Асакүса дүүргийн Нагасүмичёо гудамд Шингёожи гэдэг сүм байдаг... Үгүй ээ, том сүм биш л дээ. Гэхдээ Ничиро ламтны(*1) модон сийлбэр байдаг гэхээр баялаг түүхтэй сүм байгаа юм. Тэр сүмийн үүдэнд Мэйжигийн 22-р оны (1889) намар өлгийтэй хүү орхигдсон байжээ. Хүүхдийн дэргэд төрсөн он сар бүү хэл нэрийг нь бичсэн цаас ч үгүй, хуучин шар кихачи(*2) даавуунд өлгийдөж, уяа нь тасарсан зоори(*3) дэрлүүлээд орхисон байсан гэдэг. Тэр үед Тамүра Ниссоо хэмээх өвгөн Шингёожи сүмийн хамба лам байлаа. Өглөөний мөргөлийн цагаар нас сүүдэр нэлээд дээр гарсан өвгөн харуул үүдэнд өлгийтэй хүү байгааг ирж хэлэхэд бурхан багшийн өмнө мөргөл үйлдэн зогсож байсан хамба эргэж ч харалгүй “Тийм үү, наашаа аваад ир” гэж ажиг ч үгүй хариулжээ. Түүгээр ч барахгүй, харуул өвгөн өлгийтэй хүүг эв хавгүйхэн тэвэрч ирэхэд шууд өргөж аваад “Өө, эгдүүтэй муухай хүүхэд байна. Бүү уйл, бүү уйл. Өнөөдрөөс өвөө нь чамайг өсгөнө” гээд юу ч болоогүй мэт аргадаж эхэлсэн гэдэг. Энэ бүхнийг хамба ламд талтай өвгөн харуул хүж, шикими(*4) зарах зуураа мөргөж залбирахаар ирсэн хүмүүст ярьдаг байжээ.
Та ч бас мэдэж магадгүй, Ниссоо хэмээх тэр хамба угтаа бол Хүкагавад шохойчин хийж байсан гэдэг. Гэхдээ арван есөн насандаа өндөр тавцангаас унаж ухаан алдсанаасаа хойш гэнэт бодь сэтгэлээ хөгжүүлэх хүсэл нь оргилсон гэх, огцом түргэн зантай хачин хүн байсан гэлцдэг.
Хамба лам хүүд Юүноскэ гэдэг нэр өгөөд өөрийн хүү мэт өсгөх болжээ. Гэвч эргэлтээс хойш сүм хийдэд эмэгтэй хүний сүнс сүүдэр ч үгүй болсон учир(*5) нялх хүүг асарна гэдэг амар ажил биш байсан юм шүү. Хүүг асарч тойлохоос эхлээд угжны сүүг нь бэлдэх гээд бүх ажлыг хамба лам ном мэгзэм унших завандаа өөрөө хийдэг байв. Тэр байтугай нэг удаа Юүноскэ ханиад ч билүү хүрээд халуурсан нь, хийдэд ихээхэн хандив өргөж байсан голын эргийн загасны захын Нишитацү хэмээх хүний хойд насны буян үйлдэх ажилтай давхцахад, Ниссо хамба халуунтай хүүг цээжиндээ наагаад, өрөөсөн гартаа болор эрхээ эргүүлэн хэзээний хээвнэг янзаараа номоо уншиж дуусгасан гэлцдэг.
Гэхдээ энэ бүхий л хугацаанд хээгүй зантай ч нигүүлсэнгүй сэтгэлт тэр хамба болдогсон бол хүүг төрсөн эх эцэгтэй нь уулзуулах юмсан гэх бодол сэтгэлдээ тээн явжээ. Хамба лам сургааль айлдах суудлаасаа – нээрээн, одоо ч очиж харвал хийдийн өмнөх баганаас “Сургааль номлол сар бүрийн 16-ын өдөр” гэсэн хуучин бичиг унжиж байгаа шүү – үе үе япон, хятадын эртний үүх түүх, болсон явдлаас иш татан эх үрсийн энэрэл хайрыг эрхэмлэх нь бурхан багшийн хайр ивээлийг хүртэж талархахтай адил хэмээн халуу дүүгтэл айлддаг байсан гэдэг. Гэвч сургааль номын өдөр ар араасаа цувж өнгөрөвч өргөмөл хүүгийн эцэг эх гэж урагш гарч хэлэх хүн байгаагүй билээ.
Гэхдээ үгүй юм байна, Юүноскэг гурван настай байхад нэг удаа ээж нь гээд оо энгэсэгд түлэгдсэн(*6) хүүхэн ирсэн гэсэн. Гэвч тэр хүүхэн золгүй хүүг олиггүй үйлд ашиглахаар санаархаж байж л дээ. Сайн асууж лавлаваас сэжиг төрүүлэх үгс л амнаас нь унах тул цочмог түргэн ууртай хамба хүүхнийг зодох нь холгүй хорон үгээр загнан зандарч, даруй хөөж гаргасан гэдэг.
Тэгж байтал Мэйжигийн 27 оны өвөл болж Орос-Японы дайны тухай яриа олныг шуугиулж эхлэх үед, мөнөөх арван зургааны сургааль номын дараа хамба лам өрөөндөө буцаж иртэл боловсон байрны гучин дөрөв, тав насны эмэгтэй араас нь орж иржээ. Өрөөнд нь тогоо тавьсан тулгын хажууд гурван настай Юүноскэ бэрсүүт жүрж хальслан сууж байв. Түүнийг харангуутаа бүсгүй ямар ч эргэлзээгүй хамбын өмнө хоёр гараа тулан сөгдөн сууж чичирхийлсэн дуугаар “Би энэ хүүхдийн ээж нь байна” гэж шийдэмгий хэлжээ. Ниссоо хамба гэнэтийн явдалд балмагдан хэсэг зуур мэндийн үг ч хэлэх сөхөөгүй байж. Гэвч эмэгтэй хамбын эл байдлыг анзааралгүй сүрлэн татами дэвсгэр лүү ширтэж, сэтгэл санаа нь шаналан үймэрч буй нь бүх биенээс нь мэдрэгдэх авч өдий хүртэл хүүг өсгөн хүмүүжилсэнд талархсанаа үгээ цээжилчихсэн мэт эелдгээр давтан давтан хэлж байлаа. Хэсэг хугацаанд ийнхүү талархал сонссоны дараа хамба лам улаан модон дэвүүрээ дээш өргөн бүсгүйн яриаг тасалж, юуны түрүүнд хүүгээ хаясан учрыг ярихыг шаардав. Бүсгүй сүрлэн татами дэвсгэр ширтсэн чигтээ ийнхүү ярьжээ.
Одооноос яг таван жилийн өмнө бүсгүйн нөхөр Асакүсагийн Таварамачид цагаан будааны мухлаг нээн ажиллуулж байсан боловч хувьцаа сонирхон худалдан авч зарж эхэлснээр тэд хамаг өмч хөрөнгөө алдаж, эцэстээ амьтны нүд хариулан харанхуй шөнөөр зугтах аятай Ёкохамад ирж суурьшихаар болов. Гагцхүү төрөөд удаагүй муу хүү нь улаан амьнаас өөр юу ч үгүй тэдэнд дараа болохоос гадна, золгүй бүсгүйн сүү огт ороогүй учир Токиог ардаа орхих тэр шөнө нөхөртэйгээ хоёулаа уйлан хайлан Шингёожи сүмийн үүдэнд нялх үрээ орхиод явжээ.
Дараа нь цөөн хэдэн танилаа бараадан, галт тэргэнд ч суух мөнгөгүй явган Ёкохама ороод нөхөр нь тээврийн газар, бүсгүй өөрөө ээрмэлийн газар ажиллахаар болж, хоёулаа хоёр жил борви бохисхийлгүй ажиллав. Тэгж байтал азын тэнгэр эргэж тэднийг ивээсэн үү, тээврийн газрын эзэн нөхрийнх нь үнэнч зүтгэлийг үнэлж Хонмокүгийн гол гудамжинд жижиг салбар мухлаг ажиллуулахыг зөвшөөрөв. Эмэгтэй ээрмэлийн ажлаа даруй орхиод нөхөртэйгээ хамт ажиллах болсныг хэлэх илүү биз ээ.
Тэдний тээврийн газрын ажил цэцэглэж ашиг орлого тун сайтай байв. Бас жилийн дараа эрүүл чийрэг хүүтэй ч болов. Мэдээж энэ бүх хугацаанд золгүй хүүгийнх нь тухай бодол тэр хоёрын бодол санааны мухарт үргэлж хадаастай байв. Ялангуяа бүсгүй хүүгээ хөхүүлэх бүр Токиогоос дайжсан тэр шөнийн явдлыг тод санадаг байлаа. Гэвч мухлагийн ажил амсхийх хором тэдэнд үл олгоно. Хүү нь ч өдрөөс өдөрт өсөж том болж байлаа. Тэгсээр банкинд багахан ч болов хуримтлалтай болж... ийнхүү удаан хугацааны дараа тэд ямартай ч ахиад аз жаргалтай амьдрах боломжтой болжээ.
(төгсгөл дараагийн бичлэгт)
---------------------------------------
*1 Ничиро (1243-1320) бурханы шашин номлон дэлгэрүүлж байсан нэртэй лам
*2 кихачи даавуу – шар дэвсгэр дээр бор улаан судал татсан уламжлалт даавууны нэгэн төрөл
*3 зоори – эмэгтэй хүний өсгийгүй модон шаахай
*4 шикими – нас барсан хүнд өргөх нэгэн төрөл хүчтэй үнэртэй ургамал
*5 1867-1868 оны Мэйжигийн эргэлтийг хэлж байна. 1868 он хүртэл сүм хийдэд эмэгтэй хүн орох хориогүй байсан.
*6 Дээр үеийн цагаан оо энгэсэг хүний биед хортой цайруулах тугалга агуулж байсан тул удаан хэрэглэхэд нүүр түлэгддэг байсан. Байнга хэрэглэх жүжигчид болон гэйша нарт тохиолдох нь олон байсан.
2 comments:
Suren egch,saihan orchuuljee,shuud l uil yavdal n nudend buuj baina shu,urgeljleliig n hurdan unshmaar bolj baina.hehe.Ajliinhaa hajuugaar yaaj ingej amjuuldag bainaa,mundag yuma.
Bayarlalaa Dairii, urgeljleliig ni oruullaa :) Ajliin hajuugaar ch tiim shuu, chamd bol bur ch tsag gardaggui baih.
Post a Comment