2009/11/10

Дэрний дэргэдэх тэмдэглэл



Японы улсын эртний уран зохиолоос миний хамгийн дуртай нь Сэй Шёонагон авхайн "Дэрний дэргэдэх тэмдэглэл". Энэ зохиолын япон нэр нь 枕草子, англи нэр нь "The Pillow Book", орос нэр нь "Записки у изголовья". Сэй Шёонагон мянгаад жилийн тэртээ, дэлхийн орчин цагийн анхны роман буюу "Гэнжиийн туульс"-ыг бичсэн алдарт Мурасаки Шикибүтэй нэгэн үед амьдарч байв. Далийхад, Мүрасаки авхай өдрийн тэмдэглэлдээ Шёонагоныг муулж бичээд мянган жилийн турш "муухай баагий вэ" гэгдэж байгаа... хамаг юмыг хадгалж үлддэг энэ улсад хамаагүй хүн цааснаа муулж болохгүй шүү. Гэхдээ өнөөдөр энэ хоёрын харилцаа биш Сэй Шёонагоны нэрийг түүхэнд мөнхөлсөн цорын ганц зохиолынх нь тухай бичихийг хүсэв.

Сэй Шёонагон ганц л зохиолоороо Японы болон дэлхийн уран зохиолын түүхэнд дархан цаазат байр суурьтай болж, Хэйан үеийн Япон улсын уран зохиолын төвшин, эмэгтэйчүүдийн авъяас боловсролыг харуулж чадсан нэгэн. Тэр ганц зохиол нь "Дэрний дэргэдэх тэмдэглэл". Харамсалтай нь, монгол орчуулга хараахан байхгүй учир зохиолын нэрийг өөрийнхөөрөө ийнхүү буулгав. Сэй Шёонагон энэ тэмдэглэлдээ байгаль дэлхий, жилийн дөрвөн улирал, ордоны амьдрал, мода загвар, сэтгэл хөдлөл, баяр хөөр, эгдүүцэл дургүйцэл гээд юм юмны тухай тун эвлэгхэн бичиж үлдээсэн төдийгүй, Япон улсыг төлөөлөх уран зохиолын нэгэн төрлийг үндэслэсэн гэж болно.

Хальт харахад бүсгүй хүний өдрийн тэмдэглэл мэт боловч үйл явдлын дараалал тун чөлөөтэй, урд хойноо орсон тул өдрийн тэмдэглэл гэж арай боломгүй. Бичсэн төрөл жанрыг нь эрхэм уран зохиол судлаачид хожим хойно "зүйхицү"(随筆)буюу үгчилж орчуулбал "бийрээ дагаад" гэж нэрлэсэн агаад Шёонагоныг энэхүү төрлийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Зүйхицү бол зохиогч санаанд орсоноо тэр чигээр нь, чөлөөтэй цаасанд буулгахыг хэлнэ. Толгойдоо "бодож бясалгаж гашилгасан" бус, тухайн мөчид бичмээр санагдсанаа ямар нэгэн дотоод цензургүй, сэтгэлийн хөдөлгөөнөө даган тэр чигээр нь бичнэ. Тиймээс гар биш бийр түрүүлж хөдлөх мэт байдгаас "бийрээ дагаад" гэж нэрлэсэн болов уу.

Сэй Шёнагоны тэмдэглэлд хатан хааны ордоны амьдрал нэлээд том хэсгийг эзэлнэ. Тэрээр өдөр тутмын жижиг сажиг явдлаас гадна баяр ёслолын үйл ажиллагаа гээд Хэйан үеийн ордоны амьдралыг нүдэнд буухаар "кино үзэж байгаа мэт" дүрсэлнэ. Гэхдээ ордон дахь амьдралын нарийн ширийнийг дүрслэхийг гол болгоогүй нь уншсан хэн бүхэнд ойлгомжтой. Учир нь Сэй Шёонагон аливаа үйл явдал биш тэдгээрийн төрүүлсэн сэтгэгдэлд гол анхаарлаа хандуулна. Бүсгүйн анхаарлыг энгийн юм татах агаад өөрийн гэсэн онцгой нүдний шил зүүсэн мэт жирийн биднээс арай ондоо байдлаар орчноо харж ажиглана. Зарим тэмдэглэлийн нэрийг иш татвал: “Хоорондоо үл таарах зүйл”, “Гуниг төрүүлэх зүйл”, “Инээд төрүүлэх зүйл”, “Сонсоход хэцүү зүйл” гэх мэт санаанд оромгүй, сонин ажиглалт маш олон. Ер нь тун сэргэлэн, шогч, шулуун зантай, ажигч гярхай бүсгүй байсан гэж бодогдоно.

"Дэрний дэргэдэх тэмдэглэл"-ийг хэдхэн үгээр тодорхойбол байгалийн дүрслэл, сэтгэл хөдлөл, түмэн юмсын төрүүлсэн сэтгэгдэл гэж болно. Харин нэг үгээр тодорхойл гэвэл би БЛОГ гэж хэлнэ (гайхамшигтай тул өөрийн эрхгүй том үсгээр бичмээр болох). Сэй Шёонагоны тэмдэглэл өнөө үеийн бидний амтархан унших & бичих дуртай блог гээч зүйлийг өөрийн эрхгүй санагдуулна. Мянган жилийн тэртээ амьдарч байсан маш авьястай бүсгүйн уран сайхан блог. Бүсгүй 21-р зуунд амьдарч байсан бол дэрнийхээ дэргэд бийр бариад биш дэлгэцний өмнө товчлуур балбаад сууж байхсан болов уу.

Сэй Шёонагон хатан хаанаас сайн чанарын цаасан дэвтэр бэлгэнд аваад тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн түүхтэй. Өөрийн эрхгүй бийр барин үг үсэг эвлүүлж суумаар санагдах сайхан цагаан цаас. Санаандгүй авсан бэлэг дэлхийн уран зохиолын өв санг ийнхүү баяжуулжээ.

5 comments:

soulmate said...

уншиж эхлээд л блог гэдэг үг санаанд буусын...тухайн бодит үйл явдалын мөн чанар нь юу байсан бэ гэдгээс илүү тэрийг БИ гэдэг хувь хүн яаж тусгаж авч НАДАД ямар сэтгэгдэл төрсөн бэ гэдэг л илүү чухал санагддагийн...

сайхан санагдлаа баярлалаа

Blacker said...

япончууд одоо юу бичдэг юм болоо? сонирхож үзэхсэн.

Сүрэн said...

bayarlalaa soulmate !

элийсофер... 30-aad onii umnu jild hevlegdeh nomiin toogoor USSR negd, yapon hoyort orj baisan. Odoo yamar bolsniig ni buu med. Gehdee yum yum bichdeg, unshidag uls, ene gej onoj helehed hetsuu l yum :)

Anonymous said...

Мурасаки Сикибу " Өдрийн тэмдэглэл"
Сэй Сёнагон " Орны толгой дээрхи тэмдэглэлүүд"
Ки-но Цураюки "Тосагаас нийслэлд зорьсон аян замын тэмдэглэл"
эдгээр зохиолуудыг хаанаас олж унших вэ? хариулж тус болооч.

Сүрэн said...

>Anonymous

Харамсалтай нь аль нь ч монгол хэлнээ орчуулагдаагүй байх аа.
Орос, англи орчуулга бол нетээс олдоно оо.