2013/01/21

Зэвүүн Монгол

The Mean Mongolian
The Ratty Nepalese
  Шибаяма Ютака "Зэвүүн монголын тухай"
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Хориод жилийн өмнөх явдал билээ. Тухлан үзсэн кино дуусаж, бүдэг харанхуй кинотеатрт жүжигчдийн нэрсийн жагсаалт гарч байлаа. Гэнэт “The Mean Mongolian” буюу "Зэвүүн Монгол" гэх дүрийн нэр нүдэнд тусч мэл гайхаж цэл хөхрөх гэгч болов. Миний үзсэн кино бол Стивэн Спилбэрг найруулагчийн "Алдагдсан авдрын эрэлд" ("Raiders of the Lost Ark", 1981) гэдэг алдартай бүтээл байв.

Би өдийг хүртэл “Мүраками болон Монгол” зэрэг өгүүлэлд Монголд хандах ориентализмын тухай бичиж байсан боловч “The Mean Mongolian”-ны тухай бичих боломж хараахан байгаагүй учир энэ завшааныг ашиглан та бүхэнтэй санаа бодлоо хуваалцахыг зорив.

Балбын нэгэн уушийн газар гэнэт орж ирээд, гол дүрийн нэгд тоглох Карэн Аллэнд буудуулдаг “зэвүүн монгол”-ын төрх байдлыг кинонд тодорхой эс харуулна. Киноны төгсгөлд “The Mean Mongolian” гэдэг дүр “The Ratty Nepalese” ("Өөдгүй балба"), “The Giant Sherpa” ("Аварга Шэрпа") гэх хоёр дүртэй хамт гарч байгаагаас харвал “mean” гэдэг нь гаднах төрхийн онцлог буюу үзэмж байдал нь үлэмж муухайг зааж байх магадлалтай. Гэвч “зэвүүн монгол” бүү хэл уушийн газар байсан гол баатрууд, бас бус туслах дүрүүдийн хэнийг нь ч “цэвэр цэмцгэр” гэж хэлэхэд хэцүү харагдана. Мөн үйл явдал Балбад болж буй учир “Ratty Nepalese”, “Giant Sherpa” зэрэг дүр байгааг ойлгож болох ч газрын хаанаас, юуны учир монгол хүн гараад ирэв гэдэг нь гайхал төрүүлнэ. Тиймээс киноны муу дүрүүдийг “Муу дүр 1, Муу дүр 2, Муу дүр 3” гэж дэс дараалан тоочихын оронд тодорхой үндэстний нэрийг муу дүрийн нэр болгон хэрэглэж буйд ямар нэгэн учир бий гэж бодох нь зүйд нийцнэ. Балбын “local” буюу “нутгийн хүн” гэж хэлэх аргагүй монгол хүний хувьд “mean” гэдэг тодотгол нь гаднах төрх байдлыг заахаас илүү өргөн утгатай болов уу. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн тодорхой хүний зан чанар, онцлогийг заах бус “хорон муу санаатай, шуналтай, өөдгүй муухай, харгис хэрцгий” гэсэн утгаар бүлэг хүмүүсийн тухай стереотиптой холбож эргэцүүлбэл ойлгоход илүү дөхөм болов уу.

“Raiders of the Lost Ark” киног 90-ээд оны эхэнд судлаач Элла Шохат (Ella Shohat) “Америк болон еврей хүмүүсийн нэгдлийг онцлон чухалчилсан” гэхээс гадна “Золиос, эмгэнэлийн түүхээс аврагдах фантази” гэж дүгнэжээ. Үнэхээр ч энэ киноны сайн, муу хоёр талт тэмцэл нь Германы нацистуудын эсрэг үү, үгүй юу гэдэг нэг л хүчин зүйлээр тодорхойлогдоно. Шохат “далд еврей хамаарал” ихтэй хэмээн цохон заасан энэ кинонд гарч буй монгол хүний дүр нацистуудын гар хурууны үзүүрт хөдлөх учир мэдээжийн хэрэг “муу” талд харъялагдана.

Гэвч киноны үйл явдал өрнөх 1936 оны үед Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай холбоо тогтоож Германы нацистуудын эсрэг байр суурьтай байсан. Өвөр Монгол бол Хятадын Гоминьданы засгийн эрхшээл доор тусгаар тогтноогүй, өөртөө засах эрх ч үгүй байсан. Монголын зүүн хэсэг Манж-Го улсын бүрэлдэхүүнд орсон тул Германтай холбоотны гэрээ байгуулсан Японы эрхшээлд байсан гэж үзэж болно. Гэвч хэдий Японы эрхшээлд байлаа ч Балбаас хаа хол орших тэднийг япончуудтай адилд тооцож болохгүй. Тиймээс кинонд гарах монгол хүн нь бодит газар зүйн байрлал, улс орон зэрэгтэй огт холбоогүй юм. Энэ дүрийг өрнийн орнуудын хэлэнд “mongol” гэдэг үгийн илэрхийлэх хэвшмэл утга буюу япон, монгол зэрэг арьс угсааны (race) тухай муугаар тогтсон тодорхой үзэл бодлын бодит илрэл гэж дүгнэж болно.

Оросын Соловьёв (1853–1900), Германы Вильгелм II нарын “Шар аюул”-ын (The yellow peril) тухай үзэл, 1936 оны түүхэн үйл явдлыг эргэцүүлбээс, нацистуудтай гар нийлэх “муухай шар арьстан” нь монгол биш япон хүн байх нь түүхэн талаасаа илүү оновчтой (1980-аад онд киног Японд гаргах үеийн ашиг орлогын асуудлыг түр хойш тавьбал) атал яагаад заавал монгол хүнийг сонгосон бэ? Үүний шалтгаанд анхаарлаа хандуулъя.

Юуны түрүүнд mongol гэдэг үгний ялгаварлан гадуурхах утгыг авч үзье. Нэгт, mongol гэдэг үгээр  дауны синдромыг илэрхийлнэ. Цаашилбал, Спайк Ли найруулагчийн "Ширэнгийн халуун" (“Jungle Fever”, 1991) кинонд энэ үг хар, цагаан арьстай хүмүүсийн дунд төрсөн “эрлийз”, янз бүрийн утгаар “холимог хүмүүс”-ийг гадуурхаж хэлэх үгний хувьд удаа дараа хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл “mongol” нь “цэвэр цусгүй”, “зүйд харш” буюу заваан, муухай гэх утгыг заах тэмдэг нэр болно.

Дуугүй үеийн кино шиг ар араасаа үйл явдал нь өрнөх адал явдалт кино хийхдээ “хорон нацистууд болон зэрлэг варвар” гэх хослол бий болгохын тулд Спилберг “яс үндэсний” хувьд монгол биш баруун Тринидад улсаас гаралтай, мангас монстеруудын дүрд тоглохдоо гарамгай сайн Сони Колдинэз (Sonny Coldinez) жүжигчнийг сонгожээ. “Багдадын хулгайч” (The Thief of Bagdad, 1924) киноны найруулагч Рауль Уолш (Raoul Walsh) монгол хунтайжийн дүрд Камияма Сожин хэмээх япон жүжигчин сонгосоныг Спилберг мэдэх агаад зориуд түүнээс тэс ондоо шалгуураар жүжигчнээ сонгосон болов уу.

Мөн “Гитлер = хорт эзлэн түрэмгийлэгч, хорт эзлэн түрэмгийлэгч = Чингис хаан, Чингис хаан = монголчууд” гэх нэг төрлийн холбоо үүсгэж ургуулан бодох “game” байна. Тиймээс “зэвүүн монгол” гарч ирэх хэсэгт үзэгчид энэ холбоог эсрэгээр нь ургуулж бодоод Гитлерийн дайныг Чингис хааны байлдан дагуулалтай адилтгаж бодох болно.

Гэвч үнэн хэрэгтээ Чингис хааны үед холимог (hybrid) буюу олон аймаг, овог ястны хүмүүсийг нэгтгэсний үр дүнд бий болсон монгол үндэстэн нь еврей ч бай хэн ч бай, тодорхой ямар ч үндэстнийг хүйс тэмтрэхийг хүсээ ч үгүй, оролдоо ч үгүй. Спилберг хүүхэд залуучуудын боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг атлаа үлгэр домгийг ойлгомжтой болгохын тулд дэлхийн эзэгнэлийн тухай ийм ташаа image хэрэглэсэн нь залуу үе, ялангуяа 9.11-ээс хойшхи үеийхэнд өрөөсгөл ойлголт үлдээх болов уу. Гэвч Холливуудыхан тэр зэргийг юман чинээ бодож эргэцүүлэлгүй улиг болсон аргаараа (cliche) Гитлер, Чингис хаан хоёрыг адилтгасан хэвээр. Үүний цаана давхар бас нэгэн чухал үүрэг (функци) нуугдаж буй юм.

