2009/05/31

Хар далай, төгсгөл

  

  

  

  Хоёр дахь зургийн гурван хүүхэн үнэн көөөөөлкөн. Би тэдэнд "три красавицы" гэдэг нэр өгчихсөн. Тун хөгжилтэй хүүхнүүүд. Бие биенээ бүдүүнээр нь дуудаад л, диет хийх тухай маргаад л... Намайг аль холоос харангуутаа гар даллан "айда, айда в воду" гэж дуудна, миний нэг өдөрт борлосоныг өөрсдийнхөө долоо хоногт дөнгөж улаасныг гайхна, инээдтэй инээдтэй юм ярьж их хөхрөлдөнө. Красавицы & хохотушки гэж энэ гурвыг л хэлнэ.

  Хоёр долоо хоног Москва, Украина, Симферополь, Хар далай, Канака гэх газруудаар явахдаа нарны сайханд бов бор боллоо, украин нутгийн жигнэмэг, печени, бялууны сайханд хөөрхөн жин нэмлээ. Энэ удаагийн дурсамжаа есөн тэмдэглэлд багтааж хар далайн нартай, наргүй янз янзын зургаар аяныхаа тэмдэглэлийг өндөрлөе.

Аялал ба хүмүүс

   Аялал гэдэг тогтсон нэгэн хэмнэлт амьдралаас холдуулж "гэр-ажил-гэр" тойргоос хэсэг зуур ч болов гаргаж өгдөгөөрөө сайхан. Мөн шинэ газар нутаг үзэхээс гадна шинэ хүмүүстэй учирч танилдцдаг нь хамгийн сайхан. Хоромхон зуур хоёр гурван үг хэлэлцээд өнгөрсөн ч зарим нэг замын танил ухаан бодолд удаан хугацаагаар үлдэх явдал олонтаа. Энэ удаагийн аялалаар ч гэсэн олон сайхан хүнтэй учрав. Яагаад ч юм монголтой холбоотой маш олон хүнтэй таарсан нь гайхал төрүүлэв. Эхнээс нь жагсаавал:

