2012/05/21

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" IV (төгсгөл)


Гоё доо, гоё доо~♪
Энэ романыг солонгос хэлнээс монгол руу орчуулсан, удахгүй хэвлэгдэнэ гэж дууллаа. Тиймээс англи, япон орчуулгыг харьцуулан энд тэндээс орчуулж блогтоо оруулж байснаа үүгээр өндөрлөе. Гэхдээ зарим хүмүүсээс "зарим хэсэг нь ойлгомжгүй байна" гэх гомдол авсан тул өндөрлөхөөсөө өмнө жаахан тайлбар бичье. Гэхдээ юу л даа.. угаасаа энд тэндээс орчуулсан юм чинь ойлгомжгүй байх нь ойлгомжтой л доо хэхэ.

Нэгэн өдөр Сөүлийн буудал дээр ээж алга болоход бүгд ээжийнхээ эрэлд гарна. Дөрвөн хүүхэд аавтайгаа хамт ээжийгээ хайхдаа өнгөрсөнөө санаж, дурсаж, гэмшиж, ээжийнхээ тухай, өөрсдийнхөө тухай олныг бодож эргэцүүлнэ. Зохиол таван хэсгээс бүрдэнэ: 1) зохиолч охины өгүүлэл, 2) компанид ажиллах хүүгийн өгүүлэл, 3) эхнэртээ бүгдийг даатган амьдрах аавын өгүүлэл, 4) алга болсон ээжийн өгүүлэл,  5) төгсгөл хэсэг буюу дахиад зохиолч охины өгүүлэл. Сонирхолтой нь зөвхөн ээж л “би” гэж нэгдүгээр биед өөрийнхөө тухай ярьна. Охин, аавын хэсэг нь хоёрдугаар биед (өөрийгөө “чи” гэх өгүүлэл), хүүгийн хэсэг нь гуравдугаар биед (“тэр ингэжээ” г.м.)  Миний бодлоор хүүгийн хэсэг ч хоёрдугааар биед байсан бол дээр байж... гэхдээ зохиолч өөр сонголт хийжээ. Зохиолоос дайны дараах Солонгосын түүх, жирийн хүмүүсийн амьдралын тухай ч олныг мэдэж болно... гэхдээ үнээс цааш яриад яахав, аавын хэсэг & хамгийн сүүлийн охины хэсгээс ч оруулахаа болилоо, хэвлэгдэхээр нь уншаарай хүмүүс ээ :)

Солонгос нэрсийг монголоор хэрхэн галиглахыг хэлж өгсөн Amraa-д (http://orch.blogspot.jp/) их баяралаа !

үргэлжлэл

Ээжийн хэсэг II

Өө, чи энд байсан юм уу?
Комсо дахь гэрт чинь очиход нэлээд удаан эзгүй байсан шиг байсан. Далай талын модон хаалга эвдэрч, гэрийн үүдэнд цоож өлгөсөн байсан. Үүдээ цоожилсон атлаа гал тогооныхоо хаалгыг яагаад нээлттэй орхио вэ? Далайн салхи хайр найргүй савласан байх, хагас нурсан байна лээ тэр хаалга.

