2011/10/26

Москва: Нүүдэлчдийн музей 4

  

Өмнөх бичлэгт ичив гэж бичсэн нь... бурхдын тухай миний мэдлэг гэвэл бурхан багш Будда, Оточ манал, Цагаан, Ногоон дарь эх, хангал арван бурхад (нарийн ширийнийг гэхдээ мэдэхгүй), хамгаалагч догшин бурхад, энэ цагийн бурхан Манзушир, ирээдүй цагийн бурхан Майдар, сайн цагийн мянган бурхад... гүйцээ.

Харин Константины тайлбараас тогтоож авсан хийгээд сонирхолтой санагдсаныг сийрүүлбэл:

Ногоон дарь эх
Монголд олон хүн Ногоон дарь эхийг шүтнэ. Хөдөөний хоёр айлын нэгэнд Ногоон дарь эх байдаг гэхэд хэтрүүлэг болохгүй. Эмэгтэйчүүдийн бурхан ч гэдэг. Барууныхан болон оросууд дунд буддизмын тухай нийтлэг нэг эндүүрэл бий. Юу гэвэл, зөвхөн сүмд сууж ном уншиж эрхи эргүүлсэн эрэгтэй хүн л гэгээрнэ. Бүсгүй хүнд гэгээрэх шанс ноль, эр хүний биед төрөн байж сая гэгээрэх боломж олох тул эмэгтэй хүнд энэрэлгүй шашин гэж итгэх хүн олон. Тийм хүмүүст Константин гэгээрэхэд хүйсийн ялгаа падгүй, чин хүсэл байваас эр, эм хамаагүй бөгөөд үүнийг дарь эхүүд батална гэж тайлбарладаг байна. Бурхны шашинд Ногоон дарь эхийг хамгийн энэрэн нигүүлсэнгүй гэж шүтдэг. Ногоон дарь эхийг зурж урлахдаа бусад дарь эхийн адил хөлөө завилж суусан биш өрөөсөн хөлөө бадамлянхуа цэцэг дээр тавьсан байдлаар дүрсэлнэ. Учир нь Ногоон дарь эх хэзээ ч суудлаасаа босож хүмүүст тусалахад бэлэн байдаг юм. Мөн хүмүүс гуйж мөргөхөөс өмнө урьтан очиж тусалдгаараа Ногоон дарь эх бусад бурхдаас ялгаатай.

Мэгжид Жанрайсэг
Бодьсадва гэдэг нь бодь сэтгэлтэн буюу гэгээрэх хүслийг хөгжүүлсэн бодьгал, өөрөөр хэлбэл Буддагийн адил бурхан болоход хоёр гурван хуруу л дутуу нэгэн. Бодьсадва нар бүгд эрт орой хэзээ нэгэн цагт нирваан дүрээ олж бүрэн гэгээрэх боловч зөвхөн нэг бодьсадва хэзээ ч бурхан болж дээдийн дээд амгаланд залрахгүй. Энэ бол Авалокитешвара буюу энэрэл нигүүслийн Мэгжид Жанрайсиг бурхан юм.

Нэгэн домог:
Эртээ урьдын цагт нэгэн залуу бодь сэтгэлээ хөгжүүлж бодьсадва болжээ. Тэрээр зовон шаналж буй хамаг амьтныг авран тусалж байсан боловч зовлонгийн далай даанч дундаршгүй. Зовлон ноёлох энэ ертөнцөд түүний үзүүлэх тус далайд дусал адил болохыг мэдээд бодьсадва машид гаслан цочирдсоноос (орчин цагийн хэлээр "шоконд орсноос") түүний толгой мянган хэсэг задран бутарч, хоёр мутар нь хэдэн хэсэг тасран салжээ. Азаар ойр хавьд Амитаба бурхан (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт, японоор 阿弥陀如来) нисэн өнгөрч байсан тул толгойг нь түүж цуглуулаад, арван толгой хийж өгсөн төдийгүй хүмүүст туслахдаа миний ухааныг ашигла хэмээн оройд нь өөрийнхөө толгойг тавьж өгсөн гэнэ. Мөн аль болох олон амьтанд аврал хайрлаж, зовлонгоос гэтэлгээрэй хэмээн мянган мутар хайрлажээ. Амьтан хүний зовлонг алдалгүй харж туслахын тулд мянган мутрын алга бүр нүдтэй. Жанрайсэг нь хүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйл хамаг амьтны хэн нь хэрхэн зовж байгааг мэлмийгээрээ гүйцэд хардаг гэлцдэг.

Жанрайсэг бурханыг янз бүрээр дүрсэлдэг. Энэтхэг, Непалд 11 толгойтой, мянган мутартай дүрслэх нь олонтаа (дээрх зураг). Төвд, Монголд "найман аюулаас аврагч", "дөрвөн аюулаас аврагч" хэмээж нэг толгойтой, найм эсвэл дөрвөн мутартай, босоо эсвэл суугаа байдлаар зурж урлах нь элбэг (доорх зураг). Харин Хятад (觀世音), Японд (観音) Жарайсигийн эмэгтэй дүрийг (доорх зураг) эртнээс хүмүүс шүтдэг.

Домгоо үргэлжлүүлбэл, Амитабагийн ачаар ийнхүү амилсан Жанрайсэг замбутивийн хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй, амьтан бүрийг нирваанд хүргэсэн цагт сая амсхийж дээдийн дээд амгаланд залрана хэмээн тангараглажээ. Тиймээс лам, мэргэд машид удаан маргасан байна. Орчлон ертөнц зах хязгааргүй, эцэс төгсгөлгүй. Зах хязгааргүй замбутивд тоолж баршгүй олон амьтад оршино. Тиймээс ийнхүү амласан Мэгжид Жанрайсэг бол мөнхийн бодьсадва мөн үү? Үүрд нирваан дүрээ олохгүй гэсэн үг үү... yes or no ?! гээд ихээхэн маргаан өрнүүлсэн байна (ийм учир бурханы шашны лам нар зэрэг дэвшихдээ логикийн шалгалт өгдөг байх). Гэвч бурхан багш "Эвий, та нар минь эндүүрээд байна, эндүүрээд байна. Мэгжид Жанрайсэг аль хэдийнээ нирваанд байна, амьтан хүнд аврал хайрлах нь түүний нирваан" хэмээн айлдаж маргааныг тасалжээ. Жанрайсагийн догшин дүр нь Чойжин (Махакала) бурхан юм. Догшин дүр нь гэгээрэхэд садаа болох уур, омог зэрэг муу хүслийг дарна.

Манзушри, оюун ухааны бурхан
"Уужуу тайван, ухаантай мэргэн" гэвэл орос хүнд голдуу өндөр настай, буурал тэргүүтэй, урт цагаан сахалтай өвгөн хүний дүр бууна. Загалмайтны шашны олон гэгээнтэн бүгд магнайдаа үрчлээтэй, өтгөс буурал байдаг нь ч санаандгүй явдал биш болов уу. Харин бурханы шашинд төгс төгөлдөр оюун ухааныг билэгдэх Манзушри бурхан бол 16 настай инээмсэглэсэн хөвгүүн. Учир нь буддизмд гэгээрэл болон ухаарал нь олон ном уншиж, олныг эргэцүүлсэн эсэхээс үл хамаарна. Насаараа ном уншаад гэгээрэхэд хуруу ч дөхөхгүй хүн байна, хормын дотор гэгээрэх хүн ч байна.

Манзушри бурхан бас замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхээс нааш нирван дүрээ олохгүй гэж амласан нэгэн (Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил шүтэж дээдэл хэмээн сурган гэдэг). Гэхдээ Жанрайсэгийн адил үүрд бус, сайн цагийн мянган бурхад иртэл орчлонд тогтож, олон амьтанд тусална хэмээн амлажээ. Будда 2000 орчим жилийн өмнө төрсөн тул 1000 жилд нэг бурхан гэж үзье... Тэгэхээр юу вэ, мянган бурхад хэзээ хэдэн жилийн дараа ирэх вэ? Эсвэл тооноос үл хамаарахгүй асуудал уу... хэхэ. Нэмж хэлэхэд, Манзушри бурхан баруун мутартаа тэнэг мунхгийг арилгах оюун билгийн галт илд барина.

... нэг иймэрхүү дээ, бусад бурхдын тухай ч товч тайлбарласан боловч санадаггүй...

Константины ярианаас надад Монголын тухай сэтгэгдэл их сонирхолтой байлаа. Маргааш гэдэг үгийг маш хурдан сурсан зэрэг бидний тухай сайн, муу, хөгтэй, хөгжилтэй бүхнийг сайхан ярьж өгсөн шүү.

Мөн ан хийж амьдардаг, дэлхийн бусад газар & хүмүүстэй ямар ч холбоогүй аж төрдөг хойд мөсөн далайн цөөн тооны нүүдэлчин омгийн тухай яриа хамгийн сонирхолтой байлаа: "Газар уснаа явагчаар гурван жил очихыг зорьсон боловч жил бүр цасан шуурганд автаад буцахаас өөр аргагүй байв. Дөрөв дэх жил сая нэг аз тохиож цасан шуурганд авталгүй аян замаа үргэлжлүүлэх боломж гарч, мөсөн далайн эрэг хавийн нүүдэлчин омгийхны аж амьдралтай танилцах ховорхон завшаан олдсон юм. Тундрийн хамаг юмыг харанхуйлах цасан шуурга хэцүү, биеэрээ олс ороож байгаад газар уснаа явагчаас гарч бие засна, эс тэгвээс эргэж ирэх найдлагагүй. Энгийн цасан шуурганаас гадна газраас зөвхөн 1~2 метр зайд дэгдэх "нам шуурга" (низовая пурга) бидэнд маш сонин. Учир нь олстой гараад доош буухад өөдөөс цас мөс битүү балбаад юу ч харагдахгүй. Харин газар уснаа явагчдаа буцаж ороод цонхоор дээш харахад тэнгэр цэв цэлмэг байдаг..." гээд Константин нүдэнд харагдтал, дагаад тундр явмаар санагдтал сайхан ярьж байлаа.

Даанч толгой минь олгой болжээ, Монголтой холбоотой хэдэн зүйлийг тэр өдөртөө бичиж тэмдэглэсэн минь энэ буюу.

3 comments:

WILD FOX. said...

ХУВААЛЦАЖ БАЙГААД БАЯРЛАЛАА, МАШ СОНИРХОЛТОЙ БАЙЛАА.

Сүрэн said...

bayarlalaa :)

potat said...

uneheer sonirholtoi bailaa.mash ih bayarlalaa.