  1. Москвагаас Симферополь руу нисэх онгоцонд хажууд суусан хижээл насны хөгшинтэй хуурч хөөрсөн чинь намайг монголоос ирсэн гэж дуулаад сүйд майд. Хүү нь уул уурхайн салбарт ажилладаг, ноднин монголд уул уурхайн чиглэлийн томоохон үзэсгэлэн болоход оросыг төлөөлж оролцсон гэх. Хүүгийн маань төрсөн өдөр яг үзэсгэлэнгийн үеэр болж монгол найз нөхөд нь тун сайхан тэмдэглэж өгсэн гэсэн, ер нь хүүд маань монгол их таалагдсан, ирэх зун хүүгээ дагаад монгол явах санаатай шүү. Хүү мань монгол жанжин малгай бэлэглэснээс малгай цуглуулдаг болсон, одоо нэлээд хэдэн орны малгайтай болж байгаа, гэхдээ цуглуулагын хамгийн эхнийх бол монгол малгай, ирэх зун хүүгаа дагаад явна даа... гээд бөөн хөөр болгон ярьж өгөв.
  2. Хар далайн эрэг дээрх зочид буудлын хажуу өрөөний хөрш маань Ангарск хотын жуулчны компанид ажилладаг хүүхэн байв. Сүүлийн үед монгол уруу “армаанчик”-ийн эрэлд явах хүн олширсон тул дөрвөн сард монголд ирж УБ-н бүх гайгүй бүх зочид буудлыг судлаж ангилаад ирсэн гэх. Бас их дэлгүүрээс авсан арьсан түрийвч энэ тэрээ сонирхуулж үзүүлсэн.
  3. Өдрийн хоол идэх, далайд сэлэх үед тааралдаж байсан нэгэн хүүхэн нэг өдөр хүрч ирээд “Сайн байна уу” гэж мэндлэхэд нь гайхсан гэж жигтэйхэн. Тэгсэн намайг монгол гээд хэдэн хоногийн өмнөөс анзаарсан байж. Яриа хууч хөөртөл хүүхэн маань хүүхэд байхдаа ээж аавтайгаа Сайншандад байсан гэнэ. Монголд бага насаа өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай, хөдөө хээр нутаг одоо ч гэсэн нүдэнд харагддаг. Тэр үеийн дурсгалаас онцгүй нь гэвэл зөвхөн идэх хоол, хоолны төрөл бага байсан явдал, бусдаар бол яриан байхгүй сайхан цаг, сайхан орон байсан гээд бид хоёр бас нэлээд удаан ярьж хөөрөөд.
  4. Симферопольд хоромхон зуур тааралдсан сувилагч эмэгтэй 80-д онд шинэхэн гэрлэсэн инженер нөхөртэйгээ Эрдэнэтэд амьдарч байсан тухайгаа ярьж өгөв. Манай гэр бүл одоо ч гэсэн монголд их элэгтэй, ингэхэд танайд сая 7 сард юу болоод байсан бэ, нэгэн өдөр зурагт үзээд ямар их гайхсан гээч...
  5. Москвагийн зочид буудал хэдий “гурван одтой” гэх ч өрөөндөө ус буцалгагчгүй. Халуун цай уух гэж буцалсан хар ус гуйхаар үйлчлэгч нарын өрөөнд ортол үүдэнд байсан авгай шууд л хаанаас ирэв гэж байна. Монголоос гэсэн чинь царай зүс нь хайлмаг тос шиг л зөөлрөөд явчихав. Дотны найз гэр бүл нь эхнэр нөхөр хоюулаа барилгачид. 80-д онд монголд барилга барьж байсан, одоо ч гэсэн хааяа тэр үеийнхээ дурсамжаас хуваалцдаг. Монгол хүнтэй таарсан гэвэл баярлах байхдаа гээд надаас монголын тухай нэлээд олон юм сонирхож асуув.
   Би ер нь хаа ч явсан монголд дуртай, монгод элэгтэй хүмүүстэй нэлээд таардаг. Австралид ч таарч байсан, англи малайзид ч таарч байсан. Ноднин москва яавахдаа ч монгол руу аялна гэсэн хүмүүстэй таарсан. Гэхдээ энэ удаа бол тэдгээр хүмүүсийн тоо арай "хэрээс хэтэрсэн" байв. Тэгээд бодлоо л доо... өдий болтол учирч таарсан хүмүүсийн дунд монголд дурамжхан хүн ер байгаагүй. Бүгд л монголд хайртай дуртай гэх хүмүүс байсан. Бас нэлээд нь монголд очих юмсан, аль эсвэл очиж явна гэсэн хүмүүс байсан. Тэгэхээр би ер нь монголд элэгтэй хүмүүсийг татдаг байж магад  (хэхэ өөрийгөө хааяа ч гэсэн магтаж байя л даа)

   Бас нэг бодол гэвэл энэ удаад хоёрхон долоо хоногийн дотор үй түмэн хүний дундаас монголыг зүгээр мэддэг сонирхдог биш бүр очиж байсан, удаан хугаацаагаар ажиллаж амьдарч байсан хүмүүстэй ингэж таарах гэж... Тэнгэр бурхан намайг харах зүгээ нутгийн зүг чиглүүл гээд байна уу, ерөөс шулуухан харь гээд байна уу... өөрийн эрхгүй ингэж ч бодож үзэв. Аль эсвэл монголд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн тоо 2 сая орчим гэгддэг тул ангайж гайхах явдал үгүй ч юмуу... Амьдрал аялал гэдэг сонин юм.

Симферополь & Москва

  Хэрэг зориг Хар далай тул Симферополь хотод зорчин өнгөрөх төдий л болов. Орос руу буцаж орох виза хөөцөлдөхийн тулд хоёр хоноод л цааш явсан учир крымийн үүд хаалга гэлтэй энэхүү хоттой орос консулын эргэн тойрноор холхиж явахдаа л жаахан танилцах аядав. Тиймээс онцын бичээд байх зүйлгүй ч ганц хоёр сэтгэгдлээсээ хуваалцая:

  Симферополийн хүмүүс тун эелдэг найрсаг. Ялангуяа Москвагийхантай харьцуулахад. Ноднин ч, энэ жил ч Москвад буухад эхний өдөр бөөн “culture shock”. Онгоцны буудлын гаалийн хүүхнээс эхсүүлээд тувт төрөл бүрийн хүмүүст загнуулаад байгаа юм шиг санагдана. Юм асуухад бүгд өндөр дуугаар, цөөн үгээр, хурдан түргэн хариулаад цааш хурдална. Метронд хүнээс юм асуувал хэн ч ахлаж буй хурдаа сааруулахгүй тул газрын бэтэг шиг намхан би зэрэгцэн шогшихгүй бол болохгүй. Эс тэгвээс хариу нь дугуй зааланд дүнгэнээд ирж очин буй богооны чимээнд замхраад дахиад хэн нэгнийг барьж авах хэрэг гарна. Ер нь Москва хотын амьдрал нөгөө "Run Lola Run" киног хамгийн их санагдуулах. Тэнд тайван алхалж буй гурван төрлийн л хүмүүс байна : орон нутгаас орж ирээд удаагүй баагийнууд, гадна дотны жуулчин гийчид & дурлалт хосууд.

  Харин Симферополийн хүмүүс ямар ч сайхан налгар тайван юм. Юм асуувал “за байз хө, энэ чинь юү билээ...” гэх маягаар хээвнэг гэгчийн хариулна. Хаанаас ирсэн гэх мэт яриа ч өднө. Бас инээмсэглэнэ !! Хүмүүс нь элдэв юманд яараагүй, эелдэг бөгөөд инээмсэглэх тул дэлгүүр хоршооны сервис хүртэл Москвагаас хамаагүй илүү. Юм асуухад төвөгшөөхгүй, захиалгаа буцаахад уурлахгүй, удаан шилж сонгосон ч залхсан байдлаар хялаахгүй. Тиймээс quality of life-аар орост Москва хамгийн адагт орох байх.

  Гэхдээ л надад Москва хамгийн сайхан :) Амьдрал булиглаад буцлаад дэврээд бөөн кайф. Ялангуяа японтой харьцуулахад хүмүүс ёстой үзэж таарч үсэрч наалдана. Сурна тэмүүлнэ, тэмцэнэ тэрсэлдэнэ, олно алдана, хожино хонжино, зүтгэнэ зүлгэнэ, уйлна уурлана, сайндана муудана, ухрана урагшлана, дайрана давшлана... тэгээд гүйгээд байна, гүйгээд байна. Нэг үгээр хэлбэл Москвагийн амьдрал бол бөөн ҮЙЛ ҮГ. Харин Симферополь үйл үг биш тэмдэг нэрээр дүрслэгдэх хот.

Симферополь & Улаанбаатар

  

Симферопольд иймэрхүү намхан хөөрхөн байшин олон.

Нэлээд дээхэн монголын анхны архитекторуудын нэг буурал хөгшингээс Улаанбаатарын бүтээн байгуулалтын тухай ярилцлага авч байсан юм. Хотын төвийн тухай асуухад МУИС, хуучин цирк хавийн байшингууд уул нь арай л ондоо загвартай байсан. Зураг төслөөрөө бол классик стилийн хөөрхөн байшингууд босох ёстой байлаа. Даанч улс маань хөрөнгө мөнгөөр дутмаг, тухайн үеийн барилгачид маань ур чадвараар дутмаг, мөн цаг хугацаа аягүй давчуу байсан тул бодсон санасны хаана нь ч хүрэхгүй байшингууд боссон... сэтгэл их дундуур байсан гэж ярьж байсан.

Архитекторын санаагаар ямар байшин баригдах ёстой байсаныг Симферополь хотоор явж байхдаа жаахан ойлгох шиг, гадарлах шиг болов... Улаанбаатарт маань яг ийм барилга хаана байдаг билээ ? :)

Алушта, Жүр-Жүр хүрхрээ

     

    

  Хүмүүс дагаж уулын өндөрт байдаг Жүр-Жүр хүрхрээнд очиж үзэв. Тэнд урсах ус уул мод ширтэж хичнээн ч цаг суусныг бүү мэд. Харин хамт явсан хүмүүс байгалийн сайхнаас гадна бас нэг зорилготой байсан. Аль зочид буудалд байхын л усны хувцсаа ав, тэнд гурван төрлийн ванна байдаг, орох хэрэгтэй гээд л сүр болоод байсан. Юун “ванна баня” юм бэ гэхээр бид нар ч сайн мэдэхгүй байна, лав биенд сайн гэсэн, хүнээс асууж байгаад орно гэлцээд. Учир начрыг сайн ойлгоогүй ч юу ч гэсэн усны хувцсаа аваад уул өөд аялалд гарав.
 
