2011/10/22

5 Цэргийн гэр

   

    甲錠(殺菌薬)ариутгах бэлдмэл
淨水錠 乙錠(中和薬)саармагжуулах бэлдмэл 各40袋  тус бүр 40ш 
    丙錠(試験薬)шалгах бэлдмэл

Ус ариутгагч. Манжуурт байлдаж байсан Квантуны армийн цэрэг бүр биедээ ийм хайрцаг авч явдаг байж. Ундааны усаа буцалгаж ариутгах боломжгүй тохиолдолд хэрэглэх эд. Цэргүүд муу ус ууж гэдэс дотор эвгүйрхээс сэргийлэхийн тулд хайрцганд байгаа хоёр тэрлийн бэлдмэл хийж усаа ариусгана. Хамгийн сүүлд турших бодис бүхий үрэл хийнэ. Хэрвээ усны өнгө цэнхэр болж хувирбал бүрэн ариутгагдсаны шинж, ууж болно. Өнгө хувирахгүй бол ариутгагч нэмж хийнэ.

Энэ гэрийн үзүүлэнг бүрдүүлэхэд Монголын цэргийн түүхийн музейн үзүүлсэн тусламжийг үнэлж баршгүй, маш их талархаж байгаа гэж байсныг улмажилъя. Мөн Халх голоор судалгаа хийж байхад нутгийн малчин ард цагаан цайлган сэтгэлээр их тусалсан, жишээлбэл энэ хайрцгийг нэгэн малчин бэлэглэсэн юм гэж Константин ярьж байлаа.


   

Энэ дөрвөлжин төхөөрөмжийн нэрийг мэдэхгүй учир Вимогийн нөхдөөс асуухад "тэслэгч, гал өгөх удирдлага, бялт, өдөөгч, тэслүүр" гээд олон янзын хариулт авсны аль нь зөв болохыг арзайж яваад мартчихаж. Ямар ч байсан хуучны дайны тухай кинонд... хамаг хурдаар гүйн ирж, окопонд орж нуугдаж байгаад үүн шиг дөрвөлжинг зад эргүүлэхэд тээр хол дэлбэрэлт болоод байдаг даа... тэр эд.

6 Цэргийн гэр

   

Сумны хонгио зэргээр хийсэн термометр, мундаг урласан байгаа биз.

7 Цэргийн гэр

   

1. Баруун зураг: дээр үеийн чанга яригч

Хүмүүс чанга яригчийн доор цугларч "Внимание, говорит Москва"-г чих тавин сонсохыг дайны тухай киноноос миний үеийхэн нэлээд харсан байх. Далийхад, ЗХУ даяар дуу нь танил болсон Ю. Левитан багадаа "труба" буюу "бүрээ" хочтой байж. Гитлер Оросыг эзлээд хамгийн түрүүнд дүүжлэх хүмүүсийн тоонд Левитаныг оруулж, толгойных нь төлөө шагнал хүртэл тогтоож байж. Тиймээс оросууд "улс орны дуу хоолой" хаана байгааг төрийн хэмжээнд нууцлан хамгаалж байсан нь мэдээж. Дайны хамгийн чухал үйл явдал буюу Берлиныг эзэлсэн тухай мэдээ, ялалтын тухай мэдээг ч Левитан уншжээ. Левитаныг сонсохыг хүсвэл энд дарна уу. Улс орны эгзэгтэй мөчид ийм хүн төрдөг л юм байна. Эсвэл ийм хүнийгээ тодруулж чаддаг л юм байна.

2. Зүүн зураг

Монголоор юу гэдэг билээ... хуягт юу билээ дээ... Монголоос эрж хайгаад олдоогүй тул Орос даяар сураглаж байгаад санаандгүй Новосибирск хотоос олсон гэж байсан. Халх голд байлдаж байсан загвар мөн бөгөөд дайны үеийн эд цуглуулдаг нэгэн хүн музейд хандивласан ажээ.

2011/10/17

Москва: Нүүдэлчдийн музей 1

   

6 сард Москва явахдаа үзсэн нүүдэлчдийн музейн тухай сонирхуулья.

"Музей кочевой культуры" буюу "Нүүдэлчдийн соёл ахуйн музей"
http://www.nomadic.ru/settlement.html

Энэ музей одоохондоо өөрийн гэсэн байшин байртай болооогүй гэнэ. Москвад газар, байшин барилгын үнэ хадаад удаж буй тул театр, музей зэрэг шинээр байгуулагдсан & хөрөнгө мөнгөөр дутмаг соёл урлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн орон байртай болно гэдэг мянган бэрхшээлтэй.

