2011/12/14

К. Мүкоода "Үггүй захидал"


Мүкоода Күнико (1929-1981)

Шёовагийн (1926-1989) сүүл үеийг төлөөлөх олон ангит кино зохиогч, нийтлэлч (essayist), Наоки шагнал хүртсэн зохиолч. Японы телевизийн нэгэн үеийг энэ бүсгүйг дурдахгүйгээр ярих аргагүй. Олон ангит киног нь үзээгүй боловч өгүүллэг, эссэйн түүвэрт нь дуртай.

Зав гарсан учир нэг эссэй орчуулж үзэв. Дайны үеийн Япон улсын шууданг давхар бишрэв. Дээхэн нэг эссэйн эхлэл сонин санагдаад орчуулсныг хэрэв сонирхвол эндээс уншаарай; "Нүд".




Мүкоода Күнико "Үггүй ил захидал" эссэй, 1985
向田邦子「無口な手紙」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Би өөрөө чалчаа болоод ч тэр үү, олон үггүй эр хүн хийгээд захидалд дуртай. Ялангуяа эр хүний захиа үг цөөтэй бол бүр ч дуртай.

  Эрт дээр цагт хүмүүс бичиг үсэг мэддэггүй байхдаа хол байгаа амрагтаа сэтгэлээ чулуугаар дамжуулан илэрхийлж байсан гэдэг. Залуу эр сэтгэлдээ таарсан чулуу олоод аянчин гийчнээр хайрт бүсгүйдээ хүргүүлнэ. Бүсгүй чулууг нь аваад нүдээ анин хоёр алгаараа тэмтэрч мэдэрнэ. Хурц өнцөгтэй бол өвдсөн биш байгаа, хэцүүхэн зүйл тохиолдсон болов уу, сэтгэлийг нь юу шаналгаж байгаа бол гэж санаа зовно. Гөлгөр, бөөрөнхий чулуу бол сайн явж байна даа хэмээн санаа амарна. “Чулуун захидал” гэгдэх энэ заншил сэргэж, нэгэн өдөр булиа эрчүүд “чамайг би гурвын гурван жил хүлээлээ” гэх бул чулуу гэрийн үүдэнд авчирвал хэцүүхэн байдалд орох боловч (үнэндээ хагартлаа баярлана) энэ “чулуун захидал” гэдэг нь хайрын захианы анхны хэлбэр байсан болов уу гэж бодогдоно.

  Одоо үед үг ихдэж, өгүүлбэр олширч, хүмүүч чалчаа болжээ. Үүний хариуцлагын хагасыг радиогийн нэвтрүүлэгч, зурагтын хөтлөгч бас надад үүрүүлж болох ч хамгийн их буруутан нь зурагтаар өдөр болгон гардаг олон ангит кинонууд юм. Ямартай ч сүүлийн үед эрчүүдийн захидал, ялангуяа залуучуудын захидал дэндүү олон үгтэй “чалчаа” болж, бичсэн үг өгүүлбэрээр нь эр эмийг нь ялгах аргагүй болжээ. “Захидал бичих арга” зэрэг номоос хуулсан өгүүлбэр, сэтгэл шингээгүй үхмэл холбоос үгийн дэргэд “бичиж” байгаа бус “ярьж” байгаа мэт захидал мэдээжийн хэрэг илүү. Илүү нь илүү боловч “хүүхэн шиг” сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Эсрэгээр сүүлийн үед бүсгүйчүүдийн захидал “эр хүнийх шиг хүчтэй” болж ажлын газар, алба оффис бус тэс ондоо газар “хүйсийн эрх тэгш байдал” биеллээ олж буйг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ.

  Богино, товч гээд ил захидлаар мэнд хүргэх хэвшсэн хэлбэр байдаг ч тухайн хүнээс өөр хэн ч бичиж чадахгүй  дүрслэл ч юм уу, ганц өгүүлбэр өөрийн эрхгүй үгүйлэгдэнэ. Миний нэг найз Европоор аялж байхдаа тэр өдөр идсэн өглөө, өдөр, оройн хоолны цэсээ л надад бичиж илгээдэг байв. Би тэр ил захидлаар нэлээд удаан хугацаанд хоолны жорын номын хавчуурга хийж билээ. Ер нь сайн захиа, ялангуяа сайн ил захидал гэдэг нэг авиа илүү хайкү шүлэгтэй төстэй – тийм захидлын мөр хоорондоос нутаг байгалийн өнгө харагдаж, тухайн газрын үнэр үнэртэж, дуу нь сонсогдох шиг болдог.

  Өдий хүртэл авсан өч төчнөөн захидлаас миний сэтгэлд хамгийн хоногшсон нь дайн дуусах үеэр дүүгийн аавд бичсэн ил захидлууд юм. Токиогийн бөмбөгдөлт өдрөөс өдөрт ширүүсэж байсан тул дөнгөж сургуульд орсон дүүгийн минь цүнхэнд нэрийг нь бичсэн цагаан будааны аяга хийж өгөөд бусад сурагчидтай хамт хөдөө рүү шилжүүлэхээр болсон юм (*). Ээж, аав хоёр дүүд юм юм бэлдэж өгөх гээд завгүй байсан учир юун бичиг үсэг заахтай манатай. Тиймээс дүү зөвхөн нэрээ л чүү чамай бичиж чадах төдий. Бөмбөгдөлтөөс хамгаалах үүднээс шөнө гэрэл гаргах хориотой байсан учир аав харанхуй өрөөнд, муухан чийдэнгийн гэрэлд уул мэт овоолоостой ил захидал дээр өөрийн нэр, манай гэрийн хаягийг бичиж суусныг санана. Дүүг хөдөө явахын урд орой аав боодол ил захидал жижиг цүнхэнд нь хийнгээ "Миний охин сайн бол тойрог зураад өдөрт нэг ил захидал шуудангийн хайрцагт хийж байгаарай" гэв.

