Гоё доо, гоё доо~♪
Энэ романыг солонгос хэлнээс монгол руу орчуулсан, удахгүй хэвлэгдэнэ гэж дууллаа. Тиймээс англи, япон орчуулгыг харьцуулан энд тэндээс орчуулж блогтоо оруулж байснаа үүгээр өндөрлөе. Гэхдээ зарим хүмүүсээс "зарим хэсэг нь ойлгомжгүй байна" гэх гомдол авсан тул өндөрлөхөөсөө өмнө жаахан тайлбар бичье. Гэхдээ юу л даа.. угаасаа энд тэндээс орчуулсан юм чинь ойлгомжгүй байх нь ойлгомжтой л доо... хэхэ.
Нэгэн өдөр Сөүлийн буудал дээр ээж алга болоход бүгд ээжийнхээ эрэлд гарна. Дөрвөн хүүхэд аавтайгаа хамт ээжийгээ хайхдаа өнгөрсөнөө санаж, дурсаж, гэмшиж, ээжийнхээ тухай, өөрсдийнхөө тухай олныг бодож эргэцүүлнэ. Зохиол таван хэсгээс бүрдэнэ: 1) зохиолч охины өгүүлэл, 2) компанид ажиллах хүүгийн өгүүлэл, 3) эхнэртээ бүгдийг даатган амьдрах аавын өгүүлэл, 4) алга болсон ээжийн өгүүлэл, 5) төгсгөл хэсэг буюу дахиад зохиолч охины өгүүлэл. Сонирхолтой нь зөвхөн ээж л “би” хэмээн нэгдүгээр биеэс өөрийнхөө тухай ярьна. Охин, аавын хэсэг нь хоёрдугаар биеэс (өөрийгөө “чи” гэх өгүүлэл), хүүгийн хэсэг нь гуравдугаар биеэс (“тэр ингэжээ” г.м.) бичигдсэн нь зохиомжийн нэг онцлог. Миний бодлоор хүүгийн хэсэг ч хоёрдугааар биед байсан бол дээр байж... зохиолч гэхдээ өөр сонголт хийжээ. Зохиолоос дайны дараах Солонгосын түүх, жирийн хүмүүсийн амьдралын тухай ч олныг мэдэж болно. Гэхдээ үнээс цааш яриад яахав, аавын хэсэг & хамгийн сүүлийн охины хэсгээс орчуулж оруулахаа болилоо, хэвлэгдэхээр нь уншаарай хүмүүс ээ. :)
Солонгос нэрсийг монголоор хэрхэн галиглахыг хэлж өгсөн Amraa-д (http://orch.blogspot.jp/) их баярлалаа !
үргэлжлэл
Ээжийн хэсэг II
Өө, чи энд байсан юм уу?
Комсо дахь гэрт чинь очиход нэлээд удаан эзгүй байх шиг байсан. Далай талын модон хаалга эвдэрч, гэрийн үүдэнд цоож өлгөсөн байсан. Үүдээ цоожилсон атлаа гал тогооныхоо хаалгыг яагаад нээлттэй орхио вэ? Далайн салхи хайр найргүй савласан байх, хагас нурсан байна лээ тэр хаалга.
Чи яагаад эмнэлэгт байна вэ? Энэ эмч одоо яагаад байна аа? Эмчилэхийн оронд чамаас баахан юм асуугаад байх юм. Чиний нэрийг давтан давтан асуух юм. Юунд тэр вэ? Гол нь чи минь яагаад нэрээ хэлэхгүй гүрийнэ вэ? “И Үнгюү” гэж хариулахад л болно шүү дээ. Хариулахгүй болохоор л эмч олон дахин асуугаад байгаа юм. Энэ ер яачихсан эмч вэ? Хүүхдийн тоглоомон усан онгоц гаргаад “Энэ юу вэ” гэнэ үү? Сонин тоглоомтой хүүхэд вэ, усан онгоцыг мэднэ, мэдэхгүй гэж юу байдаг юм. Хамгийн гол нь чи минь сонин байна. Яагаад хариулахгүй байна вэ? Үгүй байлгүй дээ, үнэхээр мэдэхгүй байна гэж үү? Өөрийнхөө нэрийг мартсан гэж үү? Усан онгоцыг хэлж мэдэхгүй байна гэж үү? Нээрээ юү?! Эмч дахиад асууж байна:
- Таны нас?