Чи яагаад эмнэлэгт байна вэ? Энэ эмч одоо яагаад байна аа? Эмчилэхийн оронд чамаас баахан юм асуугаад байх юм. Чиний нэрийг давтан давтан асуух юм. Юунд тэр вэ? Гол нь чи минь яагаад нэрээ хэлэхгүй гүрийнэ вэ? “И Үнгюү” гэж хариулахад л болно шүү дээ. Хариулахгүй болохоор л эмч олон дахин асуугаад байгаа юм. Энэ ер яачихсан эмч вэ? Хүүхдийн тоглоомон усан онгоц гаргаад “Энэ юу вэ” гэнэ үү? Сонин тоглоомтой хүүхэд вэ, усан онгоцыг мэднэ, мэдэхгүй гэж юу байдаг юм. Хамгийн гол нь чи минь сонин байна. Яагаад хариулахгүй байна вэ? Үгүй байлгүй дээ, үнэхээр мэдэхгүй байна гэж үү? Өөрийнхөө нэрийг мартсан гэж үү? Усан онгоцыг хэлж мэдэхгүй байна гэж үү? Нээрээ юү?! Эмч дахиад асууж байна:
- Таны нас?
- Зуу!
- Та битгий ингэ л дээ. Таны жинхэнэ нас хэд вэ?
- Хоёр зуу!
Нэлээд уцаарлангуй байна уу даа. Юунд өөрийгөө хоёр зуун настай гэнэ вэ? Надаас таван нас дүү гэхээр чи хэдтэй болж таарах вэ... Эмч дахиад л асууж байна.
- Шин Гү!
- Та сайн бодоод хариул даа!
- Бэг Илсоб!
Шин Гү? Бас жүжигчин Бэг Илсоб уу? Миний дуртай Шин Гү, Бэг Илсоб хоёрыг хэлж байна уу?
- Та битгий ингээд бай л даа. Сайн бодоод хариул.
Хамар чинь шуухитнаж нулимс дусална. Юу болоод байна аа? Чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад энэ эмч утгагүй юм асуугаад байна? Амархан асуултанд хариулж чадахгүй чи минь яагаад уйлна вэ? Чиний нулимсыг би хэзээ ч харж байгаагүй. Би л үргэлж уйлдаг нь байсан шүү дээ. Миний уйлахыг чи тун ч олон удаа үзсэн. Харин өнөөдөр анх удаа чамайгаа уйлахыг харлаа.
- Та дахиад нэг удаа нэрээ хэл дээ.
Чи минь дуугүй сууна.
- Дахиад ганцхан удаа!
- Пак Сонёо!
Энэ чиний биш миний нэр шүү дээ. Миний нэрийг анх асуусан тэр өдөр санаанд тодхон. Сэтгэлд минь гаргасан чиний жим жилээс жилд улам л хатууран гүнзгийрч өргөн зам болсон юм. Хайрган доторх хайрга, шороон доторх шороо, элсэн доторх элс мэт. Би тэгэхэд залуу байжээ. Идэр залуу байхдаа “залуу насандаа явна” гэж бодсон удаа үгүй боловч чамтай учирсан тэр өдрийг бодохоор залуу үеийн минь төрх санаанд бууна.
****************

Тэр үед төрсөн хүүхэд энэ залуу мөн үү? Чиний гарыг илж арчиж байна. Нурууг чинь бас арчиж байна. Олон ч жил өнгөрчээ. Гөлгөр хүзүү чинь үрчлээтэж, өтгөн хар хөмсөг чинь сийрэг болжээ... Эмчийн оронд одоо хүү чинь асууж байна.
- Аав аа, нэрээ хэл л дээ. Таныг хэн гэдэг вэ?
- Пак Сонёо.
- Пак Сонёо гэж хэн бэ, аав аа?
Би ч гэсэн мэдэх юмсан... Би чиний хэн байсан бол?
****************

Би чамд хэн байсныгаа мэдэхгүй ч, чи миний насан туршийн анд байсан. Хүүхдүүдээ хооллох савтай гурилыг минь мэхлэн авч, дотрыг минь харанхуйлж асан хүнтэй ийм олон жил нөхөрлөнө гэж хэн санах вэ. Хүүхдүүд маань чи бид хоёрыг ойлгохгүй л дээ. Бидний явдлыг ойлгохоос тэд  "Дайны үед тэдэн зуун мянган хүн нас барсан" гэх баримт ойлгохдоо л илүү сайн.
****************

Хүүг чинь гурван долоо хоног хүртэл өдөр бүр танайд очиж хөхүүлдэг байлаа. Хааяа өдөр очно, хааяа шөнө дунд. Тийм болохоор л чи надад өртэй юм шиг өөрийгөө санаж байсан болов уу. Чиний төлөө үүнээс өөр юу ч хийгээгүй атлаа түүнээс хойш гучин жилийн турш хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ чам дээр очдог байлаа. Күюн өөд болсноос хойш чам дээр очдог болсон шиг санана... тэгэхэд үхье л гэж бодож байлаа. Амьд байснаас үхсэн нь дээр мэт санагдаж байсан. Бүгд намайг зовоож байхад чи л ганцаараа надаас юу ч хүсээгүй. Тэсэх л хэрэгтэй гэж хэлсэн, тийм үү? Цаг хугацаа бүхнийг мартуулж эдгээнэ гэж тайтгаруулсан. Юу ч бодолгүйгээр урдах ажлынхаа л ард гарах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд чамайг байгаагүй бол би яах байсан бол... цөхрөл гашуудлаасаа гарч чадахгүй, галзуу юм шиг байсан даа.