Гэхдээ музейн ажилтнууд байр сав гэж гүйж хөөцөлдсөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн өвчтэй хүүхдүүдэд тусгай сургалт явуулдаг сургуулийн захиргаатай ярьж тохироод тэдний хашаанд музейгээ байгуулсан гэнэ. Орон орны нүүдэлчдийн гэрүүд авчирж бариад, гэр бүрийг тухайн үндэсний аж ахуйн хэрэглэлээр товхинуулаад, хөгжмийн зэмсэг зэрэг хүмүүст хамгийн ойр уламжлалт урлаг соёлын эд зүйлээр чимээд, энд тэнд хөөрхөн хөөрхөн тайлбар тавихад л бидний музей бэлэн болсон. Юун төлөө нүүдэлчдийн музэй билээ, давуу талаа сайн ашигласан гээд ажилтнууд нь инээлдэж байсан. Музейн тайлбарлагч нарыг бэлдэх гэж бас сүйд болоогүй. Орон орноор судалгаа хийж, улс улсын эд хэрэглэлийг цуглуулсан музейн ажилтнууд буюу угсаатан судлаачид өөрсдөө музейгээ сонирхуулах тул маш дэлгэрэнгүй тайлбарлана. Бас орны орны тухай өөрсдийнхөө сэтгэгдлээс харамгүй хуваалцаж морин хуур, товшуур тоглож хуурдаж үзүүлнэ.

Дунд сургуульд багшилж байснаа сонирхолдоо хөтлөгдөн нүүдэлчдийн ахуй соёл, сэтгэлгээг судлах болсон Константин Кусков ярихдаа, хүмүүс музей үзмээр байвал өөрсдөө музейн зүг хөлөө зөөх хэрэгтэй байдаг, харин манай музей дэлхийд цорын ганц “нүүдэг музэй” гээд хөхөрч байв. Хаашаа нүүж очих вэ гэвэл музейг урьсан ямар ч сургууль, байгууллага, газар руу гэрүүдээс бусад үзүүлэнгээ аваад очно. Томхон хэмжээний арга хэмжээ бол ганц хоёр гэрээ ч ачиж очно. Константин угтаа багш хүн учир музейгээ сургуулийн дэргэд байгуулж сургалт, хөгжөөнт тоглоом зэрэг хүүхдэд чиглэсэн арга хэмжээ явуулдаг нь учиртай. Олон орон, үндэстэн ястны хүмүүс цугласан Москва хотод арьс өнгөний ялгаа, үндсэрхэг үзлээс үүдэх гэмт хэрэг жилээс жилд олширч олон нийтийг түгшээж байгаа билээ. Тиймээс хүүдүүдэд багаас нь ондоо соёл ахуйн тухай заан сургаж, үзэл бодлыг нь зөв төлөвшүүлэх чухал хэмээн ярьж байлаа. (Үүнийг манайхан ч анхаарахад гэмгүй шүү)

Энэ музей ерөнхийдөө хүүхдүүдэд зориулсан музей боловч нүүдэлчдийн тухай юу ч мэдэхгүй том хүн очсон ч олныг мэдэж авна. Юуны түрүүнд нүүдэлчин түмнийг эдийн соёлгүй, юмгүй хоосон гэж боддог (би тийм хүмүүстэй олонтаа таарч байв) орос хүмүүст хөөрхөн сэргээш болно. Мөн эртний Монгол улс болон монголчуудын тухай жирийн орос хүмүүсийн хэвшмэл үзлийг (хэрцгий, зэрлэг, бүдүүлэг, танхай, дайчин, дээр үед алж талахаас цаашгүй байсан, Оросыг эзэлсэн ганц улс, монгол татарууд биднийг 300 жил дарангуйлсан, тийм учраас Орос орон Европын соёл хөгжлөөс хоцорсон) сайхан эргүүлж өгнө.