  Автобусаар уулын ёроолд хүрч очоод алхаж гарлаа. Ойн дундуур мацаад л байлаа. Хоёр гурван хүрхрээ бүхий хурдан урсгалт уулын голыг нааш цааш хэд хэд гатлан байж зорьсон газраа хүрэв. Хүмүүсийн яриад байсан ванна нь уулын өндөрт, тэр голын нэлээд дээхэн хэсэгт байдаг гурван том "хонхор" болж таарав. Өндөр том биетэй оросууд ороход толгой нь цухуйхтaй үгүйтэй, нэлээд гүнзгий. 20, 30 метрийн зайтай байрлах ба эхнийх нь “цэвэршүүлэх ванна”, дараагийнх нь “эрүүл мэндийн ванна”, хамгийн сүүлийнх нь “гоо сайхны ванна”. Нэг ёсны бие сэтгэлээ цэвэршүүлээд эрүүл мэндээ сэргээгээд гоо сайхнаа бадраагаад, эрүүл саруул үзэсгэлэн төгөлдөр хүмүүн болно гэсэн дом юмуу даа. Яг нөгөө орос ардын Бөгтрөгтэй морьхон үлгэрт гардаг шиг.

  Урсгал гол уулын усны дээжээс халуунд халсан толгойгоо норгоод рашаан болог гээд балгаад үзсэн чинь пээээээ хамаг шүд янгинаад часхийм хүйтэн. Ийм усанд орно гэдэг ёстой мань мэтийн хэмжээнээс хэтэрсэн хэрэг.  Тэгээд ч энэ усанд орох ёсыг хэзээ хэн эхлүүлсэнийг ямар мэдэх биш, явуулын баахан хүмүүс ингэж хамаа намаагүй ороход нутгийн хүмүүс дуртай ч юмуу үгүй юмуу... гэх мэт бодол толгойд орсноор дэмий баахан хүмүүс харж суув. Оросууд харин халуун цустай улсууд хашгиралдаад л ороод байсан. Олуулаа хүрч ирээд орилолдон орж гараад дараагийн ванаа уруу яарах. Тэднийг харж суухад гялс орчихдог ч юмуу... гэсэн бодол төрсөн ч усны хувцсаныхаа хэргийг гаргаж зүрхлээгүй.

  Доош бууж Жүр-Жүр хүрхрээний дэргэд усны чимээ чагнаж тэнгэрийн үүлс, модны орой ширтэж баахан суув. Тэгэж байгаад буцах унаанаасаа хоцрох шахаад тэрүүхэндээ хөөрхөн сандралд оров :D

Крым, бук мод

   
      
   

  Крымийн өндөр уул модоор сайхан явж зугаалаад. Ой болсон хойно янз бүрийн мод ургах ч эндэхийн ойд ороосоор “бук” ( латинаар Fágus, монголоор юу гэдгийг бүү мэд) гэх мод хамгийн түгээмэл. Тээртээ доор далайн тэнд халуу шатаж байхад өндөр ууланд сэрүү татаад үнэхээрийн сайхан. Зарим модны навч холдон буй зуны нарыг сануулах мэт алтан шаргал өнгөөр гэрэлтээд намар цагийн эхний элчийн үүрэг гүйцэтгэнэ. Ургаа мод, өвс ургамалын үнэрт мансуурч газар нэг юм дэвсээд өдөржин тэнгэр ширтэж хэвтмээр болох. Сэлэнгийн ойд нэрсэнд явах санагдаж... ингэхэд би юу бичиж байлаа, нэг мэдсэн бөөн уянгын халил болчихсон сууж байна hehe

  Бук модныхоо тухай яриаг үргэлжлүүлье. Крымийн ойд зурган дээрхи шиг хоёр гурван сонин мод харж гайхаад. Хүмүүсээс ямар модыг нь асуухаар ихэнхи нь над шиг явуулын баагийнууд тул мэдээж “мэдкү” гэх. Харин нэгэн их мэдэгч эмээ хүрч ирээд хүү минь энэ чинь бусадтайгаа л адилхан бук шүү дээ. Бук бусад модоос ялгаатай нь аянга буухад хугарч унаад шоргоолж өтний хоол болж мод насаа дуусгадаггүй. Аянга буусан тэр хэсгээсээ салаалж ургаад ийм сонин, дундад зууны канделябр лааны суурь шиг болж ургадаг юм. Олон модны дундаас зөвхөн үүн дээр аянга буусан нь азгүй мэт боловч ингэж салаалж ургасан бук мод бусдаасаа хамаагүй илүү урт насалдаг юм. Бас сонин содноороо бидний нүдийг баясгаад... бодоод байхнээ хүмүүс ч гэсэн энэ модтой адилхан байж магад. Амьдралын зовлон бэрхшээлд сөгдөн унах нэгэн байхад энэ бук мод шиг хатуу хахирыг даван туулаад сорил туршлагаасаа улам их хүч аваад цэцэглэж дэлгэрэх нь ч байх... гэж хэлээд аажуухан цааш алхаж билээ. Би харин тэндээ саатаж салаалж ургасан бук модыг хэсэгтээ түшиж зогсов ...

Онгоцны буудлууд

  

  

  Зураг 1: Москвагийн Шереметьево-1 онгоцны буудал.

  СНГ-ийн орнууд уруу эндээс ниснэ. Дээр үеийнх шиг автобусаар онгоцондоо дөхөж очоод өөрсдөө шатаар дээш гарна. Хамгийн сүүлд хэзээ ингэж онгоцонд суусан билээ... гээд дээш өгсөхөд нэг л гоё болоод явчихсан. Тээр тэнд хэн нэгэн гар даллаад зогсч байсан бол бүр гоё байхгүй юу :) Нөгөө нэрийг нь мартчихаж, дээр үеийн Бумаа билүү Бурмаа билүү уруул дээрээ мэнгэтэй хүүхэнд дурлаад байдаг киноны төгсгөл санаанд оров :)

  Зураг 2, 3, 4 : Симферополийн онгоцны буудал.

  Москва намайг явж буйд харамсаад бороо хураар үдсэн. Харин Симферополь ирсэнд минь хэмжээлшгүй ихээр баярласан бололтой цэлмэг тэнгэрээр угтаж мишээсэн :)
Анх буугаад жаахан гайхав. Өмнөговь явж байхад л нэг ийм юу ч үгүй цэлгэр талд бууж байсан санагдана. Яагаад ч юм хөөрхөн жижигхэн онгоцны буудалд бууна гэж бодож байсим. Тэгсэн санаснаас хамаагүй том буудал, бараг манай Буянт-Ухаагаас (i know, нэр нь өөрчлөгдөөд удаж байгаа) ч том байж магад. Гэхдээ орос улсын өнцөг булан бүрээс хүмүүс хар далайг зорин ирэх тул эндээс хориод хот уруу шууд нислэгтэй, Москва уруу гэхэд л хоёр цаг тутам нэг онгоц нисч байх жишээтэй. Тэгэхээр том байх нь ч аргагүй байх.

  Гэхдээ Шереметьево-1 шиг онгоцны шатаар өөрсдөө бууж суудаг нь гоё, хуучнаараа :) Би орчин үеийн ихэнхи онгоцны буудал нэвтрүүлсэн тэр суух хоолойнд үнэн дургүй. Нэг л армаанчикгүй санагдана, тэр хоолой. Хэдэн жилийн дараа онгоцны трап шатаар өгсөж уруудах эрхийг зөвхөн нэг улсаас нөгөө улсад айлчлах ерөнхийлөгч нар л эдлэх байх даа (санаа алдав). Ерөнхийлөгч бодгиймуу... гсн :D

Москва 2

    

Хотын өнгө үзэмжний тухай түрүүний яриагаа жаахан үргэлжлүүлэе.
 
Саяхныг хүртэл Москва хотын төвд европдоо хамгийн томд тооцогдох "Россия" зочид буудал сүндэрлэж байв. Та 2007 оноос өмнө Москвад зочлон очсон бол энэ зочид буудлыг харсан байж таарна. Их хотод ирсэн хүн болгон заавал улаан талбайд очдог, улаан талбайгаар зугаалсан л бол Россия-г харсан байдаг. Цонхоор нь Москва гол, Улаан талбай, Кремль, Василий Блаженный сүм зэрэг хотын төвийн гол дурсгалт газрууд харагдах тул "Россия" мэдээжийн хэрэг үргэлж жуулчид гийчдээр дүүрэн байсан.

Гэвч тун саяхан буюу жилийн өмнө, нэгдүгээрт Москвагийн төвийн эртний өнгө үзэмжийг алдагдуулж байна, хоёрдугаарт хуучирсан байна гэсэн хоёр шалтгаанаар хотын дарга Лужковын зарлигаар Россия-г буулгаад будаа болгочихож. Улаан талбайд очсон чинь байх ёстой барилга байх ёстой газраа байдаггүй, гайхсан гэж жигтэйхэн.

Ер нь Москвагийнхан аль дээр үеээс л тэр зочид буудалд дургүй байсан л даа. Экскурси энэ тэрээр явахад гид болгон энэ зочид буудал гоё л доо, даанч байрлалаа олоогүй, хуучны байшин барилгын дэргэд ийм модерн загвартай юм барих хэрэггүй байсан, энэ буудлаас болоод Москвагийн төв эртний өнгө үзэмжээ алдчихсан, харин Ленинград бол хуучин хэвээрээ гэж заавал хэлдэгсэн...

Одоо харин оронд нь эргэн тойрны сүм болон эртний байшин барилгын сүрийг дарахгүй даруу бөгөөд намхан загвартай зочид буудал баригдах ажил ид явагдаж байна. Их хотынхоо өнгө үзэмжний төлөө архитектурын хувьд мундагт тооцогдох ч байрлалаа олоогүй байшин барилга устгаж болох. Харин газрын үнэ хэд талийсан ч хүүхдийн тоглоомны талбайд гар хүрч үл болох. Ямар ч атугай орос орон байшин барилгын хувьд оролдож болох бөгөөд болохгүй юмны ян тан заагтай нь хүндлүүштэй санагдав.

Москва 1

  
  Москва хот жилээс жилд улам сайхан, улам цэвэрхэн болж буй санагдана. Эдийн засгийн эрчимтэй өсөлтөө дагаад энд тэнд их барилга явагдаж олон өндөр байшин шинээр сүндэрлэсэн боссон ч их хотын өнгө төрх онцын өөрчлөгдөөгүй харагдана.

  Ноднин Москва явахад арваад хоног баяр хөөр манан будан дунд л өнгөрөх шиг болсон. Энэ жил арай л тайван хотоор явж зугаалав. Нэлээд олон зүйл ажиглагдсанаас нэгийг дурдвал :

  Москва хотод газар байрны үнэ гэж ёстой талийж өгч. Байр худалдаж авна гэдэг хэдэн сая еврогоор яригдах асуудал. Зүгээр байр хөлслөнө гэхэд л хэд хэдэн мянган евро. Москва байрны үнээр дэлхийн хамгийн үнэтэй хотуудыг хоёр гурван жил дараалан тэргүүлж буйг хэн хүнгүй мэдэх байх. Хотын төвд болон эргэн тойронд газрын төлөө ёстой дайн болж байна, юун тэр Ирак, Афганистан. Гэхдээ Москвагаар алхаад үзээрэй. Бүх орон сууцны байшин урдаа томоо гэгчийн хүүхдийн талбайтай. Тэд нар нь бүгдээрээ бүрэн бүтнээрээ. Хотын төвийн ч бай, төвийн биш ч бай бүх эмнэлгүүд ойд ороод ирэв үү гэмээр мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн хэвээрээ. Далийхад оросын хотуудад эмнэлэг хаана байгааг мэдэж ядаад байх юмгүй. Бүх эмнэлгүүд модоор хүрээлэгдсэн байдаг. Орос хүний сэтгэлгээнд "эмнэлэг бол модтой байх ёстой" гэсэн нэгэн бичигдээгүй хууль байдаг шиг санагддаг юм, тэр нь ч зөв л дөө, модон дундуур зугаалж явахад өвчин ч гэсэн хурдан эдгэх байх.

  Орост газрын үнэ талийж өгсөн ч орос хүний оюу ухаанд хүүхдийн тоглоомын талбай, эмнэглгийн цэцэрлэг дархан цаазтай хэвээрээ. Мөн шинээр байшин барилга барьсан ч шавааруулж шамбааралдуулахгүй, тухайн гудамжны өнгө үзэмжийг бодож барьсан байх жишээтэй. Улаанбаатрын төвд элдэв юм сүндэрлүүлээд, өндөр байшинг “улс орны маань хөгжлийн нүүр царай” гэж ойлгох баагийнуудад хотын төвд өндөр байшин барих хориотой тэр Парис европ явж үзэдгүймаа гэхэд ядаж энэ хаяанд байгаа Москва ороод үз гэж хэлмээр болсон.