Дөрөв дэх, амьгүй төрсөн хүүхдийг минь тэртээх толгодын дунд чи л нутаглуулсан. Одоо бодоход, би арай дэндүү тээр болсноос чи Комсо руу нүүсэн юм уу? Чи минь далайн эрэгт засагчилж амьдрах нэгэн биш. Газар хагалж, үр тарих хүн. Өөрийн газар байгаагүйн эрхэнд л хүний газар хагалж байсан болохоос. Чамайг Комсо руу нүүхэд энэ бүхнийг ухаарах ёстой байжээ. Намайг дараа болоод байснаас Комсо руу нүүснийг чинь, бас чамд дэндүү муухай загнаж байсныгаа би одоо л ойлгож байна.

Анхны уулзалт аясыг шийднэ гэдэг үнэн байх. Би дотроо чамайг надад өртэй мэт санаж, тэрийгээ дураараа авирлан үзүүлж байснаас гарцаагүй. Худал хэлэн гурилтай савыг минь хулгайлж, дугуйндаа ачаад явахад чинь танайхыг олж очсон шигээ, надад хэлэлгүй Комсо руу нүүсний дараа ч би чамайг олоод л очсон. Комсо чамд зохих газар ерөөс биш байлаа. Тариалангийн талбайдаа биш далайн давалгааны өмнө зогсох чинь төөрсөн хүүхэд шиг хачин харагдаж байсан... Далайн эрэг дэх давсны талбайн дэргэд намайг хараад царай чинь яаж хувирсныг би одоо хэр сайн санана. Тэр царайг би ерөөс мартаж чадаагүй юм. Харин одоо бодоход чиний тэр царай “Энэ намайг эндээс хүртэл олж дөнгөө юү?” гэж байсан болов уу.

Чиний ачаар Комсо гэдэг газар цээжинд минь хоногшин үлджээ. Яах учраа олохгүй хэцүү явдал тохиолдох тоолонд чам дээр очдог байлаа. Тэгсэн мөртлөө сэтгэл уужирч бүх юм хэвэндээ орохоор чамайг мартчихдаг байв. Чамайг мартсан гэж бодож байлаа... Комсод намайг харангуутаа чи шууд л “Юу тохиолдоо вэ?” гэж асуусан. Одоо л чамд үнэнээ хэлье. Комсод би ямар нэгэн золгүй явдал тохиолдсон учраас биш, анх удаа зүгээр л чамтай уулзмаар санагдаад очсон юм.
****************

Комсоо руу зугтаасан тэр үеийг эс тооцвол, чиний хэрэг үгүй болтол чи минь үргэлж нэг газраа байжээ. Үргэлж нэг газраа, хажууд минь байсанд баярлалаа. Чамайг байсан учир би цааш амьдарч чадсан байх. Сэтгэл санаа хэцүү үед байнга очдог атлаа гараа ч атгуулсан удаагүйдээ уучлал гуйя. Өөрөө очдог атлаа, чамайг миний зүг алхам атугай хийх гэхээр шууд таслан зогсоодог байв. Одоо бодоход, би дэндүү муухай авирлаж байжээ. Намайг уучлаарай, үнэхээр уучлаарай. Эхэндээ эвгүй санагдсанд тэгж байсан юм. Дараа нь ингэж болохгүй гэж бодогдоод... сүүлдээ бол хөгширч нас өндөр болсных. Чи миний нүгэл, бас жаргал минь билээ. Би бас чиний нүдэнд журамтай, хүндлэм хүн болж харагдахыг хүссэн юм...

