Хэрэг зориг Хар далай учир Симферополь хотоор зорчин өнгөрөх төдий л байв. Орос руу буцаж орох виза хөөцөлдөхийн тулд хоёр хоноод цааш явсан учир Крымийн үүд хаалга гэлтэй энэхүү хоттой Орос консулын эргэн тойрноор холхиж явахдаа л жаахан танилцах аядав. Тиймээс онцын бичээд байх зүйлгүй ч ганц хоёр сэтгэгдлээсээ хуваалцъя:
Симферополийн хүмүүс эелдэг найрсаг. Ялангуяа Москвагийхантай харьцуулахад. Ноднин ч, энэ жил ч Москвад буусан эхний өдрөө бөөн "culture shock". Онгоцны буудлын гаалийн хүүхнээс эхсүүлээд тувт төрөл бүрийн хүмүүст загнуулаад байгаа мэт санагдана. Гэхдээ угаасаа Москвад элдэв байгууллага, үйлчилгээний газрын хүмүүсийн харьцаа тиймэрүү л дээ. Энгийн иргэд ч ялгаагүй, нэг л яарсан, амьдралд ядарсан мэт харагдана. Зам асуувал бүгд өндөр дуугаар, цөөн үгээр, хурдан түргэн хариулаад цааш хурдална. Метронд хүнээс юм асуувал алхаж буй хурдаа ч сааруулахгүй байж мэднэ. Тиймээс хариуг нь сонсохын тулд зэрэгцэн шогших хэрэгтэй, эс бөгөөс дугуй зааланд дүнгэнээд ирж буй богооны чимээнд дуу нь замхарч, дахиад хэн нэгнийг барьж авах хэрэг гарна. Ер нь Москва хотын амьдрал нөгөө "Run Lola Run" киног хамгийн их санагдуулна. Тэнд тайван алхалж буй гурван төрлийн л хүмүүс байна: орон нутгаас орж ирээд удаагүй хүмүүс, гадна дотны жуулчин гийчид & дурлалт хосууд.
Харин Симферополийн хүмүүс ямар ч сайхан налгар тайван юм. Юм асуувал "За байз хө, энэ чинь юү билээ..." гэх маягаар хээвнэг гэгчийн хариулна. Та хаанаас ирээ вэ гэх мэт яриа ч өднө. Бас инээмсэглэнэ! Хүмүүс нь элдэв юманд яараагүй, эелдэг харьцаатай, инээмсэглэж ярилцах тул дэлгүүр хоршооны сервис хүртэл Москвагаас хамаагүй илүү. Юм асуухад төвөгшөөхгүй, захиалгаа буцаахад уурлахгүй, удаан шилж сонгосон ч залхсан байдлаар хялаахгүй. Тиймээс амьдралын чанар (quality of life) гэгч үзүүлэлтээр Орос оронд Москва хамгийн адагт орох байх.
Гэхдээ л надад Москва гоё :) Амьдрал буцалж булиглаж дэврээд бөөн кайф. Ялангуяа Японтой харьцуулахад хүмүүс ёстой үзэж таарч, үсэрч наалдана. Тэмүүлнэ, тэмцэнэ, тэрсэлдэнэ. Олно, алдана, хожино, хонжино. Зүтгэнэ, зүлгэнэ, уйлна, уурлана, сайндана, муудана, ухрана, урагшлана, дайрана, давшлана... тэгээд гүйгээд байна, гүйгээд байна. Нэг үгээр хэлбэл Москвагийн амьдрал бол бөөн ҮЙЛ ҮГ. Харин Симферополь үйл үг биш тэмдэг нэрээр дүрслэгдэх хот.