  Дөрөв, таван өдрийн дараа дүүгээс эхний ил захидал ирэв. Ил захидлаас хальж гарах дөхсөн томоо гэгчийн тойрог улаан харандаагаар зурсан байлаа. Токиогоос замдаа ядарч ирсэн хүүхдүүдэд орон нутгийн “Улсаа хамгаалах эмэгтэйчүүдийн холбооны” гишүүд хоол унд бэлдэн дайлж цайлсан учир дүүд хөдөө зугаалгаар явж байгаа мэт санагдсан нь гарцаагүй. Гэтэл маргааш нь ирсэн ил захидлын тойрог арай л жижгэрсэн байлаа. Аав тэр орой ажлаасаа ирээд ороолтоо гялс манс тайлсан болоод зочны өрөө рүү хурдлав (дайны үед жирийн ард иргэд ч цэргүүд шиг хөлдөө ороолт ороодог байв). Аав бидний хоолны ширээн дээр тавьсан ил захидлыг аваад, харандаагаар сулхан зурсан тойргийг юу ч хэлэлгүй удаан харж зогссон юм. Дүүгээс ирэх ил захидлын тойрог яваандаа багасаад, яваандаа чагт болоод, яваандаа чагттай ил захидал ч ирэхээ болив. Дүү минь хөхүүл ханиад тусаад хэвтэрт орсон байж л дээ. Ээж дүүг авчрахаар яваад, тэс ондоо хүүхэд мэт яс арьс болтлоо турсан охиноо дагуулж ирэхэд аав зочны өрөөнөөс хөл нүцгэн үүд рүү гүйн гарч, дүүг тэврэн уйлж билээ. Том болсон эр хүн уйлахыг тэгэхэд би амьдралдаа анх удаа харсан юм.

  Муугаа мэдэхгүй элдвийг бичигч надад захидлын тухай энэ тэр гэж бусдад сургааль айлдах эрх даанч байхгүй. Би өөрөө тэмээ таварцагласан юм шиг муухай бичигтэй. Тийм атлаа хэрээ мэдэхгүй гоё захидал бичихийг санаархана. Бэлэн наагаад явуулчих марк байхгүй гэх мэт аахар шаахар шалтгаанаар залхуурч, захианы хариу удаадаг над шиг хүн энэ тухай юу ч ярих вэ дээ. Гэхдээ захидалд муу, сайн захидал гэж байхгүй. Бичгийн хэв муухай ч бай, хариуг удаасан ч бай огт бичихгүй байснаас л хавьгүй дээр. Учир нь захидал мэндчилгээг бичих ёстой үед нь бичихгүй орхино гэдэг нүдэнд үл үзэгдэх өр тавьж буйтай адил билээ.

--------------------------------------------------

* дайн дуусах алдад Токио хотын бага ангийн сурагчдыг Токиогоос хол, хөдөө газар ангиар нь шилжүүлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байв.

2011/11/11

Зөөлөн замбуулин

PC гацаад гажигдаад... уур хүрэн ухаж суутал хэзээнийх вээ, гурав дөрвөн жилийн өмнөх юм гарч ирэв. Юу гэ гэвэл, нэгэн орос хүний хүсэлтээр хийсэн "Зөөлөн замбуулингийн" орчуулга. Монголд аялснаас хойш Москва уйтай санагдаж, өдөр өнжилгүй сонсоод үнэхээрийн сайхан байна гээд форум хүртэл үүсгээд "сайхан монгол дууны" хэлэлцүүлэг хийтлээ халуурч суусан залуу. Би чинь бас хөөрүү, Монголын тухай найрсаг үг дуулаангуут "иес, оф кооз". Дуулахад тохируулах этр гэлгүй, зөвхөн үгийг нь орчуулж утгыг нь гаргахыг оролдов:

  

  Дууны үг: Л. Мөнхтөр   

  Агь үнэртсэн цэнхэр талын
  Адуу нь дандаа сорлог байдаг aa
  Уужуу тайван ухаантай аавын минь
  Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

    Зүүд хүртэл жаргаад сэрдэг
    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

  Нар үдэлсэн буурал талын
  Салхи нь дандаа бүлээн байдаг аа
  Насан өндөр сайхан ээжийн
  Санаа нь дандаа сүү байдагаа

    Зүүд хүртэл жаргаад сэрдэг
    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

  Перевод: Сүрэн

  В синей степи, в полынной нежности,
  Кони всегда резвые.
  У мудрого и спокойного отца
  Слова и речи – всегда сокровища.

    Если по сердцу и совести жить,
    То мир наш – замбуулин – нежен, нежен
    И даже снам ночным он дарит радость.

  Солнце заходит в степной безбрежности,
  И ветра здесь всегда теплые.
  У доброй матери моей
  Душа и помыслы молочно-белые.

    Если по сердцу и совести жить,
    То мир наш – замбуулин – мягок, мягок
    И даже снам ночным он дарит радость.

"Зөв явбал" гэдэг энгийн атлаа орос хийгээд ондоо хэл рүү буулгахад нэлээд хэцүү хэллэг. Гэхдээ ийм шууд орчуулагдахгүй үг, хэллэгээс л улс улсын онцлог, мөн чанар илрэнэ. "Правильно жить" гэвэл нэг тийм номолсон ч юм шиг, номчилсон ч юм шиг, онцгүй өнгө аястай. "Верный путь" этр гэх нь ч хаашаа юм. "По сердцу и совести жить" гэж жаахан нуршуу орчуулсан боловч, уул нь орчуулгын эхний хувилбарыг манай эгч гаргасан юм, эгчийн саналаар "к праведному милостивый замбуулин" гэж орчуулах нь зөв байж, одоо бодоход. Гэхдэээ өөрийнхөөрөө зүтгэчихлээ, угаасаа би муу дүү...

2011/10/26

Москва: Нүүдэлчдийн музей 4

  

Өмнөх бичлэгт ичив гэж бичсэн нь... бурхдын тухай миний мэдлэг гэвэл бурхан багш Будда, Оточ манал, Цагаан, Ногоон дарь эх, хангал арван бурхад (нарийн ширийнийг гэхдээ мэдэхгүй), хамгаалагч догшин бурхад, энэ цагийн бурхан Манзушир, ирээдүй цагийн бурхан Майдар, сайн цагийн мянган бурхад... гүйцээ.

Харин Константины тайлбараас тогтоож авсан хийгээд сонирхолтой санагдсаныг сийрүүлбэл:

Ногоон дарь эх
Монголд олон хүн Ногоон дарь эхийг шүтнэ. Хөдөөний хоёр айлын нэгэнд Ногоон дарь эх байдаг гэхэд хэтрүүлэг болохгүй. Эмэгтэйчүүдийн бурхан ч гэдэг. Барууныхан болон оросууд дунд буддизмын тухай нийтлэг нэг эндүүрэл бий. Юу гэвэл, зөвхөн сүмд сууж ном уншиж эрхи эргүүлсэн эрэгтэй хүн л гэгээрнэ. Бүсгүй хүнд гэгээрэх шанс ноль, эр хүний биед төрөн байж сая гэгээрэх боломж олох тул эмэгтэй хүнд энэрэлгүй шашин гэж итгэх хүн олон. Тийм хүмүүст Константин гэгээрэхэд хүйсийн ялгаа падгүй, чин хүсэл байваас эр, эм хамаагүй бөгөөд үүнийг дарь эхүүд батална гэж тайлбарладаг байна. Бурхны шашинд Ногоон дарь эхийг хамгийн энэрэн нигүүлсэнгүй гэж шүтдэг. Ногоон дарь эхийг зурж урлахдаа бусад дарь эхийн адил хөлөө завилж суусан биш өрөөсөн хөлөө бадамлянхуа цэцэг дээр тавьсан байдлаар дүрсэлнэ. Учир нь Ногоон дарь эх хэзээ ч суудлаасаа босож хүмүүст тусалахад бэлэн байдаг юм. Мөн хүмүүс гуйж мөргөхөөс өмнө урьтан очиж тусалдгаараа Ногоон дарь эх бусад бурхдаас ялгаатай.

Мэгжид Жанрайсэг
Бодьсадва гэдэг нь бодь сэтгэлтэн буюу гэгээрэх хүслийг хөгжүүлсэн бодьгал, өөрөөр хэлбэл Буддагийн адил бурхан болоход хоёр гурван хуруу л дутуу нэгэн. Бодьсадва нар бүгд эрт орой хэзээ нэгэн цагт нирваан дүрээ олж бүрэн гэгээрэх боловч зөвхөн нэг бодьсадва хэзээ ч бурхан болж дээдийн дээд амгаланд залрахгүй. Энэ бол Авалокитешвара буюу энэрэл нигүүслийн Мэгжид Жанрайсиг бурхан юм.

Нэгэн домог:
Эртээ урьдын цагт нэгэн залуу бодь сэтгэлээ хөгжүүлж бодьсадва болжээ. Тэрээр зовон шаналж буй хамаг амьтныг авран тусалж байсан боловч зовлонгийн далай даанч дундаршгүй. Зовлон ноёлох энэ ертөнцөд түүний үзүүлэх тус далайд дусал адил болохыг мэдээд бодьсадва машид гаслан цочирдсоноос (орчин цагийн хэлээр "шоконд орсноос") түүний толгой мянган хэсэг задран бутарч, хоёр мутар нь хэдэн хэсэг тасран салжээ. Азаар ойр хавьд Амитаба бурхан (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт, японоор 阿弥陀如来) нисэн өнгөрч байсан тул толгойг нь түүж цуглуулаад, арван толгой хийж өгсөн төдийгүй хүмүүст туслахдаа миний ухааныг ашигла хэмээн оройд нь өөрийнхөө толгойг тавьж өгсөн гэнэ. Мөн аль болох олон амьтанд аврал хайрлаж, зовлонгоос гэтэлгээрэй хэмээн мянган мутар хайрлажээ. Амьтан хүний зовлонг алдалгүй харж туслахын тулд мянган мутрын алга бүр нүдтэй. Жанрайсэг нь хүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны хэн нь хэрхэн зовж байгааг мэлмийгээрээ гүйцэд хардаг гэлцдэг.

Жанрайсэг бурханыг янз бүрээр дүрсэлдэг. Энэтхэг, Непалд 11 толгойтой, мянган мутартай дүрслэх нь олонтаа (дээрх зураг). Төвд, Монголд "найман аюулаас аврагч", "дөрвөн аюулаас аврагч" хэмээж нэг толгойтой, найм эсвэл дөрвөн мутартай, босоо эсвэл суугаа байдлаар зурж урлах нь элбэг (доорх зураг). Харин Хятад (觀世音), Японд (観音) Жарайсигийн эмэгтэй дүрийг (доорх зураг) эртнээс хүмүүс шүтдэг.