Хааяа чамд ярьдаг байсан даа, уншсан гээд янз бүрийн үүх түүх... үнэндээ би тэдгээрийн нэгийг нь ч уншаагүй юм. Охиноосоо дуулсныгаа л чамд уншсан мэт ярьдаг байлаа. Нэг удаа, Испани гэдэг улсад Сантьяго гэдэг газар байдаг тухай ярьсныг санаж байна уу? Чи тэр газрын нэрийг тогтоож чадахгүй “Хаана байдаг гэнэ ээ?” гээд давтан давтан асууж байсан сан. Тэнд мөргөлийн зам бий, гучин гурван өдөр явж хүрдэг мөргөлийн зам байдаг гээд би бурж гарсан даа. Үнэндээ би биш, Чихон охин маань л тийшээ явахын хүслэн болоод байсан юм. Тэгээд хааяа тэр тухайгаа надад ярихыг нь би өөрөө явахыг хүссэн мэт чамд ярьчихсан юм. “Тийм их хүсч байвал хоёулаа явъя л даа” гэхэд чинь зүрхэн тушаа өвдөх шиг болж билээ. Одоо бодоход, тэр өдрөөс хойш би дахиж чам дээр очоогүй юм байна. Үнэнийг хэлэхэд, тэр газар хаана байдгийг би мэдэхгүй, бас тийш явахыг хүсээгүй юм.

Өнгөрсөн цагт бидний хамтдаа хэлсэн, хийсэн бүхэн юу болж, хааш оддогийг чи мэдэх үү? Чамаас асуухыг хүсдэг байсан ч чадаагүй тул охиноосоо асуухад “Ээж ийм юм асуух сонин юмаа” гээд “замхран алга бололгүй одоо цагт нэвтэрч, шингэж үлддэг байх” гэж хариулж билээ. Бэрх үгтэй хүүхэд шүү. Чи утгыг нь ойлгож байна уу? Аль хэдийнээ улирч өнгөрсөн мэт санагдах бүх зүйл одоод шингэсэн байдаг, зөвхөн бид тэр бүхнийг мэдэрч чадахгүй гэнэ. Тиймээс өнгөрсөн цагийн юм өнөө цагтай холилдож, өнөө цагийн юм ирээдүйн юмтай холилдож, бас өнгөрсөн цагийн юм ирээдүйн юмтай холилдон нийлдэг байх нь. Гэвч үүнээс цааш хоюулаа тэр бүхнийг дахин нийлүүлж чадахгүй болжээ. Ингээд би явья даа.

Чамтай анх уулзсан тэр өдөр, чи дугуй хулгайлж уначихаад гурилтай сав толгой дээрээ тавиад замын хажуугаар алхаж яваа надтай тааралдах хүртлээ, тэр дугуйгаа зарж, зарсан мөнгөөрөө далайн замаг авна гэж бодож явсан тооцоо чинь өнөөдрийн хаа нэгтээ шингэсэн байдаг болов уу? Дугуйгаа зарж чадалгүй авсан газраа буцааж тавихад эзэн нь чамайг барьж баахан хэрэг мандсаны ул мөр үлдээ болов уу ? Тэр бүх үйл явдал улирч өнгөрсний хананд шингэж өнөөг хүртэл биднийг хөтлөө болов уу...

Намайг алга болсны дараа хайхаар харсан зүгтээ явж байсныг чинь мэднэ. Амьдралдаа хот орж үзээгүй атлаа ганцаараа Сөүлийн буудалд ирж надтай төстэй харагдсан хүнийг зогсоож байсныг чинь мэднэ. Миний сураг дуулдах болов уу гэж манай гэрийн урдуур зөндөө олон өнгөрснийг мэднэ. Хүүхдүүдтэй минь уулзаж надад юу тохиолдсоныг асуумаар байсныг чинь ч мэднэ. Тийм болоод чи минь өвдөө юү дээ?

Чиний нэр И Үнгюү шүү дээ. Эмч дахиж эмч асуухаар Пак Сонёо биш "И Үнгюү" гэж хариулдаг юм шүү. Одоо чамайгаа амраая даа.

Чи нууц минь билээ.
Чамайг миний амьдралын нэгээхэн хэсэг байсныг намайг мэдэх хэн ч тааж эс чадна. Чиний тухай мэдэх хүн байхгүй ч амьдрал гэдэг их голын бэрхшээлтэй нугачаа бүрт зөвхөн чи л надад сал тавьж, үерийн догшин усыг аюлгүй туулахад тусалж байжээ. Чи минь байсан болохоор би жаргалтай байсан. Чам дээр жаргалтай биш зовлонтой үедээ очиж байсан тулдаа л амьдралынхаа аяныг туулж чадсанаа өнөөдөр хэлэхээр ирсэн юм.
Одоо найз нь явъя даа.
*********************

2012/05/15

Шинь Гёнсүг "Ээжийгээ даатгая" III


үргэлжлэл

Ээжийн хэсэг I

Миний охин үргэлж ээжийнхээ баяр баясгалан байлаа. Охин минь ээжийнхээ дөрөв дэх хүүхэд... охиндоо хэлж байгаагүй болохоос үнэндээ бол тав дахь л даа. Чиний өмнө төрөнгүүтээ өнгөрчихсөн нэг хүүхэд байсан юм...

Ээж нь зөвхөн чамдаа л бусад ээжүүдийн хийж өгдөг бүхнийг хийж өгчээ. Сүү ихтэй байж найман сар хүртэл чинь хөхүүлж чадсан. Хүүхдүүд дундаасаа зөвхөн охиныгоо л цэцэрлэг гэдэг газар явуулсан. Охиндоо авч өгсөн анхны гутал резин биш даавуун биеийн тамирын гутал байсан. Бас тийм, охиноо сургуульд ороход нэрийн тэмдгийг нь ээж нь өөрөө хийж өгсөн юм. Охины минь нэр ээжийнх нь амьдралдаа бичсэн анхны хангул үсэг. Цэвэрхэн бичихийн тулд хичнээн удаа давтаж бичсэн гээч. Ээж нь охиныхоо энгэрт нусны алчуур, өөрийн гараар бичсэн нэрийн тэмдэг хадаж өгөөд өөрөө хөтлөөд сургуульд хүргэж өгч билээ. Миний охин “ээж сүртэй шдээ” гэж бодож байна уу? Ээжид нь сүртэйгээр барах уу хэрэг байсан юм. Хёнчол ах нь сургуульд ороход ээж нь хамт яваагүй. Үсэг бичүүлж магад гэж айгаад гэрийн аар саар ажлаар шалтаглаж авга эгчтэй чинь хамт явуулсан юм. “Бүх хүүхдүүд ээжтэйгээ явж байхад би ганцаараа авга эгчтэйгээ” гэж ах чинь гомдоллож байсан нь одоо хэр хааяа чихэнд хангинах шиг болдог. Бага ах нь сургуульд ороход ээж нь түүнийг Хёнчолтой хамт явуулсан юм. Эгчийг нь ч гэсэн том ахтай нь хамт явуулсан. Зөвхөн чамд л ээж нь хот орж хичээлийн цүнх, сүлжмэл торон даашинз авч өгсөн. Тэгж чадсандаа ээж нь ямар их баяртай байсан гээч. Тэр хүнийг гуйж охиндоо алгын чинээ жаахан ширээ бас хийлгүүлсэн. Эгчид нь ширээ байгаагүй... гэрийн даалгавраа шалан дээр хийсээр байгаад том мөртэй болсон гэж эгч нь одоо хэр хааяа нэг гомдоллодог доо. Охин минь бяцхан ширээнийхээ ард суугаад хичээлээ давтаж, ном уншиж байгааг хараад ээж нь ямар их баярладаг байв аа. Их сургуулийн шалгалтанд бэлдэж байхад нь ээж нь өдрийн хоол хийж өгдөг байлаа. Суургууль дээрээ орой болтол давтлага хийвэл гадаа нь хүлээж байгаад охинтойгоо хамт харьж ч байлаа. Охин минь ээжийгээ үргэлж баярлуулна. Жижигхэн тосгонхыхоо хамгийн сайн сурагч нь байсан юм шүү дээ.

Миний охин Сөүлийн шилдэг их сургууль, тэгэхдээ бүр эм зүйн ангид тэнцэхэд ахлах сургууль чинь баяр хүргэсэн самбар гаднаа тавьсан байсан. Хүн болгон надад “яаж ийм мундаг охинтой болох вэ” гэж билээ. Ээж нь баярласандаа амаа чихэндээ хүргэх шахам инээж явсан байх. Ээж нь охиноороо хичнээн их бахархаж байсныг миний охин мэдэхгүй л болов уу. Бусад ах эгч нарынх нь төлөө ээж нь харин юу ч хийж чадаагүй юм. Адилхан миний хүүхдүүд ч гэлээ, тэднийг бодохоор ээжийнх нь сэтгэл ингэтлээ цэлмэхгүй. Юу ч хийж өгч чадаагүйдээ ээж нь гэмшиж, өөрийгөө зүхэж, харамсч явдаг. Энэ бүхнээс миний охин л ээжийгээ чөлөөлж өгсөн юм шүү дээ.

Миний охин оюутан болоод жагсаал цуглаан хийгээд гүйж байхад ах нарыг нь хориглодог шигээ ээж нь саад боллоогүй ээ. Мёндунд байдаг гэх тэр загалмайтны сүмд өлсгөлөн зарлаад сууж байхад чинь ч эргэж очоогүй. Нулимс асгаруулагч хийнээс болсон уу, охины минь нүүр битүү хар батга болоход ч ээж нь юм хэлээгүй. Охиныхоо яг юу хийж, юуны төлөө явж байгааг ойлгож мэдэхгүй ч хийх ёстой учраас, хийж чадах учраас хийж байгаа гэж боддог байлаа. Найзуудтайгаа манай тосгонд ирж шөнө дөлөөр цуглаан хийж эхлэхэд чинь ээж нь хоол хийж, унд цай зөөж байсан. Авга эгч чинь энэ хүүхдийг энэ чигээр нь орхивол улаан паргэн (*социализм болон хэт зүүний талын үзлийг баримтлах хүмүүсийг доролмжлон хэлэх үг, орч) болно шүү гэж үглэж байсан ч ээж нь охиныхоо хийх хэлэхийг ерөөс хорьж байгаагүй. Ах нарыг нь харин ээж нь тэгж чадаагүй юм. Би тэднийг сургаж аргадаж, хорьж загнадаг байсан. Жагсагч оюутнууд цагдаагийхантай мөргөлдөхөд бага ах чинь бороохойд цохиулан нуруугаа гэмтээсэн юм. Ахынх нь нуруунд халаасан давстай нойтон давуу тавьж байхдаа ээж нь "Үүнийгээ болихгүй бол амиа хорлоно" гэж айлгаж байлаа. Тийм байтлаа хүү нар минь ээжийгээ тэнэг харанхуйд бодох вий гэж эмээж байсан. Хүнд залуу насандаа, залуу учраас хийх ёстой зүйл гэж байдгийг ээж нь мэднэ. Тэгсэн атлаа ах нарыг чинь байдаг чадлаараа хориглож, хойш нь татсан минь үнэн. Харин чамайг бол ээж нь тэгээгүй юм.
*************

Охин минь, хайр минь.
Түүнээс хойш Сөүлд очих бүр чи ээжийгээ театр ч юмуу хааны бунхан ч юмуу үзүүлэхээр дагуулж явдаг болсон. Бас дууны пянз зардаг номын дэлгүүрт ээждээ чихэвч зүүлгээд дуу сонсгож байсан удаатай. Охиноосоо ээж нь энэ Сөүл хотод Гвангхвамүн гэдэг газар, хотын захиргаа байдгийг мэдэж, хорвоод хөгжим кино байдгийг таньсан. Миний охин бусад хүмүүсээс өөр амьдрал туулна гэж ээж нь бодож байлаа. Ах эгч нар дундаасаа зөвхөн чи л ядуугийн зовлонгоос ангид, чөлөөтэй өссөн болохоор дуртай зүйлээ чөлөөтэй хийгээсэй л гэж ээж нь хүссэн юм. Охины минь эрх чөлөө ээжид нь тэс ондоо ертөнцийг мэдэх боломж өгсөн учраас охиныгоо бүр ч илүү эрх чөлөөтэй болоосой гэж хүссэн билээ. Илүү чөлөөтэй байснаараа бусдын төлөө амьдарч хүн олонд тустай үйлс бүтээгээсэй гэж ээж нь хүссэн юм.
*************

Нярай хүүхэд уйлахад аавын талын эмээ “хүүхэд уйлаад байна, хурдан хөхүүл” гэж ээжид нь хэлдэг гэсэн. Харин ээжийн талын эмээ “энэ хүүхэд уйлаад муу ээжийгээ бүр ядраачихлаа, жаахан ч болов унтуулсангүй” гэдэг гэнэ. Охиныгоо төрөхөд ээж нь яг тийм эмээ болсон.
*************

