2015/04/22

Нацүмэ Соосэки "Зүүдний арван шөнө"




Нацүмэ Соосэки “Зүүдний арван шөнө” 
夏目漱石『夢十夜』より
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Гурав дахь шөнө

  Ийм нэгэн зүүд зүүдлэв.

  Зургаан нас хүрэх хүүхэд үүрч явна. Лавтайяа миний хүү. Хачирхалтай нь нүд нь сохор, толгой нь мулзан ажээ. Хараагаа хэзээ алдаа вэ гэж асуутал "Аль эртнээс хө" гэж хариулав. Дуу нь хэдий хүүхдийн дуу боловч үг хэл нь том хүнийх. Надтай эн тэнцүү мэт ярих аж.
  Баруун, зүүнээ тутрагын талбай ногоорно. Бид нарийхан жимээр явж буй. Харанхуйд хааяа дэглийний дүрс харагдана.
  - Тутрагын талбайд ирлээ гэж ар нуруунаас хүүхэд хэлэв.
  - Яаж мэдээ вэ? гэж эргэж харан асуутал,
  - Дэглий дуугарч байгаа юм биш үү гэв.
  Тэр даруй дэглий шувуу хоёр удаа дуугарах нь тэр.
  Хэдий өөрийн хүүхэд боловч жаахан айдас төрөв. Ийм амьтан үүрч явбал үүнээс цааш юу тохиолдохыг хэн мэдлээ. Хаа нэгтээ хаячих газар байхгүй юу гэж бодон алсыг харваас харанхуйд аглаг ой сүглийн үзэгдэв. "Тэнд хаявал" гэж бодсон даруй нуруунаа хүүхэд "Хэ хэ" гэх нь дуулдав.
  - Юунд инээгээ вэ?
  Хүү хариулсангүй. Гагцхүү "Аав аа, хүнд байна уу?" гэж сөргүүлж асуув.
  - Хүнд биш ээ гэж хариултал,
  - Мөд хүнд болно гэв.
  Би ойг чиглэн дуугүй алхлаа. Жим тутрагын талбай дундуур мурийж тахийх тул талбайгаас гарахад бэрх санж. Хэсэг алхсаны дараа жим салаалсан газар ирэв. Би салаа замын голд зогсоод түр амсхийлээ.
  - Чулуун тэмдэг байх ёстой доо гэж жаалхүү хэлэв.
  Нээрээн, хүний бүсэлхий хэр өндөр, найман сүн(*1) шоо дөрвөлжин чулуу байх юм. Нүүрэн талд нь "Зүүнээ – Хигакүбо, Баруунаа – Хоттабара" гэж бичсэн байна. Харанхуй атал улаан үсэг нь тод харагдана. Гүлмэрийн(*2) гэдэс лүгээ адил эвгүй өнгөтэй улаан үсэг байв.
  - Зүүнээ явбал дээр гэж хүү тушаав.
  Зүүн тийш харваас саяын ой бараан хар сүүдрээ өндөр тэнгэрийн дээрээс бидний толгой дээр унагана. Би тэрхэн зуур тээнэгэлзсэн боловч хүү "Эргэлзэх хэрэггүй" гэж нэмж хэлэв. Тиймээс арга буюу ойн зүг алхаж эхэллээ. "Хараагүй атлаа юм бүхнийг мэддэг байх нээ" гэж дотроо бодон шулуун замаар ойд дөхөж иртэл нурууны ардаас хүү "Сохор байх ч хэцүү юм аа" гэв.
  - Тийм учир чамайг үүрч явна шүү дээ.
  - Үүрүүлснээ умартсан мэт үг хэлж буйдаа уучлал гуйя. Гэвч хүмүүс басамжлахаар дургүй хүрэх юм. Төрсөн эцэг минь хүртэл басамжлахаар бүр ч дургүй хүрнэ.
  Миний нэг л эгдүү хүрэв. Бушуухан ойд аваачаад буулгаж хаях минь гэж бодон яарлаа.
  - Та жаахан яваад ойлгоно оо. Яг л ийм шөнө байсан даа – нуруун дээрээс хүү өөрөө өөртэйгээ ярьж буй мэт хэлэв.
  - Юуг тэр вэ? – би ууртай дуугаар ундууцан асуув.
  Харин хүү "Юуг нь мэднэ биз дээ" гэж тохуурхсан янзтай хариулав. Тэгтэл нээрээн, нэг л мэдэх юм шиг санагдаж эхэллээ. Гэвч юу болох нь тодорхой бус. Гагцхүү, өнөөдрийнх шиг орой байсан санагдана. Мөн жаахан цааш явбал мэдчих мэт санагдана. Мэдвэл хэцүүдэх учир мэдэхээсээ өмнө бушуухан хүүг хаяад санаа амрах хэрэгтэй мэт санагдана. Тиймээс би алхаагаа түргэсгэв.
  Түрүүнээс хойш бороо орж буй. Урдах зам улам харанхуй болов. Зүүд манан дунд мэт ажээ. Гагцхүү жаалхүү нуруунаас зүүгдэх агаад өчүүхэн зүйлийг ч үл орхин харуулах толь шиг миний өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхнийг гэрэлтүүлэн тусгана. Тийн атлаа миний хүү юм. Мөн сохор хүүхэд юм. Тэсвэрлэхийн аргагүй боллоо.
  - Энд, энд. Яг энэ хуш модны ёроолд.
  Бороон дунд хүүгийн дуу тов тод дуулдав. Би өөрийн эрхгүй зогслоо. Хэзээнээс юм, ойн гүнд орсон байжээ. Нэг кэн(*3) хэрийн зайнд харлах юм хүүгийн хэлснээр хуш мод бололтой.
  - Аав аа, энэ хуш модны ёроолд болсон, тийм үү?
  - Тийм гэж би өөрийн мэдэлгүй хариулав.
  - Бүнкагийн (*4) тавдугаар он, луу жил байсан.
  Нээрээн, Бүнкагийн тавдугаар оны луу жил байсан мэт санагдана.
  - Намайг та одооноос яг зуун жилийн өмнө алсан байх аа.
  Түүний үгийг дуулмагц одооноос яг зуун жилийн өмнө Бүнкагийн тавдугаар оны луу жилийн ийм нэгэн харанхуй үдэш, энэ хуш модны ёроолд нэгэн сохор хүн алснаа би тод саналаа. Алуурчин байснаа мэдсэн тэр мөчид хүү нуруунаа гэнэт чулуун бурхан Жизоо шиг хүнд болов.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

