм болов уу. Тэрээр эзэн биеэ сэмхэн орхиж, ус хийгээд замагны үнэр мөрөн голоос аниргүй ууршихын адил үл ялиг цайх тэнгэр өөд хөөрөн одсон билээ...

  Түүнээс хойш тэр сүнс тоймгүй олон удаа төрөл арилжсаны эцэст хэдэн мянган жилийн дараа дахин хүн болж төрөх тавилантай байжээ. Тэр нь миний энэ биед заяасан сүнс юм. Тиймээс би орчин үед төрсөн ч утга бүхий ажил хийж эс чадна. Би гэгээн өдрөөр ч, харанхуй шөнөөр ч манан мэт мөрөөдөлд автан амьдарч, гагцхүү ирж магад ид шид, гайхамшгийг хүлээнэ. Яг л үдшийн бүрийд, гүүрний доор үүрд үл ирэх хайртыгаа хүлээж байсан Бисэй лүгээ адил.

Тайшёо 8 оны 12 сар (1919 оны 12 сар)

*********************************************************************

* цүбо - талбайн нэгж, ойролцоогоор 3.3м2
* япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/24_15235.html

2011/05/17

"Рашёомон" өгүүллэг - нэрний учир



Акүтагава Рюүноскэ япон үлгэр домог болон эртний уран зохиолоос санаа авч бичсэн зохиол олонтой. Жишээ нь "Рашёомон" өгүүллэг нь Хэйан үеийн (794-1185/1192) сүүл хэсэгт зохиогдсон Японы эртний уран зохиолын дээжис "Конжякү моногатари" буюу "Эрт эдүүгээгийн цоморлиг"-ийн 29-р ботийн 18-р өгүүллэгээс санаа авч бичсэн зохиол юм. Конжякүгийн эл өгүүллэг Акүтагавагийн зохиолтой нэр бөгөөд үйл явдлын хувьд төстэй: Хэйанкёо буюу одоогийн Кёото хотын гол хаалга дээр нэгэн барлаг эр үхдэл хүүрийн үс зулгааж буй эмгэнтэй тааралдна. Харин Акүтагава энэ зохиолын нэрийг тэр чигээр нь зээлдэж авахдаа нэгэн бяцхан өөрчлөлт оруулсан нь монгол хэл рүү орчуулах аргагүй бөгөөд гагцхүү ханз үсэг сурсан хүмүүст л ойлгогдоно.

Эрт эдүгээгийн цоморлигийн эл өгүүллэгийг японоор 羅城門 гэж бичнэ. 羅城 (ражёо) гэдэг нь дээр үеийн хот цайзыг тойруулж барьсан хэрэм хаашааг хэлэх бөгөөд 門 (мон) гэдэг нь “хаалга” гэсэн утгатай ханз юм. Нийлээд 羅城門 (ражёомон) гэдэг нь хот уруу орох гол хаалга гэсэн утгаатай болно (дээрхи зураг бол Кёотогийн урлагийн музейд хадгалагдаж буй Ражёомон хаалганы загвар). Харин Акүтагавагийн өгүүллэгийн япон нэр нь 羅生門 буюу "Рашёомон" тул зохиолч голын ханзыг өөрчилсөн нь илэрхий. Ингээд асуулт...

Акүтагава ямар учраас 羅門 нэрийг 羅門 болгож өөрчлөв?

Айхтар асуулт мэт боловч зохиолыг уншсан бөгөөд ханз мэддэг хэн ч амархан хариулж дөнгөх байх. “生” гэдэг нь “төрөх”, “амьдрах” гэсэн утгатай ханз. Зохиолын баатар бузар булай, муу муухайгаас жигшин зэвүүцэх ч эцэстээ муу замын мөр хөөнө. Амьдралын эрхээр хүн юу ч хийж магад, эмгэн шиг бузар булай үйлийн хүчинд амьд явах хүн ч байна. Үхэх үү сэхэх үү, өлсөх үү хулгай хийх үү... энэ бүхний цаана хүний амьдрах хүсэл, амьд явах хүслэн байгааг Акүтагава ийнхүү ханз өөрчилж харуулсан болов уу.

2011/05/11

Р. Акүтагава "Бэрсүүт жүрж"


Р. Акүтагава "Бэрсүүт жүрж", 1919  
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Үүлтэй бүрхэг өвлийн үдэш байж билээ. Би Ёкосүка–Токио чиглэлийн галт тэрэгний хоёрдугаар зэргийн вагоны буланд суугаад бодолдоо автан галт тэрэг хөдлөх шүгэл дуугарахыг хүлээж байлаа. Аль хэдийнээ гэрэл ассан вагон дотор ховор тохиолдлоор надаас өөр зорчигч үгүй. Цонхоор гадагш харвал бүдэг харанхуй буудал дээр үдэгсдийн бараа хэдийнээ тасарч, гагцхүү торонд орсон гөлөг үе үе хуцах гунигтай дуу сонсогдоно. Энэ бүхэн миний тэр үеийн сэтгэлийн байдалтай сонин гэмээр нийцэж байв. Миний ухаан сүүдэртэж, хэлэхийн аргагүй их ядарснаас цас будрах бүрхэг тэнгэр мэт бараан байлаа. Би пальтоныхоо халаасанд хоёр гараа лав шургуулсан чигтээ тэнд байгаа оройн сонин гаргаж гарчиглах дур ч хүрэхгүй сууж байв.

  Тэгж байтал арайхийж галт тэрэг хөдлөх шүгэл дуугарлаа. Би сэтгэл жаахан тайвшрахыг мэдрэн толгойгоороо цонх налж нүдний өмнө галт тэрэгний буудал бага багаар ухарч эхлэхийг хүлээв. Гэнэт модон гэтаны(*1) чих дэлсэм тачигнах дуу гарч, тасалбар шалгах хаалганы зүгээс сонсогдов уу гэтэл, төдөлгүй кондукторын зандран загнах дуутай хамт миний сууж байсан хоёрдугаар зэргийн вагоны хаалга тас хийтэл нээгдэж арван гурав, дөрвөн насны жаахан охин ганцаараа, санд мэнд дотогш орж ирэв. Яг тэр мөчид галт тэрэг нэг том татганаж дайвснаа зугуухан хөдөлж эхлэв. Нэг нэгээр тасран холдох буудлын шонгийн мод, хэний ч юм мартаж орхисон бололтой усны тэрэг, вагон доторх хэн нэгэнд ёсолж бөхийх буудлын зөөгч – энэ бүхэн цонх өөд тургих утаа манан дунд хагацаж буйдаа харуусах аятай арагш ухран ард үлдэн хоцров. Би ашгүй нэг сэтгэл уужрах шиг болж ороомог тамхиа асаангаа хүнд зовхио анх удаа өргөж өмнөө суусан охины царайг зэрвэс харав.

  Тосны дусал ч үгүй үсээ(*2) мөнгөн гүйлсний навч засалтаар(*3) хойноо шууж боосон, шалбарч сайртсан хоёр хацар нь дотор эвгүйрэм минчийж улайсан, харах байдлын л хөдөөний охин байв. Бас болоогүй шар ногоон өнгийн элэгдсэн ноосон ороолт урдаа унжуулж өвдгөн дээрээ том боодол тавьжээ. Хагарч эвэршсэн гараараа боодлоо тэврэх агаад алгандаа гуравдугаар зэргийн вагоны тасалбар хичээнгүйлэн атгасан харагдана. Надад энэ охины болхи эршүүд царай ер таалагдсангүй. Бас түүний хиртэй хувцас хунар ч муухай санагдав. Ядаж байхад хоёр, гуравдугаар зэргийн вагоны ялгааг ч ойлгохгүй тэнэг бүдүүлэг нь уур хүргэм. Тиймээс би ороомог тамхиа асаагаад нэгд, энэ охин энд сууж буйг мартахын тулд халааснаасаа оройн сонин гаргаж өвдгөн дээрээ дэлгэв. Сонины хуудсан дээр цонхоор тусах гадны гэрэл гэнэт дан цахилгаан чийдэнгийн гэрэл болж хувирахад муухан хэвлэгдсэн хэдэн нийтлэлийн гарчиг нүдний өмнө үсэрч гарах мэт тодров. Галт тэрэг Ёкосүка төмөр замын олон туннелийн эхнийх рүү орсон нь энэ ажээ.

  Цахилгаан чийдэнгийн гэрэлд оройн сонины хуудсыг эргүүлж тойруулж гарчиглавч миний уй дарамтыг үргээх юм олдсонгүй – орчлон өдрөөс өдөрт улиг болсон үйл явдлаар дүүрэн аж. Найрамдлын гэрээ байгуулах асуудал, шинээр гэрлэгсэд, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг, нас барагсдын жагсаалт... Туннельд орсон даруйдаа галт тэрэг явах чиглэлээ эсрэг зүг эргүүлсэн мэт сонин сэтгэгдэл төрж, би нэг уйтгарт нийтлэлээс нөгөө рүү хараагаа гүйлгэн шилжүүлж байлаа. Тэгэх зуураа энэ охин – бараан саарал амьдралын бодит төлөөлөгч гэсэн царайтай урд минь сууж буйг санаанаасаа гаргаж чадаагүй юм. Туннельд орсон энэ галт тэрэг, хөдөөний энэ охин мөн хэнд ч хэрэггүй шалдир балдир нийтлэлээр дүүрэн энэ оройн сонин – бүгд бэлээхэн тэмдэг биш гэж үү? Энэ бүхэн үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралын бэлгэ тэмдэг биш бол юу гэж? Миний дургүй хүрч бүх юм утгагүй санагдаж, уншиж эхэлсэн сониноо чулуудаж хаяад дахин толгойгоороо цонх налж үхдэл мэт нүдээ анин зүүрмэглэж эхлэв.

  Түүнээс хойш удаагүй болов уу. Гэнэт нэг юманд сэрдэсхийн сэрж эргэн тойрноо харваас мөнөөх охин хэзээ амжсан юм, миний хажууд шилжин суугаад хамаг хүчээрээ цонх онгойлгох гээд үзэж байв. Гэвч хүнд шилэн цонх нээгдэхгүй байгаа бололтой. Түүний сэтэрч сайртсан хацар улам улайж, үе үе хамрын нусаа татах чимээ нь амьсгаа давхцах бяцхан дуутай хамт чихэнд сонсогдоно. Энэ бүхэн надад ч өрөвдөх сэтгэл төрүүлсэн нь үнэн. Гэвч яг одоо галт тэрэг дараагийн туннель руу орох гэж байгааг хатсан шаргал өвс нь үдшийн бүрийд цайрах хоёр талын уулын гүвээ цонх уруу ойртон дөхөж буйгаас шууд ойлгож болох. Тийм байтал охин хаалттай цонхыг зориуд буулгах гэж буйн учрыг би ойлгосонгүй. Үгүй ээ, энэ муу охин дураар аашилж байна гэхээс өөр шалтгаан бодогдсонгүй. Тиймээс урьдынх шигээ хахир сэтгэлээр хандаж, эвэршсэн гараараа шилэн цонх онгойлгох гээд хамаг хүчээрээ ноцолдож буйг нь үүрд үл бүтээсэй гэж хүсэх мэт хүйтэн харцаар харж байлаа. Удсан ч үгүй галт тэрэг нүсэр чимээ гарган туннель руу орохтой зэрэг охины нээх гэж байсан цонх ч пад хийтэл доош буув. Тэр даруй дөрвөлжин нүхээр хөө шиг хар агаар амьсгал боох утаа болон хувирсаар вагоны дотогш хүчтэй түрэн орж ирэв. Угаас хоолойн өвчтэйг хэлэх үү, халаасны алчуур гаргаж нүүрээ таглах завдалгүй энэ их утаанд автсан болохоор би бараг амьсгал авах завсаргүй тасралтгүй ханиалгав. Гэвч охин намайг тоосон шинжгүй толгойгоо цонхоор гарган, шанааныхаа үсийг харанхуйн салхинд хийсгэн галт тэрэгний явах зүг ширтэх ажээ. Охины энэ дүрийг вагоны гэрэл болон утаан дунд харах үед цонхны гадаах аажмаар цэвэршин цайж, тэндээс газар шороо, хатсан өвс ногоо, ус чийгний үнэр хүйтэн агаартай цуг сэнгэнэн орж ирээгүйсэн бол би нэлээд удаан ханиалгасандаа энэ танихгүй охиныг толгой түрүүгүй загнаж, буцааж цонх хаалгах байснаас гарцаагүй.

  Энэ үед галт тэрэг туннелээс алгуурхан гулсан гарч шаргал өвсөн бүрхүүлтэй хоёр уулын хооронд хавчигдсан нэгэн ядуу суурингийн төмөр замын гармыг өнгөрөх гэж байлаа. Гармын ойр хавьд навсгар, өнгө үзэмж муутай сүрлэн, шавар дээврүүд түлхэлцэх мэт бие биедээ наалдсан харагдана. Өртөөчин дэвж буй бололтой цагаавтар дарцаг үдшийн тэнгэрт шарлан дэрвэнэ. Арай хийж туннелээс гарав гэж бодсон тэр мөчид би зэлүүд гармын хашлагын цаана улаан хацартай гурван банди мөр зэрэгцэн зогсож буйг олж харав. Бүгдээрээ энэ үүлтэй бүрхэг тэнгэрт даруулсан мэт намхан. Мөн энэ суурингийн өнгөтэй адил бараан саарал хувцас өмсчээ. Тэд толгой гэдийлгэн өнгөрч буй галт тэргийг харж байснаа гэнэт нэгэн зэрэг гараа даллан өндөр нарийн дуугаар үл ойлгогдох зүйл хамаг чадлаараа хоолой мэдэн хашгиралдав. Яг тэр мөчид билээ. Цонхоор биеэ хагас гаргасан охин сайртсан гараа сунгаж баруун, зүүн рүү даллав уу гэтэл, гэнэт нарлаг өдрийн шим дулааныг шингээсэн сэтгэл баясам өнгийн тав, зургаан бэрсүүт жүрж галт тэрэг үдэх хүүхдүүдийн дээрээс тал тал тийш таран тэнгэрээс буув. Би өөрийн эрхгүй амьсгаагаа хурааж нэг дор бүгдийг ойлгов. Энэ охин, бодвол гэрээсээ хол айлд зарагдаж ажил хийхээр яваа энэ охин, өвөртөө хийсэн бэрсүүт жүржээр эгчийгээ үдэхээр төмөр замын гарамд ирсэн дүү нараа баярлуулъя гэж бодсон ажээ.

  Үдшийн гэрэлд уусах төмөр замын гарам, бяцхан ангаахайнууд жиргэх шиг хоолой чангалах гурван хөвгүүн, тэдний дээрээс буусан бэрсүүт жүржийн улаан шар нарны туяа – энэ бүхэн цонхны цаана нүд ирмэх зуур болоод өнгөрөв. Гэвч сэтгэлд минь өр өвтгөм тодоор зурагдан үлджээ. Тэгэхэд үл ойлгогдох дулаанаар сэтгэл дүүрч дэлгэр болсныг мэдэрсэн юм. Би толгой өргөн тэс ондоо хүн өмнөө харж буй мэт охиныг сайтар ажиглав. Охин миний эсрэг суудалд буцаж суугаад урьдынх шигээ хагарч сэтэрсэн хацраа шар ногоон өнгийн ноосон ороолтондоо нааж, том баадан тэврэх гартаа гуравдугаар зэргийн суудлын тасалбар чанга атган сууна.

  Би энэ үед анх удаа хэлэхийн аргагүй их ядарснаа мөн үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралыг хэсэг хугацаанд ч атугай мартаж чадсан билээ.

  Тайшёо 8 оны 4 сар (1919 оны 4 сар)

-------------------------------------------------------------------------

 *1 гэта – япон модон шаахай; хиёри гэта – ихэвчлэн бороогүй нартай өдөр өмсөх богино ултай гэта.
 *2 эмэгтэйчүүд үсээ улажлалт маягаар засахдаа тосолдог байв.
 *3 мөнгөл гүйлсний навч засалт (ичёогаэши) 銀杏返し – угтаа самурай ангийн нөхөрт гараагүй эмэгтэйн үс засалт боловч Мэйжигийн шинэчлэлээс хойш нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүд энэ маягаар үсээ засах болсон.

 *** япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/98_15272.html

2011/04/23

Р. Акүтагава, Ач хариулах тухай түүх 3 (төгсгөл)


  Поро Ясабүрогийн өчил

  Эх дагина Мария-сама! Маргааш үүр цаймагц миний толгойг авна. Толгой минь газарт өнхрөн унавч сүнс минь бяцхан шувуу мэт тань руу нисэн очно. Гэхдээ үгүй, муу үйл хийж явсан болохоор би парайсо (*28) диваажингийн сайхныг харахаас илүү ширүүн гал дүрэлзэх аймшигт инхэрүногийн (*29) ёроол руу, уруугаа харан унах байх. Гэвч миний сэтгэл хангалуун байна. Сэтгэлд минь хорин жил ийм их баяр бялхсан удаа үгүй билээ.
  Би Хоожёоя Ясабүро. Гэвч миний толгойг хүмүүс Амакава Жиннай гэж дуудна. Би – алдарт Амакава Жиннай ! Үүн шиг сайхан юм гэж байх уу? Амакава Жиннай – ямар байна? Сайхан нэр байгаа биз? Нэрийг нь хэлэхэд л энэ умгар харанхуй шоронгийн нүх сарнай, төмсний улаан цэцгийн дэлбээгээр дүүрсэн мэт сэтгэл төрнө.
  Мартахын аргагүй хоёр жилийн өмнөх өвөл, их цас орсон шөнө билээ. Би мөөрийтэй тоглоомын мөнгө дутаад эцгийнхээ гэрт нууцаар орсон юм. Цайны өрөөний шёожид(*29) галын сүүдэр тусч байсан тул сэмхэн нэг шагайя гэтэл гэнэт араас хэн нэгэн юу ч хэлэлгүй миний захнаас барьж авав. Эргэн харж түлхтэл дахиад дайраад ирэв – хэн болохыг нь мэдэхгүй ч хүч чадалаас нь харахад яавч жирийн нэгэн биш бололтой. Хоёр гурван удаа салж нийлэн ноцолдож байх хооронд цайны өрөөний шёожи нээгдэж цэцэрлэг рүү дэнлүү барин нэг хүн гарч ирсэн нь – гарцаагүй миний эцэг, Ясоэмон байлаа. Би бүх чадлаараа дайсныхаа заамдсан гараас мултарч өндөр хашаа даван гадагш зугтаж гарав.
  Гэвч хагас чёо(*30) хэртээ гүйж зугтаагаад байшингийн саравч доор нуугдан эргэн тойрноо ажиж харав. Зам дээр үе үе цагаан цасан утаа пургиж манарахаас өөр хөдлөх юм үгүй. Тэр хүн больсон уу, залхсан уу бүү мэд, ямар ч байсан хэн ч араас мөшгиж ирсэнгүй. Гэвч тэр эр хэн байв? Эгшин зуур харахад ламын дүртэй байсан нь лавтай. Гэхдээ тэр гарных нь хүч, ялангуяа тулааны урлаг эзэмшсэнийг нь харвал жирийн нэгэн лам яавч биш. Юуны түрүүнд, энэ их цастай шөнө манай гэрийн цэцэрлэгт ламбугай морилно гэдэг сонин хэрэг биз дээ. Би хэсэг зуур бодоод галаар наадах мэт аюултай ч дахиад нэг удаа цайны өрөөний гадаа нуугдаж очихоор шийдсэн юм.
  Түүнээс хойш удаа ч үгүй билээ. Өнөөх сэжиг бүхий бадарч лам цас намжсаны далимаар Огава гудамжаар уруудан ярвж байв. Энэ бол Амакава Жиннай! Самурай, рэнга зохиогч, жирийн хотын хүн, комүсо(*31) зэрэг ямар ч дүрд хувилж чаддаг гэх Кёотод алдартай хулгайч. Би түүний араас нэг ил гаран, нэг нуугдсаар дагаж явав. Тэр үеийнх шиг тэгэж хачин их баярлаж догдолсон удаа амьдралд минь үгүй билээ. Амакава Жиннай! Амакава Жиннай! Би зүүд нойрондоо хүртэл энэ хүнийг хичнээн их хүсч мөрөөдөж байсан бэ! Балмад канпакүгийн илдийг хулгайлсан нь Жиннай. Шямүроягийн шүрийг мэхэлж авсан нь ч Жиннай. Бизэн(*32) аймгийн захирагчийн кяра(*33) модыг тайрсан нь, Пэрэйра ахмадын цагийг хулгайлсан нь, нэг шөнийн дотор таван агуулах цөлмөсөн нь, Микавагийн(*34) найман самурайг цавчиж алсан нь – эдгээр болон хойч үеийнхэн хүртэл хүүрнэж ярих бусад бахдам, хачирхалтай гэмт хэргийг үргэлж Амакава Жиннай үйлдэж байсан билээ. Тэр Жиннай одоо миний өмнө сүрлэн малгай духдуйлан үл ялиг гэрэлтэх цасан замаар алхаж явна. Ийнхүү алхах дүрийг нь харах хүртэл жаргал биш гэж үү? Гэвч би улам ихийг хүссэн юм.
  Би Жёогонжи сүмийн ар хавьцаа Жиннайг нэг дор гүйцэв. Энэ хавьд айлууд байхгүй, үргэлжилсэн шороон ханатай тул өдрөөр ч гэсэн хүний нүднээс далдуур уулзахад хамгийн боломжит газар. Жиннай намайг хараад онц гайхсан янзгүй алгуур алхаагаа зогсоов. Тэрээр таягаа тулаад миний хэлэх үгийг хүлээсэн маягтай нэг ч үг дуугарсангүй. Би айж эмээсээр Жиннайн өмнө хоёр гараараа газар тулан сөгдөв. Гэвч тайван царайг нь харангуут хоолой зангираад амнаас дуу гардаггүй.
  - Намайг өршөөгөөрэй. Би Хоожёоя Ясоэмоны хүү Ясабүро гэж би минчийн улайж байж арай ядан амаа нээв.
  - Танаас гуйх зүйл байгаад таныг дагаж ирсэн юм... гэхэд Жиннай зүгээр толгой дохив. Зөвхөн үүнд нь өчүүхэн би хичнээн ихээр баярласан гэж санана. Би зориг орон гараараа цас тулсан чигээрээ эцэгтээ гэрээс хөөгдсөн тухайгаа, үл бүтэх хүмүүстэй нийлсэн тухай, өнөө шөнө эцгийнхээ гэрт хулгай хийхээр ороод санаандгүй Жиннай, өөртэй нь учирсан тухай, мөн эцэг тэр хоёрын яриаг нэгд нэгдгүй сонссон тухай – бүхнийг ярьж гарав. Гэвч Жиннай амаа жимийсэн хэвээрээ таг дуугүй, хүйтнээр намайг ширтэж байлаа. Яриагаа дуусгаад би Жиннай руу өвдөг дээрээ дөхөж очоод өөдөөс нь харав.
  - Хоожёоягийн гэрт үзүүлсэн ач тус надад ч гэсэн хамаатай. Ачийг тань мартахгүйн тулд би таны туслах болохоор сэтгэл шулуудлаа. Намайг туслахаа болгохыг хичээнгүйлэн гуйя. Би хулгай мэднэ. Гал түймэр дэгдээх арга ч мэднэ. Эдгээрээс бусад жирийн гэмт хэргийг ч гэсэн хэн нэгнээс дутахгүй хийж дөнгөнө.
Гэтэл Жиннай дуугарсангүй. Би догдлон бүр хүчтэй гуйж учирлав.
  - Намайг өөртөө аваач! Би сайн ажиллана. Кёо, Фүшими, Сакай, Осака - миний мэдэхгүй газар байхгүй. Би өдөрт арван таван ри(*35) алхаж чадна. Ганц гараар 4 то(*36) будаатай шуудай өргөнө. Хүний амь ч хоёр гурвыг хөнөөж үзсэн. Танаас гуйж байна, таны төлөө зүтгэхийг зөвшөөрөөч! Би таны төлөө юуг ч хийхээс буцахгүй. Фүшими цайзын орой дээрх цагаан тогорууг хулгайл гэвэл авчирч өгье. Сан-Франциско сүмийн хонхтой дуганыг шатаа гэвэл шатааж орхиё! Үдайжинкэгийн гүнж охиныг хулгайл гэвэл хулгайлж ирье! Хотын захирагчийн толгойг ч атугай ав гэвэл...
Би үгээ гүйцээгээж амжилгүй гэнэт өшиглүүлэн цасан дунд өнхрөн унав.
  - Мунхаг! гэж Жиннай зандраад цааш алхахыг завдсан тул би галзуу солиотой юм шиг хувцасных нь хормойноос нь зүүгдээд:
  - Танаас гуйя. Намайг дагуулж яваач! Ямар ч тохиолдолд би танаас урвахгүй. Таны төлөө гал усанд ч болов оръё. Эзопын үлгэрт хүртэл араатны хаан арсланг арчаагүй жижиг хулгана авардаг бус уу? Би тэр хулгана болъё. Би...
  - Дуугаа тат! Жиннай чам мэтээс тус хүртэхгүй.
Ингэж хэлээд Жиннай миний гарыг дугтран салгаж дахиад нэг өшиглөв.
  - Өөдгүй новш! Тэгснээс чи ээж аавынхаа ачийг хариул!
Би хоёр дахиа өшиглүүлээд гэнэт хорсол хөдөлж хоолой орогшив.
  - Тийм бий! Ачтан чинь болж үзүүлье дээ!
Гэвч Жиннай эргэж ч харалгүй цасан замаар шалавхан цааш алхав. Хэзээ ч юм тусч эхэлсэн сарны гэрэлд түүний сүрлэн малгай бүдэг бадаг харагдана... түүнээс хойш хоёр жил би дахин Жиннайг олж харалгүй өдийг хүргэлээ.

