2011/10/17

Москва: Нүүдэлчдийн музей 1

   

6 сард Москва явахдаа үзсэн нүүдэлчдийн музейн тухай сонирхуулья.

"Музей кочевой культуры" буюу "Нүүдэлчдийн соёл ахуйн музей"
http://www.nomadic.ru/settlement.html

Энэ музей одоохондоо өөрийн гэсэн байшин байртай болооогүй гэнэ. Москвад газар, байшин барилгын үнэ хадаад удаж буй тул театр, музей зэрэг шинээр байгуулагдсан & хөрөнгө мөнгөөр дутмаг соёл урлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн орон байртай болно гэдэг мянган бэрхшээлтэй.

Гэхдээ музейн ажилтнууд байр сав гэж гүйж хөөцөлдсөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн өвчтэй хүүхдүүдэд тусгай сургалт явуулдаг сургуулийн захиргаатай ярьж тохироод тэдний хашаанд музейгээ байгуулсан гэнэ. Орон орны нүүдэлчдийн гэрүүд авчирж бариад, гэр бүрийг тухайн үндэсний аж ахуйн хэрэглэлээр товхинуулаад, хөгжмийн зэмсэг зэрэг хүмүүст хамгийн ойр уламжлалт урлаг соёлын эд зүйлээр чимээд, энд тэнд хөөрхөн хөөрхөн тайлбар тавихад л бидний музей бэлэн болсон. Юун төлөө нүүдэлчдийн музэй билээ, давуу талаа сайн ашигласан гээд ажилтнууд нь инээлдэж байсан. Музейн тайлбарлагч нарыг бэлдэх гэж бас сүйд болоогүй. Орон орноор судалгаа хийж, улс улсын эд хэрэглэлийг цуглуулсан музейн ажилтнууд буюу угсаатан судлаачид өөрсдөө музейгээ сонирхуулах тул маш дэлгэрэнгүй тайлбарлана. Бас орны орны тухай өөрсдийнхөө сэтгэгдлээс харамгүй хуваалцаж морин хуур, товшуур тоглож хуурдаж үзүүлнэ.

Дунд сургуульд багшилж байснаа сонирхолдоо хөтлөгдөн нүүдэлчдийн ахуй соёл, сэтгэлгээг судлах болсон Константин Кусков ярихдаа, хүмүүс музей үзмээр байвал өөрсдөө музейн зүг хөлөө зөөх хэрэгтэй байдаг, харин манай музей дэлхийд цорын ганц “нүүдэг музэй” гээд хөхөрч байв. Хаашаа нүүж очих вэ гэвэл музейг урьсан ямар ч сургууль, байгууллага, газар руу гэрүүдээс бусад үзүүлэнгээ аваад очно. Томхон хэмжээний арга хэмжээ бол ганц хоёр гэрээ ч ачиж очно. Константин угтаа багш хүн учир музейгээ сургуулийн дэргэд байгуулж сургалт, хөгжөөнт тоглоом зэрэг хүүхдэд чиглэсэн арга хэмжээ явуулдаг нь учиртай. Олон орон, үндэстэн ястны хүмүүс цугласан Москва хотод арьс өнгөний ялгаа, үндсэрхэг үзлээс үүдэх гэмт хэрэг жилээс жилд олширч олон нийтийг түгшээж байгаа билээ. Тиймээс хүүдүүдэд багаас нь ондоо соёл ахуйн тухай заан сургаж, үзэл бодлыг нь зөв төлөвшүүлэх чухал хэмээн ярьж байлаа. (Үүнийг манайхан ч анхаарахад гэмгүй шүү)

Энэ музей ерөнхийдөө хүүхдүүдэд зориулсан музей боловч нүүдэлчдийн тухай юу ч мэдэхгүй том хүн очсон ч олныг мэдэж авна. Юуны түрүүнд нүүдэлчин түмнийг эдийн соёлгүй, юмгүй хоосон гэж боддог (би тийм хүмүүстэй олонтаа таарч байв) орос хүмүүст хөөрхөн сэргээш болно. Мөн эртний Монгол улс болон монголчуудын тухай жирийн орос хүмүүсийн хэвшмэл үзлийг (хэрцгий, зэрлэг, бүдүүлэг, танхай, дайчин, дээр үед алж талахаас цаашгүй байсан, Оросыг эзэлсэн ганц улс, монгол татарууд биднийг 300 жил дарангуйлсан, тийм учраас Орос орон Европын соёл хөгжлөөс хоцорсон) сайхан эргүүлж өгнө.

2007 онд С. Бодровын "Монгол" кино кинотеатруудад гарах үед Москвад байж таараад, Бодровын зурагт, сонин сэтгүүлд өгсөн нэлээд олон ярилцлага үзэж уншсан юм. Бараг сэтгүүлч бүр "Юунд монголчуудыг сонирхоо вэ, яагаад сайн талаас нь гаргахыг зорио вэ, Орос оронг шатааж цөлмөсөн тухай юу боддог вэ, тэд чинь зэрлэг шдээ, бүдүүлэг шдээ, аймарр шдээ" мэтийн асуулт албатай юм шиг асууж байсан тул оросуудын үзэл огт өөрчлөгдөөгүй нь харагдаж байна лээ. Үгүй, юундаа ч өөрчлөгдөх вэ дээ. Харин Бодровын хариултыг үнэнхүү шүтсэн. Хүн болгонд уйгагүй & залхахгүйгээр нэгд, бидний арван жилд үзсэн түүх үнэнд нийцэхгүй. Хоёрт, монголчууд ямар ч улсын сүм хийдийг нурааж шатааж байгаагүй. Гуравт, монголчууд байгаагүй бол Москва байхгүй... гээд маш сайн ярьж тайлбарлаж байсан. Кино зохиолоо бичихдээ Гумилев болон бусад монгол судлаач эрдэмтдийн бүтээлийг судалсан нь илт харагдаж байна лээ. Далийхад монголчуууд байхгүй бол Москва байхгүй гэсэн үг ганц хоёр сэтгүүлчийг гацаанд оруулж байсан шүү. Гэхдээ Бодров өөдөөс нь "Үнэн шдээ, манай ноёдууд хоорондоо хоолойгоо уралцаж байсан, тал талаас шведүүд этр дайрч сүйрүүлж байсан, монголчууд байсан учир орос нэгдсэн" гээд гандан буурахгүй тайлбарлаж байсан тул huge respect. Ингэхэд юу билээ... гол ярианаасаа далийчихлаа.

Ерөнхийдөө энэ бол хүүхдүүдэд зориулсан музей. Тийм ч учраас гэрийн гадаа нум сум харваж болно, хүүхдүүд үндэсний хувцас өмсөөд зураг авахуулж болно, ер нь юм юмыг чөлөөтэй барьж, үзэж, илж болох нь музейн нэг онцлог. Намайг очиход зуныхаа амралтаараа музей үзэхээр ирсэн тав зургаан бага ангийн сурагчид монгол аня ирсэний сургаар харах гэж цуглав. Музей үзээд юу таалагдав гэж асуухад охид нь монгол дээл, малгай өмсөх нь хамгийн гоё байсан гэж инээлдээд, банди нар нум сум харвах, жад сэлмээр үзэлцэх нь хамгийн күүл гэж байсан, хаа газрын охид хөвгүүд адилхан гэж.




Нум сум харваж тоглох хана.

Бусдыг доор оруулсан зурагнаас үзэж сонирхоорой.





No comments: