2012/12/27

Хамгийн, хамгийн цаана




Бага ангийн сурагч байхдаа эгчээсээ нарны цаана юу байдгийг асуулаа. Эгч нарны аймаг тайлбарлаж байснаа ондоо од, орд яриад явчхав. Миний толгой диунннннн...

Би: Тэгээд хамгийн, хамгийн, хамгийн цаана нь юу байдаг юм бэ?!
Эгч: “Хамгийн, хамгийн, хамгийн цаана” гэж байхгүй!
Би: Байх л ёстой доо, од байгаа гээгүймүү?
Эгч: Од байгаа, тэр одны цаана ондоо од байгаа, цаана нь бас нэг од... тэгээд хэзээ ч дуусахгүй. Эцэс төгсгөлгүй олон одны орд байгаа. Ойлгов уу?
Би: Гүй.
Эгч: Ерөөсөө анхнаасаа эхэлье.
Би: Зө.
Эгч: Манай дэлхий нарны аймагт байдаг.
Би: Гүй, бүр анхнаасаа эхлий.
Эгч: Юунаас?
Би: Дэлхийгээс.
Эгч: Дэлхийгээс л эхэлсэн шдээ.
Би: Гүйэээ. Дэлхий дээрээс.
Эгч: За, за.
Би: Эндээс хойшоо яваад байвал Орос гэсэн тээ. Тэгээд Оросыг дайраад, мөсөн туйлыг туулаад, далайг даваад яваад байвал Азийн орнууд, Хятадыг дайраад дахиад эндээ ирнэ гэсэн тээ.
Эгч: Тэгнэ, дэлхий бөөрөнхий.
Би: Тэгвэл дэлхийгээс нар руу, нарнаас цааш яваад байвал эргээд дэлхийдээ ирхүү.
Эгч: Гүй, гүй. Огторгуй бөөрөнхий гэж хэн чамд хэлэв?
Би: Тэгээд ямар юм?
Эгч: Хязгааргүй.
Би: Хязгааргүй гэхээр яах уу?
Эгч: Одны цаана од байна. Од гариг нь аймаг болно, орд болно. Нэг одноос нөгөө од руу зуу, мянган жил явсан ч дуусахгүй. Ойлгов уу?
Би: Үгүй.

Хэзээ хойно японд нарийн шинжилгээний төхөөрөмж, микроскоп этр хийдэг компанид ажилд ороод юуны ч билээ үзэсгэлэн дээр нэг авсаархан микроскоп танилцуулах болов. Янз янзын хүмүүст юм юмыг томруулж үзүүлээд л хөгжилтэй арга хэмжээ байсим. Нээрээн, хэн юуг томруулах хүсэлтэй байгаагаас хүмүүсийн сонирхол харагддийн шүү. Хүхнүүд ширхэг үсийг нь 10 см болгож харуулахад "Яанаа, ийм аймаар байгаамуу миний үс" гэж л үл итгэсэн байдал гаргаад л...кк... Гэхдээ аргагүй шдээ, хими хийлгэсэн үс. Эсрэгээр 40, 50-тай эрчүүдийн үс 20, 30-тай охид хүүхнүүдийн үснээс хамаагүй эрүүл байдиймшдэ. Далийх нь. Үзэсгэлэн үзэхээр бага ангийн нэг ангаахай ирсиймааа..

Ангаахай: Энэ хэд дахин томруулдийн?
Би: 10,000 дахин.
Ангаахай: Хамгийн мундаг нь?
Би: Үгүй, үгүй. Электрон микроскоп дундаа хамгий бага нь. Энийг хар даа, нано мано гээд сая дахин томруулдаг бүр ч мундаг микроскоп байгаа.
Ангаахай: Хаана байна?
Би: Авчраагүй юмаа. Мангар хүнд бас аймаар том учраас. Нано микроскопыг нарийн мэргэжлийн үзэсгэлэн дээр л үзэж болно. Өнөөдрийнх шиг олон нийтийг хамарсан арга хэмжээнд авчрахгүй л дээ.
Ангаахай: Сая дахин томруулаад хамгийн жижигт нь очихуу?
Би: Анягийн дөө... “хамгийн жижиг” гэж байхгүй шүү дээ. Сая дахин томруулбал сая дахин томруулсандаа л очно. Гэхдээ сая дахин томруулсан ч, наяд дахин томруулсан ч “хамгийн жижиг” хэсэгт хэзээ ч очихгүй.
Ангаахай: Гэхдээ томруулаад л томруулаад л... цааш томрохгүй хэсэгт очно биз дээ. Томруулж болохгүй тэнд юу байдийн, ямар байдийн?
Би: Миний дүү... томруулахад хязгаар байхгүй. Тийм учраас “хамгийн цаанад” хэзээ ч очихгүй. Товчхон хэлэхэд, одоо ямар чадлын багаж хийж чадах уу гэдэг асуудал байна. Бас хийж чадсан ч хэрэг байна уу гэдэг ондоо асуудал бас байна. Ойлгосон уу?
Ангаахай: Гүй.

Эгчийгээ энэ өдөр санасан гэж. Олон од, орд мичдийн цаадахыг төсөөлөхийг хичээж, огторгуй хязгааргүй үргэлжлэхийг ойлгох гэж оролдож байсан тэр өдөр... хязгаар гэдэг томд төдийгүй жижигт мөн үгүйг мэдэх хараахан болоогүй л байж.
Одоо бодоход муу эгчийгээ багадаа зовоодог байсан байгаам . Чадахгүй даалгавар, мэдэхгүй бүхнийгээ ээж аав биш эгчээсээ л асууна. Эгчийн policy бол ойлгуулж “бодолтын хариуг өөрөөр нь гаргуулах”. Миний policy бол “бушуухан бэлэн хариулт аваад гарч тоглох”. Бэлэн хариу гонжийн жоо болонгуут уйлж унжиж бөөн юм болно. Тэгэнгүүт ээж ирээд “дүүгээ уйлуулахгүй аятайхан заагаад өг л дөө”. Дүү сургуульд орж миний заах ээлж болоход “эгчээс асуувал удна, алив хариулт энэ, гарч тоглоё хоёулаа”.

2012/12/21

Дэлхийн сүйрлийг тоолох уу

За маргааш манай энэ ертөнц юу болох гэжийна... хэхэ
Орос найзуудын маань хэлснээр энэ бүхэн эртхэн уушийн газар очиж ууж суух бас нэг сайхан шалтгаан шдээ. Нэгэнт сөнөх юм бол уусан шиг уугаад, дуулсан шиг дуулж байгаад нөгөө ертөнцөд очвол тээ.
Тэгсэн уугайл уугайл уугайл унтаад сэрсэн чинь мама, папа, би яаачваа, та нар хаачваа.
Толгой мансуурсан, хий юм үзсэн, хагас галзуу амьтан босвол яахуу.
Аргагүй шдээ архи уусны маргааш нь яадаг билээ... ккк
Гэхдээ тэр тухай үл өгүүлэн тэс ондоо хууч хөөрье :)

Энэ дэлхий эхэлсэн цагаас л эцэс төгсгөл нь хэзээв?! гэж элдэв хүмүүс шүүн хэлэлцэж & хэрэлдэж байсан бололтой. Түүхийг сөхвөл...

Бидний мэдэхийн анх аль 1000 онд дэлхий мөхлөө сөнөлөө гэж пааникдсан юм байх. Эртний сурвалж бичгээс харахад (би биш эрдэмтэй хэд нь харсан) европ даяар хүмүүс ажлаа хаях нь хаяж, сүмд нүглээ наманчлах нь наманчилж, хэт туйлширсан хэд нь хөрөнгө мөнгөө хүмүүст тарааж этр. Англид солир бууж, Аквитанид улаан бороо орсон нь нийт олны пааникт нэрмээс болсон нь мэдээж.

Дараа нь 1033 онд одоо л жинхэнээсээ үхлээ сөнөлөө гэж бас шуугисан. Ээ та нар минь сорри сорри, 1000 он гэж эндүүрч байжээ, Иисүс өөд болоод 1000 жил өнгөрсний дараа буюу 1033 жилд л энэ дэлхий маань сөнөх учиртай юм гэцгээж. Дахиад л пааник. Европоор тогтохгүй оросууд хүртэл сандраад амжчихсан энэ үед.

Ромын хамба лам Иннокентий III дэлхий 1284 сүйрнэ гэж зөгнөсөн аж. Яагаад 1284 юм бол? 666 (араатны тоо, ад чөтгөрийн тоо гээд дээр үед их л дургүй байсимуу даа энэ муу тоонд) дээр лалын шашин үүссэн оныг нэмсэн чинь 1284 болсон юм байх.

13-р зуун, 17-р зуунд ч гэсэн элдэв зөгнөл ихээхэн байж. Гэхдээ тэр бүгдийг тоочих залхуу тээ. Шууд шинэ үе рүү шилжчий.

Вильям Миллэр гэгч баагий 1843 Иисүүс шинээр мэндэлж, сатанагийн (ад чөтгөрийн?) эрин үе дуусна гэж зөгнөж байж. Ингэхэд дундад зуун болон “нэн шинэ үеийн” хооронд байдаг нь “шинэ үе” гэсэн төсөөлөлтэй сургууль төгссөн шдээ. Зөв үү гүй юү... Ямар ч л байсан тухайн үеийн америкийн сонин, сэтгүүл Миллэрийн зөгнөлийн тухай нэлээд шуугисан юм байх.

1935 онд Мормоны үндэслэгч Жозэф Смит 1891 онд дэлхий сүйрнэ гэж байж. Юуг хэрхэн эргэцүүлж тийнхүү зөгнөснийг бүү мэд, гүүгэлдвэл нэлээд юм гарч ирхийм байна лээ, мормоны сайт дээр аврагч Иисүүс 1891 онд яагаад ирээгүй тухай тайлбар хүртэл байна лээ...хэхэ

“Иеховагийн гэрч” нар ч дэлхийн сүйрлийг зөгнөхдөө гаргуун байж. Ерөөсөө л хорвоо ертөнцийн хоног дуусаж байна гэдэг нь загалмай шашны энэ урсгалын тулгуур ойлголт юмуу даа. Анх 1914 онд сөнөнө гэж зөгнөсөн байна лээ. Дараа нь 1918 он болгож хойшлуулаад, дараа нь 1925 он гээд. 1925 онд Авраам, Яков нарын баахан баагий (өршөөгөөрэй, гэгээнтэн) нар ирэх ёстой байсимуу даа. Үгүй тэгсэн энэ дэлхий эргэсэн хэвээрээ, сөнөдөггүй шүү... Тэгэнгүүт үсэрхийлээд 1978 он гэж зөгнөсөн байгаам. Одоо ямар нэгэн тодорхой тоо заахаас болгоомжилж байгаа ч “тун удахгүй” гэдэг үзэл нь хэвээрээ гэж ойлгов.

Шинэ үеийн сүүл хэсэг буюу 1910 онд анхны “шинжлэх ухаанд” үндэслэсэн зөгнөл гарсныг тэмдэглүүштэй. Далийхад “одон орон судлаач” гэдэг аягүй биеэ тоосон үг тээ. Дээр үеийн “одон тооч” гэдэг үг арай л даруу. Анивэй, Галилэйгийн сүүлт одны хажуугаар дэлхий өнгөрөхийг (эсвэл дэлхийн хажуугаар Галилэгийн сүүлт од өнгөрөх байсиму) тэд тоолж тооцоолоод тогтоосон байжээ. Бас болоогүй ээ, сүүл хэсэг нь янзан бүрийн хортой хий мийгээс бүтсэн гэдэг хэрэггүй мэдээллийг олны сонорт хүргэчихсэн байгаам. Тэгэнгүүт сүүлт одны сүүлэнд шарвуулаад сүйрэх нээээ гэж пааникддийм байгааз дээ.

Хүйтэн дайн ноёрхож АНУ, ЗХУ төвтэй хоёр талт ертөнц хоорондоо муудалцаж байхад дэлхий сөнөх тухай зөгнөл нэлээд байсан юм билээ. Дэлхийн III дайн буюу цөмийн дайны айдас хүйдэстэй байсан тул аргагүй л байх гэхдээ.

1. Италийн Элио Бланко гэдэг эмч 1960 оны 7 сарын 14-ий 13 цаг 45 минутад америкийн нууц цөмийн бөмбөг дэлбэрч хөрст дэлхий хөөрхий болно гэж зөгнөсөн аж. Шууд & шууд бус утгаар "аймааррр" тодорхой юу. Үгэнд нь итгэсэн хүмүүс цөмийн аюулаас өөрсдийгөө хамгаалахын тул Италийн ууланд оромж хүртэл барьсан байгаам.

2. Австралийн иргэн Жон Стронг “The Doomsday Globe” номондоо (энэ номны нүүр зураг эвгүй шүү - цөмийн дэлбэрэлтээс үүссэн улаан хар бөмбөлөг) ЗХУ цөмийн дайн дэгдээх тул 1978 онд дэлхий сөнөнө гэж зөгнөсөн. Зөгнөсөн юм болохоороо оромж бас барьсан. Ингэхэд оромжноосоо гарч ирээд цацрагаар хордсон дэлхийд яах гэж байсим болаа...

3. Бахаистын сект (Bahá'í sect) гэгчийг байгуулсан Лэланд Жэнсэн 1980 онд цөмийн дайн болно гээд бас л оромж барьсан, ганц ялгаа нь америкийн ууланд. Энэ ер нь гандан буурахгүй нөхөр шүү. 1986 онд сөнөнө гэж дахин зөгнөөд дараа нь жижиг том баахан л гамшиг зөгнөсөн байгаам.

Гэхдээ “The cold was was a long peace” гэж хүйтэн дайныг хожим түүхчид санал нийлэн дүгнэх тул амьдрал гэдэг егөөтэй еэ. Жижиг сажиг мөргөлдөөн энд тэнд болж байлаа ч барууны орнуунд дайн дажинд оролцоогүй хамгийн удаан хугацаа байж дээ хүйтэн дайны үе бол. (John Lewis Gaddis “The Long Peace: Inquiries into the History of the Cold War”, 1987).

2008-2009 онд зарим кэцүү томъёотой ном уншдаг ухаантнууд нь дэлхий яааж ч магад гэж байсийм байна. Гол буруутан нь Франц, Швейцарийн хил орчим гүнээ гүнд байрлах Large Hadron Collider. Яаж ч монголоор орчуулдгийм байгаам. Томъёотой ном уншдаг ага эгэ дүү нар л мэддэг байх. Миний ганц мэддэг үг “large” байна. Тиймээс оросуудыг дуурайгаад “Том андрон коллайдэр” гээд орчуулчихуу... хэхэ. Энэ оны 7 сард хигс бозон гээд л шуугиад байсан даа. Зурагтаар кэцүү кэцүү томъётой номыг унших биш бичдэг царайтай ухаантай эрдэмтэд гарч япон даяараа л бөөөн юм болсийшд. Харин 2008 онд “Энэ эрдэмтэд бозон мозон, рюүши мүүши хайж байгаад нэг л болохгүй юм хийж дэлбэ үсэргэнэ дээ дэлхийгээ” гээд нэлээд юм болж байж. Томъёотой ном уншдаггүйн ачаар тэр бүхний хажуугаар өнгөрсөн бололтой.

За за залхуу хүрчихлээ. Гэхдээ “Энэ дэлхий эхэлсэн цагаас л эцэс төгсгөл нь хэзээ болаа гэж элдэв хүмүүс хэлэлцэж байсан” гэж эхэнд бичсэнээ залруулъя. Бодсон чинь дэлхийн мөхөл сүйрлийн тухай ойлголт загалмайн шашинтай л холбоотой мэт. Иисүүс дахин мэндэлж, энэ дэлхийд сайн муугийн эцсийн тулаан болно гэдэг библийн бичээсээс үүдэн тэр өдөр хэзээ ирэхийг тааж таамаглах явдал дэлгэрсэн болов уу.

Дээхэн зурагтаар Майя хүмүүсийн ярилцлага гарч байна лээ. Юуунд сандарсийн та нар, уртаас урт нэг үе дуусаж бүр эхнээсээ тоолол эхлэх гэжийхад гээд. Гүй нээрээ, харьцуулбал мань мэтийн жаран, зуун гэх тоолол даанч бага юм даа.. хэхэ. Аан, гэхдээ өчигдөр зурагтаар анугийн эрдэмтэд Майа тооллын үргэлжлэл олсон гэж байна лээ... үнэн худлыг бүү мэд.

Ингэхэд, дэлхийн сүйрлийн тухай зөн таамаг сонин биш л дээ. Тэр болгонд итгэж сандраад, ажлаа хаяад, сүмд бүгээд, хөрөнгө мөнгөө тараагаад, оромж бариад... янз бүр болох хүмүүсийн тоо барагдахгүй нь гайхалтай. Хөгжилтэй л дээ гэхдээ :)

2012/11/30

Бурхадгүй сар













Сахиус бурхадгүй сар өнөөдрөөр дуусч маргааш манай энэ хавь дахин бурхадтай болно. Яг нарийн ярьвал маргааш биш маргаашаас эхлэн магад хэд хоногийн дотор. Гэхдээ үнэнийг хэлэхэд ажил энэ тэр гэж аахилж уухилж явсан болохоор бурхад байсан үгүйг байн сууж анзаарах сэхээ байсангүй. Нэг мэдсэн "бурхад явчхав уу", нэг мэдсэн "эргэж ирэх гэж байна уу" гээд л сууж байна. Энэ хүртэл уншаад зарим нь "гарцаагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл байна" гэж бодсон байхаа :)

Гэхдээ нээрээ манай энэ хавьд 神無月 (канназүки) буюу махлан орчуулбал “бурхад байхгүй сар” дуусах гэж байна. Бурхад хаачсан бэ гэвэл, өнө удаан жилийн заншлаараа бүх японы асуудлыг хэлэлцэхээр Кюүшүү арал руу явсан байгаа. Эрт дээр үеэс бурхад жилд нэг удаа Кюүшүү арлын Изүмо Тайша сүмд (дээрх зураг) цуглан хуралдаж бүх японы асуудлыг хэлэлцэн шүүдэг ажээ. Тиймээс мэдээжийн хэрэг Изүмо сүм орчимд энэ сарыг 神在月 буюу “Бурхадтай сар” гэж нэрлэдэг.

Япон Мэйжигийн шинэчлэлээс хойш аргын тоололд шилжиж саруудаа 1, 2, 3 гэж аягүй армаанчиг бусаар нэрлэх болсон нь харамсалтай. Хуучин бол 如月 (кисараги), 弥生 (яёи), 霜月 (шимоцүки ) гээд үнэн уянгалаг бас утгатай нэртэй байсан. Бурхадгүй сар нь билгийн тооллын 10 сарыг заах боловч аргын тооллоор 11 сарын эхээс 12 сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Тэгээд л өнөө маргаашаас бурхад эргэж ирэх ёстой гээд л сууж байна даа :)

Бурхад гэснээс 神 (ками) гэдэг үгийг монголоор юу гэж орчуулах нь зөв бол доо...
Би агуулгаас хамааран “сахиус", “лус”, “савдаг”, “уул усны эзэн”, "бурхан", “лус савдаг” гээд янз янзаар л орчуулаад байгаа. Япон хүмүүс эрт дээр үеэс анимизмын шүтлэгтэй тул хүрээлэн буй байгаль, уул нуруу, гол мөрөн, ой хөвч, хад чулуу, ер нь бүх юм өөрийн гэсэн 神 буюу сахиустай, эзэн савдагтай гэж итгэж ирсэн. Монголоор “сахиус”, "савдаг" гэхэд үгийн утга буух боловч бүх үгийг үүгээр орчуулж бас боломгүй. Жишээ нь, япончууд дээр үеэс япон орноо “神々の国” (камигами но күни) гэдэг. 神 нь ганц тоо, 神々 гэвэл олон тоо болно. 国 гэдэг нь “улс, орон” гэх утгатай ханз тул би энэ хэллэгийг “бурхдын орон” л гэж орчуулдаг. “Лус савдгуудын орон” гэвэл нэг л тиймэрхүү тээ... хэхэ. Бас япон хүмүүс нутгаа “八百万の神” (Яоёрозү но ками) буюу 8 сая бурхадтай гэдэг. 8 сая гэдэг нь мэдээж тоолж тогтоосон тоо биш, "тоолж баршгүй олон" гэсэн утгатай хэлц үг. Орчин цагийн япон хэлэнд 8 саяыг "хаппякү ман" гэнэ. Ханз адил боловч зөвхөн бурхдыг тэс ондоо дуудлагаар "Яоёрозү" гэж унших тул би энэ хэллэгийг "Найман живаа бурхад" гэж орчуулдаг. Энэ хэллэгийн оросоор "Восемь мириад богов" гэж орчуулсан нь уугуул хэллэгийн онцлогийг хадгалан утгыг гаргасан тул даж санагддаг. Харин англиар янз янзаар орчуулдаг ч "all the gods and goddesses", "all the deities" гээд нэг л тиймэрхүү, утга нь ок боловч уянга байхгүй.

Нээрээн, Ерөнхий сайд асан Мори энэ хэллэгээс болж ихээхэн онигоонд орж байсаншдээ... 2000 оны хавар хаанахын ч юм бэ индрээс япон бол 神の国 (ками но күни) буюу "бурхны орон" гэж хэлж л дээ. За тэгээд маргааш нь сонин сэтгүүл, зурагт телевиз ... мань хүнийг барьж идэх нээ. Шүүмжлэх нь шүүмжилж, шоолох нь шоолж, ундууцах нь ундууцаж. Гаднынхан бас яаж дуугай байх вэ. Япон бурхны орон юм бол бид одоо юу юм?! гээд... хэхэ. Гэхдээ хөөрхий ерөнхий сайд 神々の国 (камигами нь күни) гэсэн бол асуудал ноль. Гаднынхан ч гэсэн "ааан, уул болгон, гол горхи болгон өөрийн гэсэн эзэн савдаг 神-тай тул улс орноо 神々-ийн орон гэх нь аргагүй, япон анимизм шүтлэгтэй шдээ" гээд л өнгөрөх байсан биз.

 Ингэхэд юу ярьж байлаа? Уул нь би өнөөдөр нэг хайкүгийн тухай бичих гээд л... хайкүгийн тухай бичихийн тулд “бурхадгүй сарыг” тайлбарлах гээд л ... тэгсэн ерөнхий сайдын онигоо ярьчихсан хадуурч байна.

Хүмүүс хайкүгийн тухай асуухад ихэнхи хайкүг орчуулах аргагүй ээ, орчуулахыг оролдсон ч “галуу дугарав уу гэтэл галуу дугарч байлаа” гэсэн юм болно гэхээр итгэхгүй эргэлзээд байдгийм. Гэхдээ нээрээ хайкүг ойлгоход дан ганц хэлний мэдлэг дутна. Нэлээд олон юм толгой, сэтгэлд байж байж хайкүгийн утгыг олж сайххыг нь мэдрэх юм шиг байгаам. Жишээ нь Чин Хоорай хэмээх тайвань охины бичсэн энэ хайкүг юу гэж ойлгох вэ?

日の本のくらしに慣れて神無月 
ひのもとの くらしになれて かんなづき

Хи но мото но күраши ни нарэтэ канназүки
http://www.nhk.or.jp/haiku/backnumber/111024.html

日の本 ‐ япон оронг ханзаар 日本 гэж бичнэ. 日 нь “нар”, 本 нь “үндэс, эх” гэсэн утгатай ханз. Нэг үгийг хоёр ханз болгон задалж хооронд нь хамаатуулахын тийн ялгалаар холбосон байна. Тиймээс утгачилбал “нарны үндэс” болно. 
くらしに慣れて ‐ амьдралд дасаад
神無月 ‐ бурхадгүй сар

Бүгдийг нийлүүлбэл “Ургах нарны үндэс хавийн амьдралд дасаад бурхадгүй сар”.
Юу гэж ойлгох уу?

Нарны үндэс - япон хэлтэй ямар ч хүн үүнийг уншаад “аан Японыг хэлж байна” гэж ойлгоно. くらしに慣れて гэдэг нь махчилбал “амьдралд дасаад” боловч “амьдралд дастал” гэж орчуулж бас болно. Ер нь хайкүд энэ хэсэг нь “зангилаа” гэх үү, “suspense”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Харин тайлал нь “бурхадгүй сар” ажээ.

“Япон дахь амьдралд дастал - бурхадгүй сар (ирэв)”
Юу гэж ойлгох уу?

Бодол болон сууж байтал энэ хайкүг тайвань хүн бичсэнд хамаг учир байж. Тайвань ч гэсэн угтаа анимизмын орон. Тэгэхдээ бүр японоос ч илүү. Уул, гол, хад чулуу гэлтгүй эргэн тойрны амьтай, амьгүй бүх юм өөрийн гэсэн “эзэн бурхантай” гэж итгэдэг гэнэ. Тиймээс бурхдаар хүрээлүүлэн амьдарч байсан охин харь холын японд ирээд, эндхийн амьдралд арай ядан дасан байтал гэнэт “бурхадгүй сар” ирнэ гэхээр хэцүү биз дээ?! Цаагуураа япон дахь гадаад хүний амьдрал хэцүү, ганцаардаж байна гэсэн утгатай хайкү ажээ.

Ер нь хайкүг ойлгоход японы юу нь (ямар цэцэг, ургамал, шувуу, шавьж) юуг илэрхийлэх вэ гэдгийг мэдэх нь чухал. Жишээ нь, сакүра хаврыг билэгдэхээс илүү юм гэдэг агшин зуур улирч үгүй болохыг илэрхийлнэ. Нарсны мөчир - урт удаан наслах, сайн сайхан; мөчир дээрх хар хэрээ - ганцаардал, хөгшрөл; сүсүки өвс - намар, уйтгар гэх мэт. Ер нь ондоо орны хүнд энэ бүхэн хэцүү л дээ. Нөгөө талаас япон хүнд ч гэсэн "өнчин хайлаас",  "хамхуул", "бор толгой" гэх үг та бидэнтэй адил тусах уу гэвэл,  мэдээж үгүй.  Хадуурахнээ дахиад...  Мөн хайкүг ойлгоход жилийн улирал, ёс заншил, зонхилох баярууд зэрэг японы тухай ерөнхий мэдлэг хэрэгтэй, орчинд нь амьдарч энэ бүхнийг “мэднэ” гэхээс “мэдэрсэн” байвал бүр ч сайн. Бас нэлээд олон хайкүгийн хувьд зохиогдсон цаг үе, өмнө хойно болсон түүхэн үйл явдал ч чухал байдаг. Харин миний мэдлэг тааруухан, мэдрэмж мааруухан тул хайкү ойлгохдоо одоо хүртэл тиймэрхүү.

2012/10/07

Вот и лето прошло


   Арсений Тарковский

   Вот и лето прошло,
   Словно и не бывало.
   На пригреве тепло.
   Только этого мало.

   Все, что сбыться могло,
   Мне, как лист пятипалый,
   Прямо в руки легло,
   Только этого мало.

   Понапрасну ни зло,
   Ни добро не пропало,
   Все горело светло,
   Только этого мало.

   Жизнь брала под крыло,
   Берегла и спасала,
   Мне и вправду везло.
   Только этого мало.

   Листьев не обожгло,
   Веток не обломало...
   День промыт, как стекло,
   Только этого мало.
   (1967)

2012/10/02

あきらめ

   矢沢宰   あきらめ

   あきらめてはならぬものを

   あきらめて

   あきらめてよいものを

   あきらめず
 
   こんなのがわたしの

   なやみになっているのでしょうか?

2012/08/30

Р. Акүтагава "Амаржих овоохой"















Р. Акүтагава "Төрөх овоохой"
芥川龍之介「産屋」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Хагивара Сакүтароод(*1) зориулав


Залуу эр голын эргээс зэгс тайрч, бүсгүйн амаржих овоохойг хучив. Дараа нь голын эрэг рүү буцаж, зэгс тайрсан газраа өвдөг сөгдөн Аматэрасү бурханд эх үрийн төлөө залбирав.

Нар жаргахын алдад бүсгүй овоохойноосоо гарч, зэгсэн дунд суух эр дээр очин “Долоо хоногийн дараа ирээрэй. Тэр үед хүүхдээ үзүүлье” гэжээ. Залуу нэг өдрийн ч атугай өмнө төрсөн үрээ хармаар байлаа. Гэвч эцэг хүний ёсоор бүсгүйн гуйлтыг үг дуугүй зөвшөөрчээ.

Тэр өдрийн наран жаргав. Залуу зэгсэн дунд уяж орхисон гар завиндаа(*2) суугаад гол уруудан тосгон руугаа ганцаар ганихран сэлүүрдэв. Гэвч тосгондоо харьтал долоон өдөр хүлээнэ гэдэг түүнд зүрхээ зүсүүлэхээс ч хэцүү санагджээ.

Залуу хүзүүндээ зүүсэн долоон магатама(*3) зүүлтээсээ өдөрт нэгийг авч байлаа. Тэрээр ядаж авсан зүүлтний тоо нэмэгдэхийг харж хүлээсэн сэтгэлээ дэвтээе хэмээн боджээ.

Нар өдөр бүр дорноос урган өрнө зүг шингэнэ. Залуугийн хүзүүн дэх магатама зүүлтийн тоо өдөрт нэг нэгээр хорогдоно. Гэвч зургаа дахь өдөр тэвчээр нь барагдаж байж суухын аргагүй болов.

Тэр өдрийн үдэш залуу зэгсэн дунд завиа уяж сойгоод, овоохойд сэмхэн дөхөж очив. Үзтэл, овоохойд хүн байгаа шинж үгүй, чимээ аниргүй байх аж. Зөвхөн овоохойн дээврийг хучсан зэгсний толгойноос намрын дулаан өдрийн нарны илч анхилах авай.

Залуу овоохойн үүдийг аяархан сөхөв.

Зэгсний навч дэвссэн овоохойн шалан дээр үл мэдэг хөдөлж буй нь хүүхэд бололтой.

Залуу өмнөхөөсөө бүр ч аяархан гишгэсээр овоохойд оров. Тэгээд эмээн эмээн сөгдөн суув. Яг тэр мөчид билээ. Аймшигтайгаар орилох дуунд голын ус гайхан цочирдож зэгснийхээ үндсийг намилзуулав.

Залуугийн орилж чарласан нь аргагүй. Бүсгүй долоон цагаан зогой төрүүлсэн байжээ...


Ойрын үед би энэхүү домогт гарах эртэй адил сэтгэлээр зохиолын түүврээ харж сууна.

Тайшёо 6 он (1917)

-------------------------------------------------------------------
*1 Хагивара Сакүтаро (1886-1942) – японы орчин үеийн шүлгийн үндсийг тавигч гэгдэх нэрт яруу найрагч.
*2 гар завь – бүхэл модоор урлаж хийсэн завь. Японоор 丸木舟, оросоор "долбленка", англиар "dugout canoe".
*3 магатама зүүлт – загасан хэлбэртэй эртний зүүлт (доорх зураг)


2012/06/07

Р. Акүтагава "Ганцаардлын там"



Р. Акүтагава "Ганцаардлын там"
芥川龍之介 「孤独地獄」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Би энэ түүхийг ээжээсээ дуулсан юм. Ээж минь харин өөрийн өвөг авгаасаа дуулсан гэдэг. Энэ түүх үнэн эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ өвөг авгын зан араншин, аж байдлыг бодохоор байж болох л явдал мэт санагдана.

Ээжийн өвөг авга урлаг, уран зохиолын хорхойтон байсан тул Бакүмацү үеийн(*1) урлагийнхан болон зохиолчдыг нэлээд сайн таньдаг байжээ. Каватакэ Мокүами(*2), Рюүка Тэйтанэказү(*3), Зэнзай Анъэйки(*4), Тооэй(*5), Күдаймэ Данжүроо (9 дахь үеийн Данжүүроо)(*6), Үчи Шибүн, Мияко Сэнчюү, Кэнкон Борюүсай(*7) зэрэг олон хүмүүстэй танил байсан гэдэг. Жишээ нь, Мокүами “Эдозакүра киёмизү сэйгэн” жүжгийн Кинокүния Бүнзаэмоны(*8) дүрийг манай өвөг авгаас үлгэрлэн бичсэн байдаг. Өөд болоод одоо бараг тавин жил болж байгаа ч амьдад нь түүнийг Имакибүн (өнөөгийн Кинокүния Бүнзаэмон) гэж хочилдог байсан болохоор одоо хэр нэрийг нь дуулсан хүн байгаа л байх. Овог нь Сайки, нэр нь Тожироо, хайкү шүлэг тэрлэх нэр нь Кой, харин хүмүүс Ямаширогашигийн(*9) Цүто л гэж дууддаг байжээ.

Өвөг авга Цүто нэгэн өдөр Ешиварагийн(*10) шөнийн цэнгээний газарт нэг ламтай танилцжээ. Тэр лам Хонго хавийн нэгэн зэн сүмийн хамба лам агаад нэрийг нь Зэнтэ гэнэ. Зэнтэ тэр газрын байнгын үйлчлүүлэгч төдийгүй Нишикиги гэгч дууч эмтэй дотно байв. Мэдээж, лам нар махан хоол идэж эхнэр авах хориотой цаг байсан тул түүний гадаад төрх нь сахил санваар хүртсэн хүн гэж хэлэхээргүй байж. Улаан судалтай шар даавуун кимоно дээр овгийн сүлдтэй хар торгон хантааз өмсөөд өөрийгөө хүмүүст оточ хэмээн өргөмжлөн хэлдэг байсан гэнэ. Өвөг авга маань түүнтэй санаандгүй тохиолдлоор танилцаж мэнд мэдэлцэх болжээ.

Санаандгүй тохиолдлоор гэдэг нь, дэнлүүний баярын үеэр нэгэн шөнө Цүто бие засчихаад хонгилоор өрөө рүүгээ буцаж явахдаа хашлага түшин сар ширтэх эртэй тааралджээ. Халзан толгойтой, намхавтар нуруутай, чөрийсэн туранхай эр байв. Цүто сарны гэрэлд түүнийг хараад байнга үүгээр орж гардаг нэрнээс цаашгүй оточ Чикүнай хэмээн санаж араар нь өнгөрөхдөө чихнээс нь татаж орхижээ. Цочоод эргэж харахад нь инээгээд зогсож байя гэж бодсон хэрэг. Гэвч эргэж харсан хүний царайг хараад Цүто харин өөрөө балмагдаж орхив. Халзан л болохоос бусдаараа Чикүнайтай төстэй зүйл түүнд нэгээхэн ч байсангүй. Өргөн духтай хэрнээ нийлэх шахсан хөмсөгтэй. Нүүр нь дэндүү цонхигор болоод ч тэр юм уу, нүд нь дүрлийсэн том. Зүүн хацартаа харанхуйд ч тодрох том мэнгэтэй, бас өндөр шанаатай – нэг иймэрхүү төрх сандарсан Цүтогийн нүдэнд бүдэг бадаг тусжээ.

Халзан эр
- Та яах гээв? гэж ууртай дуугаар асуусан агаад архи балгасан шинжтэй байв. Өмнө бичихээ мартчихаж, тэр үед Цүто нэг гэйша, бас нэг үйлчлэгч залуу дагуулаад явж байж л дээ. Иймэрхүү ёс алдсан үед тэд мэдээж Цүтогоор уучлал гуйлгуулаад зогсч байх нь зохисгүй тул үйлчлэгч залуу Цүтогийн өмнөөс уучлал гуйж, тэр хооронд Цүто гэйшаг дагуулан өрөөндөө буцаад иржээ. Урлаг соёлд нэвтэрхий хүн гэхэд ийнхүү ёс алдсан нь эвгүй санагдсан биз. Харин халзан толгойт үйлчлэгч залуугаас эндүүрсэн учрыг сонсмогц ааш нь зөөлөрч баахан инээсэн гэдэг. Тэр лам Зэнтэ байсан гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Цүто даруй уучлал гуйж амтат идээ бүхий таваг өнөө хүнд явуулав. Нөгөөх нь ч байдлыг нь ойлгосон бололтой, баярласнаа илэрхийлэхээр ирсэн гэнэ. Ийнхүү энэ хоёрын нөхөрлөл эхэлжээ. Хэдий би нөхөрлөл гэж буй ч тэр нь шөнийн цэнгээний газрын хоёр давхарт уулзахаас цаашлаагүй агаад гэр гэртээ ирж очилцсон явдал байгаагүй юм. Цүто архи амсах ч үгүй, харин Зэнтэ архинаас хэзээ ч буцдаггүй байв. Бас Цүтогийн дэргэд Зэнтэгийн зүүж хэрэглэх зүйл нь үнэтэй агаад чамин тансаг. Хүүхний өнгөнд ч ухаанаа алдан дурлах нь Цүто биш Зэнтэ аж. Тиймээс Цүто тоглоом болгон чи бид хоёрын хэн нь санваартан бол доо гэж хэлдэг байв. Тэнтгэр тарган биетэй, царай муутай Цүто үсээ гобүсакаяки маягаар хааш яаш засч, мөнгөн гинжтэй торгон сахиус урдаа унжуулчихаад, хар хөх мэкүражима(*11) кимоногоо цагаан даавуун бүсээр чангахан татчихаад явдаг эр байжээ.

Нэгэн удаа Цүто Зэнтэтэй уулзахад өнөөх нь Нишикиги хүүхнийхээ торгон хантаазыг нөмрөөд шанз тоглон сууж байж. Угаас судсаар нь цус гүйсэн шинжгүй цонхигор ч, тэр өдөр зүс царай нь бүр ч тааруу байлаа. Нүд нь улайж, уруул орчмынх нь унжсан арьс үе үе татна. Цүто Зэнтэг юунд ч юм санаа зовж буй гэж боджээ. Тэгээд өөрийг нь тоож санаа сэтгэлээ хуваалцаж зөвлөх аваас дуртайяа сонсоно гэдгээ байдлыг нь гадарласан хүний янзаар хэлж үзсэн боловч цаадах нь хуваалцаад байх зүйл үгүй байсан бололтой. Гагцхүү урьд урьдынхаасаа үг нь цөөрч, харилцан ярианы үзүүр алдчих гээд байлаа. Тиймээс Цүто эл байдлыг нь зугаа цэнгээний газрын зочдод элбэг тохиолдох уйтгар гуниг гэж ойлгов. Гагцхүү хүссэн зоргоороо архи ууж хүүхэн тэврэх хүнд туссан энэ уй гунигийг архи хүүхнээр арилгах аргагүй л дээ. Иймэрхүү байдлаар тэр хоёр хэдэн ч цаг юм аядуухан хууч хөөрчээ. Тэгтэл Зэнтэ гэнэт нэг юм санасан янзтай ийн өгүүлсэн гэнэ.

Бурхан багшийн сургаальд хэд хэдэн төрлийн там байдаг ч ерөнхийд нь үндсэн там, түүний ойр орчмын там, ганцаардлын там гэх гурван хэсэгт хувааж болно. Гэхдээ “амьтны ертөнцийн доор таван зуун ри(*12) там оршино” гэж заасан тул эртнээс хүмүүс тамыг газар доор байдаг хэмээн төсөөлж ирсэн болов уу. Гэвч эдгээр дундаас зөвхөн ганцаардлын там л энэ дэлхийн уулсын хөндий, уудам тал, моддын нөмөр, агаар мандалд хаанаас ч юм бий болно. Өөрөөр хэлбэл, хүнийг хүрээлэн буй бүхий л зүйл гэв гэнэт тэр чигээрээ тамын зовлон болж хувирна. Би хоёр, гурван жилийн өмнөөс энэ тамд унаад байна. Ямар ч зүйл миний сонирхлыг удаан татаж үл чадна. Тийм болохоор байнга орчноо сольж, үргэлж өөрчлөлт хөөж амьдарна. Мэдээж, тэглээ ч гэсэн тамын энэ зовлонгоос мултарч эс чадна. Орчноо өөрчлөхгүй байвал бүр ч хэцүү. Тиймээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх өдөр хоногийн зовлонг мартахын төлөө л амь зогоож байна. Гэвч тэгэхийг хүртэл тэвчих аргагүй болоход... үхэхээс өөр замгүй. Өмнө нь би зовж шаналсан ч үхнэ гэдгийг үзэн яддаг байлаа. Харин одоо бол ...

Зэнтэ шанзаа дахин авч хөгийг нь тааруулангаа аяархан хэлсэн тул сүүлийн үг нь Цүтогийн чихэнд хүрсэнгүй. Тэр явдлаас хойш дахиж Зэнтэ цэнгээний газарт үзэгдсэнгүй. Нүгэл гэх бүх нүгэлд живж яваа зэн номын энэ лам түүнээс хойш яасныг мэдэх хүн ч үгүй. Гагцхүү тэр өдөр Зэнтэ харихдаа Нишикигийн өрөөнд Очир Огтлогч Судрын тайлбар мартаад явжээ. Цүто насныхаа эцэст өтөлж доройтон Шимофүсагийн(*13) Самүкавад ганцаараа бөглүүхэн амьдарч байх үед түүний ширээний байнгын номын нэг нь энэ судрын тайлбар байлаа. Цүто хавтасных нь дотор талд “Цэнхэр талын нил цэцэгсийн шүүдрийг тогтож анзаарах дөчин нас” гэх өөрийн зохиосон хайкүг бичсэн байв. Одоо энэ хайкүг мэдэх хүн бараг байхгүй биз ээ.

Ансэйгийн дөтгөөр онд(*14) болсон яриа юм. Ээж “там” гэдэг үгнээс болоод энэ түүхийг тогтоосон бололтой. Өдрийн дийлэнхийг бичгийнхээ өрөөнд өнгөрөөдөг миний ахуй ертөнц ээжийн авга өвөг хийгээд Зэнтэ хоёрынхоос тэс ондоо. Дур сонирхлын хувьд ч би Токүгава үеийн гэсакү зохиол болон үкиё зургийг гойд сонирхоод байдаггүй. Гэлээ ч би сэтгэлийн гүндээ, магадгүй “ганцаардлын там” гэдэг үгнээс үүдэн, тэртээ үеийн хүмүүсийг өрөвдөнө. Үүнийг би үгүйсгэхийг хүсэхгүй. Учир нь, би өөрөө ч ганцаардлын тэр тамд тарчилж буй нэгэн билээ.

Тайшёо 5 оны 2 сар (1916)

-----------------------------------------------------------
*1 Бакүмацү - Эдо үеийн сүүл хэсэг, 1854‐1867
*2  Каватакэ Мокүами - хошин шог жүжгээр (кёогэн) алдаршсан жүжгийн зохиолч, 1816-1893
*3 Рюүка Тэйтанэказү - япон зохиолч, 1807-1858
*4 Зэнзай Анъэйки - нэртэй жүжигчин, яруу найрагч Башёогийн шүлгийн түүврийг анх эмхэтгэснээрээ алдартай, 1822-1893
*5 Тооэй - япон жүжигчин
*6 Күдаймэ Данжүроо буюу 9 дахь үеийн Данжүүроо - Кабүки театрын нэртэй жүжигчин
*7 Үчи Шибүн, Мияко Сэнчюү, Кэнкон Борюүсай - Кабүки театрын жүжигчид
*8 Кинокүния Бүнзаэмон - Эдо үеийн баян худалдаачин, 1858 онд Кабүки театрт тавигдсан "Эдозакүра Киёмизү Сэйгэн" жүжгийн гол баатрын загвар болсон хүн
*9 Ямаширогаши - өнөөгийн Токио хотын төв хэсэг, Гинза орчмын газрын нэр
*10 Ешивара - Эдо хотын шөнийн цэнгээний газрууд төвлөрч байсан дүүрэг
*11 мэкүражима - хар хөх дэвсгэр дээр нарийн цагаан судал татсан энгийн даавуу
*12 ри - уртын нэгж = 3,9 км
*13 Шимофүса - Эртний засаг захиргааны нэгжийн нэг. Газар нутгийн хувьд өнөөгийн Чиба мужийн хойд хэсэг, Ибараки мужийн баруун өмнөд хэсэг, Сайтама мужийн зүүн хэсэг, Токио хотын зүүн хэсгийг хамрана
*14 Ансэй - Эдо үеийн сүүл хэсэгт хамаарах Коомэй эзэн хааны үе (1854-1860). Ансэйгийн дөтгөөр он - 1857 он.

2012/05/21

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" IV (төгсгөл)


Гоё доо, гоё доо~♪
Энэ романыг солонгос хэлнээс монгол руу орчуулсан, удахгүй хэвлэгдэнэ гэж дууллаа. Тиймээс англи, япон орчуулгыг харьцуулан энд тэндээс орчуулж блогтоо оруулж байснаа үүгээр өндөрлөе. Гэхдээ зарим хүмүүсээс "зарим хэсэг нь ойлгомжгүй байна" гэх гомдол авсан тул өндөрлөхөөсөө өмнө жаахан тайлбар бичье. Гэхдээ юу л даа.. угаасаа энд тэндээс орчуулсан юм чинь ойлгомжгүй байх нь ойлгомжтой л доо хэхэ.

Нэгэн өдөр Сөүлийн буудал дээр ээж алга болоход бүгд ээжийнхээ эрэлд гарна. Дөрвөн хүүхэд аавтайгаа хамт ээжийгээ хайхдаа өнгөрсөнөө санаж, дурсаж, гэмшиж, ээжийнхээ тухай, өөрсдийнхөө тухай олныг бодож эргэцүүлнэ. Зохиол таван хэсгээс бүрдэнэ: 1) зохиолч охины өгүүлэл, 2) компанид ажиллах хүүгийн өгүүлэл, 3) эхнэртээ бүгдийг даатган амьдрах аавын өгүүлэл, 4) алга болсон ээжийн өгүүлэл,  5) төгсгөл хэсэг буюу дахиад зохиолч охины өгүүлэл. Сонирхолтой нь зөвхөн ээж л “би” гэж нэгдүгээр биед өөрийнхөө тухай ярьна. Охин, аавын хэсэг нь хоёрдугаар биед (өөрийгөө “чи” гэх өгүүлэл), хүүгийн хэсэг нь гуравдугаар биед (“тэр ингэжээ” г.м.)  Миний бодлоор хүүгийн хэсэг ч хоёрдугааар биед байсан бол дээр байж... гэхдээ зохиолч өөр сонголт хийжээ. Зохиолоос дайны дараах Солонгосын түүх, жирийн хүмүүсийн амьдралын тухай ч олныг мэдэж болно... гэхдээ үнээс цааш яриад яахав, аавын хэсэг & хамгийн сүүлийн охины хэсгээс ч оруулахаа болилоо, хэвлэгдэхээр нь уншаарай хүмүүс ээ :)

Солонгос нэрсийг монголоор хэрхэн галиглахыг хэлж өгсөн Amraa-д (http://orch.blogspot.jp/) их баяралаа !

үргэлжлэл

Ээжийн хэсэг II

Өө, чи энд байсан юм уу?
Комсо дахь гэрт чинь очиход нэлээд удаан эзгүй байсан шиг байсан. Далай талын модон хаалга эвдэрч, гэрийн үүдэнд цоож өлгөсөн байсан. Үүдээ цоожилсон атлаа гал тогооныхоо хаалгыг яагаад нээлттэй орхио вэ? Далайн салхи хайр найргүй савласан байх, хагас нурсан байна лээ тэр хаалга.

Чи яагаад эмнэлэгт байна вэ? Энэ эмч одоо яагаад байна аа? Эмчилэхийн оронд чамаас баахан юм асуугаад байх юм. Чиний нэрийг давтан давтан асуух юм. Юунд тэр вэ? Гол нь чи минь яагаад нэрээ хэлэхгүй гүрийнэ вэ? “И Үнгюү” гэж хариулахад л болно шүү дээ. Хариулахгүй болохоор л эмч олон дахин асуугаад байгаа юм. Энэ ер яачихсан эмч вэ? Хүүхдийн тоглоомон усан онгоц гаргаад “Энэ юу вэ” гэнэ үү? Сонин тоглоомтой хүүхэд вэ, усан онгоцыг мэднэ, мэдэхгүй гэж юу байдаг юм. Хамгийн гол нь чи минь сонин байна. Яагаад хариулахгүй байна вэ? Үгүй байлгүй дээ, үнэхээр мэдэхгүй байна гэж үү? Өөрийнхөө нэрийг мартсан гэж үү? Усан онгоцыг хэлж мэдэхгүй байна гэж үү? Нээрээ юү?! Эмч дахиад асууж байна:
- Таны нас?
- Зуу!
- Та битгий ингэ л дээ. Таны жинхэнэ нас хэд вэ?
- Хоёр зуу!
Нэлээд уцаарлангуй байна уу даа. Юунд өөрийгөө хоёр зуун настай гэнэ вэ? Надаас таван нас дүү гэхээр чи хэдтэй болж таарах вэ... Эмч дахиад л асууж байна.
- Шин Гү!
- Та сайн бодоод хариул даа!
- Бэг Илсоб!
Шин Гү? Бас жүжигчин Бэг Илсоб уу? Миний дуртай Шин Гү, Бэг Илсоб хоёрыг хэлж байна уу?
- Та битгий ингээд бай л даа. Сайн бодоод хариул.
Хамар чинь шуухитнаж нулимс дусална. Юу болоод байна аа? Чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад энэ эмч утгагүй юм асуугаад байна? Амархан асуултанд хариулж чадахгүй чи минь яагаад уйлна вэ? Чиний нулимсыг би хэзээ ч харж байгаагүй. Би л үргэлж уйлдаг нь байсан шүү дээ. Миний уйлахыг чи тун ч олон удаа үзсэн. Харин өнөөдөр анх удаа чамайгаа уйлахыг харлаа.
- Та дахиад нэг удаа нэрээ хэл дээ.
Чи минь дуугүй сууна.
- Дахиад ганцхан удаа!
- Пак Сонёо!
Энэ чиний биш миний нэр шүү дээ. Миний нэрийг анх асуусан тэр өдөр санаанд тодхон. Сэтгэлд минь гаргасан чиний жим жилээс жилд улам л хатууран гүнзгийрч өргөн зам болсон юм. Хайрган доторх хайрга, шороон доторх шороо, элсэн доторх элс мэт. Би тэгэхэд залуу байжээ. Идэр залуу байхдаа “залуу насандаа явна” гэж бодсон удаа үгүй боловч чамтай учирсан тэр өдрийг бодохоор залуу үеийн минь төрх санаанд бууна.
****************

Тэр үед төрсөн хүүхэд энэ залуу мөн үү? Чиний гарыг илж арчиж байна. Нурууг чинь бас арчиж байна. Олон ч жил өнгөрчээ. Гөлгөр хүзүү чинь үрчлээтэж, өтгөн хар хөмсөг чинь сийрэг болжээ... Эмчийн оронд одоо хүү чинь асууж байна.
- Аав аа, нэрээ хэл л дээ. Таныг хэн гэдэг вэ?
- Пак Сонёо.
- Пак Сонёо гэж хэн бэ, аав аа?
Би ч гэсэн мэдэх юмсан... Би чиний хэн байсан бол?
****************

Би чамд хэн байсныгаа мэдэхгүй ч, чи миний насан туршийн анд байсан. Хүүхдүүдээ хооллох савтай гурилыг минь мэхлэн авч, дотрыг минь харанхуйлж асан хүнтэй ийм олон жил нөхөрлөнө гэж хэн санах вэ. Хүүхдүүд маань чи бид хоёрыг ойлгохгүй л дээ. Бидний явдлыг ойлгохоос тэд  "Дайны үед тэдэн зуун мянган хүн нас барсан" гэх баримт ойлгохдоо л илүү сайн.
****************

Хүүг чинь гурван долоо хоног хүртэл өдөр бүр танайд очиж хөхүүлдэг байлаа. Хааяа өдөр очно, хааяа шөнө дунд. Тийм болохоор л чи надад өртэй юм шиг өөрийгөө санаж байсан болов уу. Чиний төлөө үүнээс өөр юу ч хийгээгүй атлаа түүнээс хойш гучин жилийн турш хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ чам дээр очдог байлаа. Күюн өөд болсноос хойш чам дээр очдог болсон шиг санана... тэгэхэд үхье л гэж бодож байлаа. Амьд байснаас үхсэн нь дээр мэт санагдаж байсан. Бүгд намайг зовоож байхад чи л ганцаараа надаас юу ч хүсээгүй. Тэсэх л хэрэгтэй гэж хэлсэн, тийм үү? Цаг хугацаа бүхнийг мартуулж эдгээнэ гэж тайтгаруулсан. Юу ч бодолгүйгээр урдах ажлынхаа л ард гарах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд чамайг байгаагүй бол би яах байсан бол... цөхрөл гашуудлаасаа гарч чадахгүй, галзуу юм шиг байсан даа.

Дөрөв дэх, амьгүй төрсөн хүүхдийг минь тэртээх толгодын дунд чи л нутаглуулсан. Одоо бодоход, би арай дэндүү тээр болсноос чи Комсо руу нүүсэн юм уу? Чи минь далайн эрэгт засагчилж амьдрах нэгэн биш. Газар хагалж, үр тарих хүн. Өөрийн газар байгаагүйн эрхэнд л хүний газар хагалж байсан болохоос. Чамайг Комсо руу нүүхэд энэ бүхнийг ухаарах ёстой байжээ. Намайг дараа болоод байснаас Комсо руу нүүснийг чинь, бас чамд дэндүү муухай загнаж байсныгаа би одоо л ойлгож байна.

Анхны уулзалт аясыг шийднэ гэдэг үнэн байх. Би дотроо чамайг надад өртэй мэт санаж, тэрийгээ дураараа авирлан үзүүлж байснаас гарцаагүй. Худал хэлэн гурилтай савыг минь хулгайлж, дугуйндаа ачаад явахад чинь танайхыг олж очсон шигээ, надад хэлэлгүй Комсо руу нүүсний дараа ч би чамайг олоод л очсон. Комсо чамд зохих газар ерөөс биш байлаа. Тариалангийн талбайдаа биш далайн давалгааны өмнө зогсох чинь төөрсөн хүүхэд шиг хачин харагдаж байсан... Далайн эрэг дэх давсны талбайн дэргэд намайг хараад царай чинь яаж хувирсныг би одоо хэр сайн санана. Тэр царайг би ерөөс мартаж чадаагүй юм. Харин одоо бодоход чиний тэр царай “Энэ намайг эндээс хүртэл олж дөнгөө юү?” гэж байсан болов уу.

Чиний ачаар Комсо гэдэг газар цээжинд минь хоногшин үлджээ. Яах учраа олохгүй хэцүү явдал тохиолдох тоолонд чам дээр очдог байлаа. Тэгсэн мөртлөө сэтгэл уужирч бүх юм хэвэндээ орохоор чамайг мартчихдаг байв. Чамайг мартсан гэж бодож байлаа... Комсод намайг харангуутаа чи шууд л “Юу тохиолдоо вэ?” гэж асуусан. Одоо л чамд үнэнээ хэлье. Комсод би ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас биш, анх удаа зүгээр л чамтай уулзмаар санагдаад очсон юм.
****************

Комсоо руу зугтаасан тэр үеийг эс тооцвол, чиний хэрэг үгүй болтол чи минь үргэлж нэг газраа байжээ. Үргэлж нэг газраа, хажууд минь байсанд баярлалаа. Чамайг байсан учир би цааш амьдарч чадсан байх. Сэтгэл санаа хэцүү үед байнга очдог атлаа гараа ч атгуулсан удаагүйдээ уучлал гуйя. Өөрөө очдог атлаа, чамайг миний зүг алхам атугай хийх гэхээр шууд таслан зогсоодог байв. Одоо бодоход, би дэндүү муухай авирлаж байжээ. Намайг уучлаарай, үнэхээр уучлаарай. Эхэндээ эвгүй санагдсанд тэгж байсан юм. Дараа нь ингэж болохгүй гэж бодогдоод... сүүлдээ бол хөгширч нас өндөр болсных. Чи миний нүгэл, бас жаргал минь билээ. Би бас чиний нүдэнд журамтай, хүндлэм хүн болж харагдахыг хүссэн юм...

Хааяа чамд ярьдаг байсан даа, уншсан гээд янз бүрийн үүх түүх... үнэндээ би тэдгээрийн нэгийг нь ч уншаагүй юм. Охиноосоо дуулсныгаа л чамд уншсан мэт ярьдаг байлаа. Нэг удаа, Испани гэдэг улсад Сантьяго гэдэг газар байдаг тухай ярьсныг санаж байна уу? Чи тэр газрын нэрийг тогтоож чадахгүй “Хаана байдаг гэнэ ээ?” гээд давтан давтан асууж байсан сан. Тэнд мөргөлийн зам бий, гучин гурван өдөр явж хүрдэг мөргөлийн зам байдаг гээд би бурж гарсан даа. Үнэндээ би биш, Чихон охин маань л тийшээ явахын хүслэн болоод байсан юм. Тэгээд хааяа тэр тухайгаа надад ярихыг нь би өөрөө явахыг хүссэн мэт чамд ярьчихсан юм. “Тийм их хүсч байвал хоёулаа явъя л даа” гэхэд чинь зүрхэн тушаа өвдөх шиг болж билээ. Одоо бодоход, тэр өдрөөс хойш би дахиж чам дээр очоогүй юм байна. Үнэнийг хэлэхэд, тэр газар хаана байдгийг би мэдэхгүй, бас тийш явахыг хүсээгүй юм.

Өнгөрсөн цагт бидний хамтдаа хэлсэн, хийсэн бүхэн юу болж, хааш оддогийг чи мэдэх үү? Чамаас асуухыг хүсдэг байсан ч чадаагүй тул охиноосоо асуухад “Ээж ийм юм асуух сонин юмаа” гээд “замхран алга бололгүй одоо цагт нэвтэрч, шингэж үлддэг байх” гэж хариулж билээ. Бэрх үгтэй хүүхэд шүү. Чи утгыг нь ойлгож байна уу? Аль хэдийнээ улирч өнгөрсөн мэт санагдах бүх зүйл одоод шингэсэн байдаг, зөвхөн бид тэр бүхнийг мэдэрч чадахгүй гэнэ. Тиймээс өнгөрсөн цагийн юм өнөө цагтай холилдож, өнөө цагийн юм ирээдүйн юмтай холилдож, бас өнгөрсөн цагийн юм ирээдүйн юмтай холилдон нийлдэг байх нь. Гэвч үүнээс цааш хоюулаа тэр бүхнийг дахин нийлүүлж чадахгүй болжээ. Ингээд би явья даа.

Чамтай анх уулзсан тэр өдөр, чи дугуй хулгайлж уначихаад гурилтай сав толгой дээрээ тавиад замын хажуугаар алхаж яваа надтай тааралдах хүртлээ, тэр дугуйгаа зарж, зарсан мөнгөөрөө далайн замаг авна гэж бодож явсан тооцоо чинь өнөөдрийн хаа нэгтээ шингэсэн байдаг болов уу? Дугуйгаа зарж чадалгүй авсан газраа буцааж тавихад эзэн нь чамайг барьж баахан хэрэг мандсаны ул мөр үлдээ болов уу ? Тэр бүх үйл явдал улирч өнгөрсний хананд шингэж өнөөг хүртэл биднийг хөтлөө болов уу...

Намайг алга болсны дараа хайхаар харсан зүгтээ явж байсныг чинь мэднэ. Амьдралдаа хот орж үзээгүй атлаа ганцаараа Сөүлийн буудалд ирж надтай төстэй харагдсан хүнийг зогсоож байсныг чинь мэднэ. Миний сураг дуулдах болов уу гэж манай гэрийн урдуур зөндөө олон өнгөрснийг мэднэ. Хүүхдүүдтэй минь уулзаж надад юу тохиолдсоныг асуумаар байсныг чинь ч мэднэ. Тийм болоод чи минь өвдөө юү дээ?

Чиний нэр И Үнгюү шүү дээ. Эмч дахиж эмч асуухаар Пак Сонёо биш "И Үнгюү" гэж хариулдаг юм шүү. Одоо чамайгаа амраая даа.

Чи нууц минь билээ.
Чамайг миний амьдралын нэгээхэн хэсэг байсныг намайг мэдэх хэн ч тааж эс чадна. Чиний тухай мэдэх хүн байхгүй ч амьдрал гэдэг их голын бэрхшээлтэй нугачаа бүрт зөвхөн чи л надад сал тавьж, үерийн догшин усыг аюлгүй туулахад тусалж байжээ. Чи минь байсан болохоор би жаргалтай байсан. Чам дээр жаргалтай биш зовлонтой үедээ очиж байсан тулдаа л амьдралынхаа аяныг туулж чадсанаа өнөөдөр хэлэхээр ирсэн юм.
Одоо найз нь явъя даа.
*********************

2012/05/15

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" III


үргэлжлэл

Ээжийн хэсэг I

Миний охин үргэлж ээжийнхээ баяр баясгалан байлаа. Охин минь ээжийнхээ дөрөв дэх хүүхэд... охиндоо хэлж байгаагүй болохоос үнэндээ бол тав дахь л даа. Чиний өмнө төрөнгүүтээ өнгөрчихсөн нэг хүүхэд байсан юм...

Ээж нь зөвхөн чамдаа л бусад ээжүүдийн хийж өгдөг бүхнийг хийж өгчээ. Сүү ихтэй байж найман сар хүртэл чинь хөхүүлж чадсан. Хүүхдүүд дундаасаа зөвхөн охиныгоо л цэцэрлэг гэдэг газар явуулсан. Охиндоо авч өгсөн анхны гутал резин биш даавуун биеийн тамирын гутал байсан. Бас тийм, охиноо сургуульд ороход нэрийн тэмдгийг нь ээж нь өөрөө хийж өгсөн юм. Охины минь нэр ээжийнх нь амьдралдаа бичсэн анхны хангул үсэг. Цэвэрхэн бичихийн тулд хичнээн удаа давтаж бичсэн гээч. Ээж нь охиныхоо энгэрт нусны алчуур, өөрийн гараар бичсэн нэрийн тэмдэг хадаж өгөөд өөрөө хөтлөөд сургуульд хүргэж өгч билээ. Миний охин “ээж сүртэй шдээ” гэж бодож байна уу? Ээжид нь сүртэйгээр барах уу хэрэг байсан юм. Хёнчол ах нь сургуульд ороход ээж нь хамт яваагүй. Үсэг бичүүлж магад гэж айгаад гэрийн аар саар ажлаар шалтаглаж авга эгчтэй чинь хамт явуулсан юм. “Бүх хүүхдүүд ээжтэйгээ явж байхад би ганцаараа авга эгчтэйгээ” гэж ах чинь гомдоллож байсан нь одоо хэр хааяа чихэнд хангинах шиг болдог. Бага ах нь сургуульд ороход ээж нь түүнийг Хёнчолтой хамт явуулсан юм. Эгчийг нь ч гэсэн том ахтай нь хамт явуулсан. Зөвхөн чамд л ээж нь хот орж хичээлийн цүнх, сүлжмэл торон даашинз авч өгсөн. Тэгж чадсандаа ээж нь ямар их баяртай байсан гээч. Тэр хүнийг гуйж охиндоо алгын чинээ жаахан ширээ бас хийлгүүлсэн. Эгчид нь ширээ байгаагүй... гэрийн даалгавраа шалан дээр хийсээр байгаад том мөртэй болсон гэж эгч нь одоо хэр хааяа нэг гомдоллодог доо. Охин минь бяцхан ширээнийхээ ард суугаад хичээлээ давтаж, ном уншиж байгааг хараад ээж нь ямар их баярладаг байв аа. Их сургуулийн шалгалтанд бэлдэж байхад нь ээж нь өдрийн хоол хийж өгдөг байлаа. Суургууль дээрээ орой болтол давтлага хийвэл гадаа нь хүлээж байгаад охинтойгоо хамт харьж ч байлаа. Охин минь ээжийгээ үргэлж баярлуулна. Жижигхэн тосгонхыхоо хамгийн сайн сурагч нь байсан юм шүү дээ.

Миний охин Сөүлийн шилдэг их сургууль, тэгэхдээ бүр эм зүйн ангид тэнцэхэд ахлах сургууль чинь баяр хүргэсэн самбар гаднаа тавьсан байсан. Хүн болгон надад “яаж ийм мундаг охинтой болох вэ” гэж билээ. Ээж нь баярласандаа амаа чихэндээ хүргэх шахам инээж явсан байх. Ээж нь охиноороо хичнээн их бахархаж байсныг миний охин мэдэхгүй л болов уу. Бусад ах эгч нарынх нь төлөө ээж нь харин юу ч хийж чадаагүй юм. Адилхан миний хүүхдүүд ч гэлээ, тэднийг бодохоор ээжийнх нь сэтгэл ингэтлээ цэлмэхгүй. Юу ч хийж өгч чадаагүйдээ ээж нь гэмшиж, өөрийгөө зүхэж, харамсч явдаг. Энэ бүхнээс миний охин л ээжийгээ чөлөөлж өгсөн юм шүү дээ.

Миний охин оюутан болоод жагсаал цуглаан хийгээд гүйж байхад ах нарыг нь хориглодог шигээ ээж нь саад боллоогүй ээ. Мёндунд байдаг гэх тэр загалмайтны сүмд өлсгөлөн зарлаад сууж байхад чинь ч эргэж очоогүй. Нулимс асгаруулагч хийнээс болсон уу, охины минь нүүр битүү хар батга болоход ч ээж нь юм хэлээгүй. Охиныхоо яг юу хийж, юуны төлөө явж байгааг ойлгож мэдэхгүй ч хийх ёстой учраас, хийж чадах учраас хийж байгаа гэж боддог байлаа. Найзуудтайгаа манай тосгонд ирж шөнө дөлөөр цуглаан хийж эхлэхэд чинь ээж нь хоол хийж, унд цай зөөж байсан. Авга эгч чинь энэ хүүхдийг энэ чигээр нь орхивол улаан паргэн (*социализм болон хэт зүүний талын үзлийг баримтлах хүмүүсийг доролмжлон хэлэх үг, орч) болно шүү гэж үглэж байсан ч ээж нь охиныхоо хийх хэлэхийг ерөөс хорьж байгаагүй. Ах нарыг нь харин ээж нь тэгж чадаагүй юм. Би тэднийг сургаж аргадаж, хорьж загнадаг байсан. Жагсагч оюутнууд цагдаагийхантай мөргөлдөхөд бага ах чинь бороохойд цохиулан нуруугаа гэмтээсэн юм. Ахынх нь нуруунд халаасан давстай нойтон давуу тавьж байхдаа ээж нь "Үүнийгээ болихгүй бол амиа хорлоно" гэж айлгаж байлаа. Тийм байтлаа хүү нар минь ээжийгээ тэнэг харанхуйд бодох вий гэж эмээж байсан. Хүнд залуу насандаа, залуу учраас хийх ёстой зүйл гэж байдгийг ээж нь мэднэ. Тэгсэн атлаа ах нарыг чинь байдаг чадлаараа хориглож, хойш нь татсан минь үнэн. Харин чамайг бол ээж нь тэгээгүй юм.
*************

Охин минь, хайр минь.
Түүнээс хойш Сөүлд очих бүр чи ээжийгээ театр ч юмуу хааны бунхан ч юмуу үзүүлэхээр дагуулж явдаг болсон. Бас дууны пянз зардаг номын дэлгүүрт ээждээ чихэвч зүүлгээд дуу сонсгож байсан удаатай. Охиноосоо ээж нь энэ Сөүл хотод Гвангхвамүн гэдэг газар, хотын захиргаа байдгийг мэдэж, хорвоод хөгжим кино байдгийг таньсан. Миний охин бусад хүмүүсээс өөр амьдрал туулна гэж ээж нь бодож байлаа. Ах эгч нар дундаасаа зөвхөн чи л ядуугийн зовлонгоос ангид, чөлөөтэй өссөн болохоор дуртай зүйлээ чөлөөтэй хийгээсэй л гэж ээж нь хүссэн юм. Охины минь эрх чөлөө ээжид нь тэс ондоо ертөнцийг мэдэх боломж өгсөн учраас охиныгоо бүр ч илүү эрх чөлөөтэй болоосой гэж хүссэн билээ. Илүү чөлөөтэй байснаараа бусдын төлөө амьдарч хүн олонд тустай үйлс бүтээгээсэй гэж ээж нь хүссэн юм.
*************

Нярай хүүхэд уйлахад аавын талын эмээ “хүүхэд уйлаад байна, хурдан хөхүүл” гэж ээжид нь хэлдэг гэсэн. Харин ээжийн талын эмээ “энэ хүүхэд уйлаад муу ээжийгээ бүр ядраачихлаа, жаахан ч болов унтуулсангүй” гэдэг гэнэ. Охиныгоо төрөхөд ээж нь яг тийм эмээ болсон.
*************

... Охины минь царайнаас хүүхэд насных нь төрх алга болжээ. Шинэхэн сар шиг нүд нь бүр ч илүү онигор болоо юу даа. Одоо инээсэн ч охины минь царайд өсвөр насных нь цог золбоо алга. Охиныхоо царайд ийм олон үрчлээ суухыг харсан болохоор ээжийнх нь амьдрал богино байсан гэж хэлж болохгүй нь. Гэхдээ ээж нь охиныгоо ингэж гурвын гурван хүүхэд өсгөж амьдрана чинээ зүүдлээ ч үгүй. Сав л хийвэл уйлж уцаарлаж, санаснаараа зүтгэдэг байсан эгчээсээ миний охин тэнгэр газар шиг тэс өөр. Цагийн хуваарь гаргаад хийх юмаа төлөвлөдөг байсан биз дээ. Тийм учраас “Ээж ээ, ёстой мэдэх юм алга. Гурвын гурван хүүхэдтэй болно гэж бодоо ч үгүй юм байна. Гэхдээ хүүхэдтэй болсноос хойш гаргах л хэрэгтэй, тийм үү ээж ээ?” гэж хэлэхэд чинь тэс өөр хүнтэй ярьж байгаа мэт санагдаж алмайрч орхисон юм.

Ээж нь эгчийг чинь л олон хүүхэдтэй болно гэж бодож байсан юм. Миний охин хэзээ ч уурлаж байгаагүй. Ах эгч нар дундаасаа зөвхөн чи л ямар ч ууртай хүнд юуг ч дэс дараатай, тайван хэлж ойлгуулж чадна. Тийм болохоор ээж нь охиныгоо хүүхэдтэйгээ болох эсэхээ тунгаан бодож, болсон ч ганц л хүүхэдтэй болох байх гэж бодож байлаа. Миний охин "Ах нартай адил ширээ авч өг" гэж уйлж унжиж байсан том эгч шигээ хэзээ ч юм нэхэж гуйж байгаагүй. Үсээ хоёр хувааж боочихоод шалан дээр түрүүлгээ хараад хэвтэж байхад нь "Миний охин юу хийж байна?" гэж асуухаар "Тоо бодож байна" л гэж хариулдагсан. Эгч нь тооны ном шагайдаг ч үгүй байлаа. Харин миний охин тоондоо сайн. Багын л оюун бодлоо гайхмаар төвлөрүүлж чаддаг хүүхэд байсан. Бодлогын хариуг олохоороо хөөрхөн баярлаж инээдэг сэн.

Харин ээжид нь юу тохиолдсоныг миний охин бодоод бодоод олж чадахгүй. Тийм болоод ийм ихээр шаналж байна уу даа... Миний охин бяцхан гурван үрдээ уягдаад ах эгч нар шигээ ээжийгээ хайхаар гараад явчихаж чадахгүй. Зөвхөн орой болохоор эгч рүүгээ утасдаад “Эгч ээ, ээжийн сураг гарсан уу?” л гэж асууна. Хүүхдүүдээ хараад миний охин хүссэнээрээ ээжийгээ хайж ч чадахгүй, хөнгөртлөө уйлж ч чадахгүй. Ойрд охиндоо тус дэм болоогүй ч ухаан минь саруул байхад ээж нь их боддог байлаа. Охиныхоо тухай, дөнгөж хөлд орж буй нярай гээд гурвын гурван хүүхэд өсгөж буй тухай, охиныхоо амьдралын тухай. Кимчи хийж явуулахаас бусдаар охиндоо туслаж чадахгүйдээ ээж нь харамсана. Миний охин хүүхдүүдээ дагуулаад хөдөө бидэн дээр ирэхдээ гутлаа тайлаад "Хөөх, би чинь өрөөсөн хоёр оймс өмсчихсөн байна шдээ” гээд инээхэд ээж нь охиноо ямар их өрөвдсөн бэ. Үргэлж цэмцийж байдаг охин минь амсхийх завгүй учраас л гар дор таарсан өрөөсөн хоёр оймс угласан болоод гэрээсээ гарахаар ухасхийжээ гэж тэгэхэд бодож билээ. Хааяа, ухаан цэлмэхэд ээж нь охиныхоо төлөө, хүүхдүүдийнх нь төлөө юу хийх ёстойгоо бодно. Тэгээд ээжид нь амьдрах хүч орно ... гэтэл бүх юм ингээд эргэчихлээ.

Охин минь, одоо ээж нь явья даа. Ээжийнхээ төлөө гуниглах хэрэггүй. Охин минь байсан болохоор ээжийнх нь амьдралын аз жаргалтай өдрүүдийг тоолж баршгүй шүү дээ.

төгсгөл дараагийн бичлэгт

2012/04/17

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" II

үргэлжлэл

Хүүгийн хэсэг

- Ээж ээ, анх удаа Сөүлд ирэх ямар байна? Сөүлийн анхны шөнө ямар байна?
- Гоц гойд юм алга аа гээд ээж инээв.
Ээж намайг харах гэж эргэж хэвтээд, аль дээр улирч өнгөрсөн он цагийн тухай хуучилж эхлэв.
- Миний хүү ээжийнхээ анхны хүүхэд. Хүүгийн минь ачаар амьдралд тохиолдсон анхны зүйлийг тоолно гэвэл Сөүлд ирснээр тогтохгүй шүү дээ... Хүүгийн минь хийсэн, хэлсэн болгон ээжид нь шинэ ертөнц байлаа. Миний хүүгийн ээждээ бэлэглэсэн “анхны” зүйлсийг тоолж баршгүй. Анх удаагаа гэдэс томорч, анх удаа хөхөнд сүү орж, анх удаа хүүхэд хөхүүлсэн... Ээж нь хүүгийнхээ насан дээр чамайг төрүүлсэн шүү дээ. Чиний хөлөрч час улаасан, нүдээ тас анисан царайг анх хараад... Хүмүүс анхны хүүхэд төрөхөд бөөн баяр болдог гэдэг, харин ээжийнх нь сэтгэл үймж орхисон юм... Би үнэхээр энэ хүүхдийг төрүүлсэн гэж үү? Одоо би яах уу? гээд ээж нь айсандаа хуруунд чинь хүртэл хүрч зүрхлээгүй... Миний хүү харин бяцхан гараа чанга гэгч нь атгаж байсан...
*************

- Миний хүүгийн гар хөлийн хуруу өдрөөс өдөрт том болж байгааг хараад ээж нь ямар их баярладаг байв аа. Ядрахаараа ээж нь хүү дээрээ очно. Хүүгийнхээ алгыг нээж бяцхан хуруунуудыг нь тэнийлгэн харж, хөлийн хурууг нь илнэ. Тэгээд л эрч хүч орох шиг болно. Анх удаа хүүдээ гутал өмсгөхдөө ээж нь ёстой бөөн баяр болсон юм. Хүү минь тэнтэр тунтар алхаад ирэхээр хичнээн их баярлан инээдэг байв аа. Хэн нэгэн миний өмнө алт мөнгө, алмас эрдэнэс цацаж асгасан ч ээж нь тэгтлээ их инээхгүй байсан. Хүүгээ анх сургуульд оруулахад ямар байсан гээч? Хүүгийнхээ цээжинд нэрийн тэмдэг, нусны алчуур хадаж өгөхөд жинхэнэ том эр болсон шиг санагдаж, ээж нь бахархаж байлаа. Хүүгийн минь хөл сараас сард том болж буйг харж баярлах сэтгэлийг юутай зүйрлэх вэ? Өдөр болгон ээж нь “Хүү минь өсөөрэй, торниж том болоорой” гэж дуулдаг байлаа. Тэгтэл нэг л өдөр хүү минь ээжээсээ том болчихсон байв.
Ээж миний толгойг илснээ
- Миний хүү өндөр том болоосой гэж өдөр болгон хүсч байсан атлаа нэг л өдөр ээжээсээ том болсныг чинь хараад ээж нь жаахан айсан шүү гэв.
*************

Тэр намар ээж аавгүйгээр ганцаараа цагаан будаа хураасан юм. Намайг туслах гэхээр “Чи хичээлээ хий” гээд ширээний зүг заана. Будаагаа хурааж дууссаны дараа дулаанхан бүтэн сайн өдөр таарвал ээж дүү нарыг дагуулаад уул өөд амтат төмс малтахаар явна. Бүгд харуй бүрий болохын алдад бор улаан өнгийн амтат төмстэй тэрэг урдаа түлхэж ирнэ. Надтай цуг гэрт үлдэж хичээлээ хийхийн хүссэн ч загнуулаад уул өөд явсан эрэгтэй дүү маань худгийн хажууд хумсныхаа завсар орсон шороо цэвэрлэж байхдаа дургүй хүрсэн нь илт, ийн асуув:
- Ээж! Том ах Хёнчол тийм чухал юм уу?
- Тийм! Чухал!
Ээж бодох ч үгүй хариулаад дүүгийн дагз руу хөнгөхөн алгадаж орхив.
- Тэгвэл бид танд хэрэггүй юу?
- Үгүй, хэрэггүй!
- Тэгвэл бид явлаа, аав дээр очлоо!
- Юу гэнэ ээ, чи?!
Ээж гараа далайснаа гэнэт зогсоод,
- Та нар ч бас чухал. Та нар бүгдээрээ чухал. Нааш ир, миний чухал хүүхдүүд ээ гэхэд бүгд нирхийтэл инээлдэв.
Өрөөндөө, ширээнийхээ ард гадаах яриаг чагнаж суусан чухал Хёнчол чи ч бас инээж байлаа.
*************

Охин дүү маань оройн хоолны оронд хоёр шил шар айраг хөнтрөөд цүнхнээсэээ дэвтэр гаргаж хуудсыг нь эргүүлж байснаа нэг хуудас дэлгэж надад өгөв. Өлөн элгэн дээрээ шар айраг ууснаас нүүр нь улаа бутарна. Дэвтрийг нь гэрэлд дөхүүлээд уншвал ургуулан төсөөлөхдөө гаргуун, сэтгэлийн хөдлөл ихтэй гэхэд дүүгийн маань бичиг бодсоноос нямбай, цэгцтэй аж.

Би хараагүй хүүхдүүдэд ном уншиж өгөхийг хүснэ.
Би хятад хэл сурна.
Би баяжвал багавтар хувийн театртай болно.
Би өмнөд туйлд очмоор байна.
Би Сантьяго руу мөргөлийн аянд явмаар байна.

Иймэрхүү “би”-гээр эхэлсэн гучаад мөр үргэлжилж байв.
- Энэ юу юм?
- Ноднин 12 сарын 31-нд, он гарахын даваан дээр амьдралдаа бичиг цаас цоохорлохоос гадна өөр хийж үзмээр байгаа юмны тухай бодож жагсаасан юм. Зүгээр зугаа болгож бичсэн хэрэг. Ирэх арван жилийн хугацаанд хичээж байгаад заавал хийж гүйцэтгэх зүйл, мөн зүгээр хүсч сонирхсон зүйлийн жагсаалт... Гэхдээ үүнд ээж минь алга. Надад ээжтэйгээ хамт үзэх юмсан, хийх юмсан гэх зүйл үгүй байжээ. Үүнийг бичиж байхдаа би ээжийн тухай бодоо ч үгүй... Харин одоо...
***********

Хёнчол уруулаа хазахад цээжээр нь халуу шатах шиг болов. Багын зуршлаараа нүүрээ гараараа үрэх гэж байснаа ээжийнх нь зөөлөн гар мэдрэгдэх шиг болоход болив. Ээж нь түүнийг гараа үрж мөрөө хавчиж сууххад үнэн голоосоо дургүй, харангуутаа шууд гарыг нь алгадаж мөрийг нь тэгшилдэг байсан. Тэргүүнээ гудайлган бөгтийж суухыг бүр ч үзэхгүй, шууд нурууг нь алгадаад “Нуруу цэх, цээж ханагар, эр хүн шиг бай” гэдэг байв...
Хёнчол прокурор болж чадаагүй юм. “Миний хүү хууль сурч прокурор болохыг хүсдэг" гэж ээж нь хэлдэг байлаа ч он жилийн уртад тэр нь ээжийнх нь ч гэсэн мөрөөдөл болсныг ойлгох ухаан түүнд дутжээ. Прокурор болно гэдэг түүнд хүүхэд насны биелэгдээгүй мөрөөдөл төдий л санагдана. Тиймээс ээжийнхээ мөрөөдлийг ч давхар баллаж орхисон хэмээн өдий хүртэл төсөөлөө ч үгүй. Ээж нь хүүгээ хойш татаж, мөрөөдөлд нь хүргэж чадсангүй гэж насан туршдаа өртөө буруу өгч явсныг Хёнчол сая л ухаарчээ. Уучлаарай ээж ээ, хүү нь хэлсэн амандаа хүрсэнгүй. Олж чаддаг л юм бол үлдсэн амьдралаа ээжийгээ энэрч асрахад зориулахсан гэх хүсэл зүрхийг нь дэлсэнэ. Гэвч хэдийнээ хожимдсныг тэр өөрөө ч мэдэж буй ажээ.

  үргэлжлэл дараагийн бичлэгт

2012/04/05

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" I

    

Гүйэ би ойрд буяны ажил гөө мөн ихийг хийжээнаа. 2011 онд уншсан бэст номоор солонгос бүсгүй Шинь Гёнсүг-ийн “Ээжийгээ даатгая" романыг шалгаруулаад, уулзсан таарсан хүн болгонд унш гэж тулгаад явж байсим. Тэгсэн нэгэн орой архи дарс нь хэтэрсэн үү, ажиллах толгой нь арван хормын сааталд орсон уу... орчуулаад өгнө оруулаад өгнө гэсэн амлалт өгчихсөн сууж байвал яахуу. Амаа хичээхгүй бол гай гарна, галаа хичээхгүй бол гамшиг гарна гэж одоо үүнийг л хэлдэг байхдаа. Гэхдээ “ам ажил хоёр нь алд дэрэм зөрнө” гэдэг чинь миний тухай хэлсэн үг байгаам. Тиймээс 2011 оны амлалтыг өдий хүртэл мартааски, санааский, нүдэн балай чихэн дүлий явааски. Цагаан сарыг тэгэээд орчуулгын өртэй гаргалаа, энэ жилжингээ муугаа мэдэхгүй & мулгуугаа тоохгүй хүмүүст орчуулга хийж өгөхийм байх даа.. гэцүү еэ. Anyway, дуртай Акүтагавагаа хойш тависны үр дүнд:

신경숙 Шинь Гёнсүг
Зохиол нь олон хэл рүү орчуулагдсан, олон оронд хэвлэгдсэн. Wiki гайхлаас харахад өгүүллэгийн түүвэр нь монголд хэвлэгдэсэн гэнэ. Олж унших юмсан, мэддэг хүмүүс хэлж өгч туслаарай. Энэ роман миний уншсан анхны солонгос зохиол. Охин, хүү, аав, ээж... дөрвөн хүний өнцгөөс бичигдсэн тул дөрвөн хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрийг ондоо өгүүлэмжийн хэлбэрээр бичсэн нь сонирхол татна. Ээжийн хэсгийг зохиолч нэгдүгээр биеэс өгүүлнэ. Хүүгийн хэсэг нь гуравдугаар биед. Харин охин, аав хоёрын хэсэг жаахан ярвигтай буюу нь өөрийгөө “чи” гэх хоёрдугаар биед бичсэн нь сонин (Өөрөө өөртэйгээ “Сүрэн чи тэнэг юмаа” гэж хүүрнэх өгүүлэмжийн хэлбэрийг хэлж байна л даа). Ийм өгүүлэмжийн хэлбэр ер нь ховор байхаа... бичихэд ч бас хэцүү байх.
Зохиолоос ондоо асуудал руу далийчихлаа... sorry. Ер нь review гэдэг мань мэтийн чадах & бичих зүйл биш санж. Бүхэл бүтэн романыг орчуулна гэдэг яааг шдэ, яаж вэ тээ... тэгээд ч бүгдийг нь орчуулна гэж амлаагүй шд хэхэ. Учир ийм тул зохиолын хэсэг хэсгээc түүж орчуулснаа толилуулъя.

Шинь Гёнсүг "Ээжийг минь харж хандаарай"
Орчуулга: Сүрэн (уг зохиолын англи, япон орчуулгыг харьцуулж орчуулав)

Охины хэсэг

Ээж алга болсныг анх дуулаад "Яахаараа энэ өнөр өтгөн гэр бүлийн хэн нь ч ээж аавыгаа Сөүлийн буудал дээр тосч аваагүй юм бэ?" гэж чи ууртай асууж байсан.
“Чи өөрөө тэгвэл хаана байсан юм бэ?!”
Би юу?
Ээж алга болсныг чи нэлээд хэд хоногийн дараа л мэдсэн.
Ээж алга болсны бурууг бүгд бие бие рүүгээ түлхэж, бие биенээ гомдоож бас дор бүрдээ гомдоцгоосон.
*****

"Аавтай нэг вагонд сууж чадалгүй хоцорсон ч ээж яахаараа алга болдог байна аа? Хаа сайгүй, хана болгонд л зам заасан тэмдэг байгаа шүү дээ. Нийтийн утасны бүхээгнээс яаж ярихыг ч ээж мэднэ". Бэр эгч чинь тэгэхэд ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас л ээж алга болсон байх, аавтай нэг вагонд суугаагүй гээд хүүгийнхээ гэрийг олоод ирж чадахгүй байна гэж байхгүй дээ гэж байсан. Гэхдээ энэ бол ээжийг хуучин ямар байсан, тэр л янзаар нь бодохыг хүссэн хүний бодол. Чамайг "Ээж төөрч мэднэ" гэхэд бэр эгч гайхаж нүдээ томоор дүрлийлгэн харж байсан. Бас "Ээж ойрд ямар байсныг та мэднэ биз дээ" гэж нэмж хэлэхэд "Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэсэн янзтай царай гаргасан. Гэхдээ гэр бүлийнхэн чинь ойрд ээж ямар байсныг сайн мэднэ. Тиймээс ээжийгээ олж чадахгүй байж магад гэдгийг ч битүүхэндээ бүгд таамаглаж байсан биз ээ.
Ээж бичиг үсэг үл тайлагдсаныг чи анх хэзээ мэдлээ?
*****

Нагац ахаас сураг тасраад дөрөв, таван жил болоход ээж хааяа “Нагац ах чинь хаана, юу хийж яваа бол” гэж бодлогошрон хэлдэг болов. Ээж нагац ахад санаа зовоод байна уу, эсвэл туньж гомдоод байна уу гэдгийг тэгэхэд чи хэлж мэдэхгүй байлаа.
Нэгэн өдөр хэн нэгэн хашааны хаалга түлхээд “Миний дүү, байна уу?” гэх нь дуулдав. Гэрт чамтай хамт бэрсүүт жүрж идэж байсан ээж хормын дотор өрөөний хаалга саван гадагш гүйн гарав. Ээжийн сэтгэл юунд ингэж хөдлөө вэ? Сониуч зандаа хөтлөгдөн дагаж гартал ээж довжоон дээр хашааны хаалга харан зогтусах шиг болсноо "Ах аа!" гэж хашгиран хаалганы хажууд зогсож байсан хүн рүү хөл нүцгэн хар хурдаараа гүйж очив. Нагац ах ирсэн байжээ. Ээж салхи шиг хурдан гүйж очоод нагац ахын цээжийг зангидсан гараагаа хэдэнтээ балбаад:
-Ах аа! Ах аа! гээд уйлж байхыг чи гэрийнхээ үүднээс хараад зогсож байсан.
Ээж хэн нэгнийг “Ах аа” гэж дуудахыг анх удаагаа сонсох нь тэр. Өмнө нь ээж ахынхаа тухай ярихдаа дандаа л “Нагац ах чинь” гэдэг байсан. Нагац ахтай гэдгээ аль эртнээс мэдэх атлаа ээж гүйн очиж баярласан дуугаар “ах аа” гэхийг хараад яагаад тэгтлээ их гайхсанаа чи ойлгож ядна. “Хөөх, ээж бас ахтай юм байна” гэдгийг тэгэхэд л анх ухаарсан юм. Тэр өдөр ээж ямар байсныг, нас ахиж буй атлаа жаахан хүүхэд шиг довжооноос доош үсрэн бууж хашаа хөндлөн хамаг хурдаараа “Ах аа, ах аа” гэж хашгираад гүйж байсныг санахаараа чи хааяа ганцаараа инээмсэглэнэ. Тэгэхэд ээж өөрөөс чинь ч илүү балчир хүүхэд шиг харагдсан юм. Ээжийн тэр өдрийн төрх чиний тархинд үүрд зурагдан үлджээ.
“Ээж бас...” гэж тэр өдөр ухаарал нэгээр нэмэгдэж билээ. Ийм илэрхий зүйлийг тийм удаан хугацаанд ойлгоогүйгээ чи бас гайхна. Ээж бол дандаа л Ээж байсан. Ээжид ч гэсэн тэнтэр тунтар алхаж хөлд орох үе, гурван нас юмуу арван хоёр, бүр хорин настай үе байсан гэдгийг тэр өдөр хүртэл ерөөс төсөөлөөгүй явж. Ээж бол үргэлж Ээж. Төрөхөөсөө л Ээж байсан. Ээж бас ах дүү нартайгаа сайндаж муудаж, тэднийгээ хайрлаж санах хүн гэдгийг ах өөдөө гүйсэн тэр өдрийг хүртэл огт бодож байсангүй. “Ээжид ч бас хүүхэд нас байжээ” гэх давхар ухаарлыг тэр өдөр дагуулсан юм. Түүнээс хойш хааяа хааяа ээжийгээ хүүхэд, охин, залуухан бүсгүй, шинэхэн бэр, дөнгөж чамайг төрүүлсэн ээж гэж янз бүрээр төсөөлж боддог болов.
*****

Ээжийн яриа үргэлж уран сэтгэмж, дүрслэлтэй байдаг сан...
Өвөг дээдсээ тахих ёслолын шөнө авга ах, эгч нар савтай цагаан будаагаа бариад ирнэ. Хоол хүнс хомс тул хамаатан садан бүгд ийнхүү хувь нийлүүлнэ. Ёслол дуусахад ээж “Авч хариарай” гээд бүгдийнх нь савыг хоолоор дүүргэж өгнө. Ёслолын үеэр цагаан будаатай олон сав эгнүүлж өрдөг байв. Ээж цагаан будаан дээр шувууд ирж суугаад буцаж нислээ гэхэд хэн ч үл итгэх тул “Би харсан! Зургаан шувуу байсан. Өвөг дээдэс маань өргөл барьцны дээжийг зооглох гэж ирсэн юм шүү дээ!” гэнэ. Бүгд инээлдэх боловч цагаан будаан дээр шувуудын хөлийн гурвалжин царга мөр харагдах шиг чамд санагддаг байлаа.

Ээж нэг удаа идэх хоолоо аваад өглөө эрт тариан талбай руу явж билээ. Гэтэл хэн нэгэн урьтаж ирээд зэрлэг зулгааж байсан гэнэ. Нэр алдрыг нь асууваас зүгээр үүгээр өнгөрч яваад талбай зэрлэгээр дүүрснийг хараад туслахаар шийдсэн гэж тэр хүн хариулав. Ийнхүү үл таних хүн, ээж хоёр хамтдаа зэрлэг зулгаахаар болов. Ээж тусалсанд нь баярлаж авчирсан хоолоо хувааж идээд, энэ тэрийг ярилцаж суугаад, харанхуй болоход зүг зүгтээ харьцгаасан гэсэн. Ээж талбайгаас буцаж ирээд танихгүй хүнтэй бүтэн өдөр ажилласан тухайгаа ярьтал авга эгчийн царай гэнэт хувирч тэр хүний гаднах төрх байдлыг асууж байснаа “Тэр газрын өмнөх эзэн нь байна. Зэрлэг зулгааж байгаад харваж талбай дээрээ нас барсан юм” гэв. “Ээж, та өдөржин өөд болсон хүнтэй талбай дээр хамт байгаад айгаагүй юу?” гэж чамайг асуухад ээж тайвнаар “Айгаагүй ээ. Тэр талбайд ганцаараа зэрлэг зулгаавал хоёр юмуу гурван өдрийн ч ажил болох байлаа. Тусалсанд нь ээж нь баярласан" л гэж хариулсан.
*****

Өөрт тохиолдсон явдлын тухай хамгийн сүүлд ээждээ хэзээ ярилаа?
Нэг л мэдэхэд ээжтэй ярих яриа “хялбархан” болсон байлаа. Тэр яриагаа хүртэл нүүр нүүрээ хараад биш утсаар ярина. Чиний хэлэх нь ээж юу идэж байна, эрүүл мэндээ бодох хэрэгтэй, аавын байдал ямар байна, ханиад хүрч болохгүй, хэдий хэмжээний мөнгө явуулах тухай болж хувирсан. Ээжийн яриа голдуу кимчи хийсэн, сонин зүүд зүүдэлсэн, ах нарт чинь цагаан будаа явуулсан, буурцаг исгэж чамд явуулсан, шуудан зөөгч ирэхээсээ өмнө утасдах учраас утсаа битгий унтраа гэх зүйлийн тухай л байна.
*****

- Ээж, та гал тогоондоо байхдаа дуртай юу?
Чамайг ийнхүү асуухад ээж юун тухай асууж байгааг ерөөс ойлгоогүй.
- Гал тогоонд байхдаа та дуртай байсан уу? Та хоол хийх дуртай юу?
Ээж чиний нүдийг хэсэг хугацаанд ширтэн зогсов.
- Би гал тогоонд дуртай ч биш, дургүй ч биш. Хоол хийх ёстой учраас хийнэ. Хүүхдүүд минь хоол идэж сургуульдаа явах учраас ээж нь гал тогоондоо хоолоо хийнэ. Хүн зөвхөн дуртай зүйлээ л хийнэ гэж байх уу? Дуртай, дургүй хамаагүй хүнд хийх ёстой юм гэж байна шүү дээ.
Ээжийн царай илт “энэ одоо юу асуугаад байна аа” гэсэн янзтай байлаа. Дараа нь ээж “Чи зөвхөн дуртай зүйлээ л хийгээд байвал дургүй зүйлийг чинь хэн хийх вэ?” гэж бувтнав.
- Тэгээд та дуртай байсан юм уу, үгүй юм уу?
Ээж нууцаа задлах гэж байгаа мэт ийш тийш харснаа:
- Ээж нь шилэн сав хэд хэдэн удаа хагалсан гэж шивнэв.
- Шилэн сав хагалсаан?
- Эцэс төгсгөл үгүй юм шиг ээжид нь санагдаад. Тариалантай адилгүй. Хэрэв хавар нь үр таривал намар нь ургац хураана шүү дээ. Буурцагны үр таривал дараа нь буурцаг хураана, эрдэнэ шишийн үр тарьсан газар эрдэнэ шиш ургана... Гэвч гал тогооны ажилд эхлэл төгсгөл гэж байхгүй. Өглөөний хоолоо иднэ, дараа нь өдрийн хоол, дараа нь оройн хоол, гэгээ орохоор дахиад өглөөний хоол... Ээж нь өдөр болгон ондоо хоол хийж байсан бол өөр байсан байх л даа... даанч ээж нь тарьж ургуулсан зүйлээрээ л хоол хийхээс хойш өдөр болгон өнөөх л панчан. Өдөр болгон нэг юмаа давтаж хийгээд байхаар хүнд дургүй хүрэх үе гарна шүү дээ. Гал тогоо гарцгүй шорон шиг санагдахад ээж нь арын зоориноос хамгийн хэлбэр муутай сав сонгоод хамаг хүчээрээ хагалж орхисон юм. Авга эгч чинь намайг хараагүй л дээ, харсан бол галзуурсандаа ингэж шил сав хагалж байна гэх байсан байх.
Ээж хэд хоногийн дараа хагалсан савныхаа оронд шинийг авч тавьсан гэсэн.
- Мөнгө дэмий үрж байсан хэрэг. Шинэ сав авахаар явахдаа үрэлгэн юм хийсэндээ харамсаж, дотор хачин муухай байсан ч ээж нь больж чадаагүй. Хагаран бутрах савны дуу надад эм тан шиг л байсан. Жаахан ч атугай чөлөөлөгдөх шиг санагддаг байлаа, тэр үед.
Ээж хэн нэгэн сонсчих вий гэсэн шиг долоовор хуруугаа уруулдаа хүргээд “чшш” гэв. “Ээж нь энэ тухай хэнд ч ярьж байгаагүй” гэснээ томоогүй инээмсэглээд:
- Миний охин хоол хийх дургүй бол хаяа ганц хоёр таваг хагалахад гэмгүй. Үрэлгэн юм хийж байна даа гэж бодогдсон ч дотор чинь онгойно. Гэхдээ чи хань нөхөртэй болоогүй болохоор хараахан аяга таваг хагалмаар санагдахгүй л дээ гэв.
Ээж гүнзгий санаа алдаад:
- Гэхдээ хүүхдүүд минь өсөж байхад сайхан байсан шүү. Толгойдоо боосон алчуураа ч засах завгүй, борви бохисхийлгүй ажиллаж байсан ч та нар ширээ тойрч суугаад аягатай цагаан будаагаа шуугьтал хоосолж байгааг харахаар энэ дэлхийд үүнээс өөр хүсэх зүйл үгүй гэж ээжид нь бодогддог байсан. Миний хүүхдүүд үнэхээр амар байсан. Энгийн ногоо, вандуйтай шөл хийхэд инээмсэглэж идээд, хааяа хааяа загас жигнэхээр бүгд баяртай маасайгаад... Та нар бүгд сайн иднэ... өсөж торниж байхад чинь ээж нь үе үе айдаг байлаа. Сургуулиасаа ирээд идэг гээд тогоо дүүрэн төмс чанаж тавихад оройноо хов хоосон болчихсон, бүр ёроолыг нь долоочихсон байна. Зооринд байгаа цагаан будаатай савнууд өдрөөс өдөрт цөөрөхийг тоолж харах үе ч байлаа, бүр хоосон болох ч үе байсан. Оройн хоолны будаа авах гээд зоорины сав руу өнгийхөд ёроол нь харагдвал зүрх зогсчих шиг болно. "Хүүхдүүддээ маргааш өглөө юугаар хоол хийж өгнө өө?"... Тиймээс тэр үед гал тогоонд дуртай, дургүй гэх асуудал байгаагүй ээ охин минь. Том тогоонд цагаан будаа агшаагаад, жижиг тогоонд шөл хийж чадсан бол ээж нь ядарсан эсэхээ мартчихдаг байсан. Миний хийсэн бүх хоол хүүхдүүдийн минь бор гэдсэнд орно гэхээр ээжид нь сайхан. Миний охин одоо төсөөлж чадахгүй байх л даа, гэхдээ тэр үед бид цаг үргэлж хоолгүй болчихвол яана гэдэг айдастай байсан юм. Хэн хүнгүй, бүгд л тийм байсан. Сайн идэж, цааш амьдрах л чухал байсан.
Ээж инээмсэглээд тэр үе амьдралынх нь хамгийн сайхан үе байсан гэв.
*****

үргэлжлэл дараагийн бичлэгт

2012/03/29

Зохиолчдын хөрөг 3

5. Хино Ашихэй

Хятадад дайтаж байсан. Дайны дараа цэргийнхний хариуцлагыг нийтээрээ шүүж эхлэхэд "уран зохиолчийн дайны хариуцлагад" унаж ажлаасаа огцорч байсан. Дайны үеийн тэмдэглэлүүд нь сонирхолтой бас нэлээд юм бодууштай. "Газар болон цэрэг" бил үү... мартчихаж, нэг тиймэрхүү нэртэй зохиолын тухай залхуу хүрэхгүй бол дараа...