  (Гэнэт инээгээд) “Жиннай чам мэтээс тус хүртэхгүй” гэж тэр хэлсэн. Гэвч үүр цайхад намайг Жиннайгийн оронд цаазлана.
  Эх дагина Мария-сама! Би энэ хоёр жил Жиннайгийн ачийг хариулах хүсэлд хичнээн их шаналсаныг хэн ч мэдэхгүй! Ачийг хариулах аа? Үгүй, үгүй... ачийг гэхээс хорслоо тайлах хүсэл. Гэвч Жиннай хаана байна гэж үү? Жиннай юу хийж байгаа вэ гэж үү? Тэрийг хэн мэдэх билээ? Ер нь Жиннай гэгч ямар эр вэ ? – үүнийг хүртэл мэдэх хүн үгүй шүү дээ. Миний уулзсан хуурамч лам бол дөч орчим насны давжаа биетэй эр байсан. Гэвч Янагимачи дүүргийн зугаа цэнгээний газар гуч гараагүй насны, улаан нүүрэндээ сахал ургуулсан тэнүүлч самурай байсан гэж ярьдаг бус уу? Кабүкигийн тоглолт дээр үймээн дэгдээсэн гэлцэх бөгтөр нуруутай, улаан үстэй харь орны этгээд, Мёококүжи сүмийн эрдэнэсийг хулгайлсан гэх үсээ урдуураа унжуулсан залуу самурай – ингэж янз бүрээр хэлэгдэх нь бүгд Жиннай байсан гэвэл тэр эрийн хэн болохыг тогтооно гэдэг хүний чадлаас давсан бэрх ажил болно. Тэгж байтал ноднин жилийн сүүлээр би гэнэт цусаар ханиалгаж эхлэв.
  Хорсол гомдлынхоо хариуг авах юмсан... Өдрөөс өдөрт турж эцэнгээ би зөвхөн үүнийг л бодож байлаа. Тэгтэл нэг шөнө сэтгэлд минь нэгэн санаа гэнэт цэлмэн орж ирэв. Эх дагина Мария–сама! Мария–сама! Энэ санааг олсон минь энэрэлт таны ивээлээс гарцаагүй. Энэ биеэ золиослох, цусаар ханилгах өвчинд туйлдаа хүртэл турж яс арьс болсон энэ биенээсээ салах төдийд – зөвхөн үүнийг л сэтгэл шулуудан хийхэд цорын ганц хүсэл минь биелэх болно. Би тэр шөнө хэт их баярласандаа ганцаараа инээн тувт нэг л үгийг давтан хэлж байлаа: “Жиннайгийн оронд толгойгоо авахуулна! Жиннайгийн оронд толгойгоо авахуулна!”
  Жиннайгийн оронд толгойгоо авахуулна! – үүн шиг сайхан зүйл гэж байх уу? Тэгвэл мэдээж надтай хамт Жиннайгийн бүх гэмт хэрэг нь ч үгүй болно. Жиннай өргөн уудам япон орны хаагуур ч атугай бардам тайван алхаж болно. Оронд нь би (дахин инээв)... Оронд нь би нэг шөнийн дотор нэртэй цуутай дээрэмчин болно. Рүсон Сүкэзаэмоны туслах нь, Бизэн аймгийн захирагчийн кяра модыг тайрсан нь, цайны ёслолын мастер Рикюү Кожигийн анд нь, Шямүрогийн шүрийг мэхэлж авсан нь, Фүжими цайзын агуулахыг цөлмөсөн нь, Микавагийн найман самурайг цавчин алсан нь – Жиннайгийн бүх сүр, дуулиант хэрэг минийх болно. (Гурав дахиа инээв) Жиннайг аврах ч давхар Жиннайгийн нэрийг алах болно, гэрийнхээ ачийг хариулахын зэрэгцээ энэ биенийхээ хорслоо ч тайлах болно – хариугаа үүн шиг сайхан аргаар авна гэж байх уу? Би баярласандаа тэр шөнөжингөө инээж билээ. Одоо ч гэсэн, энэ шоронд ч гэсэн инээхгүй байх арга байна гэж үү?
  Ийм санаа сэдээд би эзэн хааны ордонд хулгай хийхээр орлоо. Сар хараахан гараагүй шөнийн бүрий харанхуйд хулсан хөшигний цаанаас галын гэрэл тусч нарс моддын дунд цэцэгс цагааран тодорч байсныг харсан мэт санаж байна. Урт дээвэр дээрээс хүнгүй цэцэрлэг рүү үсэрч бууваас хүсэж байсны минь дагуу даруй дөрөв, таван хамгаалагч самурай намайг барьж авав. Яг тэгэхэд билээ. Намайг унагасан сахалт самурай олсоор биеийг минь хамаг хүчээрээ ороонгоо “эцсийн эцэст Жиннай чамайг барьж дөнгөлөө шүү” гэж амандаа бувтсан юм. Тийм ээ. Амакава Жиннайгаас өөр хэн хааны ордонд орж зүрхлэх билээ ? Энэ үгийг сонсоод би хатуу олс хүлээсэнд дарагдан цээж минь оволзож байсан ч өөрийн эрхгүй инээд алдсан юм.
  "Жиннай чам мэтээс тус хүртэхгүй" гэж тэр эр хэлсэн. Гэвч үүр цаймагц Жиннайгийн оронд би цаазлуулна. Үүн шиг амттай алгадалт гэж байх уу даа! Авахуулсан толгойгоороо би тэр эрийн ирэхийг хүлээнэ. Миний толгой дуугүй боловч хүржигнэн инээж буйг тэр мэдрэнэ ээ. "За, Ясабүро ачаа хариулах ямар байна даа?" гэж тэр инээд түүнд хэлнэ. “Чи Жиннай байхаасаа өнгөрсөөн. Амакава Жиннай бол энэ толгой – улс даяар нэр нь гайхагдаж алдар нь айдас төрүүлэх японы хамгийн мундаг хулгайч бол энэ толгой !” (Инээнэ.) Ай юутай сайхан бэ! Амьдралдаа би ийм их жаргал амссан удаа үгүй билээ. Гэвч эцэг Ясоэмон миний авахуулсан толгойг харвал... (Гашуунаар) өршөөгээрэй! Аав минь! Цусаар хахаж ханиалгах өвчин туссан хүү тань толгойгоо авахуулаагүй ч гурав хүрэхгүй жилийн л настай байсан. Эцэг эхийнхээ ачийг умартсан бүтэл муутай хүүгээ өршөөгээрэй! Муу замаар явах заяатай төрсөн ч хүү тань гагцхүү гэрийнхээ ачийг хариулж чадсан билээ...

  Тайшёо 11 оны 3 сар (1922)

-----------------------------------------------------------------

*28 парайсо – диваажин ( paraíso гэдэг португаль үгний япон дуудлага)
*29 инхэрүно – там ( inferno гэдэг португаль үгний япон дуудлага)
*30 чёо – уртын хэмжээ, 109.09 м
*31 комүсо –нүүр далдлах дугуй сүрлэн малгай өмсч лимбэ үлээн зэн буддизмын бясалгал хийж яваа тэнүүлч лам
*32 Бизэн – японы эртний аймгийн нэр, одоогийн Окаяма мужийн зүүн өмнөд хэсэг
*33 кяра – агарын төрлийн анхилуун үнэртэй ховор мод
*34 Микава – японы эртний аймгийн нэр, одоогийн Айчи мужийн зүүн хэсэг
*35 ри – 3927 км
*36 то – 18,039 л

* япон эх: http://www.aozora.gr.jp/cards/000879/files/50_15246.html

2011/04/22

Р. Акүтагава, Ач хариулах тухай түүх 2


  Хоожёоя Ясоэмоны өчил

  Батэрэн(*23) минь, өчлийг минь сонсч хайрлаач. Та мэдэх байх даа, Амакава Жиннай гэдэг нэртэй хулгайчийн талаар сүүлийн үед дэл сул яриа зөндөө л дуулдаж байна. Миний дуулснаар Нэгоро сүмийн цамхагт амьдарч байсан нь, Балмад канпакүгийн (*24) илдийг хулгайлсан нь, мөн хаа хол далайн чанадад Рүсоны захирагч уруу дайрсан нь – энэ бүхэн Амакава Жиннайгийн хийсэн хэрэг. Тэр хулгайчийг саяхан бариад Ичижёогийн Модорибаши гүүрний хажууд толгойг нь олон түмэнд шившиг болгож тавьсан тухай ч бас та дуулсан болов уу. Надад тэр Амакава Жиннай их тус болсон юм. Гэвч ач тусынх нь хариуд одоо би хэлэхийн ч аргагүй хэцүү зовлонд унаад байна. Танаас хичээнгүйлэн гуйя, болсон явдлыг сонсоод нүгэлтэн Хоожёоя Ясоэмонд тэнгэрийн эзний ивээл гуйж мөргөл өргөж хайрлана уу?
  Одооноос яг хоёр жилийн өмнө өвөл болсон явдал билээ. Олон өдөр үргэлжилсэн далайн шуурганаар Хоожёомарү онгоц маань живж, үйл хэрэгт зориулсан бүх мөнгө үнс мэт үгүй болж, золгүй явдал ар араасаа нүүрлэсний эцэст Хоожёоягийн гэр дампуурч бүр туйлдаа тулсан байлаа. Хотын хүмүүсийн дунд худалдан авагч, захиалагч байх авч найз нөхөр байдаггүйг та мэднэ шүү дээ. Байдал ийм болсноос хойш манай гэрийн худалдаа эргүүлгэнд сорогдох усан онгоц мэт уруу харан тамын ёроол руу унаж байлаа. Гэтэл нэгэн шөнө – одоо ч гэсэн тэр шөнийн явдлыг мартахын аргагүй. Хүчтэй салхи шуурга дэгдсэн тэр орой эхнэр бид хоёр шөнө дөл болсоныг ч мэдэх сөхөөгүй ярьж суув. Тэгтэл гэнэт өрөөнд бадарч ламын өмсгөлтэй, нанбан зүгийн юүдэн малгайтай нэгэн эр ороод ирэв. Тэр эр гэтэл Амакава Жиннай болж таарсан. Би мэдээжийн хэрэг гайхаж, бас уурласан. Гэвч, яриаг нь сонсвоос Жиннай хулгай хийх гэж манайд орсон боловч Хоожёоя Ясоэмон миний бие хорин жилийн өмнө амийг нь аварсан ачтан болохыг мэдлээ гэж ярихыг нь юу гэх вэ?
  Гэхдээ яриаг нь сонсоод нээрээн, хорин хэдэн жилийн тэртээ байна уу даа, фүсүта(*25) онгоц жолоодож Макао руу ирж очдог байхдаа би сахал нь ч олигтой ургаж гүйцээгүй нэг япон залуугийн амийг аварснаа санав. Бас болоогүй ээ, тэр залуу согтуудаа зодоон цохион хийж санаандгүй нэг хятад хүн алснаас араас нь нэхэл дагуул ирж байна гэж ярьж байсан. Гэтэл тэр одоо муу нэрээ улс даяар цуурайтуулсан хулгайч болсон байх нь! Юутай ч Жиннай худал хэлээгүйг мэдсэнээс хойш бас аз болоход манайхан бүгд унтаж байсан тул би юу хүсч буйг нь асуув.
  Жиннай харин хүч чадал нь хүрдэг юм бол хорин жилийн өмнөх ачийг хариулж Хоожёояг аюулаас аврамаар байна, одоогоор хэдий хэмжээний мөнгө хэрэг болоод байна? гэж асуудаг байгаа. Би ч өөрийн эрхгүй инээд алдав. Хулгайч хүнээс мөнгө авна гэдэгт хөх инээд хүрсэндээ ч биш. Хэдий Амакава Жиннай ч гэлээ, хэрэг болоод байгаа хэмжээний их мөнгө бэлэн гаргаад тавьчих хүн манайд хулгай хийх гэж орохгүй нь мэдээж биз дээ. Гэвч мөнгөн дүнг хэлвээс Жиннай толгойгоо үл ялиг гилжийлгээд өнөө шөнийн дотор олоход хэцүү ч гурван өдөр хүлээвэл бэлэн болгоно гэж тун амархан амлав. Гэхдээ л зургаан мянган кан гэдэг тоймгүй их мөнгө тул олдоно хэмээн санахын ч хэрэггүй... санах байтугай шоо хаяж хоосон азанд найдахаас ч бүтэлгүй, мөрөөдсөний гарз гэж бодож байлаа.
  Жиннай тэр шөнө эхнэрийн маань хийж өгсөн цайг тайван сууж уугаад шөнийн шуурганд гарч одов. Маргааш нь тэрээр амласан мөнгөө авчирсангүй. Хоёр дахь өдөр ч мөн адил. Гурав дахь өдөр – тэр өдөр цас орсон юм, гэвч харанхуй шөнө болсон ч Жиннайгаас сураг үгүй. Би Жиннай амлалтаа биелүүлнэ хэмээн найдаагүй гэж түрүүн хэлсэн дээ. Гэвч дэлгүүрийнхээ ажилчдыг халаагүй, юм яаж эргэхийг харж байсныг бодоход жаахан ч болов найдвар өвөртлөн хүлээж байсан болов уу. Мөн гурав дахь өдрийн шөнө, дэнлүү харж суухдаа модны мөчрөөс цас унах тоолонд чих тавин чимээ чагнан сууж байв.
  Шөнийн гурав дахь харуул(*26) өнгөрөхөд гэнэт цайны өрөөний гаднах цэцэрлэгт хүмүүс зодолдож буй мэт дуу чимээ гарав. Мэдээжийн хэрэг би юун түрүүнд Жиннайд санаа зовов. Харуул цагдаад баригдсан биш байгаа? гэж бодон тэр даруй цэцэрлэг талын шёожи(*27) дэлгээд дэнлүүгээр гэрэлтүүлж харав. Цас хуримтлагдсан цайны өрөөний өмнө, цасный хүндэд дийлдэж бөхийсөн хулсны мөчрийн хажууд барилцаж авсан хоёр хүн харагдав. Гэтэл нэг нь нөгөөгөө түлхэж хаяад модны мөчрийн сүүдэр доогуур сүлжин дорхноо хашааны тийш хурдан гэгч нь зугтан одов. Цас унах чимээ, хашаа өөд авирах дуу...тэгээд эргээд анир чимээгүй болсон нь тэр этгээд хашааны нөгөө талд эсэн мэнд бууж чадсаных байлгүй. Харин нөгөөх нь араас нь хөөх шинжгүй, хувцасныхаа цасыг гөвөн миний зүг аяархан алхаж ирэв.
  - Би байна, Амакава Жиннай байна.
Би алмайраад Жиннайгийн дөхөж ирэхийг харж зогсов. Жиннай энэ шөнө ч гэсэн нанбан нутгийн юүдэн малгай, ламын өмсгөлтэй иржээ.
  - Нэлээд чимээ шуугиан тарьчихлаа. Зодооны дуугаар хүмүүс сэрээгүй байгаасай гээд Жиннай өрөөнд орохдоо үл мэдэг мишилзэв.
  - Намайг сэмхэн ийшээ ирж байхад хэн нэгэн энэ шалны доогуур мөлхөн орохыг завдаж байсан юм. Тэгээд барьж аваад царайг нь харъя гэтэл зугтчихлаа.
  Би түрүү хэлсэнчлэн санаа зовж байсан болохоор цагдаа харуул биш байгаа гэж лавлаж асуув. Гэвч Жиннай юун цагдаа, хулгайч байсан гэв. Хулгайч хулгайчаа барихыг оролдоно гэдэг – үүн шиг сонин хэрэг байх уу? Үүнд эсрэгээр Жиннай биш би муухан мишилзэв. Гэхдээ тэр яахав, мөнгө олсон эсэхийг мэдэхээс нааш тогтож суухын аргагүй байлаа. Харин Жиннай намайг амаа нээхээс өмнө байдлыг минь ойлгосон бололтой, өргөн бүсээ аажуу тайлангаа тулгын өмнө боодолтой мөнгө өрөв.
- Санаа зоволтгүй, зургаан мянган кан олсон болно. Уул нь ихэнхийг нь өчигдөр олсон боловч 200 кан дутаж байсныг өнөө шөнө авчирлаа. Энэ боодлыг авна уу. Өчигдөр хүртэл олсон мөнгийг та болон танай эхнэрт мэдэгдэлгүй энэ цайны өрөөний шалан доор нууж орхисон юм. Саяын тэр хулгайч энэ мөнгөний тухай шиншлээд энд ирсэн байх.
  Би зүүд манан дунд мэт түүний үгийг сонсож байлаа. Хулгайч хүнээр мөнгө олж авчруулна гэдэг – танаар хэлж зэмлүүлэлтгүй яавч сайн хэрэг биш. Гэхдээ мөнгө олдох эсэхэд эргэлзэж байхдаа би сайн мууг нь бодоогүй юм. Харин нэгэнт аваад ирсэн мөнгийг ажиг ч үгүй “авч чадахгүй нь” гэж татгалзах бас аргагүй. Тэгээд ч тэр мөнгийг авахгүй бол зөвхөн би биш манай гэр бүл, бүгдээрээ гудамжинд гарч гуйлга гуйх болно. Танаас гуйя, намайг ядаж өрөвдөж үзэхийг бодоорой. Би нэг л мэдэхэд Жиннайгийн өмнө хоёр гараараа шал тулан хэлэх үггүй уйлж байлаа...
  Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд Жиннайгийн тухай сул яриа, сураг чимээ дуулаагүй юм. Гэхдээ сүйрч дампууралгүй өдөр хоногийг эсэн мэнд элээж буй минь, бүгд Жиннайгийн ач тус тул би үргэлж түүний төлөө нууцаар эх дагина Мариад мөргөл өргөж байв. Гэтэл саяхны явдал... Амакава Жиннайг бариад Модорибаши гүүрний дэргэд толгойг нь олон түмэнд шившиг болгон тавьсан гэж амтай болгон ярьж буй бус уу? Миний гайхсаныг хэлэхийн аргагүй. Хүнээс нууцаар нулимс ч унагалаа. Гэхдээ өдий хүртэл хийж ирсэн бузар булай бүх үйлийнх нь үр гэж бодвол, тойрч гарахгүй гарцаагүй төгсгөл байлгүй дээ. Ийм олон жил тэнгэрийн хилэнд өртөлгүй эрх чөлөөтэй явсан нь харин ч эсрэгээрээ сонин гэмээр. Гэхдээ би ачийг нь өчүүхэн ч гэсэн хариулахын тулд ядаж хойд насных нь төлөө мөргөл үйлдье гэж бодоод, өнөөдөр ганцаараа Ичижёогийн Модорибаши гүүр лүү Жиннайгийн толгой харахаар явсан юм.

  Модорибаш гүүрэнд дөхөж очиход аль хэдийн толгойн өмнө олон хүн цугласан харагдав. Хийсэн хэргийг нь бичсэн цагаан модон самбар, толгойг манах харуул – бүх юм урьдын ийм гэсгээлээс ялгагдах юмгүй. Гэвч холбоотой гурван хулсанд зоосон тэр толгой, тэр аймшигтай цус нөж болсон толгой – юу гэгч нь энэ вэ! Шуугисан олны чимээ чихцэлдээн дунд тэр хөх толгойг харангуутаа би саа дайрсан мэт болов. Тэр толгой түүний толгой биш. Амакава Жиннайгийн толгой биш байв! Тэр өтгөн хөмсөг, өндөр шанаа, ялангуяа тэр хөмсөгний хоорондох сэлэмний сорви – Жиннайтай төстэй зүйл нэг ч үгүй. Гэвч... гэнэт би нарны гэрэл, эргэн тойронд чихцэлдэх хүмүүс, хулсанд зоосон толгой – бүгд хаа нэгтээ холын ертөнц рүү урсан одох мэт аймшигт цочрол, айдаст автав. Тэр толгой Жиннайгийн толгой биш. Миний толгой ! Хорин жилийн өмнөх, Жиннайг аварсан үеийн миний толгой байв. Ясабүро! Хэл минь хөдөлсөн бол би ингэж орилох байсан. Гэвч дуу гарах нь бүү хэл хамаг бие минь халуу шатаж дагжин чичирч байлаа.
  Ясабүро! Би зүүд зэрэглээн дунд хүүгийнхээ толгойг харж зогсов. Толгой үл ялиг гэдийсэн байдалтай, хагас аниастай зовхин доороос нүд нь намайг харсаар байлаа. Үүнд ямар учир байна?! Хүүг минь ямар нэгэн алдаа эндүүрлээс болж Жиннайд тооцоо юу? Гэвч байцааж лавласан бол биш гэдгийг нь шууд мэдэх тул тэгэж алдах учиргүй. Эсвэл Амакава Жиннай гэгч миний хүү байсан уу? Манай гэрт ирсэн хуурамч бадарч лам Жиннайгийн нэрийг зээлдэгч ондоо этгээд байсан юм уу? Үгүй ээ, тийм байх ёсгүй. Гурван өдрийн дотор, нэг ч өдөр хоцроолгүй 6 мянган кан мөнгө олж чадах хүн өргөн уудам япон оронд Жиннайгаас өөр хэн байхав? Тэгэхээр... тэр мөчид сэтгэлд минь гэнэт хоёр жилийн өмнөх цас орсон шөнө, цэцэрлэгт Жиннайтай зодолдож байсан үл таних эрийн дүр тодров. Тэр эр хэн байсан юм бол? Хүү минь байсан юм болов уу? Нээрээн, тэр хүнийг зэрвэс харсан ч гэлээ хүү Ясабүротой минь төстэй санагдаж билээ. Эсвэл энэ бүхэн сэтгэлийн минь эндүүрэл, эргэлзээ юу? Хэрвээ хүү минь байсан бол... Би гүн зүүднээс сэрэх мэт болж толгойг дахин сайтар ширтэж харав. Тэгсэн тэр хөхөрсөн, сонин маягаар суларсан уруулаас нь нэг тийм, инээмсэглэлтэй төстэй зүйл олж харлаа.
  Хулсанд зоосон толгой инээмсэглэлээ хадгална гэвэл, та тийм юм сонсоод инээх байх л даа. Би ч мөн адил анх анзаарахдаа хоёр нүдээ хоосон юм харж байна гэж бодсон. Гэвч ахин дахин, харах тусам тэр хатсан уруул нь яриан байхгүй инээмсэглэж буй мэт. Би тэр сонин инээмсэглэлийг маш удаан ширтэж зогссон юм. Тэгтэл, нэг мэдэхнээ миний нүүрэнд ч гэсэн инээмсэглэл тодров. Гэвч инээмсэглэхтэй зэрэгцэн нүднээс минь халуун нулимс хацар түлэн урсав.
  "Аав минь, өршөөгөөрэй" – гэж энэ инээмсэглэл чимээгүйхэн хэлж байлаа.
  "Аав минь. Эцэг эхээ бодоогүй муу хүүгээ өршөөгөөрэй. Би хоёр жилийн өмнөх тэр цастай шөнө, гэрээс хөөж гаргасны тань төлөө уучлал гуйх гэж сэмхэн гэртээ орсон юм. Өдрийн цагт дэлгүүрийн ажилтнуудад харагдахаас ичмээр төрхтэй байсан тул шөнө болохыг хүлээгээд таны унтлагын өрөөний үүдийг тогшиж ярилцах бодолтой байлаа. Гэвч азаар цайны өрөөний шёожигийн цаана гэрэл тусч байхыг хараад айж эмээсээр дөхөж очтол гэнэт хойноос хэн нэгэн хүн үг дуугүй над руу дайрсан юм.
  Аав минь. Дараа нь юу болсныг та мэдэж байгаа. Гэнэтийн явдалд балмагдаад би таныг харангуутаа нөгөө хүнийг түлхэж орхиод өндөр хашаа давж зугтсан. Гэвч хачирхалтай нь, тэр хүн лам төрхэй байсныг цасны гэрэлд харсан тул би араас хэн ч мөшгиж ирээгүйг нягтлаад дахин цайны өрөө рүү зориг гарган нууцаар очсон юм. Би өрөөний шёожигийн цаанаас бүх яриаг дуулсан.
  Аав минь. Хоожёояг аварсан Жиннай бол манай гэрийн ачтан. Жиннайд ямар нэгэн аюул тохиолдвол би өөрийн амиар ч болов их ачийг нь хариулна гэж шийдсэн билээ. Энэ ачийг гэрээсээ хөөгдсөн надаас өөр хэн хариулж чадах вэ дээ. Би хоёр жил ач тусыг нь хариулах боломж хүлээсэн юм. Тэгээд – тэр боломж ийнхүү ирсэн болно. Эцэг эхээ бодоогүй энэ нүглийг минь уучлаарай. Би бүтэл муутай, муу хүү байсан ч гагцхүү гэрийнхээ ачийг хариулж чадсан. Зөвхөн энэ бодол одоо намайг тайтгаруулна."
  Би гэртээ харих замдаа нэгэн зэрэг уйлж инээсээр хүүгийнхээ зүрх сэтгэлийг биширч байлаа. Та мэдэх байх, хүү Ясабүро маань бидэнтэй итгэл нэг тул "Поро" гэдэг нэр хүртэл хүртсэн юм. Гэвч... хүү маань азгүй байжээ. Үгүй, зөвхөн хүү минь биш. Би ч мөн адил, тэр Амакава Жиннай манай гэрийг аварч туслаагүй бол би ийм их зовлонд унах байсан гэж үү дээ. Одоо яах ч аргагүй гэлээ хэцүү байна. Гэр минь сүйрсэн нь дээр үү, хүү минь амьд байсан нь дээр үү ? ... (Гэнэт зовлонтой дуугаар) намайг аварч хайрлаач. Энэ чигээрээ бол их ачтан Жиннайгаа хүртэл үзэн ядаж магад. (.... удаан хугацаанд уйлах дуу)

  (төгсгөл дараагийн бичлэгт)

----------------------------------------------------------------------

*23 батэрэн – загалмайтны шашны лам (португаль үгний дээр үеийн япон дуудлага)
*24 Балмад канпакү 殺生関白 – Тоётоми Хидэцүгү (1568~1595). 1591 онд Тоётоми Хидэёшид үрчлэгдэж канпакү (эзэн хааны туслахтай дүйцнэ) цол хүртсэн боловч балмад харгис авирааса ийм хочтой болжээ.
*25 фүсүта – 16~17 зууны жижиг оврын португаль усан онгоц (португаль fusta гэсэн үгний япон дуудлага)
*26 гурав дахь харуул – шөнийг нийт таван харуул буюу хэсэгт хувааж байснаас гурав дахь харуул нь 23:00~01:00 юмуу 00:00~02:00.
*27 шёожи – япон байшин барилгын гүймэл модон хаалга, гэрэл нэвтэрдэг цагаан цаас нааж бүрхсэн бөгөөд хажуу тийш гулсуулж нээнэ. Голдуу өрөө хийгээд цэцэрлэг зэрэг байшингийн дотоод, гадаад талыг зааглана.

2011/04/19

Р. Акүтагава, Ач хариулах тухай түүх 1

  Манайхан Акутагавагийн нэрийг янз янзаар бичих юмаа. Зарим нь (голдуу дөчөөс дээш насныхан) дассан сурснаараа оросуудын галиглах ёсоор Акутагава Рюноскэ гэж бичнэ. Япон хэлтэй хэд нь япон дуудлага ямар байна, яг тэгж бичихийг хичээнэ.  Овгийн хувьд асуудал байхгүй - Акүтагава гэж бичих нь зүйтэй. Харин нэрийг нь яах вэ? Зарим нь Рюүноскэ, зарим нь Рюноскэ, зарим нь Рюүносүкэ гээд хүн болгон өөрийн үзэмжээр "үзээд" байх шиг. За хүнийг хэлэлтгүй би ч гэсэн... Японоор хэрхэн бичдэг вэ, тэрийг нь дагана гэвэл "Рюүносүкэ" гэж бичих нь зүйтэй. Гэхдээ  "с" үсгийн дараах "ү" бараг дуудагдахгүй тул "Рюүноскэ" гэж хэлэгдэнэ. Зарим нь "ю" үсгийн дараах  "ү" үсэг ч илүү, уртаар дуудсан юм алга, "Рюноскэ" л гэж байна шдээ гэж маргана. 

  Япон газар ус болон хүний нэрийг англиар ингэж тэгж буулгана гэж заасан нийтлэг дүрэм байдаг. Тэрийг нь Japan Times болон Global NHK ягштал баримтална. Дээхэн оросын элчинд виза авахаар очиход бид япон үгийг оросоор ингэж бичдэг гэж хүснэгт үзүүлснээ "таны нэрийг харин яах уу" гээд асууж байсансан. Сайн ч муу ч баримтлах дүрэмтэй улсууд амар шүү (япон нэрний “ш” үсгийг оросоор “с” гэж буулгана гэх мэт). Монголоор ч гэсэн ингэж тэгж бичнэ гэж нэг тийш шийдээд өгдөггүй юм байх даа...

  Зиак, зав гарсан дээр нэг өгүүллэг орчуулав:

  Акутагава Рюноскэ "Ач хариулах тухай түүх", 1922  
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)


  Амакава Жиннайгийн өчил

  Намайг Жиннай гэдэг. Овог гэснээс хүмүүс эртнээс намайг Амакава Жиннай л гэж дуудаж байх шиг. Амакава Жиннай – энэ нэрийг та ч гэсэн мэддэг юм уу? Гэвч айх хэрэггүй ээ. Намайг зартай хулгайч гэдгийг та мэднэ. Гэхдээ өнөө шөнө хулгай хийх гэж ирээгүй тул бүү сандар.
  Японд байгаа батэрэн (*1) нарын дундаас таныг хамгийн үнэнч сүсэг бишрэлтэй, өндөр ёс суртахуунтай гэж дуулсан юм. Тиймээс над шиг хулгайч хүнтэй хэсэг зуур ч болов хамт байна гэдэг таны хувьд таатай хэрэг биш байх л даа. Гэхдээ би хүмүүсийн боддог шиг зөвхөн хулгай л хийдэг эр биш шүү. Хэзээ билээ дээ, Жюракү(*2) ордонд уригдаж байсан Рүсон Сүкэзаэмоны(*3) туслахуудын нэг нь өөрийгөө Жиннай гэж танилцуулж байсан гэлцдэг. Рикюү Коожигийн(*4) нандигнаж байсан “улаан толгойт” усны лонх - түүнийг бэлэглэсэн рэнга(*5) шүлгийн мастерын жинхэнэ нэрийг бас Жиннай гэж дуулсан юм байна. Нээрэн, хоёр гурван жилийн өмнө “Амакавагийн өдрийн тэмдэглэл” гэдэг ном бичсэн Оомүра(*6) нутгийн орчуулагчийг ч гэсэн Жиннай гээгүй бил үү? Түүнээс гадна Санжёогаварагийн зодоонд Мальдонадо(*7) ахмадын амийг аварсан тэнүүлч лимбэчин лам, Сакаи хотын Мёококүжи сүмийн үүдэнд Нанбан(*8) газрын эм зарж байсан худалдаачин... тэдний нэрийг илчилбээс Жиннай гэдэг нэг нөхөр байхаас гарцаагүй. Гэхдээ бүр чухал этгээд ч бас байнаа. Ноднин жил "Сан-Франциско" сүмд эх дагина Мариягийн хумс бүхий алтан өргөл барьсан итгэгчийн нэрийг ч гэсэн Жиннай гэж байсан юм шүү.
  Гэвч харамсалтай нь өнөө шөнө ийнхүү үүх түүх ярьж суух зав надад алга. Ганц гуйх зүйл гэвэл Амакава Жиннай ч гэсэн эгэл жирийн олон хүмүүсээс ялгаагүй гэдэгт итгээрэй. Тийм үү? Тэгвэл ирсэн зорилгоо аль болох товч хэлье. Би нэг залуугийн сүнсний төлөө месса(*9) мөргөл үйлдүүлэхээр ирсэн юм. Үгүй, үгүй тэр миний цусан төрөл биш. Миний хутга мэсэнд өртөж амь насаа алдсан хүн ч биш. Нэр нь үү? За байз... нэрийг нь хэлж болох эсэхийг би шийдэж чадахгүй байна.
  Хэн нэгэн эрийн төлөө, эсвэл зүгээр Пооро гэдэг япон хүний сүнсийг даатгаж мөргөл үйлдүүлж болох уу ? Болохгүй юм уу? Ойлгож байнаа... Амакава Жиннай ийм юм гуйж байхад шууд зөвшөөрөх хэцүү л дээ. За тэгвэл яахав, болсон явдлыг нэг бүрчлэн ярья. Гэхдээ амь насанд тань аюул тулгарсан ч хүмүүст ам алдахгүй гэж андгайлаарай. Та наад хар загалмайгаараа андгайлбал амлалтаа биелүүлнэ биз дээ. Үгүй, үгүй намайг өөршөөгөөрэй. (Үл ялиг инээмсэглээд) ламтан танд үл итгэнэ гэдэг хулгайч миний хэрээс хэтэрсэн хэрэг. Гэхдээ амлалтаа биелүүлэхгүй бол (гэнэт нам дуугаар) инхэрүно тамын (*10) ширүүн галд шарагдахгүй ч гэлээ та энэ насандаа үйлийнхээ үрийг үзэх болно шүү.
  Аль хоёр жилийн өмнө, нэгэн шуургатай шөнө болсон явдал юм. Хотын гудамжинд мэдээж аль хэдийнээ хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарч, оддын гэрэлд салхины дуу л зай завсаргүй сонсогдоно. Би Кёо хотын (*11) гудамжаар бадарчин ламын дүрээр тэнэн хэсүүчилж явлаа. Кёо хотын гудамжаар тэнэн хэсүүчлэх нь тэр шөнө эхэлсэн ч хэрэг биш. Ойролцоогор таван өдөр дараалан шөнийн эхний харуул(*12) өнгөрмөгц хүний нүдэнд өртөхгүйг хичээн эргэн тойрны олон гэрийг нэг бүрчлэн сэмхэн шинжиж байлаа. Ямар зорилгоор гэдгийг хэлэх нь илүүц биз дээ... Ялангуяа тэр үед далай гатлан Марика(*13 ) руу ч юм уу аль нэг зүг аялах санаатай байсан тул мөнгө хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байв. Би Огава гудамж даган уруудаад хэдэн харанхуй байшингийн хажуугаар өнгөрөөд замын уулзвараар эргэхдээ буланд буй томоо гэгчийн байшин мөргөж зогсов. Тэр бол Кёод хүртэл алдартай Хоожёоя Ясоэмоны гэр байв. Адилхан гадаад худалдаа эрхлэдэг ч гэлээ Хоожёояг Кадокүра(*14) мэтийн том пүүсүүдтэй эгнүүлж хараахан болохгүй л дээ. Гэхдээ л Шямүро(*15) болон Рүсон(*16) руу нэгээс хоёр усан онгоц явуулж байсан болохоор Хоожёоя энэ хавьдаа л гайгүй баян айлуудын нэг. Би тэдний гэрийг сонирхсондоо тэр хавиар эргэлдээгүй ч нэгэнт ирснийх жаал юм олж завшихыг бодов. Бас түрүүнд хэлсэнчлэн гүн харанхуй шөнө болж хүчтэй салхи ч дэгдсэн учир миний мэргэжилд таатай бүхий л нөхцөл бүрдээд байв. Би замын хажуу дахь борооны ус хураах савны ард сүрлэн малгай, таяг хоёроо нууж орхиод өндөр хашааг нь давж гарав.
  Ингэхэд, миний тухай цуу яриаг сонссон биз дээ! Амакава Жиннай дүрсээ далдалж үл үзэгдэгч болдог гэж амтай болгон л ярих юм. Гэвч та энгийн иргэд шиг иймэрхүү дэл сул ярианд итгэдэггүй биз дээ. Би үл үзэгдэгч болж чадахгүй, чөтгөр сүнстэй ч нөхөрлөөгүй. Зүгээр, Макаод байхад португали онгоцны эмч намайг юмны учир, зүй тогтлын ухаанд сургасан юм. Тэрийг нь амьдралд хэрэгжүүлбэл том цоож онгойлгож, хүнд түгжээ тайлна гэдэг тийм ч хэцүү ажил биш. (Инээмсэглээд) өмнө байгаагүй хулгайн арга заль – энэ бүгд япон гэдэг талхлагдаагүй тариан талбайд загалмай, галт буутай хамт гадаадаас орж ирсэн биз дээ.
  Би тэр даруй Хоожёоягийн гэрт нэвтрэн орсон авч харанхуй хонгил дөнгөж өнгөрөөд гайхан зогсов - шөнө дөлөөр нэг өрөөнөөс галын гэрэл тусахаар барахгүй хүн ярих чимээ сонсогдож байв. Сайтар эргэн тойрноо ажваас тэр нь цайны өрөөнөөс гарцаагүй. Шуурганаар цайны ёслол оо гэж би жуумалзаад сэмээрхэн тийшээ дөхөж очив. Үнэнийг хэлэхэд хүмүүсийн дуу сонсоод ажлын садаа гэж бодохоос илүү тансаг сайхан орчинд гэрийн эзэн болоод зочид нь хэрхэн наадан цэнгэж буйг сонирхъё гэж бодсон юм.
  Дөхөж очин фүсүмагийн(*17) гадна чихээ наан чагнахад миний бодсоноор тогоонд буцалж буй усны чимээ сонсогдов. Гэвч усны чимээтэй хамт хэн нэгэн ярих, бас хэн нэгний уйлах дуу ч сонсогдов. Хэн нэгний? Дахиж лавлалтгүй эмэгтэй хүний дуу байсан л даа. Ийм том өргөөнд шөнө дөлөөр эмэгтэй хүн уйлна гэдэг яавч жирийн хэрэг биш. Би амьсгаагаа дарж, азаар дутуу хаалттай байсан фүсүмагийн завсраар өрөөний дотогш шагайж харав.
  Дэнлүүний гэрэлд харагдах токонома(*18) дахь хуучин какэмоно(*19) , ваартай тунхуу цэцэг – бүх юм цайны өрөөний заншил ёсоор хуучны төлөв байдлыг хадгалсан харагдана. Токономагийн өмнө, яг над руу харан сууж буй өвгөн бол гэрийн эзэн Ясоэмон бололтой, нарийн хээтэй хаори(*20) өмссөн байв. Тэрээр элгээ тэврэн хөдөлгөөнгүй суух агаад хажуунаас харахад тогоонд ус буцлахыг чагнаж буй мэт. Ясоэмоны доохонтой үсээ шууж боосон боловсон байрын цэмцгэр эмгэн хөндлөн суух бөгөөд үе үе нулимсаа арчина.
  "Гачигдаж дутагдах юмгүй гэлээ ч эднийг ч гэсэн гай зовлон тойроогүй бололтой" – ингэж бодохдоо би өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Инээмсэглэсэн маань Хоожёогийнханд муу санасандаа ч биш. Над шиг дөчин жил муу нэрээр дуудуулсан хүн бусдын, ялангуяа аз жаргалтай баян чинээлэг хүмүүсийн зовлонд өөрийн эрхгүй инээмсэглэдэг юм. (Царай нь хувирч харгис төрхтэй болоод) Тэр үед эхнэр нөхөр хоёрын зовлон гаслан надад ший жүжиг үзэж байгаа мэт сайхан санагдаж байлаа. (Доогтойхон инээмсэглээд) Гэхдээ энэ бол ганцхан миний хүн муутайнх биш байхаа. Гунигт түүх зохиолд хэн ч гэсэн дуртай байдаг биз дээ.
  Ясоэмон хэсэг дуугүй сууснаа санаа алдан ийн хэлэв.
  - Нэгэнт байдал ийм болсон тул уйлж турхираад юу ч өөрчлөгдөхгүй. Би маргааш дэлгүүрийнхээ ажилчдыг халахаар шийдлээ.
  Яг тэр үед хүчтэй салхи цайны өрөөг донсолгов. Түүнээс болоод тэдний дуу сонсогдохгүй замхарч Ясоемонгийн эхнэр юу гэж хариулсныг мэдэхгүй. Гэвч, нөхөр нь толгой дохингоо хоёр гараа өвдгөн дээрээ тавиад хулсан адар өөд дээш харав. Өтгөн, өргөн хөмсөг, өндөр шанаа, ялангуяа тэр нарийвтар урт нүдний булан – харах тусам яахын аргагүй хаа нэгтээ урьд уулзсан хүний царай.
 - Ачит эзэн "Эсү Кирисүто" сама(*21) ! Эхнэр бид хоёрын сэтгэлд өөрийн хүч чадлыг хайрлаач !...
  Ясоэмон нүдээ аньсан чигээрээ мөргөлийн үг бувтнаж эхлэв. Хөгшин нь ч нөхрийнхөө адил тэнгэрийн эзнээс ивээл гуйж буй бололтой. Би тэр үед нүд цавчилгүй Ясоэмоны царайг л ширтсээр байлаа. Хүчит салхи шуугин өнгөрөхөд миний сэтгэлд хорин жилийн тэртээх явдлын тухай дурсамж гэрэлтэж тэр дурсамжаас Ясоэмоны дүр тодров.
  Хорин жилийн тэртээх дурсамж гэдэг нь... гэхдээ тэр тухай ярихаа больё. Юу болсныг товчхон хэлбэл, Макао руу хийсэн аялалын үеэр нэгэн япон далайчин амийг минь аварсан юм. Тэр үед бид нэр усаа солилцолгүй тэр чигээрээ салсан боловч яг одоо харж байгаа Ясоэмон яах аргагүй тэр далайчин эр мөн байв. Санаандгүй ингэж учирсанд гайхаад би нүд салгалгүй хөгшний царайг ширтсээр байлаа. Нээрэн, түүний хүчирхэг өргөн мөр, бүдүүн үетэй хуруунд нь одоо ч гэсэн шүрэн хадны далайн давалгааны хөөс, зандан модны үнэр нэвт шингэсэн мэт санагдаж байв .
  Ясоэмон урт мөргөлөө дуусгаад эхнэртээ аяархан хэлэв:
  - Ингээд бүгдийг тэнгэрийн эзний мэдэлд даатгалаа гэж бодох нь зүйтэй... За, ус буцалчихсан байна, хөгшиндөө аяга цай хийгээд өгөөч?
  Харин эмгэн юу юугүй мэлтэрэх гээд байгаа нулимсаа арай ядан барьж буй бололтой, агаарт арилах мэт сул дуугаар хариулав.
  - За... гэхдээ одоо ч гэсэн... харамсах юм...
  - Заа, наадахыг чинь хоосон гомдол гэнэ дээ. Хоожёомарү живсэн нь ч, усан онгоц явуулахад гаргасан бүх мөнгө үгүй болсон нь ч, энэ бүхэн...
  - Үгүй дээ, тийм юм биш. Ядаж хүү маань, Ясабүро маань одоо хамт байсан бол гэж бодоод...
  Энэ яриаг сонсоод би дахиад л инээмсэглэв. Гэхдээ энэ удаад Хоожёоягийн золгүй явдалд баяссандаа биш, харин “эртний ачийг хариулах цаг ирлээ” гэж санасандаа баярлаж байсан болно. Надад ч гэсэн, таныг зорьж ирсэн Амакава Жиннайд ч гэсэн хүний ачийг хариулсан шиг хариулах сэтгэлийн... Гэхдээ сэтгэлийн энэ их баярыг надаас өөр хүн мэдэхгүй л дээ. (Доогтой) Үнэнийг хэлэхэд, энэ дэлхийн сайн хүмүүсийг өрөвдөх юм. Нэг ч муу үйл хийж зүрхлэхгүй тэд, хүн сайн үйл хийхдээ хичнээн их баяр баясгалан амсдгийг төсөөлөх ч үгүй биз!
  - Юу гэнээ... Тэр золиг байхгүй нь аз л гэж мэд! - Ясоэмон гашуун дуугаар хэлээд хараагаа дэнлүү рүү шилжүүлэв.
  - Түүний үрэн таран хийсэн мөнгө байсан бол энэ удаагийн золгүй явдлыг яаж ийгээд тэсээд гарсан ч байж магад. Тэгэж бодохоор гэрээс хөөж гаргасан минь... Ясоэмон ингэж хэлэнгүүтээ намайг олж хараад гайхан зогтусав. Гайхах нь ч аргагүй: би чимээ гаргахгүй захын фүсүмаг онгойлгосон юм. Бас болоогүй миний гадаад төрх ч гэсэн, тэнүүлч ламын нөмрөгөнд биеэ далдалж, түрүүхэн тайлж тавьсан сүрлэн малгайнхаа оронд нанбан нутгийн юүдэн малгай өмссөн байлаа.
  - Хэн бэ, чи?!
  Ясоэмон хөгшин ч гэлээ шалмаг гэгчийн ухасхийн босов.
  - Надаас айх хэрэггүй. Миний нэр Амакава Жиннай. Зүгээр, зүгээр, тайван байгаарай. Амакава Жиннай хулгайч боловч энэ шөнө гэнэт ингэж ирсэн минь өөр учиртай. Би малгайгаа тайлангаа Ясоэмоны өмнө суув. Түүнээс хойш юу болсоныг надаар яриулалтгүй таамаглана биз дээ. Би Хоожёоягийн ачийг хариулахын тулд гурван өдрийн хугацаанд, нэг ч өдөр хоцроолгүй 6 мянган кан(*22) мөнгө олж өгнө гэж амласан юм.
  Байз, хаалганы гадаа хөлийн чимээ сонсогдов уу? За, өнөө оройдоо баяртай. Маргааш юмуу, нөгөөдөр шөнө дахиад нэг удаа танайд нууцаар ирье. Их загалмай од Макаогийн тэнгэрт гэрэлтдэг ч японы тэнгэрт харагдахгүй. Би ч гэсэн тэр од шиг японоос алга болохгүй бол өнөө шөнө месса мөргөл уншуулах гэж ирсэн Порогийн өмнө буруугаа наминчилж үл чадна.
  Яаж зугтана гэж үү? Түүнд санаа зоволтгүй ээ. Энэ өндөр цонхоор ч, тулга галын энэ том нүхээр ч дуртай газраараа дураараа гарч болно. Ганцхан зүйл хүсье - ачит Порогийн амин сүнсийг бодож энэ хэргийн тухай хэнд ч бүү хэлээрэй.