2007 онд С. Бодровын "Монгол" кино кинотеатруудад гарах үед Москвад байж таараад, Бодровын зурагт, сонин сэтгүүлд өгсөн нэлээд олон ярилцлага үзэж уншсан юм. Бараг сэтгүүлч бүр "Юунд монголчуудыг сонирхоо вэ, яагаад сайн талаас нь гаргахыг зорио вэ, Орос оронг шатааж цөлмөсөн тухай юу боддог вэ, тэд чинь зэрлэг шдээ, бүдүүлэг шдээ, аймарр шдээ" мэтийн асуулт албатай юм шиг асууж байсан тул оросуудын үзэл огт өөрчлөгдөөгүй нь харагдаж байна лээ. Үгүй, юундаа ч өөрчлөгдөх вэ дээ. Харин Бодровын хариултыг үнэнхүү шүтсэн. Хүн болгонд уйгагүй & залхахгүйгээр нэгд, бидний арван жилд үзсэн түүх үнэнд нийцэхгүй. Хоёрт, монголчууд ямар ч улсын сүм хийдийг нурааж шатааж байгаагүй. Гуравт, монголчууд байгаагүй бол Москва байхгүй... гээд маш сайн ярьж тайлбарлаж байсан. Кино зохиолоо бичихдээ Гумилев болон бусад монгол судлаач эрдэмтдийн бүтээлийг судалсан нь илт харагдаж байна лээ. Далийхад монголчуууд байхгүй бол Москва байхгүй гэсэн үг ганц хоёр сэтгүүлчийг гацаанд оруулж байсан шүү. Гэхдээ Бодров өөдөөс нь "Үнэн шдээ, манай ноёдууд хоорондоо хоолойгоо уралцаж байсан, тал талаас шведүүд этр дайрч сүйрүүлж байсан, монголчууд байсан учир орос нэгдсэн" гээд гандан буурахгүй тайлбарлаж байсан тул huge respect. Ингэхэд юу билээ... гол ярианаасаа далийчихлаа.

Ерөнхийдөө энэ бол хүүхдүүдэд зориулсан музей. Тийм ч учраас гэрийн гадаа нум сум харваж болно, хүүхдүүд үндэсний хувцас өмсөөд зураг авахуулж болно, ер нь юм юмыг чөлөөтэй барьж, үзэж, илж болох нь музейн нэг онцлог. Намайг очиход зуныхаа амралтаараа музей үзэхээр ирсэн тав зургаан бага ангийн сурагчид монгол аня ирсэний сургаар харах гэж цуглав. Музей үзээд юу таалагдав гэж асуухад охид нь монгол дээл, малгай өмсөх нь хамгийн гоё байсан гэж инээлдээд, банди нар нум сум харвах, жад сэлмээр үзэлцэх нь хамгийн күүл гэж байсан, хаа газрын охид хөвгүүд адилхан гэж.




Нум сум харваж тоглох хана.

Бусдыг доор оруулсан зурагнаас үзэж сонирхоорой.





1 Монгол гэр

   


   

  
   

2 Хааны гэр



Дээр үеийн тэрэгт гэр.
Энэ гэрийг "ханская юрта" буюу "хааны гэр" гэж нэрлэсэн байна лээ. Чингис хаан болон Эзэнт гүрний үеийн Монголын байлдан дагууллын тухай танилцуулах гэр.






   

   

3 Казах гэр





  Казах гэр - баганагүй












   


   

4 Киргиз гэр

   

Киргиз гэр - нэг баганатай

5 Ажилтнуудын амрах гэр

   


6 Гэр - номын сан

   


   

   

2011/10/13

7 Ненец урц




Тундрт нутаглах "ненец" хэмээх цаатан ардын урц.

8 Африкийн нүүдэлчдийн майхан

   

Зүүн зураг:
Африкийн бедуин гэл үү... нэгэн овог ястны майхан бэлдэж байгаа нь.

Баруун зураг:
Африкийн Нигэр, Мали, Алжир, Ливия зэрэг таван оронд тархан суух туареги үндэстний гэр майхан. Нарийн модон багана нь бороо чийг ихтэй Москвагийн цаг агаарт таарахгүй тул төмөр каркас хийсэн гэсэн. Ер нь нүүдэлчдийн ахуй хуурайг цаг агаарт зохицсон тул бүх гэрүүдийн хувьд хамгийн том асуудал бол Москвагийн бороо чийг.

2011/08/24

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь



  Япон улсын Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулснаа толилуулж байна.
  Коидэ багш номыг нь монгол хэлнээ орчуулахыг дуртайя зөвшөөрсөнд талархал илэрхийлж, монгол түмэн цөмийн хаягдлын тухай үнэн зөв, өргөн хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүссэнийг энд уламжилъя.
  Коидэ багш ахлах ангиа төгсөхдөө цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсч 1968 онд Тохокүгийн их сургуулийн цөмийн инженерийн ангид элсэн сурсан боловч цөмийн энергийг судлах тусам ач тус биш аюул хор нь илүү болохыг яс махандаа шингэтэл ойлгож мэдсэн хэмээн энэхүү номондоо бичсэн байна. Иката Атомын цахилгаан станцын (АЦС) шүүх хурал, Нингёо Тоогэгийн ураны үлдэгдлийн асуудал, JCO-гийн осол зэрэг АЦС, цөмийн энергитэй холбоотой олон осол, хэрэг гарахад Коидэ багш үргэлж эрүүл мэнд, амь насаа алдах энгийн иргэдийн талд байжээ. Цөмийн энергийн мэргэжилтний хувьд олон жилийн турш атомын цахилгаан станцын аюулыг олон нийтэд сурталчилж ирсэн хүн юм.
  Ном нь маш энгийн хэллэгээр бичигдсэн тул япон хэлтэй хүмүүст уншихыг санал болгоё. Уншаад монголд АЦС хэрэгтэй эсэхийг тунгааж бодно биз дээ.

  Коидэ Хироаки 小出裕章
  "Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь" 「原発のウソ」

  ... Атомын цахилгаас станц (АЦС) ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхит хаягдал гарах бөгөөд тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга алга. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гардаг тул цацраг идэвхит бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.
  Өнөө үед цацраг идэвхит хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.
  Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

  Хамгийн том асуудал нь АЦС-ын хуучирсан реактор юм. АЦС нь бурханы биш хүний л хийсэн “машин” тул хэдэн арван жил ажилласны дараа хуучирч элэгдэн ажиллагаагүй болох нь ойлгомжтой. Тэр үед АЦС нь өөрөө хамгийн том “аюултай хог” болж хувирах бөгөөд түүнийг ирээдүйд олон зуун жилийн турш хэрхэн хянаж зохицуулах вэ, яваандаа ямар асуудал гарах вэ гэдэг асуултанд үнэн хэрэгтээ хэн ч хариулж мэдэхгүй юм. Гэхдээ АЦС-ын хувьд “мэдэхгүй бол мянган үгийн таглаа" гээд орхичихож болохгүй. Яахаа мэдэхгүй ч гэлээ Фүкүшимагийн 1-р АЦС-ыг зогсооход хэд хэдэн хаягдал реактор гарч таарна. Бүх дэлхийн туршлага, мэдлэг ухааныг нэгтгэн байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ч яг яах вэ гэдэг тухай тодорхой хариулт өдий хүртэл олдоогүй байна.

  Юуны түрүүнд ойлгоход арай хялбар асуудлыг авч үзье. Тэр нь АЦС-аас өдөр бүр маш их хэмжээгээр гарч буй “бага төвшний цацраг идэвхит хаягдлын” асуудал юм. Энэ нь цацрагийн хордолт харьцангуй бага хаягдал бөгөөд цацраг идэвхит элемент болон бодис наалдсан алчуур, ажилтны хувцас зэргээс бүрдэнэ. Одоо японд 1 жил АЦС ажиллуулахад 1000 төмөр торх “бага төвшний цацраг идэвхит хаягдал” гарч байна. 1963 онд анхны АЦС ашиглалтанд орсноос хойш хорь хүрэхгүй жилийн хугацаанд буюу 1980 оны байдлаар япон дахь ийм төмөр торхны тоо 250,000 хүрсэн байв. АЦС бүр доороо ийм хаягдал хадгалах агуулахтай бөгөөд “бага төвшний цацраг идэвхит хаягдлыг” тэнд хадгалдаг. АЦС-ын доорх энэ агуулахууд хэдий хэмжээний хаягдал багтаах вэ гэвэл, 1980 оны байдлаар нийт багтаамж нь 300,000 торх орчим байв.
  Хаягдалтай торхнууд өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэх тул эрчим хүчний компаниуд нэмэгдэхийн хэрээр хаягдал хадгалах агуулах барьсаар ирсэн. Гэвч хичнээн олныг барьлаа ч АЦС-ыг зогсоохоос нааш ийм хаягдал гарсаар байх тул эрчим хүчний компаниуд ацан шалаанд орсон юм. Тиймээс хэмжээг нь багасгахын тулд хаягдлыг шатаахаар шийдсэн болно. Өөрөөр хэлбэл төмөр торход лацдаж хийсэн цацраг идэвхит хаягдлын тагийг нь онгойлгож гаргаад үнс болгон шатаагаад хэмжээг нь багасгасан юм.
  Ингэж шатааснаар хуримтлагдаад байсан хэдэн зуун мянган төмөр торхны тоог багасгаж чадсан хэдий ч жилээс жилд торхны тоо нэмэгдсээр 2005 оны гэхэд 700,000 хүрсэн байлаа. Тиймээс “хүчрэхгүй нь” гээд тэр их хаягдлаа эрчим хүчний компаниуд японы хойд хэсгийн Аомори мужийн Роккашо тосгонд хүлээн авахыг тулгасан болно. Одоогийн байдлаар 200,000 хаягдалтай төмөр торхыг Роккашо тосгон уруу шилжүүлээд байгаа.

  Роккашё тосгонд тэр их хаягдлыг газарт хэрхэн булсан бэ гэвэл, томоохон нүх ухаад бетон цементэн агууламж барьсан юм. Агууламжид төмөр торхнуудыг өрж тавиад, дээрээс нь бетоноор таглаж эргэн тойрныг нь бетон шавраар чигжээд сүүлд нь шороогоор булсан болно. Ийм маягаар бетон агууламжийн тоог олшруулсаар ирсэн юм.
  Гэвч хаягдал хийсэн торх нь төмрөөр хийгдсэн тул нэг, хоёр жил болоход зэвэрч муудна. Хаягдлын агууламж газар доор, ихээхэн чийгтэй орчинд баригдсан тул төмөр торх зэвэрч муудаж нүх гарах нь хялбар. Тэр чигээр нь орхивол цацраг идэвхит бодис гадагшлах аюултай учраас агууламжийн хажуу талд “шалгах хоолой” гэгч зүйл хийж байнга шалгаж байдаг юм. Хэдэн жил тэр хоолойг шалгаж хянах вэ гэсэн асуултын хариулт бол "300 жил". 300 жилийн турш байнга шалгаж цацраг идэвхит бодис ил гарсан тохиолдолд арга хэмжээ авна, яваандаа цацрагийн хэмжээ багасч “учир нь нэг олдоно байлгүй” гэдэг бол өнөөгийн японы Засгийн газрын тайлбар юм.

Орчуулахад тусалсан дүү Хүлэгээд баярлалаа !
--------------------------------------------------

  * 1 сая жил хадгалж хянах ёстой "өндөр төвшний цацраг идэвхит хаягдлын" тухай дараагийн бичлэгт

2011/07/24

Монгол = хогийн сав?

Монгол улсаа төлөөлөн америкд суугаа элчин сайд, их хурлын гишүүд, улсын маань Гадаад явдлын яам зэрэг хариуцлага бүхий зөндөө олон хүмүүс, байгууллагууд "монголд цөмийн хаягдал хаяхгүй", "тийм яриа огтхон ч болоогүй" гэж удаа дараа үгүйсгэсэн тул хүмүүс тайвширч долоо хоног наадамлан зун цагийн сайханд налайсан билээ. Тэгтэл 7 сарын 18-д японы Майничи сонин “Америк, Япон, Монгол улс цөмийн хаягдал түлш монголд булшлах урьдчилсан зөвшилцөлд хүрлээ” гэсэн мэдээ нийтэлсэн нь монгол түмнийг сэртхийлгэн цочирдуулав.

Гэхдээ өнөөдөр монгол биш япон хүмүүс энэ мэдээг хэрхэн хүлээж авсан тухай бичих гэсэн юм. Юуны түрүүнд ихэнх япон хүмүүс энэ тухай огт мэдэхгүй байгааг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан миний ярьж асуусан ажлын газрын, их сургуулийн, дугуйлан сонирхлын зэрэг хүрээний хүмүүсээс мэдэх хүн ч нэг ч байгаагүй. Зөвхөн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн ухамсар муугийнх биш, бодит байдал ийм гэж бодож байна. Гэхдээ монгол судлаач эрдэмтэд болон монголыг сонирхдог, монголтой ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүсийн ихэнх нь эсэргүүцэж буйг баттай хэлнэ.

Дээрхи мэдээний тухай интернэтэд япон хүмүүсийн бичсэн коммэнтыг гурав хувааж болох байх: 
1) эсэргүүцсэн 2) зөвшөөрсөн 3) аль нь ч биш (“юу л болоод байнадаа энчдоо” маягийн коммэнт).

http://www.asyura2.com/11/genpatu10/msg/693.html
http://newtou.info/entry/5489/

Эдгээр коммэнтыг 1) олон хүн бичсэн буюу зонхилох коммэнт 2) сонирхол татсан гэх хоёр шалгуураар шүүж танилцуулбал:

