2012/05/28

Р. Акүтагава "Өргөмөл хүү" 2 (төгсгөл)

(үргэлжлэл)

Даанч тэр амьдрал нь удаан үргэлжилсэнгүй. Арайхийж ахин инээмсэглэх боллоо гэтэл 27 оны хавар нөхөр нь гэдэсний хижиг өвчин тусаад долоо ч хонолгүй амьсгаа хураав. Золгүй явдал үүгээр тогтсон бол бүсгүй яаж ийгээд давж гарах л байсан байх. Даанч нөхөр нь нас бараад зуу ч хоноогүй байхад бяцхан хүү нь гэнэт улаан суулга өвчнөөр өөд болсон нь бүсгүйг уй гашуудлын ёроолоос өндийх гарцгүй болгожээ. Бүсгүй тэр үед өдөр шөнөгүй улаан солиотой хүн шиг уйлж байсан гэдэг. Үгүй ээ, зөвхөн тэр үед ч биш, тэр явдлаас хойш бараг хагас жил сүнс нь зайлсан байдалтай өдөр хоногийг өнгөрөөсөн байжээ.

Уй гашуу нь жаахан намдахад ууган хүүтэйгээ уулзах тухай бодол хамгийн түрүүнд орж ирэв. “Тэр хүү эсэн мэнд бол ямар ч зовлон тохиолдсон өөр дээрээ авч өсгөе” гэж бодоод бүсгүй байж суух аргагүй болсон болов уу. Тэр даруй галт тэргээр сууж дассан Токиодоо ирж, дадал болсон замаар Шингёожи сүмийн үүдэнд хүрэв. Тэр нь өнөөх арван зургааны сургааль номлолын өдрийн үдээс өмнө байж таарав. Бүсгүй шууд хамба ламын өргөө рүү очиж хүүгийнхээ сургийг асууя гэж бодов. Гэвч сургааль ном дуустал хамба ламтай мэдээж яаж уулзах билээ. Бүсгүй тэсэж ядан сүмийн гол дуганд пиг дүүрэн цугласан сүсэгтэн олны дунд орж Ниссоо хамбын номлолыг сонсон зогсож байлаа. Гэхдээ үнэндээ бол номлол дуусахыг л хүлээж байсан хэрэг.

Ниссо хамба тэр өдөр ч Бадамлянхуа эхийн таван зуун хүүхэдтэйгээ уулзсан түүхээс иш татан, эцэг эхийн элбэрэл хайр эрхэм нандин болохыг номлож байлаа.

Бадамлянхуа эх таван зуун өндөг гаргажээ. Олон өндөг голоор урсаж очиход зэргэлдээ улсын хаан тэднийг өсгөн хүмүүжүүлжээ. Өндөгнөөс гарсан таван зуун баатар эхийгээ гэж мэдэлгүй Бадамлянхуа эхийн хэрэм цайзыг дайрахаар ирж гэнэ. Бадамлянхуа эх тэр тухай дуулаад цайзынхаа цамхаг дээр гарч “Би таван зуун баатар та бүгдийн ээж байна. Нотолгоо нь энэ” гээд хөхөө гаргаж үзэсгэлэнт гараараа ивэлгэж саахад цагаан сүү өндөр цамхагийн оройд зогсох эхийн цээжнээс таван зуун горхины урсгал адил таван зуун баатрын ам руу дусал ч уналгүй урсан оров. Хамбын сургаалийг хагас дутуу сонсож байсан ч гэлээ эртний Энэтхэгийн энгийн энэ домог золгүй бүсгүйн сэтгэлийг хачин их хөдөлгөжээ. Тиймээс бүсгүй номлол дуусангуут нүдэндээ нулимс тээн гол дуганаас гарч шууд хамбын өрөө рүү яаран ирсэн нь тэр аж.

Нарийн учир явдлыг сонсож дуусаад Ниссоо хамба тулгын хажууд байсан Юүноскэг дуудаад өдий хүртэл барааг нь хараагүй ээжтэй нь уулзуулав. Бүсгүйн үгэнд худал үгүйг хамба лам зөнгөөрөө мэдсэн болов уу. Бүсгүй Юүноскэг тэврээд нулимсаа тэсэн ядан барьж буйг хараад өрөвч нинжин сэтгэлтэй хамбын сормуус доор ч инээмсэглэлтэй цуг сувдан нулимс гялтганаж байлаа.

Түүнээс хойшхи явдлыг та хэлүүлэлтгүй гадарлах биз ээ. Юүноскэ ээжтэйгээ хамт Ёкохамагийн гэртээ харив. Эр нөхөр, үр хүүхдээ алдсан бүсгүй нинжин сэтгэлтэй тээврийн газрын эздийн санал болгосноор хүмүүст оёдол зааж, хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдрах мөнгөө олоод байх болжээ.

Зочин маань урт яриагаа дуусгаад өвдөгнийхөө өмнө байсан аягаа авч өргөв. Гэвч уруулдаа хүргэлгүй намайг харснаа аяархнаар ийн нэмж хэлэв:
- Тэр хаягдсан хүү би байсан юм.
Би дуугүй толгой дохиж, хөргөөсөн халуун ус гүцэнд хийв. Энэхүү уярам бяцхан түүх миний зочин Маппара Юүноскэгийн бага насны явдал гэдгийг би анх удаагаа уулзаж буй ч аль хэдийнээ таамагласан байлаа.
Хэсэг дуугүй байсны дараа би зочноосоо:
- Ээжийн тань бие сайн уу? гэж асуув.
Хариулт нь харин намайг гайхшралд оруулав.
- Үгүй, ээж ноднин өөд болсон... гэвч саяын ярьсан бүсгүй бол миний ээж биш л дээ.
Зочин маань миний гайхсаныг хараад нүдээрээ инээмсэглэв.
- Нөхөр нь Асакүсагийн Таварамачид цагаан будааны мухлаг ажиллуулж байсан, Ёкохамад очиж зовж зүдэрсэн гэдэг нь мэдээж үнэн. Харин хүүхдээ хаясан гэдэг нь худал байсныг би сүүлд мэдсэн юм. Таны мэдэж буйгаар манайх давуун утас ээрмэлийн дэлгүүртэй. Ээжийг нас барахаас нэг жилийн өмнө би худалдаа наймааны ажлаар Ниигата мужаар явж байхдаа Таварамачид ээжийн гэрийн хажууд амьдарч байсан уламжлалт уутны худалдаачин хөрштэй нь нэг вагонд сууж таарсан юм. Тэр хүн намайг асуугаа ч үгүй байхад ээж тэр үед охин хүүхэдтэй болсон боловч хүүхэд нь мухлагаа хаахаас өмнө нас барсан тухай ярив. Ёкохамад хариад би даруй ээжид мэдэгдэлгүй өрхийн бичгээ шалгатал нээрэн, тэр уут зардаг хүний хэлсэнчлэн Таварамачид төрсөн нь гарцаагүй охин хүүхэд болж таарав. Тэр хүүхэд төрөөд гурван сартайдаа өнгөрсөн юм байна лээ. Ээж ямар бодолд хөтлөгдсөнийг мэдэхгүй ч өөрийн хүү биш намайг өргөж авахын тулд хүүхдээ хаясан тухай худал түүх зохиосон байжээ. Тэгээд хорин жил унтаж босох, ууж идэхийг умартан ээж минь намайг асарч өсгөсөн юм. “Ямар бодолд хөтлөгдсөн” гэдгийг би өдий хүртэл хэчнээн удаа бодсон ч хэлж мэдэхгүй нь ээ. Гэхдээ үнэн зөвийг эс мэдэвч, Ниссоо хамба ламын сургааль үг үр хүүхэд, эр нөхрөө алдсан өр нимгэн эхийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөнд учир байгаа мэт санагдана. Ээж хамбын сургааль сонсох зуураа миний ээж болж намайг өсгөе гэж бодсон болов уу. Намайг сүмийн үүднээс олдсон тухай сургааль ном сонсохоор ирсэн мөргөлчдөөс дуулсан байх. Эсвэл харуул өвгөн ярьж өгсөн ч байж магад.
Зочин маань дуугүй болж, бодолд автсан нүдээр цайгаа харснаа гэнэт санасан янзтай оочилж эхлэв.
- Тэгээд төрсөн хүү нь биш гэдгийг, төрсөн үр нь биш гэдгийг мэдсэн тухайгаа та ээждээ хэлсэн үү? – би үүнийг асуухгүй байж чадсангүй.
- Үгүй л дээ, хэлээгүй. Ээжид тэр тухай хэлнэ гэдэг дэндүү харгис шүү дээ. Ээж минь ч өөд болтлоо надад юу ч хэлээгүй. Ээж минь ч надад хэлэхийг харгис гэж бодож байсан байх. Миний ээждээ хандах сэтгэл, төрсөн үр нь биш гэдгийг мэдсэнээс хойш жаахан өөрчлөгдсөн нь гэхдээ үнэн.
- Юу гэсэн үг вэ? гээд би зочныхоо нүд рүү эгцэлж харав.
- Урьдынхаасаа илүү ихээр хайрлаж, илүү дотноор бодох болсон. Нууцыг нь мэдсэнээс хойш ээж минь надад ээжээс ч илүү хүн болсон юм.
Зочин маань зөөлнөөр ийнхүү хариулахдаа өөрөө ээждээ хүүгээс ч илүү хүн байсныгаа мэдээгүй мэт байлаа.

Тайшёо 9 оны 7 сар (1920)

6 comments:

Nogoohon said...

Ямар гоё өгүүллэг вэ, яасан ч сайхан орчуулсан юм. Цай уухын зуурт уншаад гарлаа. Сайхан орчуулга байна.

Сүрэн said...

bayarlalaa Naraa :)

Anonymous said...

yamar goy zohiol ve.ta bas ih mundag orhcuulah yumaa. mash ih bayarlalaa. gadaad heliig yaj ingej surah ve. hichneen orchind n baigaa ch gesen neg l tag tug geed baih yum yarihaar, deerees n mongol ruu orchuulga hiiheer bas ih modon yum bolood baih yum. Ug n bol mongol helendee sain, yanz buriin zohion bichleg ene ter 10 jild bhdaa ih sain bichdeg baisiin. esvel bi helnii avyasgui yum bolvuu. ta husvel turshlagaasaa huvaaltsaarai. aldaagaa zasch ene helee (german) us tsas surmaar bna. tand amjilt husye.

Dairii said...

Za yostoi neg saihan zohiol olj unshlaadaa,Akutagawagiin zohioluud nerd gardgiin uchriig bur mederch baina,Yamar hunleg saihan setgel,yamar uitai huvi zaya ve?Gehdee eh,huu2biye biyeniihee elgiig devteej,hoosniig nuhuj chadsan n boljdee,Haa gazriin eh hunii setgel gej iim l saihan baih yumdaa,
Orchuulgiig tani ch,ug zohioliig ch bishirlee.Tsag zav gargan hurvuulj,toliluulsand mash ih bayarllaa,Suren egchee.Dairii

Сүрэн said...

>Anonymous

Bayarlalaa! Orchind ni baigaad nom unshaad kino uzeed baihad neg l medhed hel "orood ireh" baihaa. Minii huvid huntei yarih & nom unshih l hamgiin ih tus bolson. Gehdee negent orchind ni baigaa bol sandrah hereggui bolov uu.. neg medehed l durjignuuldag bolchihno :) Bas hel sonirhoj baina gedeg aviyas baina l gesen ug. Ogt sonirhohgui bol nom ch neehgui shuu dee :) Minii orchuulgiig manai geriihen modon baina, mongol bish baina geed ar uvurgui shuumjildeg yum, sain shuumjluuleed yavj baihad bas uchirtai :) Duudee (duu bolov uu?) amjilt !!

Сүрэн said...

>Dairii

Bayarlalaa Dairii, urgelj uram hairlaad :) Bi ch Akutagawagaar uvchluud udaj baina shuu. Odoo urldsen heden orchuulgaa oruulchihval boliyoo boliyoo geed l suuj baina :)