2009/11/08

Үнэр танар учиртай

Ноднин Москва явахдаа анх метронд суусан өдрөө мартамгүй. Хүнд хаалга түлхэн ортол өөдөөс нэг л дасал болсон үнэр сэнхийв... Бүр өөртөө итгэмгүй бөөн гайхал болж хэсэгтээ метроны үнэр үнэрлэж зогсов. Өөрийгөө Москвагийн метроны үнэр цээжилчихсэн явна гэж ёстой санаа ч үгүй байж. Тэгтэл метронд оронгуут “хүлээгээрэй, байзаарай, энэ чинь метроны үнэр байна... мөн байна... хэвээрээ байна... багад ямар байсан яг тэр хэвээрээ байна !” гэж бөөн баяр болов :)  

Эрдэмтэд хүний ойг “харааны ой”, “дууны ой”, “үнэрийн ой” гэж ялгадаг ба эдгээр дундаас хүний үнэрийн ой хамгийн эртний, хамгийн “араатан амьтны” шинжтэй бөгөөд хамгийн хүчтэй гэсэн нийтлэл саяхан нэг сэтгүүлээс олж уншаад өөрийн эрхгүй үнээээээн, яах аргагүй үнэээээн гэж толгой дохив.

Толгой дохингоо японд таван жил болоод нутаг буцсан австрали найзынхаа яриаг санав. Найз маань “эхнэр бид хоёр жилдээ нэг юмуу хоёр удаа заавал харьж байсан, гэрийхэнтэйгээ байнга холбоотой байсан. Найз нөхөд олон, ажил хичээл сайн, олон газар явж аялаад японд бид яах аргагүй сайхан байсан. Тиймээс огтхон ч нутгаа санаж сүйд болоогүй. Зарим хүмүүс homesick болдгийг “онолын” хувьд л ойлгож мэдэх төдий. Гэхдээ нэг удаа Ёкохамагийн австрали цэргийн шарил очиж үзсэн юм. Тэгсэн тэр цэцэрлэг нэг л сайхан санагдаж, тэнд байгаад баймаар санагдаад… тэгээд эргэн тойрноо сайн ажтал шарилын дагуу эвкалипт мод тарьсан байсан. Бид хоёр эвкалиптын үнэрээр нутгаа санаж, гэр орон ээж ааваа ихэд санаснаа тэгэж анх мэдсэн” гэж ярьж байсан.

Бас нэг найз бүсгүй маань нэгэн газар, урд сууж байсан нэгэн залуугийн сүрчигний үнэрээр эксээ санаад, тэр хоёрын мартагдсан дууль нь эхлэл, өрнөл, төгсгөл бүхэнтэйгээ нүднийх нь өмнө гэрлийн хурдтай өнгөрч тэнд юу хийж яах гэж ирсэнээ мэдэх сөхөөгүй болчихсон байсан гэж ярьж байсан. Яриаг нь сонсоод сүрчигний үнэрээр ингэж байвал цамцыг нь үнэрлэвэл бүр ч хэцүү юм болох нээ гэж бодож сууснаа санав.

Хэрвээ хүнд орон гэрийнх нь ч юмуу, ажлын газар сургууль ч юмуу, өдөр бүр барьдаг цүнх ч юмуу дасал болсон газар, юмтай нь адил төстэй боловч жаахан ондоо зураг үзүүлэхэд ихэнхи хүмүүс бүр айхтар сайн нягталж харахгүй л юм бол ялгааг нь мэддэггүй гэсэн. Харин дасал болсон үнэртэй нь үл ялиг ондоо юм үнэртүүлэхэд шууд л биш байна гэж толгой сэгсэрдэг гэсэн.

Тймээс монгол хүний үрээ үнэрлэж, аргалын утаа адуу малын чимээгээ санадаг нь тун учиртай :) Нээрээ, бага дүү маань гэрээс анх холдож гадаадад сурахаар яваад хагас жил болж байсан нэгэн орой, хичээлээ тараад харьсан чинь ээж аав бөөн уярал болчихсон зэрэгцэн сууж байна. Учрыг асуутал дүүгээс ээж аавын цамц явуул, гэрээ санаад байна, орой унтахаараа үнэрлээд дэрлээд унтана гэсэн захиа ирсэн байсан :)

2 comments:

Ebe said...

Үнэхээр гоё бүсгүй хажуугаар өнгөрөхдөө бас үнэн саак ус түрхсэн байвал нүдээ зөөлөн аниад л ммммм гээд л уртаар хамраараа амьсгаа авахад ч супер шүү :-)

Suren said...

hehe neeree tiin shuu,
durtai surchig ul medem unertuulsen zaluutai zuruhud uuriin erhgui ergej haraal :)

November 8, 2009 6:03 PM