2011/10/26

Москва: Нүүдэлчдийн музей 4 - Мэгжид Жанрайсэг

   

  Өмнөх бичлэгт ичив гэж бичсэн нь... бурхдын тухай миний мэдлэг гэвэл бурхан багш Будда, Оточ манал, Цагаан ногоон дарь эх, хангал арван бурхад (яг юу юм бүү мэд), хамгаалагч догшин бурхад, энэ цагийн бурхан Манзушир, ирээдүй цагийн бурхан Майдар, сайн цагийн мянган бурхад... гүйцээ.

  Харин Константины тайлбараас тогтоож чадсан & сонирхолтой санагдсаныг сийрүүлбэл:

  Ногоон дарь эх
  Монголд олон хүн Ногоон дарь эхийг шүтнэ. Хөдөөний хоёр айлын нэгэнд Ногоон дарь эх байдаг гэхэд хэтрүүлэг болохгүй. Эмэгтэйчүүдийн бурхан ч гэдэг. Барууныхан болон оросууд дунд буддизмын тухай нийтлэг нэг эндүүрэл бий. Юу вэ гэвэл, зөвхөн сүмд сууж ном уншиж эрхи эргүүлсэн эрэгтэй хүн л гэгээрнэ, бүсгүй хүнд гэгээрэх шанс ноль, эр хүний биед төрөн байж сая гэгээрэх боломж олох тул эмэгтэй хүнд энэрэлгүй шашин гэж итгэх хүн олон. Тийм хүмүүст Константин гэгээрэхэд хүйсийн ялгаа падгүй, чин хүсэл байхад эрэгтэй эмэгтэй нь хамаагүй, дарь эхүүд үүнийг батална гэж тайлбарладаг байна. Бурхны шашинд Ногоон дарь эхийг хамгийн энэрэн нигүүлсэнгүй гэж шүтдэг. Ногоон дарь эхийг зурж урлахдаа бусад дарь эх шиг хөлөө завилж суусан биш өрөөсөн хөлөө бадамлянхуа цэцэг дээр тавьсан байдлаар дүрсэлнэ. Учир нь Ногоон дарь эх хэзээ ч суудлаасаа босч хүмүүст тусалахад бэлэн байдаг. Мөн хүмүүс гуйж мөргөхөөс өмнө урьтан очиж тусалдгаараа Ногоон дарь эх бусад бурхдаас ялгаатай.

  Мэгжид Жанрайсэг
  Бодьсадва гэдэг нь бодь сэтгэлтэн буюу гэгээрэх хүслийг хөгжүүлсэн бодьгал, өөрөөр хэлбэл Будда шиг бурхан болоход хоёр гурван хуруу л дутуу. Бодьсадва нар бүгд эрт орой хэзээ нэгэн цагт нирваан дүрээ олж бүрэн гэгээрэх боловч зөвхөн нэг бодьсадва хэзээ ч бурхан болохгүй. Энэ бол Авалокитешвара буюу энэрэл сэтгэлийн билэгдэл Мэгжид Жанрайсэг бурхан юм.

  Нэгэн домог:
  Эртээ урьдын цагт нэгэн залуу бодь сэтгэлээ хөгжүүлж бодьсадва болжээ. Тэрээр зовон шаналж буй хамаг амьтанг авран тусалж байсан боловч зовлонгийн далай даанчиг дундаршгүй. Зовлон ноёлох энэ ертөнцөд түүний үзүүлэх тус далайд дусал мэт болохыг мэдээд бодьсадва машид гаслан цочирдсоноос (энгийн үгээр хэлбэл "шоконд орсноос") түүний толгой мянган хэсэг задран бутрав. Азаар ойр хавьд Амитаба (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт, японоор 阿弥陀如来) бурхан нисэн өнгөрч байсан тул толгойг нь түүж цуглуулаад, арван толгой хийж өгөөд, хүмүүст туслахдаа миний ухааныг ашигла гээд хамгийн дээр нь өөрийнхөө толгойг тавьсан гэнэ. Мөн аль болох олон хүнд туслаарай хэмээн мянган гар өгчээ. Мянган гарын алга болгон нүдтэй байх нь амьтан хүний зовлонг алдалгүй харж туслахын тулд юм.

  Мэгжид Жанрайсэгийг янз бүрээр дүрсэлдэг. Энэтхэг, непалд 11 толгойтой мянган гартай дүрслэх нь олонтаа (дээрх зураг). Төвд, монголд нэг толгойтой, дөрвөн гартай, босоо эсвэл суугаа байдлаар зурж урлах нь элбэг (доорх зураг). Харин хятад (觀世音), японд (観音) эмэгтэй дүрийг (доорх зураг) нь хүмүүс шүтдэг.

  Домгоо үргэлжлүүлбэл, Амитабагийн ачаар ийнхүү амилсан Мэгжид Жанрайсэг орчлонд зовж буй амьтан байгаа цагт нирваанд орохгүй гэж амлажээ. Тиймээс лам, мэргэд машид удаан маргасан байна. Орчлон ертөнц зах хязгааргүй, эцэс төгсгөлгүй & тоолж баршгүй олон амьтад оршино. Тиймээс ийнхүү амласан Мэгжид Жанрайсэг мөнхийн бодьсадва, үүрд нирваан дүрээ олохгүй гэсэн үг үү... yes or no ?! Гэвч бурхан багш "эндүүрээд байна та нар минь эндүүрээд байна, Мэгжид Жанрайсэг аль хэдийнээ нирваанд байна, амьтан хүнийг аварч туслах нь түүний нирваан" хэмээн айлдаж маргааныг тасалжээ. Мэгжид Жанрайсагийн догшин дүр нь Чойжин (Махакала) бурхан юм. Догшин дүр нь гэгээрэхэд садаа болох уур, омог зэрэг муу хүслийг дарна.

  Манзушри, оюун ухааны бурхан
  “Уужуу тайван, ухаантай мэргэн” гэвэл орос хүнд голдуу өндөр настай, буурал тэргүүтэй, урт цагаан сахалтай өвгөн хүний дүр бууна. Загалмайтны шашны олон гэгээнтэн бүгд магнайдаа үрчлээтэй өтгөс буурал байдаг нь ч санаандгүй явдал биш болов уу. Харин бурхны шашинд төгс төгөлдөр оюун ухааныг билэгдэх Манзушри бурхан бол 16 настай инээмсэглэсэн хөвгүүн. Учир нь буддизмд гэгээрэл болон ухаарал нь олон ном уншиж олныг эргэцүүлсэн эсэхээс үл хамаарна. Насаараа ном уншаад гэгээрэхэд хуруу ч дөхөхгүй хүн байна, хормын дотор гэгээрэх хүн ч байна. Манзушри бурхан бас нирван дүрээ олохгүй гэж амласан нэгэн. Гэхдээ Мэгжид Жанрайсэгийн адил үүрд бус, сайн цагийн мянган бурхад иртэл орчлонд тогтож олон амьтанд тусална гэж амласан ажээ (Будда хоёр мянгаад жилийн өмнө төрсөн тул мянган жилд нэг бурхан гэж үзье... тэгэхээр юу вэ, мянган бурхад хэзээ хэдэн жилийн дараа ирэх вэ... эсвэл тооноос үл хамаарахгүй асуудал уу...хэхэ) Нэмж хэлэхэд Манзушри бурхан баруун мутартаа тэнэг мунхгийг арилгах оюун билгийн галт илд барина.

  нэг иймэрхүү, бусад бурхдыг бас товч тайлбарласан боловч санадаггүй...

  Константины ярианаас надад монголын тухай сэтгэгдэл (маргааш гэдэг үгийг маш хурдан сурсан зэрэг) мөн ан хийж амьдардаг, дэлхийн бусад газар & хүмүүстэй ямар ч холбоогүй аж төрдөг хойд мөсөн далайн цөөн тооны нүүдэлчин омгийн тухай яриа хамгийн сонирхолтой байлаа:
  Газар уснаа явагчаар гурван жил очихыг зорьсон боловч цасан шуурганд автаад жил дараалан буцахаас өөр аргагүй байв. Харин дөрөв дэх жилдээ азтай байлаа. Цасан шуурганд авталгүй аян замаа үргэлжлүүлж, мөсөн далайн эрэг хавийн нүүдэлчин омгийхны аж амьдралтай нь танилцах завшаан тохиосон юм.
  Тундрийн хамаг юмыг харанхуйлах цасан шуурга хэцүү, биеэрээ олс ороож байгаад газар уснаа явагчаас гарч бие засна, эс тэгвээс эргэж ирэх найдлагагүй. Энгийн цасан шуурганаас гадна газраас зөвхөн 1~2 метр зайд дэгдэх шуурга (низовая пурга) энэ хавьд амьдрах бидэнд маш сонин. Учир нь олстой гарахад өөдөөс цас мөс битүү балбаж юу ч харагдахгүй. Харин газар уснаа явагчдаа буцаж ороод цонхоор дээш харахад тэнгэр цэв цэлмэг байдаг... гээд Константин нүдэнд харагдтал, дагаад тундр явмаар санагдтал сайхан ярьж байлаа.

  Даанч толгой минь олгой болжээ, монголтой холбоотой хэдэн зүйлийг тэр өдөртөө бичиж тэмдэглэсэн минь энэ буюу.

3 comments:

WILD FOX. said...

ХУВААЛЦАЖ БАЙГААД БАЯРЛАЛАА, МАШ СОНИРХОЛТОЙ БАЙЛАА.

Сүрэн said...

bayarlalaa :)

potat said...

uneheer sonirholtoi bailaa.mash ih bayarlalaa.