Эсэргүүцэх:
・ пааах, монгол улс уурлаачээ
・ балиар юмаа, хоогоо ондоо оронд тулгахыг АЦС-ын хаягдлын асуудлыг шийдэх арга гэж байгаам байхдаа
・ гуйсан ч хийж болохгүй юм гэж байдаг даа
・ орчин үейн колончлолын нэг хэлбэр
・ монгол яагаад эсэргүүцэхгүй байнаааа
・ япон шившиг юмаа, энийг сэдсэн баагийнуудын уураг тархи нь ууршаад алга болсоноос гарцаагүй
・ новшийн америк, өөрсдөө өчнөөн цөл газартай байж, шал дургүй хүрчлээ
・ яаанаа, манай засгийн газар арай ч дээ
・ монголын засгийн газрыг мөнгөөр хуураад амыг нь таглаж болох юм шигээ. гэвч ард түмэн зөвшөөрөөгүй шүү. үнэн хэрэгтээ япон хүмүүс үндэс дамнасан пүүс компаниудтайгаа нийлээд монголын газрыг золиосонд гаргах төлөвлөгөө байна
・ монгол түмэн зөвшөөрөөгүй нь мэдээж, улс төрчдийн л явуулга байж таарна
・ америк ёстой эрээ цээргүй үзэж байнаа
・ ичгүүртэймаа, ийм юм гэж байхуу
・ би энэ гэрээг эрс эсэргүүцнэ. гэхдээ “монгол балиар заваан юм хүчээр тулгуулсан хөөрхий хохирогч” гэдэг үзэл бол буруу. монголын тал өөрсдөө хүсэн гуйж байгаа зүйл шдээ. мөхсөн хотод (ghost town) булна гэж байгаа, тэгээд ч монголын тал цөмийн технологитой болохыг эрмэлзэж байна, тиймээс “шинэ маягийн колончлол”, “сул доройгоо дээрэлхэх” явдал огтхон ч биш
・ америкууд л хийж байгаа хэрэг, манайхан тэдний өөдөөс үг хэлэх биш
・ япон өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй
・ ичгүүртэй, байж болшгүй зүйл

Зөвшөөрөх:
・ хариуд нь эдийн засгийн тусламж, технологи ноухау аваад монгол ОК гэж байвал болоо шд
・ хаягдлалд асар их мөнгө зарцуулах байх, гэхдээ өөр арга ч үгүй болов уу
・ газар доор хэдэн зуун метрийн доор булахад яав л гэж сүртэй шдээ... тэгээд ч монгол улс ураны экспортоос эхсүүлэн хаягдал хүлээж авах хүртэл (эдийн засгийн) бүхэл бүтэн нэг салбар босгох гэж байна, мэдэж байнуу тануус. муу сайн сүржигнүүрүүд монголыг битгий хойш нь татаад бай
・ хэхэ үүнийг харин эсэргүүцэх онцын шалтгаан байхгүй шүү
・ шулуухан ярихад АЦС-ын хаягдлын асуудал байгалийн баялаг экспортлохоос ч илүү ашигтай бизнес. монгол хүсэж байвал яагаад үгүй гэж. аж үйлвэргүй монголын амьд үлдэхийн төлөөх сонголт. хоёр тал зөвшилцэж буй ховор тохиолдол байна шдээ
・ хэхэ, хятад монголын хил дагуу хөөрхөн цэвэрхэн булчихаарай
・ хүнгүй хувхай хотод хаяна гээ биз дээ
・ өөрсдөө хүсээд байхад татгалзах шалтгаан үгүй шд
・ улс хоорондын хуваарилалт гэдэг үүднээс боломжийн сонголт гэж бодож байна. техник технологи байхгүй ядуу орон амьд явья, улсаа хөгжүүлье гэж байвал шийдэмгий алхам хийхгүйгээр урагшлахгүй. хөгжсөн оронд ч гэсэн сургууль соёлгүй, мэргэжилгүй хүн заваан бохир ажил хийж амьдрахаас өөр аргагүй. ноль жорлон цэвэрлэх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гээд байвал тэр хүнээс ажлыг нь булаасантай адил. хорвоогийн жам хатуу шүү
・ ондоо орон хошуу дүрвэл ярвигтай юм болох байх даа, гурван орон гялс шийдчих хэрэгтэй
・ газар байнга хөдлөх японд (хаях) баттай газар байхгүй шдээ...
・ хүссэн юм хүзүү татна гэгч болох байх, гэхдээ өөрсдөө хүсэж байгааг хорих утгагүй, тэгээд ч япон хаях газаргүй юм чинь

Аль нь ч биш:
・ үүнд мөнгө ч ёстой урсах байх даа, хажуугаар нь (оролцогчид) хуга баяжна даа, харж л байгаарай
・ болж байгаамуу монгол, дор хаяж 10,000 жил хадгалах хэрэгтэй шдээ энэ хогийг
・ таарсан ч юм болж байна даа
・ угаас байгаа юмыг малтаж аваад, ашиглаад, буцаагаад булна. бас мөнгө орж ирнэ, техногитой ч болно... монгол нэг иймэрхүү тооцоо хийсэн юм байх даа... сонин гэх үү, тэнэг гэх үү
・ муужирлаа, ийм аймаар осол гараад байхад хаширахгүй юмаа
・ хогоо хөгжиж буй оронд хаяж болж байгаамуу... нэг л...
・ орос, хятад юу гэж байгаам энэ тухай
・ ёооноо, ийм юм зөвшөөрдөг ард түмэн байдгим байхдаа

Ажиглалт:
  1. Угтаа байж болохгүй асуудал боловч монголчууд өөрсдөө хүсээд гуйгаад байвал аргагүй гэж бодох япон хүн олон. Ингэхэд монгол хүмүүс бүгд хүсээд байна уу... айн?

