2010/09/24

2010 Питер: Дэжавю, өөрчлөлт & ухуулга


Блогоо тоосонд даруулж, тоож унших бүү хэл гүйлгэж харах дайны юм ч оруулахаа байж... гэсэн зэмлэл гэмгүй явсан Сүрэн гэнэт хүртэж гэнэн сайхан сэтгэлтэй тул ихэд гэмшиж... гэж бүлтрээд ч яахав, зүгээр 8 сард ажлаар Ленинград явсан тухай хэдэн бичлэг хийх үү, яах уу гээд. Даанч долоо хоног цагаан оффист цаас бичигтэй зууралдсаар байгаад таарсан тул "аяны тэмдэглэл" гэдэг аятайхан нэр арай өгч боломгүй, өнгөц ажиглалт зэргийн хэдэн пост гараасаа гаргав. Үүгээр донгодолтын "тоосонд даруулсан" хэсгийг үгүй хийвч "тоож унших" хэсэг нь бүү мэд, донгодогч нөхрийн мэдэх хэрэг биз...хэхэ

Дассан сурснаараа далийхад Санкт-Петербург гэдэг сүртэй сайхан нэрэнд дасч өгөхгүй, би хуучнаара Ленинград л гээд байх юм. Хүүхэд насны нөлөө насан туршид гэдэг, Ленин багшийн заасан замаар урагшаа гээд ам тангараг өргөж , аягүй хөөрхөн пионер болж байсан болохоор аргагүй ч юм уу.

1. Дэжавю
Амьдралдаа анх удаа "дэжавю" гэдгийг өөрийн биер мэдэж мэдрэв. Онгоц хөөрөөд нэлээд хэдэн цаг болсны дараа хажууд суугаа орос бүсгүйтэй яриа дэлгэв. Юм юм ярьж байтал гэнэт эргэн тойрон нэг л биш болж ирэв. Урд суудлын тэр хүн одоо босно гэж бодтол яг тэр хүн босов. Ард ийм хүн зогсож байгаа гээд эргэж хартал дүрсэлсэн дүрээр минь зогсож байв... бяцхан гайхав. Яг тэр үед хажууд суусан бүсгүй арваад хоногийн өмнө зүүдэнд нэг хүн ярьж байсныг үг үсгийн зөрөөгүй давтаж хэлдэг байгаа... Хөөх, дэжавю гэж ийм юмыг хэлдгиймуу, таны наад яриаг би зүүдэлсэн шдээ гэхэд бүсгүй бөөн сонирхол болов. Тэгээд яасан бэ, одоо яах вэ гээд олныг лавласан боловч... яагаа ч үгүй л дээ. Нэг хоёр минутын хугацаанд эргэн тойронд юу болохыг мэдэж байсан төдий. Өмнө нь иймэрхүү яриа сонссод итгэх үгүйгээ мэдэхгүй эргэлздэг байлаа. Одоо бол эргэлзэхгүй ээ... hehe

2. Халах шинэчлэх & ухуулах тухай
Орос улс ер нь их "инерцитэй", үе үе эргэж очиход өөрчлөлт шинэчлэл Монголтой харьцуулахад удаан явагдаж байгаа мэт санагдана. Тэр нь мэдээж сайн, муу хоёр талтай ч захын муу жишээ гэвэл – төрөл бүрийн төр улс, засаг захиргааны асуудал. Нарийн жишээ гэвэл, гааль дээр бөглөдөг алгын чинээ цагаан цаас. Гаалийн ажилтан дундуур нь урж нэг хэсгийг нь өөртөө үлдээж, нөгөөг нь буцааж өгнө. Тэр цаасыг буусан зочид буудалдаа өгч бүртгүүлэх ёстой. Байх хугацаандаа бужигнаж байгаад алга болгочихвол өнгөрөө. Буцах үед онгоц/богооны буудал дээр гаргахгүй бөөн юм болно. Гадаадууд их гайхна. Визний хугацаа дуусаагүй байхад энэ цаас ямар хамаатай юм гэж толгой их сэгсрэнэ. Японууд 出国させてくれないなんて信じられない гээд л やっぱりロシアは・・ мэтийн юм хэлнэ. Гэх мэт орос улсын хүнд суртал, хоцрогдлыг тоочиж баршгүй.