Хүйтэн дайны үеийн Холливудын олон киноны – түүхэн сэдэвт киноноос эхлэн бүр цахим панк (cyberpunk) төрлийн кино хүртэл – эсрэг талын дүрээс “харгис Чингис хааны” сүүдрийг харж болно. Нөгөө талаас, Холливууд тухайн үедээ “америк эр хүний бэлгэ тэмдэг” гэгдэх Жон Вэйнийг Чингис хааны дүрд тоглуулсан нь анхаарал татна. Голдуу вестерн төрлийн кинонд тоглодог Жон Вэйн 1956 оны “Эзлэгч” (“The Conqueror”) кинонд Чингис хааны дүрийг гаргасан нь Америк хүч хэрэглэн шинэ газар нутагт өөрийн “шударга ёс”-ыг тогтоож буй явдлыг Чингисхааны байлдан дагуулалтай адилтгасан мэт. Гэвч их гүрэн Америкийн хүч чадлыг илэрхийлэх цөмийн зэвсэг турших цөлд киноны зураг авсан нь Жон Вэйны насыг богиносгож, хожим хорт хавдраар нас барахад хүргэсэн нь юутай егөөтэй хэрэг вэ.

Чингис хаан болон түүний хөвгүүд Зүүн азиас эхлэн Төв еврази, цаашлаад Европын зарим хэсэг хүртэл маш олон үндэстэн ястныг Монгол гэдэг нэрийн дор нэгтгэн захирч, цэргийн хүч чадлынхаа ачаар энх тайвныг тогтоож, дэлхийн зах зээлийг бий болгосон юм. Харин өнөөгийн Америк цэрэг зэвсгийн их хүчээрээ далайлган өөрөө өөрийгөө дэхийн энх тайвныг сахиулах албанд томилж, олон орны хүмүүс холилдож бий болгосон соёл, глобал эдийн засгийн ачаар “импери” үүсгээд байна. Хэрэв пакс американаг пакс монголика дахин бий болсон явдал гэж үзвэл, америк Чингисийн Их монголыг дүрслэхдээ өнөөгийн америкийн байдлыг эрт дээр үеийн түүх ашиглан гаргаж буйгаас өөрцгүй.

Чингис хааныг шүтэн бишрэхийн тухайд Оябэ Зэнъичироо, Озаки Широо, Иноүэ Ясүши, Кадокава Харүки зэрэг ар араасаа залгамж авах мэт үргэлжлэх олон зохиолчидтой учир Япон ч Америкаас дутахгүй. Гэвч Дэлхийн II дайнаас хойшхи америкийн хувьд Чингис хаан нь Японоос арай өөр утгаар “эсэргүүцэх аргагүй дур булаам” дүр байсан мэт санагдана. Үүнийг дараах жишээ том томруунаар харуулах болов уу.

Японд ч нэлээд нэртэй байсан олон ангит “Баруун жигүүр” (The West Wing, 1999-2006, NBC) киноны 5-р хэсэгт “Чингис хааны байлдаан” (“The Warfare of Genghis Khan”) гэдэг анги байдаг.

2004 оны 2 сард гарсан энэ ангид, Энэтхэгийн далайд Иран улс цөмийн зэвсэг хэрэглэхийг завдаж буй тухай мэдээ аваад Мартин Шиний (Martin Sheen) тоглосон америкийн ерөнхийлөгч Бартлэт Ираныг довтлох эсэх тухай  шийдвэр гаргах болно. Иран цөмийн зэвсэг хэрэглээгүй нь сүүлд тодорхой болох боловч Америкийн “төгс төгөлдөр” (либерал үзэлтэй, католик шүтлэгтэй, сонгодог боловсролтой, гэр бүлээ хайрладаг, урлагийн сайхныг ойлгодог, Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч боловч гагцхүү япон эрдэмтэнтэй Нобелийн шагнал хувааж хүртсэндээ сэтгэл дундуур явдаг нэгэн) ерөнхийлөгч Израилийн ерөнхий сайдтай цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлын тухай санал солилцохдоо Ханс Альбрэхт Бэтийн хэлсэн үгийг иш татна. “Манхаттан төлөвлөгөө” (Manhattan Project) боловсруулсан гол гишүүдийн нэг, Трумэны устөрөгчийн бөмбөгийг эсэргүүцэж, хожим Нобелийн шагнал хүртсэн физикч эрдэмтэн Ханс Альбрэхт Бэт “Устөрөгсийн бөмбөг хэрэглэвэл бид ямар зарчим, юуны төлөө дайтсан бус, ямар аргаар дайтсан нь түүхийн хуудсанд үлдэнэ. Бидний дайтсан аргыг Персийн иргэн бүрийг хайр найргүй хядаж алсан Чингис хааны байлдан дагуулалтай зүйрлэх болно” гэж хэлсэн байдаг.

19-р зуунд Якоб Букхардт (Jacob Burckhardt) шиг өргөн мэдлэгтэй хүн хүртэл монголчууд харгис зэрлэг гэдэгт огт эргэлзэлгүй итгэж байжээ. Гэвч Чосэрийн (“Кантэнбэрийн туульс”-ыг бичсэн Чосэр буюу Geoffrey Chaucer, орч.) үеийн европт Чингис хаан гэдэг нь хааны нэр төдий л байсан бөгөөд үнэн хэрэгтээ Чингис хаан хоёр удаа атомын бөмбөг хаяхтай дүйцэх аллага таллага хийж байгаагүй юм. Америк энэ бүхнийг мэдэх боловч “эзэнт улсын” хүчирхийллийг “зэрлэг монголчуудад” үүрүүлээд өөрсдөө “соёл иргэншилтэй” учир хариуцлага хүлээх ёсгүй гэх “Чингис хааныг ашиглах” тун өвөрмөц аргыг нээсэн гэж болно.

Киноны төгсгөлд “Иргэн Кэйн”-д өргөх магтаал мэт тоолж баршгүй олон хайрцаг өрөөстэй агуулах гарч, тэнд агуу хүч агуулах "ark"-ийг(*1) хадгалж буй хэсэг гарна. Тэр нь түрүү өгүүлсэнчлэн, Альбрэхт Бэт өөрийн гараар хийж боловсруулахад тусалсан аймшигт хүч зэвсгийг зөвхөн Америкийн цэрэг эзэмших явдлыг зөвтгөхөд үзэгчдийг хандуулна.

Арай л хэтрүүлчихлээ гэж хэлүүлж магад ч энэ кинонд “зөв” талаа хамгаалахын тулд еврей домог, геополитикийн аллегори зэргээр тогтохгүй ориентализмын үүднээс бий болсон “The mean Mongolian” гэх хачин дүрийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байжээ. Гэвч монголчуудад хандах ориентилизм холливудын киногоор хязгаарлагдахгүй. “Сонгодог” хэмээн шагшин магтагдсан Всеволод Пудовкины “Чингис хааны удам” ("Потомок Чингисхана", 1928) киноноос эхлэн Асано Таданобү хэцүүхэн монгол хэлээр Чингис хааны дүрд тоглосон саяхны “Монгол” (2007) зэрэг бүгдийг нь нэрлэнэ гэвэл нэлээд цаг гарздах болно. Харин сүүлийн үед хамгийн их санааг зовоож буй нь монголчуудын өөрсдөдөө хандах ориентализм билээ. Үүнд анализ хийх нь Спилбергийн киноноос хэд дахин хэцүү, ярвигтай боловч хэзээ нэгэн цагт бичье хэмээн бодож явна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

*1 ark - "авдар" хэмээх утгатай үг. Синай уулын орой дээр бурхан Моисэйд хэлсэн арван сургаалийг сийлсэн чулуун хавтан дотор нь байдаг гэдэг, еврей үндэстний үнэт эрдэнэ. Мөн ark нь хуйлсан Тора судрыг хадгалах авдрыг заана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Энэ нийтлэл бол монгол судлаач эрдэмтэн, японы Сэйсэн Жёгакүин их сургуулийн багш Шибаяма Ютакагийн нийтлэл юм. Монгол хүмүүст танилцуулах хүслийг минь хүлээн авч орчуулах зөвшөөрөл олгосонд Шибаяма багшид блогоороо дамжуулан талархал илэрхийлье!

Японы кино урлагийн холбооны сэтгүүлийн 2009 оны 9 сарын дугаарт хэвлэгдсэн эхийг эндээс харж болно: http://jscs.h.kyoto-u.ac.jp/nl0909.html  Зарим хэсгийг монгол уншигчдад ойлгомжтой болгохын тулд багшаас зөвшөөрөл авч бага зэрэг дэлгэрүүлж орчуулсан байгаа.  Киноны нэр, хүмүүсийн нэр, зарим үгийг  хаалтанд англи, монголоор бичсэн нь ч цэвэр миний нэмэлт. Мөн  "Мүраками болон Монгол" -ын линкийг дур мэдэн оруулсан болно. Ихийг мэдэж эргэцүүлэх тул япон хэлтэй хүмүүсээс уншаарай хэмээн хүсмээр байна. Шибаяма багшийн бусад эрдэм шинжилгээний өгүүллүүдийн тухай Наранбаяр блогдоо дурдсан тул сонирхсон хүмүүс ийшээ:  http://emosclub-naranbayar.blogspot.jp/2006/12/blog-post.html

Орчуулгын тухай нэгийг асуухад "аrк"-ийг монголоор юу гэж орчуулах нь зүйтэй бол?  Утгын хувьд "авдар" боловч зүгээр "авдар" гэж орчуулж болохгүй. Учир нь "авдар" гэвэл монгол хүнд айл гэрийн хойморт байдаг арслантай авдар л бодогдоно. Би гэхдээ бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч болов. "Orientalism"-ыг харин олон юм бодолгүй байгаагаар нь  "ориентализм" гэж буулгалаа. Утгын хувьд "дорно дахиныг дорд үзэх үзэл", "дорныг дорд үзэх" гэж орчуулах нь зөв боловч нуршуу даа.

Ингэхэд тэр "Зэвүүн Монгол"-ын царайг ээ... Балбууд тормолзсон том нүдтэй атал "Өөдгүй балба"-ын нүд жигтэйхэн онигор. Ер нь найруулагч монгол, балба хоёрыг андуурчихсан юм биш үү?

Энэ нийтлэл монголчууд бидэнд нэгийг бодуулж нөгөөг сануулна гэж найдна.

11 comments:

Тэмээчин бүсгүй said...

Гүрийтэл суугаад уншиж дуусгалаа.

Та мундаг орчуулах юмаа.

Солонгосын бичиг үсэгтэй болж байгаа Tree with deep roots түүхэн ханун дээр нь Монгол гээд үнэн аймаар алуурчин хүний тухай гарды ш дээ нээх аймаар.

Сүрэн said...

Bayarlalaa.
guriimeer urt post bnu :)
Shibayama bagshiin buteelees yaponii orientalizmiin tuhai neleediig medsen, tsaana ni bas solongosiin orientalizm gej tusdaa baih nee...

Anonymous said...

Het undesnii uzeltei yum uu daa uuruu. Bidnii uvug deedes bolohoor bi hundetgeed tahij shuteed bdg bolohoos bish gai gamshigiig ni uzej bsan ard tumendee bol ih l tom sharh uldeesen bgaa shuu dee

Сүрэн said...

>Anonymous

Хэт үндсэрхэг үзэлгүй л дээ.

Энэ киног үзсэн үү?
Балба, египтэд Индиана Жонс ark хайж явахдаа янз бүрийн адал явдалтай учирна. Кинонд монголтой холбоотой юм юу ч гарахгүй. Монгол хүн гарахыг энгийн логикоор ойлгож болох үйл явдал ч байхгүй. Гэтэл "Mean Mongolian" гэдэг дүр хальт гараад өнгөрнө. Онц ач холбогдолгүй, хэн ч байсан болох дүр. Нэргүй дүр байхад ок. Гэтэл яагаад заавал "зэвүүн монгол" гэж нэрлээд ийм дүр бий болгов?
гэдэг асуултанд Шибаяма багш ориентализмын үүднээс хариу өгч тайлбарласныг өөрийн чадах чинээгээр орчуулсан болно.

Ингэлээ гээд "хэт үндсэрхэг үзэлтэн" болчихгүй л болов уу.. хэхэ

Anonymous said...

АЛИВАА ТОМ ЗҮЙЛ ЖИЖГЭЭС ҮҮДЭЛТЭЙ БАЙДАГ ТУЛ БИДНИЙ АНЗААРААГҮЙГ АНЗААРЧ "МОНГОЛОО ӨМӨӨРСӨН" НИЙТЛЭЛ БИЧСЭНД БАЯРЛАЛАА

Ganga said...

"The Glass Room" Simon Mawer nom unshij baital: Delhiin 2 daini togsgold europiin hot tosgod chuluulugduj baihad "aduu maliin shivter, hir huls nevt hanhalsan morin tsergiin baga darga mongol emegtei"gent garch ireed chuluulj baigaa tosgonii neg muu czech eriig huchindeed ch baih shig hachin yum garaad bur almairsan. Mongoliin talaasaa geriin gadnaasaa morio zaidan unaad olon myangan beer zam truulsan gej todorhoilsnoos uzehed orosiin asi torhtei baga yastan bish shig... End tend nom, kinond kazak kirgiz oor yamar neg asi jaahan turemgii esvel erelheg, buduuleg tsarai muutai dur buteeheeree mongol gechihdeg yum bolov uu...

Ole Hunter said...

Ark- модон авдар, хайрцаг. Moses Мосе бичсэн (Дисней хүүхэлдэйн кино байдаг) Book of Exodus - Египетээс гарсан нь буюу Библийн үргэлжлэл ном дээр гардаг. Энэ авдар нь Библийн хуучин, шинэ гэрээг хадгалаж буй авдар бөгөөд нэг үгээр үнэнийн юм даа.

Сүрэн said...

> Ganga

Harin tiimee, yanz buriin nom unshij baigaad mongolchuudiin tuhai bichsen sonin sonin yumtai taarna shuu. Bur tiim nomnuudiin jagsaalt gargadag yumuu geed…

Tanii helsen todorhoi jisheenees gadna tes ondoo yum uguulj baigaad mongolchudiig zerleg buduuleg, shunaltai, "ustgah huseld avtsan" geh meteer halit durdaad unguruh yavdal bol bur ch olon. Tiim yum unshsaar baigaad humuusiin setgehuid "mongol=zerleg" gesen stereotip ayandaa bureldchihdeg bolov uu. Unuduur l gehed iim yumtai taaraldaad:
http://www.liveinternet.ru/users/651208/post274354094/

Orosuudiin dund togtson iimerhuu uzllin oodoos "ugui" gesen ni Gumilev, Bodrov hoyor l baih daa...

Сүрэн said...

>Ole Hunter

Орчуулгын санал баярлалаа. Гэхдээ үгний утгыг сайн мэднэ, мэдэхгүйгээр ийм өгүүлэл орчуулна гэж байхгүй л дээ.

“Аrk” утгын хувьд "авдар" мөн. Гэвч “авдар” гэж орчуулахад монгол хүнд юуны тухай яригдаж буй нь шууд буух уу? Хүмүүс автоматаар Библи, хуучин гэрээтэй холбож бодох уу? гэж эргэлзсэний улмаас “авдар” гэж орчуулалгүй тэр чигээр нь “ark” гэж бичсэн юм.

Жишээ нь оросоор энэ үгийг “ковчег” гэнэ. Ковчег нь 1) авдар, сав 2) загалмайтны шашны ариун эдлэл, бэлэг хадгалах сав гэсэн утгатай. Сүүлийн үед эхний утга нь хуучирч хүмүүс энэ үгийг зөвхөн хоёр дахь утгаар нь ойлгох болсон тул OK. Япон орчуулга нь 聖櫃. Энэ үг ч гэсэн “загалмай, иудей шашны ариун сав” гэсэн утгатай тул уншсан хүн жирийн нэг авдар сав биш загалмайн шашин, хуучин & шинэ гэрээтэй холбож ойлгоно.

Харин монголоор “авдар” гэвэл ихэнх хүмүүст гэрийн хойморт байдаг авдар сав бодогдох учир оновчгүй юм. Библийн сүүлийн үеийн орчуулга биш 1910-1930-аад оны орчуулгад хэрхэн буулгасныг нягталж шалгах гээд амжихгүй л явна.

oyuka said...

ээ бурхан минь. ийм мундаг хүмүүс байхиймаа. уншиж байхдаа өөрөөсөө ичээл суулаа.

Сүрэн said...

>oyuka
Comment баярлалаа. Тийм шүү, Шибаяма багш үнэхээр мундаг!