  2. Хаанаас, ямар эх үүсвэрээс гарсныг хэлж мэдэхгүй боловч цөмийн хаягдал булшлах газар нь ойр хавьд амьд амьтны бараа үгүй, үхсэн хот буюу "ghost town" гэсэн мэдээлэл япон хүмүүсийн дунд тархсан бололтой. "Өргөн уудам онгон тал нутаг" гэдэг олон япон хүнд сайхнаар бууж, харах юмсан үзэх юмсан гэж сэтгэл хөдөлгөх зүйлийн нэг. Харин нэтэд "ногоон талд биш балгас хотод булна гэсэн шдээ” гэх коммэнт нэлээд харагдаж байна... юу гэж ойлгох уу? Мөн хаанахын, аль аймаг нутгийн "балгас хот" байж таарах уу?

  3.  Японы идэвх санаачлага гэхээс цаана нь Америкийн улсын явуулга байна гэж үзэх хүн олон
За тэгээд дор бүрдээ дүгнэлт хийнэ биз дээ.

2011/07/07

Ази 100 хүнтэй тосгон байсан бол...

Хятадад олон жил амьдарсан Япон улсын Мэйжигийн их сургуулийн хууль эрх зүйн тэнхимийн багш Катоо Тоорүгийн "Хятад хүн: хясаа болон хонь" номноос орчуулав.

Номны нэрийг махчилан орчуулбал "Хясаа болон хонины хятад хүн" гэж буулгах хэрэгтэй. Агуулгыг жаахан тодруулбал, "хясаа" нь 貝 буюу "дун хясаа" гэх утгатай ханзны түлхүүр бөгөөд зохиолч зүүн, зүүн өмнөд нутгийн хятад хүмүүс, тэдний үүсгэсэн соёлыг “хясааны соёл” гэжээ. Энэ түлхүүртэй бусад ханзыг дурдвал 財 買 販 貨 賭 貯 зэрэг “хөрөнгө”, “худалдаж авах”, “зарах”, “мөнгө”, “мөрийцэж тоглох” гээд бүгд мөнгөтэй холбоотой бөгөөд гарт баригдаж нүдэнд харагдах хэлбэр дүрс бүхий баялгийг заана.

Эсрэгээр хонь буюу 羊 түлхүүртэй ханз нь "сайн сайхан", "үзэсгэлэн", "сайн үйл" (義 美 善 養)зэрэг нүдэнд үл үзэгдэх баялгийг заах бөгөөд зохиолч Хятадын баруун, баруун хойд зүгийн нүүдэлчин улсуудын бий болгосон соёл ахуйг “хонины соёл” гэж нэрлэжээ. Гэхдээ нүүдэлчин гэнгүүт л = Монгол гэж ойлгож болохгүй. Манжууд нүүдэлчин ард түмэн байсантай адил зохиолч аль 3000 жилийн өмнөх Хятадыг ийнхүү хувааж, манай эриний өмнөх Күнзийг хүртэл “хонины соёлд” хамруулж тайлбарлана. Өөрөөр хэлбэл, Хятадын газар нутаг өргөжин тэлээгүй байсан үеийн “хясааны соёлтой” Хятад болон эргэн тойронд нь байсан боловч эдүүгээ Хятадад бүрэн ууссан “хонины соёлтой” улсууд хэрхэн нийлж хайлсаныг өгүүлээд, энэ өнцгөөс өнөөгийн хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээг тайлбарлахыг зорьжээ.

Доорхи орчуулга бол хятад хүмүүсийн газар нутгийн тухай үзэл бодлыг өгүүлэх бүлгийн хэсэг юм. Дунд нь орж амьдарч үзсэн биш, хятад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлгээний тухай нэлээд олон зүйлийг энэ номноос олж мэдлээ. Бас япон хүний өнцгөөс харж унших сонин байлаа.

Оршил яахав, уншигч та зохиогчийн тааврыг хөнгөхөн тааж дөнгөнө биз дээ :)

  Катоо Тоорү "Хятад хүн: хясаа хийгээд хонь", 2006
  加藤徹『貝と羊の中国人』   
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

 ... Ганцаараа нүд хаашаа бие тийшээ, тогтсон чиглэл төлөвлөгөөгүй аялан явж байгаад санаандгүй нэгэн тосгонд ирэв. Тосгоны тэг голд ойр хавийн байшингаас хэд дахин том нэг хашаа байшин байх ажээ. Тэр гэрийн урдуур өнгөрөх гэж байтал нас өндөр өвгөн буурай хашааны үүдэнд гарч ирээд,
 - Чи холын аяны хүн үү? Би энэ тосгоны захирагч байгаа юм. Манайд орж аяга цай ууж амраад аян замаа үргэлжлүүлбэл ямар вэ? хэмээн гэртээ урив. Би урилгыг дуртайя хүлээн авч гэрт нь орвол ам бүл тун олуулаа амьдардаг бололтой, гайхмаар өнөр өтгөн айл ажээ.
 Тосгоны захирагч намайг явуулын танихгүй хүн болохоор санаа нь амарсан уу, нэг мэдсэн яриа нь хөршүүдийн тухай гомдол болж хувирав.
 - Манайх гэдэг айл үеийн үед энэ тосгоныг удирдан зохицуулж, захирч ирсэн юм. Даанч сүүлийн үед тосгоныхон минийг үгэнд орохоо больж дураараа авирладаг болоод байна. Ингээд тосгоны захирагч хамар хажуугийнхаа айл бүрийг нэг нэгээр нь дуудаж дутагдлыг нь хэлж муулав.

 Тэр айл уул нь манайхаас тасарсан цусан төрөл боловч олны өмнө угсаа гарлаа умартсан үг хэлж ихэд даахалзах болсон. Ах захаа алдаад энэ хорвоо юу л болж байна даа...
 Ондоо тэр айл, дээхэн хотын якүза нарт дээрэлхүүлээд хэцүү байхад нь манайх тусалсан юм. Тэгсэн одоо яаж байна? Хүний ачийг умартаад хазаж хялайх ч энүүхэнд болж.
 Тэр нэгэн айл манай гэрийн газраас дур мэдэн тасдан авч тариан талбай болгочихсон байгаа юм даа.
 Бас тэр айл жижиг атлаа хэмжээ хэрээ мэдэхгүй, гоёмсог байшин босгочихоод тосгоны захирагч намайг тоох ч шинжгүй, хотыхонтой л найзархаад байдаг болж. Манайхаас ч элбэг дэлбэг амьдарч байх юм даа. За, гэхдээ тийм юмнууд өөдөлдөггүй хойно, удалгүй сүйрэх байлгүй.
 Бусдыг муулах ч яахав, ядаж байхад амин бүлд минь ичих нүүрэндээ илгэ наасан хэдэн нөхөр байна. Гэрийнхнийхээ мууг хүнд дуулгамааргүй ч, нууцаар хотын якүза нартай нийлээд бие дааж гал таслана гэж зүтгээд байгаа нөхдүүд бий. Хөгшин надад амар тайван байх хором ч олгохгүй юм.

 Тосгоны захирагчийн яриаг сонсвоос энэ тосгонд хүн шиг хүн бол зөвхөн захирагч бололтой. Бусад нь амин хувиа хичээхээс цаашгүй зальтай, санаатай хүмүүс юм байна. Бүгд хөгшин буурлын сайхан сэтгэлийг ашиглан мэхэлж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх аж. Иймд би энэ өвгөн буурлыг өрөвдөхгүй байж чадсангүй.
 Удалгүй дайлж цайлсанд талархсанаа илэрхийлээд захирагчийн гэрээс гарахад хажуугаар өнгөрч явсан тосгоны хүн намайг дуудаад
 - Та сая энэ гэрээс гараа юу. Юм юм л дуулаа биз дээ гэв.
 Би өөрийн эрхгүй толгой сэгсрэн үгүйсгэж,
 - Үгүй, үгүй. Захирагч надад тосгоныхоо түүхийг л ярьж өгсөн юм. Ярианаас нь би ихийг сурч мэдлээ гэж хариулав.
 Гэтэл тосгоны хүн яагаад ч юм уртаар санаа алдав.
 - Ярьдгаа ярьсаар л ... хэцүү ч юмаа даа. Тэр өвгөн манай тосгоны захирагч биш л дээ. Хэн ч сонгоогүй, сонгууль ч болоогүй байхад өөрөө захирагч, захирагч гэж зарлан тулгаад байгаа юм. Олон жил худал хэлээд, яваандаа давтсаныхаа тоогоор түүндээ итгэчихсэн бололтой. Иймдээ хүрэхээр өвчин л гэдэг байх даа...
  
 Миний толгой эргэх шиг болоход гэнэт нүдээ харж сэрэв. Зүүд байж дээ...

----------------------------------

 Энэ бол миний “Хэрвээ ази 100 хүнтэй тосгон байсан бол” элэглэлийн (пароди/parody, орч.) нэг хэсэг. Үүнийг номдоо оруулсан минь учиртай. Айл гэр болгон нэг улсыг заана. Чухам аль гэр ямар улс болохыг мэргэн уншигч та тааж мэдэх үү.