  (үргэлжлэл дараагийн бичлэгт)

---------------------------------

 *1 батэрэн – загалмайтны шашны лам (португаль үгний дээр үеийн япон дуудлага)
 *2 жюракү – Тоётоми Хидэёшигийн (1536-1598) ордон
 *3 Рүсон Сүкэзаэмон – өмнөд орнуудтай худалдаа хийж ихээхэн хэмжээний хөрөнгө хураасан Изүми мужийн нэртэй худалдаачин
 *4  Рикюү Кожи – Сэн-но Рикюү (1522-1591) цайны ёслолын нэрт мастер. Эхлээд Ода Нобунага, дараа нь Тоётоми Хидэёшигийн ордонд цайны ёслол хариуцаж байсан боловч 1591 онд Хидэёшигийн тушаалаар сэппүкү хийж амиа хорлосон.
 *5 рэнга – XIV~XVI зуунд дэлгэрсэн шүлгийн нэг хэлбэр
 *6 Оомүра – дундад зууны үед Оомүра даймёогийн цамхагийн дэргэд байсан бяцхан хотхон. Одоо Нагасаки мужийн хот.
 *7 Мальдонадо - Тухайн үед Нагасаки болон Хёого хотуудын боомтод голландын худалдааны усан онгоц ирдэг байсан агаад тийм нэгэн онгоцны ахмадыг хэлж буй бололтой.
 *8 нанбан – Мүромачи үеийн (1333~1573) сүүлээс Эдо үе (1603~1868) хүртэл вьетнам, тайланд, филиппин зэрэг зүүн өмнөд зүгийн орнуудыг нанбан гэж дуудаж байв.
 *9 месса - загайлмайтны шашны католик болон лютеран урсгалын нэгэн зүйл ёслол мөргөл
 *10 инхэрүно – там (inferno гэдэг португаль үгний япон дуудлага)
 *11 Кёо хот – Кёото
 *12 эхний харуул – шөнийг нийт таван харуул буюу хэсэгт хувааж байснаас эхний харуул нь 19:00~21:00, эсвэл 20:00~22:00 хоорондох цаг заана.
 *13 Марика – Малайз
 *14 Кадокүра – тухайн үеийн японы хамгийн том худалдааны пүүс
 *15 Шямүро – Сиам
 *16 Рүсон – Филиппины арлуудын нэг болох Лусон арлын япон дуудлага
 *17 фүсүма – хатуу цаас наасан хажуу тийш гулсуулж нээдэг гүймэл модон хаалга, нэг өрөөг нөгөө өрөөнөөс зааглах үүрэгтэй.
 *18 токонома – ханан дахь босоо ховил, зураг өлгөж цэцэгтэй ваар тавих зэргээр чимэх агаад япон өрөөний зайлшгүй нэг хэсэг
 *19 какэмоно – дээд доод өнцгийг нь яс юмуу модон савханд орож бэхэлсэн урт нарийн цаас буюу торгон дээр зурсан хятад, япон уламжлалт зураг
 *20 хаори – япон эрэгтэй хүний хантааз
 *21 Эсү Кирисүто сама – Иисус Христос (дээр үеийн япон дуудлага)
 *22 кан – эдогийн үеийн мөнгөний нэгж: 1 рёо = 4000 мон, 1 кан = 1000 мон; эдогийн үед 1 рёогоор 1 коку (150кг) будаа авч байсан бөгөөд нэг хүний жилд идэх нийт будааны хэмжээг 1 кокуд тооцож байв

2011/04/14

К. Сакёо "Авлигын тухай хуулийн төсөл"

  Комацү Сакёо "Авлигын тухай хуулийн төсөл", 1978  
   Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)


  Сайдын царай бараан байлаа.
  - Арга чарга алга уу? Авлига энэ янзаараа асар хурдан өсөөд байвал засгийн газар бүү хэл эрх баригч намын нэр хүнд, хүчин чадал хүртэл ганхах аюултай.
  - Уучлаарай, өчүүхэн миний бодлоор... гээд нарийн бичиг нь ярьж эхлэв: “Авлигын жинхэнэ тоон үзүүлэлт нь, судалгааны үр дүнгээс харахад тийм ч хурдан нэмэгдээгүй бололтой. Гагцхүү баригдаж илрэх нь л ихсэж буй хэрэг юм”.
  - Тэгвэл үгээ өөрчилье... гээд сайд ярвайв. Сүүлийн үед ил гарч баригдах хээл хахууль асар ихээр нэмэгдэж байна. Энэ янзаараа бол эрх баригч нам маш хэцүү байдалд орно.
  - Таны хэлэх үнэн гээд нарийн бичиг толгой дохив. Тэр бүү хэл, сүүлийн үед ийм хэрэгт томоохон тушаалын хүмүүс хүртэл хамрагдах хандлагатай болж байна. Миний мэдэж буйгаар сайд таны ойры...
  - Дуу гэм!
Сайд сандран нарийн бичгийнхээ яриаг таслаад шивнэв: “Тэр хэрэг зүгээр ээ. Арга хэмжээ авсан байгаа”.
  - Гэвч бусад сайд болон намын удирдагч нар... Яадаг билээ. Ер нь үүнийг далимдуулан дэг журмын төлөө хэлмэгдүүлэлт боловч хийж байгаад хээл хахууль, авлигын бүх хэргийг нэг тийш цэгцэлж, хүмүүсээ шинэчлэн цэвэрлэгээ хийвэл ямар вэ?
Сайдын царай улам ярвайлаа.
  - Хэмжээг хэтрүүлж бас болохгүй. Авлига гээд л шуугиад байх юм. Бодоод үз дээ, эрх ашиг үгүй бол яршиг ядаргааны туйл болсон улс төртэй хэн зууралдах юм бэ! Тэгвэл Япон улсад маань улс төрч үлдэхгүй шүү дээ.
Гайхалтай чадварлаг бололтой, нарийн бичгийнх нь нүд гялалзав.
  - Тэгвэл шүүх цагдаагийн урт гар үүнээс илүү сунахаас урьтаад авлигын хэрэгт өнөөх онцгой эрхээ байнга хэрэглэдэг болговол дээргүй юу?
Гэвч сайд дургүйцсэн царай гаргав.
  - Асуудлыг арай тэгж томсгож болохгүй. Эртээдийн усан онгоцны үйлдвэрийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш онцгой эрх ашиглаж хэрэг таслах амаргүй болсон.
  - Гэхдээ сайд аа... та тэр үед тэр эрхийн ачаар... гэснээ сайдын царай хувирсныг харангуутаа нарийн бичиг дуугаа хураав.
  - Олигтойхон арга байхгүй гэж үү? Арга байхгүй юу даа... сайд уцаарлангуй хэд хэд давтаж хэлэв. Арга хэмжээ авах хэрэгтэй байна, хэрэг бишдээд байна!
  - Тэгвэл... гэснээ нарийн бичиг суудлаа засаж, дөхөж суув. “Ер нь хээл хахууль болон шан харамж тодорхой хэмжээгээр нийгэмд тустай”
Сайд толгой дохив.
  - Яг тийм. Хүч чадал, хичээл зүтгэлээрээ нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүний эдлэх ёстой зүй ёсны эрх мөн.
Нарийн бичиг нь,
  - Тийм атал болохгүй юм хийж буй мэт сэмхэн, далд нууцаар өгч авалцаж байгаад л асуудлын учир оршино гэж нухацтай хэлэв. Ерөөс нэг мөр “Авлигын тухай хууль” баталж олон нийтэд ил тод бөгөөд илэн далангүй хийдэг болговол ямар вэ?
  - Юу гэнэ ээ ? – сайдын нүд нь бүлтийв.
  - Авлига өгч, авлига авах нь ерөөс ичгүүртэй хэрэг биш. Гагцхүү нууцаар сэмхэн үйлдэх нь өвчний үүрийг улам гүнзгийрүүлж буй хэрэг юм. Нууцаар хийх нь пүүс компаниудын хооронд эрүүл бус өрсөлдөөн үүсгэж, асуудлыг лавшруулж байгаа билээ.
  - Нээрээ ч авлигатай хатуу аргаар тэмцлээ гээд халж устгаж чадах биш дээ. Үүнд ямарваа нэгэн зохицуулалт шаардлагатай. Нөгөө талаас, нэгэнт өгч авалцаж байгаа юм бол бөндгөр толгойгоо ашиглаад боловсронгуй аргаар, баригдахгүйгээр хийх хэрэгтэй шүү дээ. Би хээл хахуулийн арга барилын тухай зааж сургая гэж бодож байсан шүү...
Нарийн бичиг,
  - Зааж сургана гэдэг хоёрын хооронд гурвын дунд арга хэмжээ гэв. Асуудлыг хөндөх төдий биш бүрмөсөн шийдэхийн тулд бүгдийг ил тод болгох хэрэгтэй. Авлигын муу тал нь далдуур нууцаар хийгдэж буйд оршино. Мөн татварт хамрагдахгүй байгаа нь байдлыг хүндрүүлж байна гэв.
  - Нээрээ ч тэр тал нь бүрхэг шүү...
  - Тиймээс авлигын хэмжээг яамны тойм сэтгүүлд бичих замаар олон нийтэд зарлаад, өгөх авах талын аль алинд нь үлэмж их татвар ноогдуулах хэрэгтэй. Тэгэж чадваас засгийн газар өдгөө тулгараад буй хөрөнгийн эх үүсвэр олох хэцүүхэн давааг ч хөнгөхөн давж дөнгөнө.
Сайд,
  - Авлига өгөх татвар, авах татвар... хмм... юм бүхэнд татвар оноох ёстой шүү гэж толгой дохисноо “Гайгүй санаа байна” гэв.
  - Эрх ашгийн сонирхлыг ч үнэт хувьцаа шиг зах зээлд нээлттэй зарж худалддаг болговол ямар вэ? гээд нарийн бичиг санаагаа цааш тайлбарлав: "Эрх ашгийн зах зээл үүсгээд хэн ч авах боломжтой болгоно. “К” барилгын компаний өнөөдрийн ханш төд, “A” усны далан засах ажил төдий чинээ... гэх мэт".
  - Наадах чинь бас дажгүй санаа байна шүү. Миний хувь ч...
  - Авлигад өндөр, маш өндөр татвар тогтоох шаардлагатай. Харин далд авлигыг хатуугаар шийтгэж цээрлэнэ. Цаазаар авах ч юмуу, цөлөх ял оноох хэрэгтэй.
  - Цаазаар авах аа? сайд гайхсандаа хахах шахан суув. Арай хатуудах юм биш үү?
  - Хатуу шийтгэхгүй бол далд авлигал газар авч устгах ямар ч аргагүй болно - нарийн бичиг шийдэмгий агаад таслах аятай хатуухан хэлэв. Авлигын ардчилал, хээль хахуулийн ил тод байдлын төлөө бүхнийг нээлттэй болгох хэрэгтэй.
  - Ямар ч байсан мэргэн санаа байна. Наад яриад байгаа “Авлигын тухай хуулийн төслөө” бэлэн болгоодох гээд сайд ширээгээ топ хийтэл алгадаад босов: “Өөр арга ч алга бололтой дог”.

  Сайдын өрөөнөөс гарангуутаа нарийн бичиг ёжтойгоор инээв. Тэрээр өөрөөндөө буцаж ирээд туслахуудаа хөөж гаргаад утсаа ойртуулан хоёр газар руу залгаж адил агуулга бүхий юм ярив:
  - Байна уу... би байна... Хэцүүхэн юм дуулаад нэн түрүүнд таны сонорт хүргэе... гээд нарийн бичиг нам дуугаар тайлбарлаж эхлэв. Тийм, миний мэдэхийн одоо “Авлигын тухай хууль” яригдаж байна. Энэ хуулийн агуулга нь нэг үгээр хэлбэл...
Ийнхүү хоёр газартай ярьж дуусаад нарийн бичиг хөгжүүн инээж алгаа илэв.
  - Одоо л олзуурхмаар гоё юм эхлэх нь. Энэ хууль батлагдвал хувийн хэвшлийнхний ачаа ихсэх тул тэд хамаг хүчээр эсэргүүцэж таарна. Харин улс төрчдийн хувьд ил тодоор хээл хахууль авах боломж бүрдэх тул батлуулах гэж улайрна. Ингээд аль аль талаас “ажилласны төлөөх” хөлс надад орж ирнэ.

2011/03/24

Асагийн тухай Аяко 2



(үргэлжлэл)

Хамгийн тэнэг санагдсан нь:

"Монгол хэлэнд 受動態 (passive voice) буюу идэвхгүй хэв бага хэрэглэгдэнэ. Ихэнхи тохиолдолд ярьж буй хүн эзэн бие болох 能動態 (active voice) буюу идэвхтэй хэв хэрэглэгдэнэ. Жишээлбэл дэлгүүрт юм худалдаж авах үед японоор "...ийг өгнө үү" гэж хэлж байхад монголоор "...-ийг авъя" гэж хэлнэ. Эсвэл дараах жишээг авч үзье. Ах дүү хоёр хүүхэд чихэр булаалдсан тохиолдолд эцэг эх нь юу гэх вэ? Япон ээж аав бол чихэртэй хүүхдэд あげなさい (өг) гэж хэлэх болов уу. Эсвэл чихэргүйд нь хандаж また買ってあげるから (ээж нь дахиад аваад өгнө) гэж хэлж аргадана. Ямар ч байсан энэ асуудлыг хэн нэг нь あげる、与える буюу "өгөх" замаар шийдэхийг оролдоно.

Харин монгол ээж аав чихэртэй хүүхдэд хандаж хэзээ ч “өг” гэж хэлэхгүй. Эсрэгээр чихэргүй хүүхдэд 取りなさい буюу “ав” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл чихэртэй хүүхдийг чихрээ сайн дураар хуваалцахад сургах бус, чихэргүй хүүхдийг өөрөө очиж чихэртэй бол, өөрөө очиж ав гэж чиглүүлнэ. Мэдээж өөр айлын хүүхэд чихэргүй бол монгол ээж аав нар ч гэсэн өөрийнхөө хүүхдэд "өгөөрэй" гэж хэлнэ. Эсвэл том хүүдээ “дүүдээ өгөөрэй” гэж хэлэх тохиолдол ч байна гэх. Гэхдээ эдгээр тохиолдолд "өгөөрэй" гэдэг нь あげなさい буюу "өг" гэж тушаах бус "өгнө үү" гэж хүүхдээсээ гуйж буй хэрэг юм. 

Монголчууд угтаа анчин, нүүдэлчин угсааны ард түмэн тул эрт дээр үеэс өвс бэлчээр, усны сайныг өөрсдөө олохыг зорьж ирсэн. Монголчууд хэрэгтэй юмаа өөрийн биеэр явж олж авах бөгөөд хэн нэгэн өөрсдийнх нь төлөө хөдлөнө гэж харж суухгүй. Харин япон хүмүүс газар тариалан эрхлэх ард түмэн тул газраасаа холдоно гэж байхгүй. Тэнгэр муухай ч тэвчээртэй хүлээхээс өөр аргагүй, цаг агаарын байдлаас ихэд хамаарна. Монголчууд ч гэсэн цаг агаарын байдлаас хамаарах боловч тэнгэр эвгүйрээд удлаа гэхэд нэг газраа байгаад байхгүй, малаа туугаад илүү сайн “нөхцөлтэй” газрын эрэлд гарч нүүнэ.
   
