2011/03/07

Асагийн тухай Аяко 1



Сайхан зав гарсан дээр Токиогийн их сургуулйн монгол хэлний багш, монгол судлаач Кимүра Аяко бүсгүйн “朝青龍 よく似た顔の異邦人” номны тухай нэг хоёрыг нийлүүлж бичье гэж бодлоо. Намар уншаад сэтгэгдлээ бичих гэсэн боловч нааш цааш гүйн ажиллаж, нар жаргахаар орж ирсээр бичиг цаас наадуулж, биш ээ, PC товчлуур балбах зав ер гарсангүй... гэж чухал царай гаргаад яахав. Зав гарсан уу, залхуугаа арай хийж дийлсэн үү гэдэг асуудлыг хойш тавиад гол яриандаа орвол номны нэрийг махчилаад “Асашёорү – япон хүн шиг царайтай ч харь орны хүн” гэж орчуулж болно.

Зохиогч Кимүра Аяко монголд нийт 11 жил амьдарсан бөгөөд төв номын сангийн өмнө байсан Сталины хөшөө буулгахыг өөрийн нүдээр харах зэрэг монголд өөрчлөлт шинэчлэлт дөнгөж эхэлж буй үеээс сурч, судалгаагаа хийж ажиллаж байжээ. Арваад жилийн тэртээ “Тархины тураал” нийтлэлээрээ нэлээд олон хүний дургүйг хүргэж байсан болохоор Аяког мэдэх хүн олон байх. Аса аваргын тухай, ээж аавынх нь тухай, мөн монголчуудын тухай бодол санаагаа энгийн үгээр илэн далангуй бичжээ – гэдэг бол ерөнхий сэтгэгдэл. Уншиж байхад үе үе "hmm...", "hehe", "kkk", "ортой л юм", "онож хэллээ", "тийм биш ээ", "арай ч тийм биш ээ", "арай ч дээ", "яг шдээ" гэж бодогдож байснаас миний сэтгэгдэл ерөнхийдөө ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ ном бол Кимүра саны хувийн бодол, сэтгэгдэл, дүгнэлт тул тэр бүгдийг нь би эсэргүүцээд юу гэх вэ. Гэхдээ л зарим дүгнэлт, ажиглалт нь....

  Хамгийн сонин санагдсан нь дараах дүгнэлт:

  ... Монгол бөхөд даян аварга, дархан аварга зэрэг цол гуншин байдаг ч “их аварга” гэх цол байхгүй. “Их аварга” гэдэг монголчууд Асашёорүүд зориулж шинээр гаргаж ирсэн цол бөгөөд утгын хувьд “аварга”, “даян аварга”, “дархан аварга” зэрэг монгол бөхийн цолноос дээгүүрт орно. Монгол бөхөд байхгүй ийм мундаг цол Асашёорүүд өгсөн явдал нь монгол түмэн сүмо бөхөд үндэснийхээ бөхөөс илүү хүндлэл үзүүлсэний илрэл мөн...

Энэ дүгнэлт сайнаар хэлбэл “зоримог ”, муугаар хэлбэл… хэхэ хэлэхээ болилоо. Нэгд, олон монгол залуучууд хүчээ сорьж буй япон улсын сүмо бөхийг монголчууд хүндэлж сонирхож үздэг нь үнэн. Тэглээ гээд "монгол бөхөөс илүү хүндлэл үзүүлсэн" болохгүй л байх. Ер нь иймэрхүү харьцуулалт утгагүй санагдана.

Хоёрт, “их аварга” бол “大横綱”-ийн орчуулга болохыг Кимүра сан мэдэхгүй гэж үү? “大横綱” гэдэг нь, “大” буюу “том, их” гэсэн утгатай ханзыг “横綱” буюу "сүмогийн аварга" гэсэн утгатай ханзтай нийлүүлж бүтсэн үг юм. Тиймээс манайхан тэр чигээр нь “Их аварга” гэж орчуулсан. Жаахан далийхад “Ёкозуна” буюу “аварга” гэдэг сүмо бөхийн дээд цол боловч нийт барилдааны тоо, хэдэн удаа ялсан зэрэг үзүүлэлтээр тухайн үеийн олон аваргуудаас “大横綱” буюу их аваргыг албан ёсоор биш боловч тодруулдаг уламжлалтай. Эдогийн үеийн (1603 - 1868) их аварга гэхээр ихэвчлэн Таниказэг хэлдэг. Шёовагийн үеийн (1926-1989) дөрвөн их аварга бол Фүтабаяма, Тайхоо, Китаноүми, Чиёфүжи нар юм. Харин Хэйсэй үеийн (1989-эдүгээ) их аваргууд бол Таканохана болон Асашёорүү гэгдэж байсан.

Кимүра сан "их аваргыг” утгын хувьд “даян аварга” болон “дархан аваргаас” дээгүүр цол гэж дүгнэж тайлбарласан нь тиймэрхүү. Мундаг монгол хэлтэйг нь мэдэх тул хэлний мэдлэгийн асуудал биш байх. Монгол бөхийн цол болон чимэгний ялгаа, цоллох ёсыг сайн мэдэхгүй юм болов уу? Эсвэл монголчуудын тухай өөрийн таамгаа (монгол бөхөөс япон бөхийг илүү эрхэмлэнэ) ийм сонин аргументаар батлахыг оролдсон юм уу?

  Хамгийн сонирхолтой санагдсан нь:

  ...Би монголд байхдаа байнга монголоор ярьж монгол хоол идэж монгол хүмүүсийн дунд байсан атлаа япон хүн шиг аашилж, биеэ япон хүн шиг авч яваад зогсоогүй эргэн тойрныхоо хүмүүсийг хүртэл япон хүн шиг байхыг шаардаж намайг ойлгож дэмжихийг тулгаж байсан. Тиймээс "чи япон биш монголд байна", "нутагтаа харь" гэж найзууддаа хэлүүлж ч хүртэл үзсэн. Миний монголд уусахыг хүсэх сэтгэл, япон хүн шиг биеэ авч явах хоёр зөрөлдөж буйг би тэр үед яагаад ч юм ойлгоогүй. Тэр бүхэн залуу халуун насны алдаа байсныг одоо ойлгох ч харамсах зүйл алга. Аса ч гэсэн японд байсан атлаа монгол хүний зангаар авирлаж, япон ёсыг үл тоомсорлож үргэлж монголд байгаа юм шиг байсан. Тэглээ гээд буруудсан юм алга. Харин ч эсрэгээр сүмо бөхөд гаргаж болох амжилтын оргилд хүрсэн. Би ч мөн адил. Хийе гэсэн бүхнээ хийж, хүрье гэсэн зорилгодоо хүрсэн. Бид хоёр хоюулаа зөрүүд гэмээр өөрийнхөөрөө байсан, тухайн орныхоо соёлд урсч уусаагүй... тэглээ гээд буруудсан юм алга л байна...  

かなりうけた・・。Би ч гэсэн Аса, Аяко хоёроос үлгэр жишээ авбал амжилтанд хүрэх ч юм билүү...гсн.

  Хамгийн тэнэг санагдсаныг дараагийн тэмдэглэлд.

Гэхдээ уншаагүй хүмүүс битгий буруугаар ойлгоорой. Монголчуудыг ер нь бол гайгүй сайн магтсан байна лээ. "Япон хүн яаж ажиллаж амжилтанд хүрэхийг бодож байхад монгол хүн яаж юу ч хийхгүйгээр амжилтанд хүрэхийг бодож байдаг" гэх хэсэг бол саваачихна... хэхэ.

Ерөнхийд нь дүгнэбэл Кимүра сан монгол түмний сэтгэлгээ, Асашеорүүгийн байр суурийг аль болох эерэгээр, эвтэйгээр япон хүмүүст ойлгуулья гэсэн сэтгэл нь баярлууштай. Даанч Асаг "сайнаар харуулж" зөвтгөх гэсэндээ нэлээд хэсэгт монгол хүмүүсийг хөөрхөн хийчихсэн гэх үү, хальт гутаачихсан байна лээ. "Энэ Аса ганцаараа ийм ярваа биш монголчууд чинь бүгдээрээ иймэрхүү ярваа байхгүй юу даа" хэмээн учирлаж "ондоо соёл, заншил бүхий монголыг япончуудад ойлгуулах" байдлаар Асаг өмөөрч байгаа нь ярваа л санагдсан, надад лав.

4 comments:

e-Box lunch box said...

daraagiin niitleliig tesen yadan huleenem

Suren said...

hehe zalhuugaa diilbel...

dream said...

tarhinii turaaliig unshaad gui mon olon hvn uurlasan bhda :P

daraagiin niitleliig n hvleegeel bj bn :)

Suren said...

harin tiimee

daraagiinhiig unuudur orullaa