- Зуу!
- Та битгий ингэ л дээ. Таны жинхэнэ нас хэд вэ?
- Хоёр зуу!
Нэлээд уцаарлангуй байна уу даа. Юунд өөрийгөө хоёр зуун настай гэнэ вэ? Надаас таван насаар дүү гэхээр чи хэдтэй болж таарах вэ... Эмч дахиад л асууж байна.
- Шин Гү!
- Та сайн бодоод хариул даа!
- Бэг Илсоб!
Шин Гү? Бас жүжигчин Бэг Илсоб уу? Миний дуртай Шин Гү, Бэг Илсоб хоёрыг хэлж байна уу?
- Та битгий ингээд бай л даа. Сайн бодоод хариул.
Хамар чинь шуухитнаж нулимс дусална. Юу болоод байна аа? Чи яагаад энд байгаа юм? Яагаад энэ эмч утгагүй юм асуугаад байна? Амархан асуултанд хариулж чадахгүй чи минь яагаад уйлна вэ? Чиний нулимсыг би хэзээ ч харж байгаагүй. Би л үргэлж уйлдаг нь байсан шүү дээ. Миний уйлахыг чи тун ч олон удаа үзсэн. Өнөөдөр харин анх удаагаа чамайгаа уйлахыг харлаа.
- Та дахиад нэг удаа нэрээ хэл дээ.
Чи минь дуугүй сууна.
- Дахиад ганцхан удаа!
- Пак Сонёо!
Энэ чиний биш миний нэр шүү дээ. Нэрийг минь анх асуусан тэр өдөр санаанд тодхон. Сэтгэлд минь гаргасан чиний зурвас жим жилээс жилд хатууран гүнзгийрч, өргөн зам болж тэлсэн юм. Хайрган доторх хайрга, шороон доторх шороо, элсэн доторх элс мэт. Би тэгэхэд залуу байжээ. Идэр залуу байхдаа “залуу насандаа явна” гэж бодсон удаа үгүй боловч чамтай учирсан тэр өдрийг бодохоор залуу үеийн минь төрх санаанд бууна.
****************
Тэр үед төрсөн хүүхэд энэ залуу мөн үү? Чиний гарыг илж арчиж байна. Нурууг чинь бас арчиж байна. Олон ч жил өнгөрчээ. Гөлгөр хүзүү чинь үрчлээтэж, өтгөн хар хөмсөг чинь сийрэг болжээ... Эмчийн оронд одоо хүү чинь асууж байна.
- Аав аа, нэрээ хэл л дээ. Таныг хэн гэдэг вэ?
- Пак Сонёо.
- Пак Сонёо гэж хэн бэ, аав аа?
Би ч гэсэн мэдэх юмсан... Би чамд хэн байсан бол?
****************
Би чамд хэн байсныгаа мэдэхгүй ч, чи миний насан туршийн анд байсан. Хүүхдүүдээ хооллох савтай гурилыг минь мэхлэн авч, дотрыг минь харанхуйлж байсан хүнтэй ийм олон жил нөхөрлөнө гэж хэн санах вэ. Хүүхдүүд маань чи бид хоёрыг ойлгохгүй л дээ. Бидний явдлыг ойлгохоос тэд "Дайны үед тэдэн зуун мянган хүн нас барсан" гэх баримт ойлгохдоо л илүү сайн.
****************
Хүүг чинь гурван долоо хоног хүртэл өдөр бүр танайд очиж хөхүүлдэг байлаа. Хааяа өдөр очно, хааяа шөнө дунд. Тийм болохоор л чи надад өртэй мэт өөрийгөө санаж байсан болов уу. Үүнээс өөр чиний төлөө юу ч хийгээгүй атлаа, түүнээс хойш гучин жилийн турш хэцүү бэрхтэй тулгарах бүр чам дээр очдог байлаа. Күюн өөд болсноос хойш чам дээр очдог болсон шиг санана... тэгэхэд үхье л гэж бодож байлаа. Амьд байснаас үхсэн нь дээр мэт санагдаж байсан юм. Бүгдээрээ намайг зовоож байхад чи л ганцаараа надаас юу ч хүсээгүй. Тэсэх л хэрэгтэй гэж хэлсэн, тийм үү? Цаг хугацаа бүхнийг мартуулж эдгээнэ гэж тайтгаруулсан. Юу ч бодолгүйгээр урдах ажлынхаа л ард гарах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд чамайг байгаагүй бол би яах байсан бол... цөхрөл гашуудлаасаа гарч чадахгүй, галзуу юм шиг байсан даа.