Сайхан амьдрал эрэлхийлэн гадаад гарах ч мөн адил. Социализмын үед гадагш гарах хязгаартай байсан боловч ардчилал шинэчлэлээр гадаадад гарах чөлөөтэй болмогц олон хүмүүс харийн оронд хүчээ үзэж байна. Ахлах ангидаа сүмо сурахаар японд ирээд хоёр жилийн дараа сүмо бөхөд гараагаа эхэлж амжилт алдрын оргилд хүрсэн Асашёорүү ч гэсэн 能動態文化 (идэвхитэй соёлын)" түгээмэл жишээ юм.

Гэхдээ та бүхэн монголчуудыг шунал нь буцалж байнга олз омог бодож явдаг ард түмэн гэж бодож бүү эндүүрээрэй. Хүнд эелдэг бөгөөд хүнтэй хуваалцах, найз нөхөдтэйгээ хуваах сэтгэл монгол хүмүүст гүнзгий суусан. Ард түмний ихэнхи нь төвдөөс ирсэн бурхан багшийн сургаалийг шүтэх тул өрөвч нинжин сэтгэлийг дээдлэн хүндэтгэнэ. Тийм сэтгэл хүүхдэд аяндаа суун төлөвшинө гэж монголчууд боддог бөгөөд түүнийг эцэг эх нь хүчлэх хэрэггүй гэж үзнэ. Тэглээ ч гэсэн чихэргүй хүүхдэд ээж аав нь "(булааж ) ав" гэж хэлэхэд чихэртэй хүүхэд чихрээ дуулгавартай хуваалцах нь юутай сонин вэ".

Энэ хэсгийг уншаад ёоо ёооо, юу уншихваа энчдоо... гэгч болсон. Япон хэлэнд "авах" гэсэн утгатай жирийн もらう гэдэг үг байхад "аваарай"-г 取る гэж, тэгэхдээ бүр захиран тухааш хэлбэрт 取りなさい гэж орчуулсан нь хачин. 取りなさい гэвэл зүгээр "аваарай" биш, "ав / булааж ав" гэсэн утгатай болно. Япон ээж, аав нар ч "аваарай" гэх тохиолдолд もらって、もらいなさい、もらっておいで、もらって来て、兄ちゃんに分けてもらって гэж хэлэх байлгүй дээ. Тиймээс монгол ээж, аав нарыг арай ч дээ гэмээр эвгүй дүрсэлжээ.

Бас тэр сүүлийн өгүүлбэр... өөрийнх нь хэлснээр сонин л юм. Хүний гараас тийм өгүүлбэр гарна гэдэг сонин байтугай хачин жигтэй, хачирхалтай юм. Бага байхад ээж, аав "эгчээсээ ав/эгчээсээ аваарай" гэж хэлж л байсан, эгч дээрээ очоод авах юмаа авч л байсан. Эсвэл дүү "авъяа" гээд хүрээд ирэхээр нь өгч л байсан... үүний юу нь сонин гэж? Багадаа хүүхдүүд болсон хойно юм юмыг өгнө өгөхгүй, авна авахгүй гэж булаацалдаж л байсан. Гэхдээ л чихэр печений хувьд ээж "эгчид нь печени өгсөн, очиж аваарай" гэж хэлэхийг Кимүрагийн хэлдэг шиг "эгч чинь өгөхгүй дургүйцнэ, чи харин очиж булааж аваарай" гэж лав ойлгож байсангүй. "Эгч нь дүүтэйгээ хуваалцна, очоод өөрийн хувийг аваарай" л гэж ойлгож байлаа шдээ, өдийг хүртэл...хэхэ. 

Ер нь ямар ч эцэг эх чихэр боовыг хүүхдүүддээ тэнцүү хувааж өгдөг биз дээ. Ээж, аав хажууд байхад ах нь чихэртэй, дүү нь чихэргүй, “ахаасаа өөрөө очиж булааж ав” гэж байх уу? Эцэг эх байтугай, ямар ч монгол хүн хүүхдийг хүний, өөрийн гэж ялгалгүй чихэр боовыг тэнцүү хувааж өгнө дөө. Тиймээс, хүүхдүүдийн өгөө авааны тухайн энэ жишээ эвтэйхэн хэлбэл Монголын хувьд амьдралгүй, тохиромжгүй юм. Эвгүй хэлвэл тэнэг бүдүүлэг доромж юм. Ямар ч байсан монголчуудын сэтгэхүйн тухай Аяко төсөөлөлгүй байгааг харуулна. Нөгөө талаас, энэ хэсэг Кимүрагийн монголчуудын тухай дүгнэлт мэт боловч үнэндээ өөрийнх нь соёлын тухай нэгийг хэлээд өгнө. Япон янз бүрийн зохиол уншиж байхад хүүхдийг алагчилах нь мааааааш жирийн үзэгдэл мэт дүрслэлтэй олон таарна шүү... (Жаахан далийхад, Тунгалар Тамир-ын орос эхнэрийг сана даа)  
 
Сүүлд хэлэхэд, юм болгоныг монголчууд анчин гөрөөчин, нүүдэлчин ард түмэн, япон хүмүүс газар тариалан эрхэлдэг гэж тайлбарлах нь улиг болсон гэх үү, учир дутуу гэх үү...

2011/03/07

Асагийн тухай Аяко 1



Сайхан зав гарсан дээр Токиогийн их сургуулйн монгол хэлний багш, монгол судлаач Кимүра Аякогийн “朝青龍 よく似た顔の異邦人” номын тухай нэг хоёрыг нийлүүлж бичье гэж бодлоо. Намар уншаад сэтгэгдлээ бичих гэсэн боловч нааш цааш гүйн ажиллаж, нар жаргахаар орж ирсээр бичиг цаас наадуулж, биш ээ, PC товчлуур балбах зав ер гарсангүй... гэж чухал царай гаргаад яахав. Зав гарсан уу, залхуугаа арай хийж дийлсэн үү гэдэг асуудлыг хойш тавиад гол яриандаа орвол номны нэрийг махчилаад “Асашёорү – япон хүн шиг царайтай ч харь орны хүн” гэж орчуулж болно.

Зохиогч Кимүра Аяко монголд нийт 11 жил амьдарсан бөгөөд Төв номын сангийн өмнө байсан Сталины хөшөө буулгахыг өөрийн нүдээр харсан зэрэг Монголд өөрчлөлт шинэчлэлт дөнгөж эхэлж буй үеээс сурч, судалгаагаа хийн ажиллаж байжээ. Арваад жилийн тэртээ “Тархины тураал” нийтлэлээрээ нэлээд олон хүний дургүйг хүргэж байсан болохоор Аяког мэдэх хүн олон байх. Аса аваргын тухай, ээж аавынх нь тухай, мөн монголчуудын тухай бодол санаагаа энгийн үгээр илэн далангуй бичжээ – гэдэг бол ерөнхий сэтгэгдэл. Уншиж байхад үе үе "hehe", "kkk", "ортой л юм", "онож хэллээ", "тийм биш ээ", "арай ч тийм биш ээ", "арай ч дээ", "за юу гэж солиороод байна аа" гэж бодогдож байснаас миний сэтгэгдэл ерөнхийдөө ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ ном бол Кимүра саны хувийн бодол, сэтгэгдэл, дүгнэлт учир тэр бүгдийг нь би эсэргүүцээд юу хийх вэ. Гэхдээ эс эсэргүүцсэн ч бичсэн этгээдий тухай нэгийг бодож, хоёрыг дүгнэнэ ээ.

Хамгийн сонин санагдсан нь Аякогийн дараах дүгнэлт:

... Монгол бөхөд даян аварга, дархан аварга зэрэг цол гуншин байдаг ч “их аварга” гэх цол байхгүй. “Их аварга” гэдэг монголчууд Асашёорүүд зориулж шинээр гаргаж ирсэн цол бөгөөд утгын хувьд “аварга”, “даян аварга”, “дархан аварга” зэрэг монгол бөхийн цолноос дээгүүрт орно. Монгол бөхөд байхгүй ийм мундаг цол Асашёорүүд өгсөн явдал нь монгол түмэн сүмо бөхөд үндэснийхээ бөхөөс илүү хүндлэл үзүүлсэний илрэл мөн...

Энэ дүгнэлт сайнаар хэлбэл “зоримог ”, муугаар хэлбэл… хэхэ... хэлэхээ болилоо, өөрийн блогдоо муу үг бичээд яахав. Нэгд, олон монгол залуучууд хүчээ сорьж буй япон улсын сүмо бөхийг монголчууд хүндэлж, сонирхож үздэг нь үнэн. Гэхдээ тэглээ гээд "японы сүмод монгол бөхөөс илүү хүндлэл үзүүлсэн" хэрэг болохгүй л болов уу. Ер нь монгол бөх, япон бөх хоёрын алийг нь илүү хүндлэх вэ гэсэн харьцуулалт утгагүй санагдана, эрдэмтэн хүн ийнхүү бичсэн нь "арай ч дээ" гэж бодогдоно.

Хоёрт, “их аварга” бол “大横綱”-ийн орчуулга болохыг Кимүра сан мэдэхгүй гэж үү? 大横綱 гэдэг нь 大 буюу “том, их” гэсэн утгатай ханзыг 横綱 буюу "сүмогийн аварга" гэсэн утгатай ханзтай нийлүүлж бүтсэн үг юм. Тиймээс манайхан тэр чигээр нь “Их аварга” гэж маш зөв орчуулсан хэрэг. Жаахан далийхад “ёкозуна” буюу “аварга” гэдэг нь сүмо бөхийн дээд цол боловч нийт барилдааны тоо, хэдэн удаа ялсан зэрэг үзүүлэлтээр тухайн үеийн олон аваргуудаас 大横綱 буюу Их аваргыг албан ёсоор биш боловч тодруулдаг уламжлалтай. Эдогийн үеийн (1603-1868) их аварга гэхээр ихэвчлэн Таниказэг хэлдэг. Шёовагийн үеийн (1926-1989) дөрвөн их аварга бол Фүтабаяма, Тайхоо, Китаноүми, Чиёфүжи нар юм. Харин Хэйсэй үеийн (1989-эдүгээ) их аваргаар Таканохана, Асашёорүү хоёрыг тодруулж байв.

Кимүра сан "их аваргыг” утгын хувьд “даян аварга” болон “дархан аваргаас” дээгүүр цол гэж дүгнэж тайлбарласан нь тэнэг гэх үү, тиймэрхүү гэх үү. Мундаг монгол хэлтэйг нь мэдэх учир хэлний мэдлэгийн асуудал биш гэж бодож байна. Монгол бөхийн цол чимэгний ялгаа, цоллох ёсыг мэдэхгүй юм болов уу гэж цайруулах талаас нэг бодож үзэв. Эсвэл монголчууд япон бөхийг монгол бөхөөс илүү эрхэмлэнэ гэх сонин таамгаа ийм сонин аргументаар батлахыг оролдов уу... гэж хардах талаас ч бас бодож үзэв. Бүү мэд гэхдээ. Ямар ч байсан мангар л дүгнэлт байна. 

Хамгийн сонирхолтой санагдсан нь:

...Би монголд байхдаа байнга монголоор ярьж, монгол хоол идэж, монгол хүмүүсийн дунд байсан атлаа япон хүн шиг аашилж, биеэ япон хүн шиг авч яваад зогсоогүй эргэн тойрныхоо хүмүүсийг хүртэл япон хүн шиг байхыг шаардаж, намайг ойлгож дэмжихийг тулгаж байсан. Тиймээс "чи Япон биш Монголд байна", "нутагтаа харь" гэж найзууддаа хэлүүлж ч хүртэл үзсэн. Миний Монголд уусахыг хүсэх сэтгэл, япон хүн шиг биеэ авч явах хоёр зөрөлдөж буйг би тэр үед яагаад ч юм ойлгоогүй. Тэр бүхэн залуу халуун насны алдаа байсныг одоо ойлгох ч харамсах зүйл алга. Аса ч гэсэн Японд байсан атлаа монгол хүний зангаар авирлаж, япон ёсыг үл тоомсорлож үргэлж Монголд байгаа юм шиг байсан. Тэглээ гээд буруудсан юм алга. Харин ч эсрэгээр сүмо бөхөд гаргаж болох амжилтын оргилд хүрсэн. Би ч мөн адил. Хийе гэсэн бүхнээ хийж, хүрье гэсэн зорилгодоо хүрсэн. Бид хоёр хоёюулаа зөрүүд гэмээр өөрийнхөөрөө байсан, тухайн орныхоо соёлд урсаж уусаагүй... тэглээ гээд буруудсан юм алга л байна...  

かなりうけた・・。

Би ч гэсэн Аса, Аяко хоёроос үлгэр жишээ авбал амжилтанд хүрэх ч юм билүү...гсн.

Хамгийн тэнэг санагдсаныг дараагийн тэмдэглэлд бичье. Гэхдээ уншаагүй хүмүүс битгий буруугаар ойлгоорой. Монголчуудыг ер нь бол гайгүй сайн магтсан байна лээ. "Япон хүн яаж ажиллаж амжилтанд хүрэхийг бодож байхад монгол хүн яаж юу ч хийхгүйгээр амжилтанд хүрэхийг бодож байдаг" гэх хэсэг бол саваачихна... хэхэ.

Ерөнхийд нь дүгнэбэл Кимүра сан монгол түмний сэтгэлгээ, Асашеорүүгийн байр суурийг аль болох эерэгээр, эвтэйгээр япон хүмүүст ойлгуулья гэсэн сэтгэл нь баярлууштай. Даанч Асаг "сайнаар харуулж" зөвтгөх гэсэндээ нэлээд хэсэгт монгол хүмүүсийг хөөрхөн хийчихсэн, эсвэл хальт гутаачихсан, эсвэл шууд доромжилчихсон байна лээ. "Энэ Аса ганцаараа ийм ярваа биш, монголчууд чинь бүгдээрээ нэг иймэрхүү ярваа байхгүй юу даа" хэмээн учирлан тайлбарлаж "ондоо соёл, заншил бүхий монголчуудыг япончуудад ойлгуулах" байдлаар Асаг өмөөрч байгаа нь ярваа л санагдсан, надад лав.