Хаяши Тадахико:
"Хиногийн Кюүшү арлын Вакамацү дахь гэрт би нэлээд олон удаа зочилж дайлуулж цайлуулж байсан. “Очлоо шүү” гээд утсаар ярихаар Хино шууд хариу цахилгаан илгээдэг заншилтай. Бүр хаа хамаагүй аялж яваад буусан газрыг асууж сураглаж олоод цахилгаан илгээнэ. Ямар сайндаа “цахилгаан уран зохиолч” хочтой болж байхав. Уртаас урт цахилгаан илгээнэ, богино цахилгаан ч илгээнэ. Хоёр гурван үг, нэг өгүүлбэрт багтааж болох юмыг “Хурдан ирээрэй ирээрэй ирээрэй хурдан ирээрэй” (「ハヤクオイデ オイデ オイデ ハヤクオイデ」), эсвэл “Үтэр түргэн ирээрэй хурдан ирээрэй фүгү загас хүлээж байна шүү” (「イットキモハヤクオイデ ハヤクオイデ フグガマッテイルヨ」) гэх мэт маш урт цахилгаан илгээж хэлдэг байсан. Өвөрмөц. Хээгүй бүдүүн зантай ахмад шиг атлаа, маш мэдрэмтгий, зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан".

6. Накано Шигэрү

"Пролетари уран зохиолын" төлөөлөгч. Өмнөх зууны эхэн, дунд үеийн нэлээд олон япон зохиолчид энэ урсгалд хамрагдаж байлаа шдээ. Би гэхдээ сайн мэдкү л дээ... их сургуульд байхдаа гадаад оюутнуудад зориулсан япон уран зохиолын семинарт хоббитон сууж байсим. Тэгэхэд энэ хүний нэг өгүүллэг уншсан шиг санагдаад... гэхдээ өөр хүн ч байж мэднэ, мартчихаж. Ээж нь өөд болсон тухай захиа аваад их хотын буудал дээр уйлаад сууж буй хөдөөний охины тухай богино өгүүллэг. Гол нь охиныг уйлж байхад дутуу хаасан крантны ус ойрхон урсаад байдаг... буудлаар хүмүүс нааш цааш холхих ч хаачих сэтгэлтэй хүн байхгүй. Уйлж уйлж... охин босч очиж усыг хаана, тэгээд буцаж ирээд үргэлжлүүлэн уйлна. Охины нулимсаа урсгахаас өөр аргагүй байдал & крантны ус урсах хатуу паралельд “диуунннн” гэгч болсноо сайн санадаг юм.




Хаяши Тадахико:
"Өнгөц харахад Накано гуай эгэл жирийн, ааш сайтай өвгөн шиг боловч үнэндээ тун яггүй хүн шүү гэж олон хүнээс дуулсан болохоор уулзах хүртлээ элдвийг ургуулж бодоод, ерөөс санаа амар байж чадаагүй юм. Тийм учир “Гайгүй л өнгөрөөсэй” гэсэн ганцхан бодолтой гэрийнх нь үүдийг тогшиж билээ.

Харин яг уулзаад танилцахад илүү дутуу аашгүй, яриа хөөрөө нь ч алиа хөгжилтэй талдаа... тэгтлээ санаа зовох хэрэггүй байж гэж тайвширсан юм. Гэвч ийм хүн үнэн хэрэгтээ яггүй. Зөрүү үг нэгийг хэлэхэд л буруу харчих юм шиг санагдаад, ерөнхийдөө яриа хөөр бололгүй зургийг нь авсан. Ширээн дээрх юм нь үнэн замбараагүй. Замбараагүй атлаа нэг тийм “цэгцтэй замбараагүй” гэх үү дээ. Элдэв юмсын дунд хэвлэлийн газраас илгээсэн мөнгөний чек харагдсан. Өчигдөр юмуу өнөөдөр аваад тавьсан биш, багшийн ширээн дээр нэлээд хэд хоносон шиг санагдсан тэр чек. Мөнгөний чек аваад, ширээн дээрээ тавиад тэр чигээр нь... Тэс хөндлөнгийн юм сонирхол татсан тул  аппаратаа өндөрт өргөж байгаад чек харагдахаар дээрээс зургийг нь авсан юм".

7. Таками Жүн



Энэ хүнийг ёстой бүү мэд, уншиж үзээгүй зохиолч.
Шёова үеийн наяад зохиолчдын дунд хамгийн царайлаг нь байсан тул оруулчихлаа...хэхэ... ер нь япон эрчүүд хакама өмсөхөөрөө каккоо ии болж харагдахим.

Таками аймшгийн шинкэйшицү байсан гэсэн. Хаяшигийн бодлоор хөмсгөө зангидаад тамхиныхаа үнсийг унагаж буй энэ зураг шинкэйшицү чанарыг нь хамгийн сайн гаргасан гэнэ.

2012/03/21

Зохиолчдын хөрөг 2

3. Хироцү Казүо (1891-1968)



Уулзсан эхний сэтгэгдэл – тун энгийн, ард олон дундаа гэх үү дээ, тийм хүн байсан. Гэрт нь зочлон хууч хөөрөх үедээ ёс намбыг бодоод хөлөө нугалан цэх суугаад байвал эсрэгээрээ хачин санагдахаар, би ёсыг дагах биш “ёсорхоод” байна гэх сэтгэл өөрт төрөхөөр, тийм уур амьсгал бий болгодог хүн байсан. Кимоно өмсөөд хөлөө тэвэрч юм уу, явган суугаад нэг л дулаан уур амьсгал өрөөнд бий болгоно.

Энгийн, ааш зөөлөн багш маань харин Мацүкавагийн хэрэг (*) дэгдэхэд “хариуцлага тулгасан ажилчдын нүд гэмгүй” гээд төрөл арилжсан мэт хатуу тэмцсэн. Хэрэгт татагдсан хүмүүсийг тууштай өмөөрч, даван заалдаж, эцсийн дүнд ялалт байгуулж чадсан. Өөрийн бодлоосоо буцдаггүй, итгэлийнхээ төлөө хэний ч эсрэг тэмцэж тэрсэлддэг, эцсээ хүртэл үздэг мятаршгүй зан чанарыг нь би ямар мундаг, агуу хүн вэ гэж үргэлж биширч байсан. Жинхэнэ агуу хүн гэвч хамт байхад огтхон ч “мундаг” санагдахгүй, тийм харагдахгүй далд увдистай байдаг даа.

4. Мишима Юкио (1925-1970)

  

Тавь гаруй насны, хийж бүтээж юмны үзүүрт хүрсэн хүн гэдэг... хотын дархан ч бай, хөдөөний тариачин ч бай, ялангуяа тухайн ажил мэргэжлээрээ “тэргүүн эгнээнд” орох хүн гэдэг ямагт сайхан царайтай байдаг. Туулсан ажил амьдралын замнал нь нүүр царайнд нь шингэнэ гэх үү, эсвэл элээсэн нас нь сайхан намба төрх болж тогтоно гэх үү... ямар ч байсан тухайн хүний онцлог шинж, юманд хүрэхэд нөлөөлсөн агуу чанар нь арьс маханд нь шингэж илэрдэг. Би тэгж боддог юм. Тэр төрхийг нь "барьж" чадвал үнэхээр сайхан зураг авна. Зургийг нь авахдаа ийм ч биш тийм ч биш, ингэж биш тэгж биш гэж олон юм  эргүүтэн бодох хэрэг огт үгүй. Авч буй хүн “тэргүүн эгнээний” хүн бол зургийн аппаратаа алгуурхан ойртуулаад, дуу гаргалгүй ганц дарахад л хангалттай. Биеэ бүрэн дайчилж бүтээл оргилын туйлд хүрсэн хүн гэдэг төдий хэмжээний сайхан, юм өгүүлэх царайтай байдаг.

Хачирхалтай нь Мишима Юкиогийн хувьд царай нь ерөөсөө “бүтээгүй” байсан. Миний зургийг нь авч байсан хүмүүс дундаас хамгийн “хэцүү” царайтай хүн бол яриан байхгүй Мишима. Нэр сүрийг нь нүүр царай нь гүйцэж амжаагүй гэх үү... тийм сэтгэгдлийг Мишимагаас өөр төрүүлсэн хүн үгүй билээ.

Бололцоотой айлын хүмүүжил сайтай хүү. Багаасаа бие сул, өвчлөмтгий хүүхэд байсан гэдэг. Сүүлдээ “Татэ но кай” мэтийн хөдөлгөөн өрнүүлж байсан ч угаасаа хүн нь өөрөө Гэрэлт Гэнжи шиг царайтай, язгууртан төрхтэй шүү дээ. Ер нь ян тан, үг ёсоо баримталдаг хүн байсан. Цаг тохироод тэнд тэдэн цагт уулзъя гэхэд болзсон цагаасаа заавал эрт очоод хүмүүстэй яриа хөөр дэлгэн хүлээдэг байсан. Ойртоод очиход өндөр царгиа дуу нь хадаад, ер нь дуугаар нь шууд танина. Энэ хариугүй турьхан биеийн хаанаас нь ийм том дуу гардаг байнаа гэх гайхшрал төрнө. Гэвч тэр нь бяд муутайгаа нуун далдлах нэгэн арга байж л дээ... Том дуутай эрчүүдийг чийрэг чадалтай гэдэг боловч Мишимагийн тэр дуу хэрхэвч бяртай чадалтай биед байгалиас заяасан дуу биш байсан болов уу... Харах байдлын турь муутай Мишима нэгэн өдөр бодибилдинг сонирхож булчин шөрмөсөө хөгжүүлж эхэлсэн. Бас кэндо, бокс зэргээр ч нэлээд хичээллэсэн. Хотынхоо баяр наадам болоход шалдан нүцгэн микоши шүтээн хүртэл өргөж байсан. Өөрийнхөө биеийг нэг тойрог илүү том, илүү чадалтай мэт харуулах хүсэл хүчтэй байсан болов уу, Мишимад. Энэ тал нь Мишимагийн тэр ер бусын үхэлд нөлөөлсөн эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Ямар ч байсан тэр биед өөрийнхөө биеийг хүлээн зөвшөөрөхгүй комплекс, хэт их мэрийлт байсан шиг санагдана.

----------------------------------------------------------
* Мацүкавагийн хэрэг - 1949 оны 8 сард болсон галт тэрэгний осол. Шалгалтын явцад вагон холбох боолтыг сулруулсан байсныг илрүүлсэн боловч хэрэгтэн нь олдоогүй. Энэ осол Шимоямагийн хэрэг (1949/07/05 Улсын төмөр замын компаний ерөнхий захирал алагдсан хэрэг) болон Митакагийн хэргийн (1949/07/15 хүнгүй галт тэрэг хурдтай давхиж байшин мөргөсөн осол) дараахан болсон тул "Улсын төмөр замын тайлагдаагүй гурван том хэргийн" нэг гэгдэх болсон.

2012/03/18

Зохиолчдын хөрөг 1

Намайг залхаах ажлыг зарчмаа болгосон зарим нэг хүмүүст амласан ёсоор хагас сайнд үзсэн хөрөг зургийн үзэсгэлэнгийн тайлан тавья. Юуны түрүүнд үзэсгэлэнгийн тухай хэлж өгсөн А.М. анядаа аягүй их баярлалаа. Та шүү, таны дараа мэдээж би шүү :)

Шибүягийн "Тамхи & давсны" музей ер нь дажгүй газар шүү. Олоод очиход амар, ороход төлбөр хямд (100 yen), мөн байнга сонирхолтой үзэсгэлэн гаргаж байдаг тул сайтыг нь үе үе шалгаж байхад гэмгүй. Anyway, хагас сайнд хар борооноор Хаяши Тадахико хэмээх Шёова үеийг төлөөлөх нэртэй фото зурагчины үзэсгэлэн үзэхээр явсан юм. Үзэсгэлэнгийн нэр нь "Photographic Works of Tadahiko Hayashi - Portraits of Showa Literati in Purple Tobacco Smoke" (「紫煙と文士たち 林忠彦写真展」) буюу "Шёова үеийн уран зохиолчид хөх ягаан утаа мананд". Үзэсгэлэнг ийнхүү нэрлэсний учрыг ухаж бодохын хэрэггүй. Угаасаа энэ музейг JT гэдэг Японы хамгийн том тамхины компани ажиллуулдаг тул Хаяшигийн фото зураг дундаас зохиолчдын тамхи асааж буй, татаж буй, үнсээ хаяж буй зэрэг дан тамхитай холбоотой зургуудыг сонгож авсан гэнэ. Үзсэн хүнд үнэхээр уран зохиолч & тамхи гэдэг Улаанбаатар & утаа адил салшгүй холбоотой мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бүгд л архаг тамхичид байсан бололтой.. кк

Шёова үеийн эдгээр акул зохиолчдын нэрийг сонсоод япон хүмүүсийн төсөөлдөг дүр зураг нь ихэвчлэн Хаяшигийн авсан зургууд байдаг гэхээр мундаг байгааз. Нарийн ширийнийг хэрэв сонирхвол эндээс: http://www.jti.co.jp/Culture/museum/exhibition/2011/1201jan/01/index.html
Үзэсгэлэн даж, үзсэний дараах сэтгэгдэл өндөр, ер нь сонголт, зохион байгуулалт cool. Зураг хөргөөс гадна Хаяшигийн гэрэл зургийн тухай бодол, хүний хөрөг авах үедээ баримталдаг зарчим, зохиолчдын тухай бодол сэтгэгдлийг танилцуулсан нь сайхан байлаа. Сонирхуулж орчуулбал:

1. Дазай Осамү



Гинзад байсан Бүншүн уран зургийн галлерейн арын “Рүпан” баарыг би дайны дараа ажлынхаа холбоо барих газар болгож байнга очдог байсан юм. Тэнд нэг өдөр Ода Сакүноскэгийн зураг авч байхад эсрэг талд Анготой (Сакагүчи Ангог хэлж байна, орч) зэрэгцэн сууж байсан залуу согтоод "Хөөе, намайг аваач. Одаг л аваад байх юм. Миний зургийг бас аваач" гээд орилоод байхаар нь ядаргаатай санагдаад "Энэ орилоо согтуу одоо юу юм" гэж хажуудах хүнээсээ асуутал  "Яг одоо мандаж байгаа Дазай Осамү. Зургийг нь авбал сонирхолтой байж мэднэ шүү" гэж хариулахад нь гайхаж орхисон юм. Тэгээд ганцхан ширхэг үлдсэн зургийн хороо (閃光粉, flash powder) "Гүй Мэлос, гүй!"-г бичсэн согтуу залууд зориулахаар шийдэв. Тэр үед өргөн өнцгийн дуран (wide angle lens) байгаагүй тул нолийн өрөөний үүдийг нээж байгаад суултуур дээрээс Дазайн зургийг авсан юм л даа. Дазай өөрөө ч зургаа авахуулснаа мэдээгүй байх.

Ода Сакүноскэгийн зургийг "Рүпанд" хэд хэдэн удаа, хэдэн арваар авсан боловч далимд нь авсан Дазайн ганц зургийг сүүлд хэдэн зуун удаа угаах хэрэг гарсан. Тэр зураг хэд хэвлэгдсэний тоог ч хэдийнээ алдчихаж. Миний авсан зураг дундаас хамгийн их хэвлэгдэж, бас үнэлэгдсэн зураг гэхээр нэг л сонин санагдана. Дөчин жил өнгөрөөд байхад хүмүүс "Таныг төлөөлөх зураг энэ" гэж хэлэхээр огтхон ч өсч өөдлөөгүй мэт бодогдохоос гадна нэг л санаа зовмоор санагддаг. Ер нь, зураг хөргийн хувьд авахуулж буй "материалын" чанар чансаа, сэдэв санаа хоёр бүгдийг шийддэг болов уу. Зураг авах тал бус, авахуулж буй тал ямагт илүү хүчтэй гэдгийн баталгаа энэ. Дазайн энэ зураг шиг хачирхалтай санагдах зураг надад үгүй.

2. Кавабата Ясүнари



Кавабата багш бол нэлээд эртнээс танилцаж зургийг нь авч байсан хүмүүсийн нэг. Багшийг насан өөд болтол дөчин жилийн турш үе үе зургийг нь авах завшаан тохиож байлаа. Гэхдээ шонхор шиг нүдтэй, дув дуугүй хүн шүү дээ. Би айгаад ойртож зүрхэлдэггүй байсан. Ялангуяа эртний урлагийн бүтээл харж буй үед Кавабата багшийг дуудаж ч чадахгүй. Хөдөлгөөнгүй хэдэн цагаар ч хараад суучихдаг байсан. Родены "Гар" барималыг харж байхад нь аппаратны товч дарж чимээ гаргавал нэг л болохгүй мэт, ёс алдчих мэт санагдахыг яана. Зураг авах арван минутын ажил нэг цагаас ч илүү урт санагдаж, байтлаа ядардаг байлаа. Урлагийн бүтээл харж буй үед Кавабата багшийн нүд тэгтлээ ангид байсан юм.

Давжаа жижиг биетэй, туранхай, дэндүү гэмээр турьхан туранхай хүн шүү дээ. Гэтэл тэр хурц нүдийг нь харахаар амнаасаа нэг үг унагахад л намайг нэвт шувт харчих юм шиг санагдаад чичиртлээ биеэ барьж, тэвдэж сандардаг байсан. Үнэхээр сүрдмээр, аймаар хүн байсан. Айгаад ойртож зүрхлээгүйгээс миний залуудаа авсан зургууд бол бүгд холоос авсан зураг юм. Агуулахын өмнө зогсч буй зураг, цэцэрлэгийн цаад буланд зогсч буй зураг гэх мэт Кавабата багшийн эргэн тойронд бөөн юм байгаа биз. Яваандаа нас нэмээд, бас багштай ч аажмаар дотно болоод дунд хэрийн зайнаас (medium shot) зураг авдаг болов.



Цэцэрлэгтээ зогсч байхад багшийн энэ зургийг авсан юм. Дөнгөж Нобелийн шагнал хүртээд маш сайхан ааштай байсан учир ойртож зүрхэлсэн болов уу. Шонхорынх шиг нүд нь гэрэлтэх агшинд товчлуур дарагдахад "Авчихлаа" гэсэн бодол зурвасхийсэн... Энэ зургийг авахын тулд дөчин жил зарцуулсан ч Кавабата багшийн мундаг нүдийг авч чадлаа гэж сэтгэл тэгэхэд маш их хөдөлж билээ.

-----------------------------------------------------------------------------------------

Хаяши Тадахико хүний хөрөг авахыг 「人物写真は相手を斬るか斬られるかの決闘」 гэж байсан гэсэн. Мундгууд нь монгол хэл рүү орчуулаарай :) Мишима болон бусад зохиолчдын тухай залхуу хүрэхгүй бол маргааш...

P.S. Хар борооноор үзэсгэлэн хамт үзсэн хүнд дашрамд талархал илэрхийлье :)

2012/03/12

Сонголт: үйлдвэр, торго, машины дугуй


  Япон улсын Угсаатан судлалын музей нэлээд дээхэн "XX зууны монголчууд" цуврал гаргасан юм. Энэ музейг гэхдээ энд тэндээс олон юм олж тавьсан байшин гэж эндүүрүүзэй. Учир нь энэ музей бол Японы хамгийн том угсаатан зүй судлалын институт юм: http://www.minpaku.ac.jp/english/

  “XX зууны монголчууд” хэмээх цуврал номыг бас Баабарын номтой андууруузай. Учир нь энэ цуврал бол “Oral history” төслийн хүрээнд социализмын үед янз бүрийн ажил хийж, янз бүрийн алба хашиж улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан настан бурлуудтай хийсэн ярилцлагын эмхтгэл юм. Өнөөдөр энэ номноос Аж үйлдвэрийн яамны сайдаар олон жил ажиллаж, Монгол улсад аж үйлдвэрийн салбар бий болгоход хүчин зүтгэсэн Паавангийн Дамдин гуайн ярилцлагын нэг хэсгийг толилуулъя:

  The twentieth century in Mongolia : Interviews about the way to socialism
  Yuki Konagaya, I. Lkhagvasuren

  ... яг энэ үеэр манай засгийн газар Японы засгийн газартай хэлэлцээр хийж Японоос дайны төлбөрт 17 сая ам. доллар авахаар болсон юм. Би дайны төлбөрт авах тэр мөнгөөр үйлдвэр байгуулах ёстой доо! гэж бодож байлаа. Яам болгон л өөртөө юм авахаар төсөл боловсруулсан юм. Тэр үед тендер зарладаггүй, мэддэг ч үгүй байсан. Гэхдээ одоогийнхоор бол тендер маягийн юм болж байлаа.

  Барилгын яам цементийн үйлдвэр, шилний завод байгуулах төсөл боловсруулсан байсан. Хөдөө аж ахуйн яам их сонин төсөл хийсэн байлаа. Бүх малчин өрхөд 2, 3 төрлийн торго, сум нэгдлийн дарга нарт УАЗ-469 машины дугуй өгөх төсөл хийсэн байсан. Тэр үед УАЗ-469 машины дугуй маш ховор байсан байх. Зөвлөлтийн дугуй хийдэг үйлдвэрийн ажил муудсан уу, ямар ч байсан 2-3 жилийн запас дугуйтай болох төсөл хийгдсэн байлаа. Ийм хачин төсөл хүртэл хийгдээд, тэгээд бараг тэр УАЗ-469 машины дугуй авах төсөл шийдэгдэх шахаж байлаа. Бас айл болгонд 2-3 дээлийн торго гэдэг чинь ёстой том юм шүү дээ.

  Яамдаас гаргасан энэ хэдэн арван төсөл дотор хэрэггүй юм ерөөсөө байгаагүй. Бүгд улсад маань хэрэгтэй төсөл. Би бүх дарга нарт ноолуурын төслөө танилцуулаад яваад байсан. Зарим нь “зүйтэй” гээд дэмжиж байна. Харин зарим нь “тэртэй тэргүй манайх ноолуураа гадаадад гаргаад валют олж байгаа шүү дээ. Ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг маань харин авах ч юм уу, үгүй ч юм уу. Ноолуур бол баталгаатай авна шүү дээ !” гээд дургүй байсан...

   ----------------------------------------------------------------------------

  Аж үйлдвэрийн яамны төслийг Цэдэнбал дэмжснээр ноолуурын "Говь" комбинат баригдах болсон тухай хэлэх илүүц биз, хүн болгоны мэддэг түүх & мэддэг үйлдвэр учир. Ингэхэд, одоо хүн ардад хэдий хэмжээний мөнгө төгрөгийг хэрхэн яаж тараах гээд байгаа билээ... 70-аад оны малчдад дээлний торго, дарга нарт дугуй тараана гэсэн төсөлтэй төстэй юу, үгүй юу?

2012/02/29

Ажлын гүйцэтгэл



Оюутан байхдаа яагаад ч юм шалгалтын өмнөх өдөр хичээлээ хийхийн оронд гэр орон цэвэрлээд, юм хум угаагаад шаал хэрэггүй юм хийж давхидаг байж билээ. Тэр муу зуршил хэвээрээ. Өнөө өглөө ч гэсэн хийх ёстой ажлаа хийхгүй хуучны архив ухаад суучихсан. Тэгсэн нэг ийм зураг гарч ирж байна.

Богд хааны ногоон ордон музейн засварын ажил хэзээ билээ дээ, нэлээд дээхэн (2004 он орчим) явагдсан юм. Сэргэн засварлах ажлыг дааж авсан "мэргэжлийн" компаний хүмүүс догь. Бид яг байснааар нь хийлээ, чадлаа, боллоо, болголоо, одоо ок.

Сэргээн засварлах ажлын мөнгийг гадаадын байгууллага гаргасан тул тэндээс мэргэжлийн эксперт ажлын гүйцэтгэл шалгахаар томилогдон ирэв. Тэгсэн дуулахнээ орь дуу тавьж, хэлэх үгээ барж, ийш тийш хандаж үстэй толгойгоо зулгааж байгаа сурагтай. Монгол судлаач япон найз бүсгүй маань "Ой тоонд оромгүй юм болсон гэнэ, арай ч дээ, болкү шдээ, яанаа, яана даа" гээд дэлдэн хоёр чихийг минь амраах биш. Би чинь монголоо өрөвдөх үү, монголд элэгтэй найзыгаа өрөвдөх үү мэдэхээ байж байгаам.

За тэгээд европоос ирсэн эксперт нэгэн өдөр Ногоон ордонд яамны ажилтан, монгол судлаачид, холбогдох баахан хүмүүсийг цуглуулаад үүнийг (дээрх зураг) үзүүлж байгаам. Ийм ажил хийгдсэн байна, би энэ хэсгийн шинэ будгийг тусгай уусмалаар арилгаж үзлээ, одоо тэгээд бүх хананы "засварын будаг зургийг" арилгах уу яах уу гээд.

Тэглээ гээд сэргээн засварлах ажлыг нөгөө дампуу компани үргэлжлүүлсэн гэсэн, ондоо тийм ажил хийдэг компани монголд байхгүй учраас.

2012/02/23

... хага үсрэх агшин

  Нэг явдал нөгөө явдлыг сануулаад. Гэвч өөрийн явдал яахав, ямархуу юм болсныг хүний жишээгээр танилцуулахад... Нэлээд дээхэн нэг ном уншсим. Номын сангаа ухаад нөгөө номоо олоод тоос моосыг нь үлээгээд... наймаалж шиг наян ажиллагаа хийвэл нэртэй устай юутэй бүхэнтэй нь бичиж болох ч... залхуу даа. Товчхондоо:

  Дээр үед Неруг шүтэн биширч, энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хөрөнгө мөнгө, хүч чадал юм бүхнээ хайр найргүй зориулж явсан япон бүсгүй байсан байна. За тэгээд өмнөх зууны эхэн & дунд хэсэг гэдэг тэрсэл тэмцэл дэлхий даяар өрнөж байсан цаг. Амин хувиа биш ард олноо бодох шилдэг залуучууд улс түмний улаан тэмцэлд улайран зүтгэж байсан цаг. Зөвхөн энэ япон бүсгүй ч биш, би л мэдэхгүй болохоос эцэг эхээс өвлөн авсан асар их хөрөнгөө оросын хувьсгалд зориулсан Морозов (өөрөө сүүлд болшевикуудад буудуулсан) шиг галтай цогтой залуус орос, хятад, япон, европ за ер нь хаа сайгүй л байсимшдэ. Ингэхэд юу ярьж байлаа... хэхэ.

  Энэтхэг оронд хайраа өгөөд тусалж дэмжиж явсан бүсгүй Делид очсон гэнэ. Даанч их санасан газар... гэгчээр ой тоонд оромгүй юм үзээд итгэл няц, шүтээн бяц. Яасан гэвэл түмэн хүн түчигнэсэн цуглаан дээр Неру үг хэлэх ёстой байж л дээ. Бүсгүй гадаадын бусад хүндэт зочдын хамт индэрийн ойр хавьд. Неруг цугласан олны өмнө гарч ирэхэд индэрийн доохон, тайзанд ойр байсан бараан арьстай (=доод каст) хэдэн эмэгтэй гараа сунгаж хөлнөөс нь адис авах гэтэл... Неру яасан гэж бодно ?? Илт цааргалж өшиглөсөн гэвэл итгэх үү та нар ?! Мэдээж япон бүсгүй муужрах шахсан. Арайхийж сэхээ оронгуутаа алдар нэрийг нь алсаас дуулан хүндэлж явсан Неруг сэтгэлийнхээ индрээс хуу татан буулгаж газрын мухарт оруулсан нь ойлгомжтой.

  千年の恋も冷める瞬間 мянган жилийн хайр ч хага үсэрч хагдрах агшин... хэхэ

2012/02/14

Р. Акүтагава "Харанхуйд асуух хийгээд хариулах" III

Гурав.

Дуу: Чи юу хийж байна?
Би: Би бичиж байна.
Дуу: Чи яагаад бичнэ вэ?
Би: Бичихгүй байж чадахгүй учраас.
Дуу: Тэгвэл бич, бич. Үхэл иртэл бич.
Би: Мэдээж тэгнэ, тэгээд ч өөр арга алга.
Дуу: Чи санаснаас тайван байна шүү.
Би: Үгүй, огтхон ч тайван биш байна. Чи намайг мэддэг хүмүүсийн нэг байсан бол миний зовлонг ч бас мэдэх байсан.
Дуу: Чиний инээмсэглэл хаашаа одоо вэ?
Би: Тэртээх тэнгэрийн бурхад руугаа буцсан. Амьдралд инээмсэглэл бэлэглэхийн тулд юуны түрүүнд тогтуун ааш, хоёрт мөнгө, гуравт надаас илүү мэдрэл сайтай байх хэрэгтэй.
Дуу:  Гэхдээ чиний сэтгэлийн ачаа хөнгөрсөн биз дээ?
Би: Тийм ээ, хөнгөрсөн. Оронд нь нүцгэн мөрөн дээрээ бүхэл бүтэн амьдралын хүнд ачааг үүрэхэд хүрсэн.
Дуу: Чамд өөрийнхөөрөө амьдрахаас өөр зам алга. Эсвэл өөрийнхөөрөө...
Би: Тийм. Өөрийнхөөрөө үхэх.
Дуу: Чи өмнөхөөсөө тэс өөр, шинэ хүн болно.
Би: Би үргэлж өөрөөрөө л үлдэнэ. Зөвхөн арьс минь л солигдох байх. Арьс нь гуужиж солигдох могой мэт.
Дуу: Чи бүгдийг мэдэж байна.
Би: Үгүй, би бүхнийг мэдэхгүй. Миний мэдэж ухамсарлаж буй нь сүнс сүлдний минь зөвхөн нэг хэсэг. Миний мэдэхгүй хэсэг – сүнс сүлдний минь африк тив зах хязгааргүй үргэлжилнэ. Би түүнээс айна. Гэрэл гэгээтэй газар мангас оршдоггүй. Харин хаяа хязгааргүй харанхуйд ямар нэгэн зүйл унтаж байгаа.
Дуу: Чи ч гэсэн миний үр хүүхэд мөн.
Би: Намайг үнссэн чи хэн бэ? Үгүй, би чамайг мэднэ!
уу: Тэгээд чи намайг хэн гэж бодно вэ?
Би: Чи миний амар амгаланг булаасан. Миний эпикуреизмыг эвдсэн. Минийхийг, үгүй ээ – зөвхөн минийхийг биш. Эрт цагийн хятад гэгээнтний сургасан дундыг баримтлах үзлээ бид чамаас болж алдсан. Чиний золиосууд хаа сайгүй байна. Уран зохиолын түүхэнд ч байна, өдрийн сонины хуудсанд ч байна.
Дуу: Түүнийг чи хэн гэж нэрлэх вэ?
Би: Би... би чамайг хэн гэж нэрлэхээ мэдэхгүй. Гэвч бусдын үгийг зээлж хэлбэл, чи биднийг давсан агуу хүч. Биднийг эзэмдэх догшин сахиус.
Дуу: Чи өөртөө баяр хүргэж баярла. Би хэн дээр ч ярилцахаар ирдэггүй юм.
Би: Үгүй, би хэнээс ч илүү чиний ирэхээс сэрэмжилнэ. Чиний ирэх газар энх амгалан үгүй. Гэвч чи рентген туяа мэт ямар ч зүйлийг нэвтлэн орж ирэх юм.
Дуу: Тэгвэл үүнээс хойш сэрэмжтэй бай.
Би: Мэдээж, үүнээс хойш би сэрэмж алдахгүй. Гагцхүү гартаа үзэг барьсан үед...
Дуу: Үзэг барих үедээ чи ир гэж намайг дуудна даа.
Би: Хэн чамайг дуудах юм! Би өчүүхэн олон зохиолчдын нэг. Мөн өчүүхэн зохиолчдын нэг болохыг хүснэ. Эс бөгөөс энх амгаланг олж эс чадна. Гагцхүү гарт минь үзэг байх үед чиний боол болж магад.
Дуу: Тэгвэл үргэлж сэрэмжтэй бай. Би хэлсэн үг болгоныг чинь биелүүлж мэднэ шүү. Ингээд баяртай! Хэзээ нэгэн цагт чамтай уулзахаар эргэж ирнэ ээ.
Би: (ганцаар үлдэнэ)
Акүтагава Рюүносүкэ! Акүтагава Рюүносүкэ, үндсээ газарт бат суулга! Чи бол салхинд намилзах зэгс. Тэнгэрийн муухай хэзээ нэгэн цагт арилж магад. Гагцхүү хөл дээрээ бат зогс. Өөрийнхөө төлөө. Үр хүүхдүүдийнхээ төлөө. Өөрийгөө ихэд бүү бод. Өөрийгөө мууд ч бүү бод. Үүнээс хойш чи бүгдийг шинээр эхэлнэ!

Шёовагийн хоёрдугаар он (1927)