Дөрөв дэх, амьгүй төрсөн хүүхдийг минь тэртээх толгодын дунд чи л нутаглуулсан. Одоо бодоход, би арай дэндүү тээр болсноос чи Комсо руу нүүсэн юм уу? Чи минь далайн эрэгт засагчилж амьдрах нэгэн биш. Газар хагалж, үр тарих хүн. Өөрийн газар байгаагүйн эрхэнд л хүний газар хагалж байсан болохоос. Чамайг Комсо руу нүүхэд энэ бүхнийг ухаарах ёстой байжээ. Намайг дараа болоод байснаас Комсо руу нүүснийг чинь, бас чамд дэндүү муухай загнаж байсныгаа би одоо л ойлгож байна.
Анхны уулзалт аясыг шийднэ гэдэг үнэн байх. Би дотроо чамайг надад өртэй мэт санаж, тэрийгээ дураараа авирлан үзүүлж байснаас гарцаагүй. Худал хэлэн гурилтай савыг минь хулгайлаад дугуйндаа ачаад явахад чинь танайхыг олж очсон шигээ, надад хэлэлгүй Комсо руу нүүсний чинь дараа ч би чамайг олоод л очсон. Комсо чамд зохих газар биш байлаа. Тариалангийн талбайдаа биш далайн давалгааны өмнө зогсох чинь төөрсөн хүүхэд шиг хачин харагдаж байсансан... Далайн эргийн давсны талбайн дэргэд намайг хараад царай чинь яаж хувирсныг би одоо хэр сайн санана. Тэр царайг би ерөөс мартаж чадаагүй юм. Харин одоо бодоход чиний тэр царай “Энэ намайг эндээс хүртэл олж дөнгөө юү?” гэж байсан болов уу.
Чиний ачаар Комсо гэдэг газар цээжинд минь хоногшин үлджээ. Яах учраа олохгүй хэцүү явдал тохиолдох тоолонд чам дээр очдог байлаа. Тэгсэн мөртлөө сэтгэл уужирч бүх юм хэвэндээ орохоор чамайг мартчихдаг байв. Чамайг мартсан гэж бодож байлаа... Комсод намайг харангуутаа чи шууд л “Юу тохиолдоо вэ?” гэж асуусан. Одоо л чамд үнэнээ хэлье. Комсод би ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас биш, анх удаагаа зүгээр л чамтай уулзмаар санагдаад очсон юм.
****************
Комсоо руу зугтаасан тэр үеийг эс тооцвол, чиний хэрэг үгүй болтол чи минь үргэлж нэг газраа байжээ. Үргэлж нэг газраа, хажууд минь байсанд баярлалаа. Чамайг байсан учир би цааш амьдарч чадсан байх. Сэтгэл санаа хэцүү үед байнга очдог атлаа гараа ч атгуулсан удаагүйдээ уучлал гуйя. Өөрөө очдог атлаа, чамайг миний зүг алхам атугай хийх гэхээр шууд таслан зогсоодог байв. Одоо бодоход, би дэндүү муухай авирлаж байжээ. Намайг уучлаарай, үнэхээр уучлаарай. Эхэндээ эвгүй санагдсанд тэгж байсан юм. Дараа нь ингэж болохгүй гэж бодогдоод... сүүлдээ бол хөгширч нас өндөр болсных. Чи миний нүгэл, бас жаргал минь билээ. Би бас чиний нүдэнд журамтай, хүндлэм хүн болж харагдахыг хүссэн юм...
Хааяа чамд ярьдаг байсан даа, уншсан гээд янз бүрийн үүх түүх... үнэндээ би тэдгээрийн нэгийг нь ч уншаагүй юм. Охиноосоо дуулсныгаа л чамд уншсан мэт ярьдаг байлаа. Нэг удаа, Испани гэдэг улсад Сантьяго гэдэг газар байдаг тухай ярьсныг санаж байна уу? Чи тэр газрын нэрийг тогтоож чадахгүй “Хаана байдаг гэнэ ээ?” гээд давтан давтан асууж байсан сан. Тэнд мөргөлийн зам бий, гучин гурван өдөр явж хүрдэг мөргөлийн зам байдаг гээд би бурж гарсан даа. Үнэндээ би биш, Чихон охин маань л тийш явахын хүслэн болоод байсан юм. Тэгээд хааяа тэр тухайгаа надад ярихыг нь би өөрөө явахыг хүссэн мэт чамд ярьчихсан юм. “Тийм их хүсэж байвал хоёулаа явъя л даа” гэхэд чинь зүрхэн тушаа өвдөх шиг болж билээ. Одоо бодоход, тэр өдрөөс хойш би дахин чам дээр очоогүй юм байна. Үнэнийг хэлэхэд, тэр газар хаана байдгийг би мэдэхгүй, бас тийш явахыг хүсээгүй юм.
Өнгөрсөн цагт бидний хамтдаа хэлсэн, хийсэн бүхэн юу болж, хааш оддогийг чи мэдэх үү? Чамаас асуухыг хүсдэг байсан ч чадаагүй учир охиноосоо асуухад “Ээж ийм юм асуух сонин юм аа” гээд “Замхран алга бололгүй одоо цагт нэвтэрч, шингэж үлддэг байх” гэж хариулж билээ. Бэрх үгтэй хүүхэд шүү. Чи утгыг нь ойлгож байна уу? Аль хэдийнээ улирч өнгөрсөн мэт санагдах бүх зүйл одоод шингэсэн байдаг, зөвхөн бид тэр бүхнийг мэдэрч чадахгүй гэнэ. Тиймээс өнгөрсөн цагийн юм өнөө цагтай холилдож, өнөө цагийн юм ирээдүйн юмтай холилдож, бас өнгөрсөн цагийн юм ирээдүйн юмтай холилдон нийлдэг байх нь. Гэвч үүнээс цааш хоюулаа тэр бүхнийг дахин нийлүүлж чадахгүй болжээ. Ингээд би явья даа.
Чамтай анх уулзсан тэр өдөр, чи дугуй хулгайлж уначихаад гурилтай сав толгой дээрээ тавиад замын хажуугаар алхаж яваа надтай тааралдах хүртлээ, тэр дугуйгаа зарж, зарсан мөнгөөрөө далайн замаг авна гэж бодож явсан тооцоо чинь өнөөдрийн хаа нэгтээ шингэсэн байдаг болов уу? Дугуйгаа зарж чадалгүй авсан газраа буцааж тавихад эзэн нь чамайг барьж баахан хэрэг мандсаны ул мөр үлдээ болов уу ? Тэр бүх үйл явдал улирч өнгөрсний хананд шингэж өнөөг хүртэл биднийг хөтлөө болов уу...
Намайг алга болсны дараа хайхаар харсан зүгтээ явж байсныг чинь мэднэ. Амьдралдаа хот орж үзээгүй атлаа ганцаараа Сөүл буудал дээр ирж надтай төстэй харагдсан бүх хүнийг зогсоож байсныг чинь мэднэ. Миний сураг дуулдах болов уу гэж манай гэрийн урдуур зөндөө олон өнгөрснийг мэднэ. Хүүхдүүдтэй минь уулзаж надад юу тохиолдсоныг асуумаар байсныг чинь ч мэднэ. Тийм учраас л чи минь өвдөө юү дээ?
Чиний нэр И Үнгюү шүү дээ. Эмч дахиж эмч асуухаар "Пак Сонёо" биш "И Үнгюү" гэж хариулдаг юм шүү. Одоо чамайгаа амраая даа.
Чи нууц минь билээ.
Чамайг миний амьдралын нэгээхэн хэсэг байсныг намайг мэдэх хэн ч тааж эс чадна. Чиний тухай мэдэх хүн байхгүй ч амьдрал хэмээх энэ их голын бэрхшээлтэй нугачаа бүрт зөвхөн чи л надад сал тавьж, үерийн догшин усыг аюлгүй туулахад тусалж байжээ. Чи минь байсан болохоор би жаргалтай байсан. Чам дээр жаргалтай биш зовлонтой үедээ очиж байсан тулдаа л амьдралынхаа аяныг туулж чадсанаа өнөөдөр хэлэхээр ирсэн юм.
Одоо найз нь явъя даа.
*********************
No comments:
Post a Comment