2010/11/05

Мунхаг хүний үгс

Акутагава Рюүноскэ "Мунхаг хүний үгс" (хэсэгчлэн), 1926
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Амьдрал
Амьдрал гэдэг шүдэнзний хайрцагтай адил. Тун чухал зүйл мэт хандах нь тэнэгээс тэнэг явдал. Гэхдээ эс тэгвээс аюултай.

... мөн
Амьдрал гэдэг хуудас нь дутуу ном мэт. Бүгд нийлээд бүхэл бүтэн болно гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ л бүхэл.

Биеэ зөв авч явах ёс
Нэгэн сурагч охин "үнсэлцэхдээ нүдээ аних ёстой юу, эсвэл нээсэн байх уу?" гэж найзаас минь асуусан гэнэ. "Хайрлаж дурлах зөв ёсны" тухай охидын сургуульд заадаггүйд би энэ охинтой хамт ихэд харамсана.

Ангараг
Ангараг гариг дээр амьдрал байдаг уу гэж асуух нь бид таван мэдрэхүйгээрээ ангарагийн оршин суугчдыг мэдэрч чадах уу гэж асууж буйтай адил хэрэг. Гэвч амьдрал зөвхөн та бидний таван мэдэрхүйгээрээ мэдэрч чадах зүйлээр хязгаарлагдахгүй. Хэрэв ангараг гаригийн оршин суугчид бидний таван мэдрэхүйг хальж давсан орчинд амьдардаг гэж үзвэл, тэд өнөө шөнө ч  навчис хийсгэх салхитай хамт Гинзагаар алхаж байж магад.

Дайчны дасгал сургууль
Дасгал сургууль хийж буй самурай дайчид байлдах урлагаа сайжруулахын тул дөрвөн зүгийн сэлмийн аваргуудтай илд сэлэм зөрүүлдэг гэж бодож байлаа. Гэвч одоо бодоход, надаас илүү хүчтэн энэ дэлхийд үгүй гэдгийг л тэд эрж байж. (Миямото Мүсашигийн намтар уншсаны дараа)

Гюго
Бүх Францыг бүтээж чадах зүсэм талх. Гэхдээ яаж ч бодсон цөцгий дутжээ.

Нэгэн хөрөнгөтний логик
"Урлагийн хүмүүс урлагаа худалдаж би хавчны консерв худалдах нь онцын ялгаагүй л зүйл. Гэвч урлагийн хүмүүс урлагийн бүтээлээ дэлхийд байхгүй эрдэнэс мэт нандигнана. Урлагийнханы жишгийг дагавал би жаран сэнээр зардаг хавчны консервээ гайхуулах ёстой доо. Жар наслахдаа мунхаг би урлагийн хүмүүс шиг тийм ичгүүргүй, биеэ тоосон тэнэг зан гаргаж үзээгүй"

Цэрэг
Төгс цэрэг даргынхаа тушаалыг үг дуугүй дагах ёстой. Үг дуугүй дагана гэдэг огт шүүмжлэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл төгс цэрэг юуны түрүүнд ухаанаа алдах хэрэгтэй.

... мөн
Төгс цэрэг даргынхаа тушаалыг үг дуугүй дагах ёстой. Үг дуугүй дагана гэдэг огт хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл төгс цэрэг юуны түрүүнд хариуцлагагүй этгээд байх ёстой.

Туйлын завгүй
Биднийг хайр дурлалын адал явдлаас ухаан ухамсар биш туйлын завгүй байдал аварч байна. Хайр дурлалд бүрэн уусахын тулд юуны түрүүнд цаг зав хэрэгтэй. Вэртэр, Ромэо, Тристан зэрэг эрт цагийн дурлагсад бол бүгд хийх ажилгүй завтай хүмүүс байсан.

Эр хүн
Жинхэнэ эр хүн хайр дурлалаас илүү ажил төрлөө чухалчилна. Үүнд хэрвээ эргэлзэж байвал Бальзакийн хайрын захиануудыг уншаад үзээрэй л дээ. Бальзак Ганск авхайд "энэ захиаг гар бичмэл болговол тэдэн франк" гэж бичиж байв.

Үг ба үйл
Үг үйл нь зөрдөггүй хүн хэмээх сайхан нэр зүүхийг хүсвэл юуны түрүүнд өөрийгөө хамгаалж зөвтгөх урлагт суралцах хэрэгтэй.

Мэх
Нэг ч хүн хуурч мэхлээгүй гэгээнтэн байж болох ч хүн төрлөхтөнг хуураагүй гэгээнтэн үгүй. Лам нарын хүнийг хөтлөн чиглүүлэх арга нь айдаст тулгуурласан сэтгэлийн макиавеллизм.

Эмэгтэй хүний царай
Эмэгтэй хүн хүсэлд автахдаа жаахан охин шиг царайтай болдог нь гайхалтай. Гэхдээ тэр хүсэл нь нарны шүхэрт ч чиглэсэн байж мэднэ.

Толстой
Бирюковын бичсэн Толстойн намтрыг уншихад Толстойн "Миний өчил" болон "Миний итгэл" бүгд худал болох нь илт. Гэвч ийнхүү худал бичсэн Толстой шиг зовж шаналсан зүрх энэ дэлхийд үгүй. Түүний худал зарим хүмүүсийн үнэнээс илүү улаан цус урсгана.

Хоёр эмгэнэл
Стриндбэргийн амьдралын эмгэнэл "үзүүлж харуулахад хязгаар үгүй" буюу бүх юм нь ил байсанд оршино. Харин Толстойн амьдралын эмгэнэл эсрэгээр юу ч ил байгаагүйд оршино. Тиймээс Толстойн амьдрал Стриндбэргээс илүү их эмгэнэлээр төгссөн.

Тэд
Үнэнийг хэлэхэд би, хайргүй байж тэр хоёр яаж ийм эвтэй найртай амьдарч чаддаг байна гэж гайхдаг байлаа. Харин тэд дурлалт хосууд яаж ийм эвтэй найртай амиа хорлож чаддаг байна гэж гайхах юм.

Огюү Сорай
Огюү Сорай хайрсан буурцаг зажилангаа эртний хүмүүсийг долоон үгээр муу хэлэх дуртай. Мөнгөө хэмнэхийн тулд хайрсан буурцаг зажилахыг би ойлгох ч эртний хүмүүсийг юунд муулдгийг ойлгохгүй явлаа. Харин одоо хуучны хүмүүсийг муулах нь үеийнхнийгээ муулахаас хамаагүй хоргүй болохыг мэдэв.

Зохилч
Шүүмжлэгч: Чи зөвхөн ажилчин хүмүүсийн амьдралын тухай бичдэг биз дээ.
Зохиолч: Бүхний тухай бичсэн хүн байсан юм уу?

... мөн
Жаран хөлт: хн, жаахан яваад үз л дээ.
Эрвээхэй: хн, жаахан нисээд үз л дээ.

2010/10/26

Хүлээхүй

Найзынхаа орчуулсан турк зохиолч Нэжип Фазилын шүлэг толилуулъя.
Аймаар зүйрлэж байгаа биз ... хүнийг хүлээнэ гэдэг аргагүй хэцүү еэ...
 
 Necip Fazıl Kısakürek (1904-1983)
 Beklenen

 Ne hasta bekler sabahı,
 Ne taze ölüyü mezar.
 Ne de şeytan, bir günahı,
 Seni beklediğim kadar.

 Geçti istemem gelmeni,
 Yokluğunda buldum seni;
 Bırak vehmimde gölgeni,
 Gelme, artık neye yarar?

    Нэжип Фазил "Хүлээлт"
    Орчуулга: С. Наранжаргал


     Үхлүүт өвчтөн шүд зуун өглөөг хүлээхээс ч илүүтэй
     Өгөр булш шинэхэн цогцос тосч хүлээхээс ч илүүтэй
     Өмхий чөтгөр гэм нүглийг гэтэж хүлээхээс ч илүүтэй
     Өөрийг чинь би хүлээсээн, хүлээсэн.

     Болъё доo, одоо болъё, ирэхийг чинь би хүлээхгүй
     Байхгүйд буйг чинь би олсон
     Бодлын хоосонд сүүдрээ л чи орхи
     Бусдаараа ирлээ гээд яах ч билээ дээ

        The long awaited  
        transl. by Selda Eryilmaz

        
Neither a patient awaits the morning
        Nor a grave do a newly dead
        And the devil awaits a sin, either
        As much as I wait for you

        I don't want you to come any more
        I have found you in your absense
        Your image shall fill my mind,
        Your return doesn't matter anymore

2010/10/02

2010 Питер: сууж амрах & ажиллах


6. Сууж амрах
Орос, Европын хотууд хаа сайгүй түшлэгтэй урт сандалтай (bench-ийг ийм нуршуу үгээр орчуулах зөв үү үгүй юу) байх нь сайхан. Үүгээр түүгээр явж байгаад зүгээр сууж амрах шиг сайхан юм хаана байна. Харин Япон гэвэл... Нэгэн орос хүний хэлснээр "Сууж амармаар байвал кафе ор, кафе орсноос хойш та ядаж аяга кофе авах хэрэгтэй гэж нэхээд байх шиг, бүхний цаана мөнгө тооцоо харагдаад дургүй хүрмээр". Токиод үнэгүй ярьж суух, амарч суух газар үнэхээр ховор. Толгойд орж ирэх нь Ёёги гэх мэт хэдэн парк (зарим нь гэхдээ ороход хураамж авна). Оросууд гэхдээ bench сандалаа үгүйлэх нь аргагүй байх. "Амьдрал нулимсанд дургүй" гээд ганц хоёр орос кино үзэхэд гудамж, паркны bench орос хүний амьдралд хичнээн чухал байр суурь эзлэх нь ойлгомжтой: хүүхдүүд тойрч гүйж тоглож унана, залуучууд болзож сайндаж муудаж сална, хөгшчүүл нарлаж найтааж нар жаргахыг харна...

7. Яах вэ?
Орон нутгийн залуучуудад төрөлх хотдоо ажил амьдралаа товхинуулах уу, ганц амьдарсных том хотыг зорьж өдөр шөнөгүй үзэж тарах уу гэдэг нөгөө Чернышевскийн номын нэр шиг аугаа том асуудал. Фростын "The road not taken" шүлэг шиг амьдралыг "before and after"-д хуваах том шийдвэр. Орос улс уудам боловч улам ихийг хүсэж мөрөөдөх залууст очих газар дөрөв л байна: Москва, Петербург, Новосибирск & Екатеринбург. Тэр дундаа хамгийн амбиц ихтэй, хүч чадлаа үзье, юу чадахаа мэдье, энэ биеэ сорьё гэсэн нь Мокваг зорино. Питерт ч хямралаас өмнө өдөр бүр үүрийн богооноор Москва явж ажиллаад шөнийн богооноор буцаж ирдэг, эсвэл таван хоног Москвад ажиллаад хагас бүтэн сайнд гэртээ харьдаг "мундаг ажилтай cool залуус" нэлээд байсан гэнэ. Олон хүнээс Москва бол амьдрах хот биш ажиллах хот, тэнд хүмүүс ажиллахын төлөө л ажилладаг г.м. таагүй коммэнт сонсов. Үнэхээр Москватай харьцуулахад Питер арай л тайван бөгөөд хүмүүс нь найрсаг. Гэхдээ л надад Моква гоё. Гэвч тэр тухай өмнө нь бичиж байжээ.

Питерт долоо хонохдоо оффиссээс бараг гараагүй тул энэ удаагийн тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

2010/10/01

2010 Питер: зам & хүмүүс

            

5. Замын хөдөлгөөн
Оросуудын тухай миний нэг бодол гэвэл монгол хүмүүстэй харьцуулахад олон үгтэй, ярих дуртай, ер нь жаахан "нервный" талын улсууд. Шийд ойлгомжтой байхад "ингэх үү, тэгэх үү, болих уу, яах уу" гээд мунгинаад байна. За, тэгээд хүнтэй суух зэрэг амьдралын "серьёзный" асуудал тулчихвал бүр ядаргаа. Манайхан шиг хүүхэдтэй болоод гялс суучихна гэж бараг байхгүй. "Она не она", "пора не пора", "он не он", "надо не надо" гээд толгой нь эргэчихнэ. Хэдэн үеийн сэхээтэн гэр бүлээс гаралтай, мэдлэг боловсрол сайн байх тусам элдэв янзын эргэлзээ нь ч нөгөө арифметик билүү юу билээ прогрэссээр өснө (гэхдээ мэдээж хүн болгон адилгүй, миний л хийсэн нийтлэг маягийн дүгнэлт). Ингэхэд юу ярих гэж байлаа, сэдвээсээ бүр тасарчихсан тууж байна. Оросууд хэрэгтэй хэрэггүй юманд их нервтдэг гэж ярьж байлаа даа... гэхдээ манайхны хамгийн их нервтдэг асуудлын хувьд оросууд маш тайван. Тэр нь юу вэ гэвэл замын хөдөлгөөн.

Питер хотод замын түгжрэл гэж найгүй. Долоо хоног ажил өөд & ажлаас зочид буудалд хүргүүлэхэд зам хахаагүй өдөр байсангүй. Хоёр ч удаа 3 км орчим түгжрэлд оров (навигийн заалт). Өдөр 10 мин явсан газрыг орой 50 мин туулах бол юу ч биш. Гэхдээ долоо хоноход машины чагнаал(*) дуугарахыг нэг ч удаа сонссонгүй. Нээрэнгээсээ. Гайхаж байгаам чинь... Бас түгжрэл ч бай, юу ч бай зам тавьж өгнө, урдаа машин оруулна. Нэг л удаа өндөр саарал жип урдуур даахалзахад биднийг хүргэдэг орос "Ну почему не уступил, ну почему бы и не уступить. Извините, вот такие у нас водители (Яагаад зам тавьж өгсөнгүй вэ, уучлаарай манай жолооч нар ийм л байгаам даа)" гэж санаа алдаад. Би Монголд юу болдог тухай ярих гэснээ болив. Бас нэг зүйл: манайхан ослын гэрэл асааж байгаад хоёр цагаан зураас дээгүүр туугаад байдаг даа... эргэн тойронд цагдаа байхгүй, түгжрэл урт, эргэе гэвэл эргэж болох атал тийм янзаар дүрэм зөрчих хүн харсангүй. Гол нь чагнаал сонсоогүйд гайхав. Ленинград хотынхныг эртнээс найрсаг тайван гэдэг, аан уун гээд ярилцсан ч, аймшигт түгрэлжд орсон ч тэр нь өөрчлөгдөхгүй нь сайхан.

------------------------------------

* Оросоор "сигнал" гэдэг ч манайхан дуудлагаа дагаад "чагнаал" гэх нь зөв байх аа. "Вагон"-ыг ч "богоон" гэж бичдэг бол дээр мэт.