... Охины минь царайнаас хүүхэд насных нь төрх алга болжээ. Шинэхэн сар шиг нүд нь бүр ч илүү онигор болоо юу даа. Одоо инээсэн ч охины минь царайд өсвөр насных нь цог золбоо алга. Охиныхоо царайд ийм олон үрчлээ суухыг харсан болохоор ээжийнх нь амьдрал богино байсан гэж хэлж болохгүй нь. Гэхдээ ээж нь охиныгоо ингэж гурвын гурван хүүхэд өсгөж амьдрана чинээ зүүдлээ ч үгүй. Сав л хийвэл уйлж уцаарлаж, санаснаараа зүтгэдэг байсан эгчээсээ миний охин тэнгэр газар шиг тэс өөр. Цагийн хуваарь гаргаад хийх юмаа төлөвлөдөг байсан биз дээ. Тийм учраас “Ээж ээ, ёстой мэдэх юм алга. Гурвын гурван хүүхэдтэй болно гэж бодоо ч үгүй юм байна. Гэхдээ хүүхэдтэй болсноос хойш гаргах л хэрэгтэй, тийм үү ээж ээ?” гэж хэлэхэд чинь тэс өөр хүнтэй ярьж байгаа мэт санагдаж алмайрч орхисон юм.

Ээж нь эгчийг чинь л олон хүүхэдтэй болно гэж бодож байсан юм. Миний охин хэзээ ч уурлаж байгаагүй. Ах эгч нар дундаасаа зөвхөн чи л ямар ч ууртай хүнд юуг ч дэс дараатай, тайван хэлж ойлгуулж чадна. Тийм болохоор ээж нь охиныгоо хүүхэдтэйгээ болох эсэхээ тунгаан бодож, болсон ч ганц л хүүхэдтэй болох байх гэж бодож байлаа. Миний охин "Ах нартай адил ширээ авч өг" гэж уйлж унжиж байсан том эгч шигээ хэзээ ч юм нэхэж гуйж байгаагүй. Үсээ хоёр хувааж боочихоод шалан дээр түрүүлгээ хараад хэвтэж байхад нь "Миний охин юу хийж байна?" гэж асуухаар "Тоо бодож байна" л гэж хариулдагсан. Эгч нь тооны ном шагайдаг ч үгүй байлаа. Харин миний охин тоондоо сайн. Багын л оюун бодлоо гайхмаар төвлөрүүлж чаддаг хүүхэд байсан. Бодлогын хариуг олохоороо хөөрхөн баярлаж инээдэг сэн.

Харин ээжид нь юу тохиолдсоныг миний охин бодоод бодоод олж чадахгүй. Тийм болоод ийм ихээр шаналж байна уу даа... Миний охин бяцхан гурван үрдээ уягдаад ах эгч нар шигээ ээжийгээ хайхаар гараад явчихаж чадахгүй. Зөвхөн орой болохоор эгч рүүгээ утасдаад “Эгч ээ, ээжийн сураг гарсан уу?” л гэж асууна. Хүүхдүүдээ хараад миний охин хүссэнээрээ ээжийгээ хайж ч чадахгүй, хөнгөртлөө уйлж ч чадахгүй. Ойрд охиндоо тус дэм болоогүй ч ухаан минь саруул байхад ээж нь их боддог байлаа. Охиныхоо тухай, дөнгөж хөлд орж буй нярай гээд гурвын гурван хүүхэд өсгөж буй тухай, охиныхоо амьдралын тухай. Кимчи хийж явуулахаас бусдаар охиндоо туслаж чадахгүйдээ ээж нь харамсана. Миний охин хүүхдүүдээ дагуулаад хөдөө бидэн дээр ирэхдээ гутлаа тайлаад "Хөөх, би чинь өрөөсөн хоёр оймс өмсчихсөн байна шдээ” гээд инээхэд ээж нь охиноо ямар их өрөвдсөн бэ. Үргэлж цэмцийж байдаг охин минь амсхийх завгүй учраас л гар дор таарсан өрөөсөн хоёр оймс угласан болоод гэрээсээ гарахаар ухасхийжээ гэж тэгэхэд бодож билээ. Хааяа, ухаан цэлмэхэд ээж нь охиныхоо төлөө, хүүхдүүдийнх нь төлөө юу хийх ёстойгоо бодно. Тэгээд ээжид нь амьдрах хүч орно ... гэтэл бүх юм ингээд эргэчихлээ.

Охин минь, одоо ээж нь явья даа. Ээжийнхээ төлөө гуниглах хэрэггүй. Охин минь байсан болохоор ээжийнх нь амьдралын аз жаргалтай өдрүүдийг тоолж баршгүй шүү дээ.

төгсгөл дараагийн бичлэгт