Харин юмаа өөрчлөх дургүйн сайн тал гэвэл хотын гудамжаар явахад нэлээд ажиглагдав. Газрын зөвшөөрөл хамаа намаагүй өгч хаа сайгүй хачин байшин барилга босгоогүйг дурдах илүүц биз. Жишээ нь, дээр үеийн сонины самбар тэр чигээрээ, өдөр тутмын сонин өглөө болгон өөрчлөгдөж буйг хараад баярлав (доорх зураг).

  

Бас дээр үеийн ухуулгын чанартай самбар хот даяар энд тэнд. Хэн хаана хийлгэсэн бол гээд хартал "Социальная реклама, правительство Санкт Петербурга" буюу "Санкт Петербург хотын захиалгаар хийсэн нийгмийн чанартай реклам". Японд ийм юм юу билээ гээд бодсон чинь... юу ч толгойд орж ирсэнгүй. Хотын гудамж тайлбайд ухуулга сурталчилгаа ер нь байхгүй талдаа. Харин богоон болон метроны буудалд бол зөндөө зөндөө, дэндүү гэмээр зөндөө. Агуулга нь гэвэл "битгий хоол ид, битгий ундаа уу, утсаар бүү ярь, чихэвчнийхээ дууг багасга, хөл хүнд бүсгүйчүүлд суудал тавьж өг, нүүр нүдээ гэртээ будацгаа, шалан дээр битгий сууцгаа, шүхрээ сэгсэрч борооны дусал богооноор нэг цацах муухай, чикан (чихцэлдээнийг далимдуулж бүсгүйчүүлийн энд тэндээс бариж оролдох) бүү хий, чикандаж буй хүн харвал буудлын ажилтанд мэдэгд, богоон гэнэт зогсч магад тул сайн барьцгаа, юмаа битгий мартацгаа" гэх зэрэг ихэвчлэн олон нийтийн унаанд биеэ зөв авч явах тухай.

Харин оросууд юун тухай ухуулж буйг доорх зурагнаас харна уу.

Ээж ээ, надтай хамт ном унш л даа!


 
Все проффессии нужны, все профессии важны!
Бүх мэргэжил чухал, бүх мэргэжил хэрэгтэй!



 
Рабочая специальность - уверенность в завтрашнем дне
Ажилчны мэргэжил - ирээдүйн баталгаа



  
Өглөөний дасгал - сайн өдрийн эхлэл!


  
Удахгүй 9 сарын 1!

3 comments:

Bumbuulei said...

Inception шиг юм болж дээ. хэхэ, Дежавю ер нь хүний амьдралд их болдог. Саяхан найз охинтойгоо 13 уруу явж байхад надад бас болсон. Машин явж, хүн өнгөрөөд л... Нэг тийм гоё ч юм шиг, сонин ч юм шиг мэдрэмж. Ер нь хөгжүүлж болмоор юм шиг санагддаг юм.

"чикан" гэдэг үг сурлаа. :)

Манайд ер нь нийгмийн шинжтэй ухуулга цөөн шүү. Гудамжаар байдаг самбарууд дан реклам. Түүн дээр юм тавихад байршлаасаа хамаарч өдрийн 2500-5000 гэдэг юм билээ.

Сүрэн said...

harin humuus tegeed baihim. chi odoo l deja vu-g medej baina uu, zunduu l tohiolddog shdee geed...

sonin medremj yum baina lee, yaaj hugjuuleh uu hehe

reklamnii une gadaadiig bodvol bas gaigui l yum, UB hotiin maani tusuvt gehdee hetsuu baih daa...

Anonymous said...

Хэлээд юу гэхэв. Төсвөөс уул нь иймэрхүү зүйлд анхаардаг бол.

Хамгийн гол нь Монголд байдаг ийм самбаруудыг хэдэн хувийн компаниуд эзэмшдэг.