2011/04/14

К. Сакёо "Авлигын тухай хуулийн төсөл"

  Комацү Сакёо "Авлигын тухай хуулийн төсөл", 1978  
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)


  Сайдын царай бараан байлаа.
  - Арга чарга алга уу? Авлига энэ янзаараа асар хурдан өсөөд байвал засгийн газар бүү хэл эрх баригч намын нэр хүнд, хүчин чадал хүртэл ганхах аюултай.
  - Уучлаарай, өчүүхэн миний бодлоор... гээд нарийн бичиг нь ярьж эхлэв: “Авлигын жинхэнэ тоон үзүүлэлт нь, судалгааны үр дүнгээс харахад тийм ч хурдан нэмэгдээгүй бололтой. Гагцхүү баригдаж илрэх нь л ихсэж буй хэрэг юм”.
  - Тэгвэл үгээ өөрчилье... гээд сайд ярвайв. Сүүлийн үед ил гарч баригдах хээл хахууль асар ихээр нэмэгдэж байна. Энэ янзаараа бол эрх баригч нам маш хэцүү байдалд орно.
  - Таны хэлэх үнэн гээд нарийн бичиг толгой дохив. Тэр бүү хэл, сүүлийн үед ийм хэрэгт томоохон тушаалын хүмүүс хүртэл хамрагдах хандлагатай болж байна. Миний мэдэж буйгаар сайд таны ойры...
  - Дуу гэм!
Сайд сандран нарийн бичгийнхээ яриаг таслаад шивнэв: “Тэр хэрэг зүгээр ээ. Арга хэмжээ авсан байгаа”.
  - Гэвч бусад сайд болон намын удирдагч нар... Яадаг билээ. Ер нь үүнийг далимдуулан дэг журмын төлөө хэлмэгдүүлэлт боловч хийж байгаад хээл хахууль, авлигын бүх хэргийг нэг тийш цэгцэлж, хүмүүсээ шинэчлэн цэвэрлэгээ хийвэл ямар вэ?
Сайдын царай улам ярвайлаа.
  - Хэмжээг хэтрүүлж бас болохгүй. Авлига гээд л шуугиад байх юм. Бодоод үз дээ, эрх ашиг үгүй бол яршиг ядаргааны туйл болсон улс төртэй хэн зууралдах юм бэ! Тэгвэл Япон улсад маань улс төрч үлдэхгүй шүү дээ.
Гайхалтай чадварлаг бололтой, нарийн бичгийнх нь нүд гялалзав.
  - Тэгвэл шүүх цагдаагийн урт гар үүнээс илүү сунахаас урьтаад авлигын хэрэгт өнөөх онцгой эрхээ байнга хэрэглэдэг болговол дээргүй юу?
Гэвч сайд дургүйцсэн царай гаргав.
  - Асуудлыг арай тэгж томсгож болохгүй. Эртээдийн усан онгоцны үйлдвэрийн хэрэгт сэжиглэгдсэнээс хойш онцгой эрх ашиглаж хэрэг таслах амаргүй болсон.
  - Гэхдээ сайд аа... та тэр үед тэр эрхийн ачаар... гэснээ сайдын царай хувирсныг харангуутаа нарийн бичиг дуугаа хураав.
  - Олигтойхон арга байхгүй гэж үү? Арга байхгүй юу даа... сайд уцаарлангуй хэд хэд давтаж хэлэв. Арга хэмжээ авах хэрэгтэй байна, хэрэг бишдээд байна!
  - Тэгвэл... гэснээ нарийн бичиг суудлаа засаж, дөхөж суув. “Ер нь хээл хахууль болон шан харамж тодорхой хэмжээгээр нийгэмд тустай”
Сайд толгой дохив.
  - Яг тийм. Хүч чадал, хичээл зүтгэлээрээ нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүний эдлэх ёстой зүй ёсны эрх мөн.
Нарийн бичиг нь,
  - Тийм атал болохгүй юм хийж буй мэт сэмхэн, далд нууцаар өгч авалцаж байгаад л асуудлын учир оршино гэж нухацтай хэлэв. Ерөөс нэг мөр “Авлигын тухай хууль” баталж олон нийтэд ил тод бөгөөд илэн далангүй хийдэг болговол ямар вэ?
  - Юу гэнэ ээ ? – сайдын нүд нь бүлтийв.
  - Авлига өгч, авлига авах нь ерөөс ичгүүртэй хэрэг биш. Гагцхүү нууцаар сэмхэн үйлдэх нь өвчний үүрийг улам гүнзгийрүүлж буй хэрэг юм. Нууцаар хийх нь пүүс компаниудын хооронд эрүүл бус өрсөлдөөн үүсгэж, асуудлыг лавшруулж байгаа билээ.
