2009/05/31

Крым, бук мод


   

         

Крымийн өндөр уул модоор сайхан явж зугаалаад. Ой болсон хойно янз бүрийн мод ургах ч эндэхийн ойд ороосоор “бук” ( латинаар Fágus, монголоор юу гэдгийг бүү мэд) гэх мод нэлээд түгээмэл. Тээртээ доор далайн тэнд халуу шатаж байхад өндөр ууланд сэрүү татаад сайхан. Зарим модны навч холдон буй зуны нарыг сануулах мэт алтан шаргал өнгөөр гэрэлтээд намар цагийн эхний элчийн үүрэг гүйцэтгэх мэт. Ургаа мод, өвс ургамалын үнэрт мансуурч газар нэг юм дэвсээд өдөржин тэнгэр ширтэж хэвтмээр болох. Сэлэнгийн ойд нэрсэнд явах санагдаж... ингэхэд би юу бичиж байлаа, нэг мэдсэн бөөн уянгын халил болчихсон сууж байна... хэхэ.

Бук модныхоо тухай яриагаа үргэлжлүүлье. Крымийн ойд зурган дээрхи шиг хоёр гурван сонин мод харж гайхаад. Хүмүүсээс ямар модыг нь асуухаар ихэнхи нь над шиг явуулын баагийнууд тул мэдээж “мэдкү” гэх. Харин нэгэн их мэдэгч эмээ хүрч ирээд "Хүү минь энэ чинь бусадтайгаа л адилхан бук шүү дээ. Бук бусад модоос ялгаатай нь аянга буухад хугарч унаад шоргоолж өтний хоол болж мод насаа дуусгадаггүй. Аянга буусан тэр хэсгээсээ салаалж ургаад ийм сонин, дундад зууны канделябр лааны суурь шиг болж ургадаг юм. Олон модны дундаас зөвхөн үүн дээр аянга буусан нь азгүй мэт боловч ингэж салаалж ургасан бук мод бусдаасаа хамаагүй илүү урт насалдаг юм. Бас сонин содноороо бидний нүдийг баясгаад... бодоод байхнээ хүмүүс ч гэсэн энэ модтой адилхан байж магад. Амьдралын зовлон бэрхшээлд сөгдөн унах нэгэн байхад бук мод шиг хатуу хахирыг даван туулаад сорил туршлагаасаа улам их хүч аваад цэцэглэж дэлгэрэх нь ч байх..." гэж хэлээд аажуухан цааш алхаж билээ. Би харин тэндээ саатаж салаалж ургасан бук модыг хэсэгтээ түшиж зогсов.

No comments: