2009/11/08

Үнэр танар учиртай

Ноднин Москва явахдаа анх метронд суусан өдрөө мартамгүй. Хүнд хаалга түлхэн ортол өөдөөс нэг л дасал болсон үнэр сэнхийв. Бүр өөртөө итгэмгүй бөөн гайхал болж хэсэгтээ метроны үнэр үнэрлэж зогсов. Өөрийгөө Москвагийн метроны үнэр цээжилчихсэн явна гэж ёстой санаа ч үгүй байж ээ. Тэгтэл метронд оронгуут "Хүлээгээрэй, байзаарай, энэ чинь метроны үнэр байна... мөн байна... хэвээрээ байна... багад ямар байсан яг тэр хэвээрээ байна!" гээд тэрүүхэндээ хөөрч хөөрхөн баярлав.

Эрдэмтэд хүний ойг “харааны ой”, “дууны ой”, “үнэрийн ой” гэж ялгадаг ба эдгээр дундаас хүний үнэрийн ой хамгийн эртний, хамгийн “араатан амьтны” шинжтэй бөгөөд хамгийн хүчтэй гэсэн агуулга бүхий нийтлэл саяхан нэг сэтгүүлээс олж уншаад өөрийн эрхгүй үнээээээн, яах аргагүй үнэээээн гэж толгой дохив.

Толгой дохингоо Японд таван жил болоод нутаг буцсан австрали найзынхаа яриаг санав. Найз маань “Эхнэр бид хоёр жилдээ нэг, хоёр удаа заавал харьж байсан, гэрийхэнтэйгээ байнга холбоотой байсан. Найз нөхөд олон, ажил хичээл сайн, олон газраар явж аялаад Японд бид яах аргагүй сайхан байсан. Тиймээс огтхон ч нутгаа санаж сүйд болоогүй. Зарим хүмүүс homesick болж гэрээ санаж гиюүрдгийг “онолын” хувьд л ойлгож мэдэх төдий. Гэхдээ нэг удаа Ёкохамагийн австрали цэргийн шарил очиж үзсэн юм. Тэгсэн тэр цэцэрлэг нэг л сайхан санагдаж, тэнд байгаад баймаар санагдаад, тэгээд эргэн тойрноо сайн ажтал шарилын дагуу эвкалипт мод тарьсан байсан. Бид хоёр эвкалиптын үнэрээр нутгаа санаж, гэр орон ээж ааваа ихэд санаснаа тэгж анх мэдсэн” гэж ярьж байв.

Бас нэг найз бүсгүй нэгэн газар урд сууж байсан залуугийн сүрчигний үнэрээр эксээ санаад, тэр хоёрын мартагдсан дууль эхлэл, өрнөл, төгсгөл юүтэйгээ нүднийх нь өмнө гэрлийн хурдтай өнгөрч харагдаад, тэнд юу хийж яах гэж ирснээ мэдэх сөхөөгүй болчихсон байсан гэж ярихыг сонсоод сүрчигний үнэрээр ингэж байвал цамцыг нь үнэрлэвэл бүр ч хэцүү юм болох нээ гэж бодож сууснаа санав.

Хэрвээ хүнд орон гэрийнх нь ч юмуу, ажлын газар сургууль ч юмуу, өдөр бүр барьдаг цүнх ч юмуу дасал болсон газар, юмтай нь адил төстэй боловч жаахан ондоо зураг үзүүлэхэд ихэнхи хүмүүс айхтар сайн нягталж харахгүй л юм бол ялгааг нь мэдэхгүй,  ихэнхдээ "мөн байна" гэж толгой дохидог гэсэн. Харин дасал болсон үнэртэй нь үл ялиг ондоо юм үнэртүүлэхэд шууд л биш байна гэж толгой сэгсэрдэг ажээ.

Тймээс монгол хүний үрээ үнэрлэж, аргалын утаа адуу малын чимээгээ санадаг нь тун учиртай. Нээрээн, бяцхан дүү маань гэрээсээ анх холдож гадаадад сурахаар яваад хагас жил болж байсан нэгэн орой хичээлээ тараад харьтал ээж аав хоёр бөөн уярал болчихсон зэрэгцэн сууж байна. Учрыг асуутал дүүгээс ээж аавын цамц явуул, гэрээ санаад байна, орой унтахаараа үнэрлээд дэрлээд унтана гэсэн захиа ирсэн байж :)

2 comments:

Ebe said...

Үнэхээр гоё бүсгүй хажуугаар өнгөрөхдөө бас үнэн саак ус түрхсэн байвал нүдээ зөөлөн аниад л ммммм гээд л уртаар хамраараа амьсгаа авахад ч супер шүү :-)

Сүрэн said...

hehe neeree tiin shuu,
durtai surchig ul medem unertuulsen zaluutai zuruhud uuriin erhgui ergej haraal :)

November 8, 2009 6:03 PM