  - Нээрээ ч авлигатай хатуу аргаар тэмцлээ гээд халж устгаж чадах биш дээ. Үүнд ямарваа нэгэн зохицуулалт шаардлагатай. Нөгөө талаас, нэгэнт өгч авалцаж байгаа юм бол бөндгөр толгойгоо ашиглаад боловсронгуй аргаар, баригдахгүйгээр хийх хэрэгтэй шүү дээ. Би хээл хахуулийн арга барилын тухай зааж сургая гэж бодож байсан шүү...
Нарийн бичиг,
  - Зааж сургана гэдэг хоёрын хооронд гурвын дунд арга хэмжээ гэв. Асуудлыг хөндөх төдий биш бүрмөсөн шийдэхийн тулд бүгдийг ил тод болгох хэрэгтэй. Авлигын муу тал нь далдуур нууцаар хийгдэж буйд оршино. Мөн татварт хамрагдахгүй байгаа нь байдлыг хүндрүүлж байна гэв.
  - Нээрээ ч тэр тал нь бүрхэг шүү...
  - Тиймээс авлигын хэмжээг яамны тойм сэтгүүлд бичих замаар олон нийтэд зарлаад, өгөх авах талын аль алинд нь үлэмж их татвар ноогдуулах хэрэгтэй. Тэгэж чадваас засгийн газар өдгөө тулгараад буй хөрөнгийн эх үүсвэр олох хэцүүхэн давааг ч хөнгөхөн давж дөнгөнө.
Сайд,
  - Авлига өгөх татвар, авах татвар... хмм... юм бүхэнд татвар оноох ёстой шүү гэж толгой дохисноо “Гайгүй санаа байна” гэв.
  - Эрх ашгийн сонирхлыг ч үнэт хувьцаа шиг зах зээлд нээлттэй зарж худалддаг болговол ямар вэ? гээд нарийн бичиг санаагаа цааш тайлбарлав: "Эрх ашгийн зах зээл үүсгээд хэн ч авах боломжтой болгоно. “К” барилгын компаний өнөөдрийн ханш төд, “A” усны далан засах ажил төдий чинээ... гэх мэт".
  - Наадах чинь бас дажгүй санаа байна шүү. Миний хувь ч...
  - Авлигад өндөр, маш өндөр татвар тогтоох шаардлагатай. Харин далд авлигыг хатуугаар шийтгэж цээрлэнэ. Цаазаар авах ч юмуу, цөлөх ял оноох хэрэгтэй.
  - Цаазаар авах аа? сайд гайхсандаа хахах шахан суув. Арай хатуудах юм биш үү?
  - Хатуу шийтгэхгүй бол далд авлигал газар авч устгах ямар ч аргагүй болно - нарийн бичиг шийдэмгий агаад таслах аятай хатуухан хэлэв. Авлигын ардчилал, хээль хахуулийн ил тод байдлын төлөө бүхнийг нээлттэй болгох хэрэгтэй.
  - Ямар ч байсан мэргэн санаа байна. Наад яриад байгаа “Авлигын тухай хуулийн төслөө” бэлэн болгоодох гээд сайд ширээгээ топ хийтэл алгадаад босов: “Өөр арга ч алга бололтой дог”.

  Сайдын өрөөнөөс гарангуутаа нарийн бичиг ёжтойгоор инээв. Тэрээр өөрөөндөө буцаж ирээд туслахуудаа хөөж гаргаад утсаа ойртуулан хоёр газар руу залгаж адил агуулга бүхий юм ярив:
  - Байна уу... би байна... Хэцүүхэн юм дуулаад нэн түрүүнд таны сонорт хүргэе... гээд нарийн бичиг нам дуугаар тайлбарлаж эхлэв. Тийм, миний мэдэхийн одоо “Авлигын тухай хууль” яригдаж байна. Энэ хуулийн агуулга нь нэг үгээр хэлбэл...
Ийнхүү хоёр газартай ярьж дуусаад нарийн бичиг хөгжүүн инээж алгаа илэв.
  - Одоо л олзуурхмаар гоё юм эхлэх нь. Энэ хууль батлагдвал хувийн хэвшлийнхний ачаа ихсэх тул тэд хамаг хүчээр эсэргүүцэж таарна. Харин улс төрчдийн хувьд ил тодоор хээл хахууль авах боломж бүрдэх тул батлуулах гэж улайрна. Ингээд аль аль талаас “ажилласны төлөөх” хөлс надад орж ирнэ.

No comments: