2013/06/21

Р. Акүтагава "Эртний анддаа илгээх захидал"



Р. Акүтагава "Эртний анддаа илгээх захидал"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Эртний анддаа илгээх захидал

Амиа егүүтгэх хүний сэтгэл зүйг бодит үнэнээр нь бичсэн хүн өдийг хүртэл алга. Амиа егүүтгэгч нарт өөрсдийгөө хүндэтгэх сэтгэл, аль эсвэл сэтгэл зүйн талаас тэднийг сонирхол явдал дутсанаас болоод тэр биз ээ. Чамд илгээх сүүлийн захидалдаа би амиа егүүтгэгч хүний сэтгэл зүйн талаар тодорхой бичье гэж бодлоо. Мэдээж, миний амиа хорлох болсон шалтгааны тухай чамд хэлэх шаардлага үгүй. Ренье нэг өгүүлэлдээ нэгэн амиа егүүтгэгчийг дүрсэлсэн байдаг. Тэрхүү этгээд юуны төлөө амиа хорлож буйгаа өөрөө ч эс мэднэ. Чи дурын сонины гурав дугаар нүүрнээс амьдралын бэрхшээл, өвчин зовлон, сэтгэл санааны шаналал зэрэг олон шалтгаан олох байх. Гэхдээ миний туршлагаас харахад эдгээр нь үндсэн шалтгаан хэрхэвч биш юм. Эдгээрийн ихэнх нь гол шалтгаанд хүргэх замыг заах л төдий зүйлс. Реньегийн бичсэнээр, амиа хорлогсдын ихэнх нь чухам юуны төлөө, яагаад амиа хорлож буйгаа өөрсдөө ч мэддэггүй болов уу. Бидний энэ үйлдэл ээдэрсэн олон шалтаг, шалтгаантай учраас тэр. Гэхдээ ямартай ч миний хувьд тэр шалтгаан бол бүрхэг түгшүүр юм. Надад нүүрлэх ирээдүйн тухай бүрхэг түгшүүр. Миний үгэнд чи итгэхгүй байх л даа. Гэвч над шиг хүмүүс, минийх шиг нөхцөл байдалд ороогүй л бол миний энэ үгс салхинд замхрах дуун адил алга болдгийг сүүлийн арваад жил надад сургалаа. Тиймээс би чамайг буруутгахгүй ээ...

Сүүлийн хоёр жил би үхлийн тухай л эргэцүүлж байна. Сэтгэл санааны ийн үймсэн байдалтай Майндлэрыг уншсан маань ч энэ үед билээ. Майндлэр үхэл рүү ойртох замыг хийсвэр үгээр чадварлаг дүрсэлсэн нь гарцаагүй. Харин би мөн тэр тухай тодорхой үгээр дүрсэлж бичихийг хүснэ. Гэр бүлийнхнийгээ өрөвдөх сэтгэл энэ хүслийн хажууд юу ч биш. Үүнийг чи Inhuman гэж тодорхойлохгүй байж чадахгүй л болов уу. Гэвч үүнийг хүнлэг бус гэвэл би бүхэлдээ, яс махандаа тултал хүнлэг бус юм.

Надад бүгдийг үнэнээр бичих хариуцлага байна. (Би ирээдүйн тухай бүрхэг түгшүүрээ ч задалж дүгнэсэн. Тэр тухай “Мунхгийн амьдрал”-д ерөнхийдөө бичиж гүйцээсэн хэмээн бодно. Гагцхүү намайг хүрээлэх нийгмийн нөхцөл байдал, над дээр сүүдрээ унагасан феодалын нийгмийн тухай л санаатайгаар бичээгүй юм. Яагаад санаатайгаар бичээгүй вэ гэвэл, хүмүүс бид эдүгээ ч ямар нэгэн хэмжээнд феодалын нийгмийн сүүдэрт амьдарч буй учраас тэр юм. Би энэ нийгмийн тайзнаас гадна арын фон, гэрэлтүүлэг, гол дүрүүд – голдуу өөрийнхөө үйлдлүүдийг дүрслэхийг оролдсон юм. Үүнээс гадна нийгмийн нөхцөл байдлын тухайд – би өөрөө энэ нийгмийнхээ нөхцөл байдал дунд амьдарч буй учир тэдгээрийг сайтар ойлгож мэдсэн эсэхдээ эргэлзэхгүй байх аргагүй.) Миний юуны түрүүнд бодсон зүйл бол яавал зоволгүй үхэх вэ гэдэг асуулт байлаа. Мэдээжийн хэрэг амиа хорлох зорилгоо биелүүлэхэд өөрийгөө дүүжлэх нь хамгийн тохиромжтой арга. Гэвч би дүүжилж үхсэн төрхөө төсөөлөөд, муугаа мэдэхгүй бас гоо сайхны үүднээс жигших сэтгэл төрөв (Би нэгэн бүсгүйд дурласан боловч ханз үсэг муухай бичдэгийг нь хараад хайр сэтгэл замхарсан удаатай). Усанд сэлж чадах учир живж үхэх замаар ч зорилгодоо хүрч чадахгүй нь лавтай. Юмыг яаж мэдэх вэ, яаж ийгээд живлээ гэхэд өөрийгөө дүүжилснээс ч илүү зовох нь гарцаагүй. Галт тэргэнд дайруулж үхэх ч юуны түрүүнд гоо сайхны үүднээс жигшил төрүүлнэ. Гар чичирдэг тул буу юмуу хутга хэрэглэвэл бүтэлгүйтэх магадлал өндөр. Мөн өндөр байшингийн дээврээс үсэрч үхсэн хүнийг харахад ч муухай нь лавтай. Энэ бүхнийг эргэцүүлээд би эм ууж үхэхээр шийдэв. Эм ууж үхэхэд өөрийгөө дүүжилснээс илүүтэй зовж магад. Гэвч дүүжлэхтэй харьцуулахад гоо үзэмжийн үүднээс жигшил үл төрүүлэхээс гадна дахин амь оруулах аюулгүй гэх давуу талтай. Гагцхүү хэрэгтэй эм гартаа оруулна гэдэг миний хувьд амаргүй хэрэг. Би амиа хорлоно гэж шийдсэнийхээ дараа байдаг бүх аргаа хэрэглэн тэр эмийг олохыг хичээв. Мөн хорт бодисын тухай ч мэдлэгтэй болохыг зорив.

Миний дараагийн эргэцүүлсэн зүйл бол амиа хорлох газар. Намайг өөд болсны дараа миний хөрөнгийг гэр бүлийнхэн маань өвлөн авч амь зуулгадаа нэмэр болгоно. Миний үлдээх хөрөнгө гэвэл зуун цүбо(*1) газар, гэр, зохиогчийн эрх, хоёр мянган иений мөнгөн хуримтал төдий л юм. Амиа хорлосноос болж манай гэр зарагдахгүй болох вий гэж сэтгэл зовж байлаа. Тийм учраас ядаж ганц зуслангийн байшинтай хөрөнгөтөн нарт атаархах сэтгэл төрөв. Миний энэ үг чамд сонин санагдах байх аа. Надад ч гэсэн өөрийн минь энэ үг сонин санагдаж байна. Гэвч энэ бүхнийг амиа хорлохтой холбоод бодохоор үнэхээр хүндрэлтэй санагдаж билээ. Мөн энэ хүндрэлийг туулахгүй тойрч гарах арга бараг үгүй. Би гагцхүү, гэр бүлийнхнээс минь өөр хэн ч миний цогцсыг харахгүй байхаар амиа егүүтгэхийг хүснэ.

Гэвч амиа хорлох аргаа шийдсэнийхээ дараа ч би амьдралаас хагацаж чадахгүй хагас дутуу зүүгдсээр л байна. Ийм учраас надад үхэл рүү үсэрч орох тавцан(*2) хэрэгтэй болов. (Би хүрэн үст хүмүүсийн адил амиа хорлохыг нүгэл гэж боддоггүй. Бурхан багш Цогц сударт(*3) нэгэн шавийнхаа амиа егүүтгэснийг зөвтгөсөн байдаг. Харин сургааль номыг санаатайгаар гуйвуулдаг бурхны шавь нар тийнхүү зөвтгөснийг нь “чингэхээс өөр аргагүй” тохиолдолд гэх үгээр хачирлах байх л даа. Гэвч “аргагүй” тохиолдолд гэдэг нь гуравдагч хүн “хэцүү үхлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэх гачлант байдлыг хэлэхгүй. Учир нь ямар ч хүн гагцхүү өөрт учирсан “аргагүй тохиолдолд” л амиа егүүтгэдэг юм. Тийм байдалд орохоосоо өмнө амиа шийдэмгий хорлох хүнд асар их зориг хэрэгтэй.) Ямартаа ч энэхүү тавцангийн үүргийг эмэгтэй хүн гүйцэтгэх нь олонтаа. Клейст амиа хорлохынхоо өмнө найздаа (эрэгтэй) бараа болохыг хэд хэдэн удаа санал болгож байв. Расин ч мөн адил Мольер, Буало нарын хамт Сене голд живэхийг оролдож байсан. Даанч надад тийм найз алга. Нэгэн танил бүсгүй маань хамт үхэхийг хүссэн боловч бид чингэх аргагүй байдалд орсон билээ. Яваандаа би тийм тавцангүй амиа хорлох итгэлтэй болов. Гэхдээ энэ бол хамт үхэх хүн байхгүйд цөхөрсөндөө олсон итгэл бус. Эсрэгээр, аажмаар сэтгэл үймрэн зөөлөрч, үхлээр салах ч гэлээ аль болох эхнэрээ бага зовооё гэж бодсон юм. Мөн ганцаараа амиа хорлох нь хоёулаа амиа хорлохоос амар болохыг мэдсэн хэрэг. Түүнчлэн ганцаар аваас, амиа хорлох цагаа өөрийн дураар сонгох давуу тал байсныг ч үгүйсгэхгүй.

Эцэст нь би гэр бүлийнхээ хэнд ч мэдэгдэлгүй, эвтэйхэн амиа хорлохыг хичээв. Иийнхүү хэдэн сар бэлдсэний эцэст ямартай ч би итгэлтэй боллоо (тэр бүхний тухай намайг гэх хүмүүсийг бодоод дэлгэрэнгүй бичих арга алга). Нөгөөтэйгүүр, дэлгэрэнгүй бичсэн ч гэлээ “амиа хорлоход хамжих хэрэг” (дашрамд хэлэхэд, гэмт хэргийн үүн шиг инээдтэй нэр үгүй. Энэ хуулийг бүрэн хэрэгжүүлбэл гэмт хэрэгтний тоо хэд дахин өсөх бол доо. Эмийн санчид, бууны дэлгүүрийн эзэд, сахлын хутганы худалдаачид – бүгд “мэдээгүй” гэж мэдүүлсэн ч гэлээ хүмүүс бидний бодол санаа үг хэл, нүүрний хувирлаар илрэх тул тодорхой хэмжээгээр сэжиг төрүүлсэн л байж таарна. Түүнээс гадна нийгэм, хууль цааз нь өөрөө хүний “амиа егүүтгэхэд туслах хэргийг” бүрэлдүүлнэ. Эцэст нь, амиа хорлоход тусалсан гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь зөөлөн сэтгэлт хүмүүс байдаг билээ.) бүрэлдэх үндэслэл угаасаа байхгүй билээ. Би тайвнаар бэлтгэлээ дуусгаад одоо үхэлтэй тоглож буй. Цаашид миний сэтгэл санааны байдал Мендельсоны дүрсэлсэнтэй ерөнхийдөө таарах болов уу.

Хүмүүс бид хүн-амьтад учир үхлийн өмнө адгуусан чанарын айдастай байдаг. Амьдрах хүч гэгч зүйл үнэндээ адгуусан хүч чадлын ондоо нэрнээс хэтрэхгүй. Би ч гэсэн тийм хүн-амьтдын нэг юм. Гэвч хоол унд, хайр дурлалын явдлаас уйдсаныг үзвэл адгуусан хүч чадлаа бага багаар алдаж буй бололтой. Би одоо мөс шиг тунгалаг, өвчилсөн мэдрэлийн ертөнцөд амьдарч байна. Урд орой би нэгэн биеэ үнэлэгч хүүхэнтэй түүний байрны түрээсийн төлбөрийн (!) тухай ярихдаа “амьдрахын төлөө амьдарч буй” хүмүүс бид хичнээн хөөрхийлөлтэйг голдоо ортол мэдэрч билээ. Хүмүүс бид амрыг сонгож үүрдийн нойронд умбаж чадах аваас, аз жаргалыг биш гэхэд ядаж амар амгаланг олох нь гарцаагүй. Гэвч би яг хэзээ амиа шийдэмгий хорлож чадах вэ гэдэг эргэлзээтэй байна. Ийм байдалд байгаа надад гагцхүү байгаль л урьд урьдынхаасаа улам үзэсгэлэнтэй санагдана. Байгалийн сайхныг хайрлан бишрэх авч амиа егүүтгэх гэж буй миний зөрчилд чиний инээд хүрэх болов уу. Гэвч үхлийн заагт очсон миний нүдэнд тусч буй учраас л байгаль ийм сайхан, үзэсгэлэнтэй билээ. Би хэн хүнээс илүүтэйгээр харж, хайрлаж бас ойлгож ухаарсан. Төдий хэмжээгээрээ илүү их зовлон амссан ч гэлээ, тэр бүхэндээ би их бага ч сэтгэл дүүрэн байна. Чамаас гуйя, энэ захиаг намайг өөд болсны дараа хэдэн жил хүмүүсийн хүртээл бүү болгоорой. Би өвчнөөр үхсэн мэт амиа хорлохгүй гэх газаргүй.

Нэмэлт:
Би Эмпэдоклын намтрыг уншаад бурхан болох хүсэл хэр эртнээс үүдэлтэйг мэдрэв. Энэ захиандаа би, ямартай ч ухамсарлаж буй хүрээндээ, өөрийгөө бурхан эс болгоно. Харин ч эсрэгээр, өөрийгөө дордын дорд хүмүүн болгоно. Хоёулаа хорин жилийн өмнө бодь модны нөмөрт Этнагийн Эмпэдоклын тухай маргаж хэлэлцсэнийг санаж байна уу? Тэр үед би бурхан болохыг хүсэгчдийн нэг байжээ.

Шёова 2 оны 7 сар (1927)

--------------------------------------------------------------------------------------------------------------------
*1 цүбо – талбайн нэгж, 3.3 квадрат метр газар
*2 тавцан – англиар "spring board", оросоор "трамплин" гэх үгийг ийнхүү орчуулав. Герман-монгол толинд "үсрэх банз" гэсэн байна лээ...хэхэ
*3 Цогц судар – бурхан багшийн номлолын эхэн үеийн судар (яп. 阿含経, саскр. Āgama). Зарим сурвалжаас харахад "Эш судар" гэж орчуулдаг бололтой. Аль нь зөвийг мэдэхгүйучир мэддэг хүмүүс хэлж өгч туслаарай.

2013/03/21

Я. Кавабата "Гал өөд явах тэр минь"

 

 Кавабата Ясүнаригийн алдартай "Алгын чинээ өгүүллэгүүд" түүврээс Зүүдчинд зориулж орчуулав :)

 Я. Кавабата "Гал өөд явах тэр минь"
 川端康成「火に行く彼女」
 Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Холоо, нуурын ус бүдэг гэрэлтэнэ. Хуучин цэцэрлэгийн өмхийрсөн устай цөөрмийг сартай шөнө харж буй мэт өнгөтэй ажээ. Нуурын цаад эргийн төгөл чимээгүй шатаж байлаа. Бадарсан галын тойрог харсаар байтал тэлж өргөжив. Ойн түймэр бололтой. Нуурын эргээр тоглоомон юм шиг хурдлах галын машин усны толионд тод тусна.
  Уулын бэлийг харлуулан хүмүүсийн цуваа зогсоо зайгүй дээш өгсөж ирнэ. Анзаартал, эргэн тойрны агаар чимээгүй, хатсан аятай гэрэлтэнэ. Тэртээ уулын хормой дахь хот тэр аяараа улаан галын далай.
  Бүсгүй олон хүмүүсийг эвтэйхэн зөрж өнгөрөөд ганцаар доош уруудна. Уулын бэлийг тэр ганцаараа уруудаж явна. Дуу чимээ огт үгүй, сонин нам гүм ертөнц.
  Шулуухан галын далай өөд явах түүнийг хараад миний дотор давчдав. Тэр үед үгээр биш ч гэлээ түүний сэтгэлтэй ийнхүү ярилцсан билээ.
  - Чи яагаад ганцаараа уруудна вэ? Шатаж үхмээр байна уу?
  - Үгүй, би үхэхийг хүсээгүй. Гэхдээ баруун талд таны гэр байгаа. Тийм учраас би зүүн зүг рүү явна.
  Харах барааг галын дөл эзэгнэн дүрэлзэх ахуйд ганц хар цэг - түүний дүрс нүдийг минь хатгах адил өвтгөхөд би сэрэв. Нүдний булангаар нулимс урсаж байлаа.
  Миний гэрийн зүг алхахыг ч үл хүснэ гэж хэлэхийг нь би хэдийнээ мэдэж байжээ. Гэвч түүний юу гэж бодох нь хамаагүй. Гагцхүү, би өөрийгөө хүчлэн түүний сэтгэл хөндийрч хөрсөнтэй эвлэрсэн дүр эсгэж байсан ч сэтгэлийнх нь хаа нэгтээ, намайг гэх ганц дусал үлдсэн хэмээн бодож явахыг хүссэн билээ. Түүний бодит хүсэл сэтгэлтэй огт холбоогүй, өөрийн дураар ийнхүү бодохыг зорьсон юм. Өөрийнхөө эл байдлыг шорвогоор шоолсон ч гэлээ нууцхан энэ горьдлогоо амьд үлдээхийг хүссэн билээ.
  Гэтэл ийм зүүд зүүдэлнэ гэдэг түүнд намайг гэх ширхэг ч сэтгэл үлдээгүй гэж би өөрөө, сэтгэлийнхээ өнцөг булан бүрээр итгэчихсэн хэрэг үү?
  Зүүд гэдэг миний сэтгэл. Зүүдэн дэх түүний сэтгэл нь, миний ургуулсан түүний сэтгэл. Миний л сэтгэл юм. Мөн зүүдний сэтгэлд бардам зан, нэрэлхүү араншин үгүй билээ. 
  Ийнхүү бодон гунигт автав.
  (1924)

2013/02/15

Р. Акүтагава "Бурхдын инээмсэглэл" (төгсгөл)

   

  Органтино дахиад загалмайгаар өөрийгөө хэрээслэв. Гэвч өвгөн энэхүү үйлдэлд нь айж буй төрх үзүүлсэнгүй.
  - Би ад чөтгөр биш. Энэ хаш зүүлт, илдийг хар даа. Тамын галд хатаагдсан бол ийм ариун тунгалаг байж чадах уу? Тиймээс хараал ерөөл уншихаа одоо боль доо гэхэд Органтино аргагүйдэж, дургүйцсэн янзтай гараа зөрүүлэн өвгөнтэй хамт алхаж эхлэв.
  - Чи тэнгэрийн эзний сургаалийг түгээхээр ирсэн гэв үү? хэмээн өвгөн аажуухан ярьж эхлэв. “Муу хэрэг биш ч байж магад. Гэвч Дэүсү энэ оронд ирсэн ч эцэстээ ялагдах нь гарцаагүй".
  - Дэүсү бол бүхнийг чадагч их эзэн. Дэүсү... гэж эхэлснээ Органтино сая л сэхээ авсан янзтай энэ нутгийн итгэгчидтэй харьцдаг шигээ эелдгээр ярьж эхлэв:
  - Дэүсийг ялах нь үгүй билээ.
  - Хэрэг дээрээ гэвч ялах л болно. Сонс доо. Харь холоос энэ нутагт ирэгсэд Дэүсүгээр тогтохгүй. Күнз, Мэнз(*11 ), Жуанз(*12) гээд хятадаас олон суут сэтгэгчид ирсэн юм. Тэр үед япон орон маань дөнгөж төрөөд байлаа. Хятадын гүн ухаантнууд Бумбын (Дао) сургаалиас гадна энэ оронд У улсын(*13) торго, Цинь улсын(*14) хаш чулуу гээд янз бүрийн зүйл, эд юмсыг авчирсан. Үгүй ээ, үнэт эрдэнэсээс ч илүү үнэтэй, эрхэм нандин үсэг мөн авчирсан юм. Гэхдээ тэглээ гээд хятад биднийг эрхшээлдээ оруулж чадсан уу? Жишээ нь, бичиг үсгийг хар даа. Үсэг биднийг эрхшээлдээ оруулах бус, бидний эрхшээлд орсон юм. Дээхнэ, би яруу найрагч Какиномотоно Хитомарог(*15) таньдаг байлаа. Түүний зохиосон Танабата шүлэг өдийг хүртэл энэ улсад өвлөгдсөөр буй, уншаад үзээрэй. Хятад домгоос сэдэвлэсэн авч тэнд үхэрчин хүү, нэхмэлчин охин байхгүй. Тэр шүлгэнд өгүүлэх дурлалт хос бол Тэнгэрийн охин од, дамнуур од(*16) хоёр бөлгөө. Тэр хоёрын дэрний дэргэдүүр хятад нутгийн Шар мөрөн, Хөх мөрний давалгаа бус, энэ нутгийн гол горхин адил ариун тунгалаг Тэнгэрийн голын(*17) долгио сонсдож байсан билээ. Ингэхэд би шүлэгний тухай бус үсэгний тухай ярих ёстой.

  Хитомаро тэр шүлгээ тэрлэхдээ хятад ханз үсэг хэрэглэсэн. Гэвч тэр нь утга бус дуу авиаг тэмдэглэх үсэг байсан юм(*18) . “Шюү” дуудлагатай, “завь” утгатай ханз орж ирсэний дараа ч япон “завь” гэдэг үг үргэлж “завь” хэвээрээ л байсан. Эс тэгвээс бидний хэл хятад хэл болж өөрчлөгдөх байлаа. Энэ нь мэдээж Хитомаро гэхээс Хитомарогийн сэтгэлийг хамгаалах энэ нутгийн эзэн сахиус бидний хүч юм. Түүгээр ч үл барам хятадын сэтгэгчид энэ улсад уран бичих урлаг (calligraphy) хүртэл уламжилсан. Күүкай, Доохүү, Сари, Гоозэй(*19) - хүний нүднээс далдуур би тэднийг үргэлж эргэж тойрдог байлаа. Тэд хятадын бэхээр бичих урлагийг үлгэр жишээ болгож байв. Гэвч тэдний бийрний үзүүр яваандаа шинэ үзэсгэлэнг төрүүлсэн билээ. Нэг л мэдэхэд тэдний үсэг Ван Си-чжи, Чжу Сүй-ляны(*20) үсэг биш, япон үсэг болсон байлаа. Бидний ялсан нь зөвхөн үсгээр тогтохгүй. Бидний амьсгал далайн салхин адил Күнзийн сургаалийг хүртэл зөөлрүүлж чадсан. Энэ нутгийн хүмүүсээс асуугаад үзээрэй. Бурхад сахиус бидний уур хилэнг амархан бадраах Мэнзийн сургаальтай ном усан онгоцонд ачвал тэр онгоц заавал живнэ хэмээн тэд итгэдэг юм. Үнэндээ салхины сахиус бурхан Шинадо өдий хүртэл нэг ч удаа тийнхүү тоглон тохуурхаж байгагүй билээ. Гэвч хүмүүсийн энэхүү итгэлээс нь энэ нутгийн уугуул бидний хүч чадлыг өчүүхэн боловч мэдэрч болно. Та тэгж эс бодно гэж үү?
  Органтино өвгөний царай өөд үл ойлгосон янзтай харав. Даанч энэ улсын түүхийг мэдэхгүй тул өвгөний уран цэцэн үгсийн хагас нь түүний хувьд талаар болж өнгөрөв.
  - Хятадын гүн ухаантан мэргэдийн дараа энэтхэгээс Сиддхарта хаан хүү ирсэн билээ. Өвгөн үгээ үргэлжлүүлэн замын дагуу ургах сарнай цэцгийг таслан аваад баясгалантайгаар үнэрлэв. Харин сарнайг тасалсан авч сайхан цэцэг ишиндээ хэвээр үлдэв. Гагцхүү өвгөний гар дахь сарнай өнгө, хэлбэр адил боловч манан бүрхсэн мэт униартан харагдана.
  - Буддаг мөн адил хувь заяа хүлээж байлаа. Гэвч энэ бүгдийг тоочно гэдэг таныг уйтгарт унагахын нэмэр. Гагцхүү Бонжи сүйракү(*21) сургаалийг анхаарч болгоогоорой. Тэр сургаалийн дагуу Оохирүмэмүчи бол Дайничи Нёрай-тай(*22) адилхан хэмээн энэ нутгийн хүмүүс итгэсэн юм. Энэ нь Оохирүмэмүчигийн ялалт уу? Эсвэл Дайничи Нёрайгийн ялалт уу? Эдүгээ энэ орны хүмүүс Оохирүмэмүчиг мэдэхгүй, харин Дайничи Нёрайг олонх нь мэднэ гэж үзье. Гэлээ ч тэдний зүүд нойрондоо харах Дайничи Нёрайгийн дүр энэтхэг бурхан бус Оохирүмэмүчигийн төрхтэй байхгүй гэж үү? Би Шинран, Ничирэн(*23) нартай хамт сал модны цэцгийн нөмөрт алхаж явлаа. Тэдний чин сэтгэлээсээ итгэж шүтэх бурхан нь толгойдоо гэрэлт тойрогтой хар хүн (энэтхэг хүн) байгаагүй. Аядуу зөөлөн, сүр жавхлан төгөлдөр Жёогүү Тайшигийн(*24) ахан дүүс шиг төрхтэй байсан. Гэвч амласаныхаа дагуу удаан яриагаа үүгээр өндөрлөе. Гагцхүү, Дэүсү шиг манай нутагт ирэх нь олон ч, ялсан нь үгүй гэдгийг л уламжлах гэсэн билээ.

  - Түр азнаарай, та ийнхүү ярьж байвч гээд Органтино яриаг нь таслан үг хавчуулав. "Өөнөөдөр л гэхэд хоёр, гурван самүрай нэгэн зэрэг манай номд орсон шүү".
  - Хэд ч хамаагүй орж байг ээ. Зөвхөн номд орсныг хэлэлцвэл энэ нутгийн ихэнх хүмүүс аль хэдийнээ Сиддхарта хөвүүний сургаалийг хүлээж аваад байна. Гэвч бидний хүч чадал устгаж үгүй хийхэд үл оршино. Бидний хүч гаднаас ирсэн бүхнийг өөрчилж өөрсдөө шинээр бүтээхэд буй хэмээгээд өвгөн барьж байсан сарнайгаа шидэв. Сарнай гараас нь холдов уу үгүй юу үдшийн бүрийд дорхноо уусан алга болов.
  - Тийм үү, өөрчлөн бүтээх хүч чадал уу? Гэвч тэр бол зөвхөн та нарт заясан чадал биш болов уу. Ямар ч орон... жишээ нь грекийн бурхад гэгдэх, тэр улсын бузар савдгууд...
  - Агуу Пан өөд болсон. Гэхдээ дахин сэхэж магадгүй. Гэвч бид таны харж буйгаар өдий хүртэл амьд л байна.
Органтино гайхан өвгөний царайг нүднийхээ булангаар харав.
  - Та Паныг таньдаг байсан юм уу?
  - Баруун нутгийн даймёо нарын хүүхдүүд өрнө зүгээс авчирсан хөндлөн үсэгтэй номд бичсэн байна лээ(*25) ... Саяын ярианы тухайд, өөрчлөн бүтээх чадал зөвхөн биднээр хязгаарлагдахгүй ч сэрэмж алдаж санаа амарч болохгүй шүү. Харин ч эсрэгээрээ, тийм учраас л болгоомжтой бай хэмээн хэлмээр байна. Бид эртний бурхад шүү. Грекийн бурхадтай адил энэ дэлхийн үүр хаяарах цагийг харсан нь бид билээ.
  - Гэлээ ч Дэүсү ялах ёстой.
  Органтино хэлсэн үгээ гөжүүдээр дахин давтав. Гэвч өвгөн сонсоогүй аятай яриагаа аядуу үргэлжлүүлсээр байлаа:
  "Би дөрөв, таван өдрийн өмнө баруун эрэгт буусан грек далайчинтай таралдав. Тэр эр бурхан биш, жирийн нэгэн хүн. Би тэр далайчинтай сартай шөнө эргийн хадан дээр сууж янз бүрийн яриа сонсов. Ганц нүдтэй бурханд баригдсан тухай, хүнийг зэрлэг гахай болгодог охин тэнгэрийн тухай, сайхан хоолой заяасан загасан биетэй лусын дагинасын тухай... чи тэр эрийн нэрийг мэдэх үү? Тэр эр надтай тааралдсан цагаасаа хойш энэ нутгийн уугуул хүн болж хувирсан юм. Одоо бол нэр алдраа Юривака(*26) хэмээдэг гэсэн. Учир иймд та ч бас сэрэмжтэй байгтун. Дэүсү заавал ялна хэмээн баттай хэлэх аргагүй. Тэнгэрийн эзний сургааль хичнээн дэлгэрсэн байлаа ч ялна гэж баттай хэлэх аргагүй".
  Өвгөнийн дуу аажмар намуун болов.
  - Юмыг яаж мэдэхэв, Дэүсү өөрөө энэ нутгийн хүнд хувирч юу магад. Хятад, Энэтхэгээс ирсэн бүхэн өөрчлөгдсөн. Өрнөөс ирэх нь ч өөрчлөгдөнө. Бид моддын дунд байна. Гүехэн усны урсгалд байна. Сарнайн цэцгээр наадах салхинд ч байна. Сүмийн хананд хорогдох үдшийн гэрэлд байна. Хаана ч, хэзээ ч, бид байна. Болгоомжтой бай. Сэрэмжтэй бай...
  Дуу нь сонсогдохоо болиход өвгөн үдшийн харанхуйд сүүдэр уусах мэт алга болов. Тэр даруй сүмийн цамхгаас хөмсгөө зангидсан Органтиногийн дээр Аve Maria хонхон дуу эгшиглэн цуурайтав.

* * * * *
 
  Нанбанжи сүмийн падрэ Органтино – үгүй ээ, Органтиногоор тогтохгүй, лам өмсгөлийнхөө урт хормойг чирсэн өндөр хамартай, хүрэн үстэй хүмүүс үдшийн гэрэл тусах лавр, сарнайн зэрэглээн дунд хос бёобү(*27) халхавч руугаа буцаж оров. Японы боомтод Өмнөд Зэрлэгүүдийн усан онгоц(*28) орж буйг зурсан, гурван зуун жилийн тэртээх бёобү халхавч руу буцаж орлоо.
  Баяртай, падрэ Органтино! Та андуудтайгаа японы далайн эргээр алхан, алтан тоосны мананд тугаа өргөсөн Өрнийн Зэрлэгүүдийн өндөр хөлөг онгоцыг ширтэн харна. Дэүсү ялах уу, Оохирүмэмүчи ялах уу – үүнийг эдүгээ ч амархан тогтоох аргагүй байх. Гэвч хэзээ нэгэн цагт бид тогтоох болно.
  Өнгөрч улирсны тэр эргээс биднийг тайвнаар хараарай. Та бёобү зурагнаа нохой хөтлөх ахмад, шүхэр барих хар арьст хүүгийн хамт мартахын нойронд гүнээ умбасан ч гэлээ далайн хаяанаа шинээр гарч ирэх бидний хар хөлөг онгоцны галт чулуун сумны(*29) дуунаар зүүднээсээ сэрэх цаг ирэх нь гарцаагүй билээ. Тэр болтол баяртай, падрэ Органтино! Баяртай, Нанбанжи сүмийн Үрүган батэрэн(*30) ! 

  Тайшёо 10 оны 12 сар (1921) 

---------------------------------------------------------------------

(*11) Мэнз – эртний хятадын нөлөө бүхий сэтгэгч, МЭӨ 372-289, Күнзийн сургаалийг баримтлагч. Соц үед хэвлэгдсэн философийн толиос харахад дээхэн оросуудын галиглахыг дууриаж “Мэн-цзы” гэж бичдэг байж. Күнзийн нэрийг монголчууд хэрхэн галиглах уламжлалтайг бодон Мэнз гэж буулгалаа.
(*12) Жуанз – эртний хятадын сэтгэгч, даосизмын үндэслэгчийн нэг. Соц үеийн философийн тольд “Чжуан-цзы” гэж байгаа ч сүүлийн үед Жуанз гэж буулгах нь олонтаа. Түүний философид зүүдний нөлөө их, тэр тухай сонирхвол эндээс: http://igaa.blogspot.jp/2008/01/blog-post_15.html.
(*13) У улс – уламжлалт хятад ханзаар 東吳, хялбарчилсан ханзаар 东吴, Гурван улсын үеийн нэг улс, м.э. 222-280.
(*14) Цинь улс – хятадыг нэгтгэж чадсан эртний улс, м.э.ө. 778-207, Цагаан хэрэм барих ажил энэ улсын үед эхэлсэн.
(*15) Какиномотоно Хитомаро – нэрт яруу найрагч. Бүтээл нь эртний яруу найргийн дээж “Түмэн навчсын цоморлиг” буюу “Манъёошүү”-д орсон.
(*16) Тэнгэрийн заадасын хоёр талд байрлах Тэнгэрийн охин од (хэдрэг од) болон Дамнуур од (хэнгэрэг од). Англиар Vega, Altair гэдэг, оросоор Альтаир & Вега.
(*17) Тэнгэрийн гол – тэнгэрийн заадасыг японоор 天の川 (аманогава) гэдэг, утга нь “Тэнгэрийн гол”.
(*18) “Түмэн навчны цоморлиг” (“Манъёошүү”) бичигдэх үед хятад ханзыг утга бус, дуудлагыг нь голлон хэрэглэж байв. Тэрхүү авиа үсгийг “манъёгана” гэж нэрлэдэг. Яваандаа зарим хятад ханзыг хялбаршуулан хэрэглэснээр “кана” үсэг бий болж, орчин цагийн катакана, хирагана үсгийн суурь тавигдсан.
(*19) 空海 Күүкай (770-835) – Хэйн үеийн алдартай лам. Шашин, соёл, нийгмийн томоохон зүтгэлтэн. 804 онд хятадын Тан улсад сурахаар одож уран бичгийн мастер хэмээн алдаршсан. 道風 Доохүү (925-996), 佐理 Сари (933-988), 行成 Гоозэй (971-1027) – уран бичгийн нэрт мастерууд.
(*20) 王羲之 Ван Си-чжи (303-379), 遂良 Чжу Сүй-лян (597-658) – эртний хятадын уран бичгийн нэрт мастерууд.
(*21) 本地垂迹 Бонжи Сүйжякү – японд бурханы шашин дэлгэрэх үед гарч ирсэн номлол. Японы уламжлалт шинто шүтлэг, бурханы шашин хоёрыг нийлүүлж тайлбарладаг. Товчхондоо бурханы шашны бурхад, бодьсадва нар хүн ардад туслахын тулд дүрээ хувилгаж, Найман живаа сахиус савдагийн дүрээр японы энд тэнд үзэгдэнэ гэдэг. Хүмүүс Шинто шүтлэгийн бурхад сахиусыг бурханы шашны бурхдын хувилгаан дүр гэж итгэхийг "бурханы шашны ялалт” гэж үзэх уламжлалтай ч Акүтагава эсрэгээр бурхны шашны сургаалийг ард түмний уламжлалт шүтлэг даван дийлсэн хэмээн үзжээ.
(*22) Дайничи Нёрай – санскрит нэр нь Махавайрочана, монголоор Машид Гийгүүлэгч Намнан бурхан, япон нэрийг махчилан орчуулбал “Их нарны бурхан”.
(*23) 親鸞 Шинран (1173-1262) – нэртэй лам, бурхны шашны Жёодо (浄土) урсгалыг үндэслэгч. Жёодо урсгалд Амида (төвдөөр Одбагмид, монголоор Цаглашгүй гэрэлт) бурхны сургааль голлодог бөгөөд японд нэлээд өргөн тархсан . 日蓮 Ничирэн (1222-1282) – нэртэй лам, Ничирэншү сургуулийг үндэслэгч.
(*24) Шёотокү Тайши (574-621) – Асүка үеийн японы эрх баригч хунтайж. Бурханы шашин идэвхтэй дэлгэрүүлж олон сүм байгуулсан. 17 зүйлээс бүрдэх "Японы үндсэн хууль" баталж улс төр, засаг захиргааны ихээхэн өөрчлөлт хийсэн гавьяатай.
(*25) 1582 онд Кюүшүү арлын загалмайтны шашинд шүтэх гурван ноён (даймёо) хөвгүүдээ сургахаар Ром явуулж, тэд 1590 онд нутагтаа эргэж ирсэн. Хөндлөн үсэгтэй ном - япон ном босоо үсэгтэй тул өрнийн номыг ийнхүү нэрлэж байв.
(*26) Юривака – Японы эртний үлгэр домгийн баатар. Юривакагийн тухайн домгийг “Одиссэй” туулийн баатар Улисстай холбоотой гэх таамаг байдаг. Зохиолч, шүүмжлэгч Цүбоүчи Шёоёо (1859-1935) Ulysses нэрийн япон дуудлага нь Юривакатай төстэй (“вака” нь “залуу” гэх утгаатай дагавар), домгийн зарим хэсэг Одиссэйд гардаг үйл явдалтай давхардах тул Юривакагийн домог Одиссэйгээс эхтэй хэмээх таамгийг 1906 онд уран зохиолын сэтгүүлд дэвшүүлсэн байдаг.
(*27) бёобү – өрөөг зааглах эвхмэл модон халхавч, японы уламжлалт байшин барилгын салшгүй хэсэг. Цаасаар бүрхэж төрөл бүрийн зургаар чимдэг тул өрөөг зааглаж хуваахаас гадна гоёл чимэглэийн үүрэгтэй (дээрх зураг).
(*28) 南蛮船 Нанбансэн – махчилан орчуулбал “Өмнөд зэрлэгүүдийн усан онгоц”. Мүромачигийн сүүл үеэс Эдо үе хүртэл өмнө зүгээс японд ирсэн Испани, Португалийн хөлөг онгоцыг ийнхүү нэрлэж байв. Голландаас ирэх онгоцыг “Коомоосэн” (紅毛船) буюу “Хүрэн үст хүмүүсийн хөлөг онгоц” гэж байсан боловч хожим гадаад онгоцыг нийтэд нь “Нанбансэн” гэх болсон.
(*29) Хар хөлөг онгоц – 1853 онд японд ирж, их буугаар сүрдүүлэн улсаа нээхийг тулгасан америкийн усан цэргийн ахмад М.Пэрригийн онгоц.  Япон хүч мөхсдөж аргагүйн эрхэнд улсаа нээсэн тул 200 гаруй жил үргэлжилсэн гадаад ертөнцөөс хаалттай Эдо (1603-1868) үе дуусч, улс төр, хууль, боловсрол, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар өөрчлөн шинэчлэх Мэйжи үе эхэлсэн. Галт чулуун сум - их бууны сумыг тухайн үед ийнхүү нэрлэж байв.
(*30) Үрүган – португаль Органтино нэрийн япон дуудлага. Батэрэн - портуль “padre” буюу "загалмайтны шашны лам" гэх үгийн япон дуудлага.

2013/02/13

Р. Акүтагава "Бурхдын инээмсэглэл" II



  Гайхаж балмагдсан Органтиногийн өмнө японы Bacchanalia илбэ зэрэглээ мэт гарч ирэв(*7). Тэрээр улаан галын гэрэлд эртний хувцастай япончууд бие биедээ сакэ аягалан тойрог болон сууж буйг харав. Тойргийн голд эмэгтэй - өдийг хүртэл японд үзээгүй нуруулаг, чамбай сайхан биетэй бүсгүй - хөмрүүлж тавьсан торхон дээр ухаангүй бүжиглэж буйг харав. Мөн торхны ард хүдэр чийрэг эр уул овоо мэт сүндэрлэн зогч буйг харав. Тэрхүү эр мөчрөөс нь хаш эрдэнэс, толь зэргийг унжуулсан, үндсээр нь сугалсан бололтой сакаки(*8) модыг өндөрт өргөн барьж, ихэмсэг агаад тайван зогсоно. Тэдний эргэн тойронд хэдэн зуун тахиа сүүл, залаагаа шөргөөлдөн гүйлдэж, тувт хөгжилтэйгээр дуулан донгодоцгооно. Цаад талд нь... Органтино ахин дахин нүдэндээ итгэсэнгүй. Цаана нь агуйн хаалга шиг ганц том хад шөнийн мананд сүндэрлэн байлаа.
  Торхон дээрх бүсгүй зогсолтгүй бүжиглэсэн хэвээр. Үсэндээ боосон усан үзмийн ороонго тэнгэрт намиран хийснэ. Хүзүүндээ зүүсэн хаш чулуун сондор нь мөндөр шаагин орох мэт шажигнана. Мөн бүсгүй гартаа барьсан хулсны мөчрөө тал тал тийш сэвж салхи гаргана. Тэр ил гарсан цээж нь! Бамбарын улаан гэрэлд туярах хөхний толгой нь дур хүслийн билэгдэл мэт Органтинод санагджээ. Тэрээр Дэүсүд мөргөн харцаа бууруулах гэж байдгаараа хичээв. Гэвч бие нь ямар шидэт хүч эсхүл хараалын хүлээсэнд автсан юм, өчүүхэн ч хөдөлж эс чадна.

  Тэгтэл илбэ зэрэглээ мэт харагдах тэрхүү хүмүүсийг гэнэт нам гүм бүрхжээ. Торхон дээр бүжиглэх бүсгүй ч сэхээ орсон янзтай ухаангүй бүжиглэхээ болив. Үгүй, уралдан донгодож байсан үй түмэн тахиа хүртэл энэ мөчид бүгд хүзүүгээ сунган, нэгэн зэрэг дуугаа хурааж чимээгүй болцгоов. Энэ нам гүмийн дунд үүрдийн үзэсгэлэнт эмэгтэй хүний хоолой хаанаас ч юм сүр жавхлантай дуулдав:
  - Намайг энд нуугдах хооронд газар дэлхий түнэр харанхуйд автсан бус уу? Гэтэл бурхад хөгжилтэйгээр инээн баясах нь юу билээ?
Тэр дуу шөнийн тэнгэрт уусан алга болохуйяа торхон дээрх бүсгүй эргэн тойрноо зэрвэс тойруулж харснаа санаснаас зөөлөн дуугаар ийн хариулав:
   - Танаас илүү хүчтэй, шинэ бурхан ирсэн тул баярлаж буй билээ.
Тэр шинэ бурхан гэдэг нь Дэүсийг хэлж байж магад – Органтинод тэрхэн зуур ийм найдлага төрж хачин сониноор хувирч хувьсах зэрэглээ цааш хэрхэн өөрчлөгдөхийг сонирхсон нүдээр ажиглав. Нам гүм хэсэгтээ бүгдийг хүрсэн байлаа. Гэнэт тахиан сүрэг нэгэн зэрэг донгодов уу гэтэл шөнийн харанхуй мананг тогтоон хааж байсан бололтой агуйн гүн дэх хадан хаалга зүүнээс баруун руу аажим гулсан нээгдэв. Тэр хаалганы завсраар үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэнт гэрэл усан галав лугаа үерлэн урслаа.
  Органтино орилох гэв. Гэвч хэл нь хөдөлсөнгүй. Органтино зугтах гэв. Гэвч хөл нь хөдөлсөнгүй. Тэрээр энэ их гэрэлд толгой нь хүчтэй эргэж буйг мэдэрэхээс цаашгүй ажээ. Мөн тэр гэрлийн дунд эр, эм олон хүмүүсийн баярлан угтах дуу газраас тэнгэрт хүртэл хадан цуурайтна.
  - Оохирүмэмүчи! Оохирүмэмүчи! Оохирүмэмүчи!
  - Шинэ бурхан байхгүй! Шинэ бурхан байхгүй!
  - Тантай тэрсэлдсэн бүхэн мөхнө!
  - Хараарай, харанхуй алга болохыг хараарай !
  - Хараа хүрэх газар ... таны уулс, таны ой мод, таны гол мөрөн, таны хот тосгон, таны тэнгис далай байна.
  - Шинэ бурхан байхгүй. Бүгд таны зарц боол.
  - Оохирүмэмүчи! Оохирүмэмүчи! Оохирүмэмүчи!
  Ийн олны шуугиан дуунд Органтиногийн хүйтэн хөлс чийхарч, зовиуртайгаар юу ч юм орилоод байсан газраа тэсэлгүй муужирч унав...

  Тэр шөнийн гурав дахь харуулын(*9) алдад Органтино арай хийж ухаан оров. Түүний чихэнд бурхадын дуу одоо хэр хангинасан хэвээр. Гэвч орчноо тойруулан харвал сүмийн хоосон танхимд бүнхэрээс унжих дэнлүү л ханын зургийг бүдэг бадаг гэрэлтүүлсэн хэвээр байлаа. Органтино ёолон босч мөргөлийн ширээнээс холдов. Хий үзэгдэл ямар утгатай болохыг тэрээр ойлгож ядна. Гэсэн ч хий үзэгдлийг түүнд Дэүсү харуулаагүй гэдгийг л баттай мэдэх ажээ.
  - Энэ улсын сахиус савдагтай тэмцэх нь...
Органтино алхаж эхлээд нэг мэдэхнээ өөрөө өөртэйгээ аяархан ярьж эхлэв:
  - Энэ улсын хүч савдагтай тэмцэх нь миний санаснаас хавьгүй хэцүү ажээ. Ялах уу, аль эсвэл ялагдах уу...
Энэ мөчид чихэнд нь нэгэн шивнээ сонсдов:
  - Ялагдана!
Органтиногийн дотор эвгүйрч дуу гарсан зүг рүү цоо ширтэв. Гэвч бүдэг харанхуйд сарнай, алтан харгана цэцгээс өөр хүний төрхтэй төстэй юу ч харагдсангүй.

* * * * *

  Дараа өдрийн үдэш Органтино Нанбанжи сүмийн цэцэрлэгээр алхаж явлаа. Цэнхэр нүдэнд нь баярын өнгө тодорно. Өнөөдөр, нэг өдрийн дотор гурав, дөрвөн япон самурай итгэгчдийн эгнээнд элссэн учраас тэр билээ. Цэцэрлэгт чидун, лаврын мод үдшийн гэрэлд дүнсийн сүндэрлэнэ. Нам гүмийг эргэн ирж буй сүмийн тагтааны тэнгэрт далавчаа дэвэх дуу л үргээнэ. Сарнайн үнэр, элсний чийг... бүгд яг л далавчтай сахиусан тэнгэрүүд “хүний охидын гоо сайхныг хараад” эхнэр авахаар бууж ирсэн эрт цагийн тэр нэгэн өдрийн үдэш лүгээ амарлингуй байлаа(*10).
  - Ариун загалмайн гэгээн гэрлийн өмнө японы бузар сахиус савдаг хүртэл бууж өгөхөөс өөр аргагүй бололтой. Гэвч өчигдөрийн тэр үзэгдэл? Үгүй ээ, тэр бол хий үзэгдлээс хэтрэхгүй. Гэгээн Антониод хүртэл ад чөтгөр тийм хий үзэгдэл үзүүлж байсан бус уу? Өнөөдөр хэд хэдэн шинэ итгэгчтэй болсон нь үйл хэрэг маань үнэн зөв болохын баталгаа билээ. Яваандаа энэ орны өнцөг бүрт тэнгэрийн эзний сүм хийд сүндэрлэн босох биз ээ.
  Ийн бодолд автан Органтино улаан элсэн жимээр алхаж байлаа. Гэнэт араас нь хэн нэгэн мөрөн дээр нь аяархан алгадав. Органтино даруй эргэж хартал зам дагуу ургах моддын нялх ногоон навчис дээр үдшийн гэрэл л сүүмийн тусч байлаа.
  - Эзэнтэн минь, хамгаалж хайрла!
Ийнхүү бувтнаад Органтино ирсэн замаараа буцав. Гэнэт, хэзээ дөхөж ирсэн юм, хажууд нь урьд шөнийн хий үзэгдлийн хүмүүстэй адил хүзүүндээ хаш чулуун гоёл зүүсэн өвгөний манан бүрхсэн мэт униартсан дүрс зэрэгцэн алхаж явлаа.
   -Хэн бэ чи?
Гайхсан Органтино өөрийх эрхгүй зогсов.
  - Би юу? Хэн ч байсан яахав. Энэ орны бурхад сахиусын нэг нь.
Өвгөн инээмсэглэн найрсгаар ийнхүү хариулаад
  - Хамт алхъя. Би чамтай хэсэг хөөрөлдөхөөр гарч ирсэн юм гэв.

(төгсгөл дараагийн бичлэгт)

---------------------------------------------------

(*7) Дараах үйл явдал японы уламжлалт шинто шашны домогт тулгуурна. 8-р зуунд бичигдсэн 3 боть эртний шидэт түүхэн домгийн эмхэтгэл “Кожики”-д өгүүлсэнчлэн, Нарны бурхан Аматэрасү (өөр нэр нь Охирүмэмүчи) Сүсаноо бурхны балмад явдалд дургүйцэн тэнгэрийн хаданд нуугдахад Их тэнгэр, газар дэлхийг түнэр харанхуй нөмрөв. Тиймд Найман живаа бурхад мөнх шөнийн хамаг тахиаг цуглуулан нэгэн зэрэг донгодуулж, Амэно Үзүмэ бурхан тэнгэрийн хадны өмнө бүжиглэж, гайхан бишрэхийн дүр үзүүлэн энгэрээ задгайлж хөхнийхээ толгойг ил гаргав. Үүнд Найман живаа бурхад инээлдэн хөгжилдөж, их тэнгэрийн хөндий тэр аяараа хөдлөн доргижээ. Гаднах явдлын дуу чимээ Аматэрасү бурханд сонин санагдаж хадны цаанаас “Намайг энд нуугдахад бүх Тамано Хара, хамаг улс битүү харанхуйд автсан гэж бодсонсон. Найман живаа бурхад юунд инээлдэнэ вэ” хэмээсэнд Амэно Үзүмэ “Танаас агуу бурхан буйд бид инээлдэн баясна” гэж хариулжээ. Аматэрасү бурхан сонирхон хаднаасаа гарахад Их тэнгэрийн хөндий, газар дэлхий дахин гэрлээр бялхав.
(*8) 榊 сакаки – уламжлалт шинто шүтлэгийн ариун мод.
(*9) Гурав дахь харуул – дээр үед шөнийг нийт таван харуул буюу хэсэгт хувааж байсан. Гурав дахь харуул нь 23:00-01:00 юмуу 00:00-02:00 цагийг заана.
(*10) Зохиолч хуучин гэрээний шүлгийг чөлөөтэй өөрчлөн иш татжээ (6-р бүлэг, 2-р шүлэг)

2013/02/11

Р. Акүтагава "Бурхдын инээмсэглэл" I




Р. Акүтагава "Бурхдын инээмсэглэл"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Хаврын нэгэн үдэш падрэ Органтино(*1) орхимжныхоо урт хормойг чирэн Нанбанжи(*2) сүмийн цэцэрлэгээр ганцаараа зугаалж явлаа. Цэцэрлэгт нарс, агар моддын дунд сарнай, чидун, лавр гэх мэт өрнө зүгийн мод ургамал тарьсан байв. Модны мөчир бүүдийн харагдах үдшийн гэрэлд дэлбээлж эхэлсэн сарнай цэцгээс үл мэдэг анхилуун үнэр ханхлана. Тэр нь цэцэрлэгийн нам гүм байдлыг японы гэх аргагүй, ер бусын дур булаам увдистай болгож байлаа.
  Органтино ганцаар бодолд автан улаан элсэн жимээр алхана. Ром хотын Гэгээн Пётрын сүм, Лиссабоны боомт, рэбэйкагийн(*3) аялгуу, буйлсын амт, “Их эзэн, сэтгэлийн толин” (*4) дуулал... ийн олон дурсамж энэхүү улаан үст санваартны сэтгэлд нутаг усаа үгүйлэн санах гунигийг нэг л мэдэхэд авчирсан байжээ. Гунигаа сарниулахын тулд тэрээр Дэүсүгийн (Иисүс Христос) алдрыг давтан дуудав. Гэвч гуниг нь алга болох бүү хэл өмнөхөөсөө бүр илүү хүчтэй цээжийг нь давчдуулна. “Энэ орны байгаль сайхан” хэмээн Органтино гэмшингүй бодов.
  “Энэ орны байгаль сайхан. Цаг агаар нь ч зөөлөн дулаан. Хүмүүс нь... гэхдээ энэ шар зүстэй одой нараас харууд хамаагүй дээр ч байж мэднэ. Гэвч зан чанарт нь элгэмсүү тал бий. Бас сүүлийн үед итгэгч нар ч хэдэн түм болж нэмэгдлээ. Нийслэл хотынх нь тэг голд ийм сайхан сүм хүртэл сүндэрлэн бослоо. Тэгэхээр энд амьдарна гэдэг тийм ч сайхан хэрэг биш гэлээ, бас тийм ч муухай хэрэг биш байлгүй дээ? Гэтэл би гэдэг амьтан үе үе уйтгар гунигт умбах юм. Лиссабондоо харья, энэ орноос холдъё гэж заримдаа хүснэ. Зөвхөн нутгаа санасандаа ингэж гуниглана уу? Үгүй ээ, үнэндээ Лиссабон биш байлаа ч энэ улсаас л холдож байвал хаашаа ч хамаагүй харьд очих юмсан гэж бодно. Хятад ч бай, Сиам ч бай, Энэтхэг ч бай... тэгэхээр миний уйтгар гунигийг зөвхөн нутаг усаа санагалзах сэтгэлээр тайлбарлах аргагүй нь... Би зөвхөн энэ орноос, энэ орноос л нэг өдөр ч атугай хурдхан холдохыг хүсээд байна. Гэвч... гэвч энэ орны байгаль сайхан. Бас цаг агаар нь ч зөөлөн дулаан...”
  Органтино санаа алдав. Энэ үед түүний харц модны сүүдэрт ургах хөвдөн дээр унаж энд тэнд цайрч харагдах интоорын цэцгийн дэлбээд дээр санаандгүй тусав. Сакүра! Органтино гайхаж цочирдсон янзтай моддын хоорондох хар бараан зайг ширтэв. Тэнд дөрөв, таван дал модны дунд мөчрөө унжуулсан сакүрагийн цагаан цэцгэс зүүд зэрэглээ мэт униартан цайж байлаа.
  - Эзэн минь өршөөж хайрла!
  Органтино эгшин зуур загалмайгаар хэрээслэн өөрийгөө хамгаалахыг оролдов. Үнэхээр тэрхэн эгшинд үдшийн бүрэнхийд цэцэглэх унжгар сакүра (*5) түүнд төдий чинээ эвгүй, жигтэй харагдсан хэрэг. Жигтэй гэхээс энэ сакүра мод, түүнд ямар нэгэн шалтгаанаар түгшүүр төрүүлэх япон нутгийг бүхэлд нь төлөөлөх мэт санагджээ. Гэвч тэр даруй ламтан энэ бол ер бусын зүйл биш, жирийн л нэг сакүра болохыг олж харуут ичсэн аятай жуумалзаад ирсэн жимээрээ дуу гаргалгүй сулхан алхаагаар буцав.

* * * * * * * * *

  Тэрээр гучин минутын дараа Нанбанжи сүмийн гол танхимд Дэүсүд мөргөл үйлдэж байлаа. Тэнд бүнхэрээс унжих дэнлүүнээс өөр юмгүй. Дэнлүүний гэрэлд танхимын ханын зураг дээрх Гэгээн Михаил тамын ад чөтгөртэй Моисейн цогцосыг булаацалдан тэмцэлдэнэ. Гэвч шөнийн сүүмгэр гэрлийн тусгалаас болов уу, эрэлхэг сахиусан тэнгэрийг хэлэлтгүй архиран уурлах ад чөтгөр хүртэл ердийнхөөсөө нэг л үзэсгэлэнтэй харагдана. Тэр нь тахилын ширээнд өргөсөн шинэхэн сарнай, алтан харгана цэцгийн анхилуун үнэрээс болсон ч байж мэдэх юм. Органтино тахилын ширээний ард сөгдөн сууж, тонгойсон чигтээ ийнхүү халуунаар мөргөл үйлдэж байлаа:
  “Ивээл хайрлагч энэрэлт Дэүсү бурхан минь! Усан онгоцоор Лиссабоныг ардаа орхисноос хойш бүх амьдралаа тандаа зориулж ирлээ. Ямар ч бэрхшээл тохиолдсон байлаа, загалмайн гэгээн гэрлийг түгээхийн төлөө алхам ч арагш шантран гишгэлгүй үргэлж урагшилсаар ирсэн билээ. Энэ бүхэн ганц миний гавьяа хэрхэвч биш бөлгөө. Бүгд тэнгэрийн эзэн таны ивээл хайрын ач билээ. Харин японд амьдрахдаа миний зорьсон үйл хэчнээн хэцүү болохыг би мэдэж эхэлж байна. Энэ улсад... уул нууруудад нь ч, ой модонд нь ч, байшин эгнэсэн хотуудад нь ч, нэгэн далдын хүчин нуугдаж буй. Тэр хүчин зорьсон хэрэгт минь сэмхэн саад хийж байна. Эс тэгвээс би ямар ч шалтгаангүй ийнхүү уйтгар гунигийн ёроол уруу унана гэж үү? Харин тэр хүчин юу болохыг би ойлгож үл чадна. Ямар ч атугай тэр хүчин газрын судсаар гүйх гүний ус мэт энэ орон даяар урсан тарж байна. Юуны өмнө тэр хүчийг дарж давах хэрэгтэй, ивээлт Дэүсү минь! Нүгэлд автсан япончууд үүрд парайсогийн (диваажингийн) төгөлдөр сайхныг харах хувьгүй байж мэднэ. Үүний төлөө би хэдэн өдөр энэлэн шаналж байна. Таны үнэнч боол Органтинод зориг хатуужил хайрлагтун”
  Энэ үед Органтинод азарган тахианы дуу сонсдох шиг санагдсан ч тэрбээр үл тоон мөргөлийн үгээ үргэлжлүүлэв:
  “Би үйл хэргээ гүйцээхийн тулд энэ улсын уул нуруу, гол мөрөнд нуугдах тэр хүчин - магад хүний нүдэнд үл үзэгдэх, тэр сахиус савдагтай тэмцэх хэрэгтэй. Та минь Улаан тэнгисийн ёроолд Египтийн их цэргийг живүүлсэн билээ. Энэ улсын сахиус савдаг Египтийн их цэргээс доройтохгүй. Мөргөн гуйя, эртний зөн билэгчийг...”
  Органтиногийн амнаас гарах мөргөлийн үг гэнэт тасрав. Тахилын ширээний хажууд гэнэтхэн тахиа хачин чангаар донгодох нь дуулдсан болоод тэр билээ. Органтино итгэж ядсан янзтай эргэн тойрноо тойруулж хартал түүний яг ард, цагаан сүүлээ сэгсийлгэн унжуулсан азарган тахиа тахилын ширээний дээгүүр цээжээ гэдийлгэн, дахин үүр цайсныг зарлах мэт чангаар донгодох бус уу?
  Органтино босож харайгаад хоёр гараа сунган шувууг хөөж гаргахыг тэвдэн сандран оролдов. Гэвч хоёр, гурав гишгэснээ “Бурхан минь!” гэж амьсгаа тасалдан уулга алдаад, байсан газраа гэнэт хөшиж орхив.
  Бүдэг харанхуй сүм хэзээ хаанаас орж ирсэн юм, тоолж баршгүй олон тахиагаар дүүрсэн байлаа. Тэд дээгүүр хөөрөн нисч, газраар хөөцөлдөн гүйх агаад ламын хараа хүрэх газар тэр аяараа тахианы залаан далай болсон байлаа.
  -Бурхан минь, хамгаалж хайрла!
  Органтино дахиад хэрээс татах гэв. Гэтэл яагаад ч юм гар нь бахиар хавчуулсан мэт өчүүхэн ч хөдөлсөнгүй. Аажмаар бамбарын галтай төстэй улаан гэрэл хаанаас ч юм тусч сүмийн доторхыг гэрэлтүүлэв. Органтиногийн амьсгаа нь давхцан түргэсэж, гэрэл тусахын зэрэгцээ эргэнд тойронд нь хүмүүс байгааг бүдэг бадаг ялгаж эхлэв.
  Хүмүүсийн бараа харсаар байтал тодорлоо. Урьд өмнө үзэж хараагүй энгийн хувцастай эр, эм хүмүүс байлаа. Бүгдээрээ утсанд хэлхсэн хаш чулуун гоёлоор хүзүүгээ чимсэн агаад хөгжилтэйгээр инээлдэж байлаа. Сүмд багшрах тоолж баршгүй олон тахиа хүмүүсийн бараа тодронгуут өмнөхөөсөө бүр илүү чангаар дуулан донгодов. Энэ бүхэнтэй зэрэгцэн сүмийн хана - гэгээн Михаилын зурагтай хана - манан мэт шөнийн харанхуйд уусан алга болов. Оронд нь...

(үргэлжлэл дараагийн бичлэгт)

---------------------------------------------------

*1 Органтино – Gnecchi-Soldo Organtino (1530-1609), итали гаралтай түүхэн бодит хүн. 1570 онд японд ирээд Кёотод залмайтны шашин номолж байсан. Ода Нобүнагагийн итгэлийг олсноор 1581 онд япон дахь анхны католик сургууль байгуулсан.
*2 南蛮寺 Нанбанжи буюу Нанбандэра. Өргөн утгаараа 1549 онд загалмайтны эхний лам японд ирж, 1614 онд эрх баригч Токүгава Иэясү загалмайтны шашныг япон даяар хорих хүртэлх хугацаанд баригдсан загалмайтны модон сүмийг нийтэд нь ийнхүү нэрлэнэ. Нарийн утгаар нийслэл Кёото хотод 1576 онд баригдсан 3 давхар, япон маягийн сүмийг заана (дээрх зураг).
*3 рабейка – португаль rabeca буюу “хийл” гэдэг үгний япон дуудлага.
*4 Магтаал дууны (psalm) нэрийг махчилан орчуулав. Оросоор “Господь, зерцало души нашей”, англиар “Lord, the Mirror of my Soul”. 104-р магтаал дуу гэж тааж байгаа ч япон 讃美歌104-ийн орчуулгатай харьцуулахаар ондоо санагдаж эргэлзнэм.
*5 унжгар сакүра (итозакүра – 糸桜, шидарэзакүра – 枝垂れ桜) - уян мөчир нь уд модных шиг доош унжин саглайдаг сакүрагийн нэгэн төрөл.

2013/01/21

Зэвүүн Монгол

The Mean Mongolian
The Ratty Nepalese
  Шибаяма Ютака "Зэвүүн монголын тухай"
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Хориод жилийн өмнөх явдал билээ. Тухлан үзсэн кино дуусаж, бүдэг харанхуй кинотеатрт жүжигчдийн нэрсийн жагсаалт гарч байлаа. Гэнэт “The Mean Mongolian” буюу "Зэвүүн Монгол" гэх дүрийн нэр нүдэнд тусч мэл гайхаж цэл хөхрөх гэгч болов. Миний үзсэн кино бол Стивэн Спилбэрг найруулагчийн "Алдагдсан авдрын эрэлд" ("Raiders of the Lost Ark", 1981) гэдэг алдартай бүтээл байв.

Би өдийг хүртэл “Мүраками болон Монгол” зэрэг өгүүлэлд Монголд хандах ориентализмын тухай бичиж байсан боловч “The Mean Mongolian”-ны тухай бичих боломж хараахан байгаагүй учир энэ завшааныг ашиглан та бүхэнтэй санаа бодлоо хуваалцахыг зорив.

Балбын нэгэн уушийн газар гэнэт орж ирээд, гол дүрийн нэгд тоглох Карэн Аллэнд буудуулдаг “зэвүүн монгол”-ын төрх байдлыг кинонд тодорхой эс харуулна. Киноны төгсгөлд “The Mean Mongolian” гэдэг дүр “The Ratty Nepalese” ("Өөдгүй балба"), “The Giant Sherpa” ("Аварга Шэрпа") гэх хоёр дүртэй хамт гарч байгаагаас харвал “mean” гэдэг нь гаднах төрхийн онцлог буюу үзэмж байдал нь үлэмж муухайг зааж байх магадлалтай. Гэвч “зэвүүн монгол” бүү хэл уушийн газар байсан гол баатрууд, бас бус туслах дүрүүдийн хэнийг нь ч “цэвэр цэмцгэр” гэж хэлэхэд хэцүү харагдана. Мөн үйл явдал Балбад болж буй учир “Ratty Nepalese”, “Giant Sherpa” зэрэг дүр байгааг ойлгож болох ч газрын хаанаас, юуны учир монгол хүн гараад ирэв гэдэг нь гайхал төрүүлнэ. Тиймээс киноны муу дүрүүдийг “Муу дүр 1, Муу дүр 2, Муу дүр 3” гэж дэс дараалан тоочихын оронд тодорхой үндэстний нэрийг муу дүрийн нэр болгон хэрэглэж буйд ямар нэгэн учир бий гэж бодох нь зүйд нийцнэ. Балбын “local” буюу “нутгийн хүн” гэж хэлэх аргагүй монгол хүний хувьд “mean” гэдэг тодотгол нь гаднах төрх байдлыг заахаас илүү өргөн утгатай болов уу. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн тодорхой хүний зан чанар, онцлогийг заах бус “хорон муу санаатай, шуналтай, өөдгүй муухай, харгис хэрцгий” гэсэн утгаар бүлэг хүмүүсийн тухай стереотиптой холбож эргэцүүлбэл ойлгоход илүү дөхөм болов уу.

“Raiders of the Lost Ark” киног 90-ээд оны эхэнд судлаач Элла Шохат (Ella Shohat) “Америк болон еврей хүмүүсийн нэгдлийг онцлон чухалчилсан” гэхээс гадна “Золиос, эмгэнэлийн түүхээс аврагдах фантази” гэж дүгнэжээ. Үнэхээр ч энэ киноны сайн, муу хоёр талт тэмцэл нь Германы нацистуудын эсрэг үү, үгүй юу гэдэг нэг л хүчин зүйлээр тодорхойлогдоно. Шохат “далд еврей хамаарал” ихтэй хэмээн цохон заасан энэ кинонд гарч буй монгол хүний дүр нацистуудын гар хурууны үзүүрт хөдлөх учир мэдээжийн хэрэг “муу” талд харъялагдана.

Гэвч киноны үйл явдал өрнөх 1936 оны үед Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай холбоо тогтоож Германы нацистуудын эсрэг байр суурьтай байсан. Өвөр Монгол бол Хятадын Гоминьданы засгийн эрхшээл доор тусгаар тогтноогүй, өөртөө засах эрх ч үгүй байсан. Монголын зүүн хэсэг Манж-Го улсын бүрэлдэхүүнд орсон тул Германтай холбоотны гэрээ байгуулсан Японы эрхшээлд байсан гэж үзэж болно. Гэвч хэдий Японы эрхшээлд байлаа ч Балбаас хаа хол орших тэднийг япончуудтай адилд тооцож болохгүй. Тиймээс кинонд гарах монгол хүн нь бодит газар зүйн байрлал, улс орон зэрэгтэй огт холбоогүй юм. Энэ дүрийг өрнийн орнуудын хэлэнд “mongol” гэдэг үгийн илэрхийлэх хэвшмэл утга буюу япон, монгол зэрэг арьс угсааны (race) тухай муугаар тогтсон тодорхой үзэл бодлын бодит илрэл гэж дүгнэж болно.

Оросын Соловьёв (1853–1900), Германы Вильгелм II нарын “Шар аюул”-ын (The yellow peril) тухай үзэл, 1936 оны түүхэн үйл явдлыг эргэцүүлбээс, нацистуудтай гар нийлэх “муухай шар арьстан” нь монгол биш япон хүн байх нь түүхэн талаасаа илүү оновчтой (1980-аад онд киног Японд гаргах үеийн ашиг орлогын асуудлыг түр хойш тавьбал) атал яагаад заавал монгол хүнийг сонгосон бэ? Үүний шалтгаанд анхаарлаа хандуулъя.

Юуны түрүүнд mongol гэдэг үгний ялгаварлан гадуурхах утгыг авч үзье. Нэгт, mongol гэдэг үгээр  дауны синдромыг илэрхийлнэ. Цаашилбал, Спайк Ли найруулагчийн "Ширэнгийн халуун" (“Jungle Fever”, 1991) кинонд энэ үг хар, цагаан арьстай хүмүүсийн дунд төрсөн “эрлийз”, янз бүрийн утгаар “холимог хүмүүс”-ийг гадуурхаж хэлэх үгний хувьд удаа дараа хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл “mongol” нь “цэвэр цусгүй”, “зүйд харш” буюу заваан, муухай гэх утгыг заах тэмдэг нэр болно.

Дуугүй үеийн кино шиг ар араасаа үйл явдал нь өрнөх адал явдалт кино хийхдээ “хорон нацистууд болон зэрлэг варвар” гэх хослол бий болгохын тулд Спилберг “яс үндэсний” хувьд монгол биш баруун Тринидад улсаас гаралтай, мангас монстеруудын дүрд тоглохдоо гарамгай сайн Сони Колдинэз (Sonny Coldinez) жүжигчнийг сонгожээ. “Багдадын хулгайч” (The Thief of Bagdad, 1924) киноны найруулагч Рауль Уолш (Raoul Walsh) монгол хунтайжийн дүрд Камияма Сожин хэмээх япон жүжигчин сонгосоныг Спилберг мэдэх агаад зориуд түүнээс тэс ондоо шалгуураар жүжигчнээ сонгосон болов уу.

Мөн “Гитлер = хорт эзлэн түрэмгийлэгч, хорт эзлэн түрэмгийлэгч = Чингис хаан, Чингис хаан = монголчууд” гэх нэг төрлийн холбоо үүсгэж ургуулан бодох “game” байна. Тиймээс “зэвүүн монгол” гарч ирэх хэсэгт үзэгчид энэ холбоог эсрэгээр нь ургуулж бодоод Гитлерийн дайныг Чингис хааны байлдан дагуулалтай адилтгаж бодох болно.

Гэвч үнэн хэрэгтээ Чингис хааны үед холимог (hybrid) буюу олон аймаг, овог ястны хүмүүсийг нэгтгэсний үр дүнд бий болсон монгол үндэстэн нь еврей ч бай хэн ч бай, тодорхой ямар ч үндэстнийг хүйс тэмтрэхийг хүсээ ч үгүй, оролдоо ч үгүй. Спилберг хүүхэд залуучуудын боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг атлаа үлгэр домгийг ойлгомжтой болгохын тулд дэлхийн эзэгнэлийн тухай ийм ташаа image хэрэглэсэн нь залуу үе, ялангуяа 9.11-ээс хойшхи үеийхэнд өрөөсгөл ойлголт үлдээх болов уу. Гэвч Холливуудыхан тэр зэргийг юман чинээ бодож эргэцүүлэлгүй улиг болсон аргаараа (cliche) Гитлер, Чингис хаан хоёрыг адилтгасан хэвээр. Үүний цаана давхар бас нэгэн чухал үүрэг (функци) нуугдаж буй юм.

Хүйтэн дайны үеийн Холливудын олон киноны – түүхэн сэдэвт киноноос эхлэн бүр цахим панк (cyberpunk) төрлийн кино хүртэл – эсрэг талын дүрээс “харгис Чингис хааны” сүүдрийг харж болно. Нөгөө талаас, Холливууд тухайн үедээ “америк эр хүний бэлгэ тэмдэг” гэгдэх Жон Вэйнийг Чингис хааны дүрд тоглуулсан нь анхаарал татна. Голдуу вестерн төрлийн кинонд тоглодог Жон Вэйн 1956 оны “Эзлэгч” (“The Conqueror”) кинонд Чингис хааны дүрийг гаргасан нь Америк хүч хэрэглэн шинэ газар нутагт өөрийн “шударга ёс”-ыг тогтоож буй явдлыг Чингисхааны байлдан дагуулалтай адилтгасан мэт. Гэвч их гүрэн Америкийн хүч чадлыг илэрхийлэх цөмийн зэвсэг турших цөлд киноны зураг авсан нь Жон Вэйны насыг богиносгож, хожим хорт хавдраар нас барахад хүргэсэн нь юутай егөөтэй хэрэг вэ.

Чингис хаан болон түүний хөвгүүд Зүүн азиас эхлэн Төв еврази, цаашлаад Европын зарим хэсэг хүртэл маш олон үндэстэн ястныг Монгол гэдэг нэрийн дор нэгтгэн захирч, цэргийн хүч чадлынхаа ачаар энх тайвныг тогтоож, дэлхийн зах зээлийг бий болгосон юм. Харин өнөөгийн Америк цэрэг зэвсгийн их хүчээрээ далайлган өөрөө өөрийгөө дэхийн энх тайвныг сахиулах албанд томилж, олон орны хүмүүс холилдож бий болгосон соёл, глобал эдийн засгийн ачаар “импери” үүсгээд байна. Хэрэв пакс американаг пакс монголика дахин бий болсон явдал гэж үзвэл, америк Чингисийн Их монголыг дүрслэхдээ өнөөгийн америкийн байдлыг эрт дээр үеийн түүх ашиглан гаргаж буйгаас өөрцгүй.

Чингис хааныг шүтэн бишрэхийн тухайд Оябэ Зэнъичироо, Озаки Широо, Иноүэ Ясүши, Кадокава Харүки зэрэг ар араасаа залгамж авах мэт үргэлжлэх олон зохиолчидтой учир Япон ч Америкаас дутахгүй. Гэвч Дэлхийн II дайнаас хойшхи америкийн хувьд Чингис хаан нь Японоос арай өөр утгаар “эсэргүүцэх аргагүй дур булаам” дүр байсан мэт санагдана. Үүнийг дараах жишээ том томруунаар харуулах болов уу.

Японд ч нэлээд нэртэй байсан олон ангит “Баруун жигүүр” (The West Wing, 1999-2006, NBC) киноны 5-р хэсэгт “Чингис хааны байлдаан” (“The Warfare of Genghis Khan”) гэдэг анги байдаг.

2004 оны 2 сард гарсан энэ ангид, Энэтхэгийн далайд Иран улс цөмийн зэвсэг хэрэглэхийг завдаж буй тухай мэдээ аваад Мартин Шиний (Martin Sheen) тоглосон америкийн ерөнхийлөгч Бартлэт Ираныг довтлох эсэх тухай  шийдвэр гаргах болно. Иран цөмийн зэвсэг хэрэглээгүй нь сүүлд тодорхой болох боловч Америкийн “төгс төгөлдөр” (либерал үзэлтэй, католик шүтлэгтэй, сонгодог боловсролтой, гэр бүлээ хайрладаг, урлагийн сайхныг ойлгодог, Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч боловч гагцхүү япон эрдэмтэнтэй Нобелийн шагнал хувааж хүртсэндээ сэтгэл дундуур явдаг нэгэн) ерөнхийлөгч Израилийн ерөнхий сайдтай цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлын тухай санал солилцохдоо Ханс Альбрэхт Бэтийн хэлсэн үгийг иш татна. “Манхаттан төлөвлөгөө” (Manhattan Project) боловсруулсан гол гишүүдийн нэг, Трумэны устөрөгчийн бөмбөгийг эсэргүүцэж, хожим Нобелийн шагнал хүртсэн физикч эрдэмтэн Ханс Альбрэхт Бэт “Устөрөгсийн бөмбөг хэрэглэвэл бид ямар зарчим, юуны төлөө дайтсан бус, ямар аргаар дайтсан нь түүхийн хуудсанд үлдэнэ. Бидний дайтсан аргыг Персийн иргэн бүрийг хайр найргүй хядаж алсан Чингис хааны байлдан дагуулалтай зүйрлэх болно” гэж хэлсэн байдаг.

19-р зуунд Якоб Букхардт (Jacob Burckhardt) шиг өргөн мэдлэгтэй хүн хүртэл монголчууд харгис зэрлэг гэдэгт огт эргэлзэлгүй итгэж байжээ. Гэвч Чосэрийн (“Кантэнбэрийн туульс”-ыг бичсэн Чосэр буюу Geoffrey Chaucer, орч.) үеийн европт Чингис хаан гэдэг нь хааны нэр төдий л байсан бөгөөд үнэн хэрэгтээ Чингис хаан хоёр удаа атомын бөмбөг хаяхтай дүйцэх аллага таллага хийж байгаагүй юм. Америк энэ бүхнийг мэдэх боловч “эзэнт улсын” хүчирхийллийг “зэрлэг монголчуудад” үүрүүлээд өөрсдөө “соёл иргэншилтэй” учир хариуцлага хүлээх ёсгүй гэх “Чингис хааныг ашиглах” тун өвөрмөц аргыг нээсэн гэж болно.

Киноны төгсгөлд “Иргэн Кэйн”-д өргөх магтаал мэт тоолж баршгүй олон хайрцаг өрөөстэй агуулах гарч, тэнд агуу хүч агуулах "ark"-ийг(*1) хадгалж буй хэсэг гарна. Тэр нь түрүү өгүүлсэнчлэн, Альбрэхт Бэт өөрийн гараар хийж боловсруулахад тусалсан аймшигт хүч зэвсгийг зөвхөн Америкийн цэрэг эзэмших явдлыг зөвтгөхөд үзэгчдийг хандуулна.

Арай л хэтрүүлчихлээ гэж хэлүүлж магад ч энэ кинонд “зөв” талаа хамгаалахын тулд еврей домог, геополитикийн аллегори зэргээр тогтохгүй ориентализмын үүднээс бий болсон “The mean Mongolian” гэх хачин дүрийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байжээ. Гэвч монголчуудад хандах ориентилизм холливудын киногоор хязгаарлагдахгүй. “Сонгодог” хэмээн шагшин магтагдсан Всеволод Пудовкины “Чингис хааны удам” ("Потомок Чингисхана", 1928) киноноос эхлэн Асано Таданобү хэцүүхэн монгол хэлээр Чингис хааны дүрд тоглосон саяхны “Монгол” (2007) зэрэг бүгдийг нь нэрлэнэ гэвэл нэлээд цаг гарздах болно. Харин сүүлийн үед хамгийн их санааг зовоож буй нь монголчуудын өөрсдөдөө хандах ориентализм билээ. Үүнд анализ хийх нь Спилбергийн киноноос хэд дахин хэцүү, ярвигтай боловч хэзээ нэгэн цагт бичье хэмээн бодож явна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

*1 ark - "авдар" хэмээх утгатай үг. Синай уулын орой дээр бурхан Моисэйд хэлсэн арван сургаалийг сийлсэн чулуун хавтан дотор нь байдаг гэдэг, еврей үндэстний үнэт эрдэнэ. Мөн ark нь хуйлсан Тора судрыг хадгалах авдрыг заана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Энэ нийтлэл бол монгол судлаач эрдэмтэн, японы Сэйсэн Жёгакүин их сургуулийн багш Шибаяма Ютакагийн нийтлэл юм. Монгол хүмүүст танилцуулах хүслийг минь хүлээн авч орчуулах зөвшөөрөл олгосонд Шибаяма багшид блогоороо дамжуулан талархал илэрхийлье!

Японы кино урлагийн холбооны сэтгүүлийн 2009 оны 9 сарын дугаарт хэвлэгдсэн эхийг эндээс харж болно: http://jscs.h.kyoto-u.ac.jp/nl0909.html  Зарим хэсгийг монгол уншигчдад ойлгомжтой болгохын тулд багшаас зөвшөөрөл авч бага зэрэг дэлгэрүүлж орчуулсан байгаа.  Киноны нэр, хүмүүсийн нэр, зарим үгийг  хаалтанд англи, монголоор бичсэн нь ч цэвэр миний нэмэлт. Мөн  "Мүраками болон Монгол" -ын линкийг дур мэдэн оруулсан болно. Ихийг мэдэж эргэцүүлэх тул япон хэлтэй хүмүүсээс уншаарай хэмээн хүсмээр байна. Шибаяма багшийн бусад эрдэм шинжилгээний өгүүллүүдийн тухай Наранбаяр блогдоо дурдсан тул сонирхсон хүмүүс ийшээ:  http://emosclub-naranbayar.blogspot.jp/2006/12/blog-post.html

Орчуулгын тухай нэгийг асуухад "аrк"-ийг монголоор юу гэж орчуулах нь зүйтэй бол?  Утгын хувьд "авдар" боловч зүгээр "авдар" гэж орчуулж болохгүй. Учир нь "авдар" гэвэл монгол хүнд айл гэрийн хойморт байдаг арслантай авдар л бодогдоно. Би гэхдээ бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч болов. "Orientalism"-ыг харин олон юм бодолгүй байгаагаар нь  "ориентализм" гэж буулгалаа. Утгын хувьд "дорно дахиныг дорд үзэх үзэл", "дорныг дорд үзэх" гэж орчуулах нь зөв боловч нуршуу даа.

Ингэхэд тэр "Зэвүүн Монгол"-ын царайг ээ... Балбууд тормолзсон том нүдтэй атал "Өөдгүй балба"-ын нүд жигтэйхэн онигор. Ер нь найруулагч монгол, балба хоёрыг андуурчихсан юм биш үү?

Энэ нийтлэл монголчууд бидэнд нэгийг бодуулж нөгөөг сануулна гэж найдна.

2013/01/16

Монгол (?) ёс


Арван хуруу арвалзаад амар заяа үзүүлэхгүй нь ... йимд бичихээр шийдвэй.

Дээхэн, намрын дунд сарын адагт... хэд хоног интэрнэшнл митинг гэгчийг зохион байгуулж элдэв газраас ирсэн хүмүүсийг баруун, солгой гар, хоолойгоо хослуулан зохицуулж явлаа. Гэхдээ Японд олон удаа ирж байсан хүмсийг зохицуулах юу байхав, хоёр хоногийн хурал гэгчийг хурдхан дуусгаад сүүлийн өдрөө сайхан найрлаж, наргиж суутал... Солонгосын групп компаний шинэхэн дарга тэрүүхэндээ од болж байна аа. Австрали, Англи, Чех, Орос, Япон, за тэр Тайланд, Малайзи гээд Азийн орнуудаас ирэгсдийг бол бүр ч ярилтгүй, цугласан баахан улсаас со дарга л гавын ганцаар Монголд очиж үзсэн болж таарав. Манайхан ажлаар ийш тийш нэлээд явна, баргийн хүний очоод байхгүй Иран, Өмнөд Африк хүртэл явна, гэхдээ Монголд очиж үзсэн нь зөвхөн со дарга санж. За тэгээд сонин содон оронд очиж үзсэн хүний хувьд ярьжийнааа, ярьжийнаа, бусад нь сонсжийнаа.

Солонгос: Монгол вааааау!! Байгаль тансаг!
Бүгд: Гоёиййййн.
Со: Хүмүүс нь вааау! Зочдоо хонь гаргаж дайлдаг.
Бүгд: Малчин хүмүүсийн эртний сайхан заншил уу тээ?
Сүрэн: Тээээх.
Со: Гэрт амьд хонины хүзүүг тас хэрчээд аяга тосч цусыг нь уудаг. Чадах уу та нар?
Бүгд: Гүүүүүүүүүүүү.
Со: Би уусаншд.
Бүгд: Сүгоооо! Мундгийн!!

(Сүрэнгийн толгой дээр "?" бөмбөлөг үүснэ)

Бүгд: Уусан уу тэгээд? Амт нь ямар?
Со: Амссан, архитай хольж.
Бүгд: Яаа яааа.
Со: Дараа нь буу гаргаад...
Бүгд: Ваааау, жинхэнэ буу?
Со: Жинхэнэ гар буу. Тэгээд хонио аваад...
Бүгд: ???
Со: Гадаа гарч буудсан.
Бүгд: Пааааах, чи харсиймуу?
Со: Архиар шахуулаад гадагш гараагүй. Гэхдээ буун дуу сонссон.
Бүгд: Пөөөөөх (бүгд Сүрэн рүү сонжсон, гайхсан сонин харц чулуудна)

(Сүрэнгийн толгой дээр ???? бөмбөлөгүүд  бөөгнөрнө)

Нэг иймэрхүү.
Дараа нь асуулаа. Та Монголд удсиймуу, яасийн? Хаашаа явсийн, юу хийсийн? Манай ажил Монголтой холбоогүй, тэгэхээр аялсиймуу, ер нь яг яаасийн? Тэгсэн өмнөх ажлаараа Монголд очиж, хотод хоёрхон хоносон гэжийнэ. Гүй тэгээд хоёрхон хонохдоо хонины цус мус уух шоу хаана үзчихдэг байна аа? Хотоос зайдуу, олон гэр эгнэсэн газар гэнэ.

Хонь гаргаж хүндэт зочноо дайлах ёс монголд бий. Гэхдээ бурхан минь, малын хүзүү хоолойг хэрчиж цусыг нь уух ёс байхгүй шдээ, тэгээд ч нэгэнт төхөөрсөн малыг дахиж гаргаж буудна гэж юу гэсэн үг вэ? Та яриагаа арай л дэндүү давсалж хачирлах юмаа! гээд дуугаа өндөрсгөв. Тэгсэн "Гүү гүүү, аав ээжийн амь насаар андгайлъя, үнэнийг өчсөн" гэж байхим.

Сүрэн: Үгүй, нээрээ хонь байсимуу?
Со: Хонь, хонь. Эвэргүй байсан шдэ.
Сүрэн: Монголд зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гээд янз бүрийн шалтгаанаар гөрөөсний цус уудаг. Гөрөөсний цусыг шууд ууж чадахгүй хүмүүс архиар найруулж уудаг. Гэхдээ гөрөөсний цус уухын тулд анд явна шдээ. Хонины цус ууна гэж энэ насандаа дуулж байгаагүй.... залаад байгаам биш бээз?! (хөмсөг зангидна)
Со: Үнээээн, өөрийн хоёроороо харсан. 

Нэг тиймэрхүү.
Баахан шалгаасны дүнд толгой дээрх бөмбөлөгийн ганц нэг нь хагарав. Хэдэн залуучууд хөдөө дагуулж явсан юм байж. Гэхдээ хэдий хотоос гарч үзээгүй, улс Монголоо Улаанбаатраар төсөөлдөг залуус олширсон ч гэлээ арай л ингэж тэнэгтэрмээргүй... Лалын шашинтай казах түмэн мал муулахдаа цусыг нь гаргах заншилтай байдаг, казах хүн байсан болов уу? гэж нэг бодож үзлээ. Гэхдээ гар бууг юугаар тайлбарлах уу? Тиймээс хотын тэнэг залуучууд мань хүнийг аль нэг жуулчны баазад аваачиж дайлж цайлахдаа сайхан цаашлуулсан байх л гэж бодлоо... Үнэндээ өөр тайлбар олдохгүй юм. Харин өнөөх нь үзүүлбэрт итгэчихээд монголчууд хонины хоолой хэрчдэг, цусыг нь тосч уудаг, дараа нь гаргаж бууддаг тухай яриад явж байдаг...

Гэхдээ л тэр цус мус уух одоо юу вээ? Бас бууны тухай яриаг ч үнэн ойлгоогүй, хаанаас юун буу вээ... Тэгсэн со дарга гар буу гаргаж үзүүлсэн, үнэнийг хэлсэн, гадаа гарсны дараа буун дуу сонссон гээд байхыг яаана. Таныг цаашлуулж тоглоомон буу гаргаж дээ гэтэл “Бүсгүй басаад байгаарай, би гурван жил цэрэгт явсан, жинхэнэ буун дууг ялгахтайгаа”. Уул хүн нь мажимэ, буурь суурьтай, хүмсийн анхаарал татах гэж элдэв худал юм яримгүй л дээ. Яахав муугаар бодож яриандаа давс хачир нэмсэн ч гэлээ... манай залуучууд гадны хүнд экзотик Монголыг үзүүлий гэхдээ арай л дэндүүлжээ. Энд тайлбар тавьж залруулах Сүрэн мэтийг бодоод, за Сүрэн ч дүүрч, нөгөө цээжээ дэлсэн байдаг эх орныхоо нэрийг бодоод гадны зочдоо наанатай цаанайтай дайлж бай л даа.

Хамгийн харамсалтай нь гадны зочин энэ бүхнийг хотын мангар залуучуудын маяглал биш малчин түмний маань ёс гэж ойлгосон байлаа.

2012/12/21

Дэлхийн сүйрлийг тоолох уу

За маргааш манай энэ ертөнц юу болох гэжийна... хэхэ

Орос найзуудын маань хэлснээр энэ бүхэн эртхэн уушийн газар очиж, ууж суух бас нэг сайхан шалтгаан шдээ. Нэгэнт сөнөх юм бол уусан шиг уугаад, дуулсан шиг дуулж байгаад нөгөө ертөнцөд очвол даж тээ. 

Тэгсэн Сүрэн уугайл уугайл уугайл, унтаад сэрсэн чинь мама, папа, би яаачваа, та нар хаачваа. Толгой мансуурсан, хий юм үзсэн, хагас галзуу амьтан босвол яахуу. Аргагүй шдээ архи уусны маргааш нь яадаг билээ... ккк

Гэхдээ тэр тухай үл өгүүлэн тэс ондоо хууч хөөрье :)

Энэ дэлхий эхэлсэн цагаас л эцэс төгсгөл нь хэзээв?! гэж элдэв хүмүүс шүүн хэлэлцэж & хэрэлдэж байсан бололтой. Түүхийг сөхвөл...

Бидний мэдэхийн анх аль 1000 онд дэлхий мөхлөө сөнөлөө гэж пааникдсан юм байх. Эртний сурвалж бичгээс харахад (би биш эрдэмтэй хэд нь харсан) Европ даяар хүмүүс ажлаа хаях нь хаяж, сүмд нүглээ наманчлах нь наманчилж, хэт туйлширсан хэд нь хөрөнгө мөнгөө хүмүүст тарааж этр. Англид солир бууж, Аквитанид улаан бороо орсон нь нийт олны пааникт нэрмээс болсон нь мэдээж.

Дараа нь 1033 онд одоо л жинхэнээсээ үхлээ сөнөлөө гэж бас шуугисан. Ээ та нар минь сорри сорри, 1000 он гэж эндүүрч байжээ, Иисүс өөд болоод 1000 жил өнгөрсний дараа буюу 1033 жилд л энэ дэлхий маань сөнөх учиртай юм гэцгээж. Дахиад л пааник. Европоор тогтохгүй оросууд хүртэл сандраад амжчихсан энэ үед.

Ромын хамба лам Иннокентий III дэлхий 1284 сүйрнэ гэж зөгнөсөн аж. Яагаад 1284 он бэ гэвэл 666 (араатны тоо, ад чөтгөрийн тоо гээд дээр үед их л дургүй байсимуу даа энэ муу тоонд) дээр лалын шашин үүссэн оныг нэмсэн чинь 1284 болсон юм байх.

13-р зуун, 17-р зуунд ч гэсэн элдэв зөгнөл ихээхэн байж. Гэхдээ тэр бүгдийг тоочих залхуу тээ. Шууд шинэ үе рүү шилжчий.

Вильям Миллэр гэгч баагий 1843 Иисүүс шинээр мэндэлж, сатанагийн (ад чөтгөрийн) эрин үе дуусна гэж зөгнөж байж. Ингэхэд дундад зуун болон “нэн шинэ үеийн” хооронд байдаг нь “шинэ үе” гэсэн төсөөлөлтэй сургууль төгссөн шдээ. Зөв үү гүй юү... Ямар ч л байсан тухайн үеийн америкийн сонин, сэтгүүл Миллэрийн зөгнөлийн тухай нэлээд шуугисан юм байх.

1935 онд Мормоны үндэслэгч Жозэф Смит 1891 онд дэлхий сүйрнэ гэж байж. Юуг хэрхэн эргэцүүлж тийнхүү зөгнөснийг бүү мэд, гүүгэлдвэл нэлээд юм гарч ирхийм байна лээ, мормоны сайт дээр аврагч Иисүүс 1891 онд яагаад ирээгүй тухай тайлбар хүртэл байна лээ...хэхэ

“Иеховагийн гэрч” нар ч дэлхийн сүйрлийг зөгнөхдөө гаргуун байж. Ерөөсөө л хорвоо ертөнцийн хоног дуусаж байна гэдэг нь загалмай шашны энэ урсгалын тулгуур ойлголт юм чинь. Анх 1914 онд сөнөнө гэж зөгнөсөн байна лээ. Дараа нь 1918 он болгож хойшлуулаад, дараа нь 1925 он гээд. 1925 онд Авраам, Яков нарын баахан баагий (өршөөгөөрэй, гэгээнтэн) нар ирэх ёстой байсимуу даа. Үгүй тэгсэн энэ дэлхий эргэсэн хэвээрээ, сөнөдөггүй шүү... Тэгэнгүүт үсэрхийлээд 1978 он гэж зөгнөсөн байгаам. Одоо ямар нэгэн тодорхой тоо заахаас болгоомжилж байгаа ч “тун удахгүй” гэдэг үзэл нь хэвээрээ гэж ойлгов.

Шинэ үеийн сүүл хэсэг буюу 1910 онд анхны “шинжлэх ухаанд” үндэслэсэн зөгнөл гарсныг тэмдэглүүштэй. Далийхад “одон орон судлаач” гэдэг аягүй биеэ тоосон үг тээ. Дээр үеийн “одон тооч” гэдэг үг арай л даруу. Анивэй, Галилэйгийн сүүлт одны хажуугаар дэлхий өнгөрөхийг (эсвэл дэлхийн хажуугаар Галилэгийн сүүлт од өнгөрөх байсимуу, бүү мэд) тэд тоолж тооцоолоод тогтоосон байжээ. Бас болоогүй ээ, сүүл хэсэг нь янзан бүрийн хортой хий мийгээс бүтсэн гэдэг хэрэггүй мэдээллийг олны сонорт хүргэчихсэн байгаам. Тэгэнгүүт сүүлт одны сүүлэнд шарвуулаад сүйрэх нээээ гэж пааникддийм байгааз дээ.

Хүйтэн дайн ноёрхож АНУ, ЗХУ төвтэй хоёр талт ертөнц хоорондоо муудалцаж байхад дэлхий сөнөх тухай зөгнөл нэлээд байсан юм билээ. Дэлхийн III дайн буюу цөмийн дайны айдас хүйдэстэй байсан тул аргагүй л байх гэхдээ.

1. Италийн Элио Бланко хэмээх эмч 1960 оны 7 сарын 14-ий 13 цаг 45 минутад америкийн нууц цөмийн бөмбөг дэлбэрч хөрст дэлхий хөөрхий болно гэж зөгнөсөн аж. Шууд & шууд бус утгаар "аймааррр" тодорхой юу. Үгэнд нь итгэсэн хүмүүс цөмийн аюулаас өөрсдийгөө хамгаалахын тул Италийн ууланд оромж хүртэл барьсан байгаам.

2. Австралийн иргэн Жон Стронг “The Doomsday Globe” номондоо (энэ номны нүүр зураг эвгүй шүү - цөмийн дэлбэрэлтээс үүссэн улаан хар бөмбөлөг) ЗХУ цөмийн дайн дэгдээх тул 1978 онд дэлхий сөнөнө гэж зөгнөж байв. Зөгнөсөн юм болохоороо газар доор нуугдах оромж хүртэл барьсан аж. Ингэхэд, тэр оромжноосоо гарч ирээд цацрагаар хордсон дэлхийд яах гэж байсим болаа..

3. Бахаистын сект (Bahá'í sect) гэгчийг байгуулсан Лэланд Жэнсэн 1980 онд цөмийн дайн болно гээд бас л оромж барьсан, ганц ялгаа нь Америкийн ууланд. Энэ ер нь гандан буурахгүй нөхөр шүү. 1986 онд сөнөнө гэж дахин зөгнөөд дараа нь жижиг том баахан л гамшиг зөгнөсөн байгаам.

Гэхдээ “The cold was was a long peace” гэж хүйтэн дайныг хожим түүхчид санал нийлэн дүгнэх тул амьдрал гэдэг егөөтэй еэ. Жижиг сажиг мөргөлдөөн энд тэнд болж байлаа ч барууны орнуунд дайн дажинд оролцоогүй хамгийн удаан хугацаа байж дээ хүйтэн дайны үе бол. (John Lewis Gaddis “The Long Peace: Inquiries into the History of the Cold War”, 1987).

2008-2009 онд зарим кэцүү томъёотой ном уншдаг ухаантнууд нь дэлхий яааж ч магад гэж байсийм байна. Гол буруутан нь Франц, Швейцарийн хил орчим гүнээ гүнд байрлах Large Hadron Collider. Яаж ч монголоор орчуулдгийм байгаам. Томъёотой ном уншдаг ага эгэ дүү нар л мэддэг байх. Миний ганц мэддэг үг “large” байна. Тиймээс оросуудыг дуурайгаад “Том андрон коллайдэр” гээд орчуулчихуу... хэхэ. Энэ оны 7 сард эндэхийн зурагтаар хигс бозон гээд шуугиад байсан даа. Зурагтаар кэцүү кэцүү томъётой номыг уншдаг биш бичдэг царайтай эрдэмтэд гарч, Япон даяар бөөөн л юм болсийшд. Харин 2008 онд “Энэ эрдэмтэд бозон мозон, рюүши мүүши хайж байгаад нэг л болохгүй юм хийж, дэлбэ үсэргэнэ дээ дэлхийгээ” гээд нэлээд юм болж байж. Даанч Сүрэн нь томъёотой ном уншдаггүйн ачаар тэр бүхний хажуугаар өнгөрсөн бололтой.

За, за, залхуу хүрчихлээ. Гэхдээ “Энэ дэлхий эхэлсэн цагаас л эцэс төгсгөл нь хэзээ болаа гэж элдэв хүмүүс хэлэлцэж байсан” гэж эхэнд бичсэнээ залруулъя. Бодсон чинь дэлхийн мөхөл сүйрлийн тухай ойлголт загалмайн шашинтай л холбоотой мэт. Хэзээ нэгэн цагт Иисүүс дахин мэндэлж, энэ дэлхийд сайн муугийн эцсийн тулаан болно хэмээх библийн бичээсээс үүдэн тэр өдөр хэзээ ирэхийг тааж таамаглах явдал дэлгэрсэн болов уу.

Дээхэн зурагтаар Майя хүмүүсийн ярилцлага гарч байна лээ. Юуунд сандарсийн та нар, уртаас урт нэг үе дуусаж бүр эхнээсээ тоолол эхлэх гэжийхад гээд. Гүй нээрээ, харьцуулбал мань мэтийн жаран, зуун гэх тоолол даанч бага юм даа.. хэхэ. Аан, гэхдээ өчигдөр зурагтаар АНУ-ийн эрдэмтэд Майа тооллын үргэлжлэлийг олсон гэж байна лээ... үнэн худлыг бүү мэд.

Ингэхэд, дэлхийн сүйрлийн тухай зөн таамаг сонин биш л дээ. Тэр болгонд итгэж сандраад, ажлаа хаяад, сүмд бүгээд, хөрөнгө мөнгөө тараагаад, оромж бариад... янз бүр болох хүмүүсийн тоо барагдахгүй нь гайхалтай. Гэхдээ хөгжилтэй л дээ :)

2012/11/30

Бурхадгүй сар


 

Сахиус бурхадгүй сар өнөөдрөөр дуусч маргааш манай энэ хавь дахин бурхадтай болно. Яг нарийн ярьвал маргааш биш маргаашаас эхлэн магад хэд хоногийн дотор. Гэхдээ үнэнийг хэлэхэд ажил энэ тэр гэж аахилж уухилж явсан болохоор бурхад байсан үгүйг байн сууж анзаарах сэхээ байсангүй. Нэг мэдсэн "бурхад явчхав уу", нэг мэдсэн "эргэж ирэх гэж байна уу" гээд л сууж байна. Энэ хүртэл уншаад зарим нь "гарцаагүй галзуу хүний өдрийн тэмдэглэл байна" гэж бодсон байхаа :)

Гэхдээ нээрээ манай энэ хавьд 神無月 (канназүки) буюу махлан орчуулбал “бурхад байхгүй сар” дуусах гэж байна. Бурхад хаачсан бэ гэвэл, өнө удаан жилийн заншлаараа бүх Японы асуудлыг хэлэлцэхээр Кюүшүү арал руу явсан байгаа. Эрт дээр үеэс бурхад жилд нэг удаа Кюүшүү арлын Изүмо Тайша сүмд (дээрх зураг) цуглан хуралдаж бүх Японы асуудлыг хэлэлцэн шүүдэг ажээ. Тиймээс мэдээжийн хэрэг Изүмо сүм орчимд энэ сарыг 神在月 буюу “Бурхадтай сар” гэж нэрлэдэг.

Япон Мэйжигийн шинэчлэлээс хойш аргын тоололд шилжиж саруудаа 1, 2, 3 гэж аягүй армаанчиг бусаар нэрлэх болсон нь харамсалтай. Хуучин бол 如月 (кисараги), 弥生 (яёи), 霜月 (шимоцүки ) гээд үнэн уянгалаг бас утгатай нэртэй байсан. Бурхадгүй сар нь билгийн тооллын 10 сарыг заах боловч аргын тооллоор 11 сарын эхээс 12 сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Тэгээд л өнөө маргаашаас бурхад эргэж ирэх ёстой доо гээд сууж байна :)

Бурхад гэснээс 神 (ками) гэдэг үгийг монголоор юу гэж орчуулах нь зөв бол доо...
Би агуулгаас хамааран “сахиус", “лус”, “савдаг”, “уул усны эзэн”, "бурхан", “лус савдаг” гээд янз янзаар л орчуулаад байгаа. Япон хүмүүс эрт дээр үеэс анимизмын шүтлэгтэй тул хүрээлэн буй байгаль, уул нуруу, гол мөрөн, ой хөвч, хад чулуу, ер нь бүх юм өөрийн гэсэн 神 буюу сахиустай, эзэн савдагтай гэж итгэж ирсэн юм. Монголоор “сахиус”, "савдаг" гэхэд үгийн утга буух боловч бүх үгийг үүгээр орчуулж бас боломгүй. Жишээ нь, япончууд дээр үеэс Япон орноо “神々の国” (камигами но күни) гэдэг. 神 нь ганц тоо, 神々 гэвэл олон тоо болно. 国 гэдэг нь “улс, орон” гэх утгатай ханз тул би энэ хэллэгийг “бурхдын орон” л гэж орчуулдаг. “Лус савдгуудын орон” гэвэл нэг л тиймэрхүү тээ... хэхэ. Бас япон хүмүүс нутгаа “八百万の神” (Яоёрозү но ками) буюу 8 сая бурхадтай гэдэг. 8 сая гэдэг нь мэдээж тоолж тогтоосон тоо биш, "тоолж баршгүй олон" гэсэн утгатай хэлц үг юм. Орчин цагийн япон хэлэнд 8 саяыг "хаппякү ман" гэнэ. Ханз адил боловч зөвхөн бурхдыг тэс ондоо дуудлагаар "Яоёрозү" гэж уншдаг учир би энэ хэллэгийг "Найман живаа бурхад" гэж орчуулдаг. Энэ хэллэгийг оросоор "Восемь мириад богов" гэж орчуулсан нь уугуул хэллэгийн онцлогийг хадгалан утгыг гаргасан тул тун даж санагддаг. Харин англиар янз янзаар орчуулдаг ч "all the gods and goddesses", "all the deities" гээд нэг л тиймэрхүү, утга нь ок боловч уянга нь байхгүй.

Нээрээн, Ерөнхий сайд асан Мори энэ хэллэгээс болж ихээхэн онигоонд орж байсаншдээ... 2000 оны хавар хаанахын ч юм бэ индрээс Япон бол 神の国 (ками но күни) буюу "бурхны орон" гэж хэлж л дээ. За тэгээд маргааш нь сонин сэтгүүл, зурагт телевиз ... мань хүнийг барьж идэх нээ. Шүүмжлэх нь шүүмжилж, шоолох нь шоолж, ундууцах нь ундууцаж. Гаднынхан бас яаж дуугай байх вэ. Япон бурхны орон юм бол бид одоо юу юм?! гээд... хэхэ. Гэхдээ хөөрхий ерөнхий сайд 神々の国 (камигами нь күни) гэсэн бол асуудал ноль. Гаднынхан ч "Ааан, уул болгон, гол горхи болгон өөрийн гэсэн эзэн савдаг 神-тай учир улс орноо 神々-ийн орон гэх нь аргагүй, япон анимизм шүтлэгтэй шдээ" гээд л өнгөрөх байсан биз.

 Ингэхэд юу ярьж байлаа? Уул нь би өнөөдөр нэг хайкүгийн тухай бичих гээд л... хайкүгийн тухай бичихийн тулд “бурхадгүй сарыг” тайлбарлах гээд л ... тэгсэн ерөнхий сайдын онигоо ярьчихсан хадуурч байна.

Хүмүүс хайкүгийн тухай асуухад ихэнхи хайкүг орчуулах аргагүй ээ, орчуулахыг оролдсон ч “Галуу дугарав уу гэтэл галуу дугарч байлаа” гэсэн юм болно гэхээр итгэхгүй эргэлзээд байдгийм. Гэхдээ нээрээ хайкүг ойлгоход дан ганц хэлний мэдлэг дутна. Нэлээд олон юм толгой сэтгэлд байж гэмээнэ хайкүгийн утгыг сая олж сайхныг нь мэдрэнэ. Жишээ нь Чин Хоорай хэмээх тайвань охины бичсэн энэ хайкүг юу гэж ойлгох вэ?

日の本のくらしに慣れて神無月 
ひのもとの くらしになれて かんなづき

Хи но мото но күраши ни нарэтэ канназүки
http://www.nhk.or.jp/haiku/backnumber/111024.html

日の本 ‐ Япон улсыг ханзаар 日本 гэж бичнэ. 日 нь “нар”, 本 нь “үндэс, эх” гэсэн утгатай ханз. Нэг үгийг хоёр ханз болгон задалж хооронд нь хамаатуулахын тийн ялгалаар холбосон байна. Тиймээс утгачилбал “нарны үндэс” болно. 
くらしに慣れて ‐ амьдралд дасаад
神無月 ‐ бурхадгүй сар
Бүгдийг нийлүүлбэл “Ургах нарны үндэс хавийн амьдралд дасаад бурхадгүй сар”.
Юу гэж ойлгох уу?

Нарны үндэс - япон хэлтэй ямар ч хүн үүнийг уншаад “аан Японыг хэлж байна” гэж ойлгоно. くらしに慣れて гэдэг нь махчилбал “амьдралд дасаад” боловч “амьдралд дастал” гэж орчуулж бас болно. Ер нь хайкүд энэ хэсэг нь “зангилаа” гэх үү, “suspense”-ийн үүрэг гүйцэтгэнэ. Харин тайлал нь “бурхадгүй сар” ажээ.

“Япон дахь амьдралд дастал - бурхадгүй сар (ирэв)”
Юу гэж ойлгох уу?

Бодол болон сууж байтал энэ хайкүг тайвань хүн бичсэнд хамаг учир байж. Тайвань ч гэсэн угтаа анимизмын орон. Тэгэхдээ бүр Японоос ч илүү. Уул, гол, хад чулуу гэлтгүй эргэн тойрны амьтай, амьгүй бүх юм өөрийн гэсэн “эзэн бурхантай” гэж итгэдэг гэнэ. Тиймээс бурхдаар хүрээлүүлэн амьдарч байсан охин харь холын Японд ирээд, эндхийн амьдралд арай ядан дасан байтал гэнэт “бурхадгүй сар” ирнэ гэхээр хэцүү биз дээ?! Цаагуураа япон дахь гадаад хүний амьдрал хэцүү, ганцаардаж байна гэсэн утгатай хайкү ажээ.

Ер нь хайкүг ойлгоход Японы юу нь (ямар цэцэг, ургамал, шувуу, шавьж) юуг илэрхийлэх вэ гэдгийг мэдэх нь чухал. Жишээ нь, сакүра хаврыг билэгдэхээс илүү юм гэдэг агшин зуур улирч үгүй болохыг илэрхийлнэ. Нарсны мөчир - урт удаан наслах, сайн сайхан; мөчир дээрх хар хэрээ - ганцаардал, хөгшрөл; сүсүки өвс - намар, уйтгар гэх мэт. Ер нь ондоо орны хүнд энэ бүхэн хэцүү л дээ. Нөгөө талаас япон хүнд ч гэсэн "өнчин хайлаас",  "хамхуул", "бор толгой" гэх үг та бидэнтэй адил тусах уу гэвэл,  мэдээж үгүй.  Хадуурахнээ дахиад...  Мөн хайкүг ойлгоход жилийн улирал, ёс заншил, зонхилох баярууд зэрэг японы тухай ерөнхий мэдлэг хэрэгтэй, орчинд нь амьдарч энэ бүхнийг “мэднэ” гэхээс “мэдэрсэн” байвал бүр ч сайн. Бас нэлээд олон хайкүгийн хувьд зохиогдсон цаг үе, өмнө хойно болсон түүхэн үйл явдал ч чухал байдаг. Харин миний мэдлэг тааруухан, мэдрэмж мааруухан тул хайкү ойлгохдоо одоо хүртэл тиймэрхүү.

2012/11/23

Гули-гули




16 ноября

Я на работе. Перебираю в памяти новейшую историю своей жизни. День сегодня какой-то... такой, что философствовать хочется.

Очень даже подозреваю, что мудрецы и философы древних древностей всяко-разное навыдумывали в моменты тепла и скуки на работе. Все дела были сделаны, ждали звонка, когда можно будет рвануть к двери офиса, а пока ждали... в головах зарождались интересные вопросы про смысл всего сущего. Головы – они так устроены. Им никогда без дела и раздумий не сидится. Но нет, моя сегодня своего не дождется – захлопываю с треском второй том новейшей истории бытия Сурен.

Смотрю в окно – человек моет стекло небоскреба. Немного завидую – такой солнечный день и небо такое голубое! Душа всеми фибрами просит отгула, но у капитализма и акционерной компании свои правила.

Ну и ладно – сегодня пятница! Буду с друзьями гули-гули. И ай-лю-лю по полной программе. Хотя может и нет – завтра рано вставать. Ради осенних гор, пылающих красно-малино-бронзо-желто-рябино-оранжево-малахитово-зеленой листвой, ай-люли и гули-гули можно и отложить.

2012/10/07

Вот и лето прошло


   Арсений Тарковский

   Вот и лето прошло,
   Словно и не бывало.
   На пригреве тепло.
   Только этого мало.

   Все, что сбыться могло,
   Мне, как лист пятипалый,
   Прямо в руки легло,
   Только этого мало.

   Понапрасну ни зло,
   Ни добро не пропало,
   Все горело светло,
   Только этого мало.

   Жизнь брала под крыло,
   Берегла и спасала,
   Мне и вправду везло.
   Только этого мало.

   Листьев не обожгло,
   Веток не обломало...
   День промыт, как стекло,
   Только этого мало.
   (1967)

2012/08/30

Р. Акүтагава "Амаржих овоохой"















Р. Акүтагава "Төрөх овоохой"
芥川龍之介「産屋」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Хагивара Сакүтароод(*1) зориулав


Залуу эр голын эргээс зэгс тайрч, бүсгүйн амаржих овоохойг хучив. Дараа нь голын эрэг рүү буцаж, зэгс тайрсан газраа өвдөг сөгдөн Аматэрасү бурханд эх үрийн төлөө залбирав.

Нар жаргахын алдад бүсгүй овоохойноосоо гарч, зэгсэн дунд суух эр дээр очин “Долоо хоногийн дараа ирээрэй. Тэр үед хүүхдээ үзүүлье” гэжээ. Залуу нэг өдрийн ч атугай өмнө төрсөн үрээ хармаар байлаа. Гэвч эцэг хүний ёсоор бүсгүйн гуйлтыг үг дуугүй зөвшөөрчээ.

Тэр өдрийн наран жаргав. Залуу зэгсэн дунд уяж орхисон гар завиндаа(*2) суугаад гол уруудан тосгон руугаа ганцаар ганихран сэлүүрдэв. Гэвч тосгондоо харьтал долоон өдөр хүлээнэ гэдэг түүнд зүрхээ зүсүүлэхээс ч хэцүү санагджээ.

Залуу хүзүүндээ зүүсэн долоон магатама(*3) зүүлтээсээ өдөрт нэгийг авч байлаа. Тэрээр ядаж авсан зүүлтний тоо нэмэгдэхийг харж хүлээсэн сэтгэлээ дэвтээе хэмээн боджээ.

Нар өдөр бүр дорноос урган өрнө зүг шингэнэ. Залуугийн хүзүүн дэх магатама зүүлтийн тоо өдөрт нэг нэгээр хорогдоно. Гэвч зургаа дахь өдөр тэвчээр нь барагдаж байж суухын аргагүй болов.

Тэр өдрийн үдэш залуу зэгсэн дунд завиа уяж сойгоод, овоохойд сэмхэн дөхөж очив. Үзтэл, овоохойд хүн байгаа шинж үгүй, чимээ аниргүй байх аж. Зөвхөн овоохойн дээврийг хучсан зэгсний толгойноос намрын дулаан өдрийн нарны илч анхилах авай.

Залуу овоохойн үүдийг аяархан сөхөв.

Зэгсний навч дэвссэн овоохойн шалан дээр үл мэдэг хөдөлж буй нь хүүхэд бололтой.

Залуу өмнөхөөсөө бүр ч аяархан гишгэсээр овоохойд оров. Тэгээд эмээн эмээн сөгдөн суув. Яг тэр мөчид билээ. Аймшигтайгаар орилох дуунд голын ус гайхан цочирдож зэгснийхээ үндсийг намилзуулав.

Залуугийн орилж чарласан нь аргагүй. Бүсгүй долоон цагаан зогой төрүүлсэн байжээ...


Ойрын үед би энэхүү домогт гарах эртэй адил сэтгэлээр зохиолын түүврээ харж сууна.

Тайшёо 6 он (1917)

-------------------------------------------------------------------
*1 Хагивара Сакүтаро (1886-1942) – Япон улсын орчин цагийн шүлгийн үндсийг тавьсан гэгдэх нэрт яруу найрагч.
*2 гар завь – бүхэл модоор урлаж хийсэн завь. Японоор 丸木舟, оросоор "долбленка", англиар "dugout canoe".
*3 магатама зүүлт – загасан хэлбэртэй, толгойн хэсэгтээ нүхтэй, голдуу хаш чулууyн зүүлт (доорх зураг)


2012/06/07

Р. Акүтагава "Ганцаардлын там"



Р. Акүтагава "Ганцаардлын там"
芥川龍之介 「孤独地獄」
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Би энэ түүхийг ээжээсээ дуулсан юм. Ээж минь харин өөрийн өвөг авгаасаа дуулсан гэдэг. Энэ түүх үнэн эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ өвөг авгын зан араншин, аж байдлыг бодохоор байж болох л явдал мэт санагдана.

Ээжийн өвөг авга урлаг, уран зохиолын хорхойтон байсан тул Бакүмацү үеийн(*1) урлагийнхан болон зохиолчдыг нэлээд сайн таньдаг байжээ. Каватакэ Мокүами(*2), Рюүка Тэйтанэказү(*3), Зэнзай Анъэйки(*4), Тооэй(*5), Күдаймэ Данжүроо (9 дахь үеийн Данжүүроо)(*6), Үчи Шибүн, Мияко Сэнчюү, Кэнкон Борюүсай(*7) зэрэг олон хүмүүстэй танил байсан гэдэг. Жишээ нь, Мокүами “Эдозакүра киёмизү сэйгэн” жүжгийн Кинокүния Бүнзаэмоны(*8) дүрийг манай өвөг авгаас үлгэрлэн бичсэн байдаг. Өөд болоод одоо бараг тавин жил болж байгаа ч амьдад нь түүнийг Имакибүн (өнөөгийн Кинокүния Бүнзаэмон) гэж хочилдог байсан болохоор одоо хэр нэрийг нь дуулсан хүн байгаа л байх. Овог нь Сайки, нэр нь Тожироо, хайкү шүлэг тэрлэх нэр нь Кой, харин хүмүүс Ямаширогашигийн(*9) Цүто л гэж дууддаг байжээ.

Өвөг авга Цүто нэгэн өдөр Ешиварагийн(*10) шөнийн цэнгээний газарт нэг ламтай танилцжээ. Тэр лам Хонго хавийн нэгэн зэн сүмийн хамба лам агаад нэрийг нь Зэнтэ гэнэ. Зэнтэ тэр газрын байнгын үйлчлүүлэгч төдийгүй Нишикиги гэгч дууч эмтэй дотно байв. Мэдээж, лам нар махан хоол идэж эхнэр авах хориотой цаг байсан тул түүний гадаад төрх нь сахил санваар хүртсэн хүн гэж хэлэхээргүй байж. Улаан судалтай шар даавуун кимоно дээр овгийн сүлдтэй хар торгон хантааз өмсөөд өөрийгөө хүмүүст оточ хэмээн өргөмжлөн хэлдэг байсан гэнэ. Өвөг авга маань түүнтэй санаандгүй тохиолдлоор танилцаж мэнд мэдэлцэх болжээ.

Санаандгүй тохиолдлоор гэдэг нь, дэнлүүний баярын үеэр нэгэн шөнө Цүто бие засчихаад хонгилоор өрөө рүүгээ буцаж явахдаа хашлага түшин сар ширтэх эртэй тааралджээ. Халзан толгойтой, намхавтар нуруутай, чөрийсэн туранхай эр байв. Цүто сарны гэрэлд түүнийг хараад байнга үүгээр орж гардаг нэрнээс цаашгүй оточ Чикүнай хэмээн санаж араар нь өнгөрөхдөө чихнээс нь татаж орхижээ. Цочоод эргэж харахад нь инээгээд зогсож байя гэж бодсон хэрэг. Гэвч эргэж харсан хүний царайг хараад Цүто харин өөрөө балмагдаж орхив. Халзан л болохоос бусдаараа Чикүнайтай төстэй зүйл түүнд нэгээхэн ч байсангүй. Өргөн духтай хэрнээ нийлэх шахсан хөмсөгтэй. Нүүр нь дэндүү цонхигор болоод ч тэр юм уу, нүд нь дүрлийсэн том. Зүүн хацартаа харанхуйд ч тодрох том мэнгэтэй, бас өндөр шанаатай – нэг иймэрхүү төрх сандарсан Цүтогийн нүдэнд бүдэг бадаг тусжээ.

Халзан эр
- Та яах гээв? гэж ууртай дуугаар асуусан агаад архи балгасан шинжтэй байв. Өмнө бичихээ мартчихаж, тэр үед Цүто нэг гэйша, бас нэг үйлчлэгч залуу дагуулаад явж байж л дээ. Иймэрхүү ёс алдсан үед тэд мэдээж Цүтогоор уучлал гуйлгуулаад зогсч байх нь зохисгүй тул үйлчлэгч залуу Цүтогийн өмнөөс уучлал гуйж, тэр хооронд Цүто гэйшаг дагуулан өрөөндөө буцаад иржээ. Урлаг соёлд нэвтэрхий хүн гэхэд ийнхүү ёс алдсан нь эвгүй санагдсан биз. Харин халзан толгойт үйлчлэгч залуугаас эндүүрсэн учрыг сонсмогц ааш нь зөөлөрч баахан инээсэн гэдэг. Тэр лам Зэнтэ байсан гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Цүто даруй уучлал гуйж амтат идээ бүхий таваг өнөө хүнд явуулав. Нөгөөх нь ч байдлыг нь ойлгосон бололтой, баярласнаа илэрхийлэхээр ирсэн гэнэ. Ийнхүү энэ хоёрын нөхөрлөл эхэлжээ. Хэдий би нөхөрлөл гэж буй ч тэр нь шөнийн цэнгээний газрын хоёр давхарт уулзахаас цаашлаагүй агаад гэр гэртээ ирж очилцсон явдал байгаагүй юм. Цүто архи амсах ч үгүй, харин Зэнтэ архинаас хэзээ ч буцдаггүй байв. Бас Цүтогийн дэргэд Зэнтэгийн зүүж хэрэглэх зүйл нь үнэтэй агаад чамин тансаг. Хүүхний өнгөнд ч ухаанаа алдан дурлах нь Цүто биш Зэнтэ аж. Тиймээс Цүто тоглоом болгон чи бид хоёрын хэн нь санваартан бол доо гэж хэлдэг байв. Тэнтгэр тарган биетэй, царай муутай Цүто үсээ гобүсакаяки маягаар хааш яаш засч, мөнгөн гинжтэй торгон сахиус урдаа унжуулчихаад, хар хөх мэкүражима(*11) кимоногоо цагаан даавуун бүсээр чангахан татчихаад явдаг эр байжээ.

Нэгэн удаа Цүто Зэнтэтэй уулзахад өнөөх нь Нишикиги хүүхнийхээ торгон хантаазыг нөмрөөд шанз тоглон сууж байж. Угаас судсаар нь цус гүйсэн шинжгүй цонхигор ч, тэр өдөр зүс царай нь бүр ч тааруу байлаа. Нүд нь улайж, уруул орчмынх нь унжсан арьс үе үе татна. Цүто Зэнтэг юунд ч юм санаа зовж буй гэж боджээ. Тэгээд өөрийг нь тоож санаа сэтгэлээ хуваалцаж зөвлөх аваас дуртайяа сонсоно гэдгээ байдлыг нь гадарласан хүний янзаар хэлж үзсэн боловч цаадах нь хуваалцаад байх зүйл үгүй байсан бололтой. Гагцхүү урьд урьдынхаасаа үг нь цөөрч, харилцан ярианы үзүүр алдчих гээд байлаа. Тиймээс Цүто эл байдлыг нь зугаа цэнгээний газрын зочдод элбэг тохиолдох уйтгар гуниг гэж ойлгов. Гагцхүү хүссэн зоргоороо архи ууж хүүхэн тэврэх хүнд туссан энэ уй гунигийг архи хүүхнээр арилгах аргагүй л дээ. Иймэрхүү байдлаар тэр хоёр хэдэн ч цаг юм аядуухан хууч хөөрчээ. Тэгтэл Зэнтэ гэнэт нэг юм санасан янзтай ийн өгүүлсэн гэнэ.

Бурхан багшийн сургаальд хэд хэдэн төрлийн там байдаг ч ерөнхийд нь үндсэн там, түүний ойр орчмын там, ганцаардлын там гэх гурван хэсэгт хувааж болно. Гэхдээ “амьтны ертөнцийн доор таван зуун ри(*12) там оршино” гэж заасан тул эртнээс хүмүүс тамыг газар доор байдаг хэмээн төсөөлж ирсэн болов уу. Гэвч эдгээр дундаас зөвхөн ганцаардлын там л энэ дэлхийн уулсын хөндий, уудам тал, моддын нөмөр, агаар мандалд хаанаас ч юм бий болно. Өөрөөр хэлбэл, хүнийг хүрээлэн буй бүхий л зүйл гэв гэнэт тэр чигээрээ тамын зовлон болж хувирна. Би хоёр, гурван жилийн өмнөөс энэ тамд унаад байна. Ямар ч зүйл миний сонирхлыг удаан татаж үл чадна. Тийм болохоор байнга орчноо сольж, үргэлж өөрчлөлт хөөж амьдарна. Мэдээж, тэглээ ч гэсэн тамын энэ зовлонгоос мултарч эс чадна. Орчноо өөрчлөхгүй байвал бүр ч хэцүү. Тиймээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх өдөр хоногийн зовлонг мартахын төлөө л амь зогоож байна. Гэвч тэгэхийг хүртэл тэвчих аргагүй болоход... үхэхээс өөр замгүй. Өмнө нь би зовж шаналсан ч үхнэ гэдгийг үзэн яддаг байлаа. Харин одоо бол ...

Зэнтэ шанзаа дахин авч хөгийг нь тааруулангаа аяархан хэлсэн тул сүүлийн үг нь Цүтогийн чихэнд хүрсэнгүй. Тэр явдлаас хойш дахиж Зэнтэ цэнгээний газарт үзэгдсэнгүй. Нүгэл гэх бүх нүгэлд живж яваа зэн номын энэ лам түүнээс хойш яасныг мэдэх хүн ч үгүй. Гагцхүү тэр өдөр Зэнтэ харихдаа Нишикигийн өрөөнд Очир Огтлогч Судрын тайлбар мартаад явжээ. Цүто насныхаа эцэст өтөлж доройтон Шимофүсагийн(*13) Самүкавад ганцаараа бөглүүхэн амьдарч байх үед түүний ширээний байнгын номын нэг нь энэ судрын тайлбар байлаа. Цүто хавтасных нь дотор талд “Цэнхэр талын нил цэцэгсийн шүүдрийг тогтож анзаарах дөчин нас” гэх өөрийн зохиосон хайкүг бичсэн байв. Одоо энэ хайкүг мэдэх хүн бараг байхгүй биз ээ.

Ансэйгийн дөтгөөр онд(*14) болсон яриа юм. Ээж “там” гэдэг үгнээс болоод энэ түүхийг тогтоосон бололтой. Өдрийн дийлэнхийг бичгийнхээ өрөөнд өнгөрөөдөг миний ахуй ертөнц ээжийн авга өвөг хийгээд Зэнтэ хоёрынхоос тэс ондоо. Дур сонирхлын хувьд ч би Токүгава үеийн гэсакү зохиол болон үкиё зургийг гойд сонирхоод байдаггүй. Гэлээ ч би сэтгэлийн гүндээ, магадгүй “ганцаардлын там” гэдэг үгнээс үүдэн, тэртээ үеийн хүмүүсийг өрөвдөнө. Үүнийг би үгүйсгэхийг хүсэхгүй. Учир нь, би өөрөө ч ганцаардлын тэр тамд тарчилж буй нэгэн билээ.

Тайшёо 5 оны 2 сар (1916)

-----------------------------------------------------------
*1 Бакүмацү - Эдо үеийн сүүл хэсэг, 1854‐1867
*2  Каватакэ Мокүами - хошин шог жүжгээр (кёогэн) алдаршсан жүжгийн зохиолч, 1816-1893
*3 Рюүка Тэйтанэказү - япон зохиолч, 1807-1858
*4 Зэнзай Анъэйки - нэртэй жүжигчин, яруу найрагч Башёогийн шүлгийн түүврийг анх эмхэтгэснээрээ алдартай, 1822-1893
*5 Тооэй - япон жүжигчин
*6 Күдаймэ Данжүроо буюу 9 дахь үеийн Данжүүроо - Кабүки театрын нэртэй жүжигчин
*7 Үчи Шибүн, Мияко Сэнчюү, Кэнкон Борюүсай - Кабүки театрын жүжигчид
*8 Кинокүния Бүнзаэмон - Эдо үеийн баян худалдаачин, 1858 онд Кабүки театрт тавигдсан "Эдозакүра Киёмизү Сэйгэн" жүжгийн гол баатрын загвар болсон хүн
*9 Ямаширогаши - өнөөгийн Токио хотын төв хэсэг, Гинза орчмын газрын нэр
*10 Ешивара - Эдо хотын шөнийн цэнгээний газрууд төвлөрч байсан дүүрэг
*11 мэкүражима - хар хөх дэвсгэр дээр нарийн цагаан судал татсан энгийн даавуу
*12 ри - уртын нэгж = 3,9 км
*13 Шимофүса - Эртний засаг захиргааны нэгжийн нэг. Газар нутгийн хувьд өнөөгийн Чиба мужийн хойд хэсэг, Ибараки мужийн баруун өмнөд хэсэг, Сайтама мужийн зүүн хэсэг, Токио хотын зүүн хэсгийг хамрана
*14 Ансэй - Эдо үеийн сүүл хэсэгт хамаарах Коомэй эзэн хааны үе (1854-1860). Ансэйгийн дөтгөөр он - 1857 он.