*1 сүн – 3.03 см.
*2 гүлмэр – хоёр нутагтан амьтан, англиар newt, triton, японоор 井守 гэдэг. Монголд "Сибирийн гүлмэр" гэх төрөлд хамаарах гүлмэр байдаг (Нэвтэрхий толь)
*3 кэн – уртын нэгж, 1.82 метр
*4 Бүнка – Эдогийн сүүл үед хамаарах он тооллын нэг, 1804~1818.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Сонирхвол: эхний шөнийн зүүд & зургаа дахь шөнийн зүүдийг эндээс уншаарай.



2 comments:

ariuka said...

Saikhan uguulleg baina. sain ch orchuulj. gants hoyor zuvluguu ugvul huleej avna gej naidaj baina

1. Nadtai uyiin yum shig yarih aj

2. ar nuruunaas

3. aglag oi sugliin uzegdev

4. hayval

5. he he

6. gulmer

latinaar bichsend uuchlaarai.

Сүрэн said...

Ariuka, саналаа хэлсэнд баярлалаа.

>1. Nadtai uyiin yum shig yarih aj
Цаад үг нь наснаас гадна эцэг, хүү гэсэн харьцаа хамаарлыг мөн заах тул "үеийн" гэж орчуулж болохгүй.

>2. ar nuruunaas
>3. aglag oi sugliin uzegdev
Баярлалаа

>4. hayval
Яагаад "хаябал" гэж бичсийм болдоо... кк

>6. gulmer
Баярлалаа, энэ амьтны нэрийг хайгаад ер олоогүй юм.