Домгоо үргэлжлүүлбэл, Амитабагийн ачаар ийнхүү амилсан Жанрайсэг замбутивийн хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй, амьтан бүрийг нирваанд хүргэсэн цагт сая амсхийж дээдийн дээд амгаланд залрана хэмээн тангараглажээ. Тиймээс лам, мэргэд машид удаан маргасан байна. Орчлон ертөнц зах хязгааргүй, эцэс төгсгөлгүй. Зах хязгааргүй замбутивд тоолж баршгүй олон амьтад оршино. Тиймээс ийнхүү амласан Мэгжид Жанрайсэг бол мөнхийн бодьсадва мөн үү? Үүрд нирваан дүрээ олохгүй гэсэн үг үү... yes or no ?! гээд ихээхэн маргаан өрнүүлсэн байна (ийм учир бурханы шашны лам нар зэрэг дэвшихдээ логикийн шалгалт өгдөг байх). Гэвч бурхан багш "Эвий, та нар минь эндүүрээд байна, эндүүрээд байна. Мэгжид Жанрайсэг аль хэдийнээ нирваанд байна, амьтан хүнд аврал хайрлах нь түүний нирваан" хэмээн айлдаж маргааныг тасалжээ. Жанрайсагийн догшин дүр нь Чойжин (Махакала) бурхан юм. Догшин дүр нь гэгээрэхэд садаа болох уур, омог зэрэг муу хүслийг дарна.

Манзушри, оюун ухааны бурхан
"Уужуу тайван, ухаантай мэргэн" гэвэл орос хүнд голдуу өндөр настай, буурал тэргүүтэй, урт цагаан сахалтай өвгөн хүний дүр бууна. Загалмайтны шашны олон гэгээнтэн бүгд магнайдаа үрчлээтэй, өтгөс буурал байдаг нь ч санаандгүй явдал биш болов уу. Харин бурханы шашинд төгс төгөлдөр оюун ухааныг билэгдэх Манзушри бурхан бол 16 настай инээмсэглэсэн хөвгүүн. Учир нь буддизмд гэгээрэл болон ухаарал нь олон ном уншиж, олныг эргэцүүлсэн эсэхээс үл хамаарна. Насаараа ном уншаад гэгээрэхэд хуруу ч дөхөхгүй хүн байна, хормын дотор гэгээрэх хүн ч байна.

Манзушри бурхан бас замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхээс нааш нирван дүрээ олохгүй гэж амласан нэгэн (Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил шүтэж дээдэл хэмээн сурган гэдэг). Гэхдээ Жанрайсэгийн адил үүрд бус, сайн цагийн мянган бурхад иртэл орчлонд тогтож, олон амьтанд тусална хэмээн амлажээ. Будда 2000 орчим жилийн өмнө төрсөн тул 1000 жилд нэг бурхан гэж үзье... Тэгэхээр юу вэ, мянган бурхад хэзээ хэдэн жилийн дараа ирэх вэ? Эсвэл тооноос үл хамаарахгүй асуудал уу... хэхэ. Нэмж хэлэхэд, Манзушри бурхан баруун мутартаа тэнэг мунхгийг арилгах оюун билгийн галт илд барина.

... нэг иймэрхүү дээ, бусад бурхдын тухай ч товч тайлбарласан боловч санадаггүй...

Константины ярианаас надад Монголын тухай сэтгэгдэл их сонирхолтой байлаа. Маргааш гэдэг үгийг маш хурдан сурсан зэрэг бидний тухай сайн, муу, хөгтэй, хөгжилтэй бүхнийг сайхан ярьж өгсөн шүү.

Мөн ан хийж амьдардаг, дэлхийн бусад газар & хүмүүстэй ямар ч холбоогүй аж төрдөг хойд мөсөн далайн цөөн тооны нүүдэлчин омгийн тухай яриа хамгийн сонирхолтой байлаа: "Газар уснаа явагчаар гурван жил очихыг зорьсон боловч жил бүр цасан шуурганд автаад буцахаас өөр аргагүй байв. Дөрөв дэх жил сая нэг аз тохиож цасан шуурганд авталгүй аян замаа үргэлжлүүлэх боломж гарч, мөсөн далайн эрэг хавийн нүүдэлчин омгийхны аж амьдралтай танилцах ховорхон завшаан олдсон юм. Тундрийн хамаг юмыг харанхуйлах цасан шуурга хэцүү, биеэрээ олс ороож байгаад газар уснаа явагчаас гарч бие засна, эс тэгвээс эргэж ирэх найдлагагүй. Энгийн цасан шуурганаас гадна газраас зөвхөн 1~2 метр зайд дэгдэх "нам шуурга" (низовая пурга) бидэнд маш сонин. Учир нь олстой гараад доош буухад өөдөөс цас мөс битүү балбаад юу ч харагдахгүй. Харин газар уснаа явагчдаа буцаж ороод цонхоор дээш харахад тэнгэр цэв цэлмэг байдаг..." гээд Константин нүдэнд харагдтал, дагаад тундр явмаар санагдтал сайхан ярьж байлаа.

Даанч толгой минь олгой болжээ, Монголтой холбоотой хэдэн зүйлийг тэр өдөртөө бичиж тэмдэглэсэн минь энэ буюу.

Орон орны Мэгжид Жанрайсэг

      
Монгол                  Энэтхэг / Непал

 
    
Төвд                                     Төвд

    
Япон (Токио булангийн Каннон)    Хятад

2011/10/23

Москва: Нүүдэлчдийн музей 3



Монголоос лам нарыг урин залж, бүх бурхдыг аравнайлж амилуулсан учир энэ гэр дугана бол Москвад байх цорын ганц бурханы шашны (шарын шашны) сүм юм. Ойр хавьд ондоо сүм гэвэл Ленинградад төвдүүдийн барьсан нэг сүм бий, бусад нь Буряд, Тува хийгээд Халимагт. Сүм нээхэд Монголын элчингийхэн их тусалсан, Монголоос лам нар болон төрийн түшмэд ирсэн гэж Константин талархан ярьж байлаа.

За тэгээд орос хүмүүст ярьж тайлбарладаг бурханы шашны тухай наад захын ойлголт монгол бүсгүйд хэрэггүй гээд (уул нь ч хэрэгтэй л дээ) Константин бид хэд орос улсад буддизм ямар байна гэсэн сэдэвтэй яриа дэлгэв. Орос хүмүүсийн буддизмын тухай ойлголт, бусад шашнаас юугаараа ялгаатай... мөн хамт явж байсан орос найздаа янз бүрийн тайлбар тавьсныг базаж бичвэл:

Орос улс олон үндэстэн ястнаас бүрэлдэх бөгөөд тэдгээр нь янз янзын шашин шүтлэг бишрэлтэй. Голлох гурван шашин буюу загайлмайтны (оросын үнэн алдартны) шашин, лалын шашин, иудаизмын тухай оросууд сайн ч муу ч тодорхой хэмжээний ойлголттой. Харин бурханы шашны тухай мэдлэг бага. Буриад, халимаг, тува гээд цөөн тооны хүн шүтдэг учир аргагүй л дээ. Гэхдээ Константины бодлоор хүний тооноос гадна бурханы шашны номлол нь Орост дэлгэрсэн бусад шашнаас тэс өөр боллох нь гол шалтгаан ажээ. Загалмайтны шашин, лалын шашин хийгээд иудаизмын үндэс нэг тул номлолын гол "концепц ойлголт" ч ерөнхийдөө төстэй.

Нэгд, энэ гурван шашин бүхнийг бүтээсэн ганц бурхан байдаг гэсэн нэгдмэл ойлголттой. Хоёрт, үхсэнийхээ дараа очиж үүрд жаргах "диваажин", эсвэл үүрд зовох "там" байдаг гэж номлоно. Гуравт хүний биед нэг л удаа төрөх "мөнхийн сүнс" байдагт итгэнэ. Иймд, бурханы шашны тулгуур ойлголт буюу Будда энэ ертөнцийг бүтээсэн бурхан биш, гэгэрээлэд хүрсэн эгэл жирийн хүн гэдэг нь хүлээж авахад бэрх байдаг бололтой. Ихэнхи хүмүүс Буддаг бурхан гэж ойлгохдоо загалмайтны шашны Иисүс, эсвэл лалын Аллахтай төстэйгээр боддог аж. Тиймээс хүн болгон гэгээрч "бодьсадва" болж дараа нь бурхан дүрээ олох буюу "будда" болж чадна. Бурхан багш Будда ч гэгээрэхээсээ өмнө хаан ширээ залгамжлах хунтайж боловч бусадтай л адил хоёр хөлтэй хохимой толгойтой "хүн" байсан гэхээр нэг л "бууж өгдөггүй" бололтой.

Тэгэнгүүт дараагийн асуулт урган гарч ирнэ. Будда жирийн нэгэн хүн байсан юм бол энэ дэлхийг хэн бүтээсэн юм бэ? Хэн ч бүтээгээгүй, орчлон ертөнц бол эцэс төгсгөлгүй энергийн урсгал... үүнд зөвхөн шалтгаан ба үр дагаварын хууль буюу карма үйлчилнэ, нэмээд цааш нь дхарма үйлчилнэ... гээд тайлбарлахад ихэнхи хүмүүс гацдаг бололтой. Гарамгай ганц нэг нь тийм учир буддизмыг хамгийн шинжлэх ухааны шинжтэй шашин гэдэг байх нь гэж толгой дохино.

Бас нэг асуудал нь там болон диваажингий тухай. Загалмайтны шашинд сайн хүний сүнс мөнх диваажинд жаргаж, муу хүний сүнс мөнх тамд зовно гэдэг бол буддизмд "мөнхийн" там болон диваажин байхгүй. Муу хүн үйлийнхээ үрээр халуун хүйтний тамд очих ч үйл нь барагдахаар дараа төрлөө олох ба гэгээрэх хүртлээ үйлийн үрээр дахин төрөх сансрын хүрдээс мултрахгүй. Нирваан дүрээ ологчид, бодьсадва, хутагт хувилгаад нар дээдийн дээд амгаланд мөнх байхыг хүсэхгүй, хүн амьтанд аврал хайрлах хүсэлдээ хөтлөгдөөд дахин хүн болж төрнө, эсвэл асури, адгуус амьтан зэрэг дуртай төрөлдөө дахин төрөх бөгөөд энэ бүхэн эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ.

Нэг иймэрхүү ярианы дараа гэрийн хананд залсан бурхдыг найздаа тайлбарлах болоход "наад захын ойлголт хэрэггүй" гэж орос найз мань итгэх Сүрэн үнэнээсээ ичив. Гэвч энэ тухай дараагийн бичлэгт.

Гэр дугана

   


   

2011/10/22

Москва: Нүүдэлчдийн музей 2

   

Энэ гэрийг арван настай хүүгээс асуухад ангайж байна лээ. Яачихсан юм бэ, дээрээ юу тавьчихсан юм бэ, яасан хачин өнгөтэйнбээ, монгол гэр мөн үү гээд. Одоогийн 17, 18-т нараас асууж амжаагүй тул мэдэх эсэх, таних үгүйг нь бүү мэд. Ямар ч байсан "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо", "Нохойтой дөрвөн танкчин", "Бид мартахгүй", "Хаврын арван долоон учрал", "Хүний тавилан" зэрэг дайны тухай кино үзэж өссөн миний үеийхэн энэ гэрийг андахгүй ээ... Оросоор "штабная юрта", монголоор штабын гэр буюу цэргийн дарга нарын гэр.

Энэ гэрт орос хүний тэр бүр мэдэхгүй Халх голын дайны түүхийг ярьж танилцуулна. Хүмүүс юунд хамгийн их гайхдаг вэ гэж асуухад Константин дараах байдлаар дэлгэрэнгүй хариулав:
  • Монгол дэлхийд хоёр дахь социалист улс болж байсныг томчууд сонсоод гайхдаг. Ихэнхи хүмүүс Болгари, Чех, Унгар зэрэг Зүүн Европын орнуудын дараа л Монгол, Вьетнам, Куба соц болсон гэж боддог учраас. Бага ангийн хүүхдүүд "соц орон" гэх ойлголтыг мэдэхгүй тул Монголын нутагт монгол, орос цэргүүд юун төлөө хэнтэй хэрхэн байлдсан тухай ярьж өгдөг. 
  • 20 сая хүнээ алдсан Аугаа эх орны дайн бол ЗХУ, цаашлаад Орос улсын түүхнээ хамгийн их гарз хохирол амссан гашуун дайны нэг. Тэр үед монгол түмэн хандив цуглуулж тусалсныг орос хүмүүс огт мэддэггүй учир гайхдаг. Бусад улс орон цаанаа бодлоготой тусалж байсан бөгөөд тусламж нь ихэвчлээн Засгийн Газрын хэмжээнд явагдаж байхад монголд жирийн малчин ард иргэд цагаан цайлган сэтгэлээр хандив цуглуулж бүхэл бүтэн сөнөөгч онгоцны эскадриль, танкийн цуваа бэлэглэж байсан. Берлинд очиж тугаа мандуулсан танкны зураг байдгийг мэднэ биз дээ, тэр танк монголын бэлэгний танк гэж ярьхад хүмүүс “пөөх” гэдэг гэнэ.
  • Монгол бичиг хараад сонирхож гайхах хүн олон. Гэрийн хананд байгаа хоёр туг хараад, кирил бичигтэйг нь унших гэж үзээд, уншсаныгаа ойлгохгүй болохоор учрыг асуудаг гэнэ. Тиймээс монголчууд дээр үеэс өөрийн гэсэн босоо бичигтэй байсан, ЗХУ-ын нөлөөгөөр кирил үсэгт шилжих болсон, Халх голын дайны үед кирил бичигт дөнгөж шилжиж байсан тул зарим туг кирил үсгээр, зарим нь хуучин монгол бичгээр байсан гэж дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Ийнхүү тайлбарлах нь "бид монголчуудыг бичигтэй болгож гийгүүлсэн" гэж итгэх зарим орос хүмүүст сэргээш болдог аж. Мөн Константин монгол бичиг бол өвөрмөц сайхан бичиг, Өвөр Монгол Хятадын нөлөөнд байсан атлаа бичгээ авч үлдэж чадсаныг нь биширдэг гэж байсан.
  • Эх орны дайны үеийн түүх жаахан ч гэсэн гадарладаг хүмүүс Монголд Жуков жанжны музей байдгийг дуулаад гайхдаг. Сүүлийн үед өнгөрсөн түүхийн үнэлэмж өмнөхөөсөө өөр болсон, Жуковыг шүүмжлэх ном ч гарч байгаа, гэхдээ монголчууд Жуковыг одоо ч гэсэн хүндэлдгийг дуулах нь хүмүүст сайхан байдаг аж.
За бусдыг доох зургаас үзээрэй.

1 Цэргийн гэр

   

   

2 Цэргийн гэр

          

Хар цагаан зурагтай ийм жааз гоё шүү.

3 Цэргийн гэр


Ширээн дээр байсан бас нэг ном: "Бүх холбоотын эв хамт (большевикудын)намын түүх". Мөн үү ?


   
Бага байхад хөдөөний айл болгон ийм хөнгөн цагаан халбагатай байдагсан. Бас тэр стакан орос олон айлд харсан эд дээ. Ер нь энэ гэр нэлээд олоод хүний ностальги нотыг хөдөлгөдөг бололтой.

4 Цэргийн гэр

   


   

Зүүн нь Квантуны арми, баруун нь монгол, орос цэргийнх. Хальт харахад ялгагдахгүй шүү... Таван хошуу гэхээр улаан арми, соц орнуудын л тэмдэг гэж боддог байлаа, тэгсэн энэ музейд байгаа япон цэргийн дуулга, ногоон малгай (эхний зураг) бүгд дээрээ таван хошуутай. Бас доор танилцуулах япон цэргийн ус ариутгах бэлдмэлийн сав ч таван хошуутай.

5 Цэргийн гэр

   

    甲錠(殺菌薬)ариутгах бэлдмэл
淨水錠 乙錠(中和薬)саармагжуулах бэлдмэл 各40袋  тус бүр 40ш 
    丙錠(試験薬)шалгах бэлдмэл

Ус ариутгагч. Манжуурт байлдаж байсан Квантуны армийн цэрэг бүр биедээ ийм хайрцаг авч явдаг байж. Ундааны усаа буцалгаж ариутгах боломжгүй тохиолдолд хэрэглэх эд. Цэргүүд муу ус ууж гэдэс дотор эвгүйрхээс сэргийлэхийн тулд хайрцганд байгаа хоёр тэрлийн бэлдмэл хийж усаа ариусгана. Хамгийн сүүлд турших бодис бүхий үрэл хийнэ. Хэрвээ усны өнгө цэнхэр болж хувирбал бүрэн ариутгагдсаны шинж, ууж болно. Өнгө хувирахгүй бол ариутгагч нэмж хийнэ.

Энэ гэрийн үзүүлэнг бүрдүүлэхэд Монголын цэргийн түүхийн музейн үзүүлсэн тусламжийг үнэлж баршгүй, маш их талархаж байгаа гэж байсныг улмажилъя. Мөн Халх голоор судалгаа хийж байхад нутгийн малчин ард цагаан цайлган сэтгэлээр их тусалсан, жишээлбэл энэ хайрцгийг нэгэн малчин бэлэглэсэн юм гэж Константин ярьж байлаа.


   

Энэ дөрвөлжин төхөөрөмжийн нэрийг мэдэхгүй учир Вимогийн нөхдөөс асуухад "тэслэгч, гал өгөх удирдлага, бялт, өдөөгч, тэслүүр" гээд олон янзын хариулт авсны аль нь зөв болохыг арзайж яваад мартчихаж. Ямар ч байсан хуучны дайны тухай кинонд... хамаг хурдаар гүйн ирж, окопонд орж нуугдаж байгаад үүн шиг дөрвөлжинг зад эргүүлэхэд тээр хол дэлбэрэлт болоод байдаг даа... тэр эд.

6 Цэргийн гэр

   

Сумны хонгио зэргээр хийсэн термометр, мундаг урласан байгаа биз.

7 Цэргийн гэр

   

1. Баруун зураг: дээр үеийн чанга яригч

Хүмүүс чанга яригчийн доор цугларч "Внимание, говорит Москва"-г чих тавин сонсохыг дайны тухай киноноос миний үеийхэн нэлээд харсан байх. Далийхад, ЗХУ даяар дуу нь танил болсон Ю. Левитан багадаа "труба" буюу "бүрээ" хочтой байж. Гитлер Оросыг эзлээд хамгийн түрүүнд дүүжлэх хүмүүсийн тоонд Левитаныг оруулж, толгойных нь төлөө шагнал хүртэл тогтоож байж. Тиймээс оросууд "улс орны дуу хоолой" хаана байгааг төрийн хэмжээнд нууцлан хамгаалж байсан нь мэдээж. Дайны хамгийн чухал үйл явдал буюу Берлиныг эзэлсэн тухай мэдээ, ялалтын тухай мэдээг ч Левитан уншжээ. Левитаныг сонсохыг хүсвэл энд дарна уу. Улс орны эгзэгтэй мөчид ийм хүн төрдөг л юм байна. Эсвэл ийм хүнийгээ тодруулж чаддаг л юм байна.

2. Зүүн зураг

Монголоор юу гэдэг билээ... хуягт юу билээ дээ... Монголоос эрж хайгаад олдоогүй тул Орос даяар сураглаж байгаад санаандгүй Новосибирск хотоос олсон гэж байсан. Халх голд байлдаж байсан загвар мөн бөгөөд дайны үеийн эд цуглуулдаг нэгэн хүн музейд хандивласан ажээ.

2011/10/17

Москва: Нүүдэлчдийн музей 1

   

6 сард Москва явахдаа үзсэн нүүдэлчдийн музейн тухай сонирхуулья.

"Музей кочевой культуры" буюу "Нүүдэлчдийн соёл ахуйн музей"
http://www.nomadic.ru/settlement.html

Энэ музей одоохондоо өөрийн гэсэн байшин байртай болооогүй гэнэ. Москвад газар, байшин барилгын үнэ хадаад удаж буй тул театр, музей зэрэг шинээр байгуулагдсан & хөрөнгө мөнгөөр дутмаг соёл урлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн орон байртай болно гэдэг мянган бэрхшээлтэй.

Гэхдээ музейн ажилтнууд байр сав гэж гүйж хөөцөлдсөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн өвчтэй хүүхдүүдэд тусгай сургалт явуулдаг сургуулийн захиргаатай ярьж тохироод тэдний хашаанд музейгээ байгуулсан гэнэ. Орон орны нүүдэлчдийн гэрүүд авчирж бариад, гэр бүрийг тухайн үндэсний аж ахуйн хэрэглэлээр товхинуулаад, хөгжмийн зэмсэг зэрэг хүмүүст хамгийн ойр уламжлалт урлаг соёлын эд зүйлээр чимээд, энд тэнд хөөрхөн хөөрхөн тайлбар тавихад л бидний музей бэлэн болсон. Юун төлөө нүүдэлчдийн музэй билээ, давуу талаа сайн ашигласан гээд ажилтнууд нь инээлдэж байсан. Музейн тайлбарлагч нарыг бэлдэх гэж бас сүйд болоогүй. Орон орноор судалгаа хийж, улс улсын эд хэрэглэлийг цуглуулсан музейн ажилтнууд буюу угсаатан судлаачид өөрсдөө музейгээ сонирхуулах тул маш дэлгэрэнгүй тайлбарлана. Бас орны орны тухай өөрсдийнхөө сэтгэгдлээс харамгүй хуваалцаж морин хуур, товшуур тоглож хуурдаж үзүүлнэ.

Дунд сургуульд багшилж байснаа сонирхолдоо хөтлөгдөн нүүдэлчдийн ахуй соёл, сэтгэлгээг судлах болсон Константин Кусков ярихдаа, хүмүүс музей үзмээр байвал өөрсдөө музейн зүг хөлөө зөөх хэрэгтэй байдаг, харин манай музей дэлхийд цорын ганц “нүүдэг музэй” гээд хөхөрч байв. Хаашаа нүүж очих вэ гэвэл музейг урьсан ямар ч сургууль, байгууллага, газар руу гэрүүдээс бусад үзүүлэнгээ аваад очно. Томхон хэмжээний арга хэмжээ бол ганц хоёр гэрээ ч ачиж очно. Константин угтаа багш хүн учир музейгээ сургуулийн дэргэд байгуулж сургалт, хөгжөөнт тоглоом зэрэг хүүхдэд чиглэсэн арга хэмжээ явуулдаг нь учиртай. Олон орон, үндэстэн ястны хүмүүс цугласан Москва хотод арьс өнгөний ялгаа, үндсэрхэг үзлээс үүдэх гэмт хэрэг жилээс жилд олширч олон нийтийг түгшээж байгаа билээ. Тиймээс хүүдүүдэд багаас нь ондоо соёл ахуйн тухай заан сургаж, үзэл бодлыг нь зөв төлөвшүүлэх чухал хэмээн ярьж байлаа. (Үүнийг манайхан ч анхаарахад гэмгүй шүү)

Энэ музей ерөнхийдөө хүүхдүүдэд зориулсан музей боловч нүүдэлчдийн тухай юу ч мэдэхгүй том хүн очсон ч олныг мэдэж авна. Юуны түрүүнд нүүдэлчин түмнийг эдийн соёлгүй, юмгүй хоосон гэж боддог (би тийм хүмүүстэй олонтаа таарч байв) орос хүмүүст хөөрхөн сэргээш болно. Мөн эртний Монгол улс болон монголчуудын тухай жирийн орос хүмүүсийн хэвшмэл үзлийг (хэрцгий, зэрлэг, бүдүүлэг, танхай, дайчин, дээр үед алж талахаас цаашгүй байсан, Оросыг эзэлсэн ганц улс, монгол татарууд биднийг 300 жил дарангуйлсан, тийм учраас Орос орон Европын соёл хөгжлөөс хоцорсон) сайхан эргүүлж өгнө.

2007 онд С. Бодровын "Монгол" кино кинотеатруудад гарах үед Москвад байж таараад, Бодровын зурагт, сонин сэтгүүлд өгсөн нэлээд олон ярилцлага үзэж уншсан юм. Бараг сэтгүүлч бүр "Юунд монголчуудыг сонирхоо вэ, яагаад сайн талаас нь гаргахыг зорио вэ, Орос оронг шатааж цөлмөсөн тухай юу боддог вэ, тэд чинь зэрлэг шдээ, бүдүүлэг шдээ, аймарр шдээ" мэтийн асуулт албатай юм шиг асууж байсан тул оросуудын үзэл огт өөрчлөгдөөгүй нь харагдаж байна лээ. Үгүй, юундаа ч өөрчлөгдөх вэ дээ. Харин Бодровын хариултыг үнэнхүү шүтсэн. Хүн болгонд уйгагүй & залхахгүйгээр нэгд, бидний арван жилд үзсэн түүх үнэнд нийцэхгүй. Хоёрт, монголчууд ямар ч улсын сүм хийдийг нурааж шатааж байгаагүй. Гуравт, монголчууд байгаагүй бол Москва байхгүй... гээд маш сайн ярьж тайлбарлаж байсан. Кино зохиолоо бичихдээ Гумилев болон бусад монгол судлаач эрдэмтдийн бүтээлийг судалсан нь илт харагдаж байна лээ. Далийхад монголчуууд байхгүй бол Москва байхгүй гэсэн үг ганц хоёр сэтгүүлчийг гацаанд оруулж байсан шүү. Гэхдээ Бодров өөдөөс нь "Үнэн шдээ, манай ноёдууд хоорондоо хоолойгоо уралцаж байсан, тал талаас шведүүд этр дайрч сүйрүүлж байсан, монголчууд байсан учир орос нэгдсэн" гээд гандан буурахгүй тайлбарлаж байсан тул huge respect. Ингэхэд юу билээ... гол ярианаасаа далийчихлаа.

Ерөнхийдөө энэ бол хүүхдүүдэд зориулсан музей. Тийм ч учраас гэрийн гадаа нум сум харваж болно, хүүхдүүд үндэсний хувцас өмсөөд зураг авахуулж болно, ер нь юм юмыг чөлөөтэй барьж, үзэж, илж болох нь музейн нэг онцлог. Намайг очиход зуныхаа амралтаараа музей үзэхээр ирсэн тав зургаан бага ангийн сурагчид монгол аня ирсэний сургаар харах гэж цуглав. Музей үзээд юу таалагдав гэж асуухад охид нь монгол дээл, малгай өмсөх нь хамгийн гоё байсан гэж инээлдээд, банди нар нум сум харвах, жад сэлмээр үзэлцэх нь хамгийн күүл гэж байсан, хаа газрын охид хөвгүүд адилхан гэж.




Нум сум харваж тоглох хана.

Бусдыг доор оруулсан зурагнаас үзэж сонирхоорой.





1 Монгол гэр

   


   

  
   

2 Хааны гэр



Дээр үеийн тэрэгт гэр.
Энэ гэрийг "ханская юрта" буюу "хааны гэр" гэж нэрлэсэн байна лээ. Чингис хаан болон Эзэнт гүрний үеийн Монголын байлдан дагууллын тухай танилцуулах гэр.