2011/10/23

Москва: Нүүдэлчдийн музей 3



Монголоос лам нарыг урин залж, бүх бурхдыг аравнайлж амилуулсан учир энэ гэр дугана бол Москвад байх цорын ганц бурханы шашны (шарын шашны) сүм юм. Ойр хавьд ондоо сүм гэвэл Ленинградад төвдүүдийн барьсан нэг сүм бий, бусад нь Буряд, Тува хийгээд Халимагт. Сүм нээхэд Монголын элчингийхэн их тусалсан, Монголоос лам нар болон төрийн түшмэд ирсэн гэж Константин талархан ярьж байлаа.

За тэгээд орос хүмүүст ярьж тайлбарладаг бурханы шашны тухай наад захын ойлголт монгол бүсгүйд хэрэггүй гээд (уул нь ч хэрэгтэй л дээ) Константин бид хэд орос улсад буддизм ямар байна гэсэн сэдэвтэй яриа дэлгэв. Орос хүмүүсийн буддизмын тухай ойлголт, бусад шашнаас юугаараа ялгаатай... мөн хамт явж байсан орос найздаа янз бүрийн тайлбар тавьсныг базаж бичвэл:

Орос улс олон үндэстэн ястнаас бүрэлдэх бөгөөд тэдгээр нь янз янзын шашин шүтлэг бишрэлтэй. Голлох гурван шашин буюу загайлмайтны (оросын үнэн алдартны) шашин, лалын шашин, иудаизмын тухай оросууд сайн ч муу ч тодорхой хэмжээний ойлголттой. Харин бурханы шашны тухай мэдлэг бага. Буриад, халимаг, тува гээд цөөн тооны хүн шүтдэг учир аргагүй л дээ. Гэхдээ Константины бодлоор хүний тооноос гадна бурханы шашны номлол нь Орост дэлгэрсэн бусад шашнаас тэс өөр боллох нь гол шалтгаан ажээ. Загалмайтны шашин, лалын шашин хийгээд иудаизмын үндэс нэг тул номлолын гол "концепц ойлголт" ч ерөнхийдөө төстэй.

Нэгд, энэ гурван шашин бүхнийг бүтээсэн ганц бурхан байдаг гэсэн нэгдмэл ойлголттой. Хоёрт, үхсэнийхээ дараа очиж үүрд жаргах "диваажин", эсвэл үүрд зовох "там" байдаг гэж номлоно. Гуравт хүний биед нэг л удаа төрөх "мөнхийн сүнс" байдагт итгэнэ. Иймд, бурханы шашны тулгуур ойлголт буюу Будда энэ ертөнцийг бүтээсэн бурхан биш, гэгэрээлэд хүрсэн эгэл жирийн хүн гэдэг нь хүлээж авахад бэрх байдаг бололтой. Ихэнхи хүмүүс Буддаг бурхан гэж ойлгохдоо загалмайтны шашны Иисүс, эсвэл лалын Аллахтай төстэйгээр боддог аж. Тиймээс хүн болгон гэгээрч "бодьсадва" болж дараа нь бурхан дүрээ олох буюу "будда" болж чадна. Бурхан багш Будда ч гэгээрэхээсээ өмнө хаан ширээ залгамжлах хунтайж боловч бусадтай л адил хоёр хөлтэй хохимой толгойтой "хүн" байсан гэхээр нэг л "бууж өгдөггүй" бололтой.

Тэгэнгүүт дараагийн асуулт урган гарч ирнэ. Будда жирийн нэгэн хүн байсан юм бол энэ дэлхийг хэн бүтээсэн юм бэ? Хэн ч бүтээгээгүй, орчлон ертөнц бол эцэс төгсгөлгүй энергийн урсгал... үүнд зөвхөн шалтгаан ба үр дагаварын хууль буюу карма үйлчилнэ, нэмээд цааш нь дхарма үйлчилнэ... гээд тайлбарлахад ихэнхи хүмүүс гацдаг бололтой. Гарамгай ганц нэг нь тийм учир буддизмыг хамгийн шинжлэх ухааны шинжтэй шашин гэдэг байх нь гэж толгой дохино.

Бас нэг асуудал нь там болон диваажингий тухай. Загалмайтны шашинд сайн хүний сүнс мөнх диваажинд жаргаж, муу хүний сүнс мөнх тамд зовно гэдэг бол буддизмд "мөнхийн" там болон диваажин байхгүй. Муу хүн үйлийнхээ үрээр халуун хүйтний тамд очих ч үйл нь барагдахаар дараа төрлөө олох ба гэгээрэх хүртлээ үйлийн үрээр дахин төрөх сансрын хүрдээс мултрахгүй. Нирваан дүрээ ологчид, бодьсадва, хутагт хувилгаад нар дээдийн дээд амгаланд мөнх байхыг хүсэхгүй, хүн амьтанд аврал хайрлах хүсэлдээ хөтлөгдөөд дахин хүн болж төрнө, эсвэл асури, адгуус амьтан зэрэг дуртай төрөлдөө дахин төрөх бөгөөд энэ бүхэн эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ.

Нэг иймэрхүү ярианы дараа гэрийн хананд залсан бурхдыг найздаа тайлбарлах болоход "наад захын ойлголт хэрэггүй" гэж орос найз мань итгэх Сүрэн үнэнээсээ ичив. Гэвч энэ тухай дараагийн бичлэгт.

No comments: